МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-10-17
Дугаар 97
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүний ГС/2024/0098 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:
“... 1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтүүдийг хариуцагч талд мэдэгдэлгүй шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх тухайд:
1.1. Нэхэмжлэгч талын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “шинжээч томилуулах тухай” хүсэлттэй холбогдуулан:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэний хэргийн нэхэмжлэгч “Х”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “...2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн гаргаж өгсөн “Р” ХХК ба “S” компанитай “тооцоо нийлсэн акт” гэх нотлох баримтыг “хуурамчаар хийсэн байж болзошгүй гэх тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар солонгос хэлний мэдлэг ур чадвартай шинжээчдийн баг томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна” гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. /с.х-ийн 120 тал/
Шүүхээс хариуцагч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-д 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хэргийн материал танилцуулсан болох нь ... шүүхийн “Хэрэг танилцуулсан тухай” баримтаар тогтоогдож байна. /с.х-ийн 123 тал/
Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “...М” ХХК-тай хийсэн тооцоо хийсэн акт гэх баримтад дарсан 125-10-67537 дугаар бүхий дардас нь тэр үед байгуулагдаагүй S компаниар бичигдсэн байгаа. Энэхүү акт нь доор “S” ерөнхий захирал I (тамга) нь хуурамч гэх тул ...шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, эсхүл Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулан БНСУ-ын Хууль зүйн яам, Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү” гэж хүсэлтээ тодруулж, хүсэлтийг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2024/03767 дугаар захирамжаар хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /с.х-ийн 124-126 тал/
Шүүгчийн туслах нь хариуцагч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-д 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр утсаар шүүгчийн захирамжийн талаар мэдэгдэж, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Х-д 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ” гээд 25.1.1-д “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх”, 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”, 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж,
мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдлыг Бүртгэл №26-д, бусад хүсэлт, гомдлыг Бүртгэл №23-т тус тус бүртгэн, системээс хуваарилсны дагуу энэ аргачлалын 4.1.3-т зааснаар баталгаажуулна”, 4.2.2-т “шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан.
Хууль болон холбогдох журамд зохицуулснаас үзэхэд иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэдийд ч танилцах эрх нь нээлттэй. Тодруулбал тухайн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2024/07934 дүгээр захирамжаар гарсан бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байжээ. /с.х-ийн 64 тал/
Түүнчлэн нэхэмжлэгч тал хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “шинжээч томилуулах тухай” хүсэлт гаргаж, тухайн хүсэлттэй хариуцагч тал 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр буюу 6 өдрийн дараа танилцсан байна. Нэхэмжлэгч тал нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүсэлтээ тодруулж ирүүлснийг шүүгч 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэснээс үзэхэд хариуцагч тал 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хэргийн материалтай танилцах, нэхэмжлэгч талын хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаар шүүгчийн туслахаас тодруулах бүрэн боломжтой байсан тул хүсэлтийг танилцуулалгүй шийдвэрлэсэн гэж шүүгчийг буруутгах боломжгүй болно.
1.2. Нэхэмжлэгч талын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “нотлох баримт гаргуулах, ...тухай” хүсэлттэй холбогдуулан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “миний бие Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ...дүгнэлтийг уншиж танилцсаны үндсэн дээр дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: 1. ...хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар өгсөн хавтаст хэргийн 133 дугаар талд байгаа “тооцоо нийлсэн акт”-ыг солонгос хэл дээрх эх хувиар нь гаргуулах, 2. ...дахин шинжээч томилж И-ийн хуруу дардас мөн эсэхийг тогтоож дүгнэлт гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргажээ.
Тухайн хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/09104 дүгээр захирамжаар дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хавтаст хэргийн 133 дугаар талд байгаа “тооцоо нийлсэн акт”-ыг солонгос хэл дээрх эх хувиар нь гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба шүүгчийн туслах тухайн өдөр нь захирамжийг хариуцагч талд танилцуулсан байна. /с.х-ийн 138-140 тал/
Шүүхийн “Хэрэг танилцуулсан тухай” Баримт №6-ын доор гараар бичсэн “нэхэмжлэгчийн 2024.04.24-ний хүсэлтийг талуудад танилцуулалгүй шийдвэрлэсэн тухай шүүгчийн туслах 2024.05.01-нд мэдэгдэв” гэх бичиглэлээс үзэхэд хүсэлтийг хариуцагч талд танилцуулаагүй болох нь тогтоогдож байх хэдий ч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өөрийн дотоод итгэлээр хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлэснээр шүүгчийг буруутгахгүй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 13-т “Хуулийн 40.3 дахь заалтын "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэдэг нь хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээрээ үнэлнэ гэж ойлгоно” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
2. Шүүгч захирамждаа хүсэлтэд байхгүй зүйлийг дур мэдэн нэмж гаргасан гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Р” ХХК ба “S” компанитай “тооцоо нийлсэн акт” гэх нотлох баримтыг “хуурамчаар хийсэн байж болзошгүй гэх тул ...шинжээчдийн баг томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна” гэх хүсэлт гаргахдаа иргэний 4 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн акт гэх баримтын хуулбар солонгос, монгол хэл дээрх 2 хуудас баримтыг хавсаргасан ба тухайн хүсэлтээ 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “...тооцоо хийсэн акт гэх ...акт нь доор “S” ерөнхий захирал I (тамга) нь хуурамч гэх тул ...шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, эсхүл Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулан БНСУ-ын Хууль зүйн яам, Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү” гэж тодруулахдаа И-ийн хувийн тамганы дардсыг баталгаажуулах тодорхойлолтыг солонгос, монгол хэлээр хавсаргаж өгсөн байна. /с.х-ийн 120, 124 тал/
Хүсэлтийг шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2024/03767 дугаар захирамжаар “...хариуцагч талын шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 4 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр талд авагдсан “тооцоо нийлсэн акт” баримтыг нэхэмжлэгч өөрөө үйлдээгүй, нэхэмжлэгчийн хувийн тамгатай тохирохгүй, хариуцагчийг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэн шалгуулах тухайн баримтад шинжилгээ хийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Хүсэлтэд заасан баримт хуурамч эсэх, баримтын ...ерөнхий захирал I гэх нэрийн ард дарагдсан дугуй дүрс бүхий тамга дардас нэхэмжлэгч И-ийн хувийн тамга дардастай тохирч байгаа эсэхэд шинжилгээ хийн дүгнэлт гаргах, шинжээчээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг томилов” гэж дүгнээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /с.х-ийн 125-126 тал/
Шүүгчийн захирамжийг хариуцагч ”Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Х, түүний өмгөөлөгч Ц.М нар эс зөвшөөрч гомдол гаргасныг тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 102/ШТ2024/00093 дугаар тогтоолоор “...Шүүгч хэргийн нөхцөл байдал, талуудын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8, 80.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээс үзвэл 4 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн акт баримтыг хуурамчаар хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр солонгос хэлний мэдлэг ур чадвартай шинжээчийн баг томилуулахыг хүсжээ. Өөрөөр хэлбэл орчуулга хуурамч гэж үзсэн эсэх, эсхүл баримт нь хуурамч гэж маргасан нь тодорхойгүй байх ба захирамжийн 3 дахь заалтын “...тооцоо нийлсэн акт баримт хуурамч эсэх... гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэж дүгнээд шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан байна. /с.х-ийн 130-135 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...80, ...дүгээр зүйлд заасан ...шүүгчийн захирамж, ...гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар шүүгчийн “шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн” захирамжийн үндэслэлийг хянах эрх нь тухайн шатны шүүхийн гомдол шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд байх бөгөөд тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянан, бүрэн эрхийнхээ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.2-т зааснаар өөрчлөлт оруулжээ.
Өөрөөр хэлбэл шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх нь хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд тухайн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг хуулиар олгосны дагуу тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн хянан, зөвтгөсөн байх тул уг үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
3. Нэхэмжлэгч талын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь бичээгүй байхад шүүгч захирамждаа адилхнаар үндэслэл бичилгүй хүлээн авч, шийдвэрлэсэн гэх тухайд:
Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагч талаас шүүхэд нотлох баримтаар өгсөн хавтаст хэргийн 133 дугаар талд байгаа “тооцоо нийлсэн акт”-ыг солонгос хэл дээрх эх хувиар нь гаргуулах,...” гэх хүсэлтийг шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/09104 дүгээр захирамжаар “...хуульд заасан журмын дагуу зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримт гаргуулах боломжтой тул хэргийн 133 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн акт баримтыг солонгос хэл дээрх эх хувиар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв” гэж дүгнэн хүсэлтийг хангасан байна. /с.х-ийн 138-139/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно”, мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж тус тус заасан.
Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-ын 118 дугаар талд “...хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болгон гаргасан нотлох баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай зүйл байна. Нотлох баримтаар зөвхөн бодит нөхцөл байдлыг л тогтоож болно. Харин эрх зүйн дүгнэлт, үзэл санаа нотлох баримтын зүйл боломжгүй гэж тэмдэглэжээ. Иргэний хэргийн нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх, түүнийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч бүрдүүлсэн байх нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох шаардлагыг хангадаг...” гэж,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг “...Нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй бол шүүх бүрдүүлнэ. Иймээс уг нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх хүсэлтийг хэргийн оролцогч гаргана. Гагцхүү хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлдэг...” гэж,
Харин Улсын дээд шүүхийн 263 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 10-т “Хуулийн 38.3 дахь заалтын "Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно" гэдгийг зохигчийн аль нэг нь шүүхэд гаргавал зохих нотлох баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд эсрэг тал нь уг нотлох баримтыг гаргуулах хүсэлт тавьбал, тухайн нотлох баримтыг шүүх албадан гаргуулж болно. Ийнхүү албадан гаргуулахдаа үзлэг, туршилт, шинжилгээ хийлгэх зэрэг хуулийн 38.6-д заасан үйл ажиллагаа явуулж болно” гэж,
Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт” зөвлөмжийн 1.1-д “Бичмэл баримтыг шүүхэд эх хувиар өгөх нь тухайн нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэх боломжийг бүрдүүлдэг юм...”, “Бичмэл нотлох баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримт гаргасан этгээдээс бичмэл нотлох баримтын эхийг шаардан авч болно. Шаардлагатай бол гэдэг ойлголтод тухайн нотлох баримтын хуулбар үнэн зөв эсэхэд эргэлзэх, хуулбар тодорхой бус байх, баримтын эх байсан эсэх нь эргэлзээтэй байх г.м тухайн хэргийн онцлогоос шалтгаалан хэрэгт авагдсан бичмэл баримтын хуулбарыг үнэлэх боломжгүй, эсхүл хангалтгүй байх нөхцөлүүд хамаарна” гэж тус тус тайлбарлажээ.
Иймд шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/09104 дүгээр захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...хуульд заасан журмын дагуу...” гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэснийг сахилгын зөрчил гэж үзэхээргүй байна.
4. Аж ахуйн нэгж хоорондын хөрөнгө оруулалтын маргаан байхад гэр бүлийн маргаан мэтээр гуйвуулан тайлбарлаж, хариуцагч нарын хэргийг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлэхээс татгалзаж буй тайлбарыг үл тоож, хүчээр эвлэрүүлэн зуучлалд шилжүүлсэн гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “хэргийг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг тухайн өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 102/ШЗ2023/18483 дугаар захирамжаар “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан журмын дагуу хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч хариуцагч нар гэр бүлийн харилцаатай иргэд тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв” гэж дүгнээд хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, захирамжийн 3 дахь заалтад гомдол гаргах эрхтэй болохыг тусгажээ. /с.х-ийн 110-113 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүгчийн захирамжийг өргөдөлд дурдсанчлан зөвшөөрөөгүй, тайлбараа гаргасаар байтал үл тоосон гэж үзэж буй бол тухайн шатны шүүхэд гомдол гаргаж, шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянуулах эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлж гомдол гаргаагүй болох нь ... шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/5046 дугаар албан бичгээр тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хэргийг шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. /с.х-ийн 114 тал/
5. Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаанд яригдсан агуулгаас өөрөөр бичигдсэн байхад гарын үсэг зурж, баталгаажуулсан гэх тухайд:
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн хуулбарыг авч үзлэг хийн бэхжүүлэхэд “20231030-110813774” гэх нэртэй 18 минут 02 секунд үргэлжилсэн бичлэгийн
- 03 минут 23 секундээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т “А-г оролцуулах хүсэлттэй байна. Тэгээд одоо ирж байгаа 97 хуудас баримттай танилцах хүсэлттэй байна. Гуравдугаарт шүүгч ээ, ийм л асуудал яригдаад байна. Г-тэй уулзуулъя гэж А хэлсэн юм, одоо болтол хариу өгөөгүй байна. Энэ болохоор ар гэрийн гачигдлаар Солонгос явчхаад 8-нд ирэх юм байна. Би гэр бүлийн 2 хүн хоорондоо уулзаасай гэж бодож байна. Бас нэг асуудал бол одоо яригдаад байгаа эд хөрөнгө гуравдагч компанийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө 700.000.000-ын өрийг Х шилжүүлээд авсан гэж яригдаад байна. Гэтэл одоо энэ бүх хөрөнгө үнэлгээгээр 3 тэрбум гэж яригдаад байгаа юм. Тэгэхээр аав, ээж, хүү гурав сууж байгаад энэ хөрөнгөө 3-ны 1, 3-ны 1-ээр хуваагаад авчихвал энэ өгсөн гээд байгаа хөрөнгө оруулалт цэгцэрчих юм. Хоёр улс хооронд дамжиж нотлох баримт бүрдэгдээд маш их цаг хугацаа орж байгаа тул энэ асуудал дээр шүүх эвлэрүүлэн зуучлалд шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг би гаргаж байна. Яагаад гэхээр И, Г-ийн асуудалд өөрийн биеэр оролцог. Энэ нэг гэрийн гурван хүн яригдаад байгаа болохоос биш, компанийн асуудал биш. Үндсэндээ компанид гэр бүлийн хөрөнгөө бүгдийг нь хийсэн гэдэг гомдол гаргасан учраас надад ийм хүсэлт байна” гэв.
- 04 минут 48 секундэд даргалагч “эвлэрүүлэн зуучлуулах журмаар шийдвэрлүүлье гэдэг саналтай байгаа юм уу?” гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тийм, тийш нь шилжүүлээд нэг удаадаа энэ асуудлыг яахгүй бол Г уулзъя гэсэн. Одоо болтол хариу ирүүлээгүй байна. А ямар ч байсан хэлсэн хариу өгнөө гэсэн одоогоор алга байна, өөрөө ирээгүй байна. Надад ийм хүсэлт байна” гэж хариулжээ.
- 05 минут 08 секундээс хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ц.М шүүхэд шинээр гаргаж өгч буй баримтаа тайлбарлаад, 09 минут 09 секундээс “энэ хүсэлт бол би андуураагүй бол нэхэмжлэлийг буцаая гэхээр чинь татгалзсантай адил гэдэг хуулийн зохицуулалт байдаг санаад байна. Тэгэхээр одоо яаж шийдэх юм байгаа юм...” гэх үед даргалагч “буцаая гээгүй ш дээ. Эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлье гэдэг саналтай байна аа гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэнэ ш дээ эвлэрүүлэн зуучлалд хэрэг шилжихээр чинь. Эвлэрүүлэн зуучлалын журмаар тэнд очоод эвлэрэх ажиллагаа явагдаад эвлэрүүлэн зуучлагч оролцоод талуудыг байлцуулж байгаад эвлэрүүлэх ажиллагаа явагдана. Тэр эвлэрүүлэн зуучлал дээр очиход шүүх хэргийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гаргана ш дээ” гэх үед өмгөөлөгч Ц.М “за, за, за” гэв. Даргалагч үргэлжлүүлэн “тэр нь дээр бол дэмжиж байгаа юм уу?” гэхэд өмгөөлөгч Ц.М өмгөөлөгч Д.Х-тай ярилцаж байгаад “бид хоёр ч харин хэлж чадахгүй л байна л даа. Манайх нөгөө хариуцагч биш, хариуцагч л даа. Гэхдээ бид нар бол” гээд хэсэг хугацааны дараа “шүүхээр шийдвэрлүүлье, тийм манайх шүүхээр шийдвэрлүүлье ” гээд сууж байна.
- 10 минут 28 секундээс даргалагч “гуравдагч баримт, хүсэлт байгаа юу? Талуудын гаргасан хүсэлттэй холбоотой тайлбар байна уу?” гэхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “баримт байхгүй... Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дэмжиж байна” гэв.
- 11 минут 02 секундээс даргалагч “Х Танд хэлэх зүйл байсан уу?” гэхэд хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч Д.Х тайлбар хэлж байх боловч түүний яриа ялгагдаж, сонсогдохгүй байгаа үйл баримт тогтоогдов.
Дээрхээс үзэхэд хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ц.М нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэргийг шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбоотой тодорхой тайлбар хэлэлгүйгээр “шүүхээр шийдвэрлүүлье” гэжээ.
Түүнчлэн өргөдөл гаргагч нар нь өргөдөлдөө “...Д.Х нь 11:28 дахь минутад хариуцагч “Р” ХХК-иас асууж байж шийдвэрлэх ёстой” гэж тайлбар өгчээ ...” гэсэн боловч ... шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр уг үйл баримт тогтоогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ”, 96.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 96.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлийг гаргаж, шүүгч албажуулсан байх бөгөөд хэргийн оролцогчоос өргөдөлд дурдсанчлан “шүүх хуралдаанд яригдсан агуулгаас өөрөөр буюу хариуцагч нар хэргийг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлэх талаар тусгайлсан санал байхгүй мэтээр тэмдэглэсэн” гэж үзсэн бол шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах саналаа гаргаж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан тул уг үндэслэлээр шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнээд сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ... шүүхийн шүүгч Ш.О нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн “Р” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, иргэн Д.Х нарын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдуулан тус хорооны гишүүн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ГЗҮ/2024/0085 дугаартай “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0098 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан байна.
Тус саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, хууль зүйн үндэслэл бүхий байна хэмээн үзэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.
Энэ заалтаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхийг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх эсэхийг шүүгч шийдвэрлэнэ. Энэ нь шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдалтай холбоотой.
Монгол Улсын дээд шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 10-т “Хуулийн 38.3 дахь заалтын "Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно" гэдгийг зохигчийн аль нэг нь шүүхэд гаргавал зохих нотлох баримтаа гаргаж өгөөгүй тохиолдолд эсрэг тал нь уг нотлох баримтыг гаргуулах хүсэлт тавьбал, тухайн нотлох баримтыг шүүх албадан гаргуулж болно. Ийнхүү албадан гаргуулахдаа үзлэг, туршилт, шинжилгээ хийлгэх зэрэг хуулийн 38.6-д заасан үйл ажиллагаа явуулж болно” гэж,
Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бичмэл нотлох баримт ба эд мөрийн баримт” зөвлөмжийн 1.1-д “Бичмэл баримтыг шүүхэд эх хувиар өгөх нь тухайн нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэх боломжийг бүрдүүлдэг юм...”, “Бичмэл нотлох баримтын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн тохиолдолд шүүх шаардлагатай гэж үзвэл нотлох баримт гаргасан этгээдээс бичмэл нотлох баримтын эхийг шаардан авч болно. Шаардлагатай бол гэдэг ойлголтод тухайн нотлох баримтын хуулбар үнэн зөв эсэхэд эргэлзэх, хуулбар тодорхой бус байх, баримтын эх байсан эсэх нь эргэлзээтэй байх г.м. тухайн хэргийн онцлогоос шалтгаалан хэрэгт авагдсан бичмэл баримтын хуулбарыг үнэлэх боломжгүй, эсхүл хангалтгүй байх нөхцөлүүд хамаарна” гэж тус тус тайлбарлажээ.
Иймд шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/09104 дүгээр захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...хуульд заасан журмын дагуу зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримт гаргуулах боломжтой тул ... хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэв. Шүүхийн шинжилгээний төвөөс дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу бичиг ирүүлсэн, дахин шинжээч томилуулах хүсэлтийн үндэслэл шаардлага тодорхойгүй тул дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхив...” гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хүсэлтийг хангаж, нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэснийг сахилгын зөрчил гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүгчийн захирамжийг өргөдөлд дурдсанчлан зөвшөөрөөгүй, тайлбараа гаргасаар байтал үл тоосон гэж үзэж буй бол тухайн шатны шүүхэд гомдол гаргаж, шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянуулах эрхтэй.
Зохигч уг эрхээ эдлэн, шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2024/03767 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасанд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШТ2024/00093 дугаар “Гомдол хянан хэлэлцэх тухай” тогтоолоор шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.8, 80.2 дахь заалтыг зөрчөөгүй байна хэмээн дүгнэн захирамжийн зарим заалтыг хасж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүгч шинжлэн судалж, хэрхэн үнэлэх зэрэг нь хэнээс ч хараат бусаар, гагцхүү өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шийдвэрлэдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хууль зүйн дүгнэлт өгөх эрхийг гагцхүү дээд шатны шүүх Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу эдэлдэг тул материаллаг хуулийн хэрэглээтэй холбогдуулж Шүүхийн сахилгын хороо шалгах, дүгнэх эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Өргөдөл гаргагчаас “...Д.Х нь 11:28 дахь минутад хариуцагч “Р” ХХК-иас асууж байж шийдвэрлэх ёстой” гэж тайлбар өгчээ...” гэж өргөдөлд дурдсан үйл баримт нь сахилгын хэрэгт авагдсан баримт болох дурдсан шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл зэргээр тогтоогдоогүй.
Тодруулбал, тус хуралдаанд хариуцагч “Б” ХХК-ийн өмгөөлөгч Ц.М нь шүүх хуралдаанд оролцон “эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хэргийг шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбоотой тодорхой тайлбар хэлэлгүйгээр “шүүхээр шийдвэрлүүлье” гэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж хуульчлан заасан байх бөгөөд өргөдөлд дурдсанчлан “шүүх хуралдаанд яригдсан агуулгаас өөрөөр буюу хариуцагч нар хэргийг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлэх талаар тусгайлсан санал байхгүй мэтээр тэмдэглэсэн” гэж үзсэн бол шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах саналаа гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой байсан тул уг үндэслэлээр шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэхэд … шүүхийн шүүгч Ш.О нь сахилгын зөрчил гаргаагүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР