МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-05-21
Дугаар 53
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч Д.Д /цахимаар/ нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шатны шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Д.Д өргөдөлдөө: “... шүүгч Ц.М нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ЗШ/1..4 дүгээр захирамжийг гаргахдаа миний болон өмгөөлөгч Л.Н-ийн гаргасан хүсэлт, тайлбар хоёрыг хууль эрх зүйн хүрээнд шинжлэн судалж өгөөгүй уг шийдвэрээ гаргасан нь миний эрх ашгийг хязгаарлан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Шүүгчийн албаны тухай” хуулийн ёс зүйн хэр хэмжээг илтээр ноцтой зөрчсөн... 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 09 цаг 00 минутад шүүгдэгч Д.Д надад холбогдох шүүх хурлын тов зарлагдсан байсан боловч шүүгч Ц.М тухайн өдрийн 12 цаг 00 минут өнгөрч байх үед гаднаас ажилдаа ирж шүүх хуралдаан 12 цаг 24 минутад эхэлсэн. ...шүүгч өөрийн хариуцлагагүй байдлаас улбаатай шүүх хуралдааны дэгийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн 2023/ЗШ/1..4 дугаартай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр” болох эсэхэд дүгнэлт хийх зэрэг даалгавар өгсөн нь прокурор эрүүгийн 2........9 дугаартай хэргийн яллах зүйл ангийг 17.3-2.2-с 17.3-3.1 болгон өөрчилсөн нь хавтаст хэргийн материалд авагдсан цагаатгах нотлох баримтуудыг илт үгүйсгэн хуулийг гажуудуулж байна. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг авч хэлэлцэлгүй шүүгчийн 2023/ЗШ/1..4 дүгээр захирамжийг гомдол гаргах эрхгүй гаргасан ба уг хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хойшлуулсан. ... өмгөөлөгч Л.Н шүүх бүрэлдэхүүнээс татгалзахад шүүгч Ц.М өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир ямар нэг шийдвэр гаргахгүй хэмээн шүүх хуралдаан хаасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уг бүрэлдэхүүн дахин томилогдсон. Мөн миний цагдан хорих хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуусаж сунгааны шүүх хурал болоогүй бөгөөд шүүгчийн цагдан хорих хугацааг сунгасан захирамжтай танилцах хүсэлтээ хорих ... дүгээр ангийн тоо бүртгэлийн албанд өгөхөд ажилтан нь “шүүгчтэй утсаар холбогдсон сунгана” гэж хэлсэн гэснээс өөр хариу өгөөгүй ба цагдан хорих хугацааг сунгасан шүүгчийн захирамж 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн зэрэг нь миний батлан даалтад гарч барилгын захиалагч нарын хохирол төлбөрийг барагдуулах боломжийг хясан боогдуулж яллах талыг хэт барьж байна...” гэжээ.
Шүүгч Ц.М тайлбартаа: “... Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн аваад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дангаар хянан хэлэлцээд 1..4 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 9 цаг хүртэл хойшлуулсан.
... дүүргийн прокурорын 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 0.. дугаар тогтоолоор шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид гардуулж, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний 17 цагт ... шатны шүүхэд ирүүлсэн. Тус хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөнөөр шүүгдэгчид оногдуулах ялын хэмжээ таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх шаардлагатай болсон.
Улмаар 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр тус дүүргийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хуралдаан даргалагчаар шүүгч Ц.М, бүрэлдэхүүнд шүүгч А.А, Б.Б нарыг томилсон шийдвэрийг албажуулсан.
Шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч А.А нь 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 9, 11 цагаас шүүх хуралдаан товлон зарлаж, хэргийг хянан хэлэлцэж байсан тул 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 9 цагт товлогдсон шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан товлосон цагтаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, дээрх шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хуралдаан эхэлсэн болно.
2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 12 цаг 15 минутад шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийн хуралдаан эхэлсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н “шүүх бүрэлдэхүүнийг” татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ерөнхий шүүгчид танилцуулж, шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх бүрэлдэхүүн татгалзагдсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй болсон. Иймд тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг заасан.
2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дараагийн шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүн татгалзагдсан, өөрөөр хэлбэл шүүх хуралдаан үргэлжлэх боломжгүй учир таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой аливаа асуудлыг хэлэлцэхгүй урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлэхийг тайлбарлаж өгсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж заасны дагуу гомдол гаргах эрхгүйг дурджээ. Иймд шүүх хуралдаан хойшилсон хугацаанд аливаа гомдол, хүсэлт хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Тус хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа ба хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад Сахилгын хороонд ийнхүү гомдол гаргаж байгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхөөр оролдож байгаа оролдлого гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
... шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4.. дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Д-ыг бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан, ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 9.. дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Уг хэрэг ... шатны шүүхийн шүүгч Ц.М-д хуваарилагдсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1..8 дугаар захирамжаар албажуулсан байна.
Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1..4 дүгээр захирамжаар тухайн эрүүгийн хэрэгт тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
... дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн.
Уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.М, бүрэлдэхүүнд шүүгч А.А, Б.Б нарыг томилогдсоныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5.. дугаар захирамжаар албажуулсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул уг хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан, Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6.. дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол ... шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ”, 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан.
Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж шүүх хуралдааныг хойшлуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н, Г.И нарын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээгээр солих” тухай хүсэлтийг шийдвэрлэн “... урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн, энэ талаар захирамжид тодорхой дурдсан байна. Иймд өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, орхигдуулсан гэж үзэхгүй.
2. Прокуророос шүүгдэгч Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба энэхүү зүйлд таван жилээс арван хоёр хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан.
Энэ тохиолдолд уг хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх тул тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5.. дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.А, Б.Б нарыг томилжээ.
Бүрэлдэхүүний шүүгч А.А нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 09 цаг болон 11 цагаас тус тус шүүх хуралдаан товлон зарласан байсан, тухайн хурлууд мөн цагтаа хийгдсэн, хурал дууссаны дараа шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 12 цаг 15 минутад эхэлсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд өргөдөлд дурдсан “... тухайн өдөр шүүгч ажилдаа хоцорч ирсэн, үүний улмаас шүүх хуралдаан цагтаа эхлээгүй, шүүгч Ц.М шүүх хуралдааны дэгийг зөрчсөн” гэх гомдол тогтоогдохгүй байна.
3. ... шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1..4 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар “Дараагийн шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх”-ээр шийдвэрлэж шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул мөн өдрийн 05 дугаар тогтоолоор татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж, энэ тогтоолын 2 дахь заалтаар дараагийн шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
... шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээгүй, татгалзан гаргах хүсэлт шийдвэрлүүлэхээр хойшилсон, энэ тохиолдолд татгалзагдсан шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хугацааг сунгах, хүсэлт шийдвэрлэх эрхгүй тул өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Иймд “... цагдан хорих хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дуусаж сунгааны шүүх хурал болоогүй ...цагдан хорих хугацааг сунгасан шүүгчийн захирамж 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн зэрэг нь батлан даалтад гарч барилгын захиалагч нарын хохирол төлбөрийг барагдуулах боломжийг хясан боогдуулж яллах талыг хэт барьж байна” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шатны шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН