info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-07-01

Дугаар 88

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, өмгөөлөгч Ц.М нарыг оролцуулан, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У, Б.О нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2024/0087 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Нэг. Шүүгч Б.Б, С.У, Б.О нарын тухайд: ...Өргөдөлд “...хууль бус шийдвэрийн процессын илэрхий алдааг илрүүлэх, хэргийг буцаах эсвэл засаж залруулах байсан. Гэтэл ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У, Б.О нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, тодорхой заалтуудыг илтэд зөрчсөн, илтэд нэг талыг барьж шийдвэрлэсэн” гэж дурджээ. Дээрх өргөдөлд хамаарах үйл баримт нь 2019 онд буюу Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнөх хугацаанд болсон байх тул тус хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд шүүгчид хориглох 20 зүйл, 28 дугаар зүйлд шүүгчийн иргэний эрхэд тавих 3 хязгаарлалтыг тодорхойлон заасан бөгөөд ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэр бүхий шүүгчид нь тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх дараах байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргана: 167.1.1.давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;” гэж зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дээрх хориглосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрсдийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бөгөөд дээр дурдсанчлан Шүүхийн сахилгын хороонд давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд  дүгнэлт хийх эрх олгогдоогүй болно.

Хяналтын шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох, улмаар ажиллагааг нөхөн гүйцэтгэж алдааг залруулах боломж олгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрхтэй бөгөөд үүний дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосноос үзэхэд өргөдөлд дурдсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг хуульд заасан журмын дагуу дээд шатны шүүх нь хянасан болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, Хяналтын шатны шүүхийн тогтоолд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ...” гэж тодорхойлсон нь хэргийг шийдвэрлэсэн шүүгч нарт сахилгын арга хэмжээ авах үндэслэл болохгүй.

Хоёр. Шүүгч Б.Б-ийн тухайд:

Дээр дурдсанчлан хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан С.Ц-ын “2010-2012 оны хооронд “А” ХХК-д ерөнхий инженер болон барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлттэй хэргийг шүүгч Б.Б хүлээн авч, ажиллагаа хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр онцгой ажиллагааны журмаар гаргасан “2010-2012 оны хооронд “А” ХХК-д ерөнхий инженер болон барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан болохыг тогтоолгох” тухай хүсэлтээ “Нөхөн төлбөрт 7,800,000,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэл болгон өөрчилж, хариуцагчаар “А” ХХК-ийг татан оролцуулахаар хүсэлт гаргажээ. Шүүгч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШЗ2019/05312 дугаар захирамжаар уг хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд, хүсэлтийг хангаж хариуцагчаар “А” ХХК-ийг татан оролцуулахаар шийдвэрлэсэн байна. “А” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 268 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Үүний дараа “А” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улсын дээд шүүхийн 2019 оны 001/ХТ2019/00947 дугаар тогтоолыг дурдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл хэргийг өөр шүүхэд шилжүүлнэ гэсний дагуу хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2020/00326 дугаар захирамжаар хангаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх захирамжид нэхэмжлэгчээс гомдол гаргасныг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар “А” ХХК-ийн байнга үйл ажиллагаагаа явуулдаг нутаг дэвсгэр болох ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь үндэслэлтэй” гэж дүгнээд захирамжийг хүчингүй болгожээ. Дээрх байдлаар хэргийн харьяалалтай холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар шүүх бүрэлдэхүүн хянасан байх тул шүүгч Б.Б-г хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ингээд шүүгч Б.Б нь тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байх бөгөөд уг хэргийн ажиллагааны үед “А” ХХК-с С.Ц-ыг хууль бусаар их хэмжээний мөнгө нэхэмжилсэн, бусдыг заналхийлсэн гэж тус аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д зааснаар С.Ц-ыг гэм буруутай эсэхийг эрүүгийн журмаар шалгаж дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2020/04048 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна. Дээрх түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзээд шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2021/02298 дугаар захирамжаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн бөгөөд улмаар 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2024/02560 дугаар захирамжаар “иргэний ажиллаж байсан нь маргаангүй үйл баримт тул онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг, гэтэл гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн барилгын зөвлөх үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж байсныг үгүйсгэсэн, энэ тохиолдолд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хариуцагчаар “А” ХХК-ийг татан оролцуулсан нь буруу, нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлээ тусдаа гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан” гэж дүгнээд С.Ц-ын нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох “Нөхөн төлбөрт 7,800,000,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэдийгээр шүүгч Б.Б нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг дахин хэлэлцүүлэх үед ердийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, ажиллагаа хийж байсан нь хэргийг хянан шийдвэрлэх журмыг зөрчиж байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлөө зөвтгөсөн гэж үзэхээр байна.

Мөн өргөдөлдөө “... “А” ХХК-иас 7,8 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт улсын тэмдэгтийн хураамжийг үндэслэлгүйгээр хойшлуулж, иргэний хэрэг үүсгэсэн ...” гэж дурдсан.

Нэхэмжлэгч С.Ц нь сард 8,396,240 төгрөгийн тэтгэвэр авдаг, 4 ам бүлээрээ хэрэглэдэг талаараа дурдаад улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулах хүсэлт /с.х-ийн 2-р хавтас 18 дахь тал/ гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШЗ2019/05514 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн /с.х-ийн 2-р хавтас 21-22 дахь тал/ байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалт болон энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ”, 58 дугаар зүйлийн 58.4-т “Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж зааснаар шүүгч улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй байна.

Хариуцагчаас өргөдлийг хүлээн авахаас татгалзсан гишүүний захирамжид гаргасан гомдолдоо “... шүүгч Р.Ү-д Шүүхийн ёс зүйн хороо сахилгын хэрэг үүсгэж шалгасан ...” гэж дурдсан бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн шалган шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг буруутгах үндэслэлгүй.

... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь С.Ц-аас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Э ү” ТӨҮГ, “А” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан “Хувь эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШЗ2019/01436 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Өргөдөл гаргагч нар нь “... нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш даруй 3 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байхад хууль зөрчин иргэний хэрэг үүсгэсэн ...” гэж дурдсан байна.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд тодорхойлсон бөгөөд үүнд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар заагаагүй байна.

Харин хариуцагч “А” ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариу тайлбараа гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана”, 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар “А” ХХК-ийн удирдах байгууллага байгаа газрын шүүхэд гаргах ёстой байсан тул ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК-иас дахин тус иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШЗ2022/04752 дугаар захирамжаар “нэхэмжлэгч нь хариуцагчаар “Э ү” ТӨҮГ, “А” ХХК-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана” гэж зааснаар нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргахаар байх тул “Э ү” ТӨҮГ-ын ажил хэргээ байнга явуулдаг газар болох ... аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй” гэж дүгнэн хангахаас татгалзсан байна.

Дээрх захирамжид гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Б.Д, Б.Х, Р.Ү нарыг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасны дагуу Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ЕШ2022/01059 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

Ингээд гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 142/ЕШ2022/01154 дүгээр захирамжаар шүүгч Л.Х, Ц.Д, ... сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.М нарыг томилсон шийдвэрийг албажуулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй шүүгч Ц.Д нь нэг айлын бэрүүд гэдгээ мэдэгдэж, хариуцагчийн өмгөөлөгч нараас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т “Татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШТ2022/00160 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байна.

Улмаар тус шүүхийн хувьд гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т “Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьд оролцож дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг адил шатны өөр шүүхээр шийдвэрлүүлэхээр тухайн шатны Ерөнхий шүүгч захирамж гаргаж шилжүүлнэ” гэж зааснаар Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ЕШ2022/01190 дүгээр захирамжаар гомдлыг шийдвэрлүүлэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гомдлыг ... сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, 135/ШТ2022/0096 дугаар тогтоолоор хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн шүүгч Б.Б-ийн 142/ШЗ2022/04752 дугаар захирамж үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.

Дээрх байдлаар С.Ц-аас гаргасан “Хувь эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шүүгч Б.Бийн үйлдэл нь хуульд нийцсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн харьяаллыг зөрчөөгүй талаарх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнээс хянаж шийдвэрлэсэн байх тул түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн өргөдөлд “... нотлох баримтаас хасуулах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын дахин гаргасан хүсэлтийг огт шийдвэрлээгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан ...” гэж дурдсан тул шалгах ажиллагааны хүрээнд, тус иргэний хэрэгт үзлэг хийх байдлаар дээрх өргөдлийн үндэслэлд холбогдох нөхцөл байдлыг тодрууллаа.

Шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШЗ2019/01662 дугаар захирамжаар “Э ү” ТӨҮГ, “А” ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан АИ-13/02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г “Э ү” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Харин 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх гэрээ нь эх хувиараа байхгүй гэх тайлбарыг ирүүлсэн /с.х-ийн 1-р хавтас 105 дахь тал/ тул шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШЗ2019/02069 дүгээр захирамжаар тус гэрээг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрөлжсөн архиваас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч архивын лавлагаагаар байхгүй гэх хариуг ирүүлжээ. Дахин шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШЗ2019/02612 дугаар захирамжаар гэрээг “А” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар “Э ү” ТӨҮГ-ын төрөлжсөн архивын 2996 дугаарт бүртгэлтэй “Хуулбар үнэн” дардастай “Э ү” ТӨҮГ, “А” ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан АИ-13/02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” хэрэгт авагдсан байна.

Тус иргэний хэргийг хянан хэлэлцэхээр товлогдсон 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны үед хэрэгт дээрх гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 142/ШЗ2024/01380 дугаар захирамжаар “шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахаас өмнө урьдчилсан дүгнэлт хийж тус гэрээг нотлох баримтаас хасах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэн хангахаас татгалзсан байна.

Тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан дээрх хүсэлтийг хэлэлцсэн, хүсэлтийг шийдвэрлэхээр хуралдаан завсарласан, шүүгчийн захирамжийн үндэслэлийг тайлбарлаж, гомдол гаргах эрхгүй талаар дурдаад хуралдааныг үргэлжлүүлж байгаа нь бичигдсэн байх тул хүсэлтийг огт шийдвэрлээгүй гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж зааснаар хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал тул шүүгчийн захирамжийн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт хийхгүй.

Мөн дээрх хүсэлтийг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-аас “Э ү” ТӨҮГ-ын архивд үзлэг хийлгэх талаар ярьсан болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд,

Бичлэгийн 00:10:20 секундэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н: “... Өнөөдөр байхгүй юмыг Э ү-ийн архив гаргаж өгөхгүй шүү дээ. Хэрэв өнөөдөр үнэхээр тэгж эргэлзээтэй гэж үзэж байгаа бол бүгдээрээ бүрэлдэхүүнээрээ очоод тэр архивд нь үзлэг хийчихье, тийм боломжтой. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын ганц гол үндэслэж байгаа нотлох баримт нь энэ гэрээ байгаа. Ийм л тайлбар хэлье гэж бодож байна. Нэгэнт тэрийг би өөрөө хаа нэг газраас хууль бусаар аваагүй, яг Э ү-ийн архивын тамга тэмдэг нь дарагдаад ирсэн байгаа. Эсхүл тэр архивын ажилтныг гэрчээр асуулгадаг ч юм уу, ямар нэгэн байдлаар асуух хэрэгтэй байх. Түүнээс биш ямар нэгэн хууль бус хуулбар гэрээ авч ийм хууль бус юм хийлгээгүй, яг хуулийн дагуу авагдсан баримт байгаа” гэж хэлж байгаагаар тогтоогдож байх боловч тухайлан архивд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй, зөвхөн хариуцагч талаас гаргасан нотлох баримт хасуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэлийг тайлбарласан гэж үзэхээр байх тул хүсэлтийг шийдвэрлээгүй гэх өргөдөл үндэслэлгүй.

Улмаар шүүх хуралдаан цааш үргэлжилж, хариуцагч талаас нотлох баримт шинжлэн судлах үе шатанд тус гэрээг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх тайлбараа хэлж байх бөгөөд иргэний хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2024/00355 дугаар шийдвэрээр С.Ц нь “А” ХХК-ийн хувь хөрөнгөний 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож, харин “Э ү” ТӨҮГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн өргөдөлдөө “... 2016 оны Барилгын тухай хуулийг хэрэглэсэн нь буруу ба зүй нь, 2008 оны Барилгын тухай хуулийг хэрэглэх ёстой байсан, ... хавтаст хэрэгт болон хаана ч байхгүй хөлсөөр ажиллах гэрээг дурдан Иргэний хуулийг зөрчин, илтэд үндэслэлгүй, санаатайгаар буруу ташаа дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчид давуу тал олгосон, ...нотлогдоогүй нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан ...” гэж дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн өөрийн дотоод итгэлээр хэргийг хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг тул шүүхэд хянан хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Б-ийн үйлдэлд хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Тодруулбал, ...шүүгчийн хууль хэрэглээний болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх, дүгнэх бүрэн эрхэд хамаарах асуудлыг хянан шийдвэрлэх эрх нь давж заалдах шатны шүүхэд байхаар хуульд заасан тул Шүүхийн сахилгын хороо нь энэ үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн шалгах, шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх эрхгүй болно.

Мөн өргөдөлд “... хавтаст хэрэгт авагдсан 2013 оны Хамтран ажиллах тухай гэрээний хуулбарыг хэзээ ч хүлээн зөвшөөрч, тайлбартаа дурдаж байгаагүй байхад шүүгч шийдвэртээ “Талууд “ Э ү” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2013 оны 07 сарын 17-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний талаар маргахгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн ...” гэж дурдсан бөгөөд энэ талаар хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Э ү-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ нь 2013 оны 07 дугаар сарын 17-нд байгуулагдсан ...” гэж хэлж, харин уг гэрээний үйлчлэлд нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн харилцааны цаг хугацаа хамаарах эсэх талаар маргасан нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. Уг гэрээ “байгуулагдаагүй” гэж хэлсэн талаар бичигдээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Харин өргөдлийг хүлээн авахаас татгалзсан гишүүний захирамжид гаргасан гомдолдоо “... Шүүх хуралдааны явцад шүүгч Б.Б нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Нямаа, иргэний хэрэгт ажиглагчаар оролцож байсан нэхэмжлэгч С.Ц нарыг чөлөөтэй ярилцах боломж олгож байсан байдлыг аудио бичлэгт тулгуурлан шалгуулахыг хүсэж байна ...” гэж дурдсан тул үүнийг тодруулахаар шалгахад шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шат эхлэхээс өмнө буюу хариуцагчийн өмгөөлөгч Ц.М нотлох баримт хасуулах хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарлаж байх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нь түүний ард ажиглагчаар сууж байсан С.Ц-аас эргэн харж 5 секунд орчим ярилцсан болох нь үзлэгээр тогтоогдсон боловч үүнээс өөрөөр дахин харилцсан үйл баримт тогтоогдоогүй тул шүүгчийг шүүх хуралдааны дэг сахиулаагүй, журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүйгээр чөлөөтэй харилцах боломж олгосон гэж үзэхээргүй байна.

Хариуцагч “А” ХХК-иас дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У, Б.О нар томилогдсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 207/ЕШ2024/00082 дугаар захирамжаар албажуулжээ.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 207/ЗТ2024/56 дугаар тогтоолоор хариуцагчаас гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчид хүрэлцэхгүй гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэхээр  шилжүүлсэн байна.

Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У, Б.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Б.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Хэргийн харьяаллыг зөрчсөн гэх гомдлын тухайд: Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч “Э ү” ТӨҮГ, “А” ХХК нарт холбогдуулан хувь эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана, 20 дугаар зүйлийн 20.1-д харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. “А” ХХК-ийн албан ёсны хаяг нь Улаанбаатар хот, ... дүүрэг, 15-р хороо, ... болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч С.Ц нь хариуцагчаар “Э ү” ТӨҮГ болон “А” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа/оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан. Хариуцагч “Э ү” ТӨҮГ /РД:2074192/ нь ... аймаг, Б сум, ... гэсэн албан ёсны хаягтай. Ажил хэргээ байнга явуулдаг газар нь ... аймаг юм. Түүнчлэн” А” компанийн үйлдвэр нь ... аймагт үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч нь “Э ү” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2011 онд байгуулагдсан “Зэс ялгах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах тухай” гэрээ болон 2013 онд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”-г нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгодог.

Өргөдөл гаргагчийн “...хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан, буруу хууль хэрэглэсэн, хэрэгт байхгүй нотлох баримтад үндэслэсэн...” гэж байгаа гомдлын тухайд:

Хариуцагч шүүх хуралдааны эхэнд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож байгаа хариуцагч ”А” ХХК-ийн хариуцагч “Э ү” ХХК /хуучин нэрээр/-тай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан АИ-13/02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцэх эрхийг хангаж нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судалсны эцэст зөвлөлдөх тасалгаанд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ “ гэж заасны дагуу нотлох баримтыг үнэлэн шийдвэрээ гаргадаг. Түүнчлэн, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ“ гэсэн заалтыг нотлох баримт үнэлэхдээ баримталдаг. Хэргийг хэлэлцэж эхлээгүй нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа явагдаагүй байхад нэг талын гаргасан нотлох баримтыг нотлох баримтаас шууд хасах нь хууль зөрчсөн үйлдэл болох юм.

Шүүх Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах тухай хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй юм. Дээрх нотлох баримт 1-р хавтаст хэргийн 189-194-р хуудас болон 87-р хуудсанд авагдсан байна.

...“А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө “... нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш даруй 3 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байхад хууль зөрчин иргэний хэрэг үүсгэсэн” гэсэн байна. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар зохицуулсан. Нэхэмжлэлд тусгасан байх зүйлийн дотор хөөн хэлэлцэх хугацааны талаарх баримтыг хавсаргасан байна гэсэн зохицуулалт байхгүй. Түүнчлэн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул Иргэний хэрэг үүсгэсэн байна. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэжээ. С.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-75.2.4-д заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаанд хамаарахгүй шаардлага юм.

Өргөдөл гаргагч нар намайг С.Ц-ын нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох 3 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн байна. Миний бие С.Ц-ын гаргасан хариуцагч “Э ү” ХХК болон “А” ХХК-д холбогдох “Ачит Ихт” ХХК-ийн хувь хөрөнгийн 10%-ийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэл хуваарилах журмын дагуу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 142/ШШ2024/00355 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Энэ хэрэг нь 142/2019/00404/ индекстэй 3 хавтаст хэрэг байна.

Харин С.Ц-ын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр онцгой ажиллагааны журмаар гаргасан 2010-2012 оны хооронд “А” ХХК-д ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээ эрхэлж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг шүүгч Р.Ү хянан шийдвэрлэсэн 142/2018/01023/ индекстэй 3 хавтаст хэрэг байна. Дээрх хэргийн ажиллагаатай гомдол надад хамааралгүй юм.

Миний хянан шийдвэрлэсэн хэргийн тухайд дээр дурдсан байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр удаа дараа хойшлогдож байсан, мөн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах шийдвэр гаргасантай нь холбогдуулан сахилгын хороонд гомдол гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан захирамж бүрд гомдол гаргах, тухайн гомдлыг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тохиолдолд өөр орон нутгийн шүүхэд хэрэг, гомдлыг шилжүүлэх зэрэг ажиллагаа хийгдэж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгч Б.Б, шүүгч С.У, Б.О нар сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “С.Ц нь анх шүүхэд 2010-2012 оны хооронд “А” ХХК-д ерөнхий инженер болон барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байх ба ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дугаар шийдвэрээр /Р.Ү/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Саян овгийн Сайжрахын Цэвэгжавыг 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “А” ХХК-д ерөнхий инженерээр, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан байдлыг сэргээн тогтоосон байна.

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэцэцэг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.М нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.У-ийн илтгэснээр ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар магадлалаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Ц.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байдаг.

С.Ц-ын хүсэлттэй иргэний хэрэг нь анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд шилжин ирэхдээ шүүгчид хэрэг хуваарилах журмын дагуу системээс санамсаргүй тохиолдлоор хуваарилагдах зарчмаар шүүгч С.У-т хуваарилагдсан. Давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлийг үндэслэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хэрэгжүүлж шийдвэрээ гаргасан.

Гомдол гаргагч “А” ХХК-ийн гомдолд дурдаад байгаа шиг илтэд санаатай, ёс зүйгүй, хууль дээдлэх, үнэнч шударга байх аливаа асуудалд бодитой... байр сууринаас хандах, хараат бус байх зарчмуудыг баримтлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн, илтэд нэг талыг баримталж нэхэмжлэгчид давуу байдал олгож, “А” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй.

Энэ нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх “А” ХХК-ийн эрх ашгийг хохироосон, нэхэмжлэгч талд илт давуу байдал олгосон Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-д заасан зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл бий болоогүй тул шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэх, улмаар сахилгын арга хэмжээ авах үндэслэлгүй болно.

Хүсэлт гаргагч С.Ц нь “А” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байсан байдал, барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан байдлаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргаж, улмаар хэрэгт “...тус компанийн захирлын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03/2010 дугаар тушаалаар С.Ц-ыг ерөнхий инженерийн албан тушаалд 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон. 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/16 дугаар тушаалаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, С.Ц-ыг үйлдвэрийн зураг төслийн ажилд үр бүтээлтэй ажиллаж байсныг тэмдэглэн сайшааж төслийн зөвлөхөөр урьж ажиллуулсугай гэсэн тушаал, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/116 дугаар тушаалаар төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа С.Ц-ыг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн тушаал...” зэрэг нотлох баримтууд авагдсан. Харин дээрх нотлох баримтуудыг няцаасан нотлох баримтыг гуравдагч этгээдээс гаргаж өгөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр үнэлэх зарчмыг хэрэгжүүлж дотоод итгэлдээ үндэслэн шийдвэрлэсэн болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээд “А” ХХК хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Монгол ... шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор /шүүгч Г.Ц илтгэсэн/ давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Хяналтын шатны шүүхийн тогтоолд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж тодорхойлсон нь шүүхийн гаргасан алдаа, зөрчлийг засаж залруулж хуульд заасан ажиллагааг дахин хэрэгжүүлэх үндэслэл болгосон гэж үзэхээр байна.

Хяналтын шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах” гэж заасныг баримтлан магадлал, шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хэргийг шийдвэрлэсэн шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэх, сахилгын арга хэмжээ авах үндэслэл болохгүй.

Түүнчлэн “А” ХХК-ийн гаргаад байгаа гомдол, маргааныг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэх бус харин өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу Шүүхийн ёс зүйн хороо шийдвэрлэхээр зохицуулагдсан. Тухайлбал 2019 онд шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг 2019 оны 06 дугаар сарын 19 -ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Иймд дээрх үндэслэлээр “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарын гомдлоор үүсгэсэн сахилгын хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч “А” ХХК нь ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У, Б.О нарт холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23, Шүүгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Нэг. Шүүгч Б.Б, С.У, Б.О нарт холбогдох үндэслэлийн  тухайд:

Өргөдөлд дурдагдсан “шүүгч Б.Б, С.У, Б.О нар нь хууль бус шийдвэрийн процессын илэрхий алдааг засаж залруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, тодорхой заалтуудыг илтэд зөрчсөн” гэх зөрчлийн цаг хугацаа 2019 онд хамаарч байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заасан.

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3938 дугаар захирамжаар С.Ц-ын ““А” ХХК-д ерөнхий инженер болон барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр С.Ц-ыг 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “А” ХХК-д ерөнхий инженерээр, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсныг тогтоосон, тус аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээснийг Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 947 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1 “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6 “хүний ажиллаж байсан байдал”, 135.3-д “Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ”, 136 дугаар зүйлийн 136.3-т “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэж заасан бөгөөд хуулийн энэ шаардлага хангагдаагүй байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь буруу болохыг, уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүй талаар Улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэсэн байх ба маргаан бүхий үйл баримтыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүйг зөрчил гэж үзнэ. Тодруулбал,

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасныг шүүгч аливаа хэрэг маргааныг хууль зүйн хувьд хамгийн зөв гэсэн үндэслэлээр шийдвэрлэх боломжийг олгосон, шүүгчийн хараат бус байдлын баталгаа болдог зарчмын шинжтэй зохицуулалт боловч хэрэг маргааныг гагцхүү хуульд захирагдаж шийдвэрлэх үүрэгтэй.

Гэтэл хэнд ч илэрхий тодорхой хуулийн заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл, үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаа хавсаргаагүй, тухайн ажиллаж байсан гэх байгууллага нь татан буугдаагүй үйл ажиллагаа явуулж байгаа, ажилласан байдал дээр маргаантай байхад гуравдагч этгээдээр оролцуулан онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг залруулаагүй нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн зөрчил болно.

Иймд илтгэгч гишүүний “...шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрсдийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд ердийн журмаар шийдвэрлэх маргаан бүхий үйл баримтыг маргаангүй үйл баримттай адилтгаж онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн алдааг залруулаагүй нь мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой бус, хууль хэрэглээ, нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэх шүүгчийн бүрэн эрхэд хамаарахгүй.  

          Харин Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигаар батлагдсан “Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм”-ийн Тавдугаар бүлгийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж зааснаар дээрх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Хоёр. Шүүгч Б.Б-д холбогдох үндэслэлийн тухайд:

Өргөдлийн агуулгаас үзвэл шүүгч Б.Б-г “С.Ц-ын “А” ХХК-ийн хувь хөрөнгийн 10 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад иргэний хэрэг үүсгэсэн, хэргийн харьяалал зөрчсөн, нотлох баримт хасуулах хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, Иргэний хуулийг зөрчин, илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж “А” ХХК-ийг хохироосон, “А” ХХК-аас 7.8 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг үндэслэлгүйгээр хойшлуулж иргэний хэрэг үүсгэсэн” гэж тодорхойлжээ.

Дээр дурдсан С.Ц-ын “хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлд 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1436 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, С.Ц-ын “7,800,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах” тухай нэхэмжлэлтэй хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5312 дугаар шүүгчийн захирамжаар “А” ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж мөн өдрийн 5514 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хойшлуулсан, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээс татгалзсан зэрэг ажиллагаа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ зөрчсөн эсэхэд, харин 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4752 дугаар шүүгчийн захирамжаар “хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” нэхэмжлэлтэй хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээс татгалзсан, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1380 дугаар захирамжаар хариуцагчийн нотлох баримт хасуулах хүсэлтийг хангахаас татгалзсан, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр С.Ц нь “А” ХХК-ийн хувь хөрөнгөний 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож, “Э ү” ТӨҮГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг ажиллагаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэрлэн заасан зөрчилд хамаарах эсэхэд тус тус дүгнэлт хийх шаардлагатай.

2.1 ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 3938 дугаар захирамжаар С.Ц-ын ““А” ХХК-д ерөнхий инженер болон барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр С.Ц-ыг 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “А” ХХК-д ерөнхий инженерээр, 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан болохыг тогтоож шийдвэрлэснийг тус аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 947 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Уг хэрэг шүүгч Д.Б-д хуваарилагдаж улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “7,800,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2560 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...”, 58 дугаар зүйлийн 58.4-т “Зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчаас 7.800.000.000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тус өдрөө улсын тэмдэгтийн хураамж хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5514 дүгээр захирамжаар “...С.Ц нь тэтгэврээс өөр орлогогүй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь түүний тайлбар, хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна” гэж дүгнээд 39,157,950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан нь дээрх хуульд нийцсэн,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/, Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна.

Харин хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад илтгэгч гишүүн хуулийн 124 дүгээр зүйлд заасныг хамаатуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлөө зөвтгөсөн гэж дүгнэсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.

2.2 ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1436 дугаар захирамжаар С.Ц-ын нэхэмжлэлтэй, “Э ү” ХХК, “А” ХХК нарт холбогдох “хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр С.Ц-ыг “А” ХХК-ийн хувь хөрөнгөний 10 хүртэл хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож, “Э ү” ТӨҮГ-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул С.Ц-ын “Э ү” ХХК, “А” ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгчийн “хэргийг харьяаллын дагуу ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4752 дугаар захирамжаар хангахаас татгалзсаныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн үйл баримт тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана”, 15 дугаар зүйлийн 15.3-т “Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ газрын шүүхэд гаргана” гэж заасныг зөрчөөгүй, энэ талаар гомдлыг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүний тогтоолд тодорхой дүгнэжээ.

Иймд “хувьцаа эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан зэрэг шүүгчийн ажиллагааг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль  болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй болно. 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтыг хэрхэн үнэлж хэргийг шийдвэрлэх, зохигч талуудаас гаргасан хүсэлтийг хангах эсэх нь шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдалд хамаардаг тул хэрэг маргааныг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээрхийг нэгтгэвэл илтгэгч гишүүн өргөдлийн үндэслэл бүрд дэлгэрэнгүй тодорхой дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2024/0087 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У, Б.О нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                        О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                              Д.АРИУНТУЯА

                                                                      Ц.ДАВХАРБАЯР