info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-19

Дугаар 73

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга А.Намуундарь, өргөдөл гаргагч Ц.Д нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шатны шүүхийн шүүгч Д.Ш-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ц.Д өргөдөлдөө “...1. 2023 оны 03 дугаар сарын 7-ны өдөр шүүх хуралдаан болохоор тов гарсан байсан. Миний өмгөөлөгч Г.Д төрсөн учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн ба миний бие шүүх хуралдаанд биечлэн очсон байсан. Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй байхад, шүүх хуралдаанд санаатай саад учруулж байна гэх үндэслэлээр шүүх хуралдаанд ирсэн намайг цагдан хорьсон.

2. 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 7.. дугаартай шийтгэх тогтоол гарч намайг 3 жилийн хорих ялаар шийтгэсэн. 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 7.. дугаартай ...давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан үеэс эхлэн надад ар гэрийн уулзалтын бичиг өгдөггүй байсан.

3. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 7.. дугаартай шүүгчийн захирамж гарсан. Захирамжаар миний зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хүндрүүл гээд прокурорт буцааж байна.

Иймд миний шүүхэд итгэх итгэл алдарсан буюу Д.Ш гэгч шүүгч яагаад надад ингэж ашиг сонирхолтой хандаад байгааг ойлгохгүй. Шүүгчийн гаргаж байгаа шийдвэрүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан заалтуудын зарим заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хуралдаанд нотлох баримт гаргаж, дэлгэрэнгүй тайлбар өгч оролцох болно ...” гэжээ.

Шүүгч Д.Ш тайлбартаа: “...дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн 2..........9 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Д-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар нэр бүхий 9 иргэнийг Бүгд Найрамдах Солонгос улсын мулти виз гаргуулж өгнө, банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргуулж өгнө, Төрийн орон сууцны корпорацаас олгож буй хөнгөлөлттэй байранд хамруулж өгнө, мөн орон сууцыг чинь барьцаалж зээл аваад зээлийг нь өөрөө төлж барагдуулна гэж итгүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно...”, мөн хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ нь “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна...” гэжээ.

Гэтэл ...дүүргийн Прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/6..9 дугаартай албан тоотоор шилжүүлснийг ...шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаас хойш шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч нараас удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байснаас гадна шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөсөө татгалзсан атлаа хүсэлт хэлэлцэх өөр хуралд эргээд өмгөөлөгчөөрөө оролцох болсон гэж шүүх хуралдаанд саад учруулж байсан. Үүнд:

          - 2022.12.08-ны өдөр Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Б-ын хүсэлт /эрүүл мэндийн шалтгаан/-ээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан,

  • 2023.01.03-ны өдөр Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Б-ын хүсэлт /эрүүл мэндийн шалтгаан/-ээр шүүх хуралдааныг хойшлуулсан,
  • 2023.02.17-ны өдөр Шүүгдэгч Ц.Д-ний хүсэлт/эрүүл мэндийн шалтгаан/- ээр шүүх хуралдааныг хойшлуулсан,

          - 2023.03.07-ны өдөр Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Д-ийн хүсэлт /эрүүл мэндийн шалтгаан/-ээр шүүх хуралдааныг хойшлуулж, Ж.Б өмгөөлөгчөөсөө татгалзаж өөр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

             2. Шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний 7.. дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нар болон хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлоор ...давж заалдах шатны шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлснийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 7.. дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч шийдвэрлэсэн байна.

Улмаар тус хэрэг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр анхан шатны шүүхэд эргэн ирснийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээр шүүгч Д.Ш-д хуваарилагдсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023/ЕШЗ/1..4 дүгээр захирамжаар баталгаажуулсан байна.

Тус хугацаанд шүүгдэгч Ц.Д-д Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “...Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно...” гэж заасны дагуу нийт 14 удаа уулзалтын бичиг олгожээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол..., ...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “...Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй...” гэжээ.

Торуулбал шүүгдэгч Ц.Д-ийн холбогдсон хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх хуралдааны үед талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болон мэтгэлцээний явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүхээс дүгнэсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Д-д яллах дүгнэлт үйлдэж, ...шатны шүүхэд шилжүүлсэн, уг хэрэг бүртгэл, хяналтын системээс шүүгч Д.Ш-д хуваарилагдсан, түүнийг шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан байна.  

Холбогдох шүүгч эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 2023/ШЦТ/7.. дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Д-г гэм буруутайд тооцож, ял оногдуулжээ.

...давж заалдах шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ДШМ/7.. дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Тухайн эрүүгийн хэрэг шүүгч Д.Ш-д хуваарилагдсан, шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/2..6 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан, ...давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1..2 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.

Шүүгч 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 7.. дугаар захирамж гарган,  хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь тогтоогдож байна.

 Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Д нь өмгөөлөгч Ж.Б, Г.Д, Ч.Э нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан.  Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Д 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанд “ ...37 долоо хоногтой жирэмсэн... удаан хугацаанд суух, хол газар явах боломжгүй байгаа тул Ц.Д-д холбогдох шүүх хуралд оролцох боломжгүй байна. ...төрөөд 1 сар гаран болсны дараа шүүх хуралд оролцох боломжтой...”, шүүгдэгч “...Ж.Б өмгөөлөгчөөс татгалзсан, ...Г.Д өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцмоор  байна...” гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.

Шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсны зэрэгцээ   шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Дөлгөөний 2022 оны 12 дугаар сарын 08, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...хоёр өмгөөлөгчтэй оролцох...”, мөн яллагдагчийн өмгөөлөгч Ж.Б-ын “...эрүүл мэндийн байдлын улмаас оролцох боломжгүй...” гэсэн хүсэлтээр, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд Ц.Д нь эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдаан удаа дараа хойшлогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгч хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаас хойш шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч нарын удаа дараагийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Шүүгч дээрх нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэж, шүүгдэгч Ц.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна. 

2. Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “...Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно...” гэж заасан ба шүүгчийн зүгээс  шүүгдэгч Ц.Д-тэй уулзах зөвшөөрлийг нийт 14 удаа олгосон нь тогтоогдож байна. Иймд шүүгчийг уулзалтын бичиг олгоогүй гэж буруутгах боломжгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан.

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г “... давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагаанууд хийгдэх шаардлагатай тул хурлыг 60 хүртэл хоногоор хойшлуулах саналтай байна ...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Д“... давж заалдах шатны шүүхийн 7.. дугаар магадлалд ... хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулж хийгдэх ажиллагаануудыг тодорхой заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс магадлалд заагдсан ажиллагаануудыг хийлгүүлэх саналтай байна ...” гэсэн санал гаргасан бол хохирогч Д.П-ийн өмгөөлөгч “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар амьдралын эх үүсвэр болгож залилах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт харагдаж байхад мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаараа хуулийг төсөөтэй хэрэглэж яллах дүгнэлт үйлдэх нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг 60 хүртэл хоногоор завсарлуулж шалгах ёстой ажиллагаануудыг хийх шаардлагатай байна...”, хохирогч Д.У-ын өмгөөлөгч “...Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан шинж хангагдахгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Өмгөөлөгч миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “амьдралын эх үүсвэр” болгосон нөхцөл байдал хэргийн материалд авагдсан нотлох баримт болон шүүгдэгчийн удаа дараагийн үйлдлүүдээр тогтоогдож байна гэж харж байна ...” гэсэн санал гаргаж, хэлэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Шүүгч шүүхийн хэлэлцүүлгийг “... хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар өөр ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх тодорхойгүй бөгөөд холбогдсон хэргийн үйл баримт нь тодорхой хугацаанд тогтмол үргэлжилсэн шинжтэй байна гэж шүүхээс дүгнэлээ. ...хохирогчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааны үед шинжлэн судалсан баримтууд, мэтгэлцээний явцад гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна, ...залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй байгаа нь түүний эрх зүйн байдал дордохоор байна.

Мөн ...давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ДШМ/7.. дугаар магадлалд “... Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Ц.Д-өөс хохирогч Д.А-ыг залилсан гэмт хэргийн цаг хугацааг бичээгүй байхаас гадна банк бус санхүүгийн байгууллагаас авхуулсан зээлийн мөнгөн дүнгээс авсан бодит хохирол, мөн тус хохирлоос гадна бэлнээр авсан хохирлын дүнг ялган зааглаагүй орхигдуулсан зэрэг нь шүүхээс нөхөн гүйцэтгэх ёсгүй алдаанд хамаарч байх тул уг алдааг нь нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай ...” талаар дурдсан ...” гэж дүгнэн, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЗ/7.. дугаар захирамжаар, Ц.Д-д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Дээрх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ... шатны шүүхийн шүүгч Д.Ш-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.         

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                        Г.ЦАГААНЦООЖ

                        ГИШҮҮН                              Д.АРИУНТУЯА

                                                                    Д.МЯГМАРЦЭРЭН