info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-07-05

Дугаар 95

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Н нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Б.Т, Д.Н, Н.М, Б.Э нарын ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн хүлээн авч хянаад, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ГЗҮ/2024/...3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2024/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “...Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Т, Д.Н, Н.М, Б.Э нар нь “Н” ХХК-д холбогдуулан ...багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг "НХ" ХХК-аас "Н ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б.Т-ыг ...багийн техникийн төв 9 давхар байрны ...9 тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Б.Э-ыг ...багийн техникийн төв 9 давхар байрны ...7 тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Д.Н-ийг ...багийн техникийн төв 9 давхар байрны ...6 тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Н.М-ыг ...багийн техникийн төв 9 давхар байрны ...2 тоот орон сууцны шударга эзэмшигчээр (нэхэмжлэгч Н.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр өөрчилж бусад нэхэмжлэгчийн адил болгосон) тус тус тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Н” ХХК нь нэхэмжлэгч Н.М-д холбогдуулан ...багийн техникийн төв 9 давхар байрны ...2 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 11.648.000 төгрөгийг гаргуулах,

нэхэмжлэгч Б.Э-т холбогдуулан ...багийн техникийн төв 9 давхар байрны ...7 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10.360.000 төгрөгийг гаргуулах,

нэхэмжлэгч Д.Н-т холбогдуулан ...багийн техникийн төв 9 давхар байрны ...6 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10.888.000 төгрөг, байр ашиглалтын зардал 453.574 төгрөг, нийт 11.341.574 төгрөгийг гаргуулах,

нэхэмжлэгч Б.Т-д холбогдуулан ...багийн техникийн төв 9 давхар байрны ...9 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10.360.000 төгрөг, байр ашиглалтын зардал 446.553 төгрөг, нийт 10.806.553 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг ...хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд .../ШШ2024/...3 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын маргаан бүхий ...багийн техникийн төвийн 9 давхар байрны  ..7, ..2, ..9, ..6 тоот орон сууцуудаас нэхэмжлэгч нарыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус тус давж заалдах гомдол гаргаж ...хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд тус хэрэг нь санал гаргах үед давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан “...энэ хэргийн иргэний нэхэмжлэгч Д.Б-ын эрх залгамжлагч Б.Т-ын гомдлыг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орохдоо мөн илт хууль бус шийдвэр гаргасан, ... шүүгч Б.Б Монгол улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасан олон улсын гэрээ Монгол улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн заалтыг зөрчин хууль зөрчөөгүй гэж дүгнэн шийдвэрлэснээрээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалт буюу Иргэний хуулийн 56.1.1 дэх заалтыг илт ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн”  гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

  1. Өргөдлийн “... энэ хэргийн иргэний нэхэмжлэгч Д.Б-ын эрх залгамжлагч Б.Т-ын гомдлыг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орохдоо мөн илт хууль бус шийдвэр гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

Шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 0....0 дугаар захирамжийг эс зөвшөөрч эрх залгамжлагч гэх Б.Т, өмгөөлөгч Э.М нарын гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүгч Б.М даргалж, шүүгч Л.Э, Б.Б бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ”, 171 дүгээр зүйлийн 171.1-д “шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж тус тус зааснаар гомдол шийдвэрлэх хуралдааны шийдвэр нь шүүх бүрэлдэхүүний олонхын саналаар гардаг болно.

Иймд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Б-д холбогдуулж гаргасан “...иргэний нэхэмжлэгч Д.Б-ын эрх залгамжлагч Б.Т-ын гомдлыг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орохдоо мөн илт хууль бус шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй.

  1. Өргөдлийн “...шүүгч Б.Б Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасан олон улсын гэрээ Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэсэн заалтыг зөрчин хууль зөрчөөгүй гэж дүгнэн шийдвэрлэснээрээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг илт ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч Б.Б хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.

Өөрөөр хэлбэл шүүгч хэрэгт авагдсан баримтын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж шийдвэр гаргах эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү шүүгчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарч байна.

Өргөдөл гаргагч нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлж дүгнэсэн гэсэн утга агуулгатай гомдол гаргасан байх бөгөөд шүүгч Б.Б нь дээрх иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасантай нь холбогдуулж шүүгчийг ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүхийн сахилгын хороонд шүүхийн тогтоол, шийдвэрийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй бөгөөд шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан нотлох баримтыг үнэлсэн, хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн алдааг дээд шатны шүүх нь залруулдаг онцлогтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж тухайн шийдвэрийг гаргасан шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж  зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал дээд шатны шүүхэд гомдол гаргах хэлбэрээр хянуулах эрхтэй болно.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж гаргав.” гэжээ.

Шүүгч Б.Б тайлбартаа: “......хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б би иргэн Д.Н, Н.М, Б.Т, Б.Э нарын Шүүхийн сахилгын хороонд гаргасан "шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн" үйлдэл гаргасан гэх агуулга бүхий өргөдөлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Б.Т, Д.Н, Н.М, Б.Э нарын нэхэмжлэлтэй, "Н ХХК-нд холбогдох, Монгол Улсын Засгийн газар гуравдагч этгээдээр оролцсон иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн .../ШШ2024/...3 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн "...багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг "НХ" ХХК-аас "Н” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ..7, ..2, ..9, ..6 тоот орон сууцуудын шударга эзэмшигчээр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын маргаан бүхий орон сууцны ..7, ..2, ..9, ..6 тоот орон сууцуудаас нэхэмжлэгч нарыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүгчээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж нэхэмжлэгч нарын өргөдөлд дурдсан, нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан "ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр нь олон улсын гэрээ, иймээс Олон улсын гэрээний тухай хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэлцэл нь хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар, үндэслэлд шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 6.2-т хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул өргөдөл гаргагч нарын энэ талаар гаргасан өргөдөл үндэслэлгүй.

Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргаж хэрэг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ...хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй байна.

2. ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1...0 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагч гэх Б.Т, түүний өмгөөлөгч Э.М нарын гомдлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д заасан нийтлэг бүрэн эрхийн хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасны дагуу оролцсон.

Гомдлыг шийдвэрлэх шүүх хуралдаанаар гомдол гаргагчийн гаргасан гомдол, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гомдолтой холбогдох нотлох баримтыг шинжлэн судалж шүүх бүрэлдэхүүнээс гомдлыг хангахгүй үндэслэлгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн тул өргөдөл гаргагч нарын энэ талаар гаргасан өргөдөл мөн үндэслэлгүй.

Иймд өргөдөл гаргагч нарын өргөдөлд дурдсан үндэслэл нь үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Т, Д.Н, Н.М, Б.Э нар “шүүгч Б.Б нь иргэний хэргийг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасан олон улсын гэрээ Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасныг зөрчин хууль зөрчөөгүй гэж дүгнэн шийдвэрлэснээрээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна; мөн энэхүү иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Б-ын эрх залгамжлагч Б.Т-ын гомдлыг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орохдоо илт хууль бус шийдвэр гаргасан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. / с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-2 тал/

Илтгэгч гишүүн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2024/...3 дугаар саналдаа “...шүүгч хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж шийдвэр гаргах эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү шүүгчид Үндсэн хууль болон бусад хуульд тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарч байна... шүүгч Б.Б нь дээрх иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасантай нь холбогдуулж шүүгчийг ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. ...гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны шийдвэр нь шүүх бүрэлдэхүүний олонхын саналаар гаргадаг” гэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 242-247 тал/

  1. Иргэний хэргийг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасан олон улсын гэрээ Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж заасныг зөрчин хууль зөрчөөгүй гэж дүгнэн шийдвэрлэснээрээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Т, Б.Б, Д.Н, Г.Ц, В.Ж, Ц.Г, О.Б нар нь хариуцагч “Н” ХХК-нд холбогдох, Монгол Улсын засгийн газар гуравдагч этгээдээр  оролцсон иргэний хэрэгт ...багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг “НХ” ХХК-иас “Н” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, энэ байрны ..7, ..2, ..9, ..6 тоот орон сууцуудын шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ...хэргийн анхан шатны шүүхэдэд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргахад тус шүүхийн шүүгч З.Т зохих журмын дагуу хүлээн авч, шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1...4 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 85 тал/

Тухайн иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг ...хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...3 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ..7, ..8 дугаар зарлигаар Б.Б, Г.Б нарыг ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилж, шүүгчийн орон тоо нэмэгдсэний дагуу ...”Иргэн-2014” нэгдсэн системийн бүртгэлийн дарааллаар сондгой дугаарт бүртгэгдсэн ...нийт 38 хэргүүд, 1 нэхэмжлэл, 1 шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг тус тус шүүгч Б.Б-д шилжүүлсэн” байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 166-167 тал/

Дээрх Б.Т нарын нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох иргэний хэрэг нь шүүгч Б.Б-д шилжиж, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн, мөн өдрийн .../ШШ2024/...3 дугаар шийдвэрээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Б.Т, Б.Э, Д.Н, Н.М нарыг шударга эзэмшигчээр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын  Б.Т, Б.Э, Д.Н, Н.М нарыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх хэсгийг хангаж, нэхэмжлэгч Н.М-аас 11.648.000 төгрөг, Б.Э-аас 10.360.000 төгрөг, Д.Н-ээс 11.341.574 төгрөг, Б.Т-аас 10.806.553 төгрөгийг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. / с.х-ийн 1 дүгээр хавтасны 202-217 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ”, мөн зүйлийн 115.2 дахь хэсэгт “анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:” гээд 115.2.1-115.2.3 дахь заалтуудад зааснаар анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэх шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар зохицуулагдсан.

Иймд шүүгч Б.Б нь хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлэгдсэн иргэний хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заасан шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн дотоод итгэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянах эрхтэй.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргасан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 227-230 тал/

Өөрөөр хэлбэл Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах эрхийг хуулиар олгоогүй тул ...хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн .../ШШ2024/...3 дугаар шийдвэр нь хууль зөрчсөн эсэхийг хянах боломжгүй юм.

Иймд илтгэгч гишүүний “...өргөдөл гаргагч нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлж дүгнэсэн гэсэн утга агуулгатай гомдол гаргасан байх бөгөөд шүүгч Б.Б нь дээрх иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасантай нь холбогдуулж шүүгчийг ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм...” гэж дүгнэснийг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

  1. Түүнчлэн өмнө энэ иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Б-ын эрх залгамжлагч Б.Т-ын гомдлыг шийдвэрлэх бүрэлдэхүүнд шүүгч Б.Б орохдоо илт хууль бус шийдвэр гаргасан гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас  үзэхэд Д.Б-ын нэхэмжлэлтэй, “Н” ХХК-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн .../ШЗ2022/0....0 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 57-63 тал/

Шүүгчийн дээрх захирамжийг нэхэмжлэгч Д.Б-ын эрх залгамжлагч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М нар эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, ...дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, ...гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар гомдол гаргасан байна.

Тухайн шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Б.М, бүрэлдэхүүний шүүгчээр Ерөнхий шүүгч Л.Э, шүүгч Б.Б нар томилогдож, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцэн 8 дугаар тогтоолоор шүүгчийн ..../ШЗ2022/...50 захирамжийг хэвээр үлдээжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн мөн зүйлийн 171.1.1-171.1.3-т зааснаар захирамж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих; тогтоол, захирамж, шийтгэвэрт өөрчлөлт оруулах; тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгох гэх шийдвэрүүдийн аль нэгийг гаргах юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйл нь зөвхөн тухайн шатны шүүхэд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах тохиолдлыг зохицуулсан зохицуулалт бөгөөд гомдол шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцээд тогтоол гаргах зохицуулалт нь мөн хуулийн 171 дүгээр зүйлээр зохицуулагдахаар хуульчилсан.

Дээрхээс үзэхэд шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянасан шүүхийн тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар гурван шүүгчийн бүрэлдэхүүний олонхын саналаар шийдвэрлэсэн байх буюу шүүгч Б.Б нь хэргийн оролцогчдоос гаргасан гомдлыг дангаар шийдвэрлээгүй байна.

 Иймд шүүгч Б.Б-ыг өргөдөлд дурдсанчлан “...Д.Б-ын эрх залгамжлагч Б.Т-ын гомдлыг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орохдоо илт хууль бус шийдвэр гаргасан...” гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн тогтоолын үндэслэлийг хянах, түүнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй болохыг дурдаж байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Б.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ГС/2024/...3 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                         ГИШҮҮН                                      Д.АРИУНТУЯА

                                                                                   О.НОМУУЛИН