МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-10-28
Дугаар 101
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяаг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2024/0102 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналдаа: “... Ц.У нь “М К” ХХК-д холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “33.742.945 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа “... хариуцагч “М К” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож өгнө үү ...” гэх хүсэлтийг хамт гаргажээ. Шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн .../ШЗ2024/12059 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч талаас “... нэхэмжлэлийн хувийг гардуулсны дараа хүсэлтийг шийдвэрлэхдээ хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд “... шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12059 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэх агуулгатай гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгчид гаргажээ. Тухайн үед Ерөнхий шүүгчийн албан үүргийг орлон ажиллаж байсан шүүгч А.М нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн .../ЕШЗ2024/02248 дугаар захирамжаар “... шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн .../ЕШЗ2024/12059 дүгээр ... захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг баримтлан гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргах эрхгүй байна ...” гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тус шүүхийг төлөөлөх, бусад этгээдтэй харилцах гэх зэрэг агуулгаар тогтоосон Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг, мөн шүүн таслах ажиллагааны эрхтэйгээ хамтатган хэрэгжүүлдэг субъект. Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд шүүгчийн бүрэн эрхийг, 17 дугаар зүйлд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тус тус зохицуулжээ. Тухайлбал, дээрх 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалтад хуульд заасан бусад бүрэн эрхийн нэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д “... хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, ... шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана”, 92.8-д “Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр тухайн шатны Ерөнхий шүүгч захирамж гаргаж шилжүүлэх” ба ингэхдээ 17.3 дахь хэсгийн дагуу захирамж гаргах эрхтэй байна. Үүнээс гадна Ерөнхий шүүгч өөрт хуваарилагдсан хэргийн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлнэ. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-ын 4.1.1-д “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн шүүхэд гаргасан гомдол /ИХШХШТХ-ийн 170.1/-ыг Ерөнхий шүүгчид системээс гараар хуваарилах, 4.2-т “Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гарсан гомдлыг бусад шүүгчдэд тойргийн дотор дарааллаар системээс гараар хуваарилна” гэж заажээ. Журамд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хүлээн аваад, бүрэлдэхүүн томилуулж шийдвэрлүүлэхээр зохицуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гаргасан хэргийн оролцогчийн гомдлыг хүлээн авсан бол зохих журмаар шийдвэрлэх атал Ерөнхий шүүгчийн хувиар захирамжаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсгийг зөрчжээ. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ...” зөрчсөн зөрчил гаргасан байна. Гэхдээ энэ зөрчлийг гаргасан гэж үзэх тус зохицуулалтын дараагийн нэг урьдчилсан нөхцөл бол хуулийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн байх шаардлага байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг дахин гаргах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байгаагийн дээр Ерөнхий шүүгчийн захирамжаас үүдэн зохигчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөн хохирол, үр дагавар үүссэн талаар өргөдөлд дурдаагүй тул уг зөрчлийг ноцтой гэж үзэхгүй. Шүүхийн сахилгын хорооны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсээс ирүүлсэн “Сахилгийн хэргийн бүртгэл хяналтын системээр дамжуулан шалгасан талаарх мэдээлэл, лавлагаа”-гаас үзэхэд шүүгч А.М-д сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр байхгүй байх тул удаа дараа зөрчил гараагүй байна. Иймд шүүгч А.М-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч А.М тайлбартаа: “ ... ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Ц.У нь “М К” ХХК-д холбогдуулан 33,742,945 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгч Б.Т 2024 оны 05 сарын 15-ний өдрийн .../Ш32024/10270 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нь 2024 оны 05 сарын 06-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч “М К” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоолгох хүсэлтийг гаргасан. Шүүгч Б.Т нь 2024 оны 06 сарын 12-ний өдрийн .../Ш32024/12059 дугаартай “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон “М К” ХХК-ийн бүртгэлтэй бүх банкны дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 33,742,945 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авхуулахыг хүссэн хүсэлтийг хангахгүй
орхисугай”, “Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар
зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу
өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1,
100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж хуульчилсан. Дээрх шүүгчийн “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг баримтлан гарсан тул мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхгүй тул 2024
оны 06 сарын 26-ний өдрийн .../ЕШ2024/02248 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Улсын Дээд Шүүхийн 2007 оны 09 сарын 10-ний өдрийн 36 дугаар тогтоолын 11-т “Хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаас бусад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ зүйлд заасан журмын дагуу гомдол гаргахгүй” байхаар журамласан. Иймд шүүгч А.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулсан тул итгэмжлэгч Ц.У-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.У-ээс шүүгч А.М-д холбогдуулан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хуульд заагаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаар, Ц.У-ийн нэхэмжлэлтэй “М К” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоохыг хүссэн хүсэлт гаргасныг шүүгч Б.Т-ийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн .../ШЗ2024/12059 дүгээр захирамжаар мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурджээ.
Дээрх захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгчийн албан үүргийг орлон ажиллаж байсан шүүгч А.М 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн .../ЕШЗ2024/02248 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “... гомдол гаргасан шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг баримтлан гарсан байх тул мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргах эрхгүй байна” гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Илтгэгч гишүүн саналдаа, холбогдох шүүгч нь Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Харин гомдол гаргах эрхгүй шүүгчийн захирамжид холбогдуулан гаргасан гомдлыг хэрхэн хүлээн авч шийдвэрлэх талаар хуульд нарийвчлан зохицуулаагүй тул шүүх бүрэлдэхүүн томилж, гомдлыг шийдвэрлүүлээгүй гэж шүүгчийг буруутгах боломжгүй.
Иймд ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан шүүгч А.М гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2024/0102 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Ц.У-ээс ... иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН