info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-05-08

Дугаар 50

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

.... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-д  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2024/0053 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Илтгэгч гишүүний саналд: “ ...”Х” НҮТББ, “А” НҮТББ, “Ш” НҮТББ нарын .... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-д  холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...хэрэг хянан шийдвэрлэх хугацааг санаатай удаашруулан, хуулийн хугацааг хэтрүүлж, хариуцагчид давуу байдал олгох боломж бүрдүүлсэн...” гэж тодорхойлсон.

Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн .../ШЗ2023/0174 дүгээр захирамжаар “А” НҮТББ, “Ш ОНСХ” НҮТББ нарын ... аймгийн .... сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “... аймгийн .... сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн газрын ховор элемент, цацраг идэвхт бодисын илэрц бүхий газарт “М ” ХХК-ны эзэмшиж буй 12....А болон 6...А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2023 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг баталсан ... сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагч 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариу тайлбараа ирүүлсэн, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн .../ШЗ2023/0245 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор, Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .../ЗТ2023/0066 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор тус тус сунгасан, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн .../ШШ2024/0015 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд нэр бүхий шүүгч нь дээрх нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэснээс хойш 5 сар 20 хоногийн дараа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.

Ийнхүү хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн шалтгаан нь:

... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн .../ЗТ2023/0054 дугаар тогтоолоор шүүгч С.О  ээлжийн амралтаа авч байгаа үндэслэлээр ерөнхий шүүгч Г.Я-д 5 нэхэмжлэл, 33 хэрэг шилжүүлсний дотор “Ш ОНСХ” ТББ нарын нэхэмжлэлтэй хэрэг багтсан байх бөгөөд шүүгч С.О-ийн ээлжийн амралт дууссан тул Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн .../ЗТ2023/0055 тогтоолоор ерөнхий шүүгч Г.Я-с  1 нэхэмжлэл, 34 хэргийг буцаан шилжүүлсэн,

Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .../ЗТ2024/0006 тогтоолоор шүүгч С.О-д Улаанбаатар хотод хагалгаанд орох болсон үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нэг сарын чөлөө олгож тус өдрийн .../ЗТ2024/0007 дугаар тогтоолоор ерөнхий шүүгч Г.Я-д 1 нэхэмжлэл, 25 хэрэг, 3 өргөдөл шилжүүлсний дотор уг захиргааны хэрэг багтсан, шүүгч С.О-ийн чөлөөний хугацаа дууссан тул 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн .../ЗТ2024/0018 дугаар тогтоолоор ерөнхий шүүгч Г.Я-с  24 хэргийг буцаан шилжүүлсэн,

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар хэргийн материалтай танилцаж 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч талаас “нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байгаа тул эвлэрэх боломж олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан,

Хариуцагчаас гаргасан хүсэлтийг тодруулж шүүгчийн туслах 2023 оны 12 дугаар сарын 26, 27, 2024 оны 02 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд тус тус хариуцагчтай холбогдож байсан зэрэг үйл баримтуудтай холбоотой болох нь нотлогдсон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан гэж ойлгоно.

Дээр дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан зохицуулалт нь хэнд ч илэрхий ойлгомжтой, маргаангүй хуулийн илт тодорхой заалт мөн боловч уг заалтыг зөрчсөн үйлдэл “ноцтой байх” хуулийн урьдач нөхцөл бий болоогүй гэж илтгэгч гишүүн үзлээ.

Тодруулбал, шүүгч С.О  нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “А” НҮТББ, “Ш ОНСХ” НҮТББ нарын ... аймгийн .... сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны  хэрэг үүсгэснээс хойш 10 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл өвчний учир чөлөөтэй байсан, хариуцагч талаас нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргаж улмаар уг хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийвэл түүнийг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хайнга хандаж хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” болон “удаа дараа” зөрчсөнд хамааруулах боломжгүй юм.

Харин шүүгч С.О-ийн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 35 нэхэмжлэл хүлээн авч хэрэг үүсгэсэн, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 46, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 29-ний өдөр хүртэл 18 хурал товлон зарлаж их ачаалалтай байсан гэх тайлбарын тухайд хүлээн авах боломжгүй, хэтийдсэн ачааллын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.

Иймд .... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-д  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч С.О  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Манай шүүхийн ерөнхий шүүгч өндөр насны тэтгэвэрт гарснаар 2023 оны 6 сараас хойш 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Шүүгч Г.Я 8 сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтаа эдлэх болж тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах болон шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 4.2. “Ээлжийн амралтаа эдэлж эхлэхээс ажлын 10 хоногийн өмнө шүүгчид хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, даалгавар хуваарилахыг зогсоож, ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орсон өдрөөс эхлэн хуваарилна.” зааснаар 2023 оны 07 сарын 24-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл, хэрэг хуваарилалтыг зогсоосон.

Ганцаараа ажиллах хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд ажлын 7 хоногийн дотор 22 нэхэмжлэл, 8 сард 11 нэхэмжлэл, 9 сарын 20-ыг хүртэл хугацаанд 6 нэхэмжлэл нийт 2 сарын хугацаанд 39 нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж ачаалалттай ажилласан.

Гомдол гаргагч нарын нэхэмжлэлийн тухайд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 9 сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн мөн сарын 15-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гаргуулж хариуцагчаас 9 дүгээр сарын 28-ны өдөр хариу тайлбарыг ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж эхэлсэн.

2023 оны 9 дүгээр сарын 28-аас 30-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 90 жилийн ойн нэрэмжит шүүхүүдийн дунд зохион байгуулагдах спортын наадам, 10 дугаар сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарын сургалтад оролцохоор Улаанбаатар хот руу явах, улмаар 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэхээр болсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн .../ЗТ2023/0054 дүгээр тогтоолоор өөрт хуваарилагдсан 5 нэхэмжлэл, 33 хэргийг Г.Я шүүгчид шилжүүлсэн. Ээлжийн амралтаа биеэр эдэлж дуусган 2023 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр ажилдаа орж мөн өдөр шүүгчдийн зөвлөгөөний .../ЗТ2023/0055 дугаар тогтоолоор 1 нэхэмжлэл, 34 хэргийг хүлээн авсан. Ажилд орсон 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 11 сард нийт товлон зарласан болон хойшлуулсан 13 шүүх хурал, 12 сард 25 шүүх хуралдааныг даргалж явуулсан.

Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 сарын хугацаатай чөлөө авч Улаанбаатар хотод эмчилгээнд явах шаардлагатай болсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .../ЗТ2024/0007 дугаар тогтоолоор хэргээ Г.Я шүүгчид шилжүүлсэн. Чөлөөний хугацаа дуусаж, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орж, 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 18 шүүх хуралдааныг даргалан явуулсан.

Гомдол гаргагч нарын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх шүүх хурлыг товлон зарлаагүй шалтгааны тухайд: Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд 7, 8 сард захиргааны хэрэг үүсгэсэн хэргүүдийн шүүх хуралдаан товлон зарлагдсан, нэмж шүүх хурал зарлах цаг хугацаа, боломж муутай байсан, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хэргийн материалтай танилцсанаас хойш ямар нэгэн хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхэд дахин ирээгүй, гуравдугаарт, хэргийн оролцогчдоос шүүх хурал товлох талаар санал, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд хариуцагч 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирж хэргийн материалтай танилцаад маргаанаа эвлэрч дуусгах боломжтой талаар тайлбарлаж, эвлэрэн хэлэлцэх боломжит хугацаа олгох талаар хүсэлт гаргасан, дөрөвдүгээрт, талууд эвлэрэн хэлэлцсэн эсэх талаар хариуцагчаас тодруулахаар удаа дараа холбогдсон боловч зарим тохиолдолд утас нь холбогдохгүй, мөн албан ажлаар хөдөөгийн багт ажиллаж байгаа, аймгийн төв орох боломжгүй байна гэх шалтгааныг тоочиж шүүхэд ирээгүй боловч нэхэмжлэгчтэй эвлэрч байгаа гэдгээ амаар илэрхийлсээр байсан.

Дээрх бодит нөхцөл байдлын улмаас хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн боловч шүүгч миний зүгээс хэн нэгэнд давуу байдал үүсгэх ашиг сонирхол огтоос байгаагүй болохыг хариуцлагатайгаар хэлье. Мөн шүүгчийн зүгээс хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан ямар нэгэн үйлдэл гаргаагүй, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс ч шүүгчид нөлөөлөх оролдлого бүхий үйлдэл гаргаагүй болохыг тэмдэглэж байна. Улмаар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 3 сарын 4-ний өдөр хийхээр 2 дугаар сарын 28-ны өдөр товлон зарласан ба урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд шүүгч би Шүүхийн тухай хуульд 16 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ зөрчөөгүй, мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох ямар нэгэн зүйл хийгээгүй учраас сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

“Х” НҮТББ, “А” НҮТББ, “Ш” НҮТББ нарын .... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-д  холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ГЗҮ/2024/0022 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2024/0019 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Өргөдөл гаргагч нараас: “...хэрэг хянан шийдвэрлэх хугацааг санаатай удаашруулан, хуулийн хугацааг хэтрүүлж, хариуцагчид давуу байдал олгох боломж бүрдүүлсэн” гэж тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл “Х” НҮТББ, “А” НҮТББ, “Ш” НҮТББ нар нь ... аймгийн .... сумын Засаг даргад холбогдуулан “... аймгийн .... сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн газрын ховор элемент, цацраг идэвхт бодисын илэрц бүхий газарт “М ” ХХК-ны эзэмшиж буй 12....А болон 6...А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2023 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг баталсан ... сумын Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн .../ШЗ2023/0174 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

Захиргааны хэрэг үүсгэснээс хойш 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагч 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хариу тайлбараа ирүүлсэн, шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн .../ШЗ2023/0245 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор, Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн .../ЗТ2023/0066 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор тус тус сунгасан, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн .../ШШ2024/0015 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Холбогдох шүүгч тайлбартаа “... Ганцаараа ажиллах хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд ажлын 7 хоногийн дотор 22 нэхэмжлэл, 8 сард 11 нэхэмжлэл, 9 сарын 20-ыг хүртэл хугацаанд 6 нэхэмжлэл нийт 2 сарын хугацаанд 39 нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж ачаалалттай ажилласан, ...Ээлжийн амралт эдлэхээр болсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн .../ЗТ2023/0054 дүгээр тогтоолоор өөрт хуваарилагдсан 5 нэхэмжлэл, 33 хэргийг Г.Я шүүгчид шилжүүлсэн. Ажилд орсон 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 11 сард нийт товлон зарласан болон хойшлуулсан 13 шүүх хурал, 12 сард 25 шүүх хуралдааныг даргалж явуулсан, ...Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1 сарын хугацаатай чөлөө авч Улаанбаатар хотод эмчилгээнд явах шаардлагатай болсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .../ЗТ2024/0007 дугаар тогтоолоор хэргээ Г.Я шүүгчид шилжүүлсэн. Чөлөөний хугацаа дуусаж, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орж, 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 18 шүүх хуралдааныг даргалан явуулсан” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 63.3-д “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд холбогдох шүүгч нь ээлжийн амралттай болон тодорхой хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авч хэргийг Ерөнхий шүүгч Г.Я-д шилжүүлсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж болох хэдий ч ажлын ачааллын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн ноцтой үйлдлийг, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж тус тус ойлгоно.

Шүүгч С.О  захиргааны хэрэг үүсгэснээс хойш 5 сар 20 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг огт явуулалгүй хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн зөрчил үйлдсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх боловч шүүгчийн дээрх үйлдлийг шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн ноцтой зөрчилд тооцохгүй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой”, “удаа дараа” байх урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна.

Тодруулбал, “удаа дараа” гэдэг нь хоёр ба түүнээс дээш удаа гэж ойлгогдох бөгөөд сахилгын хэрэгт баримтаас үзвэл шүүгч С.О  нь хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин холбогдох шүүгч нь шүүгчид хориглосон хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд “удаа дараа” гэх ойлголтод хамаарах тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, .... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-д  холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0053 дугаар саналыг хүлээн авч, .... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О-д  холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

            ГИШҮҮН                                         Г.ЦАГААНЦООЖ

                                                                  Х.ХАШБААТАР