МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-07-05
Дугаар 92
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч Э.Д нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шатны шүүхийн шүүгч А.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Э.Д өргөдөлдөө “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулахгүй байгаагаас хариуцагч нарт давуу байдал бий болгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасан “нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах” ажиллагааг хуульд заасан хугацаанд зохих ёсоор явуулаагүйгээс хариуцагч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийх, нэхэмжлэлийн хувийг гардан авахаас зугтах боломж олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Хариуцагч Э.Я нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч одоогоор түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гацаанд ороод байна. Хуулийн 67.1.1-т заасан ажиллагааг зохих ёсоор явуулаагүйгээс хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлэхгүй байх боломжийг олгосон. Хуулийн 67.1.3-т заасан “хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах”-аар зохицуулсныг зөрчиж байна. Үүнээс үүдэн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэн өгөхөд саад учруулж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг удаа дараа зөрчсөн.
Тодруулбал, шүүгч 2023 оны 9-р сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн атлаа одоогоор 200 гаруй хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлээгүй нь хариуцагч нарт зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээс зайлсхийх, зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгүйгээр ашиглах боломжийг олгож байна. 200 гаруй хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр анхны хурлыг товлосон байдаг.
Хэргийг хянан шийдвэрлэх буюу 2024 оны 04-р сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч нарын бичгээр гаргасан хүсэлт болон түүнд хавсаргасан баримтуудыг шүүгч А.С нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д надад танилцуулалгүйгээр “танилцсан хэмээн үзье” гэж хэлээд танилцуулаагүй, мөн уг хүсэлттэй холбоотойгоор хариуцагч “А констракшн” ХХК-ийн төлөөлөгчөөр нэмэлт тайлбар хэлүүлсэн атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад нэмэлт тайлбар хэлүүлэх боломж олголгүйгээр, нэмэлт тайлбар хэлэх хүсэлтээс татгалзаж хуралдааныг хаасан. Өөрөөр хэлбэл, бусдад буюу хариуцагч талд давуу байдал бий болгох байдлаар шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрчиж байна.
2024 оны 04-р сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч А.С хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т “... Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно” гэж заасныг илтэд буруу тайлбарлан хэрэглэх байдлаар өөрийн урьд авсан буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1../Ш32023/1...9 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар авсан хуулийн 69.1.3 дах хэсэгт заасан “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” арга хэмжээг 69.1.1 дэх хэсэгт заасан “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх” арга хэмжээгээр сольж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д “Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно” гэж заасан боловч 69.4-д “Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно” гэж тусгайлан зохицуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулах байдлаар тухайн арга хэмжээг сольж болох ба үүнээс өөр арга хэмжээгээр сольж болохгүй байхаар хуульчилсан. Энэ тухай миний бие хурал дээр тодорхой илэрхийлсэн бөгөөд эхний зохицуулалт нь ерөнхий зохицуулалт ба удаах зохицуулалт нь тусгайлсан зохицуулалт юм. ...Түүнчлэн хэргийн оролцогчийн гаргаж өгсөн “хариуцагчийн өмчлөлд дүр эсгэх байдлаар шилжиж ирсэн, зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндөр үнэ бүхий, хэвийн ажиллагаатай эсэх нь тодорхойгүй эд хөрөнгийг битүүмжлэх байдлаар бүрдүүлсэн” нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлэхгүйгээр мэргэжлийн үйл ажиллагааны алдаа, зөрчил бүхий бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргасан байна.
А.С шүүгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн хориглолтыг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.
Шүүгч А.С тайлбартаа: “А” ХЗХ-ны “А констракшн” ХХК, С.О, “С констракшн” ХХК, Э.Я, П.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон хуваарийн дагуу хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч нарыг шүүхэд дуудан ирүүлэх, нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчимд үндэслэдэг бөгөөд зохигчоос гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүгчийн захирамжид гомдол гаргаж шийдвэрлүүлэх, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа ихэсгэх зэргээр дээрх хуульд заасан хугацаанд шийдвэрлэгдээгүй. Мөн тус шүүх нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан шүүгчийн орон тоо дутуугаас шүүгчийн ачаалал их байгаа зэрэг нөхцөл байдал тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байна.
2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хариуцагч “А констракшн” ХХК, С.О нар зээлийн болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар урьд авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн. Мөн өдрийн шүүгчийн 0...9 дугаар захирамжаар үндсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг өөр арга хэмжээгээр солиулахыг хүссэн хариуцагч талын хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу зохигчоос гаргасан хүсэлтийн талаар бусад оролцогчийн саналыг сонссоноор шүүх хуралдааныг завсарлуулж, хүсэлтийг шийдвэрлэсэн ба шүүх хуралдаанд оролцогч аль нэг талд давуу байдал олгоогүй болно.
Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1...9 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тус бүрийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээ авсан байна.
Дээрх арга хэмжээнээс хариуцагч “А констракшн” ХХК, С.О нарт холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө битүүмжлэх арга хэмжээ болгож өөрчлүүлэхээр тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ нотлохоор битүүмжлүүлэхийг хүссэн хөрөнгүүдийн үнэлгээний тайлан, өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт “Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно” гэж хуульчилсан. Шүүх ямар үндэслэлээр хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн талаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт тодорхой тайлбарласан болно.
Дээрх шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж, тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0...4 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн.
Шүүгч А.С миний бие хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулж, зохигчдыг мэтгэлцэх эрхээр хангаж, хуульд нийцүүлэн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг болон шүүх хуралдааныг удирдаж явуулсан ба Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь хэсгүүдийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Э.Д-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “А” ХЗХ нь “А констракшн” ХХК, С.О, “С констракшн” ХХК, Э.Я, П.Н нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг ...шатны шүүхийн шүүгч А.С хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0...1 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан ба шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0...1 дүгээр захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг тогтоож, зохигчид мэдэгдсэн.
Шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1...9 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хэргийг харьяаллын дагуу ...шатны шүүхэд шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:
1. Нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн бол шүүгч хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгөх ажиллагаа явуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасан.
Шүүх хариуцагч нарт мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд заасан хаягаар 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн боловч хариуцагч “А констракшн” ХХК, С.О нар “хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тайлбарыг шуудангаас ирүүлсэн, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн 9......5 дугаарт холбогдож нэхэмжлэлийн хувь гардаж авах талаар мэдэгдэхэд “...өөрөө очих боломжгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилно...” гэсэн боловч ирээгүй байна.
Иймд шүүгч 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захирамж гарган, хариуцагч Э.Я болон “А констракшн” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, улмаар хариуцагч нарт нэхэмжлэлийг гардуулан өгчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр заасан.
Шүүгч хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх, нэхэмжлэл гардуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх ба хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1...9, 10 дугаар сарын 24-ний өдрийн 1...1 дүгээр захирамжаар тус тус хангаж, хариуцагч “А констракшн” ХХК, С.О нарын дансны зарлагын хөдөлгөөнийг 298.956.923 төгрөгийн, Э.Я-ын дансны зарлагын хөдөлгөөнийг 208.899.171 төгрөгийн, “С констракшн” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 108.895.827 төгрөгийн, П.Н-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 100.003.344 төгрөгийн хэмжээнд тус тус зогсоож шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн захирамжид хариуцагч гомдол гаргасан, тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5.. дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.
Мөн нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч нарт гардуулах ажиллагаа явуулжээ.
Түүнчлэн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1.. дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1.. дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “А констракшн” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн нийт үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох” хүсэлтийг, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1..8 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээр хариуцагч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох, арилжааны банкнуудад шинээр данс нээхгүй байх, шүүгчийн захирамжийг биелүүлэх, битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах” хүсэлтийг тус тус хангахаас татгалзсан, тус захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4.. дугаар тогтоолоор хангахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээсэн байна.
Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3..6 дугаар захирамжаар тус хэргээс Э.Я, П.Н нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 107.644.122 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарласан, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7..1 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон.
Хариуцагч С.О 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосныг эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээгээр солиулах хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэл гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 7..9 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч “А констракшн” ХХК, С.О нарын дансны зарлагын хөдөлгөөнийг 298.956.923 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсныг өөрчилж “А констракшн” ХХК-ийн эзэмшлийн ...УБ улсын дугаартай ковш, ...УБ улсын дугаартай экскаватор, С.О-ийн өмчлөлийн ...дүүргийн ..дүгээр хороо, ..дугаар хороолол, ..дугаар байрны ..тоот дахь 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгч А.С-аас татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1..9 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 7..9 дүгээр захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч тал гомдол гаргасныг тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2.. дүгээр тогтоолоор хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн.
Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн тул хариуцагч “А констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд хавсаргасан 39 хуудас баримттай танилцаж, хариу тайлбар гаргах хугацаа олгох хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1...6 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг хүртэл хойшлуулсан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлсэн тул уг шаардлагыг хариуцагчид гардуулах, зохигчийн гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг тухайн шүүх хянан хэлэлцэх, шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.
Дээр дурдсанаар иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдсан бөгөөд хуульд заасан хугацаа хэтэрсэнд шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “А констракшн” ХХК, С.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосныг эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээгээр солиулах хүсэлт гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн 7..9 дүгээр захирамжаар хариуцагч “А констракшн” ХХК, С.О нарын дансны зарлагын хөдөлгөөнийг 298.956.923 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсныг өөрчилж “А констракшн” ХХК-ийн эзэмшлийн ...УБ улсын дугаартай ковш, ...УБ улсын дугаартай экскаватор, С.О-ийн өмчлөлийн ...дүүргийн ..дүгээр хороо, ..дугаар хороолол, ..дугаар байрны ..тоот дахь 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д “Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно...” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар хариуцагч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг өөр арга хэмжээгээр солиулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна.
Шүүхийн сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
4. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээ уншиж танилцуулан холбогдох баримтаа өгөхөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга баримтуудыг авч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө ширээн дээр тавьсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаагүй, мөн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлттэй холбоотой хариу тайлбараа хэлсэн, шүүх хуралдаан дуусахын өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэмэлт тайлбар хэлэх боломжийг олголгүй хуралдааныг хаасан нь дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбоотой хариу тайлбар хэлэх эрхийг шүүх өмнө нь хангасан байх тул өргөдөлд дурдсан “...шүүх хуралдаанд хариуцагч нарын бичгээр гаргасан хүсэлт болон түүнд хавсаргасан баримтуудыг шүүгч А.С нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-д танилцуулаагүй гэж үзэхгүй, уг хүсэлттэй холбоотойгоор хариуцагч “А констракшн” ХХК-ийн төлөөлөгчөөр нэмэлт тайлбар хэлүүлсэн атлаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад нэмэлт тайлбар хэлүүлэх боломж олголгүйгээр, нэмэлт тайлбар хэлэх хүсэлтээс татгалзаж хуралдааныг хаасан” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шатны шүүхийн шүүгч А.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР