info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-26

Дугаар 83

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Э.Э нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.О, шүүгч О.О нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0081 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...“В” ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “А т” ХХК-д холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 148,504,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүгч Н.О хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/06013 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйд заасны дагуу шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгч тухайн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан шүүгчийг татгалзаж үл болно гэсэн заалтад хамаарч байна хэмээн хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, улмаар тус өдрийн 181/ШШ2023/03372 дугаар шийдвэрээр тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-аас тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00074 дугаар магадлалаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан хүсэлтийг гараагүйд тооцож хэргийн хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхлээгүй байхад буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигчийн төлөөлөгчид тайлбарлан өгөхөд татгалзан гаргах хүсэлт гаргасан байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр, 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргахаар тус тус заажээ. Иймд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг татгалзсан хэргийн оролцогчийн хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэн 181/ШШ2023/03372 дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.

Дээрхээс үзвэл шүүгчийг татгалзал шийдвэрлэсэнтэй холбогдуулан гаргасан хариуцагч талын гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцаан шийдвэрлэснийг хариуцагчийн гомдол хангагдсан гэж үзнэ. Иймд дээд шатны шүүхээр нэгэнт хянан шийдвэрлүүлсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Өргөдөл гаргагч “...энэхүү хэрэг нь шүүгч О.О-д хуваарилагдсан ба уг хэрэгт ажиллаж буй шүүгч О.О нь мөн энэхүү хэрэгт илт хувийн сонирхлоор хандаж буй тул манай компанийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т зааснаар тус дүүргийн Ерөнхий шүүгч Н.О-д хандан гомдол гаргахад уг гомдлыг тус дүүргийн Ерөнхий шүүгч нь огт шийдвэрлэлгүй байсаар энэхүү хэрэгт өөрийн томилсон хувийн сонирхол нэг, шүүгч О.О-ийг солилгүйгээр уг хэргийг нэхэмжлэгч “В” ХХК-ийн шүүгч мэт хууль бусаар шийдвэрлэсэн болно” гэжээ.

Тухайн иргэний хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүгч О.О-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д заасны дагуу татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч Н.Од гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасны дагуу тус хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ЕШ2024/01524 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “хүсэлтэд дурдсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамааралгүй байна. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шүүгч шийдвэрлэх бүрэн эрхтэй. Харин хэрхэн шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д заасан шүүгчийг татгалзаж үл болох зохицуулалтад хамаардаг” гэж дүгнэн  хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Түүнчлэн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүгч хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02057 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрхээс үзвэл хариуцагч талаас тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасан байх ба хүсэлтийг Ерөнхий шүүгч хуульд заасны дагуу хянан шийдвэрлэсний дараа шүүгч О.О зохигч нарын эвлэрлийг баталсан байх тул өргөдөл гаргагчийн ...татгалзлыг тус дүүргийн Ерөнхий шүүгч нь огт шийдвэрлээгүй байхад шүүгч хэргийг хууль бусаар шийдвэрлэсэн гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.

Иймд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, шүүгч О.О нарт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч Н.О сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй “А т” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3372 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Миний хувьд тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хариуцагчийн эрхийг хангаж, удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанд гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийг татгалзан гаргахыг хориглох үндэслэлд хамаарч байсан тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүгч О.О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ЕШ2024/01524 дугаар захирамжаар хуулийн дагуу шийдвэрлэсэн.

Ерөнхий шүүгч Н.О миний зүгээс бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцоогүй бөгөөд гомдол гаргагч “Алтан жолоо трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эт ёс зүйн аливаа сөрөг хандлагаар хандаагүй гэдгийг энэхүү тайлбараар мэдэгдэж байна” гэжээ.

Шүүгч О.О сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхээс хэрэг ирсний дараа шүүгч О.О нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуваарийн дагуу хүлээн авсан. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр товлосон. Тухайн өдрийн хуралдаанаар зохигч талуудын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулжээ. Шүүх хуралдааны дараа зохигчид 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/24 тоот эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн. Түүний дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ээс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр 1) эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай хүсэлт, 2) шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хамт ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д зааснаар шүүгчийг татгалзан гаргах тухай зохигчийн хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.О хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ЕШ2024/01524 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

Дараагийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09.30 цагт товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ээс “шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлтийг цахимаар шүүхэд ирүүлсэн. Тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл ойлгомжгүй буюу шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөтлөн явуулахдаа Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд нэрлэн заасан ямар хориглосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн талаараа дурдаагүй, тодорхой бус байна. Түүний гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсний эцэст шүүхээс эвлэрлийг баталсан.

Шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээний 2.1.1-д талууд төлбөр төлөх хугацаагаа “эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш ажлын 1 хоногт багтааж төлнө” гэж тусгасан байсан. Талууд эвлэрлийн гэрээг байгуулж, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэх хүсэл зоригоо илэрхийлсэн атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах, шүүх хуралдаан хойшлуулах зэрэг хүсэлтүүдийг ирүүлсэн. Энэ нь хариуцагч тал төлбөр төлөх хугацаагаа уртасгах, үүний тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилго агуулсан болов уу гэж ойлгож байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт цугларсан баримтаар ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3372 дугаар шийдвэрээр “В” ХХК-ийн “А т” ХХК-д холбогдуулан гаргасан “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 148,504,474 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дүгээр магадлалаар хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, уг хэрэг шүүгч О.О-д хуваарилагдаж улмаар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2057 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Тус иргэний хэргийн хариуцагч “А т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.О, шүүгч О.О нарт холбогдуулан гаргасан гомдлын үндэслэлээ “...Ерөнхий шүүгч Н.О нь анх хэргийг шийдвэрлэхдээ татгалзан гаргах хүсэлт гаргасаар байхад татгалзан гараагүй, шүүгч О.О нь энэхүү хэрэгт илт хувийн сонирхлоор хандсан, шүүгчийг татгалзахад ерөнхий шүүгч нь огт шийдвэрлэлгүй байсаар энэхүү хэрэгт өөрийн томилсон хувийн сонирхол нэг, шүүгч О.О-ийг солилгүйгээр уг хэргийг нэхэмжлэгч “В” ХХК-ийн шүүгч мэт хууль бусаар шийдвэрлэсэн” гэж тодорхойлжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00074 дугаар магадлалаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан хүсэлтийг гараагүйд тооцож хэргийн хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхлээгүй байхад буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигчийн төлөөлөгчид тайлбарлан өгөхөд татгалзан гаргах хүсэлт гаргасан байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр, 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргахаар тус тус заажээ. Иймд тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг татгалзсан хэргийн оролцогчийн хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэн Н.О шүүгчийн шийдвэрлэсэн 181/ШШ2023/03372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хариуцагчийн гомдлыг хангасан байх тул “...дээд шатны шүүхээр нэгэнт хянан шийдвэрлүүлсэн асуудалтай нь холбогдуулан шүүгч Н.О-г сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй” гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “Шүүгч дараахь үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, 91.1.3 “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 91.1.4 “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол”, 91.2-т “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно”, 92 дугаар зүйлийн 92.6-д “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасан бөгөөд шүүгч О.О-ийг татгалзан гаргах хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгч Н.О 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1524 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дүгээр магадлалд “...ерөнхий шүүгчийг татгалзсан хэргийн оролцогчийн хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн нь буруу” гэж дүгнэсэн нь шүүгч О.О-ээс татгалзсан татгалзлыг хүлээн авах үндэслэл болохгүй төдийгүй ялгаатай ойлголтууд болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан бөгөөд энэ нь шүүх биш харин зохигч талууд өөрсдөө тохиролцож маргаанаа шийдвэрлэснийг шүүх баталгаажуулдаг ойлголт.

Гэтэл сахилгын хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э өөрөө гарын үсэг зурж, гэрээ байгуулсан атлаа “шүүгч О.О нэхэмжлэгч “В” ХХК-ийн шүүгч мэт хууль бусаар шийдвэрлэсэн” гэх агуулгаар өргөдөл гаргасан нь үндэслэлгүй байна.

          Дээрхийг нэгтгэн дүгнэвэл илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2024/0081  дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.О, шүүгч О.О нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

            ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

            ГИШҮҮН                                          Ц.Давхарбаяр

                                                                     Х.Хашбаатар