МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-10-28
Дугаар 102
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, өргөдөл гаргагч Г.М, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар, Г.М-ын мэдээллээр, ... шүүхийн шүүгч Б.Б, ... шүүхийн шүүгч С.Б нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ГС/2024/0096 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:
“... Иргэн Г.М-ын ... шүүхийн шүүгч Б.Б, ...шүүхийн шүүгч С.Б нарт холбогдуулан гаргасан мэдээллийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГЗҮ/2024/0082 дугаар захирамжаар Сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явууллаа.
Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө ... дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын 11 дүгээр гудамжинд иргэн Д.Б-ийг “автомашины түлхүүр авлаа” гэх шалтгаанаар түлхэж унаган, эрүүл мэндэд нь “баруун чамархайн тархины дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, ... дүүргийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
... шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Ц.А томилогдож, улмаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 04 дугаар шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж ...” шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.У -ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлээр хэргийг ... шүүх 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2024/ЛШМ/240 дугаартай магадлалаар “... ... шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
... шүүх хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2022/ЕШЗ/570 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б-г томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Шүүгч хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж” шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор ... шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ДШМ/791 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэн Г.М ... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан “ ...2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон байсан шүүх хурлын товоо мэдэгдэлгүй шийдвэр гаргасан, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д заасан хуулийг зөрчсөн” гэх,
... шүүхийн шүүгч С.Б-д холбогдуулан “...шүүх хуралд оролцох хүсэлтийг 461-р хорих ангиас хүргүүлсэн боловч шүүх хуралд оролцуулаагүй” гэх үндэслэлүүдээр тус тус мэдээллийг гаргажээ.
Нэг. Мэдээллийн: “...2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон байсан шүүх хурлын товоо мэдэгдэлгүй шийдвэр гаргасан” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэргийг ... шүүх 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, шүүгч Б.Б-д хуваарилагдан, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 992 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутад явуулахаар тов тогтоожээ.
Хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэх гэсэн боловч “...Шүүхийн байранд тог тасарсны улмаас шүүх хуралдааныг дуу болон дүрсний бичлэгээр хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн, шүүгдэгч өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан” гэх үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад явуулахаар хойшлуулж улмаар хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж шүүхээс 601 дүгээр шийтгэх тогтоол гарсан байх тул 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан товлоогүй, мөн тухайн өдөр шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
Мөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем Live.shuukh.mn-д үзлэг хийхэд Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10:49 минутад товлосон гэж харагдаж байх боловч шүүх хуралдааны явцаас үзэхэд шүүх хуралдаан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13:43 минутад эхэлж 14:46 минутад шүүх хуралдаан дуусжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тушаалаар “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах” журмыг баталсан бөгөөд тус журмын 3.1.1-д “Ажилтан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор товлон зарласан шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов, мэдээллийг өмнөх долоо хоног бүрийн ажлын сүүлийн өдөр системд бүрэн, үнэн зөв бүртгэнэ”,
3.2.1-д ”Нарийн бичгийн дарга шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан эхэлснээс дуусах хүртэлх явцын мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу системд бүрэн, үнэн зөв бүртгэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд шүүх хуралдааны явцыг цахим системд бүртгэх нь шүүхийн захиргааны ажилтны албан үүрэгт хамаарах бөгөөд шүүх хуралдааны тов, холбогдох мэдээллийг цахим системд буруу бүртгэсэнтэй холбогдуулж шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Хоёр. Мэдээллийн: “...өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д заасан хуулийг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдаан хойшилсон.
Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгчээс “...би 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргаж байна. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргаж шүүх хуралдаан үргэлжилсэн үйл баримт тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд: “... 0:00:35-0:00:37 Даргалагчаас: Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох юм уу гэхэд. 0:00:38-0:00:38 Шүүгдэгч: Тийм гэв. 0:00:39-0:00:40 Даргалагчаас: Бичиг үсэг мэдэх үү гэхэд. 0:00:40-0:00:41 Шүүгдэгч: Мэднэ гэв.
0:00:41-0:01:19 Даргалагчаас: Бүрэн дунд боловсролтой, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөгч оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан байна. Ийм учраас өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой. Шүүх хуралдаан Монгол Улсын нэрийн өмнөөс явагдаж байгаа. Тийм учраас шүүхэд хүндэтгэлтэй хандан. Шүүх хуралдааны дэгийг сахина. Оролцогч нар шүүхэд хандаж мэдүүлэг өгөх, мөн асуултад хариулахдаа суудлаасаа босно. Аливаа дохио зангаа хэрэглэхгүйгээр тод чанга дуугаар тэмдэглэл бичүүлэхүйц микрофонд хандаж хэлнэ. Хэрвээ эрүүл мэндийн шалтгаан байвал шүүхэд мэдэгдэж сууж байгаад мэдүүлэг өгөх боломж мөн байгаа. Тийм шалтгаан танд бий юу гэхэд. 0:01:19-0:01:20 Шүүгдэгч: “Байхгүй” гэж тэмдэглэгджээ.
Иймд дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэж заасан өмгөөлөгч томилж оролцуулах нөхцөл байдал үүсээгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “... өөрийгөө өмгөөлөх”, мөн хуулийн Тавин тавдугаар зүйл 1-т “Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно”, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасны дагуу дээрх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх бөгөөд шүүгч Б.Б нь шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүгдэгчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан нөхцөл байдал сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Б.Б-гийн холбогдсон гэмт хэрэг, хувийн байдлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдал үүсээгүй болохыг дурдав.
Гурав. Мэдээллийн: “...шүүх хуралд оролцох хүсэлтийг 461-р хорих ангиас хүргүүлсэн боловч шүүх хуралд оролцуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг ... шүүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг товлож, шүүгчийн туслахаас хэргийн оролцогчдод 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгджээ.
Шалгах ажиллагааны хүрээнд эрүүгийн ... дугаартай хэрэгт үзлэг хийхэд хэргийн оролцогчдоос давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Б.П, прокурор Д.У, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүгдэгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/3332 дугаар албан бичгээр шүүгдэгч Б.Б-гийн “...шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтийг үүгээр гаргаж байна. Иймд уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ...шүүхэд хүргүүлсэн.
Хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр "Монгол шуудан" ХК-ийн шуудан хүргэгчээс тус шүүхийн Тамгын газрын хэргийн хөдөлгөөний 2 дугаар хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.З хүлээлгэн өгсөн байхад уг хүсэлтийг холбогдох ирсэн бичгийн дэвтэрт бичилт хийж бүртгээгүй, тухайн хүсэлтийг шүүгч, шүүгчийн туслахад хүлээлгэн өгөөгүй албан тушаалын чиг үүргээ гүйцэтгэх явцдаа хариуцлагагүй, хайнга хандсан тул түүнд тус шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар түүнд “Нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийн улмаас шүүгдэгч Б.Б-гийн шүүх хуралдаанд оролцох эрх зөрчигдсөн болох нь сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт:
0:00:11-0:00:30 Даргалагчаас: Шүүх хуралдааныг нээж, Өнөөдрийн шүүх хуралдаанаар ... шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох хэргийг хэлэлцэнэ. Шүүх хурлын ирцийг нарийн бичгийн даргаас танилцуулъя гэхэд.
0:00:30-0:00:38 Нарийн бичгийн даргаас: Шүүх хуралдаанд прокурор Д.У, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Д.Д нар ирсэн байна гэв.
0:01:01-0:00:09 Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбогдуулж гаргах санал байна уу гэхэд.
0:00:11-0:00:12 Прокурор: Саналгүй гэв.
0:01:13-0:01:14 Даргалагчаас: Өмгөөлөгчид байна уу гэхэд.
0:01:15-0:01:06 Өмгөөлөгч: Байхгүй гэв.
0:01:11-0:01:30 Даргалагчаас хэрэг хэлэлцэж эхлэх дарааллыг тогтоож, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хэлэх санал, хүсэлт, шинээр гаргаж өгөх нотлох баримт оролцогч нарт байна уу гэхэд.
0:01:31-0:01:32 Прокурор: Байхгүй гэв.
0:01:32-0:01:33 Өмгөөлөгч: Байхгүй гэв” гэж бичигдсэнээс үзэхэд өмгөөлөгч Б.Д-ийн зүгээс үйлчлүүлэгч Б.Б-г шүүх хуралдаанд оролцуулах талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байна.
Хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухай зөрчилд холбогдогч шүүгчийн идэвхтэй үйлдлээр илэрч, үйлдэл болон гэм буруугийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байж зөрчилд тооцогдох учиртай.
Иймд шүүгдэгч Б.Б-гийн шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг шүүгч, шүүх бүрэлдэхүүн мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул энэ тохиолдолд шүүгч С.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчлийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэхгүй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдохгүй гэж үзлээ.
Иймд, дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч Б.Б, ...шүүхийн шүүгч С.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Б.Б тайлбартаа:
“ ... Иргэн Г.М нь "... Шүүгч Б.Б-г шалгуулах хүсэлтэй байна. Учир нь, миний хамтран амьдрагч болох Б.Б нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар 3 жилийн хорих ял авсан. Энэ хурлаа хийхдээ, эрүүгийн хуулийн талуудын мэтгэлцээн дээрээс шийдвэр гаргана гэсэн хуулиа зөрчиж, хэт нэг талыг барьсан. 2024 оны 05 дугаар сарын 15-нд товлогдсон байсан шүүх хурлын товоо мэдэгдэлгүй шийдвэр гаргасан ноцтой зөрчлүүд байна. Үүнийг шалгаж өгнө үү..." гэсэн агуулгатай гомдол гаргажээ.
Юуны өмнө, иргэн Г.М нь эрүүгийн ... дугаартай шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн оролцогч биш байсан бөгөөд нээлттэй явуулсан нэг ч шүүх хуралдаанд ажиглагчаар оролцоогүй нэгэн болохыг дурдах нь зүйн хэрэг.
Шүүн таслах ажиллагааны тухайд:
Шүүгч Б.Б миний бие эрүүгийн ... дугаартай шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан ба 04 дүгээр сарын 18-ны өдөр 992 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 22-ны өдөр явуулахаар тов тогтоож, шүүгчийн туслах уг шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажилласан байна. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутад тус шүүхийн "Г" танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О, улсын яллагч Д.У , хохирогч Д.Б, шүүгдэгч Б.Б нар цугларсан байсан боловч эрчим хүч тасарсны улмаас шүүх хуралдааны үйл явцыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх хуулийн шаардлагыг хангах боломжгүй болсныг талууд, оролцогч нарт мэдэгдээд, шүүх хуралдааны товтой холбоотой санал сонссоны үндсэн дээр шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан юм.
2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад эхэлсэн шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.О, улсын яллагч Д.У, хохирогч Д.Б, шүүгдэгч Б.Б нарыг оролцсон бөгөөд тухайн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байв. Иймд даргалагчийн хувьд шүүгдэгч Б.Б-гийн биеийн байцаалтыг шалгахдаа боловсрол болон уншиж, бичиж чадах эсэхийг тодруулан асуухад тэрээр бүрэн дунд боловсролтой, уншиж бичиж чадна гэдгээ өөрөө илэрхийлсэн тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй.” хэмээн хэргээ шүүлгэж буй хүний үндсэн эрхийг баталгаажуулан хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно." гэж журамласан тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан нь нээлттэйгээр талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдсан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан зүйл огт байгаагүй болохыг хавсралт баримтаар батлан илэрхийлж байна. Иймд иргэн Г.М-ын гомдлоор үүсгэсэн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэжээ.
Шүүгч С.Б тайлбартаа:
“... Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүгч Л.Д даргалж, шүүгч Т.Ө, шүүгч С.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Б-д шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн, шүүх хуралдаан эхлэх хүртэл хугацаанд талуудаас шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан баримт хэрэгт ирээгүй ба даргалагч шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц танилцуулж, ирцтэй холбоотой санал бий эсэхийг шүүх хуралдааны оролцогч нараас асуухад ирцтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй байна.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна" гэж, 2 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, оролцогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэжээ.
Гэтэл хэргийг хянан шийдвэрлэснээс хойш бүтэн сарын дараа ...шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын 2 дугаар хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.З нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй шүүгдэгч Б.Б-гаас шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр "Монгол шуудан" ХК-ийн шуудан хүргэгчээс хүлээлгэн өгсөн байхад уг хүсэлтийг холбогдох бүртгэлийн дэвтэрт бичилт хийж бүртгээгүй, тухайн хүсэлтийг хэрэгт хавсаргуулахаар шүүгчийн туслахад хүлээлгэн өгөөгүй болох нь илэрч, түүнд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар "Нээлттэй сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан, түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх явц болон шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан талаар шүүгч миний бие мэдээгүй, мэдэх боломжгүй байсан байна.
Иймд, шүүгч С.Б надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 992 дугаар захирамжаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11:30 минутад явуулахаар товлосон, тухайн өдрөө 1018 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13:30 минут хүртэл хойшлуулж, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 601 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 13 болон 15-ны өдрүүдэд шүүх хуралдаан товлосон, ямар нэгэн тэмдэглэл, эрх зүйн акт хавсаргагдаагүй байна.
Илтгэгч гишүүн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаан товлогдсон эсэхийг тодруулахаар “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”-д үзлэг хийсэн байх ба “хурал болох огноо хэсэгт 2024.05.15-ны өдрийн 10:49 минут”, “шүүх хуралдааны явц хэсэгт 2024.05.13-ны өдрийн 10:50 минут, шүүх хуралдаан хойшилсон” гэж бүртгэсэн боловч ... шүүхийн шүүх хуралдааны /2024.05.13-ны өдрөөс 2024.05.17-ны өдрийн хоорондох хугацааны/ зард шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх тов ороогүй байна.
Мэдээлэл гаргагч Г.М “... Хувийн баталгаа гаргахтай холбогдуулан 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд шүүгчийн туслах руу мессеж явуулдаг. Ингээд 05 дугаар сарын 15-ны өдөр мессеж явуулахад нөхөр “өнөөдөр намайг шүүх хуралдаантай гэж байна, одоо явлаа” гэсэн. ... Гэтэл нөхөр “шүүх хуралдааныг 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлууллаа” гэж хэлсэн. Ингээд 05 дугаар сарын 20-ны өдөр нөхөр шүүх хуралдаанд орохоос өмнө 461 дүгээр цагдан хорих анги руу эд зүйлсийг нь аваад явсан. Би гар утсыг нь аваад shuukh.mn гэх сайт руу орж үзтэл хуралдааны тов нь байсан. Шүүх хуралдаан хэдэн цагт эхэлж хэдэн цагт дууссаныг нь харахад “05 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 49 минутад н.Б-гийн шүүх хуралдааныг шийдвэрлэсэн” байсан. Хуралдааныг хойшлуулсан гэж хэлчхээд шийдвэрлэснийг нь хараад би гайхсан. Шүүгчийн туслахтай 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 47 минутад холбогдоход хойшлууллаа гэж хэлсэн. Гэтэл shuukh.mn сайтад 05 дугаар сарын 15-ны өдөр 10 цаг 49 минутад шүүх хуралдаан ороод шийдвэрлэгдсэн гэж байсан. Хуульд зааснаар хуралдааны товыг урьдчилж мэдэгдэх ёстой. Хуралдааны шийдвэр сайтад 05 дугаар сарын 15-ны өдөр гарсан байхад захирамж нь 05 дугаар сарын 20-ны өдөр гарсныг буруу гэж бодож байна ...” гэж сахилгын хорооны хуралдаанд тайлбарласан.
“Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам”-ын 3.2.2-т “Нарийн бичгийн дарга ... шүүх хуралдааны явцын мэдээллийг зөрүүтэй бүртгэсэн бол нэн даруй засварлана”, 3.2.3-т “Шүүхийн хэлэлцүүлэг, урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхгүйгээр хойшилсон, хянан шийдвэрлэсэн бол шүүгчийн туслах системд шийдвэрлэсэн байдал, хойшилсон үндэслэлийг үнэн зөв бүртгэж, хадгална” гэж шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргын хийж гүйцэтгэх ажил, үүрэгт хамаарахаар заажээ.
Иймд нэгэнт товлогдоогүй, явагдаагүй шүүх хуралдааны товыг оролцогчид мэдэгдэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй тул энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
2. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “...өмгөөлөгч авах ...” хүсэлт бичгээр гаргасныг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, тухайн үед шүүгдэгчид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан ба дараагийн шүүх хуралдаан хүртэл өмгөөлөгч сонгон авч, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байжээ.
Шүүгдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргаснаар түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Энэ талаар илтгэгч гишүүн “... шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэж заасан өмгөөлөгч томилж оролцуулах нөхцөл байдал үүсээгүй байна ...” гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ба түүний үйлдсэн гэмт хэрэг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан заавал өмгөөлөгч оролцуулах нөхцөл байдалд хамаарахгүй тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаан явуулсан тул илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ[1].
Хэрэг хүргэгдсэний дараа буюу 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч нь Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн албан бичгээр дамжуулан “шүүх хуралдаанд цахимаар оролцох” хүсэлт гаргажээ.
Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад, тус хуралдаанд “прокурор Д.У, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д нар оролцож, шүүгдэгч Б.Б-г оролцуулалгүй, 2024/ДШМ791 дүгээр магадлалаар хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтийг шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн “Монгол шуудан” ХХК-иас хүлээж авсан атлаа бүртгэлд бүртгэн, шүүгч болон шүүгчийн туслахад хүлээлгэн өгөөгүй нь сахилгын хэрэгт авагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/1153 дугаар албан бичиг, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.З-гийн “... хүсэлтийг хүлээн авсан боловч ... шүүгч, шүүгчийн туслахад нь хүлээлгэн өгөлгүй ажилдаа хайнга хандаж, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэлдээ гэмшиж байна ...” гэх тайлбар, тус шүүхийн Тамгын газрын даргын “... Б.З нь ... цахимаар оролцохоор гаргасан хүсэлтийг шүүгчийн туслахад хүлээлгэн өгөөгүйгээс ... шүүх хуралдаанд оролцох эрх нь зөрчигдсөн байх тул түүнд “Нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай ...” гэх тушаал[2] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.6.1-д “Ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ... оролцогчийн гомдол, хүсэлт, ...-ийг системд ... бүртгэж, ... шүүгч эсхүл шүүгчийн туслахад даруй хүлээлгэн өгнө” гэж заасан үүргээ биелүүлээгүй мэдээлэл лавлагааны мэргэжилтний үйлдлийг шүүгчид хамаатуулж, буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Дүгнэвэл, шүүгч Б.Б, С.Б нар нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ГС/2024/0096 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б.Б, ...шүүхийн шүүгч С.Б нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН С.ЭНХТӨР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН