info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-26

Дугаар 84

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуундарь, ажиглагчаар өргөдөл гаргагч Р.Э нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х, Д.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2024/0082 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

“...Нэг. Шүүгч Д.М  туслахаараа дамжуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ өөрчил гэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

Д.М-с Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцыг барьцаа эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасныг шүүгч Д.М  хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/14574 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. /1хх35/

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-с 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай” бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/20311 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /1хх31-33, 37-38/

Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар шүүгч Д.М ийн туслах Б.Н-г гэрчээр асуусан бөгөөд тэрээр “...гуравдагч этгээд П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-т залгаж холбогдсон зүйл байхгүй. Шүүх дээр ирж хэргээ асуухад нь хэргийн явцын талаар хэлж байсан, ...Ямартай ч хүсэлтийг нь хангаж гуравдагч этгээдээр оролцуулсан. Анх гаргасан хэлбэрээр нь хүсэлтийг нь хангасан, хольж сольсон зүйл байхгүй” гэжээ. Шүүгч Д.М  тайлбартаа “...миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй учир гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарласан байна. /1хх101, 151/

Шүүгч Д.М  туслахаараа дамжуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ өөрчил гэсэн гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдоогүй ба шүүгч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Р.Э-н  гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт шийдвэрлэж, шүүн таслах үүргээ хэрэгжүүлсэн байна.

Дээрх иргэний хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн .../ШШ2024/01660 дугаар шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, уг шийдвэрт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр давж заалдах гомдол гаргажээ. /2хх92-99/

Хоёр. Шүүгч Д.Х  өөрийн туслах Б.Н-р дамжуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг өөрчлүүлж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2023/09904 дүгээр шүүгч Д.Х гийн захирамжаар Д.М-с С.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ. /1хх60,61/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-с 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/19788 дугаар шүүгчийн захирамжаар хангасан байна. /1хх63-65, 69-72/

Өргөдөлд дурдсан үйл баримтын талаар сахилгын хэргийн оролцогч болон гэрчүүд дараах тайлбаруудыг гаргасан болно.

-Шүүгч Д.Х  тайлбартаа “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр П.Ц-г оролцох хүсэлтийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, холбогдох баримтын хамт туслах Б.П-д ирүүлсэн. Тухайн үед манай туслах Б.Н нь хуульчийн сонгон шалгаруулалтад оролцохоор чөлөөтэй байсан бөгөөд түүнийг Б.П орлон ажиллаж байсан тул хэрэгт аливаа хүсэлт ирэхээр надад танилцуулж байсан. Миний бие уг хүсэлттэй танилцаад хэдийгээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гэсэн боловч шаардлага гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байсан тул энэ нь бие даасан шаардлага гаргаж байгаа эсэх, тайлбар гаргаж байгаа эсэхийг нь тодруулах, хэрэв бие даасан шаардлага гаргаж байгаа гэвэл шаардлагаа тодруулж өгөх, тайлбар гэж байгаа бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох, улсын тэмдэгтийн хураамжийг нь буцаан олгогдох юм гэсэн.” гэж. /1хх107-111/,                                                                         

мөн нэмэлт тайлбартаа “... гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хууль зүйн зөвлөгөө өгөөгүй бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмын хүрээнд шүүгчийн туслахаас мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д заасан ажил үүргийнхээ хүрээнд танилцуулагдсан хүсэлтийг нь тодруулсан бөгөөд хүсэлт гаргагчаас “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гарган оролцох эсэх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагчаар оролцох талаар” хүсэлтийг нь тодруулсан юм. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын зөрчилгүй явагдах, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой болох ач холбогдолтой бөгөөд хүсэлт гаргаж байгаа тохиолдолд ямар хүсэлтийг гаргаж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцохыг тодруулах нь шүүгчийн чиглүүлэх чиг үүргийн хүрээнд хийгдэх ажиллагаа бөгөөд шахалт үзүүлж, тулган шаардаж, хүсэл зоригийн эсрэг зүйл хийлгэсэн зүйл байхгүй, Р.Э нь хүсэлтээ өөрөө гаргаж гарын үсгээ зурж, өөрийн мэйл хаягаас хүсэлтээ шүүхэд ирүүлсэн болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийг тодруулсан нь албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгаварт тооцогдохгүй буюу Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2, 89.3.7, 89.3.8-д заасан чиг үүргийг шүүгчийн туслах нь шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлэхээр заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн хүсэлтийг шүүгчид танилцуулах, уг хүсэлтийн агуулга, үндэслэл ойлгомжгүй байвал тодруулах, хүсэлтийг танилцуулж төслийг боловсруулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бол шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуульд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн.” гэж /2хх112-116/,  

-гэрч Б.П “...шүүгчийн туслах Н чөлөөтэй байх хугацаанд Х шүүгчийн ажилд тусалж ажилласан. Миний санаж байгаагаар тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирсэн. Тухайн хүсэлтийг авсан даруйдаа Х шүүгчид танилцуулсан. Шүүгч танилцаад тус хэргийг өмнө нь шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу гаргаж байгаа бол шаардлага биш тайлбар байна. Тэгэхээр тусдаа бие даасан шаардлага гаргаж байгаа бол үүнийгээ тодруулж өг гэсэн” /1хх93,94/, “...Эхлээд Р.Э бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ бичгээр шүүхэд надад авчирч өгсөн. Ирүүлсэн хүсэлтийг шүүгч Д.Х д танилцуулахад хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нь бие даасан шаардлагад хамаарахгүй байна, улсын тэмдэгтийн хураамж илүү төлж байгаа нь хохиролтой юм байна гэсэн” гэж /2хх143,144/,

-гэрч Б.Н “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдрийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд сургалттай байсан, 10 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хугацаанд хуульчийн сонгон шалгаруулалтад оролцож чөлөөтэй байсан. Р.Э-г шүүгч Д.Х тай холбож яриулсан зүйл байхгүй. 10 сарын сүүлээр намайг чөлөөтэй байхад орлож байсан ажилтанд хүсэлтээ өгсөн байсан. Р.Э-н  гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг өөрчилж өгөхийг хүссэн зүйл байхгүй” /1хх97,98/ гэж,

-гэрч Р.Э 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Шүүгчтэй уулзаж хүсэлт гаргасан зүйл байхгүй. Д.Х  шүүгчийн туслах Б.Н таны бие даасан шаардлага үндэслэлгүй байна. Таны үйлчлүүлэгч Ц-н эрх ашиг хөндөгдөөгүй байна, цаг хугацаа алдахгүйгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ одоо гаргаад өг гэж хэлсэн.” гэжээ. /1хх192,193/

Дээрхээс үзвэл, Р.Э-с “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүгчийн туслах Б.П хүлээн авч, шүүгч Д.Х д танилцуулж, шүүгчээс бие даасан шаардлагыг тодруулах ажиллагааг хийсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр зөвлөмжид, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх  явдал юм. Ямар шаардлагыг гаргаж байгааг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан шаардлага нь шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг гэжээ.

Р.Э-с гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргахдаа хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгатай байх ба өөр бие даасан шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн зүйл бичигдээгүй байна. Шүүгч Д.Х  гуравдагч этгээдээс ямар бие даасан шаардлага гаргаж байгаа болох, юу шаардаж байгааг тодруулсан нь бусдад хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаас, Р.Э нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэд гарын үсэг зурж шүүгчийн туслахад өгсөн үйлдэл нь тухайн хүсэлтийн агуулгыг хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж үзнэ.

Мөн шүүгчийн туслах Б.П-д тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг тодруулахыг даалгасан нь шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн гэж үзэхгүй. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт шүүгчийн туслах шүүгчийн удирдлага хэрэгжүүлэх чиг үүргийг хуульчилсан бөгөөд 89.3.1-т шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах, 89.3.2-т хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх гэж заасан байна.

Иймд шүүгч Д.Х г туслахаараа дамжуулан Р.Э-н  гаргасан хүсэлтийг өөрчлүүлсэн гэх өргөдөлд дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй. Тухайн бие даасан шаардлага гаргасан, гаргаагүй гэх хүсэлтүүдийг харьцуулан үзэхэд утга агуулга үг үсгийн хувьд өөрчлөгдсөн зүйл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой бие даасан шаардлага гаргасан байсныг нь өөрчлүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй. 

Р.Э нь өргөдөл болон гэрчийн мэдүүлэгтээ 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүгчийн туслах Б.Н “Та бие даасан шаардлагаа өөрчлөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргавал шүүгч хүлээж аваад оролцуулъя гэж байна” гэсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Тухайн өдөр шүүгчийн туслах Б.Н ажлын байран дээрээ байгаагүй болох нь тус шүүхийн Тамгын газрын чөлөө олгох тухай баримт, цагийн бүртгэл, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны нийтэд илэрхий байршуулсан зар, Б.Н-н хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ болон гэрч нарын мэдүүлэг, шүүгчийн тайлбараар тус тус тогтоогдсон болно. /1хх103,104/

Өргөдөл гарагч шүүгчийн туслахын viber төхөөрөмжөөр дамжуулан шүүгч Д.Х тай харилцсан гэх тухайд, 

Р.Э нь өргөдөл болон гэрчийн мэдүүлэгтээ шүүгчийн туслах Б.Н-н viber хаягаар дамжуулан шүүгч Д.Х тай ярьсан гэх боловч энэ нь гэрч Б.Н-н “....Р.Э-н  хүсэлт өгч, шүүгч Д.Х тай яриулсан гэх өдөр би ажил дээрээ байгаагүй, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан Р.Э-г  шүүгч Д.Х тай утсаар эсхүл viber төхөөрөмжөөр холбож яриулсан зүйл байхгүй. Хэзээ ч шүүгчийг хэргийн оролцогчтой утсаар эсхүл өөр төхөөрөмжөөр холбож яриулдаггүй.” гэх мэдүүлэг, гэрч Б.П-н “...Би өөр шүүгчийн туслах учраас Д.Х  шүүгчтэй viber-аар харилцаж байгаагүй. Тухайн өдөр шүүгчийг холбож Р.Э-т яриулаагүй” гэх мэдүүлэг, шүүгч Д.Х  “...миний бие өргөдөл гаргагч Р.Э-т ямарваа нэгэн байдлаар гар утсаар ярилцаагүй, viber-аар харилцаагүй” гэж тайлбарласан.

Шалгах ажиллагааны явцад, Б.Н-н ашигладаг улбар шар өнгийн Samsung A5 маркийн гар утсаар нэвтэрсэн 8094.... дугаарт бүртгэлтэй viber хаягт үзлэг хийхэд “Х шүүгч” гэж хадгалсан 9090.... дугаарын бүртгэлтэй хаяг руу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр харьцсан 5 зурвас байсан бөгөөд дуудлага хийсэн түүх байхгүй байсан болно. Мөн Б.П-н  ашигладаг цагаан өнгөтэй iphone 12 promax маркийн гар утсаар нэвтэрсэн 8012.... дугаарын утсанд бүртгэлтэй “P” нэртэй viber хаягт үзлэг хийхэд уг хаягаас шүүгч Д.Х гийн 9090.... дугаарт бүртгэлтэй viber хаяг руу дуудлага хийсэн болон зурвасаар харьцсан түүх байхгүй байсан болно.

Мөн шүүгч Д.Х гийн 9090.... дугаарын утсанд бүртгэлтэй “K D” нэртэй viber хаягт үзлэг хийхэд уг хаягаас Р.Э-н  8862....дугаарт бүртгэлтэй viber хаяг болон Б.П-н  8012.... дугаарт бүртгэлтэй viber хаяг руу дуудлага хийсэн болон зурвасаар харьцсан түүх байхгүй байсан ба Б.Н-н бүртгэлтэй 8094.... дугаарын утсанд бүртгэлтэй “N ” нэртэй viber хаяг руу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуудлага хийгээгүй байх ба харьцсан зурвасыг үзлэгээр бэхжүүлсэн.

Мөн өргөдөлд дурдсан 8862....дугаараас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаднаас дуудлага хүлээж авсан болон гадагшаа дуудлага хийсэн түүхийг “Юнител” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн ба “Юнител” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12-01/.... дугаар албан бичгээр тус дугаараас 8862....дугаараас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орсон, гарсан дуудлага хийгээгүй талаар хариу ирүүлсэн болно. /1хх247/

Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 02/48 дугаар албан бичгээр Шүүх шинжилгээний Ерөнхий газарт хандан viber төхөөрөмж ашиглан харилцсан зурвас устгагдсан эсэхийг тогтоох боломжтой эсэх, хэрэв устгагдсан тохиолдолд сэргээх боломжтой эсэх талаар мэдээлэл хүсэхэд viber хэрэглүүр ашиглан харилцсан зурвасыг хоёр тал хоёулаа ашигладаг төхөөрөмжүүдээсээ устгасан тохиолдолд Цахим технологийн шинжилгээний лабораторид одоо ашиглаж байгаа арга аргачлал, технологийг ашиглан сэргээх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. /1хх242,243/

Өргөдөл гаргагч Р.Э нь өргөдөлдөө шүүгч Д.Х тай шүүгчийн туслах Б.Н-н viber хаягаар ярьсан гэсэн боловч 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Шүүгчийн туслах Н viber төхөөрөмжөөр эмэгтэй хүнтэй утсаар холбож, тэр эмэгтэй хүн надтай ярьж, бие даасан шаардлагаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт болгочих гэсэн. Гэхдээ тэр хүн би Х шүүгч байна гэж хэлээгүй.” гэж зөрүүтэй байдлаар мэдүүлсэн болохыг дурдав.

Иймд шүүгч Д.Х  шүүгчийн туслахын viber төхөөрөмжөөр дамжуулан Р.Э-т ярьсан гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байх ба гэрчийн мэдүүлэг, шүүгчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүгчийн туслах Б.Н Р.Э-н  viber хаягаас өөрийн viber хаяг руу явуулж, Р.Э-н  viber төхөөрөмж дээрх түүхийг устгасан гэх тухайд,

Шалгах ажиллагааны явцад, шүүгчийн туслах Б.Н-н албан хэрэгцээндээ ашигладаг dell компьютер болон Samsung А5 маркийн утсаар нэвтэрсэн 8094.... дугаарт бүртгэлтэй viber хаягт үзлэг хийхэд өргөдөлд дурдсан Р.Э-н  8862....дугаарт бүртгэлтэй viber хаяг руу дуудлага хийсэн, зурвас илгээсэн, хүлээн авсан түүхгүй, мөн шүүгчийн туслах Б.П-н  ашигладаг цагаан өнгөтэй iphone 12 promax маркийн гар утсаар нэвтэрсэн 8012.... дугаарын утсанд бүртгэлтэй “P” нэртэй viber хаягт үзлэг хийхэд уг хаягаас Р.Э-н  8862....дугаарын viber хаяг руу харилцсан түүх байхгүй байсан болно.

Мөн Р.Э-н  хар өнгийн LG Q51 маркийн утсаар нэвтэрсэн 8862....дугаарын утсанд бүртгэлтэй viber хаягт үзлэг хийхэд 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө бусадтай харилцсан түүх байхгүй байсан байсныг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн.

Энэ талаар гэрч Б.П мэдүүлэгтээ “...Р.Э над дээр ирж хүсэлтээ гаргах гэсэн ойр хавьд хэвлэх газар байхгүй байна гэж хэлсэн. Би Н-н  компьютер дээр сууж байсан ба Н-н  gmail хаяг нээлттэй байхаар нь өгсөн. Тус хаягт ирсэн хүсэлтийг хэвлэж Р.Э-д өгсөн. Р.Э хүсэлтэд гарын үсэг зурж надад өгсөн. Хүсэлт ирүүлэхэд шүүгчийн туслах Н хуульчийн сонгон өгөх гээд чөлөөтэй байсан.” гэж, мөн гэрч Б.Н мэдүүлэгтээ “...Миний цахим хаяг руу ....@gmail.com хаягаас бие даасан шаардлага шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр илгээсэн байсан бөгөөд энэ өдөр би чөлөөтэй байсан учир мэдээгүй. Миний мэйл албан хэрэгцээнд ашигладаг компьютерт байнга нээлттэй байдаг.”  гэж тус тус мэдүүлжээ.

Р.Э нь өргөдөл болон 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ миний viber хаягаас шүүгчийн туслах Б.Н өөрийн viber хаяг руу хүсэлт явуулж, устгасан гэж тайлбарласан боловч 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Н миний утсыг аваад удаан оролдож байгаад хүсэлтийг өөр лүүгээ явуулсан. Би хүсэлтийг viber төхөөрөмжөөр явуулсан гэж тухайн үед ойлгосон. Гэхдээ мэйлээр явуулсан уу, viber аар явуулсан уу гэдгийг мэдээгүй. Миний мэйл хаягт үзлэг хийх явцад хүсэлтийг viber-аар биш мэйлээр явуулсныг мэдлээ гэж өргөдөл болон өмнө өгсөн гэрчийн мэдүүлгээс зөрүүтэй байдлаар тайлбарласан.

Шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах Б.Н-н албан хэрэгцээндээ ашигладаг ...@gmail.com хаягт үзлэг хийхэд Р.Э-н  ....@gmail.com хаягаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 10 минутад 3 хуудас хүсэлтийг илгээсэн байсан бөгөөд Р.Э-н  гарын үсэг зурж баталгаажуулан хэрэгт авагдсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлттэй адил байсан болно.

Иймд шүүгчийн туслах Р.Э-н  viber хаягаас өөрийн viber хаяг руу хүсэлт явуулж, Р.Э-н  viber төхөөрөмж дээрх түүхийг устгасан гэх өргөдөлд дурдсан үйл баримт шалгах ажиллагааны явцад цугласан дээрх баримтаас гадна гэрч Р.Э-н  өөрийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Шүүгчийн туслах гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэвлэхдээ өөрчилсөн гэх тухайд,

Р.Э өргөдөлдөө “Б.Н миний утсыг аваад миний viber төхөөрөмжөөс өөрийн viber төхөөрөмж рүү зассан хүсэлтийг илгээгээд хэвлэсэн” гэж, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “шүүгчийн туслах viber яриад дууссаны дараа миний viber руу явуулчих гэсний дагуу явуулж Н бие даасан шаардлага гаргаагүй хүсэлтийг засаад хэвлэж өгсөн” гэж, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...миний утсыг шүүгчийн туслах Н авч удаан оролдож байгаад өөр лүүгээ явуулсан. Уг хүсэлт Ц-н viber хаягаас миний viber хаяг руу явуулж, миний viber хаяг дээр хадгалагдсан байсан. Тухайн үед хүсэлтийг уншихад толгой нь бие даасан шаардлага гаргасан гэж гаргасан атлаа гарын үсэг зурах огноотой хэсэг дээр бие даасан шаардлага гаргаагүй гээд бичигдсэн байсан. Энэ бие даасан шаардлага гаргасан гээд бичсэн болохгүй байна шүү дээ гэхэд Н компьютер дээрээ засаад гаргаагүй гэж бичсэн. Өмнөх буруу гаргаснаа урсан. Бусад хэсэг хэвээрээ байсан.” гэж бичсэн нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүгчийн туслах Б.П-н  “...Шүүгчийн туслах Н-н  мэйлээр ирүүлсэн хүсэлтийг өөрчилсөн зүйл байхгүй. Тухайн хаягт ирүүлсэн хүсэлтийг тэр чигт нь хэвлэсэн. Р.Э өөрөө хүсэлтээ засаж Н-н  мэйл рүү явуулсан. Би аль мэйл хаяг руу явуулахыг хэлж өгсөн.” гэх гэрчийн мэдүүлэг,  П.Ц-н “...тус иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаагүй. Энхболдод итгэмжлэл өгсөн. Шүүхийн ажиллагаанд оролцож байгаагүй. Гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг бичээгүй. Р.Э бичсэн. Өөрийн viber хаягаас Р.Э-н  viber хаяг руу гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг явуулаагүй. Viber-аар Р.Э-т харилцаж байгаагүй.” гэх гэрчийн мэдүүлэг, Шүүгчийн туслах Б.Н-н албан хэрэгцээндээ ашигладаг ...@gmail.com хаягт Р.Э-н  ....@gmail.com хаягаас ирүүлсэн хүсэлт тус иргэний хэрэгт авагдсан Энхболдын гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэлттэй утга, агуулга, үг үсгийн хувьд зөрүүгүй байгаа зэрэг байдлыг харьцуулан үзвэл шүүгчийн туслах хүсэлтийг хэвлэхдээ компьютер дээрээ өөрчилсөн үйл баримт тогтоогдсонгүй.

Сахилгын хорооны тогтоолд, шүүгч Д.Х , Р.Э нар уулзсан эсэх талаар тодруулах шаардлагатай талаар дурджээ.

Гэрч Р.Э 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Шүүгчтэй уулзаж хүсэлт гаргасан зүйл байхгүй. Шүүгчийн туслах Б.Н-н  viber-аар дамжуулан ярьсан” гэж, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Шүүгчийн туслахууд суудаг зааланд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны дараа буюу хүсэлт өгснөөс 1, 2 хоногийн дараа 26 юм уу 27-ны өдөр шүүгч Х-тай таарсан. Энэ хэргээс өөр хэрэгтэй танилцах явцад Х шүүгч явж байсан. Шүүгчийн туслахтай уулзаад байж байхаар нь би эхэлж “сайн байна уу та” гэж мэндэлсэн. Х шүүгч та хэн билээ гэхэд нэхэмжлэгч хариуцагч хэлэхэд та хүсэлтээ өөрчлөөд өгчихсөн үү. Тэгвэл хурдан шийдэгдэнэ гэж хэлсэн.” гэж зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн байна.

Дээрх үйл баримтын талаар гэрч Б.П “...шүүгч Д.Х  шүүх хуралдаанд орохоор доошоо буухад Р.Э-т тааралдаад юм ярьсан, юу ярьсан талаар сонсоогүй” гэх мэдүүлэг, холбогдох шүүгч Д.Х  анх бичгээр болон сахилгын хорооны хуралдаанд өгсөн тайлбартаа “Хуралдаанд орохоор доошоо буухад миний хэргүүдэд “Хаан банк” ХХК-тай холбоотой бие даасан шаардлага гаргасан хүн байсан. Тэр хүн бил үү Р.Э бил үү аль асуусныг санахгүй байна. Ямар ч байсан надад “шүүгч ээ бие даасан шаардлага гаргасан хүсэлтээ өгмөөр байна” гэхээр нь “тэг тэг хүсэлтээ өгөөд холбогдох баримтаа хавсаргаж өгөөрэй, хуралдааны товыг туслахаас асуугаарай” гэж хэлээд хуралдаанд орсон”, нэмэлт тайлбартаа “...Миний бие шүүх хуралдаанд орохоор доош буухдаа өргөдөл гаргагч Р.Э-т тааралдсан бөгөөд Р.Э нь “шүүгчээ би танай хуралдаанд гуравдагч этгээдээр оролцмоор байна” гэсэн тул “тэг тэг, хүсэлтээ холбогдох баримтын хамт хавсаргаж өгөөрэй, хуралдааны товыг туслахаас асуугаарай” гэж хэлээд л хуралдаандаа орсон, тухайн үед Р.Э нь манай хэргийн оролцогч биш байсан. Тухайн үед Р.Э-т тааралдсан эсэхийг сайн санахгүй буюу хуралдаанд оролцохоор явж байх үедээ тааралдсан хүнийг Р.Э гэж санахгүй байсан боловч өмнөх сахилгын хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлаад гадаа байх үедээ Р.Э-с та надтай тааралдаад “танай хуралдаанд гуравдагч этгээдээр оролцмоор байна гэж та хэлсэн хүн мөн билүү” гэж асуухад өргөдөл гаргагч Р.Э нь “тийм ээ, би байсан танаас танай хуралдаанд гуравдагчаар оролцмоор байна гэхэд та надад хүсэлтээ баримтын хамт өгөөрэй, тов туслахаас асуугаарай” гэсэн гэж хэлсэн болно.” гэжээ.

Шүүгч Д.Х  нь өргөдөл гаргагч Р.Э-т шүүхийн байранд тааралдаж, хүсэлт гаргах боломжтой талаар хэлсэн гэдгийг үгүйсгээгүй ба энэ нь шүүгчид хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй гэж үзлээ.

Р.Э нь хүсэлт гаргаснаас 1,2 хоногийн дараа шүүгч Д.Х тай шүүхийн байранд тааралдахад шүүгч та хүсэлтээ өөрчлөөд өгчихсөн үү. Тэгвэл хурдан шийдэгдэнэ гэж хэлсэн гэх боловч энэ нь шалгах ажиллагааны явцад тогтоох боломжгүй байсан болно. Б , ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар албан бичигт дурдсанаар ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрны 1 давхрын иргэдэд үйлчилдэг заалны буюу шүүгчийн туслах нарын суудаг хэсэг рүү харсан камерын бичлэг нь 7-10 хоног хадгалагдаад устдаг байна. /1хх186/

Гурав. Шүүгч Д.Х  С.Б-д холбогдох иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцсон нь ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх тухайд

Шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч Р.О  , С.Б  нараас гэрчийн мэдүүлэг авахад гэрч Р.О “...2012, 2013 оны үед С.Б ийн өмгөөлөгчөөр залилангийн хэрэг дээр Б  дүүргийн цагдаагийн хэлтэс, тус дүүргийн шүүх дээр хэрэг нь явж байхад ажиллаж байсан.  Тус хэргийг шийдвэрлэхэд оролцоогүй. Тэр үед үйлчлүүлж байсны хувьд мэднэ. С.Б ийг өөрөөр өмгөөлж оролцож байгаагүй. Би өмгөөллийн үйл ажиллагаа үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ямар нэг байгууллага, компанид ажилладаггүй. “Н”   групп ХХК, “Н”   констракшн ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагүй. 2014 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гадаа явж байхад С.Б тэй таарсан бөгөөд мэнд мэндэж байхад гаднаас зураг аваад олон нийтэд тараасан байсан. Тухайн үед С.Б ийн хуралд орж, хэвлэлийн бага хуралд орсон зүйл байхгүй. Хувийн харилцаа байхгүй. Би 40 жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна. С.Б тэй одоо ямар ч холбоо байхгүй” гэж, /1хх166,167/

мөн гэрч С.Б  “...2013 оноос 2016 оны хооронд манай компанитай холбоотой нэг эрүүгийн хэрэг дээр өмгөөлөгч Р.О эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан байсан. Тэр үеэс мэднэ. Тус хэргээс өөр хэрэг дээр эрх зүйн туслалцаа авч байгаагүй. Миний бие “Н”   констракшн ХХК-ийн захирлаар ажиллаж байхад компанийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн эрүүгийн хэрэг дээр туслалцаа авсан. Хэрэг нь 2017 онд шийдэгдсэн, би тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш холбогдоогүй, тухайн хэрэгтэй холбоотой асуудлаар холбогдож байсан. Анх цагдаа дээр мөрдөн байцаалтын шатанд оролцсон. Шүүх хуралдааны шатанд оролцоогүй санагдаж байна. Хэрэг эцэслэн шийдвэрлэхэд оролцоогүй. Өөр бусдаар туслалцаа авч байгаагүй. Тус хэрэг 2017 онд шийдэгдсэн, би тэтгэвэртээ гарсан. Өмгөөлөгч Р.О-тэй  хувийн дотно харилцаагүй. Тухайн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байхад л харьцаж байсан. Би өмгөөлөгч О  хүүхдийг шүүгч Х гэдгийг Р.Э-н  шүүгчээс татгалзах тухай хүсэлтээс мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй байсан. 2014, 2015 оны үед би Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаанд ороод явж байхад өмгөөлөгч Р.О-тэй  таарсан. Энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл зураг аваад тавьчихсан байсан.”  гэж тус тус мэдүүлжээ. /1хх196,197/

Энэ талаар шүүгч Д.Х  тайлбараа “...Миний ээж Р.О нь Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажилладаг нь үнэн бөгөөд 1983 онд Эрхүүгийн их сургуулийг төгссөнөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Энэ хугацаанд ээж маань олон хэргийг өмгөөлсөн, ихэвчлэн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог гэж мэднэ. Миний бие 2000 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд нөхөртэйгөө тусдаа гарч амьдарсан, 23 жил ээж, ааваасаа тусдаа бие даан нөхөр, 4 хүүхдийн хамтаар амьдарч байгаа болно. Тиймээс ээжийнхээ ямар хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгааг тэр болгон мэдэх боломжгүй, мөн ээж маань өөрийн хэргийн оролцогч нарын талаар надад ярих боломжгүй. Тиймээс хариуцагч С.Б ийг ээжийн үйлчлүүлэгч гэдгийг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан болно.” гэж, нэмэлт тайлбартаа “...2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Э-с шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргаснаар ээж Р.О  ийг С.Б-д өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байсан талаар нь мэдсэн болно. Үүнээс өмнө энэ үйл баримтын талаар мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Учир нь манай ээж өөрийн ажлын талаар буюу хэний эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байгаа талаарх мэдээллийг надад өгч байгаагүй бөгөөд өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа баримтлах зарчмын нэг нь өмгөөллийн нууц хадгалах” гэжээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаар, шүүгч Д.Х гийн ээж Р.О нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэн явуулахдаа 2013 онд С.Б-д хуульд зүйн туслалцаа үзүүлсэн нь тогтоогдож байх боловч шүүгч Д.Х  нь энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэж байсан, мэдэх боломжтой байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Шүүгч Д.Х  нь өөрийн ээжийн үйлчлүүлэгч болгоныг мэдэх ёстой, мэдэх боломжтой гэдгийг хуулиар үүрэг болгоогүй. Иймд шүүгч Д.Х г татгалзан гарах үүргээ биелүүлээгүй, энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангаагүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Нөгөө талаас, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар шүүгч Д.Х гийн ээж өмгөөлөгч Р.О нь түүний хамаарал бүхий этгээд мөн боловч өмгөөлөгч Р.О  өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйлчлүүлэгч бүр шүүгч Д.Х гийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй этгээд болохгүй юм.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн .../ЕШ2024/00577 дугаар захирамжаар “...шүүгч Д.Х гийн ээж Р.О хариуцагч буюу С.Б тэй найз нөхдийн харилцаатай, ...эрүүгийн болон иргэний журмаар 10 гаруй жил үргэлжилсэн шүүхийн маргаанд С.Б ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан, С.Б  нь Р.О  ээр дамжуулан түүний охин шүүгч Д.Х д нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байгааг уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэхгүй” гэж дүгнэж, уг татгалзан гарах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /1хх148/

Дөрөв. Өргөдөл гаргагч Р.Э нь сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ шүүгч шүүх хуралдаанд татгалзал болон нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан талаар дурдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт шүүх хуралдааны дэг буюу дарааллыг хуульчилсан бөгөөд шүүгч хэргийн оролцогчид нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлахыг хуулиар үүрэг болгоогүй.

Харин тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөр зохицуулсан. Иймд шүүгч нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлаагүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШЗ2023/20556 дугаар шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хийхээр товлосон байна. /1хх74/

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн “2023-12-12 14-21-05.mkv” нэртэй бичлэгийн 0:05:47-0:05:49 минутад, Даргалагчаас: Өөр хүсэлт санал байна уу гэхэд, 0:05:49-0:07:42 минутад, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Танаас татгалзах хүсэлт гаргаж байна гээд татгалзах хүсэлтийнхээ агуулгыг танилцуулж байна, 0:07:43-0:07:52  минутад, Даргалагчаас: Ирцтэй холбоотой хүсэлт байсан уу, 91 хүсэлт рүү арай ороогүй байсан учраас. Ирцтэй холбоотой хүсэлт хэлэлцэх боломжгүй энэ хүсэлтээ хэлэлцүүлье гэж байна уу гэхэд 0:07:52-0:07:53 минутад, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэж хэлсэн болох нь бичигдсэн байна.

Дээрх бичлэгээс үзвэл даргалагчаас ирцтэй холбоотой санал хүсэлт байгаа талаар хэргийн оролцогчоос асуухад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлтээ танилцуулж, уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн .../ЕШ2024/00577 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан татгалзан гарах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Улмаар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.Б  шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн .../ЕШЗ2024/02672 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгчийн татгалзан гарах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-с хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай бие даасан шаардлага гаргасныг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, “гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа хэргийг хэрэгсэхгүй болгох гэж тодорхойлсон нь ойлгомжгүй, хэнээс юу шаардсан нь тодорхойгүй” гэж дурдаж, .../ШЗ2024/10856 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, .../ШШ2024/02077 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тус хэргийг хэлэлцсэн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн “20240510-14481846.mp4” нэртэй бичлэгийн 0:02:29-0:02:49 минутад, Даргалагчаас Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон хуралдаан даргалагчийг нэр заан танилцуулж, хуульд заасан татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, татгалзал байгаа эсэхийг асуухад 0:02:49-0:02:50 минутад, Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй гэж хэлсэн болох нь бичигджээ.

Иймд шүүгч Д.Х  нь шүүх хуралдаанд татгалзал асуугаагүй гэх Р.Э-н  тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчаас шүүгчийг татгалзан гарах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Дээрхээс дүгнэвэл, өргөдөлд дурдсан үндэслэлүүдээр шүүгч Д.Х , Д.М  нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд холбогдох шүүгч нар нь хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүн таслах үүргээ хэрэгжүүлсэн байх тул  сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Д.М  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: 

“...Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан барьцаа хөрөнгийн жагсаалтаас ... 11 дүгээр хороо, Тайм Скүэр хотхон 504 дүгээр байрны 702 тоот хаягт байрлах орон сууцыг хасуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу надад хуваарилагдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана гэж заасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../Ш32023/14574 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Нэхэмжлэгч Д.М-н 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүх 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн .../Ш32023/15102 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдөр гардуулж, тэрээр 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Ц-с  Р.Э-д олгосон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э бие даасан шаардлага гаргасан бөгөөд шүүх 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .../Ш32023/20311 дугаар шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ц-г хэргийн оролцогч болсныг баталж шийдвэрлэсэн болно.

Шүүгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж байгаа бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй учир бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-с тус хороонд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.

Шүүгч Д.Х  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“...Гомдол гаргагч Р.Э нь сахилгын хороонд гаргасан гомдолдоо хариуцагч С.Б ийн 10 гаруй жил өмгөөлөгчөөр ажиллаж буй Р.О  төрсөн охин нь шүүгч Д.Х  гэдгийг олж мэдсэн, анхнаасаа өөрт нь хуваарилагдах үед Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.28-д заасныг зөрчсөн буюу татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна гэжээ.

Миний ээж Р.О нь Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажилладаг нь үнэн бөгөөд 1983 онд Эрхүүгийн их сургуулийг төгссөнөөс хойш өнөөг хүртэлх хугацаанд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно. Энэ хугацаанд ээж маань олон хэргийг өмгөөлсөн, ихэвчлэн Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог гэж мэднэ. Миний бие 2000 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд нөхөртэйгөө тусдаа гарч амьдарсан, 23 жил ээж, ааваасаа тусдаа бие даан нөхөр, 4 хүүхдийн хамтаар амьдарч байгаа болно. Тиймээс ээжийнхээ ямар хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгааг тэр болгон мэдэх боломжгүй, мөн ээж маань өөрийн хэргийн оролцогч нарын талаар надад ярих боломжгүй, тухайн үйлчлүүлэгч нарынх нь нууцад хамаардаг бөгөөд хэргийн талаар ярихдаа “манай хэргийн хүн, эсхүл үйлчлүүлэгчтэйгээ уулзаад гэж ярьдаг юм байна”. Тиймээс хариуцагч С.Б ийг ээжийн үйлчлүүлэгч гэдгийг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан болно. Уг хэрэг нь олон жил үргэлжилсэн хэрэг гэдгийг нь мэдэх боловч “Б-н хэрэгт орж байна” гэдэг байсан юм байна.

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буюу шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Э-г шүүгчээс татгалзсан өдөр нь орой гэртээ очоод ээжээс энэ талаар утасдаж асуухад “...ээж маань тийм, уг хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байсан, н.Б-н хэргийн хохирогч байсан, мөн уг татгалзалд хавсаргасан зураг нь тухай үед Соронз сэтгүүлд нийтлэгдэж байсан Нийслэлийн шүүхийн хурлаас гарч явж байх үеийн зураг” гэсэн болно.

Иймээс гомдол гаргагчийн гомдолд дурдсан Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасныг зөрчөөгүй, хэргийн оролцогч нартай буюу хариуцагч С.Б тэй ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй гэж заасан нөхцөл байдал үүсээгүй буюу уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг нээж, ирцийг шалгаж, ирцтэй холбоотой талуудын хүсэлтийг сонссоны дараа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчээс татгалзахад энэ талаар мэдсэн.

Гомдол гаргагч Р.Э нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн гэсэн бөгөөд миний хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгох гэсэн зүйл байхгүй бөгөөд гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч нарт давуу байдал бий болгоогүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон Б.Ц-н эрх ашиг нь хөндөгдөхөөр байна гэж үзэж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Мөн Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хууль зүйн зөвлөгөө өгөөгүй бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмын хүрээнд шүүгчийн туслахаас мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д заасан “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” ажил үүргийнхээ хүрээнд танилцуулагдсан хүсэлтийг нь тодруулсан бөгөөд хүсэлт гаргагчаас “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гарган оролцох эсэх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагчаар оролцох талаар” хүсэлтийг нь тодруулсан юм. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын зөрчилгүй явагдах, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой болох ач холбогдолтой бөгөөд хүсэлт гаргаж байгаа тохиолдолд ямар хүсэлтийг гаргаж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцохыг тодруулах нь шүүгчийн чиглүүлэх чиг үүргийн хүрээнд хийгдэх ажиллагаа бөгөөд шахалт үзүүлж, тулган шаардаж, хүсэл зоригийн эсрэг зүйл хийлгэсэн зүйл байхгүй болно.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн мэйл хаягаас манай туслах Б.Н-н мэйл хаягаар нь хүсэлтээ тодруулж илгээсэн, өөрийн хүсэл зоригийн дагуу хүсэлтэд гарын үсгээ зурж, холбогдох баримтаа хавсаргаж уг хүсэлтийг нь шүүх хүлээн авч, захирамж гарсан. Тухайн захирамжийг эс зөвшөөрсөн бол өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулах хүсэлтийг гаргаагүй.

Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай туслах Б.Н нь ажлын байрандаа байгаагүй, чөлөөтэй байсан бөгөөд туслахын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан Б.П нь Б.Н-н мэйл хаягаар хүсэлтийг хүлээн авсан байх бөгөөд хэргийн оролцогч нар нь цахим хаягаар шүүхэд хүсэлтээ ирүүлж болох бөгөөд шүүхийн болон тамгын газрын туслахуудын мэйл хаяг нь нээлттэй байдаг болно.

Гомдол дурдсанаар туслахаас надтай манай өрөө рүү миний гар утасны viber-аар дуудлага хийсэн зүйл байхгүй бөгөөд туслах Б.Н болон Б.П нар нь хүний утсыг авч, тухайн утсанд дээр байгаа зүйлийг дур мэдэн устгах боломжгүй. Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн заалны камерын бичлэгийг шүүлгэх гэсэн боловч олон сараар хадгалагдаагүй гэсэн тул гаргах боломжгүй байгаа боловч миний утас болон манай туслах Б.Н ын, Б.П-н  гар утсанд үзлэг хийж, дуудлага мессеж устгасан эсэх талаар мэргэжлийн ажилтнаар шалгуулахад татгалзахгүй.

Мөн гомдолдоо С.Б ийн гомдлоор үүссэн НШШГГ-т холбогдох иргэний хэрэг маргаан шүүхээр үргэлжилж байхад буюу Билэгт өөрөө болон Цэвээн нар нь тус шүүхийн 2023.4.14-ний өдрийн .../ШШ2023/01185 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023 оны 5 сард гомдол гаргачхаад явж байхад Д.М-н нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох тухайн орон сууцтай холбоотой асуудлаар иргэний хэргийг 2023/05/25-ны өдрийн .../Ш32023/09904 тоот захирамжаар үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тухай хуулийн 65.1.7-д заасныг мэдсээр байж зөрчсөн үйлдэл болсон гэжээ.

Гэтэл энэ талаар мэдэх боломжгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.М нь С.Б-д холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргасан байсан бөгөөд дээрх гомдолд дурсан үйл баримтын талаар дурдаагүй, хариуцагч нь шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хариу тайлбар ирүүлж, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлснээр маргаан бүхий орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм байна гэж мэдсэн бөгөөд хэдийгээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлээгүй болно.

Нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангах эсэх, мөн гуравдагч этгээдийн тайлбарт дурдсан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр гуравдагч этгээдийн хүсэлтэд дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчих юм.

Иймд шүүгч миний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар хуваарилагдан ирсэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар хүлээн авч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

Иймд миний бие өөрт хуваарилагдан ирсэн хэрэг маргааныг хараат бусаар хуульд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Х  нэмэлт тайлбартаа:

“...       1. Шүүхийн сахилгын хорооны тогтоолд дараах асуудлыг дахин шалгаж тодруулахаар заасан байх бөгөөд шүүгч Д.Х  нь хүсэлт гаргагч Р.Э-н  бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг “хүсэлт биш тайлбар байна. 70 200 төгрөг төлж байгаа нь хохиролтой байна. Тодруул” гэсний улмаас Р.Э хүсэлтээ өөрчлөх үндэслэл болсон гэж үзнэ. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх”, 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасан сахилгын зөрчилд хамаарч байгаа эсэх талаар дүгнэлт өгөх гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хууль зүйн зөвлөгөө өгөөгүй бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмын хүрээнд шүүгчийн туслахаас мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.8-д заасан “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” ажил үүргийнхээ хүрээнд танилцуулагдсан хүсэлтийг нь тодруулсан бөгөөд хүсэлт гаргагчаас “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гарган оролцох эсэх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагчаар оролцох талаар” хүсэлтийг нь тодруулсан юм. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын зөрчилгүй явагдах, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой болох ач холбогдолтой бөгөөд хүсэлт гаргаж байгаа тохиолдолд ямар хүсэлтийг гаргаж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцохыг тодруулах нь шүүгчийн чиглүүлэх чиг үүргийн хүрээнд хийгдэх ажиллагаа бөгөөд шахалт үзүүлж, тулган шаардаж, хүсэл зоригийн эсрэг зүйл хийлгэсэн зүйл байхгүй, Р.Э нь хүсэлтээ өөрөө гаргаж гарын үсгээ зурж, өөрийн мэйл хаягаас хүсэлтээ шүүхэд ирүүлсэн болно.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийг тодруулсан нь албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгаварт тооцогдохгүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-д “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, 89.3.7-д  “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох”, 89.3.8-д “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” чиг үүргийг шүүгчийн туслах нь шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлэхээр заасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн хүсэлтийг шүүгчид танилцуулах, уг хүсэлтийн агуулга, үндэслэл ойлгомжгүй байвал тодруулах, хүсэлтийг танилцуулж төслийг боловсруулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бол шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуульд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн.             2.Өргөдөл гаргагчаас “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцогч хүсэлтээ өгчих. Би хүлээгээд авчихъя” гэх үндэслэлийн тухайд дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие шүүх хуралдаанд орохоор доош буухдаа өргөдөл гаргагч Р.Э-т тааралдсан бөгөөд Р.Э нь “шүүгчээ би танай хуралдаанд гуравдагч этгээдээр оролцмоор байна” гэсэн тул “тэг тэг, хүсэлтээ холбогдох баримтын хамт хавсаргаж өгөөрэй, хуралдааны товыг туслахаас асуугаарай” гэж хэлээд л хуралдаандаа орсон, тухайн үед Р.Э нь манай хэргийн оролцогч биш байсан.

Тухайн үед Р.Э-т тааралдсан эсэхийг сайн санахгүй буюу хуралдаанд оролцохоор явж байх үедээ тааралдсан хүнийг Р.Э гэж санахгүй байсан боловч өмнөх сахилгын хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлаад гадаа байх үедээ Р.Э-с та надтай тааралдаад “танай хуралдаанд гуравдагч этгээдээр оролцмоор байна гэж та хэлсэн хүн мөн билүү” гэж асуухад өргөдөл гаргагч Р.Э нь “тийм ээ, би байсан танаас танай хуралдаанд гуравдагчаар оролцмоор байна гэхэд та надад хүсэлтээ баримтын хамт өгөөрэй, тов туслахаас асуугаарай” гэсэн гэж хэлсэн болно.

Энэ нь хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэхгүй бөгөөд “хууль зүйн зөвлөгөө” гэдэг нь Монгол Улсын Хууль зүйн нэвтэрхий толь бичигт /С.Н 2021 он/ “...иргэн, хуулийн этгээдэд төлбөртэй буюу төлбөргүй үзүүлэх эрх зүйн асуудлыг нь шийдвэрлэхэд чиглэгдсэн хуульчийн үйлчилгээг хууль зүйн туслалцаа гэх бөгөөд уг хууль зүйн туслалцааны төрөл нь хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргах, хүсэлт гаргасан этгээдийг оролцуулах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-д зааснаар нээлттэй бөгөөд хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтийг шүүх шийдвэрлэснээр тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан, эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцоно.

Хүсэлт гаргагч Р.Э-н  хүсэлттэй танилцаад түүний эрх ашиг зөрчигдөхөөр байна гэж үзэж, түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа хуульд нийцүүлэн гаргах эрх нь нээлттэй гэдэг. 

3.Өргөдөл гаргагч Р.Э нь 8862....дугаарын бүртгэлтэй утасны viber-аар төхөөрөмжөөс шүүгчийн туслах Б.Н , Б.П нартай харилцсан   мессеж нь устсан эсэх, хэрэв устсан бол сэргээх боломжтой эсэхийг тогтоолгохоор холбогдох байгууллагаар шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэснийг дэмжиж байгаа бөгөөд мөн надтай viber төхөөрөмжөөр холбогдсон гэж өргөдөлдөө дурдсан байдаг тул миний утасны viber -ыг шалгуулахад татгалзахгүй болно. Учир нь миний бие өргөдөл гаргагч Р.Э-т ямарваа нэгэн байдлаар гар утсаар ярилцаагүй, viber-аар харилцаагүй бөгөөд тухайн үеийн харилцан ярианы бичлэгийг холбогдох газраас нь авч нэг бүрчлэн шалгаж /9090..../, мөн viber-ыг устгахад эсэхийг тогтоох боломжтой буюу хэрэв миний бие устгасан бол харилцсан гэж байгаа Р.Э-н  утсан дээр уг мэдээлэл нь хадгалагддаг болно. Өргөдөл гаргагч Р.Э нь өөрийн хүсэлтээ манай шүүхийн мэйл хаягаар ирүүлсэн байдаг бөгөөд өөрөө мэйл хаяг ашигладаг талаарх мэдээллээ хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэл гардуулсан тухай Баримт№4-д “цахим хаяг ....@gmail.com” гэж тэмдэглэсэн байна.                    

4.С.Б-д холбогдох иргэний хэрэг шүүгч Д.Х д хуваарилагдсан нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэх, шүүгч шүүн таслан ажиллагаанд оролцохдоо ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзах гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч Д.М-н хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр .../Ш32023/09904 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Э-с шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргаснаар ээж Р.О  ийг С.Б-д өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байсан талаар нь мэдсэн болно.

Үүнээс өмнө энэ үйл баримтын талаар мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Учир нь манай ээж өөрийн ажлын талаар буюу хэний эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байгаа талаарх мэдээллийг надад өгч байгаагүй бөгөөд өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа баримтлах зарчмын нэг нь өмгөөллийн нууц хадгалах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон хуульч, өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих”, 34.4.4-д “өмгөөллийн явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллагын, үйлчлүүлэгчийн нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх”, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “өмгөөллийн нууц, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх” үүргийг тус тус хүлээдэг болно.

Иймээс гомдол гаргагчийн гомдолд дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж заасныг зөрчөөгүй, хэргийн оролцогч нартай буюу хариуцагч С.Б тэй ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй гэж заасан нөхцөл байдал үүсээгүй буюу уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг нээж, ирцийг шалгаж, ирцтэй холбоотой талуудын хүсэлтийг сонссоны дараа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчээс татгалзахад энэ талаар мэдсэн.

Тус дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээс гуравдагч этгээд П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-н  2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчээс татгалзсан хүсэлттэй танилцаад 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн .../ЕШ2024/00577 дугаар захирамжаар шүүгч Д.Х г татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр товлон зарласан боловч хуралдаанд хариуцагч нь шүүгчээс татгалзаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байгаа гэсэн үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг татгалзал шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хойшлуулсан.

Тус дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн .../ЕШ2024/02672 дугаар захирамжаар хариуцагчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хэргийг хүлээн авч 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр талуудад захирамжийг болон хэргийн материалыг танилцуулж шүүх хуралдааны товыг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг 00 минутаас товлон зарласан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бие даасан шаардлага гаргаж шүүхэд ирүүлсэн тул түүний шаардлагыг зохигч талуудад 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан.

Д.М-н нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох иргэний хэргийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдаанд гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн .../ШШ2024/02077 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иймд миний бие өөрт хуваарилагдан ирсэн хэрэг маргааныг хараат бусаар хуульд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Р.Э-н  ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х , Д.М  нарт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ГЗҮ/2023/0134 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2024/0029 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гарган Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Уг саналыг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд СХТ/2024/0032 дугаар тогтоолоор саналыг хүчингүй болгож, илтгэгч гишүүнд буцаасан байх ба илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2024/0082 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Өргөдөл гаргагч Р.Э-с шүүгч Д.Х , Д.М  нарт холбогдуулан “...туслахаараа дамжуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ өөрчлүүлсэн, шүүгч Д.Х  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ.

1. Өргөдлийн: “...шүүгч Д.М  туслах Б.Нансалмаагаар дамжуулан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт өгч, хүсэлтээ өөрчил” гэх үндэслэлийн тухайд:

Иргэн Д.М-с Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “барьцаа хөрөнгийн жагсаалтаас ... 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 504 дүгээр байрны 702 тоот хаягт байрлах орон сууцыг хасуулах тухай” нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, нэхэмжлэл шүүгч Д.М  хуваарилагдан, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/14574 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад2 023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-с бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/20311 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан гэрч Б.Н-н : “...Ямартай ч хүсэлтийг нь хангаж гуравдагч этгээдээр оролцуулсан. Анх гаргасан хэлбэрээр нь хүсэлтийг нь хангасан, хольж сольсон зүйл байхгүй гуравдагч этгээд П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-т залгаж холбогдсон зүйл байхгүй. Шүүх дээр ирж хэргээ асуухад нь хэргийн явцын талаар хэлж байсан. Х шүүгч дээр хэрэг нь байсан учир Х шүүгчийн туслах Н бид хоёр дээр ирээд хэргээ асуудаг байсан. Тэрнээс хойноос нь залгаж байсан тохиолдол байхгүй” гэх мэдүүлэг,

холбогдох шүүгчийн: “...шүүгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж байгаа бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй” гэх тайлбар зэргээс үзэхэд шүүгч Д.М  нь туслахаараа дамжуулан П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-с гаргасан хүсэлтийг өөрчил гэсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул “...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт өгч, хүсэлтээ өөрчил” гэх өргөдөл үндэслэлгүй.

2. Өргөдлийн: “шүүгч Д.Х  өөрийн туслах Б.Н-р дамжуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг өөрчлүүлж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргуулсан” гэх үндэслэлийн тухайд:

Иргэн Д.М нь С.Б-д холбогдуулан  дүүрэг .. дүгээр хороо ...тоот хаягт байрлах 165.1 мкв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2023/09904 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Х  томилогджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-с бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг тухайн өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон бусад нотлох баримтын хамт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргажээ.

Харин Р.Э нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүсэлтээ өөрчилж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргаж, хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/19788 дугаар шүүгчийн захирамжаар хангасан байна.

Р.Э-н  гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд үүнийг бие даасан шаардлага гэж үзэхгүй тул шүүгч Д.Х  энэ талаар шүүгчийн туслахад “тодруул” гэсний улмаас Р.Э хүсэлтээ өөрчлөх үндэслэл болсон болох нь сахилгын хэрэгт авагдсан, холбогдох шүүгч Д.Х : “Миний бие уг хүсэлттэй танилцаад хэдийгээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гэсэн боловч шаардлага гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байсан тул энэ нь бие даасан шаардлага гаргаж байгаа эсэх, тайлбар гаргаж байгаа эсэхийг нь тодруулах, хэрэв бие даасан шаардлага гаргаж байгаа гэвэл шаардлагаа тодруулж өгөх, тайлбар гэж байгаа бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох, улсын тэмдэгтийн хураамжийг нь буцаан олгогдох юм гэсэн” гэх тайлбар,

гэрч Р.Э-н : “...Д.Х  шүүгчийн туслах Б.Н надтай утсаар холбогдож шүүх дээр ирэхийг хүссэн. Таны бие даасан шаардлага үндэслэлгүй байна. Таны үйлчлүүлэгч П.Ц-н эрх ашиг хөндөгдөөгүй байна, цаг хугацаа алдахгүйгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ одоо гаргаад өг гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

гэрч Б.Н-н “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдрийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд сургалттай байсан, 10 дугаар сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийн хугацаанд хуульчийн сонгон шалгаруулалтад оролцож чөлөөтэй байсан. Р.Э-г шүүгч Д.Х тай холбож яриулсан зүйл байхгүй. 10 сарын сүүлээр намайг чөлөөтэй байхад орлож байсан ажилтанд хүсэлтээ өгсөн байсан. Р.Э-н  гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг өөрчилж өгөхийг хүссэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

гэрч Б.П-н : “...шүүгчийн туслах Н чөлөөтэй байх хугацаанд Х шүүгчийн ажилд тусалж ажилласан. Миний санаж байгаагаар тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирсэн. Тухайн хүсэлтийг авсан даруйдаа Х шүүгчид танилцуулсан. Шүүгч танилцаад тус хэргийг өмнө нь шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу гаргаж байгаа бол шаардлага биш тайлбар байна. Тэгэхээр тусдаа бие даасан шаардлага гаргаж байгаа бол үүнийгээ тодруулж өг гэсэн”, “...Эхлээд Р.Э бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ бичгээр шүүхэд надад авчирч өгсөн. Ирүүлсэн хүсэлтийг шүүгч Д.Х д танилцуулахад хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нь бие даасан шаардлагад хамаарахгүй байна, улсын тэмдэгтийн хураамж илүү төлж байгаа нь хохиролтой юм байна гэсэн” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Мөн өргөдөл гаргагч Р.Э нь шүүгчийн туслах Б.Н д хүсэлт өгсөн, түүнтэй уулзсан гэх боловч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөтэй байсан, түүнийг шүүгчийн туслах Б.П орлон ажиллаж байсан болох нь тус шүүхийн Тамгын газрын чөлөө олгох тухай баримт болон гэрч нарын мэдүүлэг, шүүгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүхээс Р.Э-н  гаргасан хүсэлттэй холбогдуулан түүнээс тодруулах ажиллагаа хийсэн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний “...шүүгч Д.Х  гуравдагч этгээдээс ямар бие даасан шаардлага гаргаж байгаа болох, юу шаардаж байгааг тодруулсан нь бусдад хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт заасан чиг үүргүүдийг хэрэгжүүлэх бөгөөд шүүгч Д.Х  шүүгчийн туслах Б.П-д тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг тодруулахыг даалгасан нь хулийн 89.3.1-т шүүхэд ирүүлсэн тодорхой хэрэг, маргааны талаарх баримт бичгийн бүрдлийг судалж, шүүгчид танилцуулах, 89.3.2-т хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгч Д.Х г Монгол Улсны шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д заасан “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай тогтоолд: “шүүгч Д.Х  нь Р.Э-т уулзсан, харилцсан эсэхийг тодруулах нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Өргөдөлд: “шүүгчийн туслах Б.Н гар утасныхаа viber төхөөрөмжөөр шууд Д.Х  шүүгч рүү залгаад надтай харилцсан” гэж дурдсан байна

Сахилгын хэрэгт авагдсан холбогдох шүүгч Д.Х гийн: “...миний бие өргөдөл гаргагч Р.Э-т ямарваа нэгэн байдлаар гар утсаар ярилцаагүй, viber-аар харилцаагүй” гэх тайлбар,

гэрч Б.Н-н “....Р.Э-н  хүсэлт өгч, шүүгч Д.Х тай яриулсан гэх өдөр би ажил дээрээ байгаагүй, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан Р.Э-г  шүүгч Д.Х тай утсаар эсхүл viber төхөөрөмжөөр холбож яриулсан зүйл байхгүй. Хэзээ ч шүүгчийг хэргийн оролцогчтой утсаар эсхүл өөр төхөөрөмжөөр холбож яриулдаггүй.” гэх мэдүүлэг,

гэрч Б.П-н “...Би өөр шүүгчийн туслах учраас Д.Х  шүүгчтэй viber-аар харилцаж байгаагүй. Тухайн өдөр шүүгчийг холбож Р.Э-т яриулаагүй” гэх мэдүүлэг,

илтгэгч гишүүний шүүгчийн туслах Б.Н-н албан хэрэгцээндээ ашигладаг dell компьютер болон Samsung А5 маркийн утсаар нэвтэрсэн 8094.... дугаарт бүртгэлтэй viber хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

шүүгчийн туслах Б.П-н  ашигладаг цагаан өнгөтэй iphone 12 promax маркийн гар утсаар нэвтэрсэн 8012.... дугаарын утсанд бүртгэлтэй “P” нэртэй viber хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

Р.Э-н  хар өнгийн LG Q51 маркийн утсаар нэвтэрсэн 8862....дугаарын утсанд бүртгэлтэй viber хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

“Юнител” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 12-01/.... дугаартай “...тус дугаараас 8862....дугаараас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орсон, гарсан дуудлага хийгээгүй” гэх албан бичиг зэргээр шүүгч Д.Х  нь шүүгчийн туслахын viber төхөөрөмжөөр дамжуулан Р.Э-т ярьсан гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч Р.Э гэрчийн мэдүүлэгтээ “...Шүүгчийн туслахууд суудаг зааланд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны дараа буюу хүсэлт өгснөөс 1, 2 хоногийн дараа 26 юм уу 27-ны өдөр шүүгч Х-тай таарсан. Энэ хэргээс өөр хэрэгтэй танилцах явцад Х шүүгч явж байсан. Шүүгчийн туслахтай уулзаад байж байхаар нь би эхэлж “сайн байна уу та” гэж мэндэлсэн. Х шүүгч та хэн билээ гэхэд нэхэмжлэгч хариуцагч хэлэхэд та хүсэлтээ өөрчлөөд өгчихсөн үү. Тэгвэл хурдан шийдэгдэнэ гэж хэлсэн” гэж дурджээ.

Гэтэл гэрч Б.П-н  өгсөн: “...шүүгч Д.Х  шүүх хуралдаанд орохоор доошоо буухад Р.Э-т тааралдаад юм ярьсан, юу ярьсан талаар сонсоогүй” гэх мэдүүлэг,

холбогдох шүүгч Д.Х гийн: “...Хуралдаанд орохоор доошоо буухад миний хэргүүдэд “Хаан банк” ХХК-тай холбоотой бие даасан шаардлага гаргасан хүн байсан. Тэр хүн бил үү Р.Э бил үү аль асуусныг санахгүй байна. Ямар ч байсан надад “шүүгч ээ бие даасан шаардлага гаргасан хүсэлтээ өгмөөр байна” гэхээр нь “тэг тэг хүсэлтээ өгөөд холбогдох баримтаа хавсаргаж өгөөрэй, хуралдааны товыг туслахаас асуугаарай” гэж хэлээд хуралдаанд орсон” гэх тайлбар,

нэмэлтээр гаргасан: “...Миний бие шүүх хуралдаанд орохоор доош буухдаа өргөдөл гаргагч Р.Э-т тааралдсан бөгөөд Р.Э нь “шүүгчээ би танай хуралдаанд гуравдагч этгээдээр оролцмоор байна” гэсэн тул “тэг тэг, хүсэлтээ холбогдох баримтын хамт хавсаргаж өгөөрэй, хуралдааны товыг туслахаас асуугаарай” гэж хэлээд л хуралдаандаа орсон, тухайн үед Р.Э нь манай хэргийн оролцогч биш байсан. Тухайн үед Р.Э-т тааралдсан эсэхийг сайн санахгүй буюу хуралдаанд оролцохоор явж байх үедээ тааралдсан хүнийг Р.Э гэж санахгүй байсан боловч өмнөх сахилгын хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлаад гадаа байх үедээ Р.Э-с та надтай тааралдаад “танай хуралдаанд гуравдагч этгээдээр оролцмоор байна гэж та хэлсэн хүн мөн билүү” гэж асуухад өргөдөл гаргагч Р.Э нь “тийм ээ, би байсан танаас танай хуралдаанд гуравдагчаар оролцмоор байна гэхэд та надад хүсэлтээ баримтын хамт өгөөрэй, тов туслахаас асуугаарай” гэсэн гэж хэлсэн болно.” гэх тайлбар зэргээс үзэхэд шүүгч Д.Х  нь өргөдөл гаргагч Р.Э-т шүүхийн байранд тааралдаж, Р.Э нь шүүгчээс асуулт асуусантай холбогдуулж хүсэлт гаргах боломжтой талаар хэлсэн нь шүүгчид хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үйлдэлд тооцогдохгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, Р.Э нь тухайн цаг хугацаанд хэргийн оролцогч болоогүй бөгөөд шүүгч түүнтэй үг солилцсон, асуултад нь хариулсан зэрэг үйлдлийг “уулзсан, харилцсан” гэж ойлгохгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасан зөрчил гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоох ажиллагааг нэмж гүйцэтгэсэн боловч шүүгч сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.

4. Өргөдлийн: “шүүгч Д.Х  С.Б-д холбогдох иргэний хэргийн шүүн таслан ажиллагаанд оролцсон нь ашиг сонирхлын зөрчил үүссэн. Татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х  Д.М-н нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Тухайн хэргийн хариуцагч С.Б  нь шүүгч Д.Х гийн ээж Р.О  ээс 2013 онд хууль зүйн туслалцаа авч байсан байна.

Дээрх хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон П.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-с шүүгч Д.Х д холбогдуулан “...ээжийнхээ дотны найз С.Б ийг мэдэхгүй байхын аргагүй бөгөөд магадгүй ээж нь С.Б ээс авсан өмгөөллийн үйлчилгээний төлбөрөөсөө Д.Х д зарцуулж байсан байх магадлал маш өндөр. Дээр нь Д.М-н нэхэмжлэл анхнаасаа өөрт нь хуваарилагдах үед Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 50,12-т тус заасныг зөрчсөн буюу татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй” гэсэн үндэслэлээр гомдол гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгч тайлбартаа: “...23 жил ээж, ааваасаа тусдаа бие даан нөхөр, 4 хүүхдийн хамтаар амьдарч байгаа болно. Тиймээс ээжийнхээ ямар хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгааг тэр болгон мэдэх боломжгүй, мөн ээж маань өөрийн хэргийн оролцогч нарын талаар надад ярих боломжгүй. Тиймээс хариуцагч С.Б ийг ээжийн үйлчлүүлэгч гэдгийг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан болно, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч Р.Э-с шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргаснаар ээж Р.О  ийг С.Б-д өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байсан талаар нь мэдсэн болно. Үүнээс өмнө энэ үйл баримтын талаар мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан. Учир нь манай ээж өөрийн ажлын талаар буюу хэний эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байгаа талаарх мэдээллийг надад өгч байгаагүй бөгөөд өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа баримтлах зарчмын нэг нь өмгөөллийн нууц хадгалах” гэжээ.

гэрч Р.О “...2012, 2013 оны үед С.Б ийн өмгөөлөгчөөр залилангийн хэрэг дээр Б  дүүргийн цагдаагийн хэлтэс, тус дүүргийн шүүх дээр хэрэг нь явж байхад ажиллаж байсан.  Тус хэргийг шийдвэрлэхэд оролцоогүй. Тэр үед үйлчлүүлж байсны хувьд мэднэ. С.Б ийг өөрөөр өмгөөлж оролцож байгаагүй. Би өмгөөллийн үйл ажиллагаа үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ямар нэг байгууллага, компанид ажилладаггүй. “Н”   групп ХХК, “Н”   констракшн ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагүй. 2014 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гадаа явж байхад С.Б тэй таарсан бөгөөд мэнд мэндэж байхад гаднаас зураг аваад олон нийтэд тараасан байсан. Тухайн үед С.Б ийн хуралд орж, хэвлэлийн бага хуралд орсон зүйл байхгүй. Хувийн харилцаа байхгүй. Би 40 жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна. С.Б тэй одоо ямар ч холбоо байхгүй” гэж, /1хх166,167/

мөн гэрч С.Б  “...2013 оноос 2016 оны хооронд манай компанитай холбоотой нэг эрүүгийн хэрэг дээр өмгөөлөгч Р.О эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан байсан. Тэр үеэс мэднэ. Тус хэргээс өөр хэрэг дээр эрх зүйн туслалцаа авч байгаагүй. Миний бие “Н”   констракшн ХХК-ийн захирлаар ажиллаж байхад компанийн үйл ажиллагаатай холбоотой үүссэн эрүүгийн хэрэг дээр туслалцаа авсан. Хэрэг нь 2017 онд шийдэгдсэн, би тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш холбогдоогүй, тухайн хэрэгтэй холбоотой асуудлаар холбогдож байсан. Анх цагдаа дээр мөрдөн байцаалтын шатанд оролцсон. Шүүх хуралдааны шатанд оролцоогүй санагдаж байна. Хэрэг эцэслэн шийдвэрлэхэд оролцоогүй. Өөр бусдаар туслалцаа авч байгаагүй. Тус хэрэг 2017 онд шийдэгдсэн, би тэтгэвэртээ гарсан. Өмгөөлөгч Р.О-тэй  хувийн дотно харилцаагүй. Тухайн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байхад л харьцаж байсан. Би өмгөөлөгч О  хүүхдийг шүүгч Х гэдгийг Р.Э-н  шүүгчээс татгалзах тухай хүсэлтээс мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй байсан. 2014, 2015 оны үед би Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаанд ороод явж байхад өмгөөлөгч Р.О-тэй  таарсан. Энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл зураг аваад тавьчихсан байсан.”  гэж тус тус мэдүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т “91.1.3.хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, мөн хуулийн 91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй билээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1-д ... “хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. ...Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй,

3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж ... нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно. ... “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно. Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй” гэж тайлбарласан.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгч Д.Х г “ээж Р.О хариуцагч С.Б тэй найз нөхдийн харилцаатай, тэрээр 2011 он хүртэлх хугацаанд “Н” групп ХХК-ийн хуульчаар ажиллаж, 2012 оноос эхлэн “Н”   констракш ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгийн талаар эрүүгийн болон иргэний журмаар 10 гаруй жил үргэлжилсэн шүүхийн маргаанд иргэн С.Б ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсныг, С.Б  нь Р.О  ээр дамжуулан түүний охин шүүгч Д.Х д нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүссэн” үндэслэлээр татгалзан гаргах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянаад 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн .../ЕШ2024/00577 дугаар захирамжаар хуульд заасан татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй гэж шийдвэрлэжээ.

Хэргийн хариуцагч С.Б-д шүүгч Д.Х гийн ээж Р.О нь 2013 онд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзсан, шүүгч нь хэргийн оролцогч С.Б тэй эдийн болон эдийн бус ямар нэг хувийн ашиг сонирхлоор холбогдоогүй, албан үүрэг, тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байхгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрд татгалзан гарах үүрэгтэй байсан гэж үзэхгүй.

Дээрх байдлаар хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй, С.Б-д шүүгч Д.Х гийн ээж Р.О нь 2013 онд хууль зүйн туслалцаа үзүүлж байсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй талаар Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой заасан, мөн Ерөнхий шүүгч тухайн асуудлыг шийдвэрлэсэн байх тул шүүгчийг “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй”, “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, энэхүү нөхцөл байдлыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х , Д.М  нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0082 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Х , Д.М  нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                         Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                               Г.ЦАГААНЦООЖ

                                                                 Д.ЭРДЭНЭЧУЛУУН