info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-07-04

Дугаар 91

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн  Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга А.Намуундарь нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

.... шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Иргэн М.Б-ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явууллаа.

“С” ББСБ-аас, М.Б-д холбогдуулан “Үндсэн зээлийн үлдэгдэл 13,489,386.07 төгрөг, үндсэн хүү 8,255,335.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 517,437.07 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 22,332,340.35 төгрөгийг М.Б-аас гаргуулах, Зээлдэгч үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцааны зүйл болох ZVW00000000 арлын дугаартай, ...00 УБЧ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашинаар хангуулах” тухай нэхэмжлэлийг ...  гаргажээ.

Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 000/ШЗ2024/02977 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, ... шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Д.Д-г томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “ ... хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах ...” хүсэлтийг гаргасан, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2024/06780 дугаар захирамжаар “ ... хариуцагч...-ийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн...-гийн хэмжээнд зогсоож, ... захирамж гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхээр ...” шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхээр, 70.2-т шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхаар заасанд нийцсэн ажиллагаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг биелүүлэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтны чиг үүрэгт хамаарч байх тул үүнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах арга болох энэхүү арга хэмжээг шүүхээс авахдаа шүүх хуралдаан товлох, зайлшгүй хуралдаанаар шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайлан зохицуулаагүй тул шүүх хуралдаанаар хэлэлцэлгүй захирамжаар шийдвэрлэсэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн захирамжид хариуцагч М.Б-ын гаргасан гомдлыг шийдвэрлэсэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны 000/ШТ2024/00280 дугаар тогтоолд “... шүүхээс гарах шийдвэр баталгаатай биелэгдэх нөхцөл байдлыг урьдчилан бэлтгэхийн тулд нэхэмжлэгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авхуулахаар хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч М.Б-ын дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ...” гэж дүгнэн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хариуцагчид танилцуулснаар хариуцагч нь гомдол гаргасан, гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянаж, захирамжид хууль зүйн дүгнэлт өгсөн байх тул “хариуцагчид захирамжийг мэдэгдээгүй, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан” гэх өргөдөл үндэслэлгүй байна.

Шүүхийн тамгын газраас гаргуулан авсан 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны /дуу-дүрсний бичлэгийн зарим хэсэг нь дууны шаардлага хангахгүй буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн яриа зарим тохиолдолд бүдэг, зарим тохиолдолд дуугүй бичигдсэн байсныг тусгайлан тэмдэглэн/ бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтлөв.

Тус шүүх хуралдаан нийт 01:11:38 секундийн турш үргэлжилсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад,

-Даргалагч “... нэхэмжлэгчийн төлөөлөгч өө ... надад хугацаа өгөөч. Би 1.500.000 төгрөгийн орлоготой, би нөхрөөсөө салсан, хүүхэдтэйгээ амьдардаг, надад хугацааны боломж олгооч ...” гэсэн асуудал яриад байгаа юм байна. ... Эвлэрэл дээр ямар бодолтой байна ...” гэсэн нь бичлэгийн 0:10:03-0:10:57 дахь хоромд тусгагдсан,

-Даргалагч: “... Хугацаа тохироод, та төлөлтөө төлөөд, нэхэмжлэгч байгууллагаас шалтгаалаад эхний 2 сар, 3 сарын төлөлтийг харъя, та төлөлтөө хийгээрэй гээд явдаг ... учраа олоод явах боломжтой. Яасан нь дээр байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өө, та 2 ярилцаадахдаа гэхэд,

-Зохигчид бичлэгийн 0:14:35-0:16:00 дахь хоромд буюу 25 секундын турш талууд ярилцаж байгаа нь тусгагдсан,

-Даргалагч: “... Хугацаагаа жаахан тавиад өгөөч, хугацааг нь тавиад өгөхөөр төлөх дүн нь багасаад байдаг гэхэд,

-Зохигчид бичлэгийн 0:16:52-0:17:40 дэх хоромд нийт 48 секундын турш хоорондоо ярилцсаны дараа

-Даргалагч: “... шүүх хуралдааныг түр завсарлая. Талууд ярилцаад, нэхэмжлэгч тал захиралтайгаа ярь гэхэд оролцогчид шүүх хуралдааны танхимаас гарч яваад, 14 минутын дараа танхимд орж ирэв.

-Даргалагч: “... Өөр гарц гаргалгаа юу байна. Өөр ямар боломж байна ...”, мөн бичлэгийн 0:37:45-0:38:40 дэх хоромд даргалагч: “... Та 1.000.000 нь эсвэл 1.200.000 төгрөгөөр 1, 2 сараар төлөх гээд үз л дээ. ... Тэгээд төлбөрөө төлөх боломж юу байна. Хугацаан дээрээ тохирсон нь арай ашигтай юм биш үү. Би өөрийг тань бодож хэлээд байна ...” гэсэн, 

-Бичлэгийн 0:39:49-0:40:46 дахь хоромд даргалагч: “... Танд ... эвлэрвэл хугацаа нь жаахан тавиухан байх юм болов уу даа. Эхний 2, 3 сар бол таны боломжит дүнг харгалзъя гэж байх шиг байна ...”, 0:49:54-0:50:33 дахь хоромд “... Чи Буянжаргал аа, өмгөөлөгч авч оролцохгүй юу, хууль мэдэхгүй байгаа байдал болон нөгөө тал нь ингээд байгаа. Та өмгөөлөгч аваад хурлаараа хэргээ шийдүүлвэл яадаг юм бэ ...” гэж хэлсэн, улмаар талуудыг эвлэрэх боломжоор хангаж, хуралдааныг хойшлуулсан байна.

Дараагийн хуралдаан буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг нь дуу хэвийн боловч дүрс нь харагдахгүй /харанхуй/ бичигдсэн байсан болно.

Хурал эхэлсний дараа өмнөх хуралдаан дээр яригдсан эвлэрлийн асуудлыг тодруулсны дараа шүүх хуралдааныг дэг дарааллын дагуу үргэлжлүүлсэн,  нотлох баримт шинжлэн судалж, асуулт хариулт явагдсаны дараа “ ... нэмэгдүүлсэн хүү, эрэн сурвалжлах дээр тав гурван цаасыг нь ярьж байгаад хасаад өгчих боломж байхгүй юу. Танай эрх хэмжээний асуудал. Шүүх үүн рүү орох ямар ч эрх хэмжээ байхгүй учраас талуудыг эхлээд хурлаараа тохирчих, эвлэрчих, учраа олчих гээд гуйгаад байсан боломжгүй гэж байна. Эцсийн байдлаар нэхэмжлэлээ багасгах, ихэсгэх эрх нь нэхэмжлэгч талд өөрт нь байгаа учраас энэ эрхээ хэрэгжүүлэх боломж байна уу, энэ хүний нөхцөл байдлыг нэг удаа ойлгооч ээ гэж байгаа юм ...” даргалагч  хэлсэн  байна.

Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 000/ШШ2024/01759 дүгээр шийдвэрээр “ ... М.Б-аас 22.332.340,35 төгрөгийг гаргуулж, “С ББСБ” ХХК-д олгож, ... автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрэх боломжтойг сануулах зэрэг ажиллагааг шүүгч хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Шүүх хуралдааны бичлэгт, хэлэлцүүлгийн явцад даргалагч нь хариуцагч болон нэхэмжлэгч талын хэн алины санал, хүсэлтийг харгалзан, тэднийг эвлэрэн хэлэлцэх боломж олгох, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан, мөн хариуцагчийн төлбөр төлөх боломж байдлыг нэхэмжлэгч талд ойлгуулах зэргээр шүүх хуралдааныг удирдан, хэргийг шийдвэрлэсэн байх ба дээрх бичлэгт нэхэмжлэгч талын саналыг хариуцагчид удаа дараа тавьсан, тулгасан гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх өргөдөл үндэслэлгүй болох нь тогтоогдоно.

Өргөдлийн дагуух шалгах ажиллагаагаар, холбогдох шүүгч Д.Д нь “... шүүх хурал товлогдоогүй, болоогүй байхад миний ... банкнуудын данс барьсан ..., ... 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хурал ... 2 цаг гаруй үргэлжилсэн энэ үеэр шүүгч надад нэхэмжлэгч талын саналыг удаа дараа тавьсан ..., ... 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж, би өмнө нь ярьсан зүйл ... боломжгүй гэдгээ дахин хэлж, ... шүүгч Д.Д хүлээж аваагүй, нэхэмжлэгч талд ажилласан ..., ... нэхэмжлэгч талын саналыг удаа дараа тавьж шүүх хурлаа дуусгаж, хатуу хандаж төлөх шийдвэр гаргасанд гомдолтой ..., ... банкны данс битүүмжилсэн шүүхийн захирамж гаргачхаад надад энэ талаар мэдэгдээгүй ба захирамжид гомдол гаргах эрхийг минь хаасан ...” гэсэн нь тогтоогдоогүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчөөгүй гэж үзэж,  сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “... М.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт  22.332.340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “С” ББСБ ХХК тус шүүхэд гаргаснаар 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр системээр . шүүгч Д.Д-д хуваарилагдаж, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд шүүхэд хүрэлцэн ирэхгүй байсан тул 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, цагдаагийн байгууллагаас албадан ирүүлэх ажиллагаа хийгдэж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр М.Б нэхэмжлэлийн хувийг гардан авч, хуульд заасан эрх үүргийг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох хүсэлт гаргасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж, шүүгчийн туслах захирамж гарсан талаар мэдэгдэхэд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гомдлоо гаргасан талаар хэлсэн. Гомдол хэлэлцэх шүүх хуралдаан товлогдож, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 4 дүгээр сарын 04- ний өдрийн тогтоолоор шүүгчийн дээрх захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг  хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14.30 цагт товлогдож, мөн өдөр хариуцагч хариу тайлбараа шүүхэд бичгээр өгч, талуудын хооронд эвлэрэн хэлэлцэх асуудал яригдсанаар эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож, шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нэхэмжлэгчийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгч талаас 8 сараас дээш хугацаа олгох боломжгүй гэдгээ илэрхийлснээр талууд эвлэрэх боломжгүй болж шүүх хуралдаан үргэлжилж, хэргийг хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. М.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо “...шүүх хуралдаан товлогдоогүй, шүүх хуралдаан болоогүй байхад миний данснуудыг барьсан...” гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 22.332.340 төгрөгийн хэмжээнд зогсоох хүсэлт гаргаснаар шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах
дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй...” гэж зааснаар иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж, захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2036 дугаар албан тоотоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Дээрх шүүгчийн захирамжийг хариуцагчид мэдэгдсэн бөгөөд хариуцагч 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гомдлоо гаргасны дагуу 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-т заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж тогтоол гаргана гэж зааснаар хэлэлцэж, захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иймд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагчаас хариу тайлбар, шүүх хуралдаан дээр схем гаргаж төлбөрийг төлье гэж тайлбарлаж байхад миний саналыг хүлээж авалгүй, нэхэмжлэгч талд ажиллаж, нэхэмжлэгч талын саналыг удаа дараа тавьж, шүүх
хурлаа дуусгаж, хатуу хандаж төлөх шийдвэр гаргаж, схем гаргаж төлье, сард 500.000 төгрөг төлье гэсэн саналыг хүлээж аваагүйд гомдолтой байна гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд шүүхээс төвийг сахисан байр сууринаас эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаж оролцох бөгөөд талууд эвлэрэн хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн
тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар эвлэрлийг баталсан захирамж гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Зохигч зөвшилцөлд хүрч чадаагүй бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ. Эвлэрлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байхыг хуулиар зохицуулсан.

2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр талууд эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж, хариуцагч М.Б 22.332.340 төгрөгийг сард 500.000 төгрөгөөр төлөх /3 жил 8 сар/ санал гаргасныг нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч сард 4.000.000 төгрөгөөр буюу 5 сарын хугацаанд төлөх санал гаргаж, талууд хугацаан дээр тохироогүй ба нэхэмжлэгч 5 сарыг 8 сар болгоё түүнээс дээш хугацаа олгох боломжгүй гэхэд М.Б ах дүү, ар гэрийнхэнтэйгээ ярилцаж, шийдвэрээ гаргая гэж тайлбарласнаар эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл талууд
үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирох нь тэдний хүсэл зориг бөгөөд хариуцагчийн сард 500.000 төгрөгөөр төлөх саналыг нэхэмжлэгч хүлээж аваагүйгээс хугацаан дээр тохироогүй болохоос биш, шүүх тэдний тохиролцоонд хөндлөнгөөс оролцох эрхгүй, тиймээс талууд харилцан тохиролцож, зөвшилцөлд хүрч, эвлэрлийн гэрээ байгуулж чадаагүй учраас хэргийг ердийн журмаар
шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ба сард 500.000 төгрөг төлье гэсэн саналыг хүлээж аваагүйд гомдолтой гэх тайлбар үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэр албажиж гараагүй байхад миний сүүлд шинээр нээсэн данс, сэргээсэн дансыг 2024 оны 4 дүгээр сарын 24, 27-ны өдөр барьсан гэж тайлбарлажээ. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 6780 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2036 дугаар албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх бөгөөд дээрх
тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга
хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж тус тус
заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх ба шинээр нээсэн данс, сэргээсэн дансыг барьсан гэх асуудал нь шүүгчид хамааралгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй, хуулийн дагуу явагдаагүй бол гомдол гаргах эрх нь нээлттэй. Иймд дээр дурдсан үндэслэлээр Шүүхийн сахилгын хороонд гаргасан иргэн М.Б-ын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ...“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн М.Б-аас .... шүүгч Д.Д-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ГЗҮ/2024/0068 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1. Өргөдөл гаргагчаас “...шүүх хурал товлогдоогүй, болоогүй байхад миний Хаан банк, Төрийн банк, Голомт банкнуудын данс барьсан. ... шүүхийн шийдвэр албажиж гараагүй байхад данс барьж, хувийн мэдээлэлд орж шинээр болон сэргээсэн данс барьж, хэт нэг талд буюу нэхэмжлэгч талд ажилласан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “С ББСБ” ХХК-аас М.Б-д холбогдуулан “зээлийн үүрэгт 22.332.340 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.Д хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 000/ШЗ2024/02977 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлтийг гаргасныг  шүүгч хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2024/06780 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч М.Б-ын арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 22.332.340 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж зааснаас үзвэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх талаар тусгайлсан зохицуулалт байхгүй.

Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь ажиллагаа хамаарна”, 6.2.5-д “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж” гэж заажээ.

Дээрх хуульд зааснаас үзвэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамжид заасан ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлсэн байх тул дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байна.

2. Өргөдөл гаргагч “...Банкны данс битүүмжилсэн шүүхийн захирамж гаргачхаад надад энэ талаар мэдэгдээгүй ба захирамжид гомдол гаргах эрхийг минь хаасан” гэж дурджээ.

Дээрх 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2024/06780 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хариуцагч М.Б эс зөвшөөрч хуулийн хугацаанд гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 000/ШТ2024/00280 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул өргөдөлд дурдсан гомдол гаргах эрх хаасан гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.

3. Өргөдөл гаргагч “...шүүх хурал 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж, би өмнө нь ярьсан зүйл буюу би төрийн албан хаагч сард 1 сая 500 мянгын цалинтай хүн яаж, сар бүр 4 сая орчим төгрөгийг төлж барагдуулах билээ. Боломжгүй гэдгээ дахин хэлж, хулгай хийлтэй биш, гэж 3-4 удаа хэлж, асуусан боловч шүүгч ...шүүгч Д.Д хүлээж аваагүй, нэхэмжлэгч талд ажилласан. Та бүхэн бичлэгийг хүлээн авч үзэж болно. Би гэрлэлтээ цуцлуулсан, нэг хүүхдийн хамт амьдардаг ганц бие эмэгтэй хүн. Хүүхэд минь 4 настай, туслах аав, ээж, ах дүү байхгүй гэдгээ ч тайлбарлаж хэлсэн. Гэтэл нөхцөл байдлыг минь хүлээж аваагүй нэхэмжлэгч талын саналыг удаа дараа тавьж шүүх хурлаа дуусгаж, хатуу хандаж төлөх шийдвэр гаргасанд гомдолтой. Би схем гаргаж төлье сард 500 мянгыг төлье гэсэн саналыг хүлээж аваагүйд гомдолтой байна” гэжээ.

2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны үед  талууд эвлэрэх санал хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, зохигчийн хүсэлтийг үндэслэн 000/ШЗ2024/08477 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т “эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах”, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж тус тус заасны дагуу шүүгч шүүх хуралдааны үед зохигч нарт эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэхийг асууж тодруулан тэдний хүсэлтийн дагуу эвлэрэх хугацаа олгож шүүх хуралдааныг хойшлуулсан боловч талууд эвлэрэн хэлэлцэж чадаагүй учир тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан үнэлж, хэргийг хянан шийдвэрлэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул тухайн өргөдлийн үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, .... шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2024/0088 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, .... шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                           Д.АРИУНТУЯА

                ГИШҮҮН                               Б.СУГАР

                                                                                                                                                              Д.ЭРДЭНЭЧУЛУУН