info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2024-01-02

Дугаар 1

Улаанбаатар хот

 Сахилгын шийтгэл

оногдуулсан магадлалын тухай

   Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь цахимаар шүүгч Б.Н нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХМ/2023/0114 дугаар магадлалыг шүүгч Б.Н -ээс зөвшөөрч гомдол гаргасныг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ц.Я-ийн өргөдлөөр ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н-д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, илтгэгч гишүүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 482 дугаар захирамжаар шүүгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар сахилгын хэргийг түдгэлзүүлжээ.

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗТ/2023/0021 дүгээр зөвлөгөөний тогтоолоор шүүгч Б.Н-ийн бүрэн эрхийг сэргээсэн тул гишүүний 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗБ/2023/0546 дугаар захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны ГНД/2023/0023 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасан байна.

2023 оны 10 дугаар сарын 26-ны СХМ/2023/0144 дугаар магадлалаар дээрх дүгнэлтийг хүлээн авч, шүүгч Б.Н-ийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон үед гэртээ хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн, ажлын цагаар архидан согтуурсан нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн “шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй ... ” гэх хориглосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасныг тус тус баримтлан ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н-д “6 сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Холбогдох шүүгч Б.Н магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “...Миний бие Сахилгын хорооны магадлалд дурдсан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа ба энэ талаараа маргаагүй. Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд сахилгын зөрчил гаргасантай холбоотой хөөн хэлэлцэх хугацааг шийдвэрлэх тусгай зохицуулалт байхгүй байна гэж үзэж байна. Надад холбогдох асуудал 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн орой болж өнгөрсөн ба үүнээс хойш 3 жил 6 сар 22 хоног болсон. Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...ёс зүйн зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж заажээ. Сахилгын хорооны магадлалд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Шүүхийн ёс зүйн хороон дээр надаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас удсанаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Мөн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг хэрэглэжээ. Харин сахилгын арга хэмжээ авахдаа 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасныг баримтлан 06 сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх зөрчигдөхөөр байна. Иймд надад сахилгын шийтгэл оногдуулахдаа эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хууль хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, иргэн Ц.Я “...шүүгч Б.Н нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бүх нийтийг хамарсан цар тахлын үеэр Улсын онцгой комиссоос гарсан хорио цээрийн дэглэмийг зөрчин гэртээ олон хүн цуглуулсан, ажилдаа очоогүй, ажлын цагаар архидан согтуурсан” гэх агуулга бүхий өргөдлийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд гаргажээ.

Монгол Улсын шүүхийн тухай  хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн ба Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдаж, улмаар Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдлүүдийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор батлагдсан “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүн томилох журам”-ын дагуу хуваарилсан. Ц.Я-аас гаргасан өргөдөл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүн Ц.Давхарбаярт хуваарилагдаж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Өргөдөлд дурдсан үйл баримт нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай  хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхлээгүй байх хугацаанд гарсан зөрчилтэй холбоотой байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр зохицуулагдана.

Тиймээс Монгол Улсын шүүхийн тухай  хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэж, шүүгчийн гаргасан зөрчилд энэ хуульд заасан шийтгэл ногдуулах боломжгүй.

Шүүгч Б.Н нь бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон үед гэртээ хүмүүсийг цуглуулж, ажлын цагаар архидан согтуурсан үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдож, энэхүү үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-т заасан “шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй...” гэсэн сахилгын зөрчил гаргасан талаар дүгнэсэн сахилгын хорооны магадлал үндэслэл бүхий болжээ.

Харин Шүүхийн сахилгын хорооны СХМ/2023/0114 дугаар магадлалд “иргэн Ц.Я нь Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр анх өргөдөл гаргасан байх боловч Шүүхийн ёс зүйн хороо бүрэлдэхүүнгүй байсан тул тухайн үед ямар ч ажиллагаа хийх боломжгүйн улмаас шүүгч Б.Н-д сахилгын хэрэг үүсэх эсэхийг шийдвэрлээгүй байх тул зөвхөн өргөдөл гаргасан үйлдлээр хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайн үед 2012 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 1/08 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм хүчин төгөлдөр хэрэгжиж, Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын алба, Ёс зүйн хороо үйл ажиллагаа явуулж байсан. Өргөдөлд дурдсан хугацаанд болсон үйл баримттай холбоотой асуудлаар шүүгч Б.Н-ийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг Ц.Я-аас Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Улсын Их Хурлын даргад гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/494 дүгээр албан бичгээр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй талаарх хариу өгсөн байх ба Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10/3909 дүгээр албан бичгээр уг өргөдлийг Шүүхийн ёс зүйн хороонд шилжүүлсэн талаарх баримт сахилгын хэрэгт авагдсан байна.

Өргөдөл шийдвэрлэгдээгүй шалтгаан, нөхцөл нь өмнөх шүүхийн ёс зүйн хорооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой байх боловч энэ нь хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэх үндэслэл болохгүй. Иймээс тус өргөдлийг дээр дурдсанчлан Шүүхийн ёс зүйн хороонд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан үеэс зөрчлийг илрүүлсэнд тооцно.

Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 1/08 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагуу шүүгч Б.Н-ийн гаргасан дээрх зөрчлийг илрүүлснээс хойших 1 сарын хугацаа 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан гэж үзнэ.  Тус хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй нь холбогдох шүүгчээс шалтгаалсан нөхцөл байдал биш бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл болохгүй.

Өргөдөлд дурдсан үйл баримт болсон хугацаанд Монгол Улсын шүүхийн тухай  хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаагүй байсан ба мөн  хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.” гэж заасан нь хэрэг үүсгэх хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох хуулийн үзэл санааг илэрхийлж буй юм. Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн нь түүнээс өмнөх хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох үндэслэлгүй.

Ийнхүү шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан сахилгын зөрчилд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийтгэл ногдуулах боломжгүй юм. Гэхдээ шүүгч Б.Н нь цаашид албан үүргээ хэрэгжүүлэхдээ төдийгүй хувийн амьдралдаа ч шүүгчийн нэр хүндэд харш үйлдэл, эс үйлдэхүй, зохисгүй байдал гаргахгүй байж, тийнхүү ойлгогдох нөхцөл байдал үүсгэхээс зайлсхийж ажиллавал зохино.

Дээрх дурдсан үндэслэлээр холбогдох шүүгчийн гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.4, 113.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Н-ийн гаргасан гомдлыг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн СХМ/2023/0114 дугаар магадлалыг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

     ДАРГАЛАГЧ                                    С.ЭНХТӨР

               ГИШҮҮН                                            Д.АРИУНТУЯА

                                                                           Г.ЦАГААНЦООЖ