info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-10-08

Дугаар 96

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, холбогдох шүүгч Э, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан,

... шүүхийн шүүгч Э холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ... Өргөдөл гаргагч иргэн Б.Э нь “шүүгч Э нь шүүх хуралдааны явцад хууль хэрэглээний талаар ярих ёсгүй, ийм юм ярьж болохгүй суу гэж удаа дараа уурлан, том дуугаар хэлж, хэргийн оролцогчтой харилцахдаа зандран юм яриулахгүй, албадан суулгаж, зүй бус авирласан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

          Сахилгын хэрэгт авагдсан баримтууд, шүүгч Э-ийн тайлбараас үзэхэд шүүгч Э-ийг шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчтой зүй бус авирласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

          Тодруулбал, ... шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний “mainfeed_dual_512 (11)” гэх нэртэй 15 минут 07 секунд үргэлжилсэн бичлэгийн

  • 08 минут 23 секундээс даргалагч “давж заалдах гомдолд тайлбар байвал хэлье, нэхэмжлэгч тал” гэхэд
  • 08 минут 32 секундээс эхлэн нэхэмжлэгч тал тайлбар хэлж байна.
  • 10 минут 21 секундэд нэхэмжлэгчийн нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмж хэлэх тайлбар байхгүй гэсэн тул даргалагч “танд тайлбар байна уу?” гэснээр хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э “байна” гээд
  • 10 минут 26 секундээс хариуцагч тал “анхан шатны шүүх бол Иргэний хуулийн 232.6, 243.1-ийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Яагаад вэ гэвэл хуурай сүү чинь хадгалалтын болон хэрэглэх хугацаа дууссан байсан байхгүй юу. Тийм учраас энэ тухай баримт гэрээний хавсралт нь дээр байж байгаа, мөн шинжилгээний дүгнэлт нь дээр хугацаа дууссан гэсэн баримт байгаа. Тэгээд анхан шатны шүүх бол энэ гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцох учиртай байсан гэж. Тийм учраас энэ хуулийг буруу хэрэглээд байгаа юм” гэх үед
  •  11 минут 11 секундээс даргалагч шүүгч “ингэнэ, “Г” гэдэг компани давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлын агуулга юу гэхээр 2, 3 хүн дамжаад зарагдсан, худалдагдсан. Би худалдаж авсан. Тийм учраас манай компани Ц-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргийг хариуцахгүй гэдэг агуулга байгаа юм. Тэгэхээр энэ гомдолд л тайлбар хэлнэ” гэхэд
  • хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 11 минут 33 секундээс хариуцагч тал ”энэ ингэсэн байна ш дээ. Манайх хариуцахгүй гэсэн атлаа О- хариуцна гэсэн байгаа байхгүй юу. Энэ чинь нэг л компанийн асуудал яригдаад байгаа учраас. Одоо Б энэ компанийн захирал. Энэ компани хариуцах учиртай. Бүхлээр нь хариуцах ёстой. Яагаад гэвэл нэр нь л өөрчлөгдсөн болохоос биш хугацаа нь дууссан хуурай сүүг хямд үнээр борлуулаад хэрчсэн гурилын үйлдвэр худалдаж авсан юм билээ. Энэ хэрчсэн гурилын үйлдвэр одоо энэ компанид явж байгаа. Энэ том үйлдвэр болсон, ашигтай ажиллаж байгаа, Б ажиллуулж байгаа. Тийм учраас энэ компани яана. Компанийн хувьцаа, доторх тоног төхөөрөмж нь тус тусдаа өмчлөгдөхгүй ш дээ. Нэг компанийн өмч нэг л байна. Тийм учраас энэ О-ын юм, эсхүл Ц-ийн юм гэж тусгаарлагдахгүй учраас анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна билээ ш дээ. Тэр” гэх үед нь
  • 12 минут 40 секундээс даргалагч “тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр бол үндэслэлтэй гаргасан гэж үзэж байгаа юм байна. Тийм үү?” гэхэд
  • 12 минут 44 секундээс Б.Э “Үгүй, өөрчлөлт оруулж өгнө үү гэж байгаа юм. Яагаад вэ гэвэл” гэв.
  • 12 минут 48 секундээс даргалагч “Та бол гомдол гаргаагүй байхгүй юу. Тийм учраас би таныг хариуцагчийн гаргасан гомдлыг хангах ёсгүй юу л гэж байгаа юм” гэх үетэй зэрэгцэн хариуцагч тал ярьж байна.
  • 12 минут 54 секундээс Б.Э “бүхэлд нь хянана ш дээ” гэхэд даргалагч “тэр бол шүүхийн асуудал. Юу гэж байгаа вэ гэхээр та бол гомдлын тухай ярихгүй, тайлбарын тухай ярина. Шүүх бүхэлд нь хянах эсэх нь шүүх өөрийнх нь асуудал. Тэгэхээр та гомдлын агуулгатай зүйлийг энэ шүүх хуралдаанд ярихгүй ээ л гэсэн үг” гэхэд
  • 13 минут 09 секундээс Б.Э “тэгвэл би гомдлыг яръя л даа” гэх үед даргалагч “харин та гомдолд тайлбар хэлэхээс биш та өөрийнхөө гомдлыг ярихгүй гэсэн үг байхгүй юу. Юу гэх вэ гэхээр Ц энийг хариуцахгүй, Ц биш Г бүхэлд нь хариуцах ёстой гэдэг зүйл энд ерөөсөө яригдахгүй. Хариуцагч “Г” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлтэй юу, үгүй юу гэдэг дээр л тайлбар байвал хэлж болно. Байхгүй бол суучих” гэв.
  • 13 минут 32 секундээс Б.Э “би хэлээд байна ш дээ. Би энэ гомдолд тайлбар хэлье” гэхэд даргалагч “заа. Гэхдээ агуулга нь гомдлын хүрээнд” гэв. Б.Э үргэлжлүүлэн “О- хариуцна гэсэн байна. О- хариуцахгүй ээ, компани өөрчлөгдөөгүй ээ. Тоног төхөөрөмж нь тэр чигтээ явж байгаа. Энэ хугацаа нь дууссан хуурай сүүний мөнгөөр хэрчсэн гурилын үйлдвэр худалдаж авсан, Б ажиллуулж байгаа. Одоо ч ажиллаж байгаа. Ажлын байр ч худалдаж авсан, хямдхан үнээр. Тийм учраас энэ компани өөрөө бүхэлд нь хариуцна, иргэн Ц хариуцахгүй. Тийм учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Бүхлээр нь Түмний гүрэн компани хариуцахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэх үед зэрэгцэн даргалагч “заа, ойлголоо, суучих” гэхэд
  • 14 минут 13 секундээс Б.Э үргэлжлүүлэн “хууль ийм юм чинь. Би хуулиа л ярина ш дээ. Тэрнээс биш би заавал” гэх үед даргалагч “гомдол гаргасан бол гомдлоо ярина. Тэгэхээр би одоо ойлгочихлоо. Сууж бай” гэх үед хариуцагч тал “би заавал таны яаснаар би ингэж явах ёсгүй ш дээ. Тийм юм ярь, ийм юм ярь гэж та зааж болохгүй ш дээ” гэв.
  • 14 минут 26 секундээс даргалагч яриаг нь таслан “би таныг зааварлаагүй ш дээ. Яагаад гэвэл та гомдлын хүрээнд тайлбараа хэлнэ. Та гомдолд л тайлбар хэлэхээс биш, гомдол ярихгүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ёстой, Ц-д хамаарахгүй гэж байгаа бол та гомдол гаргах ёстой байсан байхгүй юу. Тийм учраас сууж бай” гэхэд
  • 14 минут 41 секундээс Б.Э “сууж бай гэж. Би яагаад тайлбар хэлж болдоггүй юм” гэх үед даргалагч “тайлбарыг ойлгочихлоо. Таныг гомдол ярьж байгаа учраас би хязгаарлаж байна. Тийм учраас гомдлын хүрээнд тайлбар байхгүй бол суу” гэхэд хариуцагч тал “суу” гэхэд даргалагч “тийм. Би танд эхний удаа анхааруулъя” гээд алх хэрэглэсэн болох нь тогтоогдож байна. /с.х-ийн 20-22 тал/

          Дээрх шүүх хуралдааны магадлал, тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, тухайн гомдлоо хянуулах эрх нь нээлттэй байсан боловч гомдол гаргаагүй байна. Б.Э нь мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй” гэж зааснаар шүүх хуралдааны дарааллын дагуу хариуцагч “Г” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэх явцад “хариуцагч “Г” ХХК-ийг бүхэлд нь хариуцахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол ярьж байгаа нь бичигджээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-т “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хариу тайлбараа давж заалдах гомдлын үндэслэл бүрд гаргах бөгөөд давж заалдах гомдолд дурдаагүй асуудлаар тайлбар өгөх явдлыг шүүх хязгаарлах нь хэргийг бүхэлд нь хянан үзэх энэ зүйл заалтыг зөрчихгүй...” гэж тайлбарлажээ.

          Иймд шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч Э хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-д хандан “...Тэгэхээр энэ гомдолд л тайлбар хэлнэ... Та бол гомдол гаргаагүй байхгүй юу. Тийм учраас би таныг хариуцагчийн гаргасан гомдлыг хангах ёсгүй юу л гэж байгаа юм. ...та бол гомдлын тухай ярихгүй, тайлбарын тухай ярина. Шүүх бүхэлд нь хянах эсэх нь шүүх өөрийнх нь асуудал. Тэгэхээр та гомдлын агуулгатай зүйлийг энэ шүүх хуралдаанд ярихгүй ээ л гэсэн үг... Би таныг зааварлаагүй ш дээ. Яагаад гэвэл та гомдлын хүрээнд тайлбараа хэлнэ. Та гомдолд л тайлбар хэлэхээс биш, гомдол ярихгүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ёстой, Ц-д хамаарахгүй гэж байгаа бол та гомдол гаргах ёстой байсан байхгүй юу. Тийм учраас сууж бай... тайлбарыг ойлгочихлоо. Таныг гомдол ярьж байгаа учраас би хязгаарлаж байна. Тийм учраас гомдлын хүрээнд тайлбар байхгүй бол суу” гэж хэлснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.

          Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ”, 25.2.4-т “шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх”, 25.2.5-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих”, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах   талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж тус тус заасан.

          Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны “mainfeed_dual_512 (11)” гэх нэртэй бичлэгийн 19 секундээс даргалагч “одоо хэрэг хэлэлцэх дарааллыг тогтооно. Хэргийн талаар илтгэгч шүүгч танилцуулна, түүний дараа хариуцагч “Г” ХХК давж заалдах гомдол гаргасан, энэ гомдлыг илтгэгч шүүгч мөн танилцуулна, тухайн гомдолд тайлбар байвал нэхэмжлэгч болон хариуцагч Цийн талаас дарааллын дагуу тайлбараа хэлж болно. Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай бол та бүхнээс асууж тодруулна. Ингээд зөвлөлдөж магадлал гаргана гэсэн дарааллаар хурал явагдана” гэж шүүх хуралдааны дарааллыг тогтоосон атал хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариуцагч “Г” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэх бус, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдол ярьсан тул шүүх хуралдааны даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах үүргийнхээ хүрээнд Б.Э-д удаа дараа тайлбарлаж, алх хэрэглэсэн байна.

          Мөн даргалагч шүүгч Э нь хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-д хандан өргөдөлд дурдсанчлан “чи хууль хэрэглээний талаар ярих ёсгүй, ийм юм ярьж болохгүй” гэж хэлээгүй болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч Э нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэн түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.”  гэжээ.

Холбогдох шүүгч Э тайлбартаа “..Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч “Г” ХХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Тус шүүх хуралдааныг шүүгч би даргалсан, хариуцагч Ч.Ц-ийг төлөөлөгч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна. Тухайн шүүх хуралдааны болон үзлэгийн тэмдэглэлээс  үзвэл шүүх хуралдаан даргалагчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын зүгээс хариуцагч “Г” ХХК-ийн гаргасан гомдолд тайлбар гаргах эрхээр хангасан байна.

Хариуцагч Ч.Ц нь мөн хуулийн 161 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүх хуралдаанд “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах агуулга бүхий тайлбар гаргаж, гомдол гаргах” эрхгүй юм. Энэ агуулгаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын шүүх хуралдаанд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тайлбарыг хязгаарласан нь хууль зөрчөөгүй гэж ойлгож байна. Гомдлыг хэлэлцэх хуралд би биечлэн оролцох ба гомдол гаргагч Б.Э-ыг сахилгын хорооны хуралдаанд гэрчээр биечлэн оролцуулах хүсэлт гаргаж байгаа хүлээн авна уу" гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Э-аас ... шүүхийн шүүгч Э холбогдуулан өргөдөл гаргасны дагуу Сахилгын хорооны гишүүн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГЗҮ/2024/0080 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1. Өргөдөл гаргагч “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад “чи хууль хэрэглээний талаар ярих ёсгүй, ийм юм ярьж болохгүй, суу” гэж удаа дараа уурлан индэр дээрээс том дуугаар хэлж хэргийн оролцогчтой харилцахдаа зандран юм яриулахгүй, албадан суулгаж зүй бус авирласан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Онцгой байдлын ерөнхий газрын нэхэмжлэлтэй Ч.Ц, “Г” ХХК-д холбогдох иргэний хэргийг ... иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 000/ШШ2024/02189 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Г” ХХК-аас  давж заалдах гомдол гаргасан байна.

Тус гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... шүүхийн шүүгч Э даргалж, шүүгч З, Н нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцсэн байна.

Тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Х.Ц, хариуцагч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцсон бөгөөд хуралдааны бичлэгт даргалагч шүүгч Э “...“харин та гомдолд тайлбар хэлэхээс биш та өөрийнхөө гомдлыг ярихгүй гэсэн үг байхгүй юу. Юу гэх вэ гэхээр Ц энийг хариуцахгүй, Ц биш Г бүхэлд нь хариуцах ёстой гэдэг зүйл энд ерөөсөө яригдахгүй. Хариуцагч “Г” ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлтэй юу, үгүй юу гэдэг дээр л тайлбар байвал хэлж болно. Байхгүй бол суучих”. ... би таныг зааварлаагүй ш дээ. Яагаад гэвэл та гомдлын хүрээнд тайлбараа хэлнэ. Та гомдолд л тайлбар хэлэхээс биш, гомдол ярихгүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ёстой, Ц-д хамаарахгүй гэж байгаа бол та гомдол гаргах ёстой байсан байхгүй юу. Тийм учраас сууж бай, ... “тайлбарыг ойлгочихлоо. Таныг гомдол ярьж байгаа учраас би хязгаарлаж байна. Тийм учраас гомдлын хүрээнд тайлбар байхгүй бол суу” ...“тийм. Би танд эхний удаа анхааруулъя” гэж хэлсэн болох нь авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-аар хариуцагч “Г” ХХК-ийн давж заалдах гомдолд холбогдох тайлбарыг хэлүүлсэн байх бөгөөд Б.Э нь давж заалдах гомдолд холбоогүй тайлбар гаргасныг хуралдаан даргалагч шүүгч Э таслан зогсоосон үйл баримт тогтоогдож байна.

Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-т “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хариу тайлбараа давж заалдах гомдлын үндэслэл бүрд гаргах бөгөөд давж заалдах гомдолд дурдаагүй асуудлаар тайлбар өгөх явдлыг шүүх хязгаарлах нь хэргийг бүхэлд нь хянан үзэх энэ зүйл заалтыг зөрчихгүй...” гэж тайлбарлажээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасны дагуу даргалагч шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын яриаг зогсоосон үйл баримт нь шүүх хуралдааны дэг сахиулсан гэж үзэхээр байх тул дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

          2. Өргөдөл гаргагч “... иргэн Ч.Ц-д бүх төлбөрийг төлөхөөр шийдвэр гаргаж “Т” ХХК, Онцгой байдлын ерөнхий газарт давуу байдал бий болгосон” гэжээ.

 

                ... шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/01274 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Г” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаас үзвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэр гаргах нь тэдгээрт хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах тул дээрх үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй. 

            Мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй байдгийг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ГС/2024/0095 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ                        Д.АРИУНТУЯА

                   ГИШҮҮН                                Б.СУГАР

                                                                        Х.ХАШБААТАР