МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-10-22
Дугаар 99
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2024/0099 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Г.Э-ийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЦХШЗ/233 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах...” гэж зааснаар яллагдагч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 3.3.7-д “Шүүхийн цахим системд дараах мэдээлэл бүртгэгдсэн байна” гээд 3.3.7.3-т “прокурорын шүүхэд санал ирүүлсэн он, сар, өдөр, цаг, минут”, 3.3.9-д “Ажилтан энэ аргачлалын 3.3.6-ын дагуу системээс хуваарилагдсан шүүгчид цаасаар ирүүлсэн прокурорын саналыг Баримт №15-д бүртгэн хүлээн авч, прокурорын саналыг шүүхийн дардсаар баталгаажуулан шүүгчид хүлээлгэн өгнө” гэж заасан байна.
... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.М “Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” саналаа тус шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 50 минутад хүргүүлсэн боловч хяналтын прокурорын уг саналын огноо алдаатай байсан, мөн тухайн саналыг хэлэлцэх 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар яллагдагчийн өмгөөлөгч Л.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокурорыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг оролцогч гаргаж болно” гэж заасны дагуу “хяналтын прокурор Э.М-ын оронд ирсэн прокурор Н.У нь эрүүгийн хэрэгтэй танилцаагүй, хэргийн талаар мэдэхгүй тул мэтгэлцэх боломжгүй, мөн түүнийг томилсон гэх прокурорын томилгоо байхгүй тул прокурор Н.У-ыг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасныг хэлэлцэж, шүүх хүлээн авсан болох нь шүүх хуралдааны мөн өдрийн 263 дугаар тэмдэглэл, шүүгчийн мөн өдрийн 2024/ЦХШЗ/263 дугаар захирамж, шалгах ажиллагааны явцад тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Улмаар ... дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/3524 дүгээр албан бичгээр хяналтын прокурор Э.М-ыг Т.Б-д холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах шүүх хуралдаанд оролцуулахаар томилж, тэрээр 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаар прокурорын саналыг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 42 минутад тус шүүхэд хүргүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутад товлож, товыг яллагдагчийн өмгөөлөгчид 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 01 минутад мэдэгдсэн болох нь тус шүүхийн “Хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж, танилцуулсан тухай” Баримт №10 дугаар баримтаар нотлогдож байна.
... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗТ/01 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтаар мөрдөн байцаалтын шатанд шүүхийн зөвшөөрлөөр шийдвэрлэх асуудлыг хариуцсан шүүгчээр Б.Б, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалуулсан асуудлыг хариуцсан шүүгчээр Г.Э нарыг томилж, түр эзгүйд харилцан орлон ажиллахаар тогтоосон байх бөгөөд шүүгч Б.Б нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 23-ны өдрийг дуустал ээлжийн амралттай байсан болох нь ..., ..., ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 693 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Шүүгч Б.Б ажилдаа орсноор 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар Т.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах эсэхийг хэлэлцэж, шүүгчийн мөн өдрийн 2024/ЦХШЗ/265 дугаар захирамжаар хяналтын прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Өргөдөл гаргагч нар нь өргөдөлдөө “...2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг 09 цаг 00 минутад товлогдсон ба 09 цаг 00 минутад шүүгч, хяналтын прокурор нар ирээгүй байсан. Ингээд... хяналтын прокурор Э.М 11 цаг 00 минутад ирээд ...шүүгчийн туслах шүүгч Г.Э-т мэдэгдээд... шүүхийн хүлээлгийн танхимд хүлээгээд 12 цаг 30 минут болсон. Тэгээд шүүгчийн туслахаас асуухад... хуралдаан хийхгүй, маргааш цагдан хорионы шүүгч Б.Б нь өөрөө хуралдаанаа товлоно гэж туслахдаа хэлсэн... шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэлээ танилцуулаагүй...” гэж дурдсан.
Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар шүүгчийн туслах А.Б, ..., ..., ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Г.Г, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С нараас гэрчийн мэдүүлэг авав.
... Гэрчүүдийн мэдүүлэг болон сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Г.Э нь “Т.Б-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” саналыг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэхдээ яллагдагчийн өмгөөлөгч Л.М-ийн “хяналтын прокурорыг татгалзан гаргах тухай” хүсэлтийг хүлээн авахын хамт хяналтын прокурор Э.М-ын огноо буруу бичигдсэн саналыг засварлуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хэргийн оролцогчдыг дуудсан байх бөгөөд тухайн өдөр шүүх хуралдааны танхимууд сул байгаагүйгээс шүүх хуралдааныг явуулах боломжгүй болж, шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан буюу хэргийн оролцогчдыг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас 13 цаг 01 минут хүртэл хүлээлгэсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын 3.3.1-д “Таслан сэргийлэх арга хэмжээний талаарх прокурорын саналыг шүүх хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянан шийдвэрлэнэ”, 3.3.4-т “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай прокурорын санал, ...материалыг хүлээн авч, хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.
Тодруулбал шүүгч Г.Э нь хяналтын прокурорын “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” саналыг холбогдох хууль, журамд заасны дагуу 24 цагийн дотор товлосон буюу шүүх хуралдааны товыг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр товлохдоо маргааш нь буюу 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр товлосон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заажээ.
Сахилгын хэргийн явцад шүүгч Г.Э нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан шүүх хуралдааны товыг удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчөөгүй байх бөгөөд 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Хэдийгээр шүүгч сахилгын зөрчил гаргаагүй байх боловч хэргийн оролцогчдыг хүлээлгэсэн үйл баримт тогтоогдож байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа хэргийн оролцогчдод хүндрэл, чирэгдэл учруулахгүй, бухимдуулахгүй байхад анхааран ажиллавал зохино.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэн түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Ц, өмгөөлөгч Л.М нар нь ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...өөрт хуваарилагдсан хэргийн цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр өмгөөлөгчийг 9.00 цагаас 13.10 хүртэл хүлээлгэсэн, прокурор нь ирсээр байхад шүүх хурал хийгээгүй” гэж тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЦХШЗ/233 дугаар захирамжаар яллагдагч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгасан, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт хангах тухай” 2024/ЦХШЗ/263 дугаар захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Л.М-өөс прокурор Н.У-ыг татгалзах хүсэлт гаргасныг хангасан, улмаар прокурор Э.М-ын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 12 дугаар хугацааг сунгах тухай” санал, томилолтын хамт 07 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 42 минутад шүүхэд ирсэн, шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 00 минутад товлож, товыг яллагдагчийн өмгөөлөгчид 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 01 минутад мэдэгдэн “Хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж, танилцуулсан тухай” Баримт №10-т гарын үсэг зуруулсан, шүүгч Б.Б-ын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЦХШЗ/265 дугаар захирамжаар Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.
Өргөдөлд дурдсан 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагаас 13 цаг 10 минут хүртэл хүлээлгээд шүүх хурал хийгээгүй гэх үндэслэлийг тодруулахаар илтгэгч гишүүн хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байх ба гэрч А.Б “... Тухайн 23-ны өдөр шүүх хуралдааныг товлоогүй байсан боловч өмгөөлөгч Л.М өглөө 9 цагт ирсэн. Тэр үед хяналтын прокурор, шүүгч хоёулаа ирээгүй байсан. Өмгөөлөгч ирээд надаас “миний охин прокурорын санал ирсэн үү” гэж асуухад нь би “ирээгүй байна” гэж хэлсэн. Дараа нь хяналтын прокурор Э.М саналаа 10 цаг 42 минутад шүүхэд ирүүлэхэд Л.М өмгөөлөгч 11 цаг өнгөрөөж орж ирээд “санал ирлээ, хурлаа хийлгэе” гэж хэлэхэд нь би “шүүгчдээ танилцуулъя” гэж хэлсэн. Тэгээд саналыг шүүгчид танилцуулахад шүүгч “заалаа хараадхаарай” гэсэн. Хурлын заалнуудыг харахад бүх заал хуралтай байсан. Хуралтай байгааг шүүгчид эхлээд хэлэхэд “тийм үү, боломжтой бол оръё, боломжгүй бол маргааш оръё” гэсний дараа өмгөөлөгчид “заалнууд хуралтай байна” гэдгийг хэлсэн...” гэж, гэрч Г.Г “...өмгөөлөгч Л.М надтай уулзсан. Тэрээр “Г.Э шүүгч чинь өмнөх шүүх хуралдааныг хойшлуулчхаад, шүүх хуралдааныг оруулахгүй байна, заал чинь сул байна гэж уурласан Тэгэхээр нь би шүүгчийн туслах А.Б-г дуудсан. Шүүгчийн туслах орж ирээд “өчигдөр Т.Б-д авагдсан цагдан хорионы хугацаа сунгах саналыг хэлэлцэх шүүх хуралдаанаар өмгөөлөгч нь хяналтын прокуророос татгалзах хүсэлтийг шүүгч хүлээн авч, шүүх хуралдаан хойшлуулсан. Өнөөдөр оруулах гэтэл хяналтын прокурорын албан томилгоо ирээгүй, санал ирүүлээгүй байна. Санал ирвэл оруулна” гэж хэлэхээр нь нөхцөл байдлыг өмгөөлөгчид тайлбарлахад, өмгөөлөгч “туслах худлаа хэлээд байна, шүүгч хурлаа оруулахгүй байна гэж уурлаад гарсан...” гэж, гэрч С.С “өмгөөлөгч Л.М-тэй уулзсан. Би өчигдөр гэрчийн мэдүүлэг өгнө гэхээр нь тэмдэглэлийн дэвтрээ харахад 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр М гэдэг өмгөөлөгч байна гээд орж ирж уулзсан байна. Тэрээр “9 цагт шүүх хуралтай гээд намайг лагерт байхад дуудаад ирсэн боловч Г.Э шүүгч нь хурлаа хийхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “таны юунд гомдоод байгааг ойлголоо, би шүүгчийг шууд хурлаа хий гэж хэлэх эрх байхгүй. Гэхдээ шүүгчтэй нь уулзаж учир байдлыг тодруулъя” гэсэн. Ингээд 30-40 минутын дараа түүний өрөөнд очиж уулзахад “өчигдөр орсон хурлын хүн байна. Өчигдрийн шүүх хуралдаанаар хяналтын прокуророос татгалзсан. Татгалзлыг шийдвэрлэсэн захирамж нь одоо гарч байна” гэхэд нь би “9 цагт хуралтай гэж дуудсан юм уу” гэж асуухад шүүгч “манай туслах дуудсан бололтой, би дуудаагүй. Хурлыг нь маргааш товлосон байгаа” гэсэн. Доошоо буухад өмгөөлөгч хүлээлгийн танхимд сууж байсан тул өрөө рүүгээ дуудаж оруулаад шүүгч Г.Э-ийн хэлсэн “та маргааш хуралтай байгаа юм байна” гэдгийг хэлээд гаргасан. Маргааш нь шүүгч Б.Б ажилдаа орж тухайн саналыг шийдвэрлэсэн байсан” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 2-т “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.3.1-д “Шүүгчдийн зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг тухайлан нэр зааж хуваарилахаар шийдвэрлэсэн бол шүүгчийн туслах, эсхүл ажилтан, хэрэв Шүүгчдийн зөвлөгөөнөөр зөрчлийн хэргийг тойргийн журмаар, урьдчилан мэдэх боломжгүй санамсаргүй тохиолдлоор хуваарилахаар шийдвэрлэсэн бол ажилтан таслан сэргийлэх арга хэмжээний тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлтийг Бүртгэл №15-д бүртгэж, баталгаажуулах тэмдгийн дардас дарж хүлээн авна” гэж заасан ба прокурор Э.М-ын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаартай саналыг 10 цаг 42 минутад шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагт товлосон нь дээрх хууль болон журмын заалтыг зөрчөөгүй байна.
Харин илтгэгч гишүүний саналд дүгнэсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байх тул 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үйл баримттай хамааралгүй.
Сахилгын хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдээс үзвэл 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаан товлосон нь тогтоогдохгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан зөрчилд шүүгчийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ЦХШЗ/233 дугаар захирамжаар яллагдагч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг мөн өдрөөс 1 сарын хугацаагаар сунгасан байх тул “07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хугацаа дууссан байхад цагдан хорьсон” гэх өргөдлийн үндэслэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх зөрчилд хамаарахгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2024/0099 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН