info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-26

Дугаар 82

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа , нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч П.Д /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2024/0077 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... Өргөдөл гаргагч П.Д  “...Н.И, Б.Э, Б.Д нарыг шалгах явцад Б.Э нь 2020 оны 3 дугаар сард шийтгэгдсэн эрүүгийн хэрэгт Н.И-г хамт хэрэг үйлдсэн талаар фейсбүүк чатуудаа хавсаргаж, Н.Идэрхангайтай харилцан ярилцсан бичлэгээ СД-нд хуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41-р зүйлд зааснаар /шинэ илэрсэн нөхцөл байдал/-аар гомдол гаргаж, аймгийн Ерөнхий прокурорт хандсан. Аймгийн ерөнхий прокурор тус гомдлыг шүүгч Г.М-д шилжүүлсэн. Б.Э нь бас Улсын ерөнхий прокурорын газарт гомдлыг баримтуудын хамт гаргасан. Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны 3 дугаар сард шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг шинэ илэрсэн нөхцөлөөр  авч үзэх хэрэгтэй гэж үзэн аймгийн прокурорын газар луу албан бичиг явуулсан. Прокурор болон шүүгч үүнийг харгалзан үзэхгүйгээр хууль зөрчиж, хууль дээдлэхгүйгээр н.И, н.Э, н.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-нд шүүх шийдвэрээ гаргасан. Тухайн шийдвэрийг гаргахдаа насанд хүрээгүй н.Э, н.Д нарыг урьд шийтгүүлсэн тэнсэн ялыг нь сунгаж, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Хэргийн толгойлогч Н.И-г насанд хүрээгүй хүнийг шийтгэдэг соёл хүмүүжлийн албадлагын арга хэмжээ тооцох ялаар тэнсэж шийдвэрлэсэн.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгч Г.М хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг хулгайлах гэмт  хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр, агуулахад нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.И, Б.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Д нарт ял оногдуулахыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнссэн 3 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал болох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг.

Мөн Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт эрх хуулиар олгогдоогүй тул тухайн өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

2. Өргөдөл гаргагч “...2024 онд зөрчлийн 2416000116 дугаартай хэргийг шийдвэрлэхээр 2024 оны 02 дугаар сарын 27, 2024 оны 03 дугаар сарын 12, 2024 оны 03 дугаар сарын 22-нд тус тус 3 удаа хуралдаж, шүүгч нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргаж, зөрчлийн хэрэгт ач холбогдолгүй нэмэлт ажиллагааг хийлгэх захирамж гаргасан. ...Тухайн хэргийг зөрчилд нь холбоотой нэмэлт ажиллагааг шүүгч хийлгэж болно. Гэтэл энэ зөрчлийн хэрэгт огт хамааралгүй нэмэлт ажиллагааг дахин дахин хийлгэж шүүгчийн захирамжид тусгагдаагүй ажиллагааг хийлгэж байгаа. Шүүхийн тухай шинэ хуулиар тухайн хүний гэм буруутай асуудлыг шүүхээр шийдвэрлэдэг болсон. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт огт гаргаагүй, прокурор огт хүсэлт гаргаагүй байхад ямар ч үндэслэлгүйгээр Шүүхийн тухай хуулийг зөрчиж байна.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... Цагдаагийн газраас ирүүлсэн П.Д-д холбогдох зөрчлийн 2416000116 дугаартай хэргийг шүүгч Г.М 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 00 минутаас тус зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр тов тогтоосон байна.

Тухайн тов тогтоосон хуралдааны өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗЗ/112 дугаар захирамжаар холбогдогч П.Д-ийн сэтгэцийн байдлыг тодорхойлуулах буюу хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагааг хийж ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгаж шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар завсарлуулж шийдвэрлэжээ.

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗЗ/147 дугаар шүүгчийн захирамжаар ... холбогдогчийн эрүүл мэндийн туслах үйлчилгээ авснаас шалтгаалан шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийгдэх боломжгүй болсон, шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх зарчим зэргийг харгалзан үзээд зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗЗ/180 дугаар захирамжаар дахин шүүхийн шийдвэр нь зайлшгүй биелэгдэх зарчмыг хангаж, холбогдогч П.Д-ийн сэтгэцийн байдлыг тодорхойлсон, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарах буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗЗ/112 дугаартай шүүгчийн захирамж биелэгдэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэж болно”, 2.1-т “гэрч, хохирогч, холбогдогч зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох”, 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно”, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно”, 1.4-т “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон” гэж тус тус заасан.

Дээрхээс үзвэл шүүгч хуульд заасан үндэслэлээр зөрчилд холбогдогчийн сэтгэцийн байдлыг тодорхойлуулах буюу хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг завсарлуулсан болон дээрх нэмэлт ажиллагааг Цагдаагийн газраас хийж гүйцэтгээгүйтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгч Г.М-г дээрх өргөдлийн үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

3. Өргөдөл гаргагч “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хурал дээр шүүгч Г.М нь ярихдаа ”14 хоногоор шүүх хурал хойшлууллаа, нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж гаргана, тухайн 14 хоногт энэ нэмэлт ажиллагааг хийгээгүй нөхцөлд энэ хэргийг би хэрэгсэхгүй болгоно гэж хэлсэн". Энэ нь хэргийн бичлэгт байгаа, би сонссон. Шүүгч хэргийг шийдвэр гаргахаасаа өмнө гаргах шийдвэрээ хурал дээр амлаж хэлээд хуулиа зөрчсөн” гэжээ.

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт шүүгч “...шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, энэ хугацаанд холбогдогч П.Д-ийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэж, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоож ирүүлэхийг даалгаж байна. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй. Үндэслэл нь: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт гэрч, хохирогч, холбогдогчийн сэтгэцийн байдал, түүний үнэн зөв мэдүүлэг өгч чадах эсэхэд эргэлзээ үүсэх юм бол шинжилгээ хийлгэж болно гэсэн үндэслэлийг баримталсан. Хэрэг хариуцах чадваргүй бол зөрчлийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болох учраас хэрэгт түүний сэтгэцийн байдалтай холбоотой зарим нэг баримтууд ирсэн учраас шүүх ийм шийдвэр гаргасан” гэж хэлсэн нь бичигджээ.

Тухайн шүүх хуралдаанд шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хэлээгүй байх ба харин хэрэг хариуцах чадваргүй бол зөрчлийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болох талаар тайлбарлан хэлж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “...шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг... илэрхийлэх” сахилгын зөрчилд хамаарахгүй.

4. Өргөдөл гаргагч “...шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч Г.М нь Шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.10-т “Тухайн шүүхийн ерөнхий шүүгчтэй гэр бүл эсхүл төрөл садангийн холбоотой талаар шүүхийн Ерөнхий зөвлөлд мэдэгдэхгүй ажиллах” тухай заалтыг ноцтой зөрчиж Г.М шүүгч олон жил тус шүүхэд ажиллаж байна. Тус шүүхийн иргэний хэргийн шүүгч Н.О-ын төрсөн дүүгийн нөхөр /хүргэн/ Г.М нь дээр хуулийг ноцтой зөрчиж байна” гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.10-т “тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчтэй гэр бүл, эсхүл төрөл, садангийн холбоотой талаар Ерөнхий зөвлөлд мэдэгдэхгүйгээр ажиллах” гэж заасан нь аль нэгэн шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шүүхэд ажиллаж байгаа шүүгчтэй гэр бүл, садан төрлийн холбоотой байвал Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдэх тухай зохицуулалт юм.  

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” ойлгоно гэж зааснаас үзвэл шүүгч Н.О нь шүүгч Г.М-н садангийн хүн мөн боловч дээрх хуульд заасан мэдэгдэх үүргийг хүлээхгүй.

Тодруулбал, холбогдох шүүгч Г.М нь ... шүүхийн Ерөнхий шүүгч, түүний хадам эгч болох шүүгч Н.О нь ... шүүхийн шүүгчээр ажилладаг буюу тухайн шүүгч нар нь өөр өөр шүүхэд ажилладаг тул дээрх хуулийн хориглосон зохицуулалтад хамаарахгүй байна. 

Иймд ... шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус хороонд иргэн П.Д-с ... шүүхийн Ерөнхий шүүгч Г.М, шүүгч Ч.М нарт холбогдуулан гаргасан өргөдлийг хянан үзэж, гишүүний 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2024/0067 дугаар захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтаар ... шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-д сахилгын хэрэг үүсгэж, 4 дэх заалтаар ... шүүхийн шүүгч Ч.М-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар илтгэгч гишүүн шүүгч Г.М-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2024/0077 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргахдаа өргөдөлд дурдсан үйл баримт бүрд үнэлэлт дүгнэлт өгсөн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна хэмээн бүрэлдэхүүн үзэв.

I. Уг сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэр бүхий гурван шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт шүүгч Г.М хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тэдгээрийг гэм буруутайд тооцож, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарт ял оногдуулахыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, тэнссэн 3 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал болох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн  2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч нь хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр шийдвэр гаргадаг бөгөөд ийнхүү өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний бүрэн эрхэд хамаарна.

Шүүгч хуулийг тайлбарлан, хэрэглэхдээ буруу хэрэглэсэн алдааг дээд шатны шүүх нь залруулдаг онцлогтой бөгөөд тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 40.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах бол хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тохиолдолд хэргийг хянан хэлэлцэнэ.

Иймд шүүхийн шийдвэр, түүнийг гаргасантай холбоотой үйл баримтыг Шүүхийн сахилгын  хороо хянах, үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй бөгөөд энэ талаарх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

II. ... Цагдаагийн газраас ирүүлсэн П.Д-д холбогдох зөрчлийн 2416000116 дугаартай хэргийг шүүгч Г.М хүлээн авч,  2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд зөрчилд холбогдогч /өргөдөл гаргагч/ П.Д “...мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ сэтгэцийн зан байдал, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоогоогүй... ийм байдлыг харгалзан үзэж шүүх шийдвэрлэнэ үү...” гэснийг үндэслэн түүний сэтгэцийн байдлыг тодорхойлуулах буюу хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагааг хийж ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар завсарлуулж шийдвэрлэсэн байна.

2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЗЗ/147 дугаар шүүгчийн захирамжаар ...холбогдогчийн эрүүл мэндийн туслах үйлчилгээ авснаас шалтгаалан шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа хийгдэх боломжгүй болсон, шүүхийн шийдвэр зайлшгүй биелэгдэх зарчим зэргийг харгалзан үзээд зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, мөн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗЗ/180 дугаар захирамжаар дахин шүүхийн шийдвэр нь зайлшгүй биелэгдэх зарчмыг хангаж, холбогдогч П.Д-н сэтгэцийн байдлыг тодорхойлсон, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарах буюу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗЗ/112 дугаартай шүүгчийн захирамж биелэгдэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэж болно”, 2.1-т “гэрч, хохирогч, холбогдогч зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл сэтгэцийн байдлыг тодорхойлох”, 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно”, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх

дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно”, 1.4-т “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон” гэж тус тус хуульчлан заасанд нийцсэн байх тул шүүгч Г.М-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүн үзсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгээр холбогдох шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хэлээгүй нь тогтоогдож байх ба харин хэрэг хариуцах чадваргүй бол зөрчлийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болох талаар тайлбарлан хэлж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “...шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг... илэрхийлэх” сахилгын зөрчилд хамаарахгүй байна.

Холбогдох шүүгч Г.М нь ... шүүхийн Ерөнхий шүүгчээр, түүний хадам эгч болох шүүгч Н.О нь ... шүүхийн шүүгчээр ажилладаг байна.

Холбогдох хууль тогтоомжид зааснаар эрүүгийн, иргэний, захиргааны хэргийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүхүүд байх бөгөөд эдгээр нь зөвхөн өөрт хуулиар харьяалуулсан хэргийг хянан шийдвэрлэдэг тул өөр өөр шүүх гэж ойлгоно. Тиймээс шүүгч Г.М, Н.О нарыг нэг шүүхэд ажилладаг гэж үзэхгүй тул төрөл садангийн холбоотой талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлд мэдэгдэх үүрэг үүсэхгүй.

            Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд холбогдох шүүгч болох ... шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн Ерөнхий шүүгч Г.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                       

                        ДАРГАЛАГЧ                                      Б.СУГАР

                        ГИШҮҮН                                           Д.МЯГМАРЦЭРЭН   

                                                                                     Ц.ДАВХАРБАЯР