info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-28

Дугаар 56

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн Ерөнхий шүүгч С.Б, шүүгч И.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Иргэн Ж.С-ын ... шүүхийн Ерөнхий шүүгч С.Б, шүүгч И.А нарт холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2024/0026 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явууллаа.

Нэхэмжлэгч Ж.Б нь ... Эрүүл мэндийн газарт холбогдуулан “урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг ... шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 000/ШЗ2023/09248 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШШ2023/02990 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх шүүгчийн 000/ШШ2023/02990 дугаар захирамжийг Э.Н-ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 000/ШЗ2023/15685 дугаар захирамжаар хангахгүй орхижээ.

 Улмаар ...шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШШ2023/02990 дугаар захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Э.Н болон түүний өмгөөлөгч нараас хүсэлт гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 000/ШТ2023/00037 дугаар тогтоолоор: “......шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 000/ШШ2023/01478 дугаар шийдвэр, ...эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/80 дугаар тушаалыг тус тус шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож” тус шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШШ2023/02990 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000/ЗТ2024/00011 дүгээр тогтоолын 6 дугаар хэсгийн 6.3.3-т заасны дагуу дээрх хэрэг нь 000/ШШ2023/02990 захирамжийг гаргасан шүүгч Т.Э-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.

Нэг. Өргөдөл: “Чи шүүхэд оролцохгүй этгээд байна. Танай дарга чинь өвчтэй чинь хаана байна гэх мэтээр доромжилж мэдэхгүй танайх өөрсдөө зохицуулах асуудлыг гэх мэтээр дайрч давшлан хүчээр шүүх хурлыг эхлүүлсэн, хагалгаанд орсон бол тэр бичиг чинь хаана гэх доромж үг ашиглаж ёжлон танайх өөрсдөө зохицуулах ажил манайд ямар хамаатай гэж дайрч давшилсан, гар гэх мэтээр хөөж ёс зүйгүй авирласан, хүний өвчнөөр ялгаварлан гадуурхаж хэл амаар доромжилсон” гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт цугласан баримтаар, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцсэн ... шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Б даргалж, шүүгч И.А, Х.Д нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцсон болох нь дээрх шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаан нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дэг, нийтлэг журмын дагуу явагдана гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.

Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд даргалагчаас шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгасан байна. Тодруулбал:

0:03:16-0:03:20 Даргалагчаас: Ж.С-ын итгэмжлэл байна. Ж.С-ын  итгэмжлэл 3 сарын хугацаатай хугацаа дууссан байна. Өөр юм байгаа юм уу гэхэд.

0:03:23-0:03:30 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С: Байхгүй манай газрын дарга өвчтэй, 1 дэх өдөр хагалгаанд орсон байгаа.

0:03:35-0:04:20 Даргалагчаас: Оролцогчдын итгэмжлэлийг шалгалаа. Өнөөдрийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Б даргалж, шүүгч И.А, Х.Д нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Р нарыг оролцуулан хийж байна. Эдгээр хүмүүсээс татгалзал байна уу гэхэд.

0:04:23-0:04:24 Нэхэмжлэгч: Байхгүй гэв.

0:04:28-0:04:30 Хариуцагч: Өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна гэхэд.

0:04:32-0:04:39 Даргалагчаас: Итгэмжлэлийн хугацаа дууссан байна. Хүсэлт гаргагчид татгалзал байна уу гэхэд.

0:04:40-0:04:43 Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч: Татгалзал байхгүй гэв.

0:04:51-0:04:56 Даргалагчаас: С итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр түрүүчийн хуралд явж байсан тийм үү гэхэд. 

0:04:57-0:04:58 Ж.С: Тийм гэв.

0:05:01-0:05:52 Даргалагчаас: Миний бие Ж овогтой С ...Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Миний өмгөөлөгчийн гэрээт хугацаа дууссан тул өмгөөлөгч авах хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авна уу гэжээ. Өмгөөлөгчөөр н.О байна. Өмгөөлөгч нарын гэрээ хугацаатай байдаггүй шүү дээ. Хүсэлттэй холбогдуулан тодруулах зүйл байна уу гэхэд.

0:05:55-0:05:57 Шүүгч И.А: Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэхгүй. Яагаад төлөөлсөн юм бэ гэхэд.

0:05:58-0:06:01 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С: Намайг утасдсан, эмнэлэгт хэвтэж байхад хүрч ирээрэй гээд гэв.

0:06:04-0:06:10 Шүүгч И.А: Ер нь бол итгэмжлэлийг ямар хугацаагаар олгосныг та өөрөө мэдэж байгаа юм байна. Таныг Эрүүл мэндийн газрыг шууд төлөөлөөд оролцох эрхтэй этгээд гэж үзэж болохгүй байна гэв.

0:06:11-0:06:13 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С: Тэгээд манай газрын дарга өвчтэй би өөрөө бас эмнэлэгт байсан гэв.

0:06:14-0:06:18 Шүүгч И.А: Даргыг орлодог хүн байгаагүй юм уу байгууллага шүү дээ гэхэд.

0:06:18-0:06:25 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С: Газрын дарга өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хугацаа сунгах учраас газрын дарга хагалгаанд 1 дэх өдөр орсон одоохондоо эмнэлгээс гараагүй байгаа гэв.

0:06:26-0:06:27 Шүүгч И.А: Тийм баримт байгаа юм уу гэхэд.

0:06:27-0:06:30 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С: Би одоо газрын даргыг эмнэлгээс гарахаар нь авч ирж болох уу гэв.

0:06:33-0:06:39 Шүүгч И.А: Итгэмжлэлийн хугацаа дууссан учраас хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт гэж үзэхгүй гэв.

0:06:39-0:08:32 Даргалагчаас: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмнө нь оролцоод явж байсан байгаа өөрсдөө хариуцлагатай хандах хэрэгтэй. Хүний юм шиг бодож болохгүй. Туслах бол мэдээж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байсан хүнд товыг мэдэгдэж байгаа. Та нар тэгээд дуусаж байна уу, өөр хүн томилох уу зэрэг нь танай эрхийн асуудал. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон хүнд нь итгэмжлэл дуусаж байгааг мэдэгдсэн байна. За тэгэхээр шүүх хуралдааныг ажиглагчаар оролцоод явна. Хэргийн талаар танилцуулъя...” гэж бичигджээ.

Дээрх сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгч С.Б, И.А нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д “Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэж заасан эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-ын итгэмжлэлийн хугацааг шалгасан байх бөгөөд ингэхдээ хэргийн оролцогчтой зүй бус харьцсан болон сахилгын зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хоёр. Өргөдлийн: “Хэрвээ би оролцох ёсгүй этгээд байсан бол шүүхээс яах гэж над руу залгаж ир гэж хэлсэн юм бэ, Тушаал гаргасан байгууллагыг албан ёсоор дуудалгүй, хариу тайлбар өгөх эрхээр хангаагүй, Манай байгууллага руу шүүхэд оролцох тухай албан ёсны мэдэгдэл өгөөгүй. Албан бичгээр явуулах хэрэгтэй байсан” гэх үндэслэлийн тухайд:

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1872 дугаар албан бичгээр хариуцагч ...Эрүүл мэндийн газар нь итгэмжлэлээр Ж.С-ыг өөрийгөө төлөөлж, иргэн Ж.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийг шүүхэд төлөөлөх, хүсэлт, гомдол, тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах, нотлох баримт гаргаж өгөх, бүх шатны шүүх хуралд оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийн шийдвэрлэх үйл ажиллагаанд хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгожээ. Итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хүчинтэй гэж заагдсан байна.

Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэх үед түүнд олгогдсон итгэмжлэлийн хугацаа дууссан байжээ.

Дээрх итгэмжлэлийн хугацаа 3 сар байх боловч уг итгэмжлэлээр олгогдож буй төлөөлөгчийн бүрэн эрх 3 сарын хугацаанд хэрэгжих боломжгүй болох нь тодорхой байна. Жишээлбэл, бүх шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй юм.

Энэ утгаар итгэмжлэлд тусгагдсан хугацаа, төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодит боломжтой нийцэхгүй байгаа тохиолдолд итгэмжлэлийн хугацааг төлөөлүүлэгчээс сунгах, эсхүл сунгахаас татгалзсан талаар шүүхэд мэдэгдэх хүртэл шүүх төлөөлөгчийг хэргийн оролцогч гэж үзнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т зааснаар төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэх үүрэгтэй ба ийм мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болдог байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн, хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх ёстой байна.

Хариуцагч өөрийгөө төлөөлөх этгээдийг сонгож, түүнд хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон итгэмжлэлээр бүрэн эрх олгосноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан  хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

Ийнхүү итгэмжлэлээр олгосон төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон талаар шүүхэд бичгээр мэдэгдэх хүртэл хариуцагч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй болно.

Төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байх нь төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой үйлдэл хийж оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болохоос бус шүүхийн зүгээс хэргийн оролцогчоор тодорхойлогдсон этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаанд нөлөөлөхгүй болно.

Шүүх шүүх хуралдааны тов мэдэгдэхдээ итгэмжлэлийн хугацаа дууссан талаар анхааруулах үүрэгтэй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “ойлголоо. Итгэмжлэлээ дахин авъя. Өмгөөлөгч оролцох байх” гэх хариуг өгсөн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд итгэмжлэлийн хугацаа дууссан хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн шүүхийн ажиллагааг буруу гэж үзэх үндэслэлгүй бөгөөд мөн итгэмжлэлийн хугацаа дууссан болохыг анхааруулжээ.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө газрын дарга П.Э-ы 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эмнэлгээс гарах үеийн эпикризийн буюу эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх баримтыг хавсаргасан байх боловч дээрх итгэмжлэл олгох боломжгүй байсан гэх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

... шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүх бүрэлдэхүүн төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ж.С-ын итгэмжлэлийн хугацаа нь дууссан төлөөлөгчийн хүсэлтийг хүсэлт гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу цааш нь үргэлжлүүлсэнд шүүгч С.Б, И.А  нарыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.

 Гурав. Өргөдлийн: “шүүгч нар эрх мэдлээ урвуулан тэдний талд шийдвэр гаргасан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, шүүх ажиллагааг илт хууль бусаар хийсэн” гэх үндэслэлийн тухайд:

Шүүх бүрэлдэхүүн 2024 оны 01 дүгээр 26-ны өдрийн 000/ШТ2024/00037 дугаар тогтоолыг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл” 181 дүгээр зүйлийн 181.4-д” Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ”, 181.5-д “Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана” гэж заасан зохицуулалтыг баримталсан нь шүүгчид бүрэн эрх олгосон хуулийн заалт байх тул Э.Н болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг үндэслэлгүйгээр хууль зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар шүүгчийн хуульд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг хянах, хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхын саналаар шийдвэр гаргана.” гэж заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж ...шүүхийн 2024 оны 01 дүгээр 26-ны өдрийн 000/ШТ2024/00037 дугаар тогтоолоор хүсэлтийг шийдвэрлэсэн нь нэг талд үйлчилсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд, дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд ...шүүхийн Ерөнхий шүүгч С.Б, шүүгч И.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

... шүүхийн Ерөнхий шүүгч С.Б, шүүгч И.А нар тайлбартаа: “...Эрүүл мэндийн газрын төлөөлөгч гэх Ж.С-ын гаргасан гомдолтой танилцаад, шүүгч С.Б. И.А бид дараах тайлбарыг хүргүүлж байна. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2990 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж хэлэлцсэн шүүх хуралдаан болсон ба Ерөнхий шүүгч миний бие даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч И.А, Х.Д нар оролцсон. 2990 дугаартай шийдвэр нь зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж ба нэхэмжлэгч Ж.Б Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг ...Эрүүл мэндийн газарт холбогдуулж гаргасан хэрэг байсан. 2024 оны 01 дүгээр 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Ж.С ирсэн боловч шүүх хуралдааныг нээж ирц болон төлөөлөл, итгэмжлэл, гэрээг шалгахад Ж.С-ын байгууллага төлөөлөх итгэмжлэлийн хугацаа дууссан байсан ба шүүх хуралдаанд оролцогчоор оролцох боломжгүй, мөн өмгөөлөгчтэй оролцох гэсэн хүсэлтийг хэлэлцэх боломжгүйг хэлж тайлбарлан, шүүх хуралдаанд ажиглагчаар суухыг зөвшөөрөөд, шүүх хуралдааныг үргэлжлүүлж дуусгасан. Ж.С шүүгчийн туслахыг баримт авчир гээгүй гэж шүүхийг буруутгах гэж оролджээ. Гэтэл шүүхэд ийм үүрэг байхгүй, харин өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагын төлөөлөгчөөр оролцож байсны хувьд төлөөлөх эрх нь бүрэн эсэхийг өөрөө нягталж арга хэмжээг авах ёстой. Бас өмгөөлөгчтэй байсан байдаг. Харин ч шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах 9 хоногийн өмнө буюу 1 дүгээр сарын 17-ны өдөр талуудад мэдэгдэхдээ Ж.С-ын 9910...... дугаарын утсаар ярьж мэдэгдсэн байх ба Ж.С ойлголоо, итгэмжлэлээ дахин авъя, өмгөөлөгч оролцох байх гэж хэлж байсныг туслах шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад тэмдэглэжээ. Шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж болохыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан. Анхан шатны шүүхээр захирамж, тогтоол-д гаргасан гомдол / Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170/, хүсэлт / Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179/-ийг хэлэлцэх шүүх хуралдааны зарыг шүүх утсаар мэдэгдэж хэвшсэн. Ж.С шүүгч биднийг өөрийг нь загнасан, доромжилсон гэсэн байх ба бид ямар ажил хийж байгаагаа, хэргийн оролцогчтой хэрхэн яаж харьцахаа мэднэ, уурлаж загнах шаардлага байхгүй, тэгэх зав ч байхгүй юм. Энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээр тогтоогдоно. Шүүх хуралдаанаар, хүсэлт гаргагч Э.Н-гийн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар гаргасан түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосон 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон ...Эрүүл мэндийн газрын даргын 2023-06-23-ны өдрийн тушаалыг шинэ илэрсэн нөхцөл байдалд тооцож, эвлэрэл баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэргийн нөхцөл байдлыг товчхон дурдвал: ...Эрүүл мэндийн газар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажилд ажиллаж байсан Э.Н-г ажлаас чөлөөлж, Ж.Б-г уг ажилд ажиллуулсан. Шүүхийн шийдвэрээр Э.Н ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилдаа орсон ба уг ажилд ажиллаж байсан Ж.Б ажлаас үндэслэлгүй чөлөөллөө, эгүүлэн тогтоолгоно гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч ...Эрүүл мэндийн газар зөвшөөрч, шүүх талуудын эвлэрлийг баталсан захирамж гаргасан, үүнийг дагуу Э.Н-г ажлаас дахин чөлөөлсөн байдаг. Шүүх эвлэрэл баталсан шүүгчийн захирамж гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гэж үзэж, захирамж гарах үед шүүхэд мэдэгдээгүй дээрх 2 баримтыг шинэ илэрсэн нөхцөл байдалд тооцож, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тогтоол гаргасан ба хэрэг дахин шийдвэрлэгдэх болсон. ...Эрүүл мэндийн газар /Ж.С/ өөрөө ийм увайгүй үйлдэл хийж шүүхийн ажлыг хүндрүүлсэн, одоо ч энэ үйлдлээ үргэлжлүүлж, мөрөөрөө ажлаа хийж буй шүүгч биднийг гүтгэсэн гомдол гарган, цаг завыг минь үрж буйд харамсаж байна. Гомдолтой байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

... шүүхийн Ерөнхий шүүгч С.Б, шүүгч И.А нарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2024/0026 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

1. Өргөдөл гаргагчаас “... шүүхээс эмнэлэгт хэвтэж байхад шүүх хуралд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр оролцох тухай шүүгчийн туслах ярьсан бөгөөд ямар нэгэн нотлох баримт авчрах тухай хэлээгүй. Мөн танай өмгөөлөгчийн хугацаа дууссан тул тус өдөр сунгуулж ирээрэй гэж хэлсэн өөр зүйл шаардаагүй болно. Ингээд миний бие эмнэлгээс гарч тус шүүх хуралд оролцохоор очиж шүүгч нарт өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан. Мөн ...Эрүүл мэндийн газрын дарга хагалгаанд орж өвчний учир чөлөөтэй байгаа тухай хэлсэн. Гэтэл тус шүүхийн шүүгч И.А, С.Б нар нь өмгөөлөгч чинь биш чиний итгэмжлэлийн хугацаа дууссан байна. Тэгэхээр тэрийг харгалзахгүй. Чи шүүхэд оролцохгүй этгээд байна. Танай дарга чинь өвчтэй чинь хаана байна гэх мэтээр доромжилж мэдэхгүй танайх өөрсдөө зохицуулах асуудал гэх мэтээр дайрч давшлан хүчээр шүүх хурлыг эхлүүлсэн байдаг.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ж.Б-гийн нэхэмжлэлтэй ... Эрүүл мэндийн газарт холбогдох иргэний хэрэгт шүүгч Т.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн тухайгаа мэдэгдсэн тул 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШШ2023/02990 дугаар шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Иргэн З.Н-ээс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШШ2023/02990 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг тухайн шүүхэд гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу З.Н-гийн хүсэлтийг хүлээн авч,  хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр явуулахаар тов тогтоосон байна.

Шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-д мэдэгдсэн байх бөгөөд тов мэдэгдсэн баримтад Ж.С-ын “ойлголоо, итгэмжлэл дахин авах, өмгөөлөгч оролцох байх” гэж хэлснийг шүүгчийн туслах тэмдэглэн авчээ.

Тухайн хэргийн хариуцагч ... Эрүүл мэндийн газраас Ж.С-д  2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1872 дугаар албан бичгээр 3 сарын хугацаатай итгэмжлэл олгосон байх ба тус итгэмжлэлийн хугацаа дууссан байгаа талаар шүүхээс мөн мэдэгдсэн байна.

Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С оролцохоор ирсэн бөгөөд хариуцагч ... Эрүүл мэндийн газраас Ж.С-д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт “Төлөөлөл дараах үндэслэлээр дуусгавар болно”, 67.2.6-т “бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан” гэж заасны дагуу дуусгавар болсон, тэрээр дахин шинэ итгэмжлэл авчраагүй нь түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй  нөхцөл байдлыг үүсгэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ”, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт “Шүүх оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэж заасны дагуу шүүгч шүүх хуралдааны явцад оролцогч нарын биеийн байцаалт, төлөөлөх бүрэн эрхийг нэг бүрчлэн шалгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрхийн хугацаа дууссантай нь холбогдуулан түүнийг гаргасан хүсэлтийг хүлээн авалгүй, ажиглагчаар оролцуулсан нь үндэслэлтэй байх тул дээрх үндэслэлээр шүүгч нарыг буруутгах боломжгүй.

             Нөгөөтэйгөөр, хэргийн оролцогч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрт нь олгосон итгэмжлэлийн хугацааг нягталж хуралдаанд оролцох нь түүний үүрэг юм.

            2. Мөн “... газрын дарга хагалгаанд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орсон гэж тайлбарлатал тайлбар хүлээж авахгүй, хагалгаанд орсон бол тэр бичиг чинь хаана гэх доромж үг ашиглаж ёжлон танайх өөрсдөө зохицуулах ажил манайд ямар хамаатай гэж дайрч давшилсан” гэж өргөдөлд дурдсан.

            Иргэн З.Н-ээс гаргасан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШШ2023/02990 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч С.Б, шүүгч И.А, Х.Д нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцжээ.

 Шалгах ажиллагааны явцад тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлийг сахилгын хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлээс үзвэл шүүгч нар хэргийн оролцогч нартай зүй бус харилцсан, доромж үг ашиглаж ёжилсон,  дайрч давшилсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”  гэж заасны дагуу даргалагч шүүгч болон шүүх бүрэлдэхүүн хуульд заасан дэгийн дагуу шүүх хуралдааныг удирдан явуулсан байх тул шүүгч нарыг дээрх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

            3. Өргөдөл гаргагч “... шүүгч нар эрх мэдлээ урвуулан тэдний талд шийдвэр гаргасан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, шүүх ажиллагааг илт хууль бусаар хийсэн” гэжээ

            ... шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 000/ШТ2024/0037 дугаар тогтоолоор иргэн З.Н-ээс шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хангаж, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШШ2023/02990 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 180 дугаар зүйлийн 180.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана”, 181 дүгээр зүйлийн 181.5 дахь хэсэгт “Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана”, 181.6 дахь хэсэгт “Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоосон нөхцөлд шүүхийн урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ” гэжээ.

            Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул тухайн өргөдлийн үндэслэлээр шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

            Түүнчлэн Монгол Улсын ерөнхийлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаар зарлигаар шүүгч С.Б-ыг хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулан ... шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхээс үзвэл илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн Ерөнхий шүүгч С.Б, шүүгч И.А нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон     ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ГС/2024/0049 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн Ерөнхий шүүгч С.Б, шүүгч И.А нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

            4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                              Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                    О.НОМУУЛИН

                                                                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН