МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-05-29
Дугаар 58
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч С.М нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
С.М өргөдөлдөө: “... Ерөнхий шүүгч Б.Г нь тус аймгийн цагдаагийн ахмад, дарга Л.Б-ын нөлөөнд орж ашиг сонирхлын зөрчил гарган Монгол Улсын шүүхийн тухай хууль зөрчсөн. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч С.Э-д холбогдох эрүүгийн хэргийн 1... дугаар шийтгэх тогтоолд анхан шатны шүүгч Д.Б шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч Л.Б-ын зүгээс нотлох баримт гэж гарган өгсөн CD-г хууль дүрмийн дагуу шинжлэн судлаад тус CD-г хууль зөрчсөн нотлох баримт байгаа учир 1... дугаар шийтгэх тогтоолд нотлох баримтаар тооцохгүй гэсэн шийдвэр гаргасан байхад Ерөнхий шүүгч Б.Г нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын дээд шүүхэд 1... дугаар албан бичигт уг CD-г хэргийн хамт нотлох баримтаар тооцон хүргүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны хурлын тогтоол авахаар шүүх дээр очиход шүүхийн Тамгын газрын ажилтан надад өмгөөлөгч Л.Б, прокурор Б.Б нарын дээд шүүхэд гаргасан эсэргүүцэл, гомдлыг гардуулсан болно. Ерөнхий шүүгч Б.Г үүгээр тогтоогүй 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1.......5 хэргийн 2... дугаар шийтгэх тогтоолд анхан шатны шүүх нотлох баримт болох уг CD-г хэлэлцүүлгийн явцад хавтаст хэргээс өмгөөлөгч, прокурор нараар хасуулах хүсэлт гаргуулж байсныг дурдах нь зүйтэй байх тэгээд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоход устгах шийдвэр 2... дугаар тогтоолд байдаг. Хохирогч би хуулийн дагуу уг CD-г хавтаст хэргээс хасуулахгүй, байж байг, мөн устгуулахгүйн тулд дээд шат болох давж заалдах шатанд гомдол гарган анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах шатны хурал дээр CD-г шинжлэн судлуулах хүсэлт гарган үүнийгээ давж заалдах шатны шүүх ханган 10 гаран минут зарцуулахад CD-н дээрх яриа бичлэг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад устгасан байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Үүний дараа би дээд шүүхэд яг энэ үндэслэлээр CD-ний талаар гомдол гаргасан. ... Ерөнхий шүүгч Б.Г миний гомдлоор 1.......5 хавтаст хэргийн материалыг албан бичгээр явуулахдаа уг CD-г явуулаагүй байсныг би давж заалдах шатны даргалагч шүүгч Б.Б-ийн 2022 онд Шүүхийн сахилгын хороонд өгсөн тайлбараас нь би олж мэдсэн. Дараагийн нэг асуудал би Ерөнхий шүүгч Б.Г-д хандаж анхан шатны шүүгчийг солих хүсэлт 2021 оны 10 дугаар сарын эхээр гаргасан. Хариу нь 2021 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гарсан байдаг. Мөн миний хүсэлтэд шүүх хурлын өмнө урьдчилсан хэлэлцүүлэг хийхийг хүссэн байсан. Би хүсэлтийнхээ хариуг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Шүүх хурлын тов 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болно гэдгийг шүүхээс надад 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу амралтын өдөр утсаар мэдэгдсэн. ...шүүх малаа хулгайд алдсан иргэнээ ингэж хохироож байна. Энэ үйлдлийг өмгөөлөгч Л.Б захиалж, Ерөнхий шүүгч Б.Г-ийн заавар гэдэг нь ойлгомжтой байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль зөрчдөг Ерөнхий шүүгч Б.Г-д сахилгын хэрэг үүсгэн шалгаж хариуцлага тооцохыг хүсэж байна. Уг CD-г өмгөөлөгч Л.Б төрийн байгууллагын байранд манай эхнэрийн ярихыг өөрт нь хэлэлгүй мөрдөн шалгах зорилготой утсаараа хийсэн гэдгийг дурдах нь зүйтэй байна” гэжээ.
Шүүгч Б.Г тайлбартаа: “...прокурорын газраас С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэг тус шүүхийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн системээс шүүгч Д.Б-д хуваарилагдаж шийдвэрлэгдсэн байна. Уг хэргийн хохирогч С.М нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүгч Д.Б-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан. 2021/ЕШ3/3... дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар хохирогч С.М-ын хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч С.Э-д холбогдох хэрэгт дээрх Ерөнхий шүүгчийн захирамжаас өөр Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан эрхийн акт гаргаагүй байна.
Давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдэд тухайн хэргийг давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрхтэй этгээдүүд гомдол гаргавал тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн гомдлыг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид хүлээлгэж өгдөг. Шүүгч болон шүүгчийн туслах нар хуулиар олгогдсон ажиллагаануудыг хийж гүйцэтгэн хэрэг хүргүүлэх тухай албан тоот төлөвлөж Ерөнхий шүүгчид уг албан тоот дээр гарын үсэг зурж, тухайн хэргийг хянан шийдсэн шүүгч, шүүгчийн туслах хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шилжүүлдэг бөгөөд шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат бүрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд тус тус нарийвчлан зохицуулсан.
С.Э-д холбогдох хэргийг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1... тоот албан бичгээр хэрэгт хураагдсан CD-г хамт Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байх ба энэ нь шүүхэд албан хэрэг хөтлөх журамд заасны дагуу үйлдэгдэж буй албан бичиг мөн бөгөөд харин иргэн Д.М-ын гомдолд дурдсан нотлох баримтаар тооцож буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхийн акт биш юм. Мөн С.Э-д холбогдох хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3.. дугаар албан тоотоор, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5... дугаартай албан тоотоор тус тус давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргүүлсэн байх ба ингэхдээ албан бичигт хэрэгт хураагдсан CD-ны талаар дурдагдаагүй байх боловч уг CD нь хэргийн хамт давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргэгдсэн болох нь хавтаст хэргийн материалаас харагдаж байх бөгөөд албан бичигт CD-ны талаар дурдагдаагүй нь уг CD давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хүргэгдээгүй гэсэн ойлголт биш ба хэрэг болон хэрэгт хураагдсан бусад баримтын хамт бүхэлдээ шилжсэн байна. Дээрх албан бичгүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамааралгүй, хэргийн оролцогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын болон бусад материаллаг эрхүүдийг зөрчсөн хязгаарласан эрхийн акт огт биш ба Шүүхэд албан хэрэг хөтлөх журамд заасны дагуу үйлдэгдэж хэргийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдэд хүргүүлэхэд хэрэглэгдэж буй албан бичиг бөгөөд шүүхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч тэргүүлнэ гэж Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан тул хэрэг шилжүүлэх болон бусад албан тоот дээр Ерөнхий шүүгч гарын үсэг зурж албан бичгийг баталгаажуулдаг болно. Иймд надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
1. ... шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 1... дугаар шийтгэх тогтоолоор бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулжээ.
2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1... дугаар тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
2. ... Прокурорын газар С.Э-д 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. ... шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2... дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан.
... давж заалдах шатны шүүх хохирогч С.М, шүүгдэгч С.Э нарын давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0.. дугаар магадлалаар 2... дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1... дугаар тогтоолоор хохирогч С.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
3. ... шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/1.. дүгээр тушаалаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий комиссыг байгуулсан, тус комиссын хуралдаанаар устгах эд мөрийн баримтын жагсаалтыг гаргасан ба 284 дүгээр шийтгэх тогтоолын дагуу 1 ширхэг CD-г 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр устгаж, энэ тухай акт үйлджээ.
4. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2.. дугаар магадлалаар ... шатны шүүхийн шүүгч Д.Б, ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар ... шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2.. дүгээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна. Уг тогтоолоор “... шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-аас хохирогч С.М-ын эхнэртэй уулзаж ярилцсан талаар яриагаа утсан дээр бичиж үүнийг CD болгож эд мөрийн баримтаар гаргаж шинжлэн судлуулсан бөгөөд уг ярианы бичлэг бүхий CD нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтад мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4-д зааснаар нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ ....эсвэл тэдний нэр төрийг доромжлох, хүнлэг бус, ... зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно гэснийг зөрчсөн,... гэж дүгнээд нотлох баримтаар тооцоогүй ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа CD-г устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хохирогч С.М-ын “... CD-г хавтас хэргээс хасуулж, устгахыг эсэргүүцэж, хэрэгт хэвээр үлдээх ...” гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хүргүүлсэн ... шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 1... , 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 5... тоот албан бичигт Ерөнхий шүүгч Б.Г тус тус гарын үсэг зурсан байх ба 1... дугаар албан бичигт “... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хүргүүлсэн болно” гэжээ.
Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан.
Түүнчлэн шүүхийн Ерөнхий зөвлөл нь мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.13-т зааснаар хэргийн хөдөлгөөний нэгдсэн аргачлал, загвар батлах, мөрдүүлэх бүрэн эрхтэй ба тус зөвлөлийн 2022 оны 5... дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.19.1.-д “Шүүгчийн туслах хэрэг хүргүүлэх албан бичгийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, эсхүл түүний эзгүйд томилсон шүүгчээр гарын үсэг зуруулж, давж заалдах, хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарын хамт хэрэгт хавсаргана. Хэрэг хүргүүлэх албан бичигт хэргийн дугаар, шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, шүүхийн шийдвэрийн он, сан, өдөр, дугаар, хавтас, хуудасны тоо, хавсаргасан бичгийн болон эд мөрийн баримт зэргийг тодорхой дурдана” гэжээ.
Ерөнхий шүүгч Б.Г нь С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүхэд хэрэг хүргүүлэх албан бичигт гарын үсэг зурсан, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г дурдсан нь хууль болон журмын хүрээнд хийгдсэн ба энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Түүнчлэн эдгээр албан бичигт “... эд мөрийн баримтаар хураагдсан CD-г нотлох баримтаар тооцон хүргүүлсэн” гэх агуулга тусгагдаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
2. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад хохирогч С.М нь шүүгч Д.Б-ийг татгалзан гаргах хүсэлтдээ “... шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-тай өмнө нь Цагдаагийн газар хамт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан ...” гэх үндэслэл дурджээ.
... шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3... дүгээр захирамжаар С.М-ын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-т заасныг зөрчөөгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно”, 45 дугаар зүйлийн 45.1-т “тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон, бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэж тус тус заасан.
Өргөдөлд дурдсан эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад Ерөнхий шүүгч Б.Г шүүн таслах ажиллагаанд нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
3. Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2... дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээснээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба эд мөрийн баримт болох CD-г 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн актаар устгажээ.
Өргөдөл гаргагчийн өмнө гаргасан “... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад CD-г устгасан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2... дугаар магадлал хүчин төгөлдөр байна.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2-т зааснаар энэ асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц. ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР