info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-20

Дугаар 74

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч З.Г , ажиглагчаар өргөдөл гаргагч Г.Н /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

...шатны шүүхийн шүүгч З.Г-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2024/0072 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Илтгэгч гишүүний саналд:  “...Тус шүүхийн Тамгын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6/35 дугаар тушаалаар шүүгч Б.М-д мөн өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны 120 хоногийн, мөн хүүхэд асрах чөлөөг үргэлжлүүлэн 3 жилийн хугацаанд олгожээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5.-т энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шүүгчдийн зөвлөгөөнөөр батлахаар заасан.

... шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр тогтоолын хавсралтаар хуулийн дээрх заалтыг үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шинэчлэн баталсан. 

Шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч З.Г  даргалж, шүүгч Б.М хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул цахимаар оролцсон байх ба захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг 1/ Ерөнхий шүүгч З.Г  гэсэн дарааллаар тойрог үүсгэн сугалаагаар томилох, хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох дарааллыг 1/ерөнхий шүүгч З.Г , 2/ адил шатны шүүхээс сугалаагаар томилогдсон шүүгч, 3/адил шатны шүүхээс сугалаагаар томилогдсон шүүгч гэж тогтоосон ба тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулсан шүүгч нь шүүх хуралдааны даргалагч байхаар тогтоожээ.

“Б” ХХК-ийн нэхэмжлэл дээрх журамд заасны дагуу бүртгэл хяналтын нэгдсэн системээс шүүгч З.Г-т хуваарилагдсан нь тус системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Иймд өргөдлийн 1-д дурдсан “...”Б”   ХХК-ийн нэхэмжлэлийг шүүхэд хэрэг хуваарилах тухай журам зааврыг зөрчиж мөн тодорхой ашиг сонирхлын дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Г  өөрт хуваарилуулсан,  ... бусдын ашиг сонирхлыг хамгаалах, ажил албаны чиг үүргээ ашиглан бусдад давуу байдал бий болгосон...” гэх гомдол үндэслэлгүй.

... шатны шүүх 2 шүүгчтэй бөгөөд шүүгч Б.М хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа шүүгчдийн зөвлөгөөнд цахимаар оролцож, зөвлөгөөний тогтоолд гарын үсэг зурсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Өргөдлийн 2-т дурдсан гомдолд дүгнэлт хийхийн өмнө шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой дараах ажиллагаа явуулсныг дурдах нь зүйтэй. Үүнд:

Шүүгч нэхэмжлэлд хэрэг үүсгэсний дараа хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан тайлбар гаргах хугацаа тогтоосон, хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлан өгсөн ба хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлжээ. 

Шүүхийн шаардсанаар ... Улсын бүртгэлийн хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Б ч” ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой баримт,  Б сумын Засаг даргаас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Б” ХХК-ийн эзэмшиж байсан газрын ...00250 нэгж талбарын дугаартай хувийн хэргийг ирүүлсэн.

Нэхэмжлэгч “... А/24 дүгээр захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх”, “...үзлэг хийлгэх” хүсэлт гаргасан, шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 0048 дугаар захирамжаар хүсэлтийг хангасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,  Б сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын алба, Б сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  ... аймгийн Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас холбогдох баримт шаардсаныг ирүүлсэн байна.

Шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 0049 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Б ч” ХХК-ийг татан оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0008 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоног, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0011 дүгээр тогтоолоор 15 хоног, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0004 дүгээр тогтоолоор 30 хоногоор тус тус сунгасан.

Шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 0068 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан, ... шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 712 дугаар тогтоолоор 0068 дугаар захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Мөн шүүхийн шаардсанаар Б сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогч нарт мэдэгджээ. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах”, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасныг хангаж, ... прокурорын газраас Г.Н-д холбогдуулж үйлдсэн, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 506 дугаартай яллах дүгнэлтийг гаргуулах, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоож, шүүгчийн 0126 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан, холбогдох баримтууд  хэрэгт авагдсан байна. 

Хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгчийн 0133 дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,  ... шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1034 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээжээ. 

2.1.Шалгах ажиллагааны явцад “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд

а/ даргалагч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааныг нээж, өмгөөлөгч яагаад ирээгүй вэ гэхэд

Нэхэмжлэгч: Манай өмгөөлөгчийн өөр нэг үйлчлүүлэгч Солонгос улсаас ирээд яаралтай гэрчийн мэдүүлэг өгөх болж, өмгөөлөгч зайлшгүй оролцох болсон тул ирээгүй. Нөгөө хүн нь гадаадаас ирэхдээ ажлаасаа чөлөө аваад ирсэн. Шүүх хуралдаанд цахимаар ч оролцох боломжгүй байна гэсэн. /Бичлэгийн 0:01:04-0:01:21/

Даргалагчаас: Хариуцагч биечлэн ирсэн байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-с өөр 2 төлөөлөгч оролцуулахаар итгэмжлэл дээр нэр заасан байсан. Тэр 2 хүн яасан бэ гэхэд /Бичлэгийн 0:03:21-0:03:45/

Даргалагчаас: Гуравдагч этгээдийн тал мөн адил ямар нэгэн шалтгаан тайлбар байхгүй шүүх хуралдаанд биечлэн ирээгүй. Та бүхнийг шүүх хуралдаанд биечлэн ирж эрх ашиг нь зөрчигдөж байгаа бол түүнийгээ хамгаалаад шүүхийн танхимд мэтгэлцэх боломжоор хангах гэж шүүх ингэж шаардаад байгаа юм гэхэд /Бичлэгийн 0:04:59-0:05:33/

Даргалагчаас: Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын агуулга, хүсэлтийг уншиж танилцуулав. Нэхэмжлэгч талд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон хүсэлттэйгээ холбогдуулж нэмж хэлэх зүйл байна уу гэхэд /Бичлэгийн 0:14:35-0:15:43/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Байхгүй гэв. /Бичлэгийн 0:15:46/

Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудал болон танай гаргасан хүсэлтүүдийг хамтад нь шийдвэрлэнэ. Нэхэмжлэл дээр аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/187, А/188 гэсэн захирамжуудыг дөнгөж хэргээс танилцлаа гэсэн байна. Ямар үндэслэлээр 10 гаруй жилийн өмнө гарсан захирамжийг яагаад одоо илт хууль бус болохыг тогтоолгоё гэж шаардлага гаргаж байгаа вэ, тухайн үедээ ч юм уу эсхүл тусад нь нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлж болоогүй юм уу, та бүхэн тус бүрдээ 3-4 удаа хэргийн материалтай танилцсан байна. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл багадаа 3 удаа хэргийн материалтай танилцсан байна. Ингэж хэрэгтэй танилцсан тухайн үедээ энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах боломж байгаагүй юу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаад хуралдаан товлоход хүсэлт гаргасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа юу, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол шүүхийн ажиллагааг удаашруулахад чиглэсэн үйлдэл гэж ойлгогдохоор байна. Үүнд нэхэмжлэгч тал тайлбар өгөөч гэхэд /Бичлэгийн 0:15:52-0:18:09/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Энэ дурдаад байгаа захирамжуудыг бид өмнөх хурал дээр мэдсэн. Мэдсэнийхээ дараа нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, энэ хурал дээр оруулж нэг мөр шийдүүлсэн дээр гэж бодсон. Манай зүгээс шүүх хуралдааныг удаашруулж, хойшлуулъя гэсэн зүйл байхгүй, харин ч түргэн шуурхай шийдүүлэх тал дээр анхаарч байгаа гэв. /Бичлэгийн 0:18:10-0:18:50/      

Даргалагчаас: Энэ захирамжууд хэрэгт аль хэдийн ирчихсэн байсан. Хариуцагч тал 5 дугаар сард хариу тайлбараа ирүүлэхдээ эдгээр баримтуудыг хавсаргаж өгсөн. Хэргийн материалтай бүрэн танилцсан бол энэ захирамжууд хэрэгт байсан. Сүүлд ингэж гаргаж байгаа нь ямар учиртай вэ гэхэд /Бичлэгийн 0:18:51-0:19:11/

 Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Би өмнөх хурал дээр мэдсэн. Ийм захирамжууд байна урьд нь энэ захирамжуудыг авч байсан уу гэж өмгөөлөгч хэлэхэд тухайн үед л мэдсэн. Хэрэгт авагдсан захирамжуудыг харсан гэхдээ зөвхөн манай газрыг хүчингүй болгосон захирамжуудыг л анхаараад байсан чинь ийм захирамжууд гарсан байсан гэв.  /Бичлэгийн 0:19:12-0:19:40/

Даргалагчаас: Маргаад байсан захирамжууд хэрэгт аль хэдийн байсан гэдгийг тайлбарлаж хэлье. Та бүхнийг хэрэгтэй танилцсаны дараа нэмж хийнэ гэсэн ойлголт байхгүй. Та бүхэн 5 дугаар сарын 16, 28, 6 дугаар сарын 20, 7 дугаар сарын 20, 10 дугаар сарын 14-ний өдөр гээд доод тал нь 3-4 удаа танилцсан болохыг тодотгож хэлсэн. Б сумын ЗДТГ-аас ирүүлсэн маргаан бүхий газрын хувийн хэргүүд дээр яг энэ захирамж гарсан тухайн сардаа буюу 07 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Б сум руу, мөн “Б” ХХК-ийн тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.Б гэдэг хүн рүү энэ захирамж хүчингүй болгосон гэдэг байдлаар мэдэгдэл, тоот явуулж байсан байна. Үүнд хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:19:41-0:20:53/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Энэ н.Б гэдэг хүн 2013 оноос ажлаа хийхгүй явчихсан хүн. “Б “ХХК-ийг төлөөлж байсан хүн биш, тухайн үед би өөрөө ганцаараа төлөөлж байсан. Тухайн үед намайг төлөөлж байхад гардуулж өгсөн зүйл байхгүй. Өмнөх хурал дээр мэдээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, мөн таны өгсөн нэхэмжлэлээ тодруулах зүйл байна уу гэсэн бичгийн дагуу хариу болгож ихэсгэсэн гэв. /Бичлэгийн 0:20:54-0:21:28/

Даргалагчаас: Бас ийм нэг асуудал байна. 1 дэх шаардлагад дурдсан аймгийн даргын А/187, А/188 дугаар захирамжууд 2013 онд гарсан. Гэтэл 2017 онд хүчин төгөлдөр болсон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг баримтлаад, 2013 оны захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгч зөвлөсний дагуу бичсэн үү. Үүнд тайлбар байна уу? гэхэд /Бичлэгийн 0:21:29-0:22:04/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Бид нарын зүгээс хууль, эрх зүйн мэдлэг бага учраас өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаандаа ормоор байна гэв. /Бичлэгийн 0:22:05-0:22:18/

Даргалагчаас: Та бүхний бичсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэлбэр, агуулгын хувьд хуульд нийцсэн байж шүүх хүлээж авах эсэхээ шийдэж, нөгөө талуудад гардуулж, тайлбар авна. Тэгэхээр шаардлага, үндэслэл чинь тодорхойгүй болохоор гаргаад байгаа нэхэмжлэлийг бусад оролцогч нарт гардуулж, тайлбар авах боломжгүй болчхоод байна. Тодруулж асууя гэхээр та хоёр маань хуульчаасаа зөвлөгөө авъя гэх байдлаар тайлбар хэлж байна. 2 дахь шаардлагыг хэнд холбогдуулж гаргаж байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:22:19-0:23:05/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Б сумын Засаг дарга Г.А-т холбогдуулан гаргаж байгаа. Тухайн үед буюу 2011-2012 оны хооронд Засаг дарга Б.А нь Б сумын газрын даамлаар ажилладаг байсан гэв. /Бичлэгийн 0:23:06-0:23:24/

Даргалагчаас: Газрын даамлын хувьд холбогдуулж байгаа юм уу, Засаг даргынх нь хувьд холбогдуулж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:23:25-0:23:28/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Засаг даргын хувьд гаргаж байгаа гэв. /Бичлэгийн 0:23:29-0:23:33/

Даргалагчаас: Хариуцагч хүсэлттэй нь холбогдуулан тайлбар хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:23:34-0:23:46/

Хариуцагч: Миний хувьд энэ асуудлуудыг сая л сонсож байна. Энэ 140, 141 гээд 2 захирамж байгаа юм. Энэ нь манай суманд төмөр замын ачилт буулгалтын салаа зам байдаг юм. Энэ салаа зам дээр төмөр замын ачиж буулгах зориулалтаар 1.5 га газрыг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй. Ямар нэгэн дуудлага худалдаагаар олгоогүй, шууд давуу байдлаар тухайн үеийн Засаг дарга олгосон байсныг аймгийн Засаг дарга 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/187, А/188 дугаартай захирамжуудаар энэ газруудыг нь хүчингүй болгосон байдаг, үүнийг аймгийн Засаг даргын 255 дугаартай албан тоот бичгүүдээр тухайн үеийн захирал байсан н.Б гэдэг хүнд хүргүүлсэн. Энэ нь тусдаа салаа зам дээр ачилт буулгалтын талбай өгсөн 1.5 га газартай холбоотой. Түүнээс биш одоогийн 5 га газартай холбоотой, надтай хамаатай маргаантай холбоогүй, газар нь өөр газар байгаа. Тэгэхээр энэ захирамжуудыг мэдсэн байх гэв. /Бичлэгийн 0:23:47-0:25:24/

Даргалагчаас: Тухайн үед та газрын даамлаар ажиллаж байсан юм уу гэхэд /Бичлэгийн 0:25:25-0:25:26/

Хариуцагч: Би 2005-2010 он хүртэл газрын даамал хийж байсан гэв. /Бичлэгийн 0:25:27-0:25:35/

Даргалагчаас: 2013 оны аймгийн Засаг даргын захирамжийг нэхэмжлэгч компанид гардуулах ажиллагаанд оролцоогүй юм уу гэхэд /Бичлэгийн 0:25:36-0:25:42/

Хариуцагч: Оролцоогүй, 2010 онд би Б сумын Тамгын газрын даргаар ажиллаж байсан гэв. /Бичлэгийн 0:25:43-0:25:53/

Даргалагчаас: Та маргаад байгаа 140, 141 дугаартай захирамжаар 2 байршилд олгосон 1.5,1.5 га газар байршлын хувьд тусдаа гэж хэлээд байна тийм үү гэхэд /Бичлэгийн 0:25:55-0:26:05/

Хариуцагч: Тусдаа... гэв. /Бичлэгийн 0:26:06-0:26:18/

Даргалагчаас: 2 дахь шаардлагын хувьд тайлбараа хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:26:27-0:26:33/

Хариуцагч: Тэр газрыг шилжүүлэх хүсэлт ирж байгаагүй. Би 2010 онд ажлаа өгсөн, миний дараагаас 4 газрын даамал солигдсон. 2, 3 Засаг дарга солигдсон тиймээс тэр асуудал надад хамаагүй. Өнөөдрийг хүртэл Тамгын газарт тэр тухай хүсэлт ирж газрын эрхийг шилжүүлсэн асуудал байхгүй. Тухайн өмчлөлийн газрыг эзэмшлийн газар болгож худалдаж авч байгаа бол хуулиар эзэмшил, өмчлөл хоёр тусдаа учир өмчлөлийн газрыг эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалттай газар болгож болохгүй гэсэн заалт байдаг. Тийм учир энэ талаар сайн мэдэхгүй байна. /Бичлэгийн 0:26:40-0:27:30/

Даргалагчаас: Манайхаас Газрын албанаас лавлагаа авсан байгаа, маргаан бүхий үйлдвэрийн газрын орчимд байгаа зургуудыг ирүүлсэн. Үүнд н.Х-ийн өмчлөлийн байшин гэдэг нь эдний хашаан доторх орц гарцын хэсгийн байшинг хэлээд байна уу гэхэд /Бичлэгийн 0:27:31-0:27:52/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Тийм гэв. /Бичлэгийн 0:27:53/

Даргалагчаас: 497 м.кв газар байна. Иргэн н.Б гээд хойд талд нь 208 м.кв газар давхацсан гэх зургийг харсан уу. Газрын даамлаар ажиллаж байхад энэ 2 хүн тухайн орчимд газар эзэмшиж, өмчилж байсан уу. Одоо энэ хүмүүсийн эзэмшилд байгаа эсэх талаар мэдэж байгаа зүйл байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:27:54-0:28:27/

Хариуцагч: Одоогоор энэ газар дээр яг үйлдвэрлэлийн зориулалтаар зураг татаж өгсөн байна. Энэ зурагт иргэн н.Х-ийн 497 м.кв газар байна. Иргэн н.Б-ийн 208 м.кв газар орсон байна. Бусдыг нь дур мэдэн ашиглаж байна гэсэн байна. Тэгэхээр энэ тухайн иргэнтэйгээ яаж тохирсныг нь би мэдэхгүй байна гэв. /Бичлэгийн 0:28:28-0:28:56/

Даргалагчаас: Энэ 2 хүн тэнд газар эзэмших эрхтэй юу, танд мэдэж байгаа зүйл байна уу гэхэд /Бичлэгийн 0:28:57-0:28:59/

Хариуцагч: Тухайн үед өмчлөлийн зориулалттай газруудыг 0.5 га-гаар олгож байсан. Тэгэхээр жоохон газрууд нь орсон юм байна. Орсон газруудаа өөрсдөө тухайн хүнтэйгээ гэрээ байгуулаад газар ашиглах гэдэг юм уу, худалдах, худалдан авах гэрээ хийсэн ч юм уу, би сайн мэдэхгүй байна гэв. /Бичлэгийн 0:29:03-0:29:23/

Даргалагчаас:нэр бүхий 2 иргэний зүгээс Засаг даргад эсхүл газрын даамалд хандаад газар эзэмших эрхээ өөр хүнд шилжүүлье гэсэн өргөдөл гаргасан уу. н.Н нэртэй 2 иргэн байгаа юм байна. Т.А даргад хандаж байсан, шийдэж өгнө гэсэн хэр нь шийдэж өгөхгүй байна гээд өргөдөлдөө дурдсан байсан. Энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу гэхэд /Бичлэгийн 0:29:24-0:29:54/

Хариуцагч: Энэ хүмүүс тухайн үед хүсэлтээ өгөөд гаргаж байсан эсэхийг мэдэхгүй байна гэв. /Бичлэгийн 0:29:58-0:30:05/

Даргалагчаас: 2020, 2021 онуудад тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан сумын дарга Т.А-тай уулзаж эдгээр иргэдийн газрыг манай нэр дээр шилжүүлэх талаар асуухад өө тийм 2 н.Н-н газрыг санаж байна. шилжүүлэхэд асуудалгүй гэж байнга хэлдэг. Дарга болсных нь дараа итгээд хүлээгээд байхад шийдэж өгөхгүй яваад байна гэжээ. /Бичлэгийн 0:30:07-0:30:30/

Хариуцагч: Гүтгэлэг байна, бидний хооронд тийм яриа болоогүй. Саяхан 1 сарын өмнө миний өрөөнд Цэгмэд нарын 4 хүн орж ирж байсан, хэзээ ч тийм зүйл ярьж байгаагүй, би таньдаг ч үгүй гэв. /Бичлэгийн 0:30:31-0:30:58/

Даргалагчаас: 2 н.Н-н газар гэдэг нь байршлын хувьд н.Х-, н.Б гэдгээс өөр газар юм уу, нэг газар юм уу гэхэд /Бичлэгийн 0:30:58-0:31:04/

Хариуцагч: Сайн мэдэхгүй байна. н.Б гэдэг хүн нь одоо энэ газартаа амьдарч байгаа. н.Х гэдэг нь үйлдвэрийн хойд талд хуучин эмнэлгийн хажууд газар авсан байдаг гэв. /Бичлэгийн 0:31:05-0:31:20/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Надад нэг хүсэлт байна. ... прокурорын газраас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагч Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн 506 дугаартай яллах дүгнэлтийг энэ хэрэгт нотлох баримтаар хавсаргуулах хүсэлттэй байна. Тухайн баримтыг гаргуулснаар ямар ач холбогдолтой вэ гэхээр “Б” ХХК тухайн маргаан бүхий газрыг хууль бусаар ашиглуулсан үйл баримтыг нотлуулах зорилготойгоор яллах дүгнэлтийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлттэй байна гэв. /Бичлэгийн 0:31:38-0:32:15/

Даргалагчаас: Уг үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм уу гэхэд /Бичлэгийн 0:32:41-0:32:43/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Яллах дүгнэлтэд тухайн үйл баримтыг дурдагдсан байдаг гэв. /Бичлэгийн 0:32:45-0:32:49/

Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал байна уу. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцоогүй учраас өмгөөлөгчтэй оролцмоор байна гэх хүсэлт гаргасан гэхэд /Бичлэгийн 0:32:51-0:32:56/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өөр хэрэг дээр гэрч асуух ажиллагаанд оролцож байгаа гэж төлөөлөгч нь тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Зарлагдсан шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй.  Ямар нэгэн баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр үргэлжлүүлэх саналтай байна гэв. /Бичлэгийн 0:32:56-0:33:25/

Даргалагчаас: Прокурорын яллах дүгнэлтээ танайх өөрсдөө гаргаж өгөх боломжгүй юм уу гэхэд /Бичлэгийн 0:33:36-0:33:38/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манайх гаргаж өгөх боломжгүй учраас шүүхийн журмаар гаргуулъя гэв. /Бичлэгийн 0:33:40-0:33:47/

Даргалагчаас: Нэхэмжлэгч талаас тодруулъя. Нэгдүгээрт, сумын Засаг дарга нь манайд энэ асуудлаар хандаж байгаагүй гэх тайлбарт товч тайлбар хэлье. Хоёрдугаарт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбогдуулан тайлбар хэлье гэхэд /Бичлэгийн 0:33:48-0:34:03/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Прокурорын газраас гаргуулъя гэсэн материалыг шаардлагатай гэвэл гаргуулахад татгалзах зүйл байхгүй. Газартай холбоотой ямар нэгэн асуудлыг дурдсан зүйл байхгүй. О.Н гэдэг нь н.Х-ийн газар, М.Н гэдэг нь хойд талын 2 газар. Сая Засаг дарга өөрөө бас хэлж байна. Тухайн үед манайх 0.5 га газрыг иргэнд эзэмшүүлдэг байсан. Манай н.Х- , н.Г гэдэг залуугаас мөнгө авсан асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Энэ хүн өөрөө ингэж гүрийж, худал хэлж болохгүй гэж бодож байна... гэв. /Бичлэгийн 0:34:04-0:36:13/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-оос асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:36:14-0:39:18/ гэжээ.

б/Даргалагчаас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг нээж, ирцийн талаар санал асуухад

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Манай өмгөөлөгчийн биеийн байдал тааруу байгаа. Болохгүй бол өөр өмгөөлөгч авъя гэж бодож байна. Шинээр өмгөөлөгч авах учраас шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв. /Бичлэгийн 0:02:12-0:02:34/

Даргалагчаас: Хариуцагч болон гуравдагч этгээдээс хурлын ирцтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асууж, хариулт авав /Бичлэгийн 0:02:40-0:04:02/

Даргалагчаас: Нэхэмжлэгч Г.Н-оос гаргасан хүсэлттэй нь холбогдуулан асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:04:10-0:04:45/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-оос асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:06:30-0:08:46/

Даргалагчаас: Хурлын ирцийг шийдэхээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээж авах эсэх асуудлыг шийдэж байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш үргэлжилнэ гээд хариуцагч Г.А-ын ирүүлсэн хариу тайлбарын агуулгыг уншиж танилцуулав. /Бичлэгийн 0:08:47-0:09:53/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:09:54-0:10:20/

Даргалагчаас: Танхимд байгаа оролцогчдыг индрийн өмнө дуудаж, хэрэгт авагдсан газрын байршлын зураглал үзүүлж, нэр дурдсан иргэдийн газрын байршлын талаар ярилцав. /Бичлэгийн 0:10:21-0:12:06/

Хариуцагч: Нэмэлт тайлбар хэлье гээд нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:12:07-0:16:59/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Тайлбар хэлэв. /Бичлэгийн  0:17:23-0:19:08/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-оос асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:19:10-0:23:39/

Даргалагчаас: Хариуцагчид хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:23:40-0:23:43/

Хариуцагч: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:23:44-0:24:58/

Даргалагчаас: Хариу тайлбартай нь холбогдуулан асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:24:59-0:31:02/

Даргалагчаас: Нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор гуравдагч Х.Лхагвахүүд хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:31:13-0:31:15/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлага нь энэ хэрэг маргаантай холбоогүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх байр суурьтай байна гэв. /Бичлэгийн 0:31:16-0:31:33/

Даргалагчаас: Захирамжууд нь хэрэгт байгаа. О.Н-н эзэмшилд бол З.Х руу гэрээ хийгдээд сумын Засаг даргын захирамжаар баталгаажигдаад шилжсэн байгаа. Тэр газрыг “Б” ХХК руу гэдэг хүсэлт, хэлцэл хийгдэж байсан уу? энэ асуудлаар Тамгын газарт хандаж байсан зүйл байна уу? гэхэд /Бичлэгийн 0:31:43-0:35:26/

Даргалагчаас: Өөр нэмж хэлэх тайлбартай оролцогч байна уу гэхэд /Бичлэгийн 0:35:37-0:35:39/

Хариуцагч: Нэмэлт тайлбар хэлэв. /Бичлэгийн 0:35:41-0:37:41/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Тухайн үед нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж байсан Засаг дарга н.М, н.Ц хоёрыг гэрчээр оролцуулж өөрсдийнх нь байр суурь ямар байгааг асуумаар байна гэв. /Бичлэгийн 0:38:09-0:38:26/

Даргалагчаас: Одоо хэлэлцэхгүй шүү дээ. Одоо зөвхөн танай нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэнэ. О.Н гэх хүний эзэмшиж байсан 700 м.кв газрыг н.Х руу шилжүүлсэн. Н.Х- оос танай компани руу шилжүүлэх гэрээ хэлцэл хийгдсэн гэж та тайлбарлаж байна гэхэд /Бичлэгийн 0:38:27-0:38:57/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Х гэх хүн “Б” ХХК-ийн менежер байсан. Бүх санхүүжилтийг компаниас гаргасан н.Г, н.Х нараар дамжуулж О.Н, С.Н рүү өгөөд гэрээ, хэлцлүүд хийсэн. Өөрсдийнхөө нэр дээр авах гэхэд гэрчилгээ гараагүй гэж хэлээд бид нараар мөнгө төлүүлж байсан. Хэрвээ Засаг даргын Тамгын газраас бид нарт газар байхгүй гэж хэлсэн бол бид нар авахгүй байсан гэжээ. /Бичлэгийн 0:38:59-0:39:36/

Дээрх 2 шүүх хуралдааны тэмдэглэл шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх ба хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 7.2.-т “Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй” гэж заасан.

Өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй шалтгааныг шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж тодруулан, улмаар шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангасан ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, зохигчийн нотлох баримт гаргуулах талаарх хүсэлттэй холбогдуулан тэднээс асуулт асуусныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн ... шатны шүүхийн 366 дугаар магадлалд “...давж заалдах гомдолд Г.Н-ын яллах дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргахад шүүх татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь ... хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүхийн нотлох баримт гаргуулах, цуглуулахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх оролцохгүй, ...үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй...” гэж дүгнэсэн ба магадлал хүчин төгөлдөр байна.

Хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгч дээрх асуудлаар хууль зөрчөөгүй ба    өргөдлийн 2.1-т дурдсан гомдол үндэслэлгүй.  

2.2. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд 0002 дугаар шийдвэр гаргасан ба шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгтэй утга агуулгын хувьд зөрүүгүй байна.

Шүүгч З.Г  шүүхийн хэлэлцүүлгийн явцад “би газар дээр үзлэг хийхэд нэг муу сэндвич байсан нураагаад болно ш дээ”,  “би тэгж ярьж хэлсэн бил үү, өө тийм би хэлсэн юм байна уучлаарай гэхдээ яах вэ” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгч энэ талаар “тэмдэглэлд битгий тусгаарай” гэж нарийн бичгийн даргад үүрэг өгсөн гэх байдал тогтоогдоогүй.

2.3. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн /https://judcouncil.mn/ 2022 оны 82 дугаар тогтоолоор баталсан Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар  оролцуулах ажлыг зохион байгуулах журмын 3.1-т “шүүх хуралдаанд оролцогч нь шүүх хуралдааны товыг мэдсэний дараа шүүх хуралдаанд цахимаар оролцох бол энэ тухай шүүгчийн туслахад бичгээр, эсхүл утсаар, Шүүхийн тамгын газрын албан ёсны цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ”,  3.3-т “энэ журмын 3.1-д заасан шүүх хуралдаанд оролцогчийг цахимаар оролцуулах эсэх талаарх шүүгч, шүүх бүрэлдэхүүний хариуг шүүгчийн туслах шүүх хуралдаан эхлэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ” гэж заасан.

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт: даргалагч шүүх хуралдааны оролцогчид хандан “Шүүх хуралдаанд цахимаар оролцох бол 3-аас доошгүй хоногийн өмнө баталгаагаа ирүүлж байгаарай. Өмгөөлөгчид нь хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан гарч өөр ажил давхацсан бол тодорхой хүсэлт, баримтаа ирүүл. Тэгэхгүй бол бусад оролцогч нарт танайх үндэслэлгүй хүсэлт гаргаад байхад тэрийг нь хангаад байгаа юм шиг тэгш бус ойлголтыг хэн алинд нь төрүүлж болохгүй. Өмгөөлөгчдөө дамжуулж хэлээрэй гэхэд /Бичлэгийн 0:02:55-0:03:18/

Нэхэмжлэгч: Ойлголоо /Бичлэгийн 0:03:19/ гэжээ.

Холбогдох шүүгч хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох боломжийг хангах зорилгоор шүүх хуралдаанд цахимаар оролцож болох, энэ талаарх холбогдох журмыг тайлбарлан өгснийг  хэргийн оролцогч нарт ялгавартай хандсан гэж үзэхгүй.

Түүнчлэн  Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулах буюу мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлдэг тул хэрэгт ач холбогдол бүхий баримтыг холбогдох байгууллага, хуулийн этгээдээс шаардан гаргуулах, ач холбогдолгүй буюу хэрэгт шаардлагагүй бол энэ  талаарх хүсэлтийг хангахгүй орхих эрхтэй, энэ нь хэргийн оролцогчийг дарамталсан гэж үзэх боломжгүй. Иймд өргөдлийн 2.3-т заасан гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

2.4. Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0008 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргээс ... аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарласан ба ийнхүү шийдвэрлэхдээ шүүгч “...шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг хамтад нь явуулж байсан боловч эдгээр захиргааны хэрэг нь хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай, шаардлага тус бүрд тодорхойлсон маргаан бүхий газар өөр өөр буюу байршилтай, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хийгээд түүнд холбогдох маргааны үйл баримтын хувьд ялгаатай...тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай шийдвэрлэх ач холбогдолтой...” гэж дүгнэж, энэ тухайгаа захирамжид тодорхой тусгажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.-т “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн хэргийг шийдвэрлэж буй шүүгч хэргийг тусгаарлах, нэгтгэх асуудлыг бие даан шийдвэрлэх бөгөөд дээр дурдсан үндэслэлээр хэргийг тусгаарласан нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ давж заалдах шатны шүүх “....хэргийг тусгаарласныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхгүй” талаар магадлалд тодорхой заажээ. Иймд өргөдөлд дурдсан  “шүүгч З.Г  нь ...өөрийн төсөөлөл, хийсвэр бодлоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тулган явуулж байгаа...” гэх гомдол үндэслэлгүй.

2.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.-т зааснаар Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1-д заасан.

Холбогдох шүүгч маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад байгууллага, албан тушаалтнаас  хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гаргуулахаар шаардаж, улмаар энэхүү үүргээ биелүүлэхэд тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээхийг сануулж, энэ тухайг тухайн албан бичигт тодорхой дурдаж байжээ. Үүнийг шүүгч шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхөөр зохион байгуулсан, хэн нэгний хүсэлт зорилгыг биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. 

Түүнчлэн уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгч З.Г-ийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр дэвшин ажилласан гэж үзэх үндэслэлгүй.

2.6. Шүүгч З.Г  шүүх хуралдааны явцад үг гуйвуулах, зандрах, зөвлөгөө өгөх зэрэг зөрчил гаргасан эсэхийг шалгаж, өргөдөлд дурдсан дараах 2 шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийв. Үүнд:

2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас шүүх хуралдааныг нээж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулж, нарийн бичгийн дарга оролцогчдын ирцийг илтгэе гэхэд ирц илтгэв.

Даргалагчаас: Оролцогч нарын биеийн байцаалттай танилцаж, ирцтэй холбоотой санал хүсэлт, татгалзан гарах хүсэлт, хуульд заасан эрх, үүргээс нэмж тайлбарлуулах зүйл байгаа эсэхийг асууж тодруулан, шүүх хуралдааны дэгийг танилцуулж, шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал, хүсэлт байна уу гэхэд /Бичлэгийн 0:00:58-0:05:36/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байна гэв. /Бичлэгийн 0:05:38/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гээд бичгээр гаргаж өгөв. /Бичлэгийн 0:05:47-0:06:07/

Даргалагч: ...Нэхэмжлэгийн төлөөлөгч Г.Н-оос 04 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр Байгаль орчны яам, аймгийн Прокурорын газраас баримт гаргуулах хүсэлт гаргасан. Прокурорын газраас баримт гаргуулсан байгаа. Нөгөө хүсэлтийнх нь тухайд хэлэлцүүлж байгаад шийдвэрлэе гээд шийдвэрлээгүй байгаа. Үүнийг тодруулъя. Өмгөөлөгч Д.А-гаас 04 дүгээр сарын 25-ны өдөр цахим шуудангаар хүсэлт ирүүлсэн. Энэ гаргасан хүсэлтүүдээ дэмжиж байгаа юу гэдэгт тайлбар хэлье гэхэд /Бичлэгийн 0:06:31-0:08:07/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Миний зүгээс аймгийн Прокурорын газрын тогтоолтой хаагдсан хэргийн материалыг бүхэлд нь гаргуулъя. Тогтоолоос харвал манай газартай холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгасан байдаг. Тухайн үед ажиллаж байсан газрын даамал, захиргааны ажилтнуудын мөрдөгчид өгсөн мэдүүлэг гэв. /Бичлэгийн 0:08:09-0:08:51/

Даргалагчаас: Таны өгсөн хүсэлт тодорхойгүй байна. Таны хүсэлтийг уншаад прокурорын тогтоолыг гаргуулъя гэж ойлгосон. Хэрэгт ач холбогдолтой бүх баримт гэхээр шүүх уг хэрэгт ямар баримт байгааг тодорхойлох боломжгүй гэхэд /Бичлэгийн 0:08:52-0:09:04/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тухайн үеийн албан хаагч, газрын даамлуудын өгч байсан мэдүүлэг бүрэн эхээр байвал харагдах байх гэж бодож байна гэв. /Бичлэгийн 0:09:05-0:09:22/

Даргалагчаас: Та ямар ямар баримтыг хаанаас гаргуулахыг хүсэж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:09:23-0:09:26/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Прокурорын газраас хавтаст хэргээс н.Г, н.Б, н.Э нарын мэдүүлгүүдийг гаргуулъя. /Бичлэгийн 0:09:28-0:10:49/

Даргалагчаас: Хүсэлттэй нь холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:10:50-0:14:42/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 7 хүсэлт гаргаснаас нэгдэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гээд бусад гаргасан хүсэлтээ уншиж танилцуулан, хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарлав. /Бичлэгийн 0:15:03-0:21:45/

Даргалагчаас: 5 хүсэлт гэж ойлголоо гэхэд /Бичлэгийн 0:21:55-0:21:57/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тийм гэв. /Бичлэгийн 0:21:58/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ... аймгийн Б сумын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргуулъя гэв. /Бичлэгийн 0:22:11-0:22:19/

Даргалагчаас: Хариуцагч хүсэлттэй холбогдуулан тайлбар хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:24:30-0:24:31/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүсэлттэй холбогдуулан тайлбар хэлэв. /Бичлэгийн 0:25:27-0:29:59/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тайлбар хэлэв. /Бичлэгийн 0:30:06-0:31:09/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тайлбар хэлэв. /Бичлэгийн 0:31:10-0:33:14/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэмэлт тайлбар хэлэв. /Бичлэгийн 0:33:17-0:34:11/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:34:12-0:34:44/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Газрын тухай хуулийн 20.1.2-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах нь Аймаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх тэгэхээр тухайн сум нь ерөнхий төлөвлөгөө гаргана гэсэн ойлголт байхгүй. Тиймээс Б сумын Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гаргуулъя гэх хүсэлтийг хангах боломжгүй гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:34:48-0:35:19/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сумаас нь ерөнхий төлөвлөгөө байдаг эсэхийг асуугаад албан бичиг өгөхөд мэдэгдэнэ. /Бичлэгийн 0:35:21-0:35:30/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сум, дүүрэг бол тухайн аймгийнхаа ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлаж, тухайн жилийнхээ газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталдаг. /Бичлэгийн 0:35:32-0:35:39/

Даргалагчаас: Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэх ойлголт нь сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Газрын тухай хуульд зааснаар зөвхөн аймагт байна гэх заалт байгаа гэхэд /Бичлэгийн 0:35:40-0:35:45/

Даргалагчаас: Та эсвэл тухайн жилийн төлөвлөгөөг андуурч ерөнхий төлөвлөгөө гэж хэлээд байгаа юм болов уу /Бичлэгийн 0:36:00-0:36:03/

Даргалагчаас: Хүсэлтүүдийн агуулгыг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэх байдлаар тайлбарлаж байна. Мейл хаяг хүргүүлсэн, шуудан хүргүүлсэн шуудан үйлчилгээний газраас баримт гаргуулъя гэх хүсэлтийн тухайд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхөд хамааралтай юу. Өөрөөр хэлбэл А/187, А/188 дугаар захирамжийг “Б” ХХК-д хэзээ яаж хүргүүлсэн талаар цаг хугацааны хувьд тодруулах шаардлага нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхөд хамааралтай гэх тайлбар хэлсэн. Үүнд өмгөөлөгч тодруулга хэлэх үү гэхэд /Бичлэгийн 0:36:24-0:37:03/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах эрхтэй. Миний үйлчлүүлэгч Б сумын Засаг даргад холбогдох хэрэгт хамааралтай гэж үзээд баримтыг татуулахад А/187, А/188 дугаар захирамж гарсныг мэдсэн гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой баримтуудыг авбал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилнө гэв. /Бичлэгийн 0:37:07-0:37:55/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:37:56-0:39:46/

Даргалагчаас: Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхөөс өмнөх шаардлагын хүрээнд 47.1.6, 47.1.7 гэж тодорхойлсон. Та бүхнийг анх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байх үед 47.1.6 гэх ерөнхий хуулийн заалт эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх заалт байсан. Та бүхнийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд явж байх хооронд УИХ-аас ерөнхий хуулийн уг заалтыг өөрчилсөн байна. Өөрчлөхдөө 47.1.6 гэх заалт захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж хуулийн томьёоллыг өөрчилсөн байна. Тэгэхээр та бүхний нэхэмжлэлийн шаардлага 47.1.6 гэж тодорхойлж байгаа агуулга нь эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тодорхойлогдож байна уу эсхүл шинэ хуулийн дагуу акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй юу гэдгийг эхлээд тодруулах шаардлагатай байна гэхэд /Бичлэгийн 0:40:07-0:41:17/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг нь тохирч байна гэв. /Бичлэгийн 0:41:18-0:41:32/

Даргалагчаас: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ингэж тодруулаад явах юм уу. Ингэж тодруулахад хариуцагч хуралдаанд амаар тайлбарлаад оролцох боломжтой юу эсхүл хуульд заасан эрхийнхээ дагуу бичгээр тодруулж авсных нь дараа тайлбар гаргах уу гэдэг нь хариуцагчаас хамаарна гэхэд /Бичлэгийн 0:41:35-0:41:49/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг тохирч байна гэв. /Бичлэгийн 0:41:49-0:41:52/

Даргалагчаас: Мэтгэлцэх зарчмыг хангахын тулд тодруулах ажиллагаа хийх шаардлагатай байна. Хариуцагч ямар саналтай байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон хуулийн заалтыг УИХ-аас өөрчилсөн гэхэд /Бичлэгийн 0:41:52-0:42:05/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манай зүгээс судалж үзье. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болговол түүнд нь тулгуурлаад тайлбараа гаргая гэв. /Бичлэгийн 0:42:07-0:42:21/

Даргалагчаас: Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээж авах эсэх асуудлыг одоогоор шийдвэрлэх боломжгүй байна. Яагаад гэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан баримтуудыг цуглуулах хүсэлтийг хангах эсэхээс хамаарна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчиллөө гэж үзвэл үндэслэлээ тодорхойлох эрх нэхэмжлэгч, төлөөлөгч нарт байгаа учраас үүнийг тодруулах шаардлагатай гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг түр завсарлуулав. /Бичлэгийн 0:43:54-0:44:40/

Даргалагч 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг нээж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулж, нарийн бичгийн дарга оролцогчдын ирцийг илтгэе гэхэд нарийн бичгийн дарга ирц илтгэв.

Даргалагчаас: Шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал хүсэлт, татгалзан гарах хүсэлт, хуульд заасан эрх, үүргээс нэмж тайлбарлуулах зүйл байгаа эсэхийг асууж тодруулан, шүүх хуралдааны дэгийг танилцуулж, шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал, хүсэлт байна уу гэхэд /Бичлэгийн 0:00:39-0:04:02/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Өмнөх 2 хуралдаанд миний бие оролцоогүй хүсэлт гаргасан. Уг хүсэлтээ эх хувиар нь өгье. 6 дугаар сарын 14-ний өдөр цахимаар хүсэлтээ явуулсан. Хүсэлтэд дурдсан баримтуудыг авсан харагдсан. Нэг баримт авагдаагүй байна гэв. /Бичлэгийн 0:04:03-0:04:50/

Даргалагчаас: Таны гаргасан хүсэлттэй холбогдуулан товч тайлбар хэлье. 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтийг шүүх 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Хүсэлтийн 1-т шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ дэмжиж байна. 2-т иргэн А.Г-г гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү. 3-т хоёр байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. Шүүхийн үзлэгийн тэмдэглэл таныг хүсэлт гаргахаас өмнө хэрэгт авагдсан байсан. ... прокурорын газраас дурдсан тогтоолыг хүсэлтийн дагуу хэрэгт авсан. Дугаарлагдаагүй нэг хүсэлт байсан энэ талаар тодруулна. А.Г-г гуравдагч этгээдээр оролцуулъя гэх хүсэлтийг шийдвэрлэхийн тулд холбогдох нотлох баримтуудыг хэд хэдэн байгууллагаас шаардсан. Тухайлбал тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ... прокурорын газар, ... Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн тусгай архиваас холбогдох баримтыг шаардаж авсан. Та бүхний хүсэлтээр шүүх хуралдаанууд хойшлогдсон. Хариуцагчийн төлөөлөгч нараас хүсэлтийг хэлэлцэхийн тулд талуудыг оролцуулж мэтгэлцэх байдлаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, тайлбар гаргасныг харгалзан уг үндэслэлээр хүсэлтийг хэлэлцэхгүй хойшлуулсан болохыг тайлбарлая. Та ямар үндэслэлээр А.Г-г гуравдагч этгээдээр оролцуулъя гэх хүсэлт гаргасан мөн зураглал хийлгүүлэхийг даалгая гэх хүсэлтийн Геодези, зураг зүйн газар гэж аль газрыг хэлж байгаа талаар тодруулж тайлбарлана уу гэхэд /Бичлэгийн 0:04:57-0:06:51/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:06:52-0:11:13/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:11:14-0:14:33/

Даргалагчаас: ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018 онд гарсан байсан хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй гэх лавлагаа ирүүлсэн. Таны хүсэлтийн дараа Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад уг объектын өмчлөгч нь өөрчлөгдөөгүй, ямар нэгэн шилжүүлэг хийгдээгүй гэх лавлагаа ирүүлсэн. 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл яагаад өмчлөгч нь өөрчлөгдөөгүй вэ гэхэд /Бичлэгийн 0:14:31-0:14:51/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:14:52-0:16:08/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:16:09-0:17:07/

Даргалагчаас: Өөр санал хүсэлт байна уу гэхэд /Бичлэгийн 0:17:16-0:17:19/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцъё. Г.Н 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнээс татгалзуулаад дахин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10.12 га газарт холбогдох хэсэгт “Б ч” ХХК-д хамааралтай 10.12 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж шаардлагаа ихэсгэх боломжтой юм болов уу гэж харж байна гэв. /Бичлэгийн 0:17:20-0:17:52/

Даргалагчаас: Хүсэлттэй нь холбогдуулан оролцогчдоос асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:17:53-0:20:51/

Даргалагчаас: Хүсэлттэй холбогдуулан оролцогчдын тайлбарыг сонсов. /Бичлэгийн 0:20:52-00:22:18/

Даргалагчаас: Хүсэлттэй нь холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:22:19-0:22:58/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:23:00-0:25:23/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 12 дугаар сарын тухайн үеийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газар олгохтой холбоотой шийдвэр, тэмдэглэлүүдтэй танилцах, үзлэг хийлгэх боломж байгаа юу. Яагаад гэхээр 2019 онд тухайн 3 га газрыг 5 га газартай нийлүүлж нийт 10 га газрыг “Б” ХХК-д  олгосон хурлын шийдвэрийг сайтаас нь уншсан. Манайд албан ёсоор олгогдсон хурлын шийдвэр гарсныг Засаг дарга биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн байж болзошгүй үйл баримт байна гэв. /Бичлэгийн 0:25:26-0:26:21/

Даргалагчаас: 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 12 дугаар сарын хурлын тэмдэглэл ирсэн гэхэд  /Бичлэгийн 0:26:22-0:26:25/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Б ч” ХХК-д олгох эсэх асуудлыг хэлэлцсэн байсан. 2019, 2020 онд “Б” ХХК-д бүх газрыг олгоё гэж хуралдсан талаарх үйл баримт сайтад нь байсан. Уг баримтуудыг харж үзээд олгосон байвал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжтой гэж үзэж байна  /Бичлэгийн 0:26:26-0:26:52/

Даргалагчаас: Тухайн маргаан бүхий 3 га газрын асуудлыг “Б” ХХК-д олгох асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэлэлцэж шийдвэрлэсэн тохиолдол 2019, 2020 онд байгаа эсэхийг лавлаж өгнө үү гэх хүсэлт гаргаж байна гэж ойлголоо гэхэд /Бичлэгийн 0:26:53-0:27:03/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм, шийдвэрлэсэн асуудал байсан. Албан ёсоор шийдвэрлэчхээд яагаад манайд олгоогүй болохыг тодруулъя. Газартай холбоотой асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын баримтад үзлэг хийлгэх саналыг удаа дараа гаргасан гэв.  /Бичлэгийн 0:27:04-0:27:45/

Даргалагчаас: Та удаа дараа гаргаж байснаа хэдэн хэдний өдөр гаргаж байснаа нотолж хэлээрэй гэхэд /Бичлэгийн 0:27:46-0:27:51/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ хэрэгт биш тусгаарлагдсан хэрэгт 5 га газарт үзлэг хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан гэв. /Бичлэгийн 0:27:52-0:28:00/

Даргалагчаас: Аливаа хэлбэрээр гаргасан хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэж байгаа. Сайт гэснээс Г.Н төлөөлөгчөө Б сумын Засаг даргад холбогдох хэрэгт гаргасан давж заалдах гомдолд намайг сумын Засаг даргатай ганцаарчлан уулзсан талаар сумын веб сайтад мэдээлэл байна гэж дурдсан байсан. Ямар сайтад ямар мэдээлэл байсныг хэлж өгнө үү. Буруу зөрүүтэй асуудал байвал би хандаж шаардлага тавья гэхэд /Бичлэгийн 0:28:01-0:28:26/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б сумын Засаг даргын интернэт сайтад шүүхийн ажилчид ирж нөлөөллийн тухай сургалт зохион байгуулсан гэсэн байсан. Та Засаг дарга Г.А-тай ярилцахдаа би дээр танайд үзлэг хийхээр очиж уулзсан гэхэд нь тэгж ойлгосон гэв. /Бичлэгийн 0:28:27-0:28:54/

Даргалагчаас: Сургалтын үйл ажиллагааг шүүхийн Тамгын газраас зохион байгуулдаг. Шүүхээс тухайн суманд очиж үзлэг хийхдээ гэхэд /Бичлэгийн 0:28:55-0:29:02/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Яагаад хардах сэтгэл төрсөн гэхээр та үйлдвэр үйлчилгээ ямар өртгөөр барьдаг, босдогийг мэдэхгүй юм уу. Та сэндвичэн л барилга юм байна лээ ш дээ гэж хэлсэн. Гадуураа сэндвич шиг харагдаж байгаа боловч үйлдвэрийн тоног төхөөрөмж 7 метр гүнзгий цементээр цутгагдаж орон сууцнаас илүү өртгөөр баригддаг. Та ямар ч өртөг шингээгүй, хэний ч юм биш юм шиг хэлсэн.  /Бичлэгийн 0:29:01-0:29:34/

Даргалагчаас: Үгийн сонголт танд эмзэглэл төрүүлсэн бол хүлцэл өчье. Яагаад гэхээр үзлэг хийхэд бид нар дотор нь нэвтэрч чадаагүй учраас гаднах байдлаар нь харагдсан гэхэд /Бичлэгийн 0:29:32-0:29:41/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сайн үзэж байж яаж баригддаг гэдгийн мэдэж байж хэлэх хэрэгтэй. /Бичлэгийн 0:29:41-0:29:44/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:29:45-0:31:45/

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг уншиж зөв эсэхийг асууж тодруулж, хүсэлтүүдийг шийдвэрлэхээр шүүх

Даргалагчаас: Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн агуулгыг танилцуулж, шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, хуралдаан хаасныг мэдэгдэв. /Бичлэгийн 0:00:01-0:05:54/

 

Шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан ба шүүгч З.Г  хэргийн оролцогчийг загнасан, дарамталсан, зөвлөгөө өгсөн гэх байдал тогтоогдоогүй  болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.9, 50.1.20, 50.1.22, 50.1.23, 50.1.31-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...шатны шүүхийн шүүгч З.Г-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч З.Г  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“...А/ Г.Н-ын гаргасан гомдолд холбогдуулан юуны өмнө дараах 2
асуудлыг тодруулж дурдъя.

      “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Б сумын Засаг
даргад холбогдох .../2022/0004/з индекстэй захиргааны хэргийг хянан
шийдвэрлэсэн ... аймаг дахь ... анхан шатны шүүхийн
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2023/0002 дугаар шийдвэрийг эс
зөвшөөрч, Г.Н , өмгөөлөгч Д.А нараас “хэргийн үйл баримтыг
буруу дүгнэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, нэг талыг барьсан, оролцогчийн
эрхийг хангаагүй, шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хариуцагчтай
ганцаарчлан уулзсан” гэх агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа,
шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах гомдлын
шаардлага гаргаж байсан.

... шатны шүүх уг гомдлыг хянаад, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2023/0366 дугаар магадлалаар, дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, тэдгээрийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн буюу “хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийг буруу шийдсэн” гэх гомдолд дурдсан асуудалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгсөн. “Б” ХХК-ийн өмгөөлөгч Д.А-н зүгээс “... шүүгч З.Г  нь “Б” ХХК ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Б сумын Засаг даргад холбогдох .../2022/0004/з индекстэй захиргааны хэргийг буруу шийдэж бусдад давуу байдал олгосон, үүнийхээ төлөө ... шатны шүүхийн шүүгчээр дэвшсэн, хонгилын шүүгч эсэхийг тогтоолгох агуулга бүхий гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан ба тус хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ГЗҮ/2024/0050 дугаар захирамжаар ... шатны шүүхийн шүүгч Т.Э, Н.Х, З.Г бид гуравт сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулаад мөн гишүүний 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2024/0058 дугаартай “сахилгыг хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргасан нөхцөл байдалтай байна. Б/ Шүүгчийн ёс зүйн зөрчилд холбогдуулж, гомдолд дурдсан асуудлын тухайд; 2.1 “Шүүгчийн орон тоо батлах тухай” УИХ-ын тогтоолын дагуу ... ... шүүх 2020 он хүртэл 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй буюу шүүгч З.Г , Н.Д , Б.М нар ажиллаж байснаас тус онд шүүгч Н.Д г Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн томилсон. Харин шүүгч Б.М нь эрүүл мэнд /жирэмсэлсэн/-ийн шалтгаанаар 2020 оны 11 дүгээр сараас эмнэлгийн магадалгаа авах, үргэлжлүүлэн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны амралтаа авах болсноор тус шүүн таслах ажиллагааг шүүгч З.Г  би дангаар эрхлэн явуулах болсон. Үүний дагуу холбогдох хууль, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан Хэрэг, нэхэмжлэл хуваарилах журам, Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд зохих өөрчлөлтийг оруулсан. Энэ талаарх баримтууд тухайн шүүхийн Тамгын газрын архивд хадгалагдаж байгаа.

УИХ-аас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох...” зохицуулалт тусгагдсан.

Хуулийн дээрх шаардлагыг хангахын тулд түүнийг Шүүгчдийн зөвлөгөөний
ирцэд оролцуулах зайлшгүй шаардлага үүссэн ба шүүхийн үйл ажиллагааг хэвийн
тасралтгүй явуулахын тулд жил бүр хэрэг нэхэмжлэл хуваарилах журмыг шинэчлэн
батлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн хугацааг
сунгах зэрэг Шүүгчдийн зөвлөгөөнөөр зайлшгүй хэлэлцэх асуудалд
захиргааны чөлөөтэй байгаа шүүгч Б.М-г цахимаар оролцуулсан. Энэ тухай үндэслэл, шалтгааныг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолуудад тодорхой тусгаж байсан. Энэ нь хууль зөрчсөн бус харин хуульд нийцүүлэн гаргасан шийдвэр, үйл ажиллагаа байсан гэж үзэж байна. Түүнээс бус нэхэмжлэгчийн өгүүлж байгаачлан аливаа хувийн ашиг сонирхол агуулсан үйлдэл байгаагүй.

Шүүгч Б.М-д дээрх үндэслэлээр захиргааны чөлөө олгосон шүүхийн
Тамгын газрын даргын тушаал, түүнтэй холбогдуулан Хэрэг, нэхэмжлэл хуваарилах
журам, дараалал өөрчилсөн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолууд тухайн шүүхийн
архивд бий.

2.2 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Б сумын Засаг даргад холбогдох .../2022/0004/з индекстэй захиргааны хэрэгт 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эцэслэн шийдвэрлэх хүртэл, мөн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргад холбогдох .../2023/0001/з/Т индекстэй захиргааны хэргийг тусгаарлан 2023 оны 1 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулах хугацаанд тухайн хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзсан тохиолдол байхгүй, тэгш бус ялгамжтай харьцаж төвийг сахих зарчмыг зөрчихүйц үйлдэл гаргаагүй, мөн дарамтлах доромжлох аливаа үйлдэл, үг яриа гаргаагүй, тодруулбал, шүүгчийн хувьд хуулиар хориглосон буюу хууль зөрчсөн ямарваа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болохыг миний бие шударгаар хариуцлагатай мэдүүлнэ. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хүрээнд нэхэмжлэгч талын гаргасан өмгөөлөгчтэйгөө оролцох, нотлох баримт гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх зэрэг удаа дараагийн хүсэлтээр эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг бүрэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт гомдол гаргасан хугацааг сэргээсэн, нотлох баримт цуглуулах, маргаан бүхий газар болон баримт бичигт үзлэг хийх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагааг заасан үндэслэл, журмын дагуу явуулж баримтжуулсан нь хэрэгт хавсаргагдсан болно. Гомдолд дурдсанчлан, Б сумын Засаг даргад холбогдох .../2022/0004/з индекстэй захиргааны хэрэгт байгаа 2022.10.31, 2022.11.14, ... аймгийн Засаг даргад холбогдох .../2023/0001/з/Т индекстэй захиргааны хэрэгт байгаа 2023.05.09, 2023.08.07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг үзвэл Г.Н -ын гомдолд дурдсан дээрх асуудал үгүйсгэгдэнэ.Нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулиар тогтоосон журам, шаардлагын дагуу үйлдэж, шүүгч хянан баталгаажуулахаас харин тэмдэглэлд юу тусгах, тусгахгүй талаар шүүхийн захиргааны ажилтанд хууль бус шаардлага тавих ойлголт шүүгчид байхгүй. Энэ мэтээр гомдол гаргагч нь бодит байдал хийгээд зүй ёсонд үл нийцэх асуудлаар, дэгсдүүлэн бичжээ. Тухайлбал, хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Б ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-с 2022.10.31-ний өдрийн шүүх хуралдаанд “... прокурорын газраас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагч Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн 506 дугаартай яллах дүгнэлтийг энэ хэрэгт нотлох баримтаар хавсаргуулах” хүсэлт гаргасан ба
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н тухайн шүүх хуралдаанд “Прокурорын газраас яллах дүгнэлт гаргуулъя гэсэн хүсэлтэд тайлбар хэлье. Шаардлагатай гэвэл гаргуулахад татгалзах зүйл байхгүй” гэж хэлсэн нь хурлын тэмдэглэлд туссан байх тул “эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад  бусдын нэр хүндэд халдах баримтаар хангасан” гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүхээс гаргасан аливаа эрхийн акт /шүүгчийн захирамж, хурлын тэмдэглэл, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, холбогдох албан бичгүүд г.м/-аас гадна, шаардлагатай бол тухайн хурлуудаднарийн бичгийн даргаар оролцсон нэр бүхий шүүхийн захиргааны ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах, мөн хадгалах хугацаа нь дуусаагүй бол ... аймгийн шүүхийн Тамгын газраас тэдгээр шүүх хуралдаануудын дуу-дүрсний бичлэгийг
баримтаар авч шинжлэн судалбал миний тайлбар үнэн болох нь лавтай тодорхойлогдох болно. 2.3. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулах буюу мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлэх ойлголт нь холбогдох хуульд туссан, шүүхээр үйлчлүүлдэг иргэдээс гадна олон нийтэд хэдийнээ танигдсан ухагдахуун гэж хэлж болно. Захиргааны хэргийн шүүхээс шаардсан нотлох баримтыг тогтоосон журмын дагуу хугацаанд нь ирүүлэхгүй олон дахин шаардуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, удаашруулах, шүүхийг үл хүндэтгэх, цаашлаад хүн, хуулийн этгээдийн шүүхээр эрхээ хамгаалуулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлэхүйц ноцтой үр дагаварт хүргэхэд чиглэсэн захиргааны байгууллага албан тушаалтан, хэргийн оролцогч хэн бүхний үйлдэл, эс үйлдэл нь
Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг процессын хуулиар тогтоосон зорилтын дагуу, үр нөлөөтэй хэрэгжүүлэхийн тулд нотлох баримт шаардах тохиолдолд албан
энэ хариуцлагыг дурдах талаар дээд шатны шүүхүүдээс анхан шатны шүүхэд зөвлөмж ч ирүүлж байсан. Түүнээс биш хэргийн оролцогчийг, захиргааны байгууллага албан тушаалтныг дарамтлах зорилго, агуулгагүй. Аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ зарчмын дагуу эрхлэн явуулсан. 2.4 Шүүгчийн зүгээс албаны болон хувийн аливаа харилцаанд шударга, хараат бус байх,  төв чигч байх гэх мэт хууль болоод шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон нийтлэг зарчим, шаардлагыг баримталж, хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ бусдад буруу хандлага, ойлголт төрүүлэхээс зайлсхийх зэрэгт ямагт анхаарч хариуцлагатай хандаж ирсэн. Харин бусдад болон өөртөө давуу байдал олгох зорилгоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах санаа бодол, үг үйлдэл ямагт гаргаж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлнэ.Өргөсөн тангаргийнхаа үг, агуулга, үнэт зүйлийн илэрхийлэл нэг бүрийг дааж ажиллахын тулд ёс зүйн хэм хэмжээг хичээнгүйлэн сахиж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа шүүгчийн нэг болохынхоо хувьд Г.Н , өмгөөлөгч Д.А нараас удаа дараалан гаргаж буй ийм үндэслэлгүй буруутгалтай эвлэрэхгүй. Өргөдөлд дурдсан энэ үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан хориглосон үйл ажиллагааны нөхцөл заасан хэм хэмжээнд хамаарахгүй болохыг харгалзан үзэхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Г.Н -ын Нийслэлийн ...шатны шүүхийн шүүгч З.Г-т холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ГЗҮ/2024/0055 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2024/0072 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар “Б” ХХК-ийн ... аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус аймгийн ... анхан шатны шүүхийн шүүгч З.Г   хүлээн авч,  2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0034 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр  “... аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/187, А/188 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, иргэн З.Х- , Б.Б нарын нэр дээрх газруудын гэрчилгээг “Б” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхгүй байгаа ... аймгийн Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын гэрчилгээ гаргахыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0133 дугаар захирамжаар “З.Х- , Б.Б нарын нэр дээрх газруудын гэрчилгээг “Б” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхгүй байгаа ... аймгийн Б сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын гэрчилгээ гаргахыг даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, ... аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж тайлбар авах, түүнтэй холбогдуулан шинэ нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0134 дүгээр захирамжаар тус захиргааны хэрэгт ... аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн, ... аймгийн Засаг дарга итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Б-г томилсон тул нэмэгдүүлсэн шаардлагын хувийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулжээ.

Нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 0133 дугаар захирамжид гомдол гаргасан, ... шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1034 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүх рүү 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буцаан хүргүүлсэн байна.

Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0008 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргээс, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарласан. 

Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанаар захиргааны хэргийг хянан хэлэлцээд 0002 дугаар шийдвэрээр “Б” ХХК-ийн гаргасан “... аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, ... шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 712 дугаар захирамжаар “гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэх үндэслэлээр гомдлыг буцаажээ.

Шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0039 дүгээр захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээсэн, ... шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0071 дүгээр захирамжаар хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.

... шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0978 дугаар тогтоолоор иргэн А.Г-н шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Дээр дурдсанаар шүүгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргээс ... аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тусгаарлаж, дор дурдсан ажиллагааг явуулжээ. Үүнд: шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 0035 дугаар захирамжаар шүүх хуралдааны товыг зарлах асуудлаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлон зарласан.

Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0007 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор сунгасан ба 2023 оны 4 дүгээр сарын 20, 4 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон, нэхэмжлэгч  2023 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. 

Шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 0046 дугаар захирамжаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан ба 5 дугаар сарын 23, 6 дугаар сарын 5, 15, 22, 7 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас тус тус хойшлогджээ.

Шүүгч З.Г  2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс ээлжийн амралт эдлэх болсон тул  хэргийг шүүгч Х.Э-д шилжүүлсэн, мөн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 0069 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 14 цагт хүртэл хугацаагаар хойшлуулжээ. 

Ээлжийн амралт дууссан тул хэргийг шүүгч З.Г-т буцаан шилжүүлсэн, 2023 оны 8 дугаар сарын 7, 31-ний өдрийн шүүх хуралдаан хүндэтгэн үзэх тодорхой шалтгаанаар хойшлогджээ.

Нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0080 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангуулахаар тогтоосон 10 хоногийн хугацаа дуусаагүй ба бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийн өргөдлийг шүүхэд ирүүлээгүй, гэрч Г.А, Б.М нар өөр аймаг суманд байгаа гэх шалтгаанаар ирж мэдүүлэг өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татагдсан А.Г нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлээгүй” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүгч З.Г  нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зарлигаар ... шатны шүүхийн шүүгчээр томилогдож, тус шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан тус захиргааны хэргийг шүүгч Х.Э-д шилжүүлсэн болох нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0014 дүгээр тогтоолоор тогтоогдож байх бөгөөд тус захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.    

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Өргөдлийн: “ ...”Б” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүхэд хэрэг хуваарилах тухай журам зааврыг зөрчиж мөн тодорхой ашиг сонирхлын дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Г  өөрт хуваарилуулсан, бусдын ...ашиг сонирхлыг хамгаалах, ажил албаны чиг үүргээ ашиглан бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлийн тухайд:

Тус шүүхийн шүүгчдийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 113/ЗТ2022/0001 дугаартай “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам батлах тухай” зөвлөгөөний тогтоолыг:

“1.Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг 1/ Ерөнхий шүүгч З.Г  гэсэн дарааллаар тойрог үүсгэн сугалаагаар томилохоор тогтоосугай.

2.Шүүх хуралдаан даргалагчийг болон шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг дор дурдсанаар тогтоосугай.

2.1. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох дарааллыг шүүх бүрэлдэхүүнд 1/Ерөнхий шүүгч З.Г , 2/ адил шатны шүүхээс сугалаагаар томилогдсон шүүгч, 3/адил шатны шүүхээс сугалаагаар томилогдсон шүүгч гэж тогтоох” гэж баталжээ.

... аймаг дахь сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахад шүүгч З.Г  ганцаараа ажиллаж байсан бөгөөд шүүгч Б.М нь жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байсны улмаас хэрэг хуваарилалтаас гарсан болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх захиргааны хэрэг нь шүүгч З.Г-т Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилагдсан, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу Ерөнхий шүүгч шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

... шатны шүүхийн шүүгч Б.М нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны 120 хоногийн, мөн хүүхэд асрах 3 жилийн хугацааны чөлөөг тус шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар олгосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид "Зөвлөгөөн" гэх/ ажиллана”, 19.2.5.-т “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заасан.  Дээрх хуульд зааснаас үзвэл хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлахаар заасан тул хүүхэд асрах чөлөөтэй байгаа шүүгч Б.М-г цахимаар оролцуулан журмаа баталсныг шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

2. Өргөдлийн: “...2022 оны 11 дүгээр сарын 14, 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн тайлбар яриаг тасалж, хөтөлж асуух замаар чиглэл өгсөн, ...тайлбар мэдүүлэг гаргахдаа өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж хууль ёсны эрхийг эдлүүлээгүй, ...прокурорын яллах дүгнэлтийг гаргуулан авч мөрдөн байцаалтын нууц, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад бусдын нэр хүндэд халдах баримтаар хангасан” гэх үндэслэлийн тухайд:

Илтгэгч гишүүн 2022 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээ саналдаа дэлгэрэнгүй тусгасан бөгөөд тус үзлэгийн тэмдэглэл нь шүүх хуралдааны тэмдэглэлтэй утга, найруулгын хувьд зөрүүгүй байна.

Даргалагч шүүгч шүүх хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух эрхтэй. Энэ нь шүүгчид хуулиар шүүгчид олгосон бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн шүүх хуралдаанд шүүгч “...тулгасан, дарамталсан, доромжилсон, төвөгшөөсөн, илт хариуцагчийн байр суурийг хамгаалж шүүх хурлын хэлэлцүүлэгт үг үйлдлээр мэтгэлцэх явцад зааж өгсөн, заавар чиглэл өгөхөөр асуултаар хөтөлсөн, үг хэлэхэд тасалсан” гэх байдал тогтоогдохгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасантай холбогдуулан асуулт асууж, хэргийн үйл баримтыг тодруулсныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн 2022 оны 10 дугаар сарын 31 болон 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүх хуралдаанд  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүгч “нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан” гэх гомдол үндэслэлгүй.

2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд илтгэгч гишүүний үзлэг хийсэн тэмдэглэлд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Надад нэг хүсэлт байна. ... прокурорын газраас 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагч Г.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн 506 дугаартай яллах дүгнэлтийг энэ хэрэгт нотлох баримтаар хавсаргуулах хүсэлттэй байна. Тухайн баримтыг гаргуулснаар ямар ач холбогдолтой вэ гэхээр “Б” ХХК тухайн маргаан бүхий газрыг хууль бусаар ашиглуулсан үйл баримтыг нотлуулах зорилготойгоор яллах дүгнэлтийг шүүхийн журмаар гаргуулах хүсэлттэй байна гэв. /Бичлэгийн 0:31:38-0:32:15/

Даргалагчаас: Нэхэмжлэгч талаас тодруулъя. Нэгдүгээрт, сумын Засаг дарга нь манайд энэ асуудлаар хандаж байгаагүй гэх тайлбарт товч тайлбар хэлье. Хоёрдугаарт, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбогдуулан тайлбар хэлье гэхэд /Бичлэгийн 0:33:48-0:34:03/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н : Прокурорын газраас гаргуулъя гэсэн материалыг шаардлагатай гэвэл гаргуулахад татгалзах зүйл байхгүй. Газартай холбоотой ямар нэгэн асуудлыг дурдсан зүйл байхгүй. О.Н гэдэг нь н.Х- ийн газар, М.Н гэдэг нь хойд талын 2 газар. Сая Засаг дарга өөрөө бас хэлж байна. Тухайн үед манайх 0.5 га газрыг иргэнд эзэмшүүлдэг байсан. Манай н.Х- , н.Г гэдэг залуугаас мөнгө авсан асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Энэ хүн өөрөө ингэж гүрийж, худал хэлж болохгүй гэж бодож байна... гэв. /Бичлэгийн 0:34:04-0:36:13/” гэж тэмдэглэгджээ.

            Түүнчлэн, Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн эсэхэд дээд шатны шүүхийн хяналт хэрэгждэг бөгөөд ... шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2023/366 дугаар магадлалд “...анхан шатны шүүхийн нотлох баримт цуглуулах, гаргуулахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шүүх оролцохгүй, зөвхөн цугларсан нотлох баримтаас хассан тохиолдолд гомдлыг үндэслэн хянахаар зохицуулсан тул үүнтэй холбоотой анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй бөгөөд дээрх гомдол үндэслэлгүй байна” гэж дүгнэснээс үзэхэд “эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад бусдын нэр хүндэд халдах баримтаар хангасан” гэх гомдол үндэслэлгүй байна.

3.Өргөдлийн: “...2023 оны 2, 3 дугаар сард болсон хурлын үеэр “би газар дээр үзлэг хийхэд нэг муу сендвич байсан нураагаад болно ш дээ” гэх зэргээр хийсвэр дүгнэлт хийсэн, хувийн яриагаар ярьж тэмдэглэлд битгий тусгаарай гэж хурлын нарийн бичгийн даргад үүрэг өгсөн” гэх үндэслэлийн тухайд:

2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч З.Г  нь: “би газар дээр үзлэг хийхэд нэг муу сендвич байсан нураагаад болно ш дээ”, “би тэгж ярьж хэлсэн бил үү, өө тийм би хэлсэн юм байна уучлаарай гэхдээ яах вэ” гэж хэлсэн гэх нөхцөл байдал нь тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн илтгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогчид танилцуулах, шүүгчээр баталгаажуулж хэрэгт хавсаргах нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүрэгт хамаарах бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч З.Г  нь “тэмдэглэлд битгий тусгаарай гэж хурлын нарийн бичгийн даргад үүрэг өгсөн” гэх байдал сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

4.  Өргөдлийн: “...нэг талыг барьсан шүүхээс гаргах шийдвэрийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулж байсныг харж болохоор” гэх үндэслэлийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэхэд дээд шатны шүүхийн хяналт хэрэгждэг болно.

            Иймд Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулах буюу мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлдэг тул хэрэгт ач холбогдол бүхий баримтыг холбогдох байгууллага, хуулийн этгээдээс шаардан гаргуулах, ач холбогдолгүй буюу хэрэгт шаардлагагүй бол энэ  талаарх хүсэлтийг хангахгүй орхих эрхтэй, энэ нь хэргийн оролцогчийг дарамталсан гэж үзэх боломжгүй. Дээр дурдсан өргөдөл сахилгын зөрчилд хамаарахгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Өргөдлийн: “...маргааны дагуух газрыг тодорхойлсон нотлох баримтаар бус шүүгчийн тогтоосон цэгүүдээр маргааны газрын үзлэгийг хийсэн нь буруу, ойлголтгүй байж гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрийн хийсвэр бодлоор тулган явуулсан” гэх үндэслэлийн тухайд:

             ... шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2023/366 магадлалд “...шүүхээс З.Х- ийг гэрчээр асуулгах, н.Б-г гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, ... аймгийн Засаг даргад холбогдох ... аймгийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/187, А/188 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хийгээд түүнд холбогдох маргааны үйл баримтын хувьд ялгаатай, ийнхүү энэ захиргааны хэргээс тусгаарлаж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад ач холбогдолтой” гэж дүгнээд хэргийг тусгаарласныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, шийдвэр гаргахад нөлөөлсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн байна.

Захиргааны хэргийн шүүх нь нотлох баримтыг өөрөө цуглуулах буюу мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлж ажилладаг онцлогтой бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор үзлэг хийсэн ажиллагаа нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

6. Өргөдлийн: “...төлбөр тооцооны лавлагаа нь илт хууль бус бөгөөд тооцоог хуулийн дагуу гаргуулах хүсэлт удаа дараа өгсөн боловч хангаагүй, шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөх үйлдлийг шүүгч зохион байгуулсан, хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий нотлох баримтыг цуглуулсан гэх үндэслэлээр шүүхээр хэргийг шийдвэрлэхээс өмнө шийдвэрийг гаргасан гэдгийг нотолж өгсөн” гэх үндэслэлийн тухайд:

Шүүхийн шаардсанаар ... Улсын бүртгэлийн хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Б ч” ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой баримт,  Б сумын Засаг даргаас 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Б” ХХК-ийн эзэмшиж байсан газрын ...00250 нэгж талбарын дугаартай хувийн хэргийг ирүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,  Б сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын алба, Б сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газар,  ... аймгийн Татварын хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас холбогдох баримт шаардсаныг ирүүлсэн байна.

Иймд холбогдох шүүгч маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад байгууллага, албан тушаалтнаас  хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гаргуулахаар шаардаж, улмаар энэхүү үүргээ биелүүлэхэд тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээхийг сануулж, энэ тухай тухайн албан бичигт тодорхой дурдаж байжээ. Үүнийг шүүгч шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхөөр зохион байгуулсан, хэн нэгний хүсэлт зорилгыг биелүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасан.

Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг бөгөөд шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж шүүх хуралдааны товлосон нь “шүүхээр хэргийг шийдвэрлэхээс өмнө шийдвэрийг гаргасан” гэж үзэхгүй.

7. Өргөдлийн: “...ярианы өнгө аяс, хурлын явцыг талуудын мэтгэлцээн бус өөрийн арга барилд тохируулан явуулсан, шүүхийн шийдвэр гаргахдаа шахалт дарамт үзүүлдэг, өөрийн үзэмжээр шүүн таслах ажиллагааг явуулж бидний эд хөрөнгө үйл ажиллагаанд их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлийн тухайд:

Өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар илтгэгч гишүүн “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 05 дугаар сарын 09, 8 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаануудын дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээ саналдаа тодорхой тусгасан байна.

Шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан ба шүүгч З.Г  хэргийн оролцогчийг загнасан, дарамталсан, зөвлөгөө өгсөн гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч,  ...шатны шүүхийн шүүгч З.Г-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0072 дугаар саналыг хүлээн авч, ...шатны шүүхийн шүүгч З.Г-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйл ийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                  ДАРГАЛАГЧ                        Д.МЯГМАРЦЭРЭН

   ГИШҮҮН                             Б.СУГАР

                                                          Х.ХАШБААТАР