info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-07-03

Дугаар 89

Улаанбаатар хот

 

 

       Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

     болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар “М” ХХК, “М с” ХХК-ийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Н.Д-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн О.Номуулины илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2024/0089 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

“... Нэг. “2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч оролцохоо илэрхийлсэн боловч урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй гэсэн атлаа 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хххх тоот тэмдэглэл болон шүүх хуралдаан товлох тухай шүүгчийн захирамж гаргаж хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ” гэж заасны дагуу “М” ХХК, “М с” ХХК нарын “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад товлож хэргийн оролцогч нарт  мэдэгдсэн, хэргийн оролцогчдоос урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, урьдчилсан хэлэлцүүлэгээс өмнө шүүгчийн туслахыг утсаар холбогдоход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар нэг шийдвэрлүүлэх санал хүсэлт байхгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн оролцогчид хэн аль нь ирээгүй ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийснээр хххх дугаартай тэмдэглэл үйлдэж, мөн өдрийн шүүгчийн 8281 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг  10 дугаар сарын 24-ний өдөр товлосон болох нь гэрч Д.Б-ны /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ “...Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн. Шүүгчийн туслахад би урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоно гэдгээ хэлсэн. Гэтэл урд өдөр нь туслах утсаар яриад ямар нэг шийдвэрлүүлэх санал хүсэлт байгаа юу гэж асуухаар нь байхгүй гэхэд тэгвэл урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шууд хурлаа хийчихье гэж хэлсэн. Дараа нь хэргийн материалтай танилцахад урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд хурал товлосон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Ц-гийн /шүүгчийн туслах/ “...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг байсан. Энэ урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй. Талууд урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх санал хүсэлт байхгүй тохиолдолд заавал хийхгүйгээр хурлаа шууд товлодог. Гэхдээ талуудаас  урьдчилан асуудаг. Ер нь заавал тэмдэглэл үйлдэх ёстой болохоор тэмдэглэл үйлдсэн. Энэ бол бараг бүх шүүхэд тогтсон практик юмаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-70.1.4-т заасан хүсэлт гаргаагүй, хурал товлох тохиолдолд тэмдэглэл үйлдээд захирамжаар хурлаа товлочихдог” гэх мэдүүлэг болон хуралдааны тэмдэглэл, хуралдаан товлосон шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ны “...Манайх өмнө нь нотлох баримт гаргуулах хүсэлтээ гаргачихсан байсан болохоор нэмж гаргах санал хүсэлт байхгүй л гэж хэлсэн...” гэж мэдүүлсний дагуу “М” ХХК, “М с” ХХК нарын “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцсан, урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө ямар нэгэн хүсэлт өгөөгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх хүсэлтэд “нотлох баримт гаргуулах тухай хүсэлт” хамаардаггүй тул “хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлээгүй” гэж шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Шүүх хуралдааныг товлон зарлахад урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ”, 70.9-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн тэмдэглэлтэй хэргийн оролцогч танилцаж болно”, 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад шүүх хуралдааныг товлохдоо хэргийн оролцогчдын санал хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, ийнхүү хэлэлцүүлсэн тохиолдолд тэмдэглэл үйлдэнэ гэж ойлгохоор байх бөгөөд шүүгчийн туслах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид “хэлэлцүүлэх хүсэлт байхгүй бол урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шууд хурлаа хийчихье” гэж хэлсэн, “урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлүүлэх санал хүсэлт байхгүй тохиолдолд заавал хийхгүйгээр хурлаа шууд товлодог” гэж мэдүүлсэн зэрэг нь дурдсан хуульд нийцээгүй байна.

Гэвч “хэргийн оролцогч нар ирээгүй, хэлэлцэн шийдвэрлэх санал хүсэлт байхгүй тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэг хийснээр тэмдэглэл үйлдэн шүүх хуралдаанаа товолсон захирамж гаргадаг” зөрчил нэг шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой бус харин тухайн шүүхийн үйл ажиллагаанд практик болон тогтсон нь ... шүүхийн тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/ххх дугаар албан бичгээр ирүүлсэн 2024 оны 1 дүгээр улиралд хэргийн оролцогчгүйгээр хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн судалгаа, гэрч Э.А-ын /Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга/ “...Зарим шүүгч нар зааланд ороод хурлаа товлоод гараад ирдэг. Зарим шүүгч нар шууд хурлаа товлоод тэмдэглэлээ баталгаажуулдаг. Нэгэнт хэргийн оролцогчид ямар нэг санал хүсэлт байхгүй, хурал товлоход татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн бол шууд хурлаа товлоход болно гэж үздэг байх. Ер нь манай шүүх хуралдааны заал олдохгүй, олон хуралтай зэрэг шалтгаанаар урьдчилсан хэлэлцүүлгийг зааланд орж хийхгүй тохиолдол байгаа. Хурал товлоход заавал урьдчилсан хэлэлцүүлэг хийх ёстой болохоор тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргадаг” гэх мэдүүлэг, гэрч Н.А-ын /Үйлчилгээний хэлтсийн дарга/ “...Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хэргийн оролцогч нарт мэдэгдээд ирээгүй юм уу эсхүл эзгүйд хийх боломжтой талаар саналаа хэлсэн тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлгийг хэргийн оролцогчдыг байлцуулахгүйгээр хийгээд хурлаа товлодог. Ихэнх тохиолдолд шууд хурал товлосон захирамж гаргачихдаг. Хуульд урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл үйлдэнэ гэж заасан болохоор хуралдааны зааланд орж хийсэн ч хийгээгүй ч тэмдэглэл үйлддэг юм. Шүүх хуралдааныг товлохдоо урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлоно гэж хуулийн зохицуулалттай болохоор заавал тэмдэглэл үйлдэж хийх шаардлагатай болдог. Нэгэнт хэргийн оролцогчид ирээгүй болохоор ямар нэг хэлэлцүүлэх асуудал байхгүй шүү дээ. Тийм болохоор л хурлаа шууд товлоод тэмдэглэл хийчихдэг байх. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шалгалт ирээд хэрэг хянаж үзэхдээ тэмдэглэл хийгээгүйг процессын зөрчилд тооцдог” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн үйлдлийг ойлгох бөгөөд уг үйлдэл “ноцтой” эсхүл “удаа дараа“ байхыг шаарддаг.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлсэн байхад түүнийг хүсэлт байхгүй гэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцох эрхийг зөрчсөн нь тогтоогдож байгаа ч энэхүү нөхцөл байдал шүүгчийн туслахын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой төдийгүй тухайн шүүхийн үйл ажиллагаанд “хэргийн оролцогч нар ирээгүй, санал хүсэлт байхгүй тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэг хийснээр тэмдэглэл үйлдэн шүүх хуралдаанаа товолсон захирамж гаргадаг” практик  тогтсон, мөн нэхэмжлэгч талаас  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-70.1.3 дахь хэсэгт зааснаар заавал урьдчилан хэлэлцүүлгээр шийдвэрлэх хүсэлт гаргаагүй зэргийг харгалзан үзээд “ноцтой байх” хуулийн урьдач нөхцөл бий болоогүй гэж илтгэгч гишүүн үзлээ.

Харин цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэргийн оролцогчид ирээгүй тохиолдолд тэмдэглэл хэрэгт хавсаргах эсэхийг нийт шүүгчдээрээ хэлэлцүүлж шийдвэрлэх зэрэгт анхаарч ажиллахыг сануулах нь зүйтэй байна.

Хоёр. “Шүүх хуралдааныг зөвхөн хариуцагчийн хүсэлтээр 7 удаа хойшлуулсан...” гэх гомдлын тухайд:

... шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8281 дугаар захирамжаар “М” ХХК, “М с” ХХК нарын нэхэмжлэлтэй “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад товлосон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн томилолтын удирдамжийн дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сум, “Э” ХК-ийн салбарт томилолтоор ажиллах болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлснийг шүүгчийн 10 дугаар сарын 24-ний өдрийн хххх дүгээр захирамжаар хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А “...эрүүл мэндийн шалтгаанаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлөгдсөн тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт 10 дугаар сарын 30-ны өдөр ирүүлснийг шүүгчийн 10 дугаар сарын 30-ны өдрийн 8804 дүгээр захирамжаар хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын “хэргийн материалтай танилцах” хүсэлтийг хангаж шүүгчийн 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9128 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т “...БНХАУ-д томилолтоор ажиллах болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлснийг шүүгчийн 11 дүгээр сарын 22-ны өдрийн хххх дугаар захирамжаар хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “бичгээр хариу тайлбар гаргах” хүсэлтийг хангаж шүүгчийн 11 дүгээр сарын 29-ний өдрийн хххх дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А “...эрүүл мэндийн шалтгаанаар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл гадаад улсад зорчих болсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт 12 дугаар сарын 06-ны өдөр ирүүлснийг шүүгчийн 12 дугаар сарын 12-ны өдрийн хххх дугаар захирамжаар хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт захиргааны хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасан бөгөөд хэргийн оролцогчид шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй тул

холбогдох нотлох баримтад үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтээр 2 удаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүсэлтээр 3 удаа, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой 1 удаа нийт 6 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан нь шүүгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх боломжгүй байна.

Гурав. “...Нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа хэлэлцээгүй” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Төрийн банкны хххххххххххххх тоот дансны тодорхойлолтыг гаргуулах, дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг үзлэг оношилгоонд орсон эсэх лавлагааг гаргуулах, tender.gov.mn сайтад үзлэг хийлгэх, “С М с” ХХК-ийн санал болгосон тээврийн хэрэгсэл, хүний нөөцийн мэдээллийг гаргуулах” тухай хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, “Төрийн банкны хххххххххххххх тоот дансны хуулгыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар гаргуулах” хүсэлтийг 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хххх дугаар захирамжаар хангахаас татгалзсан, 12 дугаар сарын 11-ний өдөр дээрх хүсэлтийг дахин гаргасан, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ххх дугаар захирамж гарсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

Мөн шүүгч нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шүүх хуралдаан хойшлуулсан захирамж гаргахдаа шийдвэрлэх үүрэгтэй гэж хуульчлаагүй тул хүсэлт гаргаснаас хойш 2 удаа шүүх хуралдаан хойшлуулахдаа шийдээгүй гэж буруутгах боломжгүй байна.

Дөрөв. “...Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй зөвхөн нэмэгдүүлсэнтэй холбоотой хэргийн оролцогчдод мэтгэлцэх боломж олгохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлын тухайд:

“М” ХХК, “М с” ХХК нар нь “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Э” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТ/хххххххххх дугаартай “Ц-ийн баруун уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох” тендерт “С М с” ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, 11 дүгээр сарын 27-ны өдөр “...шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, дахин 12 дугаар сарын 11-ний өдөр “...шийдвэрийг хүчингүй болгох, “М” ХХК, “М с” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ххх дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

Дурдсан хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дээд шатны шүүх дүгнэлт өгч алдааг залруулах эрхтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага билээ.

Тав. “...Тендерийн маргааныг 60 хоногт шийдэх ёстой боловч 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу 117 хоногийн дараа үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлын тухайд:

... шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хххх дугаар захирамжаар “М” ХХК, “М с” ХХК-ийн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, мөн өдрийн хххх дугаар захирамжаар “С М с” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан, 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагт хариуцагч, гуравдагч этгээд нарт нэхэмжлэл гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч 09 дүгээр сарын 14-ний өдөр хариу тайлбар гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гардан авч 09 дүгээр сарын 20-ны өдөр хариу тайлбар гаргасан, Шүүгчдийн зөвлөгөөний 10 дугаар сарын 02-ны өдрийн хххх дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 30 хоногоор сунгажээ.

Шүүх хуралдааныг хуулийн хугацаандаа буюу 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад товлон зарласан ч өмнөх хэсэгт дурдсан шалтгаанаар 6 удаа шүүх хуралдаан хойшилж, 12 дугаар сарын 26-ны өдрийн ххх дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-д “Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 112.4.2 “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан”, 112.6-д “Шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системд байршуулсан баримт бичгээс бусад нотлох баримт гаргуулах, эсхүл цахим систем дэх баримт бичгийн үнэн зөвийг нотлох нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.

Дээрх  хуулийн хугацаа 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх бөгөөд “М” ХХК, “М с” ХХК нарын нэхэмжлэлтэй “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хуулийн хугацаанд товлон зарласан ч хэргийн оролцогч нар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Зургаа. “...Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гарган өгөхөд үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан” гэх гомдлын тухайд:

“М” ХХК, “М с” ХХК нарын нэхэмжлэлтэй “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдох хэргийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд бичлэгийн 00:03:23 минутаас

Даргалагч: Өмгөөлөгч сиди, флаш өгсөн байна. Энэ ямар учиртай бил ээ гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нотлох баримтын шинж чанартай зүйл байгаа. Манай тендерээс татгалзсаныг үгүйсгэсэн баримт байгаа. Манай баримтыг дутуу гэж үзээд байгаа гэхэд

Даргалагч. Хариуцагчаас цахим тендерийн баримт ирсэн байгаа /гялгар ууттай сиди харуулав/. Үүгээр яах юм бэ, эндээс шалгаж болохгүй юу гээд гялгар ууттай сидиг харуулахад

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Болно, гэхдээ энэ нь илүү амар, манайхыг тодруулсан цөөхөн минутын бичлэг байгаа гэв.

Даргалагч: Энэ шаардлагагүй, хэрэгт авагдсан үндсэн цахим баримтаас үүн дээр үзүүлэх гэсэн юм аа гээд үзүүлээд явчих гээд сиди, флашийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид буцаан өгч байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн гаргаж өгсөн сиди, флашд байгаа нотлох баримтыг хариуцагчаас гарган өгсөн цахим нотлох баримтаас шинжлэн судлахыг зөвшөөрсөн, үүний дагуу шүүгч нотлох баримтыг буцаан өгсөн энэ тохиолдолд “шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гарган өгснийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан” гэж үзэхгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгох ба шүүгч хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсан, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зэрэг өргөдөлд дурдсан үндэслэлийг “эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хариуцагчид давуу байдал олгосон” зөрчилд хамааруулах боломжгүй.

Өргөдөл гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэмэлтээр гомдол гаргасан “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхгүй байхад шүүгч Н.Д мэдсэн мөртлөө оролцуулсан зөрчил гаргасан” гэх үндэслэлийг шалгаж үзэхэд хариуцагч “Э” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1495 дугаар албан бичгээр Хууль, эрх зүйн газрын дарга Э.Т, Хууль зүйн зохицуулалтын хэлтсийн хуульч С.М, Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.А нарыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн 2 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь ... шүүхийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болох нь холбогдох тушаалаар нотлогдож байна.

Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “нийтийн албан тушаалтан” гэж үзэх боловч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”: 21.1.3 “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх” гэж заасан хориглолтод хамаарахгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж зааснаар шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, хуульд заасан хэлбэрээр олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгчөөр томилогдон оролцож байгааг “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх” гэж заасанд хамааруулж ойлгохгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалт нь шүүхтэй эрх зүйн харилцаа үүсгэж байгаа этгээдийг төлөөлөхийг хориглосон зохицуулалт бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөхийг хориглосон зохицуулалт биш болно.

Харин Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Өмгөөлөгч дараах тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглоно”: 15.2.4. “тухайн хэрэг, маргааныг хянан шалгаж, шийдвэрлэж байгаа байгууллагад, эсхүл түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад ажил, албан тушаал эрхэлж байсан бөгөөд түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй” гэж заасан зохицуулалт шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай, зөрчигдөх эсэхийг шүүх шалгах нь зөв боловч С.Мнь өмгөөлөгчөөр бус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх тул өргөдлийн “итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхгүй этгээдийг шүүгч мэдсэн мөртлөө оролцуулсан” гэх үндэслэл үгүйсгэгдэнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч Н.Д-д  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргавгэжээ.

Шүүгч Н.Д тайлбартаа:

“Тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “М” ХХК, “М с” ХХК нараас “Э” ХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Э” ХК-аас 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зарласан ЭТТ/хххххххххх дугаартай Цанхын баруун уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэгчийг сонгох тендерт “С М с” ХХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр товлосон байна. Товлосон өдөр урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг товлоход татгалзах зүйлгүй талаар мэдэгдсэний дагуу шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад товложээ. Ийнхүү урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, шүүх хуралдааныг товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хүсэлт байхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мгаас гаргасан хүсэлтийн дагуу, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-ийн хүсэлтийн дагуу, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан гуравдагч этгээд Б.Б-ын хүсэлтийн дагуу, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т С.М, А.А нарын хүсэлтийн дагуу, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж, бичгээр тайлбар гаргах хүсэлтийн дагуу, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-ийн хүсэлтийн дагуу тус тус хойшлуулсан байна.

Улмаар 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нарын гаргасан хүсэлтийг хэлэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Тус захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хүчингүй болгож ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр товлосон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хуралдаан хойшлуулах хүсэлтийн дагуу хойшлуулж, одоогоор тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр товлоод байна. Ийнхүү хурал хойшлуулах үндэслэл болсон талуудын хүсэлт, нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжийг тайлбарт хавсаргав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: ...20.1.1  нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; 20.1.3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1 “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: ... 21.1.2 “энэ хуулийн 20.1.2-20.1.7-д заасан эрх.”, 22 дугаар зүйлийн 22.4 “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.” гэж тус тус заажээ.

Хуульд зааснаар хэргийн оролцогч нар тэгш эрхтэй ба шүүх нэг оролцогчийн эрхийг хангахдаа бусад оролцогчийн эрхийг зөрчихгүй байхыг зорьдог тул нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхэд хэргийн бусад оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын оролцож тайлбар гаргах эрхийг хангах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү хэргийн оролцогч нар оролцсон шүүх хуралдаанаар хүсэлтийг шийдвэрлэсэн болно.

Шүүгч, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус байж, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй ба Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Миний бие ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Үндсэн хууль, бусад хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчдыг түүний дотор нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн, зохион байгуулж ажиллаж байна.

Шүүгч нь шүүх хуралдаанаас бусад үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчтэй уулздаггүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэх ажиллагааны талаар шаардлагатай тохиолдолд шүүгчийн туслах, хэргийн бусад оролцогч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нараас тодруулах боломжтой байна.” гэжээ.

Шүүгч Н.Д нэмэлт тайлбартаа:

1. “...Тус хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь шүүхэд ажиллаж байхдаа өөр шүүгчийн туслах болон тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан байдаг.

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ: ...21.2.2. хариуцагч өөрөө эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох:” гэж зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон оролцуулсан ба Захиргааны хэргийн шүүх нь хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг татгалзах эрх байхгүй юм.

Харин шүүгч хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд татгалзан гарах үүрэгтэй бөгөөд шүүгч миний бие өөрөө татгалзан гарах үндэслэл бүрдээгүй байсан бөгөөд хэргийн оролцогч татгалзах эрх нь нээлттэй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах. ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөхийг 2 жилийн хугацаанд хориглосон зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй.

Үүнийг нэхэмжлэгч тал мэдэж байсан тул өөрсдийн өмгөөлөгчөөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллаж байсан өмгөөлөгч н.Т-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж шүүгчийн захирамж хянасан давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулсан байдаг ба сүүлийн жилүүдэд шүүхийн хүний нөөц тогтворгүй байгаа бөгөөд шүүхээс гарсан ажилтнууд хуулийн этгээд болон захиргааны байгууллагыг төлөөлөх тохиолдол өсөж байгааг дурдах нь зүйтэй. Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон оролцуулсан асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна” гэжээ.

2. “Тус хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан шийдвэрлээд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр товлосон ба тус өдөр урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар ирээгүй бөгөөд шүүх хуралдааныг товлоход татгалзах зүйлгүй талаар мэдэгдсэний дагуу шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад товложээ. Нэгэнт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас тодорхой санал хүсэлтгүй болон хурал товлоход татгалзах зүйлгүйгээ илэрхийлж зөвшөөрсөн тул тэдгээрийг оролцуулалгүй хуралдааныг товлосон байна.

Ийнхүү урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, шүүх хуралдааныг товлохоос өмнө хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт заавал биечлэн оролцох талаар мэдэгдсэн зүйлгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зөвшөөрснөөр шүүх хуралдааныг байхгүйд нь товлодог болно.

Хэрэв тус өдөр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан бол хэлэлцүүлэгт оролцуулж аливаа санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх байсан ба өөрсдийнх нь зөвшөөрснөөр хуралдаан товлосонд шүүх, шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн тус шүүхийн практикт урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн оролцогч оролцоогүй байсан ч тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргадаг бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ талаар тус шүүхийн Тамгын газраас тодруулах боломжтой.

Шүүх хэргийн оролцогч нарын /нэхэмжлэгчийн/ зөвшөөрснөөр тэдгээрийн эзгүйд шүүх хуралдааныг товлосон бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй юм...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн, “М” ХХК, “М с” ХХК-ийн  өргөдлөөр ... шүүхийн шүүгч Н.Д-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгаж, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ГС/2024/0052 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг сахилгын хорооны хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн СХТ/2024/0054 дүгээр тогтоолоор, дахин шалгуулахаар буцаасан байна.

Шалгах ажиллагааг дахин хийж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ГС/2024/0089 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

1. “М” ХХК, “М с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭТТ” ХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 20 минутад товлон, оролцогч нарт товыг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэж, “Урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх тухай” баримт №13-ыг үйлджээ[1].

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар, нотлох баримт хасуулах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг хэлэлцүүлэхээр заажээ.

Нэхэмжлэгч талаас урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлсэн байхад түүнийг оролцуулалгүй урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийж, хэргийн оролцогчгүй байхад тэмдэглэл хөтөлсөн болох нь тэмдэглэл, захирамжаар тогтоогдож байх ба шүүх хуралдааны тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд”, 42.1.2-т “давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байгаа ...” тохиолдолд хөтлөхөөр заажээ.

Үүнийг илтгэгч гишүүн “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоо илэрхийлсэн байхад түүнийг хүсэлт байхгүй гэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцох эрхийг зөрчсөн нь тогтоогдож байгаа ч энэхүү нөхцөл байдал шүүгчийн туслахын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой төдийгүй шүүхийн үйл ажиллагаанд “хэргийн оролцогч нар ирээгүй, санал хүсэлт байхгүй тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэг хийснээр тэмдэглэл үйлдэн шүүх хуралдаанаа товолсон захирамж гаргадаг” практик  тогтсон, ... цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэргийн оролцогчид ирээгүй тохиолдолд тэмдэглэл хэрэгт хавсаргах эсэхийг нийт шүүгчдээрээ хэлэлцүүлж шийдвэрлэх зэрэгт анхаарч ажиллахыг сануулах нь зүйтэй ...” гэж саналдаа дүгнэсэн.

Мөн шүүхийн Тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/ххх дугаар албан бичгээр ирүүлсэн “2024 оны 1 дүгээр улиралд хэргийн оролцогчгүйгээр хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн судалгаа”-гаар[2] хэргийн оролцогчгүй 43 урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулж тэмдэглэл хөтлөн, албажуулсан байгаагаар, практик тогтсон болохыг харуулж байна.

Талуудаас урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэх санал, хүсэлт гаргаагүй байх тул “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-70.1.3 дахь хэсэгт зааснаар заавал урьдчилан хэлэлцүүлгээр шийдвэрлэх хүсэлт гаргаагүй ... “ноцтой байх” хуулийн урьдач нөхцөл бий болоогүй ...” гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

2. Урьдчилсан хэлэлцүүлгийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар, шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш,

- 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-гийн “... томилолтоор ажиллах болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй ... байна ... хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтээр хойшилсон,

- 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-ийн “... эрүүл мэндийн шалтгаанаар ... ажлаас чөлөөлөгдсөн. ... шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү ...” гэх хүсэлтээр хойшилсон,

- 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ны “... хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт материалыг гаргуулах хүсэлт гаргасан. ... шүүх хурлыг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтээр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Б-ын “... хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү ...” гэх хүсэлтээр хойшилсон,

- 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, С.М, А.А нарын “... БНХАУ-д томилолтоор ажиллах болсон тул ... шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү ...” гэх хүсэлтээр хойшилсон,

- 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А “... нэмэгдүүлсэн шаардлагад тайлбар гаргах хугацаа олгож өгнө үү ...” гэх хүсэлтээр хойшилсон,

- 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А-ийн “... эрүүл мэндийн шалтгаанаар ... гадаад улсад зорчих болсон тул ... шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү ...” гэх хүсэлтээр хойшилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдах бөгөөд оролцогчийн мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж, холбогдох баримтын хамт ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, хуралдааныг хойшлуулсан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Иймд “... хэргийн оролцогчид шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй тул холбогдох нотлох баримтад үндэслэн ... шүүх хуралдааныг хойшлуулсан нь шүүгчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх боломжгүй байна ...” гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Төрийн банкны ххххххххххх тоот төгрөгийн дансны тодорхойлолтыг гаргуулах, тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоонд орсон эсэх лавлагааг гаргуулах, tender.gov.mn сайтад үзлэг хийлгэх, ЭТТ/2021/ххххххх тоот тендерт санал болгосон тээврийн хэрэгсэл, хүний нөөцийн мэдээллийг гаргуулах” тухай хүсэлтийг гаргажээ.

Дээрх хүсэлтийг гаргасны дараа 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаан явагдсан боловч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж, тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Нэхэмжлэгчээс дахин 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Төрийн банкны ххххххххххх тоот төгрөгийн дансны хуулгыг тендерийн үнэлгээ хийх үеийн буюу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл гаргуулах” хүсэлтийг гаргасан.

Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан хийлгүй, шүүгчийн захирамжаар хойшилсон байна.

Хүсэлтүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШЗ2023/хххх дугаар захирамжаар хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн, хүлээн авахаас татгалзжээ.

Эхний хүсэлт гаргаснаас хойш 2023 оны 11 дүгээр сарын 08, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд шүүх хуралдаан хойшилсон байна. Хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулахдаа хүсэлтийг шийдвэрлээгүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/0ххх дугаар захирамжаар “... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ...” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн ... 54.2, ... дахь хэсэгт заасан ... шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар түүний дээд шатны шүүх нь захирамж, тогтоолыг хянах зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч талаас захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШТ/2024/00хх дүгээр тогтоолоор, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/0ххх дугаар захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй гэж үзлээ.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан”-ыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан байна, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д шүүх нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заажээ.

Шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2023/хххх дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хххх дугаар тогтоолоор хэргийн хугацааг 30 хоногоор сунгах хүртэл, гуравдагч этгээд татан оролцуулах захирамж гаргаж, гуравдагч этгээдийг дуудан ирүүлэх хуудас хүргүүлсэн, нэхэмжлэлийн хувь гардуулсан[3], хариуцагч талд дуудан ирүүлэх хуудас хүргүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан[4], оролцогчдод хэргийн материал танилцуулсан[5], талуудаас хариу тайлбар авах[6] зэрэг ажиллагаа хийгдсэн болох нь тогтоогдоно.

Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хххх дугаар тогтоолоор хэргийн хугацааг 30 хоногоор сунгаснаас хойш, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан зарлаж, шүүх хуралдааныг товлосон, талуудаас гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Иймд, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хуулийн хугацаанд товлон зарласан ч хэргийн оролцогч нар удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байсан тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй.

 

6. Тус хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны дүү-дүрсний бичлэгийг нягтлан үзвэл, даргалагч[7]: Өмгөөлөгч сиди, флаш өгөөд байна, энэ ямар учиртай билээ гэхэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч[8]: Нотлох баримтын шинж чанартай зүйл байгаа. Манай тендерээс татгалзсаныг үгүйсгэсэн баримт байгаа. Манай баримтыг дутуу гэж үзээд байгаа гэв.

Бичлэгийн 0:03:40 дэх хэсэгт даргалагч: Хариуцагчаас цахим тендерийн баримт ирсэн байгаа. Үүгээр яах юм бэ, эндээс шалгаж болохгүй юу гэхэд бичлэгийн 0.03:57 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Болно, гэхдээ энэ нь илүү амар, манайхыг тодруулсан цөөхөн минутын бичлэг байгаа гэв.

Даргалагч[9]: Энэ шаардлагагүй, хэрэгт авагдсан үндсэн цахим баримтаас үүн дээр үзүүлэх гэсэн юм аа үзүүлээд явчих гээд сиди, флашийг нарийн бичгийн даргаар дамжуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчид буцааж өгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч сиди, флашийг авч байгаа нь тусгагджээ.

Нэгэнт хариуцагч талаас гарган ирүүлсэн баримттай давхцуулан гарган өгсөн нотлох баримтыг хүлээн аваагүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх илтгэгч гишүүний саналд дурдсан дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Өргөдөл гаргагч Д.Б нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан нэмэлт өргөдөл, тайлбартаа “... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхгүй ... оролцуулсан ...” гэжээ.

Илтгэгч гишүүн үүнийг шалгахад, С.Мг өөрийн хүсэлтээр ... шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар тус шүүхийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгджээ.

“Э” ХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1465 дугаар албан бичгээр С.М-д 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгосноор, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

С.М нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь “ ...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ... 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 21.1.3 “урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх” гэж заасан хориглолтод хамаарахгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн.

Мөн сахилгын хорооны хуралдаанд, шүүгч урьд өмнө өөрийн хамт ажиллаж байсан этгээд оролцож байгаа хэргээс татгалзан гарах үндэслэлийг холбогдох хуульд заасан байдаг эсэх, нэхэмжлэгч талаас шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргасан эсэхийг тодруулахад, илтгэгч гишүүн “... Татгалзал гаргаагүй. Тухайн шүүгч өөрөө хэрэг маргааныг шударгаар шүүхэд нөлөөлөх үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд татгалзал гаргах нь шүүгчийн өөрийн дотоод итгэл үнэмшил байх ...” гэж тайлбарласан.

Иймд, илтгэгч гишүүний “... С.Мнь өмгөөлөгчөөр бус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх тул өргөдлийн “итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхгүй этгээдийг шүүгч мэдсэн мөртлөө оролцуулсан” гэх үндэслэл үгүйсгэгдэнэ ...” гэх санал үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрхийг нэгтгэвэл, шүүгч Н.Д нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2024/0089 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Н.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ                                      Ц.ДАВХАРБАЯР

                   ГИШҮҮН                                         Д.АРИУНТУЯА

                                                                     С.ЭНХТӨР