info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-27

Дугаар 85

Улаанбаатар хот

 

 

       Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

     болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар А.Намуундарь нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар Б.Б-н мэдээлэлтэй, О аймгийн ... шүүхийн шүүгч М.Э-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2024/0083 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:

“ ... 2024 он 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар буцаах тухай” СХТ/2024/0046 дугаар тогтоолоор шалгаж тодруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн үндэслэл нэг бүрд шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргав.

“А Г” ХХК-ны зохион байгуулсан БНХАУ-ын Манжуур хотын чиглэлийн аялал нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу пүрэв гаригт Улаанбаатар хотоос эхэлж, 12 дугаар сарын 19-ний өдөр буюу мягмар гаригт Улаанбаатар хотод буцаж ирснээр дууссан байна. 

Дээрх хугацаанд пүрэв, баасан, даваа, мягмар гариг буюу ажлын 4 өдөрт хамаарч байх бөгөөд холбогдох шүүгч М.Э нь ээлжийн амралтаа биеэр эдлээгүй үлдсэн хугацаагаа тооцуулж явсан талаар тайлбар өгсөн бөгөөд тус шүүхийн Тамгын газраас ирүүлсэн албан бичигт тухайн шүүх 3 шүүгчтэй бөгөөд нэг шүүгч нь 07 дугаар сарын 16-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан, нэг шүүгч 08 дугаар сарын 001-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан тул шүүгч 2023 онд биеэр эдлэх 25 хоногийн ээлжийн  амралтын хоногоос 2023 оны 09 дүгээр сард ажлын 4 хоног биеэр амарсан бөгөөд 2023 он дуусахаас өмнө 12 дугаар сард ээлжийн амралтаасаа тооцуулж, Манжуур явсан гэж тодорхойлжээ.

Шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/07 дугаар “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалаар шүүгч М.Э 2023 оны 07 дугаар сарын 31-ний  өдрөөс  09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд амрах байсан боловч амралтаа бүрэн эдэлж чадаагүй ажилласан болох нь холбогдох шүүгчид хуваарилагдсан, хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн мэдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж гаргасан шүүгчийн захирамж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн хувьд гаргасан захирамж зэрэг эрхийн акт гаргаж байсан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд энэ талаарх баримт сахилгын хэрэгт авагдсан. Иймд амралтын үлдэгдэл хоногоос тооцуулж аяллын багт хамрагдсан талаарх шүүгчийн тайлбар, холбогдох баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.

Тогтоолын нэг үндэслэл болсон иргэнээс ирүүлсэн мэдээллийн үндэслэлтэй холбоотой тодруулбал зохих үйл баримтыг шалгах ажиллагааны хүрээнд:

Тухайн аялалд хамрагдсан иргэд хамт явсан баг тус бүр нэг гар утасны дугаараар бүртгүүлж мэдээллээ өгсөн байсан бөгөөд тухайн гар утсыг эзэмшигч нэр бүхий иргэдээс хуульд заасны дагуу эрх, үүргийг тайлбарлан гэрчийн мэдүүлэг авсан.

Гэрч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.13.Гэрчээр дуудагдсан этгээд Сахилгын хороонд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй; 106.14.Гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна гэж заасан хэдий ч гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй орон нутагт байдаг, юу ч мэдэхгүй тул гэрчийн үүрэг хүлээмээргүй байна гэж шууд татгалзсан иргэдээс тулгаж авах боломжгүй байсан болохыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна.

Тус аялалд ... шүүхийн нэр бүхий шүүгч болон албан хаагч нийт 7 хүн, “М” ХХК гэх барилгын компанийн 8 хүн, ганцаараа явсан 2 хүн, бусад нь гэр бүл найз нөхдийн харилцаатай хүмүүс хамрагдсан байна.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад тус шүүхийн Тамгын газрын дарга болон тухайн аялалд хамрагдсан шүүхийн захиргааны албан хаагчдаас гэрчийн мэдүүлэг авахад: 

- “... 2023 оны 12 дугаар сарын 14-15-ны хооронд буюу шинэ жилийн комисс зохион байгуулагдаад, шинэ жилдээ тэмдэглэхгүй гээд 2019 онд байгууллагын аварга болсон шүүгч, ажилчид Манжуур хотын аялалд явсан. 2019 онд байгууллагын аварга болсон шүүгч ажилчдад Манжуур хот руу аялах эрх өгсөн байсан. Түүнээс хойш ковид-19 цар тахал гараад явж чадаагүй. Тэгээд 2023 онд шинэ жилээ тэмдэглэхгүйгээр, шинэ жилийн комисс нь Манжуур явах эрх нь хүчингүй болох гээд байсан тул явахаар шийдвэрлэсэн...” гэх

- “...хоорондоо маргалдаж олны анхаарал татахаар зүйл болоогүй, шийдэгдсэн хэргийн талаар яриагүй, шүүгчтэй хувийн харилцаатай гэж ойлгогдох үг үйлдэл гаргаагүй” гэх;

- “...намайг унтаад сэрэхэд бусад аялагчид 8 ишиг шийдсэн Б юм байна гэж бусад хүмүүс хоорондоо ярьж байхыг сонссон. Яг хэн юу гэж ярьсан талаар мэдэхгүй... Анхаарал татахуйц зүйл, маргаан гараагүй” гэх;

- “...шийдсэн хэргийн талаар яриагүй, биеэ зүй зохисгүй авч явсан хүн байхгүй, маргаан гараагүй” гэх;

- “... шүүхээр шийдсэн хэргийн талаар ямар нэгэн яриа сонсоогүй, биеэ зүй зохисгүй авч явсан, маргасан зүйл болоогүй” гэх;

- “... шүүхээр шийдсэн хэргийн талаар ямар нэгэн яриа сонсоогүй,  биеэ зүй зохисгүй авч явсан, маргасан зүйл болоогүй” гэх;

- “...би ихэнхдээ унтаж явсан. Шүүхээр шийдсэн хэргийн талаар яриа сонсоогүй, анхаарал татах зүйл болоогүй” гэх;

- Шүүхийн Тамгын газрын ажилтан А.Ю /Ю гэж дууддаг/-аас авсан нэмэлт гэрчийн мэдүүлэгт “...шүүгч М.Э Хавирганы боомт хүртэл /Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх/ хажууд сууж явсан. Буцаж ирэхдээ би ард хоосон суудал дээр ганцаараа унтаад ирсэн... Бид нар архи дарс огт аваагүй. Ах дүүсээрээ явсан хүмүүс авсан байсан архиа тойруулсан..., гэр бүлийн харилцаатай хүн хамт яваагүй, ... шүүгч намайг янз бүрээр хэлсэн зүйл огт болоогүй, ...урд нэг байгууллагын хүмүүсээс нэг нь тэдний урд явсан 2  эгчтэй маргаад, хамт явсан эхнэрийнхээ үгэнд орохгүй байхаар нь би харин босоод “Та нар ингэж болохгүй гэх маягаар хэлсэн” гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

Бусад аялагчид нь хамт явсан хүмүүс дундаа нэг утасны дугаараар аяллын бүртгэл хийлгэсэн байсан бөгөөд бүртгэлтэй дугаараар холбогдон гэрчийн мэдүүлэг авахад:

- “... залуучууд ер нь л бүгд дуулаад, пиво мэтийг хэрэглээд яваад байх шиг байсан. Ямар хүмүүс явсан ямар яриа болсон эсэхийг огт мэдэхгүй” гэх;

- “... Барилгын компанид ажилладаг гэсэн байхаа 8 орчим хүн хамт явж байсан бөгөөд тэд нар архи уусан бололтой чанга дуу чимээтэй явсан. Нэг харсан унтчихсан байсан..., ...Яриаг нь сонсоогүй...” гэх;

- “... шүүгч хүн явсан талаар мэдээгүй. Би цагдаагийн албан хаагч байж байгаад тэтгэвэртээ гарсан тул анхаарал татах зүйл байсан бол анзаарах, мөн шаардлага тавих байсан. Замдаа автобус цасанд суухад бүгд гарч цасыг малтаад гаргасан. Тэгэхэд лав согтуу хүн байгаагүй. Харин наашаа ирж байхад нэг хүүхэн л пиво уугаад байсан байх...Тэр нэлээн согтуу байсан...” гэх;

- “...бараг бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн дээ. Барилгын компанид ажилладаг хүүтэйгээ явж байсан аав нь гээд нэг ах л урд сууж байсан 2-лаа явж байсан хүүхэнтэй бага зэрэг муудалцсан..., шүүхээр шийдвэрлэсэн хэргийн талаар сонсоогүй...” гэх;

- “... манай компанийн хүмүүс хаана ажил гарна тэнд байдаг болохоор ирэх боломжгүй байна..., орон нутагт ажиллаж байгаа..., аяллын үед архи хэрэглэсэн. Гэхдээ асуудал гараагүй, шүүхээр шийдсэн хэргийн талаар огт сонсоогүй... гэх;

Тухайн аялалд аяллын компаниас 2 жолооч, 1 хөтөч явсан байх бөгөөд гэрчийн мэдүүлэг авахад:

- “... аялагчид хоорондоо ярьж нэлээн чимээ шуугиан ихтэй байдаг тул яг юу ярьж байгаа нь мэдэгддэггүй. Тухайн аяллыг тодорхой санахгүй байна. Анхаарал татахуйц үйл явдал болоогүй” гэх;

- “... Хойгуур суусан хүмүүс нэлээд дуу чимээтэй явсан..., Нэг бор хүүхэн л нэлээд дуу чимээтэй байж, бүх л гол дүрд тэр байсан. Нэг эрэгтэй надад агсан тавих үйлдэл гаргахад тэр хүүхэн ирж хорьсон..., Би жолоочийн ард сууж явдаг тул хойно юун тухай ярьж байгаа яриаг сонсоогүй...” гэх;

- “... машин бариагүй үедээ урд жолоочийн хажууд унтаад явдаг тул хойно болсон яриаг сонсох боломжгүй. Анхаарал татах зүйл болоогүй...” гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.

Дээрх гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг нэгтгэн дүгнэхэд шүүхээр шийдсэн хэргийн талаар хэн нэгэн тодруулбал шүүгч өөрөө ярьсан гэх үйл явдал нотлогдохгүй байх бөгөөд “8 ишигний хэрэг” гэж нэрлэгдсэн олон нийтийн анхаарлыг татаж байсан эрүүгийн хэргийг ... шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн байгаатай холбоотойгоор тус шүүхийн албан хаагчид байсан тул “нөгөө хэргийг шийдсэн шүүхийнхэн байна” гэх байдлаар аялагчдын дунд яригдсан байх магадлалтай гэж үзэхээр байна.

Шүүхийн сахилгын хороонд хандан нэр бүхий иргэн Ажлын албаны цахим шуудан болон утсаар холбогдон мэдээлэл гаргасан тул Хууль зүйн хэлтсийн Бүртгэл мэдээлэл хариуцсан ахлах референт Б.Б бүртгэж авч, “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам”-ын дагуу хуваарилсан байх бөгөөд тухайн иргэнээс гаргасан мэдээлэлтэй нь холбогдуулан нэмэлт тайлбар авахаар 06 дугаар сарын 03-ны өдөр мэдээлэл гаргагчийн гар утсанд холбогдоход “Би тийм мэдээлэл гаргаагүй, мэдэхгүй...” гэж хэлсэн тухай тайлбар сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан.

Эндээс үзэхэд тухайн мэдээлэлд дурдсан үйл явдал болсон эсэх эсхүл гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл үү гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн болно.

Иймд тогтоолын үндэслэлд дурдсан үйл баримтыг тогтоохоор шалгах ажиллагаа явуулахад мэдээлэлд дурдагдсан үйл баримт нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдоогүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэрлэн заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул ... шүүхийн шүүгч М.Э-д холбогдох сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж, тус саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч М.Э тайлбартаа:

“... Миний бие "М А" компанийн аяллын маршрутын дагуу Манжуур хотын аялалд 5 шөнө 6 өдөр хамрагдсан болно.

- 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагт Улаанбаатар хотоос Манжуур хотын чиглэлд аяллаар явж, нийт 24-27 цагийн хугацаатайгаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагт Манжуур хотод очсон.

- 2023 оны 12 дугаар сарын 16, 17-ны өдөр буюу амралтын өдрүүдэд Манжуур хотод байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 07 цагт Манжуур хотоос хөдөлж, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагт Улаанбаатар хотод ирсэн.

- Ажлын өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 14, 15, 18-ны нийт 3 өдөр аяллын компанийн автобусанд замд явж байсан болно.

Миний бие тус шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/07 дугаартай "ээлжийн амралтын хуваарь батлах тухай" тушаалаар 2023 оны ээлжийн амралтыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс ажлын 25 хоногийн хугацаагаар авч, амрах байсан боловч ажлын зайлшгүй шаардлагын улмаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралт авсан боловч мөн ажлын шаардлагын улмаас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буцаж ажилдаа орсон.

2023 онд биеэр эдлэх 25 хоногийн ээлжийн амралтын хоногоос ажлын 4 хоног биеэр амарсан бөгөөд 2023 он дуусахаас өмнө ажлын 3 хоногийг ээлжийн амралтаасаа тооцуулж, Манжуур хот явсан болно. /мөн 2022 онд ээлжийн амралтын хоногоос 10 хоног амраад үлдсэн хоногийг биеэр эдлээгүй болно./

Миний бие ажлын өдрөөр Манжуур хотод аялсан хугацаа нь тухайн жилийн биеэр эдлэх ээлжийн амралтын үлдсэн 21 хоногоос 3 хоногийг тооцуулж, Манжуур хот явсан.

Мөн тус шүүхийн хөдөлмөрийн дотоод журмын 7.8 дахь хэсэгт шүүгчид ажлын 5 хүртэл хоногийн чөлөө олгох бол тухайн шүүхийн шүүгч чөлөөний хуудсаар олгоно гэж заасан.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 345 дугаартай "шүүгчид чөлөө олгох журмыг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажилладаг болно.

Иймд нэр нь үл мэдэгдэх иргэний гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул М.Э надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн нь Шүүхийн сахилгын хорооны 77113838 дугаарын утсанд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... шүүхийн шүүгч М.Э-д холбогдуулан гаргасан мэдээллийг Хууль зүйн хэлтсийн, Бүртгэл статистик, дүн шинжилгээ хариуцсан ахлах референт Б.Б тэмдэглэн, тус хорооны Ажлын албанаас[1] гаргасан мэдээлэл гэж гишүүнд хуваарилжээ.

Илтгэгч гишүүн, тус мэдээллийн дагуу шүүгч М.Э-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгаж, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ГС/2024/0040 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг сахилгын хорооны хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн СХТ/2024/0046 дугаар тогтоолоор, дахин шалгуулахаар буцаасан байна.

Шалгах ажиллагааг дахин хийж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ГС/2024/0083 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

 

1. ... шүүхийн шүүгч М.Э, шүүхийн захиргааны ажилтан А.Ю, Г.Р, Х.Л, Х.Т, О.Х, Б.Ж нар “А Г” ХХК-ийн зохион байгуулсан БНХАУ-ын Манжуур хотын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 6 өдөр, 5 шөнийн аялалд хамрагдсан байна.

Мэдээлэлд “ ... би ... шүүхийн шүүгч М.Э гэж хүн байна, би тэр 8 ишигний хэргийг шийдсэн мундаг байна уу гэх мэтээр олны дунд ... орилж, ... ярьж явсаар Манжуур хотод хүрсэн ...” гэж дурджээ.

Илтгэгч гишүүн эхний шалгах ажиллагаагаар аялалд хамрагдсан шүүхийн захиргааны ажилтан А.Ю, Г.Р, Х.Л, Х.Т, О.Х болон иргэн О.О, С.Т, Т.Х нараас гэрчийн мэдүүлэг авсан, дахин шалгах ажиллагаагаар С.Э, Э.У, М.М нараас гэрчийн мэдүүлэг авчээ.

“А Г” ХХК-ийн ирүүлсэн суудлын бүртгэлийн баримтаар, ... шүүхийн ажилтнууд автобусны 29-39 дэх суудалд суусан, харин гэрч  О.О автобусны 20 дахь суудалд, Т.Х 9, С.Э 7,  Э.У 35, М.М суудал 13 дахь суудалд суусан нь тогтоогдоно.

Дээрх нэр бүхий гэрчүүд “... тийм зүйл огт сонсоогүй. Шүүгч хүн явсан талаар мэдээгүй ... маргаан бол огт гараагүй ... шүүхэд шийдэгдсэн хэргийн талаар ярьсан зүйл ... байхгүй ...” гэж мэдүүлжээ.

Харин тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж “...8 ишиг шийдсэн Б юм байна гэж бусад хүмүүс хоорондоо ярьж байхыг унтаж сэрээд сонссон. Яг хэн юу гэж ярьсан талаар мэдэхгүй ...” гэж мэдүүлсэн боловч энэ нь бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Аяллын хөтөч С.Т, жолооч Л.Г, Г.О нар “... маргаан, зодоон гэх юм уу тиймэрхүү анхаарал татах үйл явдал болоогүй ...” гэж мэдүүлснээс үзвэл, олны дунд шүүхээр шийдвэрлэсэн хэргийн талаар ярьсан, дурдсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй гэж үзлээ.

2. Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн СХТ/2024/46 дугаар тогтоолд “ ... тухайн шүүхийн шүүгч нь ажлын өдрөөр албан ёсоор авсан чөлөөгүй гадаад улсад амарч зугаалсан зэрэг нь хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулж дүгнэх нь зүйтэй байна ...” гэж дүгнэсэн байна.

Үүнийг илтгэгч гишүүн тодруулж, шалгажээ. ... шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар[2] шүүгч нарын 2023 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан бөгөөд шүүгч М.Э-ын ээлжийн амралт “... 2023.07.31-2023.09.11-ний өдөр ...” гэж батлагджээ.

Гэвч тус шүүгч нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нэхэмжлэл 8, өргөдөл, гомдол, хүсэлт 6, эрүүгийн 8 хэрэг хүлээн авсан, иргэний хэрэг 10, эрүүгийн хэрэг 3, зөрчлийн 14 хэргийг хянан шийдвэрлэж, иргэний шүүгчийн захирамж 28, иргэний хэргийн ерөнхий шүүгчийн захирамж 7, иргэний хэргийн гүйцэтгэх хуудас 9, эрүүгийн хэргийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол 2, эрүүгийн хэргийн ерөнхий шүүгчийн захирамж 11, эрүүгийн хэргийн шүүгчийн захирамж 15, эрүүгийн хэргийн гүйцэтгэх хуудас 2, зөрчлийн хэргийн шүүгчийн захирамж 24, зөрчлийн хэргийн гүйцэтгэх хуудас 8-ыг тус тус албажуулсан болох нь шүүхийн Тамгын газраас гарган ирүүлсэн судалгаагаар тогтоогдоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно”, 99.8 “Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна” гэж заажээ.

... шүүхийн Тамгын газрын албан бичигт[3] “ ... 2023 онд 3 шүүгчтэй ажиллаж байсан бөгөөд шүүгч Р.Б 2023 оны 007 дугаар сарын 16-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан, шүүгч Б.Э нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авч, шүүгч М.Э нь ээлжийн амралтаа авах боломжгүй байсан болно. 2023 онд биеэр эдлэх 25 хоногийн ээлжийн амралтын хоногоос 2023 оны 09 дүгээр сард ажлын 4 хоног биеэр амарсан бөгөөд 2023 он дуусахаас өмнө 2023 оны 12 дугаар сард ажлын 3 хоногийг ээлжийн амралтаасаа тооцуулж, Манжуур хот явсан нь үнэн болно...” гэснээр шүүгч М.Э нь 2023 онд эдлэх ээлжийн амралтаа бүрэн эдлээгүй, ээлжийн амралтын үлдсэн хоногоос тооцуулан тус аялалд хамрагдсан гэж үзэхээр байна.

Иймд илтгэгч гишүүний “... шүүгч М.Э ... амралтаа бүрэн эдэлж чадаагүй ажилласан болох нь холбогдох шүүгчид хуваарилагдсан, хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн мэдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж ... эрхийн акт гаргаж байсан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон ... Иймд амралтын үлдэгдэл хоногоос тооцуулж аяллын багт хамрагдсан талаарх шүүгчийн тайлбар, холбогдох баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй....” гэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгэвэл, шүүгч М.Э нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2024/0083 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч М.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ                               Ц.ДАВХАРБАЯР

                   ГИШҮҮН                                         Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                      О.НОМУУЛИН