info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-07-03

Дугаар 90

Улаанбаатар хот

             Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн  О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор иргэн Д.Г /өргөдөл гаргагч/, Ч.А нарыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авхуулах саналтай 000000000 дугаартай зөрчлийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... шүүхэд ирүүлсэн байна.  Тухайн зөрчлийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч М даргалан хянан хэлэлцэж, зөрчлийн холбогдогчид болох Д.Г, Ч.А нарыг тус бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэн 2023/ЗШ/24 дугаар шүүхийн шийтгэвэр гаргасан байна.

Тус шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан Д.Г-ийн гомдлыг .... давж заалдах шатны шүүх зөвхөн холбогдогчийн гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр зөрчлийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэвэр хууль зүйн үндэслэл бүхий гарсан байна хэмээн үзэж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМЗ/24 дүгээр магадлалаар шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Өргөдөл гаргагч гомдлын үндэслэлээ нэр бүхий шүүгч нь “...өөрийн салсан нөхрийн хамаатан гэдэг шалтгаанаар торгох шийтгэл оногдуулсан...” гэжээ.

Тухайн зөрчлийн хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгч М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5.1-д зааснаар шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, хэргийн оролцогчдод шүүх бүрэлдэхүүнээс хуульд заасны дагуу татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй талаар тайлбарласан байх бөгөөд оролцогчдоос татгалзах хүсэлт гаргаагүй байна.

Хэрвээ хэргийн оролцогч шүүгчтэй “хувийн харилцаатай”, “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх”, “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй” зэрэг нөхцөл байдал байгаа гэж үзсэн бол нэр бүхий шүүгчээс татгалзан гарах эрх нь нээлттэй байсан байна.

Холбогдох шүүгч тайлбартаа тухайн өргөдөл гаргагчийг огт мэдэхгүй бөгөөд шүүгч гаргасан шийдвэрийн биелэлтдээ хяналт тавих үүргийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээний талаар зөрчлийн хэргийн оролцогчид мэдэгдэх үед 30 жилийн өмнө гэр бүл цуцлуулсан хүний хамаатны хүн гэдгийг Д.Г-ийн яриа болон явуулсан гар утсанд илгээсэн зурвас зэргээс ойлгосон тухайгаа илэрхийлжээ.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад цугларсан баримт, нэр бүхий гэрчүүдээс авсан мэдүүлэг, шүүгчийн тайлбараас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа шүүгч шийдвэр биелэгдсэн эсэхэд хяналт тавьж, биелэгдсэний дараа хэргийг журмын дагуу архивд хадгалуулахаар шүүгчийн туслахад үүрэг болгодог байна.

Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүгч талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргах хуулийн зохицуулалтай.

Өргөдөлд дурдагдаж буй хэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан танхайрах зөрчил байх бөгөөд зөрчил гаргасан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар холбогдох хуульд заажээ.

Шүүгч М прокуророос ирүүлсэн саналыг үндэслэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан баримтаар холбогдогч нар танхайрах зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна гэж үзээд хэн алинд нь Зөрчлийн тухай хуулийн 5.2.1.5-д заасан шийтгэлүүдээс хуульд заасан хүрээ хязгаарын дотор буюу тодруулбал тухайн зөрчилд оногдуулж болох хөнгөн шийтгэл буюу торгох шийтгэл оногдуулж, оролцогчид тус шийтгэвэрт гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн байна.

Хэрвээ шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шийтгэвэр хүчингүй болох үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүх хянаж үзээд тус шийтгэврийг хууль ёсны бөгөөд үндэслэл байсан хэмээн дүгнэсэн байна.

Өргөдөл гаргагчийн дурдсан гар утсанд харилцсан зурвасаас үзэхэд холбогдох шүүгчид удаа дараа  илгээсэн зурвасуудад түүнийг огт танихгүй, шүүх ажлаа хийж байна гэх хариуг шүүгч илгээсэн байх бөгөөд хэргийн оролцогчтой ёс зүйгүй харилцсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд ... шүүхийн шүүгч М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “...Цагдаагийн 2-р хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан цагдаагийн ахлах дэслэгч Б.Э-аас шалгаж, Ч.А, Д.Г нарт шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авхуулах саналтай хэргийг 2023 оны 12 сарын 25-ны өдөр хүлээн авч 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар олон нийтийн газар хэрүүл маргаан хийж танхайрсан гэж дүгнэн тус бүрийг 100 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Д.Г энэ шийтгэврийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг .... давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 30 -ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, улмаар анхан шатны шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгч миний бие дээд шатны шүүхээс хянагдаж ирсэн бүх хэргийн шийдэлтэй танилцаж улмаар анхан шатны шийтгэвэр биелсэн эсэхийг хэрэг бүр дээр биечлэн танилцаж улмаар шүүхийн шийтгэвэр биелээгүй тохиолдолд хяналт тавьж ажилладаг ба /хуулиараа шүүгч гаргасан шийдвэрийн биелэлт дээр хяналт тавих үүрэгтэй/ энэ үүргийн дагуу Д.Г-т шүүхийн магадлалтай танилцсан эсэх Анхан болон Давж заалдах шатны шийдвэрийг аливаа иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэйг тайлбарлахад /миний утас нэгжгүй байсан тул туслах Д.Р-ын утсаар ярьсан/ Д.Г ...би чиний салсан нөхрийн хамаатан тул чи намайг өс хонзонгоор шийтгэсэн, би торгууль хэзээ ч төлөхгүй, чамтай би бүх аргаар тэмцэнэ... гээд өндөр дуугаар хэлэхэд нь...би чамайг огт танихгүй хүн байна, шүүгч хянагдсан хэргийн талаар тантай ярьж байна...гээд утсыг тасалсан.

Улмаар хэргийн албан тоот дээр зөрчилд холбогдогч нарын торгуулийг төлүүлэх ажиллагааг хийж хэргийг архивд өгөхийг туслахдаа үүрэг болгосон тэмдэглэл хийж, хэргээ туслахдаа өгсөн болно. /Өнөөдрийн байдлаар тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйг хэргээс нь харлаа, харин Ч.А нь торгуулиа төлсөн байна./

Гэтэл үүний дараа миний утас руу Д.Г-ээс маш урт, надтай тэмцэх агуулга бүхий мессеж ирсэн ба би уг эмэгтэйд өөрийг нь огт танихгүй гэдгээ бичсэн. Би энэ эмэгтэйг танихгүй ба би хүүгийнхээ ааваас хоорондын таарамжгүй байдлаас болж 30 жилийн өмнө салсан ба /тэр үед би 28 настай, хамт 3 жил амьдарсан, хадмуудаас өөр Ж.Т-гийн төрөл саданг мэдэхгүй/ тэр тусмаа Д.Г-ийг огт танихгүй нь үнэн болно. Шүүгч би өөрийн ажил үүргийг хуульд заасан журмын дагуу хийсэн тул Д.Г-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: би нэмэлт тайлбар болон хэргийн материалаас зарим зүйлийг хуулбарлан хүргүүлэх ба Д.Г-ийн над руу бичсэн мессежийг нотлох баримтын хэмжээнд хүргүүлэх болно..” гэжээ. 

Холбогдох шүүгчээс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:  Шүүгч миний бие дээд шатны шүүхээс хянагдаж ирсэн бүх хэргийн шийдэлтэй танилцаж улмаар анхан шатны шийтгэвэр биелсэн эсэхийг хэрэг бүр дээр биечлэн танилцаж /баривчлах шийтгэвэр хэвээр батлагдсан бол Эрэгтэйчүүдийг баривчилдаг байрны тоо бүртгэлээс утас 8000000 н.Г, дарга н.Ч 90000000 утсаар, Эмэгтэйчүүдийг баривчилдаг байрны тоо бүртгэл М 00000000, мөн хурандаа н.З утас 00000000 утсаар байнга тодруулж улмаар шийтгэвэр биелэгдсэн тохиолдолд туслах Д.Р-д хэргийг архивлах талаар цохолт хийж өгдөг билээ. Эдгээр хүмүүсээс миний шийтгэврийн биелэлтэд хяналт тавьж ажилладаг талаар тодруулга хийж болох юм.

Д.Г-ээс урт бөгөөд надтай тэмцэх агуулга бүхий мессеж ирснийг хуулбарлан хүргүүллээ. Түүний мессежний хариуд би түүнийг огт танихгүй талаараа болон шүүх хуулийн дагуу ажлаа хийж байгааг бичсэн, өөp зүйл огт бичээгүй тийм шаардлага ч шүүгч хунд байх ёсгүй. Би ажил үүргээ хуульд заасан журмын дагуу явуулдаг тул Д.Г-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Г-ээс ... шүүхийн шүүгч М-т холбогдуулан гаргасан гомдлыг Авлигатай тэмцэх газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05/3739 дугаар албан тоотоор шилжүүлэн ирүүлсэн мэдээллийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ГЗҮ/2024/0034 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан байна.

1. Өргөдөлд “....... эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч М нь салсан нөхрийн хамаатан гэдэг шалтгаанаар торгох шийтгэл ногдуулсан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Д.Г, Ч.А нарт холбогдох 00000000 дугаартай зөрчлийн хэргийг шүүгч М хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Д.Г нарт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан танхайрах зөрчил нь нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар зохицуулсан байх ба шүүгч 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ЗШ/24 дугаар шийтгэврээр зөрчилд холбогдогч Д.Г-ийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Тус шийтгэврийг эс зөвшөөрч Д.Г гомдол гаргасныг .... давж заалдах шатны шүүхээс бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМЗ/24 дугаар магадлалаар шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөрчилд холбогдогч Д.Г-т 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            Мөн тухайн зөрчлийн шүүх хуралдааны үед даргалагч шүүгч М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.5 дугаар зүйл хэсэгт зааснаар шүүх хуралдааны даргалагч, шүүх хуралдаанд оролцогчдыг танилцуулж тэдгээрийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй болохыг тайлбарлаад татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад оролцогчид татгалзал байхгүй гэж хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагджээ.

            Холбогдох шүүгчийн “...Би энэ эмэгтэйг танихгүй ба би хүүгийнхээ ааваас хоорондын таарамжгүй байдлаас болж 30 жилийн өмнө салсан” гэх тайлбараас үзвэл “..салсан нөхрийн хамаатан гэдэг шалтгаанаар торгох шийтгэл ногдуулсан” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.  

2. Өргөдөл гаргагч “...шүүгч М нь хэргийн оролцогч рүү туслахынхаа хувийн дугаараас залган (туслахын дугаар 0000000) шүүхийн шийдвэрийг танилцуулан торгуулиа төл, чадахгүй бол баривчлах талаар хэлж, энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэхэд хэл амаар доромжлон, ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна”, 6.4.1-т “торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэх хуудас”, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт “Шийтгүүлсэн этгээд зөрчлийн хэргийн талаархи хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль болон шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй тохиолдолд даруй биелүүлэх үүрэгтэй”, 138.2 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийн талаархи шийдвэрийг шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан, хэрэв шүүх гаргасан бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ”  гэж заасан.

Дээрх хуульд зааснаас үзвэл хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртээ торгох шийтгэлийг зөрчилд холбогдогч даруй биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгууль оногдуулсан шийтгэврийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хийж гүйцэтгэхээр зохицуулжээ.

Шүүгч М зөрчилд холбогдогч Д.Г-т торгуулиа төлөхийг сануулж, шүүхийн шийтгэврийг биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг тайлбарлан утсаар ярьсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасныг зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй байна.

Харин шүүгч цаашид  хэргийн оролцогчтой аливаа хэлбэрээр харилцахгүй байхад анхаарч ажиллавал зохино.

Мөн шүүгч Д.Г-тэй утсаар ярихдаа хэл амаар доромжлон, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.6 дахь хэсэгт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлүүдийг дурдсан байх бөгөөд илтгэгч гишүүн “шүүгчид ар гэрийн гачигдал гарсан буюу өндөр настай ээж нь бие муу ...хөдөө орон нутагт ээжийгээ асарч байгаа тул ээлжийн амралтаа дуусахаас өмнө хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй байгааг тэмдэглэв.

Дээрхийг нэгтгэн дүгнээд гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2024/0085 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                            О.НОМУУЛИН

                                                                                    Х.ХАШБААТАР