МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-06-25
Дугаар 80
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуундарь, холбогдох шүүгч Д.Г нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0080 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Өргөдөлд дурдсан үндэслэлийн талаар шүүгч Д.Г тайлбартаа “...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар 03 дугаар сарын 11-ны өдрийн шүүх хуралдааныг товлохдоо нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т санал гаргаснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Д-г түүний өмгөөлөгч С.Ө-тай утсаар холбогдуулж, өмгөөлөгчийн саналын дагуу товлосон” гэж, гэрч Б.Н /шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/ “...Тухайн өдөр шүүгчээс татгалзаад дараагийн хуралдаанаа товлосон. Нэхэмжлэгч талаас дараагийн хуралдаанаа товлохдоо хариуцагчийн өмгөөлөгчөөс асууж товлохгүй бол дараа дахин хойшлох байх гэсэн учраас шүүгч хариуцагч талд утсаар ярих зөвшөөрөл олгосон. Хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчтэйгөө утсаар яриад 3 дугаар сарын 11-ний өдөр боломжтой гэж байна гэсэн. Тэгээд л дараагийн хурлаа товлосон...” гэж, гэрч Д.Т “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэрэг шийдэгдсэн. Өмнөх хурал дээр шүүгчээс татгалзсан болохоор хойшилсон. Ер нь хариуцагч тал нэг ижил үндэслэлээр шүүгчээс 2 удаа татгалзсан. 2024 оны 3 дугаар сарын 11-ний хэрэг шийддэг өдөр өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хариуцагч тал ямар ч баримтгүй байж өмгөөлөгчтэй оролцоно, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаагүй хэргээ шийдсэн” гэж тус тус мэдүүлснээс үзвэл 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулахдаа хариуцагч болон түүний өмгөөлөгчийн саналыг харгалзан 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагт товлосон болох нь нотлогдсон.
Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж заасан эрхийг эдлэх ч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргахдаа хуульд заасан үндэслэл байхыг шаардах бөгөөд хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 23/37 дугаартай албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч С.Ө-тай хамт биечлэн оролцох хүсэлт гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож байсан, хариуцагчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан товлосон 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй энэ тохиолдолд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно”, 34.4-т “Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ”: 34.4.5 “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох” гэж заасан үүргээ өмгөөлөгч зөрчсөн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй билээ.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Д.Г тайлбартаа: “Гомдол гаргагч нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус хороонд гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ГЗҮ/2024/0016 дугаар захирамжаар надад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн. Улмаар тус хорооны 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн СХМ/2024/0039 дүгээр магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалд 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл бичих эрхтэй. Дээрх СХМ/2024/0039 дүгээр магадлалд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаагүй тул магадлал хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл, энэхүү гомдолд дурдсан өмнө гэж томьёолсон асуудлыг хянан шийдвэрлэж, намайг сахилгын зөрчил гаргаагүй гэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй.
Энэхүү гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр огноолж 21-ний өдөр тус хороонд гаргасан байна. Гомдолд намайг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа мэтээр дурджээ. Гэвч “Ш” ХХК-д холбогдох Н.Н-н нэхэмжлэлтэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан шийдвэрлэж, 28-ны өдөр шийдвэрийг албажуулж гаргасан нь Иргэн-2014 системд бүртгэгдсэн байна.
Хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд “Ш” ХХК-ийн өмгөөлөгч С.Ө эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах, тус хуулийн этгээдийн төлөөлөгч буюу гүйцэтгэх захирал Д.Д нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус тус гаргасан. Улмаар хуралдааныг хойшлуулсан. Цаашлаад, дараагийн буюу хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн шүүх хуралдааныг товлохдоо нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т санал гаргаснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Д-г түүний өмгөөлөгч С.Ө-тай утсаар холбогдуулж, өмгөөлөгчийн саналын дагуу товлосон. Гэвч хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Ө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Харин хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь нэмж өмгөөлөгч авах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан. Иргэний хэргийн оролцогч нь хэд хэдэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь түүний хүсэл зоригоос шууд хамааралтай бөгөөд нэгэнт хууль зүйн туслалцаа авч байгаа тохиолдолд нэмж өмгөөлөгч авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй юм. Энэхүү зарчмын дагуу шүүгч би хүсэлтийг хангахаас татгалзах тухай захирамж гаргаж, хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ үед хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь шүүх хуралдааны дэг зөрчиж, даргалагчийн зөвшөөрөлгүйгээр танхимыг орхин гарсан. Эдгээрээс үзэхэд шүүгч би “Ш” ХХК-н эрхийг зөрчөөгүй, тус хуулийн этгээд нь хууль зүйн туслалцаа авсан бөгөөд өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн. Дээрх үйлдлээрээ хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээсээ өөрийн хүсэл зоригийн дагуу татгалзсан.
... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Ийнхүү магадлал гарсан нь намайг хариуцагчийн эрхийг зөрчөөгүй, хариуцагчийг хууль зүйн туслалцаа авсан, түүний төлөөлөгчийн эрх хангагдсан гэдгийг нотолж байна. Учир нь хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зөрчигдсөн гэж үзсэн бол хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцаах учиртай юм.
Нэхэмжлэгч Н.Н нь төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал өмгөөлөгчгүйгээр ажиллагаанд оролцсон. Тодруулбал, хэрэгт нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл байдаг бөгөөд харин төлөөлөгч Д.Т нь хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй талаарх баримт байхгүй.
Эдгээр үндэслэлээр шүүгч Д.Г би Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.18, 50.1.23-т заасан зөрчлийг гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д гийн өргөдлөөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2024/0053 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэснээр илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, холбогдох шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
Н.Н нь “Ш” ХХК-д холбогдуулан “7,654,043,350 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч С.Ө 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүгч Д.Г-с татгалзах хүсэлт гаргасныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1453 дугаар захирамжаар хангахаас татгалзсан.
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Д дахин шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул шүүгчийн 5346 дугаар захирамжаар татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1996 дугаар захирамжаар татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзсан.
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчийн “нэмэлт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг 7049 дүгээр захирамжаар хангахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлж, улмаар тус өдрийн 1332 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч “Ш” ХХК-аас 7,338,983,743.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 315,059,606.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 894 дүгээр магадлалаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-аас 2,006,868,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,647,175,350 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “38,115,779.68” гэснийг “10,192,290” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Өргөдлийн: “...Шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг минь боогдуулсан, маш өндөр үнийн дүнтэй олон хавтастай хэрэгт нэхэмжлэгч талын өмгөөлөгчтэй мэтгэлцэхийг тулгасан” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгч шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна.
2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулахдаа хариуцагч болон түүний өмгөөлөгчийн саналыг харгалзан 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагт товлосон болох нь сахилгын хэрэгт авагдсан холбогдох шүүгчийн: “...2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар 03 дугаар сарын 11-ны өдрийн шүүх хуралдааныг товлохдоо нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т санал гаргаснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Д-г түүний өмгөөлөгч С.Ө-тай утсаар холбогдуулж, өмгөөлөгчийн саналын дагуу товлосон” гэх тайлбар,
гэрч Б.Н-н “...Тухайн өдөр шүүгчээс татгалзаад дараагийн хуралдаанаа товлосон. Нэхэмжлэгч талаас дараагийн хуралдаанаа товлохдоо хариуцагчийн өмгөөлөгчөөс асууж товлохгүй бол дараа дахин хойшлох байх гэсэн учраас шүүгч хариуцагч талд утсаар ярих зөвшөөрөл олгосон. Хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчтэйгөө утсаар яриад 3 дугаар сарын 11-ний өдөр боломжтой гэж байна гэсэн. Тэгээд л дараагийн хурлаа товлосон...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Т-н “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэрэг шийдэгдсэн. Өмнөх хурал дээр шүүгчээс татгалзсан болохоор хойшилсон. Ер нь хариуцагч тал нэг ижил үндэслэлээр шүүгчээс 2 удаа татгалзсан. 2024 оны 3 дугаар сарын 11-ний хэрэг шийддэг өдөр өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хариуцагч тал ямар ч баримтгүй байж өмгөөлөгчтэй оролцоно, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангаагүй хэргээ шийдсэн” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч Д.Г нь хариуцагч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар “...өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.5-т заасан үүргээ зөрчсөн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл болжээ.
Мөн ...Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 894 дүгээр магадлалд “...хариуцагчийн төлөөлөгчөөс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “...нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэх” хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 101/Ш32024/07049 дугаар захирамжаар “...хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх, “...хариуцагч нь нэгэнт хууль зүйн туслалцаа авч байгаа бөгөөд нэмэлт өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, хүсэлтэд дурдсан үндэслэл нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин өмгөөлөгч авах боломжтой байсан гэж үзнэ. Иймд хариуцагч талын “хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй” гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Д.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0080 дугаартай саналыг хүлээн авч, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Б.СУГАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН