МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-07-01
Дугаар 86
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
АТГ-ын МШХ-ийн орлогч бөгөөд албаны дарга, ахлах комиссар Б.Б-ийн ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, Д.А нарт холбогдуулан гаргасан мэдээллийг журмын дагуу илтгэгч гишүүн Д.Ариунтуяа хүлээн авч хянаад, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ГЗҮ/2024/...2 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2024/...4 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Мэдээлэл гаргагч “...1. Хяналтын прокурор эрүүгийн 2.....3 дугаар хэргийн яллагдагч Д.Х-ын албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, нэр бүхий оролцогч нартай уулзахыг хориглох, хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хэргийн материалын хамт 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 00 минутад шүүхэд хүргүүлснийг ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А нь хүлээн авч, хурлын товыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээний хурал хийж дуустал хэргийн материалтай танилцана, хэргийг буцаан өгөхгүй гэж мэдэгдсэн” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагч Д.Х-т хязгаарлалт тогтоох болон албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг давхардуулан авах санал гаргасныг шүүгч Д.А хүлээн авчээ.
Шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/...5 дугаар захирамжаар “...яллагдагч Д.Х-т холбогдох 6 хэсэг хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад ирүүлж байгаа нь шүүгч хэргийн материалыг бүрэн танилцаж, шүүхэд ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг олгосонгүй. Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах үүднээс хэргийн материалтай танилцсаны эцэст шүүхийн хэлэлцүүлгийг явуулах шаардлага бий болсон” гэж үзэн таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүхийн хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацааг хойшлуулсан байна.
Улмаар шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ЦХШЗ/...8 дугаар захирамжаар яллагдагч Д.Х-т ....Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан үүргийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий 12 гэрчтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Холбогдох шүүгч Д.А “...Тэр саналыг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны 10 цаг 00 минутад хүлээн авсан. Хуульд заасны дагуу 24 цагийн дотор тов тогтоогоод оролцогч нартаа мэдэгддэг. Тэгээд 25-ны өдрийн 14 цагт асуудлыг хэлэлцэхээр хурлыг зарласан. Прокурорын санал нь ганцхан цахимаар хүрээд ирсэн. Хэрэг нь байхгүй байсан. Хэргийн материал нь хаана байгаа юм. Үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд би хэргийн материалтай танилцах шаардлагатай гэж хэлсэн. Ингээд манай туслах прокурор луу залгаж хэлсэн. 25-ны өдөр 11 цаг 30 минутад 6 хавтас хэрэг ирсэн. Хурал 14 цагт болох байсан. Би хоёр цагийн дотор хэргийн материалтай танилцаад хуралдаанд оролцох боломжгүй. Тийм учраас хуралдаан хойшлуулах тухай саналыг тавьсан чинь өмгөөлөгч, прокурор нарт хуралдааныг хойшлуулъя гээд 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг хүртэл хурлаа хойшлуулсан. ...Хуралдаан дуустал буцааж өгөхгүй гэдэг би аливаа асуудлыг шийдвэрлэхийн тул хэрэгтэйгээ танилцана. Хэргийн материалаа авч орж хуралдаанд шаардлагатай нотлох баримтуудыг судална. Тийм учраас би хэргээ шүүх хуралдааныг дуустал байлгана гэсэн шаардлага тавьсан. Гэхдээ хэргийг туслах хүлээн авч, надад өгөөд би хэрэгтэй танилцаад буцаагаад туслахад өгөөд, туслах хурал ороход хурлын танхимд оруулж өгөөд хурал дуусахаар туслах аваад явсан. Над дээр хэрэг байгаад байсан зүйл байхгүй. Би бол хэргийн материалтай танилцсан. Танилцах үүрэг байгаа. Танилцаад буцаагаад туслахад өгсөн” тайлбарыг өгсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.
Дээрхээс үзвэл прокуророос гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хянан шийдвэрлэдэг тул хуралдаан дуустал хавтаст хэргийг өгөөгүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
2. Мэдээлэл гаргагч “мөн прокуророос эрүүгийн 2....6 дугаар хэргийн яллагдагч Э.Т нь гэрчүүдэд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон даруй “Яллагдагчийг цагдан хорих тухай” саналыг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд хүргүүлж, ....хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б хэргийн материалыг хянан үзээд 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2024/ЦХШЗ/...З дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүчингүй болгох тухай” захирамж гаргасан” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагч Э.Т-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих тухай санал ирүүлснийг шүүгч Н.Б хүлээн авч, тус өдрийн 2024/ЦХШЗ/...3 дугаар захирамжаар яллагдагч Э.Т-т цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, 1.3-т “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж заасан.
Түүнчлэн яллагдагчаар татагдсан этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авахаар хуульчилсан ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар хэн боловч шүүгчээс шүүн таслах эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглодог ба Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй болно.
Иймд шүүгч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй бөгөөд түүнийг шүүн таслан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
3. Мэдээлэл гаргагч “..2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гарган хэргийн материалыг шүүхэд хүлээлгэн өгөхөд шүүгч Д.А гомдлыг хянан үзээд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2024/ЕШЗ/...5 дугаар “Гомдлыг хангахгүй орхих тухай” захирамж гаргасан. Шүүгч Д.А нь дээрх гомдлыг хянах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, ... өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасныг зөрчиж яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ц-д хэрэгт авагдсан гэрч Б.А, Ү.Ц, Б.Б, Б.О, Э.А, Ж.О нарын мэдүүлгийг танилцуулсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гомдлыг хэлэлцэх шүүх хуралдааны явцад гаргасан яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдагдсан байна” гэжээ.
Дээр дурдсан яллагдагч Э.Т-т цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүгч Н.Б-ын 2024/ЦХШЗ/...3 дугаар захирамжид хяналтын прокуророос 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдол гаргасан байна.
...хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Н нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал чөлөөтэй байсан тул Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг шүүгч Д.А хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ЕШЗ/...5 дугаар захирамжаар прокурорын шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж, 2024/ЦХШЗ/...3 дугаар захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Тус гомдол шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийн үед өмгөөлөгч Ж.Ц “...одоо шалгагдаж байгаа хэрэгт Б.А, Ү.Ц, Б.Б, Б.О, Э.А, Ж.О гээд ...Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албанд ажилладаг мэргэжилтнүүд болон хэлтсийн дарга нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан байна билээ. Анхан шатны хуралд зөвхөн санал нь ирсэн байсан. Сая дээрх хүмүүсийн мэдүүлэгтэй танилцахад бол Авлигатай тэмцэх газраас Газрын албан дээр 5, 6 хоног албаны шалгалт хийж, холбогдох бичиг баримт, шалгагдаж байгаа хэрэгтээ холбоотой баримтуудыг хуулбарлан авсан байдаг юм байна. ...Прокурор: Өмгөөлөгчөөс гэрч нарын мэдүүлэгтэй танилцсан юм уу гэхэд Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ц: Танилцсан” гэж хэлсэн нь шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлд авагдсан байна.
Энэ талаар өмгөөлөгч Ж.Ц гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би гомдолтой бол танилцсан. Надад хэргийн материал юу гэж танилцуулах вэ. Прокурор надаас асууж байсан. Би танилцсан л гэж хэлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр байна уу, үргэлжлүүлээд та нарыг шалгуулна гэсэн. ...Дургүй хүрээд хэлсэн. Улс төрийн зорилгоор тийм юм хийгээд байхаар нь дургүй хүрсэн. ...Намайг танилцсан гэж хэлсэн учраас гомдол гаргаад байгаа юм байна. Би үндэслэлгүй гомдолтой нь холбогдуулан тэгж хэлсэн. Үргэлжлүүлэн Төгөлдөрийг хорихын тулд тэгээд байгаад нь дургүй хүрсэн” гэжээ.
Холбогдох шүүгч Д.А “...Танилцуулаагүй. Надад танилцуулах үүрэг байхгүй. Хэргийг танилцуулахгүй. Санал, гомдлыг нь туслах хүлээн авч оролцогч нарт танилцуулдаг. ...Би хэргийг уншаад гомдолтой танилцаад туслахдаа өгөөд гомдлыг нь танилцуулаарай гэсэн. Нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох арга хэмжээ авч өгөөч гэсэн санал байгаа. Тэр саналыг хүлээн аваагүй шүүгчийн захирамжид гаргасан гомдол байгаа. Өмгөөлөгч бол “гэрч нарыг гэрчээр асуусан байсан. Одоо энэ хүнийг яллагдагчаар татагдсан. Энэ хүмүүстэй уулзаад гэрчийн мэдүүлэг өөрчлөгдөхгүй” гэсэн тайлбар өгч байсан. Мэтгэлцээний явцад. ...Тэрийг туслах л мэднэ. Би бол танилцаад сууж байхыг хараагүй. Хэргийн оролцогчтой уулздаггүй учраас хэргийн материалтай танилцсаныг нь мэдэхгүй байна” гэх тайлбарыг,
гэрч Х.Б /Д.А шүүгчийн туслах/ “....Хурал болохын өмнө өмгөөлөгч нар нь ирээд ямар үндэслэлээр гомдол гаргасан байна гээд танилцсан. Таслан сэргийлэх арга хэмжээний саналыг Н.Б шүүгч хүлээн авч захирамж гаргасан. Тухайн захирамжид гаргасан гомдлыг Д.А шүүгч шийдвэрлэсэн. ...Гомдолтой холбоотойгоор хэргийг авсан. Гомдол шийдвэрлэх хуралдаанд дээр хэргийг заавал авч шийдвэрлэдэг. Гомдолтой танилцъя гэхээр нь гомдлыг нь өгөөд танилцуулсан. ...Манай өрөөний хэрэг танилцуулдаг ширээн дээр танилцсан. Хэргийг өгөөгүй. ...Хурлаас өмнө нь шүүгч хэрэгтэйгээ танилцсан” гэх мэдүүлгийг,
холбогдох шүүгч Н.Б “...Э.Т-ийн санал нь 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагт ирсэн. Ирсэн даруйд саналыг туслах надад хүлээлгэн өгсөн. Би хэрэгтээ танилцаад туслахаа дуудаад хурлыг өнөөдөр хийх боломжтой. Хугацаа нь 23 цагт дуусах юм байна хийхгүй бол хүн гарах асуудал гарах юм байна. Хурлаа хийх шаардлагатай гээд хурал хийсэн. Хурал 40 минут үргэлжилсэн. Би хурал дуусгаад хэргээ туслахад өгөхөд мөрдөгч нь хэргээ авна гээд сууж байсан. Мөрдөгч нь та захирамжаа гялс гараад өгчих би Улаанбаатар хот руу явах гээд байна. Би яг одоо бичиж өгөх боломжгүй, 5 хоногийн дотор гаргах хуулийн хугацаатай маргааш бичээд явуулна гэж хэлсэн. Надад тэр хэргийг авах нэг цагийн хугацаа л байсан. Надаас өөр хүн хэрэгтэй танилцах ямар ч боломж байхгүй байсан” гэх тайлбарыг,
гэрч Э.О /Н.Б шүүгчийн туслах/ “...15 цагт санал ирсэн. 23 цагт сэжигтнээр баривчлагдсан хугацаа дуусах гээд байна. Ажлын цаг дуусахаас өмнө хурлыг хийх боломжтой юу гэж мөрдөгч нь хэлсэн. Хэргийн материал, саналыг шүүгчид танилцуулна шүүгч боломжтой гэвэл хурал хийх боломжтой гэж хэлсэн. Тэгээд шүүгчид хэргийг өгсөн. Нэг цаг гарангийн дараа хурлыг товлосон. Хуульд 24 цагийн дотор хурлыг товлох ёстой. Хүн нь гарах гээд байна гээд мөрдөгч нь хэлсэн. Шүүгч хурлыг хийе гээд хийсэн. ...Шүүгч хурал дуусаад захирамжаа бичсэн. Мөрдөгч нь ирээд хэргийн материал авсан. Бусад оролцогч нар танилцаагүй. Танилцах боломж байгаагүй. Танилцах хүсэлт ч өгөөгүй” гэх мэдүүлгийг,
гэрч И.М /АТГМШХ-ийн мөрдөгч/ “...14 цагийн үед хэргээ шүүхэд өгсөн. Хэргээ өгөөд 17 цаг 30 минутаас 18 цагийн хооронд хуралдаан болсон. ...Тэгээд хуралдаан болоод Т-ийг суллах шийдвэр гарсан. Би ороод хэргээ авъя гэсэн. Н.Б шүүгч өгөхгүй, захирамжаа бичнэ гэсэн. Бид нар маргааш буцах гээд байна. Томилолт дууссан та 14 цагаас хойш хэрэгтэйгээ танилцаад шийдвэр гаргасан. Тэмдэглэлээ хураагаад авсан. Одоо хэрэг шаардлагагүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд шүүгч гэрч нарын мэдүүлгийг хуулбарлаж авна, зургийг нь авна гэсэн. ...Би өгөхгүй, оролцогч нар хэрэгтээ танилцаагүй байгаа хуулбарлан өгөхгүй. Та нар албан бичгээрээ ав гэхэд шүүгч уурлангуй би наад хэрэг дээр шийдвэр гаргасан шүүгч байна гэсэн. Бид хоёр бол маргалдаагүй гэхдээ зарчмын зүйлийг ярилцсан. Би хэргийн материалыг өгөхгүй, зургийг нь авхуулахгүй гэсэн. Тэгээд шүүгч хэргээ аваад яв гээд би хэргээ аваад явсан. ...Маргааш нь хяналтын прокуророос гомдол гарсан. Дахиад хэргийг шүүхэд хүлээлгэн өгсөн. Ерөнхий шүүгч нь байхгүй гэж хэлсэн. Гомдлыг хэн шийдвэрлэх нь ойлгомжгүй байсан. ...Хэргийг манай мөрдөгч н.Ч өгсөн. Тэгээд маргааш нь цайны цагийн дараа хэргийг хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл яллагдагч Э.Т-т холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Н.Б, шүүгч Д.А нар хүлээн авч, танилцан яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Холбогдох шүүгч Н.Б, гэрч Э.О нарын “хэргийг саналын хамт 15 цагийн үед хүлээн авсан” гэх тайлбар, мэдүүлэг, мөрдөгч И.М-ын “хэргийг саналын хамт 14 цагийн үед шүүхэд хүлээлгэн өгсөн. Хэргээ өгөөд 17 цаг 30 минутаас 18 цагийн хооронд хуралдаан болсон... тухайн үеийн цаг хугацааг сайн санахгүй байгаа тул зөрүүтэй байж магадгүй” гэх мэдүүлэг, хуралдааны тэмдэглэлд шүүхийн хэлэлцүүлэг 16 цаг 45 эхэлж, 17 цаг 25 минутад дууссан талаар бичигдсэн зэргээс үзвэл шүүгч Н.Б-ын “хэргийг авах нэг цагийн хугацаа л байсан. Надаас өөр хүн хэрэгтэй танилцах ямар ч боломж байхгүй байсан” гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Мөн холбогдох шүүгч Д.А-ийн “би хэргийг уншаад гомдолтой танилцаад туслахдаа өгөөд гомдлыг нь танилцуулаарай гэсэн. Тэрийг туслах л мэднэ. Би бол танилцаад сууж байхыг хараагүй. Хэргийн оролцогчтой уулздаггүй учраас хэргийн материалтай танилцсаныг нь мэдэхгүй байна” гэх тайлбар, гэрч Х.Б-ийн “..Гомдолтой танилцъя гэхээр нь гомдлыг нь өгөөд танилцуулсан. ...Манай өрөөний хэрэг танилцуулдаг ширээн дээр танилцсан. Хэргийг өгөөгүй” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ц-ийн “..би гомдолтой бол танилцсан. Надад хэргийн материал юу гэж танилцуулах вэ” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл шүүгч Д.А-д хэрэг шилжин ирсний дараа хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах зорилгоор шүүхийн байрны камерын бичлэгийг хуулбарлан авах тухай албан бичгийг хүргүүлэхэд ...шүүхийн Тамгын газраас камерын техникийн хүчин чадал нь дүрс бичлэгийг 20 хүртэл хоног хадгалах чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийн хяналтын камерын бичлэг техникийн үзүүлэлтээс шалтгаалан хадгалагдах хугацаа дууссан тул хүргүүлэх боломжгүй гэх хариу ирүүлсэн.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл холбогдох шүүгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасныг зөрчин мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй эрүүгийн хэргийн материал /гэрч нарын мэдүүлэг/-ыг өмгөөлөгч Ж.Ц-д танилцуулсан гэх үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул тэднийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Харин өмгөөлөгч Ж.Ц-ийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбар болон шалгах ажиллагааны хүрээнд авсан гэрчийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байх ба хэлэлцүүлгийн явцад “...гэрч нарын мэдүүлэгтээ танилцсан...” гэж бодит байдлаас зөрүүтэйгээр тайлбар хэлсэнтэй нь холбогдуулан өмгөөлөгчийг шалгах чиг үүрэг Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүйг дурдах нь зүйтэй.
Мөн мэдээлэлд “Яллагдагч Д.Х-ын эхнэр П.Б нь тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилладаг” гэж дурдсан боловч энэ нь холбогдох шүүгч нарт ямар хамааралтай болох нь тодорхойгүй байх тул дээрх мэдээллийн дагуу шалгах ажиллагаа явуулах боломжгүй гэж үзлээ.
Иймд ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, Д.А нарт холбогдуулан гаргасан мэдээллийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Н.Б тайлбартаа: “...Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Шүүхийн сахилгын хороонд гаргасан мэдээлэлдээ “...шүүгч Н.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЦХШЗ/...З дугаар захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг шүүгч Д.А нь хянах явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч... өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасныг зөрчиж яллагдагчийн өмгөөлөгчид хэргийг танилцуулсан...” гэх агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ.
Тус мэдээлэлд миний бие хамааралгүй, шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн аль зүйл хэсгийг зөрчсөн тухай уг мэдээлэлд дурдагдаагүй хийгээд мэдээлэлд шүүгч Н.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЦХШЗ/...З дугаар захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг хэлэлцсэн тухай агуулгатай байна. Монгол Улсын шүүхийн тухай 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан зөрчлийг гаргаагүй тул дараах тайлбарыг гаргаж байна.
...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан “хэрэг хуваарилах журам”-д 2024 онд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг миний бие хүлээн авч шийдвэрлэхээр заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд “Э.Т-ийг яллагдагчаар цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний санал, хэргийн материалын хамт 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 45 минутад тус шүүхэд ирснийг шүүгчийн туслах санал, хэргийн материалын хамт өрөөнд оруулж ирсэн.
Ингээд санал, хэргийн материалыг хүлээн авч бүрэн танилцахад шүүхийн хэлэлцүүлгийг даруй хийх боломжтой, сэжигтний баривчлагдсан хугацаа нь тус өдрийн шөнийн 23 цагт дуусаж байсан тул шүүхийн хэлэлцүүлгийн товыг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 45 минутад тогтоож, /ажлын цагт багтааж/ яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй байсан тул түүнийг ... дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих байрнаас дуудах бичгээр дуудаж хэлэлцүүлгийг хийсэн болно.
Энэ нь тус саналыг хүлээн авсан тухай бүртгэл, системд бүртгэгдсэн байдал, шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЦХШЗ/...З дугаар захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, яллагдагчийг цагдан хорих байрнаас дуудсан баримт зэргээр нотлогдоно.
Мэдээлэлд дурдагдсан хэргийн материалыг өмгөөлөгчид танилцуулсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд Э.Т-т холбогдох санал, хэргийн материалыг өрөөндөө танилцаж байгаад шүүхийн хэлэлцүүлгийн цаг болоход авч орсон бөгөөд энэ хугацаанд /1цаг/ хэргийн оролцогчид танилцаагүй, танилцах боломжгүй байсан” гэжээ.
Холбогдох шүүгч Д.А тайлбартаа “......хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А би 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.
- Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Х-т нэр бүхий 12 хүнтэй уулзах, харилцахыг хориглох, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, давхардуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор ....Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан үүргийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүхэд цахимаар ирүүлсэн. Саналыг хүлээн авч хуульд заасан 24 цагийн дотор буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутад асуудлыг хэлэлцэх шүүхийн товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн.
Яллагдагч Д.Х-т холбогдох 6 хэсэг 127, 231, 133, 157, 157, 188 хуудас хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүхэд ирүүлсэн тул шүүгч үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд хэргийн материалтай танилцсаны дараа шүүхийн хэлэлцүүлэг явуулах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, уг асуудлыг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минутад хэлэлцэж, яллагдагч Д.Х-т “....Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан үүргийг түдгэлзүүлэх” таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хэрэгсэхгүй болгож, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий 12 гэрчтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Энэхүү захирамжид прокуророос хуульд зааснаар гомдол гаргаагүй.
Мэдээлэлд дурдсанаар “...яллагдагч Д.Х-ын эхнэр П.Б тус ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилладаг байна” гэжээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүхийн зөвшөөрлөөр шийдвэрлэх асуудал буюу таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шүүгч Н.Б хариуцан шийдвэрлэж байгаа боловч шүүгч Н.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал чөлөө авсан /Ерөнхий шүүгчийн захирамжийг хавсаргав/ байсан болно.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таслан шийдвэрлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн зөвшөөрөл нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар шийдвэр гаргадаггүй, прокурорын таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, сунгах саналын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хянан үзэж шийдвэрлэдэг.
Прокуророос яллагдагч Э.Т нь гэрчүүдэд нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдсон даруй “яллагдагчийг цагдан хорих тухай саналыг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлж, шүүгч Н.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2024/ЦХШЗ/...3 дугаар “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүчингүй болгох тухай” захирамж гаргасныг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасныг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2024/ЕШЗ/...5 дугаар 'Гомдлыг хангахгүй орхих тухай” захирамж гаргаж шийдвэрлэсэн.
Хуульд “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Ерөнхий шүүгч С.Н 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал ажлын 4 өдрийн чөлөө авсан байсан.
Мэдээлэлд дурдсанаар “...яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ц-д хэрэгт авагдсан гэрч Б.А, Ү.Ц, Б.Б, Б.О, Э.А, Ж.О нарын мэдүүлгийг танилцуулсан...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах журмаар гаргасан гомдол,эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчдод хүргүүлнэ” гэж заасны дагуу Ерөнхий шүүгчид ирүүлсэн гомдлыг оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Х.Б-д үүрэг болгосон. Үүний дагуу шүүгчийн туслах яллагдагч Э.Т-ийн өмгөөлөгч Ж.Ц-д гомдол танилцуулах ажиллагааг хийсэн байна.
Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч Э.Т-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн шүүгчийн захирамжийг хуулийн үндэслэлтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд зааснаар хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгосон хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна.
Би шүүхийн байгууллагад 41 дэх жилдээ ажиллаж байна. Шүүгчээр ажиллах хугацаандаа хэрэг маргааны шударгаар шийдвэрлэж, хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгох, ашиг сонирхлын зөрчил үүсгэхээс ямагт татгалзаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж явсныг минь анхаарч үзэхийг хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Мэдээлэл гаргагч АТГ-ын МШХ-ийн орлогч бөгөөд албаны дарга, ахлах комиссар Б.Б нь “Д.Х-т холбогдох эрүүгийн 2.....3 дугаар хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасан ба шүүгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлгээр прокурорын саналыг шийдвэрлэтэл хэргийг буцаан өгөхгүй гэсэн;
Э.Т-т холбогдох эрүүгийн 2....6 дугаар хэрэгт яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлэхэд шүүгч Н.Б прокурорын саналыг хүчингүй болгосон захирамж гаргасан;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж яллагдагчийн өмгөөлөгчид гэрчүүдийн мэдүүлгийг танилцуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-2 тал/
Илтгэгч гишүүн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2024/...4 дүгээр саналдаа “...прокурорын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүгч Д.А хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хянан шийдвэрлэдэг тул хуралдаан дуустал хавтаст хэргийг өгөөгүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй. ...шүүгч Н.Б өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй бөгөөд түүнийг шүүн таслах үүргээ биелүүлсэн гэж үзнэ. ...холбогдох шүүгч нар нь өмгөөлөгч Ж.Ц-д танилцуулсан гэх үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул тэднийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэж үзжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 21-24 тал/
- Шүүгч Д.А эрүүгийн хавтаст хэргийг өгөөгүй гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 1...0 дугаар “Яллагдагч Д.Х-т хязгаарлалт тогтоох болон тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” саналыг ...хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг, тус шүүх 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад цахимаар хүлээн авсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 86-88 тал/
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой асуудлыг шүүгч Н.Б, түүний эзгүйд шүүгч Д.А-д хуваарилагдахаар заасан байна. Мөн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ЕШЗ/3...5 дугаар захирамжаар шүүгч Н.Б-т 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал чөлөө олгосон байсан тул хяналтын прокурорын дээрх цахимаар хүргүүлсэн санал нь шүүгч Д.А-д хуваарилагджээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 29-32, 124 тал/
Шүүгч Д.А эрүүгийн хавтаст хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/...5 дугаар захирамжаар “...яллагдагч Д.Х-т холбогдох 127, 231, 133, 157, 188 хуудас бүхий 6 хэсэг хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад ирүүлж байгаа нь шүүгч хэргийн материалыг бүрэн танилцах, шүүхэд ирүүлсэн саналыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг олгосонгүй...” гэж үзэн шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 125-126, 246 тал/
Улмаар товлогдсон өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр хяналтын прокурорын саналыг хэлэлцэн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ЦХШЗ/...8 дугаар захирамжаар яллагдагч Д.Х-т таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 127-132 тал/
Дээрхээс үзэхэд хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, ...санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа цахимаар хүргүүлсэн боловч эрүүгийн хэргийг шүүхэд хүргүүлээгүй байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтууд, шүүгч Д.А-ийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байх шаардлага тавигддаг нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд мөн адил үйлчилнэ. Шүүгч хяналтын прокурорын саналыг зөвхөн цахимаар ирүүлсэн саналтай танилцан шийдвэрлэх боломжгүй байдаг тул эрүүгийн 6 хавтаст хэрэгтэй танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь зүйд нийцсэн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан.
Шүүгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлгээр хяналтын прокурор Н.Н-ийн санал, яллагдагч Д.Х-ын мэдүүлэг, түүний өмгөөлөгч Б.Д, Б.Б нарын тайлбар зэргийг эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг бүрэн дүүрэн үнэлэх, харьцуулан өөрийн дотоод итгэлээр хяналтын прокурорын саналыг шийдвэрлэж, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлсэн байна.
Иймд илтгэгч гишүүний “...прокуророос гаргасан саналыг шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэдэг тул хуралдаан дуустал хавтаст хэргийг өгөөгүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй.
- Шүүгч Н.Б прокурорын саналыг хүчингүй болгосон гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Л.С-ын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 6...5 дугаар “Яллагдагч Э.Т-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг ...хэргийн анхан шатны шүүх мөн өдрийн 16 цаг 45 минутад хүлээн авсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 37-42 тал/
Хяналтын прокурорын санал нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар шүүгч Н.Б-т хуваарилагджээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 29-32 тал/
Шүүгч хяналтын прокурорын саналыг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг өөрийн санаачилгаар, эсхүл энэ тухай мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шийдвэр гаргана” гэж зааснаар тухайн өдөр нь шүүхийн хэлэлцүүлэг явуулан, шүүгч Н.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЦХШЗ/...3 дугаар захирамжаар прокурорын саналыг хүчингүй болгосон байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 43-48 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын саналыг эрүүгийн хэрэгт авагдсан баримтууд, хяналтын прокурор Л.С-ын санал, яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ц-ийн тайлбар, яллагдагч Э.Т-ийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх нь шүүгч Н.Б-т хуулиар олгогдсон бүрэн эрх нь болно.
Иймд илтгэгч гишүүний “...прокурорын саналыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй бөгөөд түүнийг шүүн таслах үүргээ биелүүлсэн...” гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзлээ.
- Шүүгч Н.Б, Д.А нар яллагдагчийн өмгөөлөгчид гэрчүүдийн мэдүүлгүүдийг танилцуулсан гэх тухайд:
Шүүгч Н.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ЦХШЗ/...3 дугаар захирамжаар яллагдагч Э.Т-ийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай прокурорын саналыг хүчингүй болгосон. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 43-48 тал/
Хяналтын прокурор Л.С-ын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар гомдлоор дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 49-51 тал/
...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗТ/0...8 дугаар тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Н-д 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал чөлөө олгож, түүнийг орлон ажиллахыг шүүгч Д.А-д үүрэг болгосон байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 111 тал/
Иймд шүүгч Д.А гомдол шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр даргалан явуулж, мөн өдрийн 2024/ЕШЗ/...5 дугаар захирамжаар хяналтын прокурорын гомдлыг хангахгүй орхижээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 118-123 тал/
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн дээрх өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийн тэмдэглэл хийж бэхжүүлэн, сахилгын хэрэгт хавсаргасан байна. Уг тэмдэглэл болон шүүх хуралдааны “2...-....3” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгийг үзэхэд яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ц нь бичлэгийн 05 минут 38 секундээс эхлэн тайлбар хэлэх явцдаа “...одоо шалгагдаж байгаа хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Б.А, Ү.Ц, Б.Б, Б.О, Э.А, Ж.О гээд ...Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албанд ажилладаг мэргэжилтнүүд болон хэлтсийн дарга нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан байна билээ. Анхан шатны хуралд зөвхөн санал нь ирсэн байсан. Сая дээрх хүмүүсийн мэдүүлэгтэй танилцахад бол...” гэж, 18 минут 05 секундээс прокурор “нэмэлт тайлбар байна шүүгч ээ. Нэг зүйлийг тодруулж болох уу? Сая өмгөөлөгч гэрч нарын мэдүүлэгтэй танилцсан гээд хэлчих шиг боллоо” гэхэд даргалагч шүүгч Д.А “өмгөөлөгч асууж байгаа асуултыг сонссон уу? Хариулт байгаа юм уу?” гэхэд яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ц “сонссон. Гэрч нарын мэдүүлэгтэй танилцсан гээд тэгж байна ш дээ. Танилцсан” гэж хариулахад хяналтын прокурор “заа, би нэмэлт тайлбараа хэлье шүүгч ээ” гэснээр шүүх хуралдаан цааш үргэлжилж байгаа нь бичигдсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 25-27 тал/
Дээрх үйл баримтыг тодруулахаар илтгэгч гишүүн өмгөөлөгч Ж.Ц, шүүгч Н.Б, түүний туслах Э.О, шүүгч Д.А, түүний туслах Х.Б, АТГ-ын МШХ-ийн мөрдөгч, комиссар И.М нараас гэрчийн мэдүүлэг авч, тус шүүхийн Тамгын газрын хяналтын камерын бичлэгийг авах албан бичиг хүргүүлэх зэргээр ажиллагаа явуулсан байх бөгөөд энэ талаар саналдаа дэлгэрэнгүй тусгажээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 30-40 тал/
Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ц шүүх хуралдааны явцад “гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцсан” гэж хэлсэн боловч энэ талаар илтгэгч гишүүн тодруулахад “би гомдолтой танилцсан, надад хэргийн материалыг юу гэж танилцуулах вэ... Улс төрийн зорилгоор тийм юм хийгээд байхаар нь дургүй хүрээд хэлсэн...” гэх зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд холбогдох шүүгч нар, шүүгчийн туслах нар яллагдагчийн өмгөөлөгчид хэргийн материал /гэрчүүдийн мэдүүлэг/-ыг танилцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй болох нь гэрчүүдийн мэдүүлэг, ...шүүхийн Тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 05/...8 дугаар “...хяналтын камерын бичлэг техникийн үзүүлэлтээс шалтгаалан хадгалах хугацаа дууссан тул хүргүүлэх боломжгүй байна” гэх бүхий албан бичиг зэргээр тогтоогдож байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 8-27 тал, 2 дугаар хавтасны 18-22, 24-27, 30-40 тал/
Иймд холбогдох шүүгч Н.Б, Д.А нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан гэх нөхцөл байдал илтгэгч гишүүний сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй гэж үзнэ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Н.Б, Д.А нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2024/...4 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, Д.А нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР