МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-24
Дугаар 86
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Л.Д-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...шүүгч Л.Д- нь 2018 онд хөрөнгө орлогын мэдүүлэгт нэр бүхий 2 иргэнээс авсан 6,000,000 төгрөгийн зээл болон өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад түрээслүүлж олсон орлого болох 1,400,000 төгрөгийн орлогыг тус тус мэдүүлээгүй сахилгын зөрчил гаргасан боловч уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Авилгатай тэмцэх газрын өргөдөлд “...шүүгч Л.Д- нь 2018 онд нэр бүхий 2 иргэнээс авсан 6,000,000 төгрөгийн зээл болон өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад түрээслүүлсний орлогыг мэдүүлээгүй тул хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа “... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2018 оны 9-12 сарын түрээсийн орлого 1,400,000 төгрөгийг мэдүүлээгүй байна. Би 2010 онд хүндээр өвчилж, энэ хугацаанаас хойш Солонгос улсад эмчилгээ хийлгэж байсан. Ингээд 2018 онд нөхрийн дүү Г.Э-с 6,000,000 төгрөг зээлж эмчилгээндээ хэрэглээд мөн ондоо төлж барагдуулсан. Нэгэнт төлж барагдуулсан тул мэдүүлэх шаардлагагүй гэж үзсэн...” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч Л.Д- нь 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад түрээслүүлсний орлого 1,400,000 төгрөг, мөн бусдаас зээлсэн 6,000,000 төгрөгийг тус тус мэдүүлээгүй болох нь тогтоогджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар шүүгч нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэж заасан.
Шүүгч нь хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчил гаргасан боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар түүнд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Л.Д-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН