info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-11-05

Дугаар 105

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

                       

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Д.

Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, өргөдөл гаргагч өмгөөлөгч Б.О, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар, өмгөөлөгч Б.О-ийн өргөдлөөр, ...  шүүхийн Ерөнхий шүүгч Р.У-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2024/0101 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

“... Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

С.Ц 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ...  шүүхэд өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан,  Ерөнхий шүүгч Р.У  2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00558 дугаар захирамжаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Тодруулбал, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид эрх, үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлдсэн, хэргийн материал, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 00109 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан ба  шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00889 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг товлон зарлаж, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж, 257 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

С.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.О нар биечлэн оролцсон ба шүүх хуралдаан завсарлаж шийдвэр гаргахдаа шүүгч шийдвэрийн  үндэслэл болон давж заалдах гомдол гаргах хугацааны талаар хэргийн оролцогч нарт тодорхой тайлбарласан нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.-т “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэсэнтэй нийцэж байна.

Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

Шүүгч Р.У 257 дугаар шийдвэрийг хуульд заасан 14 хоногийн дотор буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бичгээр үйлдэж албажуулсан нь түүний тайлбар болон гэрч Э.Б-н “...хэргийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцэж 257 дугаар шийдвэр гарсан, шийдвэр бичгээр 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гарч албажсан...”, гэрч А.Э-ын  “...257 дугаар шийдвэрийн тухайд эхлээд нэхэмжлэгч С.Ц-д ... дугаараас залгаж мэдэгдэхэд өмгөөлөгч авна гэсэн. Дараа нь өмгөөлөгч Б.О-ийн ... дугаар руу залгаж шийдвэрээ авахыг хэлэхэд би аймаг дээр байхгүй байна өөрөө очиж авна гэж хэлсэн гэвч хугацаа нь 7 дугаар сарын 18-ны өдөр дууссан бөгөөд ирээгүй. Өөрөө 7 дугаар сарын 22-ны өдөр ирж авсан. Өмгөөлөгчид өгөх хувийг өгөөд Ц-ын шийдвэрийг яах вэ танд өг гэсэн гэхэд өөрт нь өг гэсний дагуу бичиг хүргэгчээр хүргүүлсэн. Өмгөөлөгчид гардуулсан, нэхэмжлэгчид хүргүүлсэн тухай баримтад энэ тухай тэмдэглэл хийсэн...”  гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шийдвэрийг танилцуулах, гардуулах,  гомдол гаргах хугацааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, мөн хуулийн 119.7-т “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй”, 120 дугаар зүйлийн 120.2.-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 5.3-т “...хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүхийн шийдвэр, магадлалыг шүүгч 14 хоногийн дотор бичиж албажуулах бөгөөд энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд өөрсдөө хүрэлцэн ирж шийдвэр, магадлалыг гардан авахыг үүрэгжүүлсэн, харин шүүх хуралдаанд оролцоогүй бол тэдгээрт шүүх шийдвэр, магадлалыг гардуулах, эсхүл хүргүүлэх ажиллагааг хийх журмыг тус тус өөрөөр хуульчилсан, ...иймээс хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх шийдвэр, магадлалыг хүргүүлэх үүрэг хүлээхгүй, өөрсдөө шүүхэд ирж гардан авна гэж ойлгох, түүнчлэн тухайн талын давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа нь шийдвэр, магадлалыг шүүхэд ирж гардан авсан бол уг хугацаанаас, гардаж аваагүй бол хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасан журмын дагуу хуульд заасан хугацаа өнгөрсөн өдрөөс тус тус тоологдохыг тайлбарлана. ...Шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх шийдвэр, магадлалыг гардан авахыг мэдэгдэх ба мэдэгдсэний дагуу ирж авсан бол гардуулсан гэж үзэж, гомдол гаргах хугацааг тухайн өдрөөс тоолно. Харин мэдэгдсээр байтал ирж аваагүй бол Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс, шүүх мэдэгдэх боломжгүй тохиолдол үүссэн бол баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, хүргэсэн талаар баталгаажуулсныг гардан авсанд тооцохыг ялгамжтай байдлаар тайлбарлав. Түүнээс гадна нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч аль нэг талд байгаа этгээд шийдвэрийг өөр өөр цаг хугацаанд гардан авах тохиолдол бий. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд өөрөө, эсхүл тэдгээрийг итгэмжлэл, гэрээний үндсэн дээр төлөөлж, өмгөөлж оролцож байгаа төлөөлөгч, өмгөөлөгч нь хоорондоо нэгдмэл ашиг сонирхолтой тул нэгдмэл ашиг сонирхолтой нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, тэдгээрийн хэн нь эхэлж гардан авсан огнооноос тухайн талын давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолно. Ингэснээр Хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсгийн “гардан авснаас хойш” гэсэн давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох журам нэг мөр болно гэж үзсэн” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 257 дугаар шийдвэр 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр албажсан ба өмгөөлөгч 2024 оны 07 дугаар 18-ны дотор шийдвэрийг гардан авах үүрэгтэй боловч аваагүй, харин 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан нь шүүхийн шийдвэр гардуулсан баримтаар тогтоогдож байна.

Өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд биечлэн оролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, уг зүйлийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсанаар шүүхийн шийдвэр албажсанаас хойш 14 хоногийн дотор шүүхэд өөрөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд давж заалдах гомдол гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар тоолох ба хуулийн 119.7-т “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй гэж тодорхой зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрийг гардан авсан хэдий ч давж заалдах гомдол гаргах хугацааг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс тоолсон нь хуульд нийцжээ.

2. Өмгөөлөгч Б.О шүүхийн шийдвэрт 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр давж заалдах гомдол гаргасныг шүүх мөн өдрийн 14 цаг 39 минутад хүлээн авч бүртгэсэн байх ба шүүгч Р.У 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1077 дугаар захирамжаар “...гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. 

Дээр дурдсанаар өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, энэ тохиолдолд түүний давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй тул шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-г зөрчөөгүй байна.

Хэрэв өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж болох бөгөөд энэ талаар дээрх захирамжид тодорхой дурдсан боловч өмгөөлөгч хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлт гаргаагүй, энэ тохиолдолд шүүгчийг буруутгах боломжгүй.

3. Өмгөөлөгч Б.О шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1077 дугаар захирамжид 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасныг шүүгч Б.О хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1161 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.

Дээрх зүйлийг Монгол Улсын дээд шүүхийн 17 дугаар тогтоолд “...илт үндэслэл муутай” гэдгийг хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно. Илт үндэслэл муутай гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхийг үл харгалзан залруулж болно. “тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч” гэдэгт шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргасан шүүх бүрэлдэхүүн, шүүгчийг ойлгоно. Шүүгч тус шүүхэд ажиллахгүй болсон, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас удаан хугацаагаар эзгүй байгаа тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу хуваарилагдсан шүүх бүрэлдэхүүн, шүүгчийг тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгчтэй адилтган үзнэ гэж тайлбарлажээ.

Ерөнхий шүүгч Р.У 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ээлжийн амралт эдлэх тул Ерөнхий шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 229 дүгээр захирамжаар шүүгч Б.О Ерөнхий шүүгчийг үүргийг орлон гүйцэтгэж байжээ. 

... аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх Ерөнхий шүүгчээс гадна 1 шүүгч нийт 2 шүүгч ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий шүүгчийг ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч Б.О Ерөнхий шүүгчийн үүргийг гүйцэтгэж байсан. Иймд Ерөнхий шүүгч Р.У-ийн 1077 дугаар захирамжид гаргасан гомдлыг шүүгч Б.О хүлээн авч, шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

4. Нэхэмжлэгч С.Ц шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд тэрээр шийдвэрийг биечлэн аваагүй тул 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бичиг хүргэгчээр хүргүүлж, энэ тухай баримт үйлджээ.  

Шүүхийн шийдвэрийг нэг тал буюу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолох тул давж заалдах гомдол гаргах хугацааг шийдвэрийг эхэлж гардан авсан өмгөөлөгч Б.О-ийн хугацаанаас тоолно.

Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ...  шүүхийн Ерөнхий шүүгч Р.У-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Ерөнхий шүүгч Р.У 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

“... Өмгөөлөгч Б.О нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрт 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргасныг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.О нь биечлэн оролцсон. Шүүгчийн зүгээс шийдвэрийн тогтоох хэсгийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. Тэрээр хуульд заасан дээрх хугацаанд ирж аваагүй. 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан байдаг. Өмгөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон, 14 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг гардан авах үүрэгтэй гэдгийг мэдсээр байж хугацаа хэтрүүлэн үүргээ биелүүлж байгаа үйлдлийг зөвтгөх боломжгүй байсан. Шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд ирж авах үүргээ илт хугацаа хэтрүүлж биелүүлсэн үйлдлийг гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн болно. Шүүгч би 143/ШЗ/2024/01161 дугаартай захирамж гаргаагүй билээ.

Ерөнхий шүүгч Р.У 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

Шүүхийн шийдвэр 2024 оны 07 сарын 04-ний өдөр гэхэд албажиж бэлэн болсон. Иргэн-2014 системд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр оруулсан байсан. Өмгөөлөгч Б.О 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр давж заалдах гомдол шүүхэд ирүүлснээр өөрийн туслах Э.Б-аас: О өмгөөлөгч 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд шийдвэрээ гардаж авах гэж шүүх дээр ирсэн үү гэхэд “намайг амрахаас өмнө ирээгүй туслах А.Э-д шийдвэрийг үлдээгээд амарсан” гэдэг. А.Э-д туслахаас О өмгөөлөгч шийдвэрээ хэзээ гардаж авсан бэ гэхэд “2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрөө ирж авсан. Наадмын амралт өнгөрөөгөөд 16, 17-ны үед хэргийн оролцогч С.Ц гэж хүн рүү залгаж шийдвэрээ гардаж авах талаар сануулахад тэр өмгөөлөгч Б.О авна гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.О өмгөөлөгч рүү ярихад би өөрөө очиж авна” гэсэн хариу өгсөн гэдэг. Хэрэг хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.О нь биечлэн оролцсон. Мөн өмгөөлөгч Б.О нь миний гаргасан давж заалдах гомдол хүлээн авахаас татгалзсан 143/Ш32024/01077 дугаартай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлээр засуулах хүсэлт ирүүлсэн ба энэ үед би ээлжийн амралттай байсан тул шүүгч Б.О 143/Ш32024/01161 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн болно ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

...  шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 143/ШШ2024/00257 дугаар шийдвэрээр, С.Ц-н “Өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр албажуулсан болох нь холбогдох шүүгчийн “... Шүүхийн шийдвэр 2024 оны 07 сарын 04-ний өдөр гэхэд албажиж бэлэн болсон. Иргэн-2014 системд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр оруулсан байсан ...” гэх тайлбар, шүүгчийн туслах Э.Б-н “... бичгээр 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарч, албажсан ... системд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр орсон ...” гэх тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба гэрч А.Э-ын “... 07 сарын 16-нд ... өмгөөлөгч Б.О-ийн ... дугаар руу залгаж шийдвэрээ авахыг хэлэхэд “би ажил дээр байхгүй байна, өөрөө очиж авна” гэж хэлсэн, гэвч хугацаа нь 07 сарын 18-нд дууссан, ирээгүй ... 07 сарын 22-нд ирж авсан ...” гэж тайлбар өгчээ.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг 2024 оны 07 дугаар сарын 26-нд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гардан авч, өмгөөлөгч 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр давж заалдах гомдол гаргасан, шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2024/01077 дугаар захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.7-д “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж заасан, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолд “... шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх шийдвэр, магадлалыг хүргүүлэх үүрэг хүлээхгүй, өөрсдөө шүүхэд ирж гардан авна ...” гэж дурджээ.

Шийдвэрийг шүүхэд ирж гардан авах үүргээ биелээгүй болох нь шалгах ажиллагаагаар тогтоогдсон байх тул “... өмгөөлөгч 2024 оны 07 дугаар 18-ны дотор шийдвэрийг гардан авах үүрэгтэй боловч аваагүй, харин 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан ... давж заалдах гомдол гаргах хугацааг ... тоолсон нь хуульд нийцжээ ...” гэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.

Шүүгчийн 143/ШЗ2024/01077 дугаар захирамжид “... хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах  ба ... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт ирүүлээгүй ...” болохыг дурджээ.

Илтгэгч гишүүн ч энэ талаар Сахилгын хорооны хуралдаанд “... шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа хэтэрсэн боловч хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргаж өгөх боломжтой гэж заасан. Энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар хэрэгт байхгүй. Өргөдөл гаргагч үүнийг мэдэж байгаа ...” гэж тайлбарласан.

Иймд, “... өмгөөлөгч хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлт гаргаагүй, энэ тохиолдолд шүүгчийг буруутгах боломжгүй ...” гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

Нэгтгэвэл, саналыг хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.У-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2024/0101 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...  шүүхийн Ерөнхий шүүгч Р.У-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ                               Ц.ДАВХАРБАЯР

      ГИШҮҮН                                   Б.СУГАР

                                                                           Д.ЭРДЭНЭЧУЛУУН