МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-06-20
Дугаар 77
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулах
тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хэргийн оролцогч шүүгч Ц.Үйтүмэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2024/0014 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт”-д:
“... Нэг. “... Миний үйлчлүүлэгч Р.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчаар оролцож буй дээрх хэрэгт сөрөг нэхэмжлэл гарган Ц.Үйтүмэн шүүгчийн туслахад сөрөг нэхэмжлэлээ өгөхөөр ороход шүүгч Ц.Үйтүмэн нь өрөөндөө миний үйлчлүүлэгчийг авч орон, сөрөг нэхэмжлэлийг уншаад хэргийн нөгөө тал болох нэхэмжлэгчийг байлцуулалгүйгээр миний үйлчлүүлэгчтэй уулзаж, “сөрөг нэхэмжлэлийг ингэж бичихгүй, чи мөнгө шаардаж сөрөг нэхэмжлэл гаргах ёстой, өмгөөлөгч чинь буруу ойлгож буруу зөвлөгөө өгөөд байна” гэх мэтчилэн хэргийн талаар зөвлөгөө өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгчийн чадварын талаар үйлчлүүлэгчид нь тодорхойлсон ...” гэх тухайд:
1.1.“Ө” ХХК-ийн захирал Ц.М-с Р.С, Н.А нарт холбогдуулан “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг аймгийн газрын албанд бүртгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 133/ШЗ2023/01762 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /с.х-ийн 1 дэх хавтас 34-36 дахь тал/
Хариуцагч Р.С өмгөөлөгч Д.Б-тай 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан байна. /с.х-ийн 1 дэх хавтас 40-42 дахь тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.С, Н.А нараас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. /с.х-ийн 1 дэх хавтас 53-56 дахь тал/
Шалгах ажиллагааны хүрээнд, гэрч Р.С-аас “... Би Ц.Үйтүмэн шүүгчийн өрөөнд бичиг оруулж өгөх юм байна гэж ойлгоод ороход шүүгч туслахынхаа өрөөнд хамт сууж байсан. Би “бичиг өгье” гэхэд туслах нь “надад өгөхгүй” гэж хэлсэн. Шүүгч Ц.Үйтүмэн доор жижүүрт өгөх ёстой гэсэн утгатай зүйл хэлсэн. Би яагаад өгч болохгүй юм бэ гэж хэлэхэд шүүгч бичгийг аваад уншсан. Тэгээд манайх энд авахгүй, шат дамжлагаар нь өг гэж хэлсэн. Би сөрөг нэхэмжлэл өгөх гэж байсан юм. Тэгэхэд сөрөг нэхэмжлэлийг ингэж бичихгүй ээ, мөнгөө нэхэмжил гэсэн агуулгатай зүйл хэлэхэд нь би хүнтэй нийлж барилга барьсан учраас хөрөнгө оруулсан ашгаа авчихмаар байна гэж хариулсан. Тэгсэн шүүгч эвлэрч болохгүй юм уу гэхэд нь би бас эвлэрчихмээр байна, өмгөөлөгч юу хийгээд байгааг мэдэхгүй байна, 4 жил маргаантай явлаа, өр зээл ихтэй байна гэсэн. Харин шүүгч Ц.Үйтүмэн би энэ талаар мэдээлэл хэлж болохгүй ээ, өөрөө өмгөөлөгчөө сольж болно гэж хэлэхэд нь би 20-иод сая төгрөгөөр өмгөөлөгч авчихсан, одоо солино гэж юу байхав гэж хэлсэн. Намайг шүүгчтэй ярилцаж байх хугацаанд эргээд харахад М өмгөөлөгч орж ирчихсэн зогсож байсан. Нэхэмжлэлээ доор өгчихөөд би бухимдаад өмгөөлөгч рүүгээ залгасан. Би мөнгөө авах талаар ярьсан чинь газрын талаар яриад байна, нэхэмжлэлийг шүүгч авахгүй гэж байна, шат дамжлагаар нь өгдөг гэж байна, би мөнгөө л авмаар байна, шүүгч мөнгөө нэхэмжлэхгүй юм уу, эвлэрч болохгүй юм уу гэж асуусан, би эвлэрвэл эвлэрчихмээр байна, намайг хуулийн талаар сайн мэдэхгүй болохоор юу хийгээд байгаа юм гэж өмгөөлөгчдөө хэлсэн ...” гэх мэдүүлэг /с.х-ийн 1 дэх хавтас 154-156 дахь тал/,
Гэрч Ж.М-ийн “... би тэр өдөр 14 цагт Б-д холбогдох иргэний хэрэгт оролцохоор байсан байна. Тэр хэргийг шүүгч Ц.Үйтүмэн даргалах байсан. Үдээс өмнө шүүгчийн туслах Ч-ын өрөөнд хэргийн материалтай танилцахаар ороход С байсан. Тэр үед шүүгч Ц.Үйтүмэн, Ч, С 3 байсан ...” гэх мэдүүлэг /с.х-ийн 1 дэх хавтас 98-99 дэх тал/,
Гэрч Ц.Ч-ын “... 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үдээс өмнө шүүгч Ц.Ү, шүүгчийн туслах Э бид 3 манай өрөөнд сууж байсан. Шүүгч хэргийн материалтай танилцаж байсан. Э туслах шүүх хуралдааны тов асууж байсан. Тэр үед С орж ирээд сөрөг нэхэмжлэл өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхэд нь би сөрөг нэхэмжлэлийг мэдээлэл лавлагаанд өгнө гэж хэлсэн. Тэгэхэд өмгөөлөгч М хэрэгтэй танилцахаар орж ирсэн. Би өмгөөлөгч М-д хэргээ танилцуулаад өмгөөлөгч гарч явсны дараа С гарч явсан, ... Шүүгчийн туслахыг байлцуулж байгаад би чамд хэллээ шүү гээд хэлэх үед нь би анзаарахад мэдээлэл лавлагаагаар дамжуулж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авна гэж хэлснийг л би сонссон. Бусад ярилцсан зүйлийг нь би анхаараагүй, ... Би сөрөг нэхэмжлэлийг аваагүй. Шүүгч авсан байх. Шүүгч уншиж байхыг харсан.” гэх мэдүүлэг /с.х-ийн 1 дэх хавтас 103-105 дахь тал/,
Шүүгч Ц.Үйтүмэнгийн “... 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цайнаасаа 14 цагт ирээд 14.30 цагт шүүх хуралдаанд орохын өмнө хэргээс түүвэр хийх гээд шүүгчийн туслахын хажууд сууж байсан. Тэр үед С орж ирээд шүүгчийн туслахын ширээний өмнө ирээд сөрөг нэхэмжлэл өгөх гэсэн юм гэхэд туслах Мэдээлэл лавлагаанд өгнө гэж тайлбарласан. Тэгэхэд С надад нэхэмжлэлээ өгөөд “Та энийг хараад өгөөч, ингэж бичвэл болох уу” гэсэн. Тэгэхээр нь би “бүрдүүлбэр чинь хангагдаад, шаардлагаа тодорхой бичсэн бол Мэдээлэл, лавлагаагаар дамжаад надад орж ирнэ” гэж хэлсэн ...” гэх тайлбар /с.х-ийн 1 дэх хавтас 11-14 дэх тал/, шүүхийн цагдаагийн бүртгэл /с.х-ийн 1 дэх хавтас 94 дэх тал/, “Иргэн-2014” бүртгэл хяналтын нэгдсэн системд сөрөг нэхэмжлэлийг бүртгэсэн бүртгэл /с.х-ийн 1 дэх хавтас 90 дахь тал/, сөрөг нэхэмжлэл хүлээн авсан бүртгэл /с.х-ийн 1 дэх хавтас 91 дэх тал/ болон шүүгчийн туслах Ц.Ч-ын 201а, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн 201б тоот өрөөний байрлалыг тодруулахаар хийсэн үзлэгийн тэмдэглэл /с.х-ийн 1 дэх хавтас 15-18 дахь тал/ зэргээс үзэхэд шүүгч Ц.Үйтүмэнгийн өрөө нь шүүгчийн туслахын өрөөгөөр дамждаг, гарах нэг хаалгатай бөгөөд хариуцагч Р.С нь сөрөг нэхэмжлэлийг өгөхөөр шүүгчийн туслах Ц.Ч-н өрөөнд ороход шүүгч Ц.Үйтүмэн туслахынхаа өрөөнд хамт сууж байсан, мөн хариуцагч Р.С-тай сөрөг нэхэмжлэлийн талаар ярилцсан, түүнээс авч уншиж танилцсан болох нь тогтоогдож байна.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах;” гэж заасан зөрчилд хамаарна.
Учир нь тус иргэний хэргийн нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хариуцагч Р.С-тай уулзахдаа нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар ярилцаж харилцсан бөгөөд дээрх хуульд заасан зөрчлийн гол агуулга нь шүүгч хэргийн нэг талтай уулзаж харилцсаныг хэргийн нөгөө тал мэдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байхыг ойлгоно.
Хэдийгээр шүүгч хариуцагч Р.С-тай уулзаж байх үед шүүгчийн туслах хамт байсан боловч тэрээр хэргийн оролцогч биш, мөн уг уулзалтын талаар тэмдэглэл хөтөлж хэрэгт хавсаргаагүй буюу нэхэмжлэгч тал тус уулзалтын талаар мэдэх боломжийг бүрдүүлээгүй байна.
1.2.Харин шүүгч Ц.Үйтүмэн нь хариуцагч Р.С-н гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх талаар хэлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д ”өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх;” гэж заасан зөрчилд хамаарахгүй гэж үзлээ.
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хууль зүйн туслалцаа нь дараах төрөлтэй байна: 5.1.1.хууль зүйн зөвлөгөө өгөх;”, 5.2-т “Хууль зүйн зөвлөгөө нь дараах хэлбэртэй байна: 5.2.1.хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх; 5.2.2.хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах” гэж тус тус зааснаар шүүгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн бичих талаар нарийвчлан зөвлөөгүй, хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой тайлбарлаагүй, Р.С-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан арга журмаар хэрхэн хамгаалах талаар тухайлан ярилцаагүй байх тул шүүгчийг Р.С-т хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэхгүй.
Мөн хариуцагч нь “2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлээ шүүгчийн хэлсний дагуу “мөнгө нэхэмжлэх” агуулгатай болгож өөрчилсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
1.3. Дээрх байдлаар шалгах ажиллагааны явцад шүүгч Ц.Үйтүмэн нь хариуцагч Р.С-тай шүүгчийн туслахынхаа өрөөнд тааралдаж, сөрөг нэхэмжлэлийн талаар ярилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц эсхүл хувийн асуудлын талаар яриагүй болох нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан холбогдох баримтуудаар тогтоогдсон байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Учир нь, хувийн харилцаа тогтоох гэдгийг хувь хүмүүсийн хооронд хэлхээ холбоо тогтоох гэж Монгол хэлний их тайлбар тольд тайлбарласан бөгөөд Ц.Үйтүмэн нь албан бус байдлаар харилцаагүй, шүүгч бус хувь хүн гэх талаас хэргийн оролцогчтой харилцсан гэж үзэхээргүй байна.
1.4. Мөн гэрч Р.С-н “... Аймаг, орон нутагт байдаг байсан болохоор багаасаа мэддэг байсан. Уулзаж байсан удаа байгаа. Ц.Үйтүмэн өөрөө барилгын ажил хийдэг учраас барилгын талаар асууж ярилцдаг байсан ...” гэх мэдүүлэг,
Шүүгч Ц.Үйтүмэнгийн “... С нэлээн хэдэн барилга барьсан гэж дуулддаг. Миний хувьд С-тай барилгын талаар хамтарсан, туслалцсан зүйл байхгүй, ... С-г мэднэ. М-г зүс танина. Аймаг жижиг учраас л мэднэ. Татгалзал дээр М бид 2-ыг хамтарч ажилладаг гэх мэт зүйл бичсэн байсан. Ор үндэсгүй зүйл зохиож бичсэн байсан ...” гэх тайлбараас үзэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан “татгалзан гарах үүрэг” шүүгч Ц.Үйтүмэнд үүссэн гэж үзэхгүй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлүүдийг тодорхойлж, 92 дугаар зүйлийн 92.1-д уг үндэслэл байвал шүүгч татгалзан гарах үүрэгтэй байхаар заасан.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 36 дугаар тогтоолын 3 дугаарт “...Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй..” гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч Р.С, нэхэмжлэгч Ц.М, шүүгч Ц.Үйтүмэн нар нь Говь-Алтай аймагт төрсөн, тус аймагт ажиллаж амьдардаг зэрэг нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэхгүй бөгөөд хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, хэргийн оролцогчид шүүгчийг татгалзан гаргахыг хориглодог.
Хэдийгээр гэрч Р.С нь “... Би шүүхээс гэрч ирээд өмгөөлөгч рүү утсаар ярихад өмгөөлөгч М шүүгч 2-ыг хамааралтай юм уу гэж асуусан. Тэгэхэд би байгаа гэж хариулсан. Яагаад гэхээр нь манай аймагт орон сууц барьдаг 5 хүн байдаг. Тэрний 2 нь энэ хоёр хүн юм. Тэгэхээр энэ 2 хоорондоо барилгын материал байнга солилцдог тусалдаг хүмүүс гэж би бодож байна. Манай аймагт 100 хувь өөрийн хөрөнгөөр барилга барьдаг хүн байхгүй. Барилга барихад ямар нэгэн байдлаар туслалцаа авдаг гэж өмгөөлөгчдөө хэлсэн.
Тэрийг нүдээрээ хараагүй ч манай аймгийн барилга барьдаг хүмүүс бүгд бие биенээсээ тоног төхөөрөмж, барилгын материалын талаар туслалцаа авдаг гэдгийг мэддэг. Ажилчдын хувьд ч ийм асуудал байдаг ... “ гэж мэдүүлсэн боловч өөр бусад гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгч Ц.Үйтүмэн нь нэхэмжлэгч “Ө” ХХК болон түүний захирал Ц.М-тэй аливаа хэлбэрээр хамтарч барилга барьсан, барилгын материалаар бие биедээ туслалцаа үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн, өргөдөл гаргагчаас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар албан бичгээр шүүгч Ц.Үйтүмэнг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж заасны дагуу шийдвэрлэж, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 133/ЗТ2024/00021 дүгээр тогтоолоор “... хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй” гэх үндэслэл тогтоогдсонгүй, ... Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнг нэхэмжлэгч Ц.М-тэй барилга барих аж ахуйн үйл ажиллагаа хамтран эрхэлдэг гэх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт нь баримтаар нотлогдоогүй ...” гэж дүгнэсэн байгааг тэмдэглэв. /с.х-ийн 1 дэх хавтас 61-68 дахь тал/
1.5. Мөн өргөдөл гаргагч Д.Б нь шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36-д “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох;” зөрчлийг гаргасан гэж үзсэн үндэслэлээ “шүүгч Ц.Үйтүмэн нь “өмгөөлөгч чинь буруу ойлгож буруу зөвлөгөө өгөөд байна” гэх мэтээр хэлсэн” гэж өргөдөлдөө дурджээ.
Энэ талаар гэрч Р.С-с “... шүүгч эвлэрч болохгүй юм уу гэж хэлсэн. Би бас эвлэрчихмээр байна, өмгөөлөгч юу хийгээд байгааг мэдэхгүй байна, 4 жил маргаантай явлаа, өр зээл ихтэй байна гэж хэлсэн. Шүүгч Ц.Үйтүмэн би энэ талаар мэдээлэл хэлж болохгүй ээ, өөрөө өмгөөлөгчөө сольж болно гэж хэлсэн, ... Би мөнгөө нэхэмжилмээр байна, өмгөөлөгч юу хийгээд байгааг ойлгохгүй байна гэх үед шүүгч би туслахынхаа хажууд байгаа учраас ярилцлаа шүү, хэргийн талаар, өмгөөлөгчийн талаар би юм хэлэхгүй ээ гэсэн ...” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд тухайн үед шүүгчтэй өөрийн биеэр уулзаж ярилцсан гэрч Р.С-н мэдүүлэгт дээрх өргөдөлд дурдсан үндэслэлийн талаар хэлээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх байдлуудаар өмгөөлөгч Д.Б-с Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэнг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 50.1.19, 50.1.28, 50.1.36-д заасныг тус тус зөрчсөн гэх өргөдлийн үндэслэл шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй тул өргөдлийн холбогдох хэсгээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Харин шүүгч Ц.Үйтүмэн нь өөрийн хянан шийдвэрлэж байсан иргэний хэргийн хариуцагч болох Р.С-тай нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр уулзаж, сөрөг нэхэмжлэлийн талаар ярилцсан, энэ талаараа тэмдэглэл хөтөлж хэрэгт хавсаргаагүй байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.18-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэв.
Хоёр. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.1. Дээрх сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулах явцад өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасныг баримтлан шүүгч Ц.Үйтүмэнд холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.11-д “өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах”, 52 дугаар зүйлийн 52.1-д “Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зөрчлийг гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр гишүүний 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ГЗБ/2024/0266 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, тухайн зөрчлийн шинжтэй үйл баримтыг нэгтгэн, шалгах ажиллагааг явууллаа. /с.х-ийн 1 дэх хавтас 124-125 дахь тал/
2.2. Өргөдөл гаргагч Д.Б-с гэрчийн мэдүүлэг авахад “... Шүүхээс гарч ирээд С над руу утсаар ярьж энэ тухай хэлсэн, мөн “Говь-Алтай аймаг жижигхэн учраас хэн, ямар ажил хийдэг нь тодорхой байдаг. Би Говь-Алтай аймагт барилга бариад нэлээд хугацаа өнгөрсний хувьд барилгын бизнест хэн, хэн оролцдогийг гадарлана. Шүүгч Ц.Үйтүмэн нь барилгын бизнест оролцдогийн хувьд нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн захирал М-тэй арай ойр байдаг учраас ингээд байх шиг байна” гэж надад хэлсэн ...” гэж мэдүүлсэн тул үүнийг тодруулахаар холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Үүнд:
Гэрч Р.С-н “... шүүгч Ц.Үйтүмэн жилд нэг удаа 2-4 айл амьдрах байшинг барьж зардаг, ... Ахуй үйлчилгээний ордны баруун дээд талд 1-р давхарт үйлчилгээтэй, 2-р давхарт орон сууцтай 2 давхар барилга, Нарлаг худалдааны төвийн баруун урд талд үйлчилгээтэй 2 давхар барилга, Шаргал нарангийн хашаа буюу дээр үед Шаргал наран захын хашаан дотор 3 давхар барилга барьж зарсныг нь мэднэ ...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.М-н “... Би 2020 онд Ц.Үйтүмэнгийн барилгын суурийг цутгаж, өрлөгийг нь хийсэн. Ахуй үйлчилгээний ордонд Нарлаг төвийн тэнд 2 давхар жижгэвтэр барилгын суурийн ажлыг 5 саяар хийгээд, өрлөгийг нь хийх хүн байхгүй байсан тул надтай дахин 5 саяар тохироод хийлгэсэн. 1-р давхрын хавтанг нь тавьж өгөөд, 2-р давхрыг нь өрлөгийг нь хийж өгсөн ..” гэх мэдүүлэг, /с.х-ийн 1 дэх хавтас 135-136 дахь тал/
Гэрч Л.М-ны “... Би 2018 оны хавар танилцсан, манай аймгийн барилга барьдаг залуу П, суурь цутгуулах хүн байна гээд намайг Ц.Үйтүмэн дээр аваачиж уулзуулсан. Ц.Үйтүмэнтэй уулзахад Шаргал номин зах дээр 18х12 хэмжээтэй 2 давхар барилгын суурь, багана дам нуруу, цонхны ялуу цутгах ажил байна гэсэн, тэгээд тохиролцоод тухайн ажлыг хийсэн. Дараа нь тэр барилгын хажуу талд 12х15 харьцаатай барилгын суурь зэрэг ажил хийсэн, энэ 2 барилга дээр Н гэж хүн бас тооцоо хийгээд байсан. Мөн 2020 оны үед байх Органик дэлгүүрийн барилгын ажлыг хийх хэрэгтэй байна гээд надтай уулзсан, бид 2 хоорондоо 1 давхрын цутгалтын ажлууд хийж өгөөд хөлсөндөө 2 давхрын материал гаргаад өөртөө авсан, ... Шаргал наран дотор барьсан 2 давхар барилга дээр 3.5 саяас 4 сая төгрөг авсан, сайн санахгүй байна, энэ бол зөвхөн суурийн хөлс. Дээшээ 1 давхрын дам нурууны ажлын хөлсөнд 3.5 сая авсан байх. Мөн 3 давхар барилга дээр суурийн ажилд 3.5 сая болсон байх, дээшээ ажил хийгээгүй, харин 3 давхар хүртэл шатны ажлыг 2 сая орчимд хийсэн байх. Сүүлийн байшин дээр хөлс аваагүй ...” гэх мэдүүлэг, /с.х-ийн 1 дэх хавтас 144-145 дахь тал/
Гэрч Ц.М-н “... Барилга барьдаг хүмүүсээ бүгдийг нь танина. Ц.Үйтүмэн 2-3 барилга барьсныг нь мэдэх юм байна. Зам дагуу Хаан банкны тэнд 2 давхар барилга, мөн 20 айлын ард талд 2 давхар барилга барьсан гэж намайг сүүлд очиход хүмүүс ярьж байсныг сонссон ...” гэх мэдүүлэг, /с.х-ийн 1 дэх хавтас 148-149 дэх тал/
Гэрч О.М-н “... Анх бид хоёр 2 өрөө байранд хуримаа хийсэн. Тухайн үед Ц.Үйтүмэн шүүгчийн туслах, би багшаар ажилладаг байсан. Цалингаараа амьдрах боломжгүй, хувиараа юм хийнэ гэж ярьдаг байсан. Залуу хүмүүс янз янзын юм хийж үзсэн. Манай нэг багш газраа зарна гээд намайг авахгүй юм уу гэж байсан. Тэгээд бид 2 ярилцаад авахаар барилгын хүмүүстэй ярилцаж байгаад больсон.
Дараа нь Хөгжил хороолол байгуулна гээд хүн бүрд л газар өгч байхад хүргэн ахтай нийлээд байшин барьсан. Дараа нь тэр байшингаа зараад манай сургуулийн заалны хажуу газарт 2007, 2008 оны хавьд 50 м.кв 1 давхар байр барьсан. Яваандаа тэрийгээ давхарлаж бариад өөрсдөө орсон. 1-р давхраа 30 орчим сая төгрөгөөр зарсан. Байшингийн урд талд 50 м.кв газарт бас 3 давхар барилга барьсан. Энэ барилгаа түрээслүүлсэн боловч 2, 3-р давхарт нь түрээс орохгүй байсан болохоор 3-р давхартаа өөрсдөө орж амьдарсан.
Н гэх хүний Шаргал нарангийн газарт Н-тэй хамтран 2 давхар барилгыг 1, 1 давхраар нь барихаар тохиролцоод барьж байтал хүмүүс ирж сонирхоод Ц гэж хүн урьдчилгаа 30 саяыг өгье гэж хэлсэн. Хавтанг нь тавиад 90 саяыг өгсөн, нийт 120 саяар зарсан. Бид нар ингээд гэрээ бас зарсан учраас гэр оронтой болъё гээд Н ахтай дахиж тохиролцоод 3 давхар барилгын 2-р давхрыг барьж өөрсдөө орсон.
Захын хуучин 5 павильонуудын түрээслэгч нартай уулзаад захын эзэн Б гэх хүнээс худалдаж аваад сууриа цутгаж байхад Шаргал нарангийн барилгыг авахаар өмнө нь уулзаж байсан М гэх хүн ирж энэ барилгаа зарчих гэж хэлсэн. Тэгэхэд нь тоосго, хавтанг нь аваад М 1-р давхрыг нь, манайх 2-р давхрыг нь барьж дуусгасан. Түрээсэлсэн боловч түрээс сайн орохгүй байсан учраас М 2-р давхрыг авъя гэхэд нь 65 саяар 2017, 2018 оны үед зарсан.
Дараа нь Жинстийн өргөн чөлөөнд жижиг суурь цутгасан газар байдаг байсан. Тэр нь Ц гэх хүнийх гээд 10 хэдэн саяар худалдаж авсан. Тэгээд 1-р давхрыг нь М-р цутгалт хийж байсан. М 2-р давхрыг нь барьж орсон.
2021 онд энэ байшингийнхаа дээд талд Б гэх хүний газрыг худалдаж авъя гэж тохироод сууриа цутгаж эхэлсэн. Гэтэл газрын албанаас газрыг нь дуудлага худалдаагаар зарах ёстой гээд хүчингүй болгосон. 2021 оны 10 дугаар сард дуудлага худалдаагаар 16 саяар худалдаж авсан. Тэгээд 1-р давхраа барьж байтал Б гэх хүн ирээд надтай эхэлж уулзаад 2-р давхрыг нь би барья гээд 10 саяыг өгсөн. Тэгээд 2-р давхраа барьсан. Үсчний газар түрээслүүлж байгаад сая зарсан ...” гэж /с.х-ийн 1 дэх хавтас 139-141 дэх тал/ шүүгч Ц.Үйтүмэнг байшин, барилга барьсан гэх талаар тодорхой мэдүүлгүүдийг өгсөн.
Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар шүүгч Ц.Үйтүмэнгээс нэмэлт тайлбар авахад “2008 онд Хөгжил хотхоны хажууд хүргэн Ч-тай хамтарч орон сууц барьж зарсан. Дараа нь Эм импексийн хажууд 8х8 хэмжээтэй байшин барьж, 2 давхар болгоод 1-р давхрыг нь 35 саяар, 2-р давхрыг нь мөн 35 орчим сая төгрөгөөр 2014 онд зарсан. Үүн дээр нэмж зээл аваад эхнэр О.М-н эзэмшлийн газарт 3 давхар барилга барьсан.
2017 онд уг 3 давхар барилгын 1, 2-р давхрыг нь нийлүүлээд Б-д 100 гаруй сая төгрөгөөр зарсан. 3-р давхрыг нь Э гэх хүнд 40 гаруй сая төгрөгөөр зарсан. Энэ хөрөнгийн эх үүсвэрээрээ Н-н эзэмшлийн газарт 2 давхар үйлчилгээний барилгыг 1, 1 давхраар нь барихаар болж 1-р давхрыг нь барьсан. Төлбөрт нь Н-н барих 2-р давхрын тоосго, хавтанг нь өгөхөөр тохирсон. 1-р давхрын суурийг цутгаж хучилтын хавтангаа тавьж байх үед Ц гэх хүн сонирхсон тул 1-р давхрыг нь тэр байдлаар нь түүнд 120-130 сая орчим төгрөгөөр зарсан.
Амины сууц, өмнө нь барьсан 3 давхар барилгаа зарсан байсан тул Шаргал наран зах дотор 2 давхар 12х12 харьцаатай барилга барьж 1, 1 давхарт нь амьдаръя гэсэн саналыг Н-д тавьсан. Ц.Үйтүмэн суурийг нь цутгаж, 2-р давхрыг нь барихаар, Н 1, 3-р давхрыг нь барихаар тохирч 50-60 сая төгрөгөөр барьсан.
Шинэ Алтай захад 2017 ондоо нурах дөхсөн гэх 5 зэрэгцээ павильоныг 20 орчим сая төгрөгөөр авч, буулгаад суурийг М-р цутгуулж байх үед хамаатны М гэх хүнтэй тохирч, суурийн мөнгөнд 17-18 сая орчим төгрөгийг авч, харин М 1-р давхрыг нь барьж, 2-р давхрыг нь өрж өгсөн. Харин Ц.Үйтүмэн барилгын дээврийг хийгээд дотор заслыг нь хийж, түрээслүүлсэн. Улмаар М-д 2-р давхраа 65 сая орчим төгрөгөөр зарсан.
2019 оны намар Жинст багт Жинстийн өргөн чөлөөнд Сэлэнгэ салоны баруун талд цутгаад орхисон их удсан гэх барилгын суурийг Ц гэх хүнээс 16 сая төгрөгөөр худалдаж барилга барихаар М-тай хамтран, М цутгалт хийж, төлбөрт нь 2-р давхарт өөрийн орон сууцаа барихаар тохирсон. Ц.Үйтүмэн 1-р давхрыг барьж, одоо Н гэх хүнд түрээслүүлж байгаа. Гэрчилгээ нь хүү А-н нэр дээр байдаг. 2019-2020 онд барилгын ажил нь дууссан. Энэ барилгын эх үүсвэр нь М-д зарсан барилгын үнэ, цалингийн хуримтлал зэргээр барьсан.
Мөн Жинст багийн Жинстийн өргөн чөлөөнд Нарлаг супермаркетын хажууд байх газрын дуудлага худалдаанд 2021 оны намар цахимаар оролцож, 16 сая орчим төгрөгөөр 10х9 хэмжээтэй газрыг авсан. М-н бригадаар сууриа цутгуулж, өрлөгөө өрүүлж, Б гэх хүнд 15 сая төгрөг өгөөд 2-р давхраа дээвэртэй нь бариулахаар тохирч бариулсан. Ц.Үйтүмэн өөрийн барьсан 1-р давхраа Д гэх хүнд үсчний зориулалтаар түрээслүүлж байгаад Д гэх хүнд 150 сая төгрөгөөр зарсан. Барилгыг 2022 оны 01 дүгээр сар орчимд дуусгаж ашиглалтад оруулсан” гэх нөхцөл байдал тогтоогдсон. /с.х-ийн 1 дэх хавтас 129-132 дахь тал/
Учир нь шүүгч Ц.Үйтүмэн нь анх өөрийн гэр бүлийн хэрэгцээнд амьдрах зориулалтаар байшин барьж, түүнийгээ 2-3 давхар болгож өргөтгөсөн бөгөөд байшингаа барих явцад худалдаж авахаар сонирхсон хүмүүст худалдан борлуулж, уг эх үүсвэрээрээ амьдрах орон сууцаа барихаар төлөвлөдөг байсныг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэхгүй.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “"ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;” ойлгохоор заасан бөгөөд шүүгч Ц.Үйтүмэн нь аливаа хэлбэрээр ашиг олох зорилгоор барилгын бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй, барилга барих үйл ажиллагааны чиглэл бүхий хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд оролцоогүй, энэ чиглэлээр ажиллаагүй байна.
2.3. Харин шүүгч Ц.Үйтүмэн нь гэр бүлийн хэрэгцээнд байшин барьж худалдан борлуулж байсан боловч үүнээс олсон хөрөнгө орлогоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид "мэдүүлэг гаргагч" гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах ...”, 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж заасныг биелүүлсэн байх үүрэгтэй бөгөөд шүүгчээс бичгээр өгсөн тайлбартаа дээрх үл хөдлөх худалдан борлуулсан, түрээслүүлсэн орлогоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэг талаараа дурдаад, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын 2023 оны мэдүүлгээ хавсаргаж өгсөн. /с.х-ийн 1 дэх хавтас 106-123 дахь тал/
Шүүгч Ц.Үйтүмэнгийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг сүүлийн 5 жилийн байдлаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст албан бичгээр хандахад, тус хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05/9433 дугаар албан бичгээр “... шүүгч Ц.Үйтүмэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн ...” гэх албан бичгийг ирүүлжээ. /с.х-ийн 1 дэх хавтас 158-159 дэх тал/
Дээрхээс үзэхэд, шүүгч Ц.Үйтүмэн нь эрх бүхий этгээдийн шалгалтаар өөрийн гэр бүлийн гишүүний цалин, хөлсний орлогыг дутуу мэдүүлсэн, газар худалдан борлуулсан орлогыг мэдүүлээгүй, гэр бүлийн гишүүний хадгаламж дахь хөрөнгийг мэдүүлээгүй зэрэг зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байх тул түүний энэ үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэнг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 52 дугаар зүйлийн 52.1-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ГЗҮ/2024/0056 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан хөрөнгө орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан зөрчил байж болзошгүй гэж үзэн, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан байна. /с.х-ийн 124-125 тал/
Улмаар илтгэгч гишүүн дээрх сахилгын хэргүүдийг нэгтгэн, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2024/0014 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасан байна.
Тус дүгнэлтийг хуралдаанаар хянан хэлэлцэж, холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан зөрчил гаргасан байна гэж бүрэлдэхүүн үзэн, дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэв.
Нэг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дэх хэсэгт зааснаар шүүгч шийдвэрлэж байгаа хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, харилцсан тохиолдолд сахилгын зөрчил гаргасан гэж үзэн, сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад гэрч Р.С /хариуцагч/, гэрч Ж.М, гэрч Ц.Ч болон холбогдох шүүгч Ц.Үйтүмэнгийн тайлбар зэргээр хариуцагч Р.С нь сөрөг нэхэмжлэлийг өгөхөөр шүүгчийн туслах Ц.Ч-н өрөөнд ороход шүүгч Ц.Үйтүмэн туслахынхаа өрөөнд хамт сууж байсан байх ба хариуцагч Р.С-тай сөрөг нэхэмжлэлийн талаар ярилцсан, түүнээс авч уншиж танилцсан, улмаар мөн дахин харилцсан болох нь тогтоогджээ.
Ингэхдээ холбогдох шүүгч Ц.Үйтүмэн нь өөрийн хянан шийдвэрлэж байсан иргэний хэргийн хариуцагч болох Р.С-тай нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр уулзаж, сөрөг нэхэмжлэлийн талаар ярилцсан, энэ талаараа тэмдэглэл хөтөлж хэрэгт хавсаргаагүй болох нь тогтоогдож байх хэдий ч өөрийн хүсэл зорилгоор хэргийн нэг талтай уулзаагүй үйл баримтыг харгалзан, зөрчлийн шинж байдалд нь тохируулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4-т заасны дагуу нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Хоёр. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “илтгэгч гишүүн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй”, 106.8 дахь хэсэгт “нотлох баримтыг бодитойгоор тал бүрээс нь тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.
Шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч Ц.Үйтүмэнгийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг сүүлийн 5 жилийн байдлаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст албан бичгээр хандаж, тус хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 05/9433 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр “... шүүгч Ц.Үйтүмэн нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн ...” гэх хариу ирүүлжээ.
Дээрх эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан тоот болон сахилгын хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан үүргээ биелүүлээгүй буюу Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасны дагуу цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулахаар шийдвэрлэлээ.
Харин илтгэгч гишүүний “...шүүгч Ц.Үйтүмэн нь анх өөрийн гэр бүлийн хэрэгцээнд амьдрах зориулалтаар байшин барьж, түүнийгээ 2-3 давхар болгож өргөтгөсөн бөгөөд байшингаа барих явцад худалдаж авахаар сонирхсон хүмүүст худалдан борлуулж, уг эх үүсвэрээрээ амьдрах орон сууцаа барихаар төлөвлөдөг байсныг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэхгүй.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “"ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;” ойлгохоор заасан бөгөөд шүүгч Ц.Үйтүмэн нь аливаа хэлбэрээр ашиг олох зорилгоор барилгын бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй, барилга барих үйл ажиллагааны чиглэл бүхий хуулийн этгээдийн бүрэлдэхүүнд оролцоогүй, энэ чиглэлээр ажиллаагүй байна...” хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай байх хэдий боловч холбогдох шүүгчийн Сахилгын хорооны хуралдаанд хэлсэн тайлбартаа өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарласан болон түүний ахуй амьдралын нөхцөл байдал зэрэг холбогдох шүүгчийн хувийн байдал, энэ төрлийн зөрчилд урьд өмнө нь холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзсэн болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГНД/2024/0014 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь заалтад заасныг баримтлан “нээлттэй сануулах”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг баримтлан “цалингийн хэмжээг зургаан сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл тус тус оногдуулсугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН