info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-06-11

Дугаар 65

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шатны шүүхийн шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

А.Ж өргөдөлдөө “...ямар ч үндэслэлгүй хариуцагчаар татсан тухай цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Шүүхээс холбогдолгүй шууд цагдаагаар эрэн сурвалжлуулж байгаа нь Үндсэн хуулийн 17-д заасан үүргээ зөрчиж байна. Шүүх байгууллага хуулийн дагуу ажиллах ёстой. Танил тал нь энэ хэргийг үүсгээд шууд эрэн сурвалжилчих гэхээр болдог зүйл биш гэдгийг ...шатны шүүхэд ойлгуулж өгнө үү. Хэргийг тодруулбал ...банканд төлөх ёстой гэх 15 орчим сая төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэл, гэрээ, нотлох баримт байхгүй байхад ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиа зөрчөөд хэрэг үүсгэсэн байгаа нь өөрөө зөрчил. Шүүгчийн туслах ХУР системд ороод миний утсаар яриад нэхэмжлэлээ илгээх ёстой болохоос биш шууд цагдаагаар ажлаа хийлгэж үл болно. Шүүгчийн туслах үнэхээр программ, мөрдөх хууль, зарчимч байх асуудлыг ойлгохгүй, шүүгч нь энэ хүнийг эрэн сурвалжилчих гэхэд хууль зөрчөөд байвал энэ шүүх засаглал юу болох вэ. Хаан банк өөрийнхөө данснаас өөрийн данс руу 8 сая төгрөгийн гүйлгээ хийсэн гэнэ. Гэвч тэр гүйлгээ хийсэн өдөр нь миний дансанд 8 сая биш 50.000 төгрөг байсан байна. Дансанд гүйлгээ хийгдэх мөнгөн дүн байхгүй байсан. Та бүхэн программын алдаа дутагдлаа шалгана уу гэх хариу өгөхөд шүүхэд дуудах юм. Шүүх Хаан банкнаас хэрэг үүсгэхдээ гэрээ шаардах ёстой. Гэрээний үүрэг хангах харилцаа байх болохоос биш тухайн байгууллагын алдаа дутагдал баланс тэнцэхгүй байгааг иргэн хариуцах ёсгүй...” гэжээ.

Шүүгч Ц.А тайлбартаа: “...А.Ж-д холбогдох, "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,576,173.01 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 19,500 төгрөг, нийт 17,595,673.01 төгрөг гаргуулах тухай" “Х” ХК-ийн нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн. "Х" ХК нь иргэн А.Ж-г хариуцагчаар тодорхойлж шүүхэд хандсан тул иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд шүүх өөрийн санаачилгаар хариуцагчаар татаагүй болно.

Нэхэмжлэл хариуцагчийн оршин суугаа газрын хаяг болох ...дүүрэг, ..дугаар хороо, ..дугаар хороолол, ...тоот хаяг гэж тодорхойлсон тул энэ хаягаар дуудсан мэдэгдэх хуудсыг А.Ж гардан авсан боловч ирээгүй, ингээд дахин дуудсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2- т зааснаар "хэргийн оролцогч нь ...шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх... үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.9- д "Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасныг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1../ШЗ2024/00... шүүгчийн захирамжаар А.Ж-г албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд хэрэгт хамааралгүй, хэргийн оролцогч биш, нэхэмжлэгчээс хариуцагчаар тодорхойлоогүй хөндлөнгийн этгээдийг шүүхээс өөрийн санаачилгаар хариуцагчаар тодорхойлон, үндэслэлгүйгээр шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийгээгүй болно.

Түүнчлэн холбогдох хуулийн дагуу мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх ажиллагааг удаа дараа хийсэн боловч шүүхэд хүрэлцэн ирэх үүргээ хариуцагчаар оролцвол зохих этгээд шалтгаангүйгээр биелүүлээгүй тул хэргийн оролцогчийг хуульд заасан журмын дагуу дуудан ирүүлэх ажиллагааг шат дараатайгаар хэрэгжүүлсэн болно.

Гомдол гаргагч "...танил тал нь иргэний хэрэг үүсгээд шууд эрэн сурвалжилсан.." гэж өргөдөлд дурдсан боловч намайг, хэнтэй ямар үндэслэлээр хамаарал бүхий болгосон нь тодорхойгүй, яагаад ингэж шүүгчийг шууд буруутгаж, үндэслэлгүйгээр хардан, гүтгэх болсон шалтгааныг гаргасан гомдлоос нь тодруулах боломжгүй байна.

“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, А.Ж-д холбогдох, "Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 17,576,173.01 төгрөг гаргуулах, нотариатын зардалд 19,500 төгрөг, нийт 17,595,673.01 төгрөг гаргуулах тухай" хэрэг маргаантай холбогдуулан хариуцагч А.Ж-г эрэн сурвалжлах ажиллагааг тус шүүхээс гүйцэтгээгүй болно.

Харин ...шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1../ШШ2022/01... шийдвэрээр А.Ж-г ...банкны хүсэлтийн дагуу эрэн сурвалжилж, ...дүүргийн ..дугаар хороо, ..дугаар хороолол, ...тоотод оршин суудаг хаягтай болохыг тодорхойлсон, энэ талаарх ..дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2../1..0 албан бичгийг ...банкны нэхэмжлэлд хавсаргаж өгчээ. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээдийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж, олдсон хаягийн харьяаллын дагуу ...шатны шүүхэд А.Ж-д холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэл болсон байна.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хянан үзэж, улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул иргэний хэрэг үүсгэсэн болно. Нэхэмжлэлийг хүлээн авах үед шүүх урьдчилан дүгнэлт хийж, хэргийг эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т "Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна" гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д "Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан.

Шүүхээс А.Ж-г түүний оршин суугаа газрын хаягаар хуульд заасан журмын дагуу 2 удаа дуудан ирүүлэх ажиллааг мэдэгдэх хуудсаар гүйцэтгэсэн боловч мэдэгдэх хуудсыг өөрөө гардан авсан атлаа шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна. Хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх эрх зүйн үр дагавар үүснэ. Шүүгчийн захирамжаар зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн алба гүйцэтгэнэ.

Хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан тул гомдол гаргагчийн гомдолд дурдсанаар "... Шүүгчийн туслах ХУР системд нэвтэрч, хэргийн оролцогчийн холбогдох утсаар ярьж, нэхэмжлэлийг илгээх" үүрэг хүлээхгүй юм.

Гомдол гаргагчийн дурдсаны дагуу шүүгчийн туслах нь "Хур систем"-д хүссэн үедээ өөрийн дураар нэвтэрч, бусдын, хүний хувийн мэдээллийг олж авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч ...банк ХК нь тус банкны интернэт банкны алдаатай гүйлгээнээс шалтгаалан бусдад шилжсэн мөнгөн хөрөнгийг иргэн А.Ж үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрхийн хүрээнд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тул "иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчээс гэрээ шаардах ёстой байсан" гэсэн гомдол гаргагчийн дурдсан агуулгаар шүүх ажиллагаа явуулах боломжгүй юм. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 “Х” ХК нь А.Ж-д холбогдуулан ...шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгч Ц.А хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2...0 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Хариуцагч А.Ж-г шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг 2023 оны 12 дугаар сарын 08, 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлд дурдсан хаягаар  хүргүүлсэн ба шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0...1 дүгээр захирамжаар түүнийг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардуулан өгч, эрх үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагч 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр тайлбар гаргажээ.   

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 0...4 дүгээр захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.А-ийг томилсон, мөн өдрийн шүүгчийн 0...7 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлосон, хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтээр шүүх хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлогдсон болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “ хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар” зэргийг нэхэмжлэлд тусгахаар заасан бөгөөд нэхэмжлэлд хариуцагчийг “А овогтой Ж /РД:........../, оршин суугаа хаяг ...дүүрэг, ..дугаар хороо, ..дугаар хороолол, ...тоот” гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3.-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар  өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар оролцох ба тухайн этгээд хариуцлага хүлээх эсэхийг шүүх хэрэг хянан хэлэлцсэний эцэст шийдвэрлэдэг. Хэрэв хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа бол энэ тухай үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч тухайн нэхэмжлэлийг шаардлагыг хариуцах эсэхийг шүүх урьдчилан дүгнэж шийдвэр гаргах боломжгүй тул “...ямар ч үндэслэлгүй хариуцагчаар татсан” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1.-т Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан.

 Шүүгч “Х” ХК-аас А.Ж-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн бол шүүгч зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасан. Иймд хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх ба энэхүү ажиллагааг явуулахаар мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд заасан хаягаар 2023 оны 12 дугаар сарын 08, 26-ны өдөр тус тус хүргүүлснийг хариуцагч А.Ж гардан авчээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр заасан.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах зорилгоор шүүх хариуцагч А.Ж-г албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцжээ.  

Холбогдох шүүгч нь хариуцагч А.Ж-г эрэн сурвалжлах ажиллагаа явуулаагүй,  харин ...шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0...6 шийдвэрээр ...дүүрэг дэх Цагдаагийн газар иргэний хэргийн хариуцагч А.Ж-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоосон, нэхэмжлэгч энэ хаягаар нэхэмжлэлээ гаргасан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймд өргөдөлд дурдсан “...шүүхээс холбогдолгүй шууд цагдаагаар эрэн сурвалжлуулсан” гэх гомдол үндэслэлгүй.

3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг  аргачлалын 5.1.1-т “иргэний хэрэг үүсмэгц шүүгч, шүүгчийн туслах нь хаана, хэзээ хүрэлцэн ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авахыг хариуцагчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэх бөгөөд “Шүүхийн мэдэгдэх хуудас” Баримт №2-ыг нэгдсэн системээс хэвлэн, тухайн өдөрт нь бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон дээрх журамд шүүгчийн туслах ХУР системд нэвтэрч, хэргийн оролцогчтой утсаар холбогдож,  нэхэмжлэлийг илгээх талаар зохицуулаагүй болно.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж, нотлох үүрэгтэй. Иймд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэгчээс гэрээ шаардах боломжгүй болно. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүхийн шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                        ГИШҮҮН                                           Д.АРИУНТУЯА

                                                                                  Х.ХАШБААТАР