
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-05-28
Дугаар 57
Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,
сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, сахилгын хэргийн оролцогч З.Г нарыг оролцуулан хийж, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2024/0010 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:
“Х.Б-ээс Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссын ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн гуравдагч этгээдийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоолыг, ... Засаг даргын Тамгын газрын даргын гуравдагч этгээдийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах, гуравдагч этгээдийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын нэхэмжлэгчид өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгчийн ярилцлагын шалгалтын холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст нэхэмжлэгчийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, нэхэмжлэгчийг ... аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг ... Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 110/ШШ2022/0025 дугаар шийдвэрээр: “...нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссын ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын Х.А-т өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн Х.А-ыг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг, ... Засаг даргын Тамгын газрын даргын Х.А-ыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, ярилцлагын шалгалтын Х.А-т холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох Х.А-ыг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг, шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын Х.Б-д өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын Х.Б-д холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст, Х.Б-ийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, Х.Б-ийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг ... Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээд нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 221/МА2022/0595 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангажээ.
Магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0595 дугаар магадлалыг хүчингүй болгож, ... Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2022/0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Өргөдөл гаргагчаас “...Ерөнхий шүүгч З.Г нь нэг омгийн хамаарал бүхий этгээдийн талд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, Х.Б нь өөрийнхөө ил зурагтай шүүгч З.Г-ийн нэр дээр талархал бичиж олон нийтэд түгээж байгаа нь шүүгчид ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байна, ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шийдвэрлээгүй асуудлын талаар тайлбар гаргаж, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, ...шүүхийн шийдвэрийг өөр байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр тайлбарлаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байна” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
1.Өргөдлийн: “...Ерөнхий шүүгч З.Г нь нэг омгийн хамаарал бүхий этгээдийн талд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэх үндэслэлийн тухайд:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар тухайн нийтийн албан тушаалтны “...эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” хамаарал бүхий этгээдэд авч үзнэ.
Шүүгч З.Г тайлбартаа: “Миний бие Т овогт гэдэг нь үнэн боловч нэхэмжлэгч болон түүний нөхөртэй ямар нэгэн байдлаар хувийн болон танил талын харилцаагүй” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад шүүгч З.Г болон Х.Б-ийн нөхөр Т.Т нарын иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 9/11713 дугаартай албан бичгээр авсан.
Тус лавлагаанд шүүгч З.Г нь Т ургийн овогтой харин Т.Т нь Т К ургийн овогтой байна.
Дээрх баримтаас үзэхэд шүүгч З.Г болон Х.Б нарыг шууд ашиг сонирхлыг нэгдэлтэй гэж үзэх боломжгүй болно.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг хуульд заасан эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэснийг нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн үзэх боломжгүй.
2. Өргөдлийн: “...Х.Б нь өөрийнхөө ил зурагтай шүүгч З.Г-ийн нэр дээр талархал бичиж олон нийтэд түгээж байгаа нь шүүгчид ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байна” гэх үндэслэлийн тухайд:
2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ... шүүхийн Тамгын газрын фейсбүүк цахим хаягт “Шүүхэд баярлалаа” гэх гарчигтай Х.Б-ийн шүүгч З.Г-д талархсан сэтгэгдлийг нийтэлсэн байна.
Дээрх фейсбүүк хаягт хэрхэн нийтлэгдсэн талаар тус шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах М.А-ийг гэрчээр асуухад: Надад ирээд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн 3-4 хуудас баримт барьсан ирсэн. Тэгээд надад танай шүүхэд баярлалаа гээд сайтад тавиад байдаг юм байна лээ. Би бас тавьж болох уу гэхэд нь болно гэсэн. Тэгээд би өгсөн баримтыг нь аваад үйлчилгээний хэлтсийн даргад өгсөн. Зургаа файлаар явуулчих уу гээд надад цахимаар явуулсан” гэх мэдүүлгийг өгсөн болно.
Тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга М.Е-ыг асуухад: “...иргэд файлаар сэтгэгдлээ бичээд өгдөг. Зарим хөдөөний хүмүүс сэтгэгдлээ ярьсан юмыг нь бичиж авч файл болгодог” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр М.А-д, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Т.Г-, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А.Т- тус тус шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлснийг ... шүүхийн Тамгын газрын фейсбүүк хаягт нийтэлж байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүгч З.Г болон Х.Б нарыг шууд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй болно.
3.Өргөдлийн: “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шийдвэрлээгүй асуудлын талаар тайлбар гаргаж, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, ...шүүхийн шийдвэрийг өөр байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр тайлбарлаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байна” гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Х.Б нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШЗ2023/0057 дугаартай захирамжаар “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсэг буюу ярилцлагын шалгалтын Х.А-т холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгаж шийдвэрлэсэн хэсгийг, 2 дахь заалтыг тус тус” албадан гүйцэтгүүлэхээр захирамжилж, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисст шүүхийн мэдэгдэл хүргүүлжээ.
Шүүхийн мэдэгдлийн дагуу Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр албан бичгээр “тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд шалгалт өгсөн Х.А-ын ярилцлагын шалгалтад дахин үнэлгээ хийж, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн хуралдаанд танилцуулсан. Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх болно” гэх хариуг холбогдох нотлох баримтын хамт хүргүүлжээ.
Үүнд: ... Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын тусгай шалгалтыг зохион байгуулах чиг үүрэг бүхий шалгалтын комисс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шалгалтад оролцогч Х.А, Х.Б нарын удирдлага зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын ярилцлагын шалгалтыг дахин үнэлж, Х.А 105.16, Х.Б 104 оноог тус тус авч, үнэлгээг баталгаажуулсан.
Гэтэл Төрийн албаны тусгай шалгалтад оролцогч Х.А Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшиж, томилогдохоос өөрийн хүсэлтээр татгалзсан тул шалгалтын үнэлгээгээр 2 дугаарт эрэмбэлэгдсэн Х.Б-ийг Салбар зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэр дэвшүүлж, Тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар уг албан тушаалд томилжээ.
Шүүхийн шийдвэрийн биелэлтийг Х.Б-д танилцуулсан боловч шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичгээр илэрхийлж улмаар ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 20023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/470 дугаартай “...гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журмыг тодруулж тайлбар ирүүлж өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлжээ.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр “...Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссоос ...Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын "удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар" ярилцлагын шалгалтад Х.А-т өгсөн 29,16 оноо нь түүний хариулсан хариулаад тохироогүй, үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй буюу бодит байдлаар дээгүүр оноо өгсөн, энэ нь нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно. Харин шалгалтын комиссоос шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дахин 29,16 оноо өгснөөр нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдээгүй байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй байна.” гэх тайлбарыг ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.
Дээрх албан бичгийн талаар шүүгч З.Г тайлбартаа: “...шүүхээс хууль бус гэж тогтоосон шийдвэрийг дахин гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүйг тодорхой заасан. Хариуцагчдаас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж шүүхээс хууль бус гэж дүгнэж, хүчингүй болгосон шийдвэрийг /үнэлгээг/ дахин гаргасан боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэвээр буй энэхүү тохиолдлыг шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн ярилцлагын үнэлгээний талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т тусгасан "... бүрэн гүйцэт байдлаар хариулаагүй, мөн асуултад хамааралгүй асуудлаар буюу төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн талаар хариулт болгож тайлбарласан нь тогтоогдож байна", 12-т тусгасан "Гуравдагч этгээдийн ярилцлагын 3 асуултад хариулсан байдлыг шалгалтын комиссын дарга болон гишүүд нь "9, 9.5, 10" оноогоор үнэлсэн бөгөөд уг үнэлгээг бодит хариултад тохирсон гэж үзэх боломжгүй..." гэж тус тус дүгнэснийг үндэслэл болгож бодит байдлаар дахин дүгнэх ёстой гэх агуулгаар тайлбар бичсэн, үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзэх боломжгүй” гэжээ.
Гэтэл Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2580 дугаартай албан бичигт: “...Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн байх төдийгүй Х.А-ын ярилцлагын шалгалтыг дахин үнэлсэн үнэлгээний улмаас Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөөгүй байна. Түүнчлэн тусгай шалгалтад оролцогчдын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварын ярилцлагын шалгалтыг дахин үнэлж, Х.А-т 29.16 оноо өгсөн нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, мөн Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэгдээгүй гэж үзэх үндэслэл боломжгүй. Иймд шалгалтын комиссын Х.А-ын ярилцлагын шалгалтыг 29.16 оноогоор дахин үнэлснийг шүүхийн шийдвэрийг бодитой биелэгдээгүй гэж дүгнэх боломжгүй юм” гэжээ.
Дээрх сахилгын хэрэгт авагдсан шүүгч З.Г-ийн “Тайлбар хүргүүлэх тухай” 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д заасны дагуу гаргасан тайлбар гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, 144 дүгээр албан бичигт “....энэ нь нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно. ...нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдээгүй байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй байна” гэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж буй үйлдэл бөгөөд энэ хариуцагч этгээдүүдэд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгч З.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тул шүүгчийн удирдлага дахь этгээд гэж үзэхгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д “...өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Мөн шүүгчийн дээрх үйлдлийг шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцохгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой” болон “удаа дараа” байх хуулийн урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд, дээрх үндэслэлээр ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-д сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
Холбогдох шүүгч З.Г Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...Миний бие З-ын Г нь 55 настай, шүүгчээр 21 дэх жилдээ ажиллаж байна. Монгол Улсын Сахилгын хорооноос ирүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлийн надад холбогдуулан гаргасан өргөдлийг миний бие 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өглөө гардан авсан бөгөөд тухайн өдрийн 13 цагт нийт шүүгчдийн II дугаар чуулганд оролцохоор нийтийн унаагаар шүүхийн шүүгч, ажилтнуудтай цуг Улаанбаатар хот руу явж, 09 дүгээр сарын 28,29-ний өдрүүдэд нийт шүүгчдийн чуулганд, 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн сургалтад хамрагдаж, 10 дугаар сарын 05-ний өдөр -д ирж, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу өнөөдөр энэхүү тайлбарыг гаргаж байна
1.Нэхэмжлэгч X.Б-ийн нөхөр Т.Т-тай нэг омгийнх, хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлийн тухайд:
Миний бие Т овогт гэдэг нь үнэн боловч нэхэмжлэгч болон түүний нөхөртэй ямар нэгэн байдлаар хувийн болон танил талын харилцаагүй юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;” 3.1.5-т”"хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр/нөхөр-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” гэж тус тус заасан, хуулийн дээрх заалтуудад заасан миний “хамаарал бүхий этгээд"-д нэхэмжлэгчийн нөхөр хамаарахгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болох үндэслэл байхгүй, өнөөдөр статистик судалгаагаар Монгол Улсад “Т” овогт 4300 гаруй иргэн байх бөгөөд “Т" овогт болгоныг надтай холбож, “хамаарал бүхий этгээд” гэж үзэх боломжгүй юм.
2.... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/470 дугаартай албан бичгийн тухайд:
Нэхэмжлэгч Х.-ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөл, тус салбар зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах комисс, ... Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, ... захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 110/ШШ2022/0025 дугаартай шийдвэрийг гаргасан.
Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан гаргасан 9 нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 4 шаардлага буюу Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлөөс байгуулсан шалгалтын комиссын ... Засаг даргын Тамгын газрын Херөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын “удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар” ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд өгсөн үнэлгээг (1), салбар зөвлөлийн гуравдагч этгээдийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тогтоолыг (2), ... аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын гуравдагч этгээдийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон тушаалыг (3) тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын гуравдагч этгээдэд холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах (4) нэхэмжлэлийн шаардлагуудыг хангасан.
Харин үлдсэн хэсэг болох 5 шаардлага буюу гуравдагч этгээдийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг (5), шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын нэхэмжлэгчид өгсөн үнэлгээг (6) тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, нэхэмжлэгчийн ярилцлагын шалгалтын холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст (7), нэхэмжлэгчийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд (8), нэхэмжлэгчийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг ... Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах (9) нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчид болон гуравдагч этгээд нь эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2022/0595 магадлалын 1 дэх хэсгээр ... захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 0025 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг... нэхэмжлэгч Х.Б-ийн “Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлөөс зохион байгуулсан шалгалтын комиссын ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтын удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар ярилцлагын шалгалтын Х.А-т өгсөн үнэлгээг, салбар зөвлөлийн Х.А-ыг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг, ... Засаг даргын Тамгын газрын даргын Х.А-ыг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ярилцлагын шалгалтын X.А-т холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгах, Х.А-ыг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг, шалгалтын комиссын ярилцлагын шалгалтын Х.Б-д өгсөн үнэлгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, ярилцлагын шалгалтын Х.Б-д холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст, Х.Б-ийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг салбар зөвлөлд, Х.Б-ийг ... Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг ... Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улмаар нэхэмжлэгч Х.Б нь захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж, 82 дугаар тогтоолын 1 дэх заалтаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, З дахь заалтаар уг тогтоолыг эцсийн шийдвэр гэж дурдсан.
Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч Х.Б нь тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан, шүүх 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 110/Ш32023/0057 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай“ захирамж гаргаж, тухайн өдөр 110/ГХ2023/0003 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгож, захирамж болон гүйцэтгэх хуудсыг ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 79 дүгээр албан бичгээр шүүхийн мэдэгдлийг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл болон уг зөвлөлөөс томилсон төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах комисст тус тус хүргүүлсэн.
Шүүхийн мэдэгдлийн дагуу хариуцагч шалгалтын комисс нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 34 дүгээр албан бичгийг шүүхэд ирүүлсэн, уг албан бичигт шүүхийн шийдвэрт заасан гуравдагч этгээд Х.А-ын ярилцлагын шалгалтад дахин үнэлгээ хийсэн тухай тусгаж, тайлан, нэгдсэн үнэлгээний хуудас, шалгалтын комиссын өгсөн оноо, гишүүдийн нэг бүрийн үнэлгээний талаар гаргасан тайлбар зэргийг нотлох баримтаар хавсаргасан.
Уг баримтуудаас үзэхэд, хариуцагч шалгалтын комисс нь шүүхийн шийдвэрийн дагуу гуравдагч этгээд Х.А-ын ярилцлагын шалгалтад дахин үнэлгээ хийхдээ хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль бус гэж дүгнэж, хүчингүй болгосон анхны үнэлгээг дахин өгсөн болох нь тогтоогдсон.
Үүний дараа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр энэ хэргийн хариуцагч буюу шалгалтын комиссын дарга, аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Б-ийн гарын үсэгтэй 01/470 дугаартай “Тайлбар ирүүлэх тухай” 01/470 дугаартай албан бичгийг миний нэр дээр ирүүлсэн, уг албан бичиг “... Шалгалтын комиссоос ... захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0025 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэдгээ удаа дараа илэрхийлж мэдэгдсэн. Гэвч Х.Б-д шүүхийн шийдвэр биелэлтийг танилцуулсан боловч шалгалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгааг бичгээр илэрхийлсэн” гэж, мөн уг шийдвэрийг хэрхэн гүйцэтгүүлэх арга, журмыг тодруулж тайлбар ирүүлэхийг тусгасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-т “Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журам тодорхойгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтанд хандаж тайлбар гаргуулах эрхтэй” гэж зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тайлбар гаргуулахаар дээрх албан бичгийг ирүүлсэн байх уг шийдвэрийг гаргасан шүүгчийн хувьд шийдвэрийн агуулгыг, мөн хариуцагч дахин үнэлгээ хийсэн тухай тайлбар, нотлох баримтуудыг үндэслэж шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх талаар тайлбарыг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлсэн, харин өргөдөл гаргагсдын дурдсанаар энэ тайлбар нь “ захирамж”, “тогтоол” хэлбэрээр гарах хууль зүйн үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-Т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт Захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан.
Хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй” гэж заасан, хуулийн энэ заалтын агуулгаас үзэхэд, шүүхээс хууль бус гэж тогтоосон шийдвэрийг дахин гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүйг тодорхой заасан.
Хариуцагчдаас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж шүүхээс хууль бус гэж дүгнэж, хүчингүй болгосон шийдвэрийг /үнэлгээг/ дахин гаргасан боловч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэвээр буй энэхүү тохиолдлыг шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн ярилцлагын үнэлгээний талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т тусгасан "... бүрэн гүйцэт байдлаар хариулаагүй, мөн асуултад хамааралгүй асуудлаар буюу төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн талаар хариулт болгож тайлбарласан нь тогтоогдож байна”, 12-т тусгасан “Гуравдагч этгээдийн ярилцлагын 3 асуултад хариулсан байдлыг шалгалтын комиссын дарга болон гишүүд нь “9, 9.5, 10” оноогоор үнэлсэн бөгөөд уг үнэлгээг бодит хариултад тохирсон гэж үзэх боломжгүй...” гэж тус тус дүгнэснийг үндэслэл болгож бодит байдлаар дахин дүгнэх ёстой гэх агуулгаар тайлбар бичсэн, үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзэх боломжгүй.
3.Бусад үндэслэлүүдийн тухайд:
Өргөдөл гаргагсдаас “... шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Х.Б-ийг маргаан бүхий орон тоонд томилсон, шүүхийн шийдвэр биелэгдсэн” гэж өргөдөлд дурджээ. Шүүхээс маргаан бүхий албан тушаалын орон тоонд нэхэмжлэгчийг томилох тухай шийдвэр гаргаагүй, харин эсрэгээр нь нэхэмжлэгчээс гаргасан тухайн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Шүүхийн Тамгын газрын вэбсайтад миний тухай болон Улсын дээд шүүхийн шүүгч нарын тухай талархал бичсэн талаар миний зүгээс тайлбар гаргах боломжгүй, уг нийтлэл бичигдсэн явдалд миний бие ямар нэгэн байдлаар оролцоогүй, сүүлд шүүхийн цахим хуудаснаас уншсан, энэ талаар шүүхийн Тамгын газраас асууж тодруулсан нь зүйтэй болов уу” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлөөс ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-д холбогдуулан “... Ерөнхий шүүгч З.Г нь нэг омгийн хамаарал бүхий этгээдийн талд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, Х.Б нь өөрийнхөө ил зурагтай шүүгч З.Г-ийн нэр дээр талархал бичиж олон нийтэд түгээж байгаа нь шүүгчид ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаар байна, ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдаагүй, шийдвэрлээгүй асуудлын талаар тайлбар гаргаж, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, ...шүүхийн шийдвэрийг өөр байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхээр тайлбарлаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байна” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгч З.Г нь захиргааны хэргийн нэхэмжлэгч Х.Б-ийн нөхөр Т.Т-тай нэг ургийн овогтой болох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй талаар илтгэгч гишүүн “... шүүгч З.Г нь Т ургийн овогтой харин Т.Т нь Т К ургийн овогтой байна, ... шүүгч З.Г болон Х.Б нарыг шууд ашиг сонирхлыг нэгдэлтэй гэж үзэх боломжгүй, ... шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэснийг нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.
Мөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ... шүүхийн Тамгын газрын фейсбүүк цахим хаягт “Шүүхэд баярлалаа” гэх гарчигтай Х.Б-ийн шүүгч З.Г-д болон Улсын дээд шүүхийн шүүгч нарт талархсан сэтгэгдлийг нийтэлсэн байх ба энэ талаар илтгэгч гишүүний “... 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр М.А-д, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Т.Г, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А.Т тус тус шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлснийг ... шүүхийн Тамгын газрын фейсбүүк хаягт нийтэлж байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүгч З.Г болон Х.Б нарыг шууд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй болно ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Харин шүүгч З.Г-г илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.38-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж нотлох дүгнэлт үйлдсэнийг доорх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Б-ээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргахад ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШЗ2023/0057 дугаар захирамжаар “...шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсэг буюу ярилцлагын шалгалтын Х.А-т холбогдох хэсэгт дахин үнэлгээ хийхийг шалгалтын комисст даалгаж шийдвэрлэсэн хэсгийг, 2 дахь заалтыг тус тус” албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн ... салбар зөвлөлөөс Х.А-ын ярилцлагын шалгалтад дахин үнэлгээ хийсэн бөгөөд уг үнэлгээгээр Х.А-т анх өгсөн 29,16 гэх оноог дахин өгсөн байна.
Уг шүүхийн шийдвэрийн биелэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичгээр илэрхийлсэн тул ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/470 дугаартай “...гүйцэтгэх баримт бичиг, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журмыг тодруулж тайлбар ирүүлж өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д “Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнийг гүйцэтгүүлэх арга, журам тодорхойгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүх, бусад байгууллага, албан тушаалтанд хандаж тайлбар гаргуулах эрхтэй” гэж заасантай нийцсэн байна.
Учир нь хариуцагч салбар зөвлөл нь дахин үнэлгээг хийж шийдвэрийг биелүүлсэн гэж, харин нэхэмжлэгч шийдвэр биелэгдээгүй гэж маргасны улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гүйцэтгэх баримт бичгийн агуулгын талаар буюу дахин үнэлгээ хийлгэхээр даалгасныг хэрхэн гүйцэтгэх арга, журмын талаар тайлбар хүсчээ.
Дээрх тайлбар хүссэн албан бичгийн дагуу шүүгч З.Г 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр өөрийн гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаж, харин шалгалтын комиссоос дахин 29,16 оноо өгсөн нь шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй гэх тайлбарыг ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11-т “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно”, 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, шүүхийн шийдвэрээр сонгон шалгаруулалтын "удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар" ярилцлагын шалгалтад Х.А-т өгсөн 29,16 оноо нь түүний хариулсан хариултад тохироогүй, үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн байхад хариуцагч Х.А-ын ярилцлагын шалгалтыг дахин 29,16 оноогоор үнэлснийг шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл тул шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцохгүй.
Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлийн 50.1.38-д “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх;” гэж шүүхийн шийдвэрийн агуулга, үндэслэл, шийдлийн талаар салаа утга бүхий ойлголтыг өгөх, мэдээлэхийг зөрчилд тооцохоор хуульчилжээ.
Энэ нь захиргааны хэргийн тухайд нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасны дагуу хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүгч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт зааснаас өөрөөр тайлбарласныг ойлгох тул шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн тохиолдолд шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэхээр хуульд заасан талаар шүүгчээс тайлбарласныг зөрчилд тооцохгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр “хуулийн хүчин төгөлдөр” болох, бодит нөхцөл байдалд хэрэгжих агуулгад нийцнэ гэж үзнэ.
Иймд, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр албан бичигт “... нэхэмжлэгч Х.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдээгүй байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй байна” гэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж буй үйлдэл байх тул “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ГНД/2023/0010 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН