МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-06-25
Дугаар 79
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяаг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2024/0078 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналдаа: “...Өмгөөлөгч Т.Т-ийн ... анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, шүүгч А.Ц нарт холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ГЗҮ/2024/0038 дугаар захирамжаар Сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явууллаа. Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Б” ХХК-с “Г А” ХХК-д холбогдуулан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 378,027,430 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ... анхан шатны шүүхэд гаргаж, нэхэмжлэл тус шүүхийн шүүгч А.Ц-т хуваарилагджээ. Улмаар шүүгч нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШЗ2024/0720 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
1. Дээрх шийдвэрийг гаргасан ... анхан шатны шүүхийн шүүгч А.Ц-т холбогдуулан “... нотариатаар батлуулаагүй баримт хавсарган өгсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захирамжид гомдол гаргах эрхийг хаасан, ... хуульд заасан, үндэслэл шалтгаангүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр өргөдлийг О.А гаргажээ. Шүүгч А.Ц 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШЗ2024/0720 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд бүрдүүлбэрийг заасан бөгөөд 6.2.1-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотолсон баримт гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж зохицуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв” гэсэн үндэслэл дурджээ. Нэхэмжлэлд зайлшгүй тусгах зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т дэлгэрэнгүй заасан бөгөөд эдгээрийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэдэг. Тодруулбал, хуулийн 62.1.4-т нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд заавал тусгах бөгөөд “Б” ХХК-н нэхэмжлэл хуулийн дээрх шаардлагыг хангаагүй талаар захирамжид тодорхой дурджээ. “Б” ХХК-н нэхэмжлэл хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй, энэ тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, энэ тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг дурдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд “нэхэмжлэлийн бүрдүүлбэр”-ийг хангаагүй буюу тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн захирамжийн үндэслэлийг эс зөвшөөрч, хуульд заасан үндэслэлээр дахин хянуулахаар гомдол гаргах эрхгүй тул өргөдлийн: “...гомдол гаргах эрхийг хаасан” гэх гомдол үндэслэлгүй байна.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасан. Өргөдөлд: “Ийнхүү хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан тул тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслахад орж уулзан учир байдлыг тайлбарласан. Ерөнхий шүүгчийн туслах миний нэхэмжлэл бүхий баримтуудыг авч орон Ерөнхий шүүгчээс чиглэл авсан. Ерөнхий шүүгчийн өгсөн чиглэл нь шинжээчийн дүгнэлтээ хавсаргахгүй, бусад материалаа хавсаргаад улсын тэмдэгтийн хураамжаа дахин төлөөд нэхэмжлэлээ бичиг хэрэгт өгөөрэй гэсэн” гэж дурдсан тул тус шүүхийн Ерөнхий шүүгч нь хуульд заасан шүүгчид хориглосон үйлдэл гаргасан эсэхийг тогтоохоор сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулсан болно. Шалгах ажиллагааны хүрээнд өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар Ерөнхий шүүгчийн туслах Ш.Б-ын гэрчээр асуухад: “Сар гарангын өмнө ирсэн хэргийн оролцогчийг ямар хүн ирсэн гэдгийг одоо санахгүй байна. Тухайн захирамж нь нэхэмжлэлийг баримтын шаардлага хангахгүй баримтуудаа үлдээгээд бусад баримтуудаа нэхэмжлэлдээ хавсаргаад өгчих гэсэн. Үүний дагуу Ерөнхий шүүгчийн хэлсэн үгийг тэр хүнд хэлээд явуулсан” гэжээ. Ерөнхий шүүгч Н.О-ийн: “2024 оны 4 дүгээр сард /өдрийн санахгүй байна/ шүүгчийн туслах Ш.Б миний өрөөнд орж ирээд "Шүүгчээ, Энд нэг хүн нэхэмжлэлдээ хавсаргасан шинжээчийн дүгнэлтийг нь нотлох баримтын шаардлага хангаагүй гээд нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан, одоо яах уу гэж асуугаад явахгүй байна гэсэн, Би туслахдаа "Нотлох баримтын шаардлага хангахын тулд, шинжээчийн дүгнэлтээ эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлээд өгдөг гэж хэлсэн үү гэхэд, Шүүгчийн туслах "хэлсэн шүүгчээ, энэ хүнд шинжээчийн дүгнэлт нь хуулбараар байгаа, эх хувь нь байхгүй учраас нотариатаар гэрчлүүлж өгөх боломжгүй гэсэн, тэгээд ч шинжээчийн дүгнэлтээ гол нотлох баримт учраас шүүхэд заавал өгөх ёстой гээд байна" гэсэн, Тэгэхээр нь би туслахдаа, “тэгвэл хуулбарласан шинжээчийн дүгнэлтээ нэхэмжлэлдээ хавсаргахгүй, харин шинжээчийн дүгнэлтийг эх хувь нь байгаа газраас гаргуулах хүсэлт гаргах боломжтойг ойлгуулаад хэлчих" гэж тайлбарласан байх ба энэ нь шүүгч болон шүүгчийн туслах хоорондоо ярилцсан зүйл болохоос шүүгч нь хэргийн оролцогчтой харилцсан, биечлэн уулзсан, түүнчлэн хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж шууд дүгнэхүйц нөхцөл байдал нотлогдохгүй байна. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.10-д зааснаар шүүгчийн туслах нь хуульд заасан чиг үүргийг шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд Ерөнхий шүүгч нь шүүгчийн туслахдаа “дахин нэхэмжлэл гаргах боломжтой талаар тайлбарласныг” шүүгчийн туслахаас хэргийн оролцогчид хэлсэн нь шүүгчийг хэргийн оролцогчид заавар зөвлөгөө өгсөн гэж буруутгах үндэслэл болохгүй, энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасан зөрчилд хамаарахгүй. Иймд, дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд ... анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, шүүгч А.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Н.О тайлбартаа: “...2024 оны 4 дүгээр сард /өдрийн санахгүй байна/ шүүгчийн туслах Ш.Б миний өрөөнд орж ирээд "Шүүгчээ, Энд нэг хүн нэхэмжлэлдээ хавсаргасан шинжээчийн дүгнэлтийг нь нотлох баримтын шаардлага хангаагүй гээд нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан, одоо яах уу гэж асуугаад явахгүй байна гэсэн. Би туслахдаа "Нотлох баримтын шаардлага хангахын тулд, шинжээчийн дүгнэлтээ эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлээд өгдөг гэж хэлсэн үү гэхэд, Шүүгчийн туслах "хэлсэн шүүгчээ, энэ хүнд шинжээчийн дүгнэлт нь хуулбараар байгаа, эх хувь нь байхгүй учраас нотариатаар гэрчлүүлж өгөх боломжгүй гэсэн, тэгээд ч шинжээчийн дүгнэлтээ гол нотлох баримт учраас шүүхэд заавал өгөх ёстой гээд байна" гэсэн. Тэгэхээр нь би туслахдаа, “тэгвэл хуулбарласан шинжээчийн дүгнэлтээ нэхэмжлэлдээ хавсаргахгүй, харин шинжээчийн дүгнэлтийг эх хувь нь байгаа газраас гаргуулах хүсэлт гаргах боломжтойг ойлгуулаад хэлчих" гэж тайлбарласан. Ийнхүү шүүгчийн туслах Ш.Б-т тайлбарлах болсон шалтгаан нь, шүүгчийн туслахаар томилогдоод удаагүй, бүхий л зүйлийг надаас асууж тодруулдаг, миний хувьд ч шүүгчийн туслахынхаа үйл ажиллагааг нь зааж чиглүүлж байсантай холбоотой юм. Миний хувьд гомдол гаргагч /Т.Т/-тай биечлэн уулзаагүй, мөн шүүгч А.Ц-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, материалтай танилцаагүй болохоо дурдах нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхий шүүгч Н.О миний зүгээс бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцоогүй бөгөөд гомдол гаргагч /Т.Т/-д ёс зүйн аливаа сөрөг хандлагаар хандаагүй гэдгийг энэхүү тайлбараар мэдэгдэж байна” гэжээ.
Шүүгч А.Ц тайлбартаа: “... Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаар зарлигаар ... анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүгчийн тангаргаа өргөн, ажиллаж эхэлсэн билээ. Өмгөөлөгч Т.Т нь 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../Ш32024/07020 дугаартай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" захирамжтай холбоотой өргөдөл, гомдол гаргажээ. Тус нэхэмжлэлийг "Б" ХХК нь "Г А" ХХК-д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 378,027,430 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн олон баримтуудын ихэнхийг нь нотлох баримтын шаардлага хангуулаагүй хэлбэрээр хавсаргаж өгсөн байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар зохицуулсан бөгөөд хуулийн 65.1.11-т "Энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал" гэж заасан. Хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг заасан бөгөөд 62.1.4-т "Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт" гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т "Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасныг хангасан байх шаардлагатай. Нэхэмжлэлд хавсаргасан баримтыг шаардлага хангуулж авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай, эхнээсээ цэгцтэй явагдах боломж бүрддэг. Ийнхүү баримтаа бүрдүүлж өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчийн үүрэг юм. Дээрх хуульд заасан шаардлагыг ханган захирамжид заасан алдааг залруулж, дахин нэхэмжлэл гаргах эрх нь хуулиараа нээлттэй тул надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч Т.Т-өөс “... шүүгч А.Ц хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захирамжид гомдол гаргах эрхийг хаасан, ... ерөнхий шүүгч Н.О туслахаараа дамжуулж чиглэл өгсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Нэг. Шүүгч А.Ц хуульд заасан үндэслэл, шалтгаангүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
“Б” ХХК-аас “Г А” ХХК-д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 378,027,430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг ... анхан шатны шүүхийн шүүгч А.Ц 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШЗ2024/0720 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг заасан ба 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж, 62 дугаар зүйлийн 62.1.4-т” нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлд тусгана” гэж, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж тус тус заасан.
Тус шүүгчийн захирамжид нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүй талаар тодорхой дурдсан байна. Иймд үндэслэл, шалтгаангүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж үзэх боломжгүй.
Нөгөө талаас, шүүгч өөрт хуваарилагдсан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэх эсэх нь шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдалд хамаарна.
Хоёр. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.
“Б” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь дээрх гомдол гаргах зохицуулалтад хамаарахгүй. Иймд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгч А.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гаргасан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Гурав. Ерөнхий шүүгч Н.О туслахаараа дамжуулж чиглэл өгсөн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шалгах ажиллагааны явцад, илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар Ерөнхий шүүгч Н.О-ийн туслах Ш.Б-ыг гэрчээр асуухад “...Сар гарны өмнө ирсэн хэргийн оролцогчийг ямар хүн ирсэн гэдгийг одоо санахгүй байна. Тухайн захирамж нь нэхэмжлэлийг баримтын шаардлага хангахгүй баримтуудаа үлдээгээд бусад баримтуудаа нэхэмжлэлдээ хавсаргаад өгчих гэсэн. Үүний дагуу Ерөнхий шүүгчийн хэлсэн үгийг тэр хүнд хэлээд явуулсан” гэж мэдүүлсэн байна.
Энэ талаар Ерөнхий шүүгч Н.О “...2024 оны 4 дүгээр сард өдрийг санахгүй байна. Шүүгчийн туслах Ш.Б миний өрөөнд орж ирээд шүүгчээ, энд нэг хүн нэхэмжлэлдээ хавсаргасан шинжээчийн дүгнэлтийг нь нотлох баримтын шаардлага хангаагүй гээд нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан, одоо яах уу гэж асуугаад явахгүй байна гэсэн, Би туслахдаа нотлох баримтын шаардлага хангахын тулд, шинжээчийн дүгнэлтээ эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлээд өгдөг гэж хэлсэн үү гэхэд, шүүгчийн туслах хэлсэн шүүгчээ, энэ хүнд шинжээчийн дүгнэлт нь хуулбараар байгаа, эх хувь нь байхгүй учраас нотариатаар гэрчлүүлж өгөх боломжгүй гэсэн, тэгээд ч шинжээчийн дүгнэлтээ гол нотлох баримт учраас шүүхэд заавал өгөх ёстой гээд байна гэсэн, тэгэхээр нь би туслахдаа, тэгвэл хуулбарласан шинжээчийн дүгнэлтээ нэхэмжлэлдээ хавсаргахгүй, харин шинжээчийн дүгнэлтийг эх хувь нь байгаа газраас гаргуулах хүсэлт гаргах боломжтойг ойлгуулаад хэлчих гэсэн" гэж тайлбарлажээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, Ерөнхий шүүгч Н.О нь өргөдөл гаргагч Т.Т-тэй биечлэн уулзсан, харилцсан, түүнд зөвлөгөө өгсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
Харин өргөдөл гаргагч Т.Т нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсантай холбогдуулан Ерөнхий шүүгчийн туслах Ш.Б-тай уулзаж, шүүгч Н.О нь шүүгчийн туслахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг арилгаж, дахин нэхэмжлэл гаргах боломжтой талаар нэхэмжлэгчид хэлэхийг сануулсан байна. Уг үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д заасан зөрчилд хамаарахгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2024/0078 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, өмгөөлөгч Т.Т-ийн өргөдлөөр ... анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, шүүгч А.Ц нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН