МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-05-16
Дугаар 52
Улаанбаатар хот
Сахилгын зөрчлийг нотлох
дүгнэлтийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгт холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Б.Сугар хүлээн авч хянаад, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГЗҮ/2024/...9 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ГНД/2024/...1 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын гаргасан Б.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай дүгнэлттэй хэргийн материалыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Л.Одончимэг даргалж, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байх бөгөөд прокурор С.Ц, шийдвэр гүйцэтгэгч Ц.О нар биечлэн, /өргөдөл гаргагч/ Б.Б цахимаар оролцсон байна.
Шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж, бичлэг тус бүрийг үзэн үзлэгийн тэмдэглэл хийж баримтжуулахад даргалагч шүүгч Л.Одончимэг нь шүүх хуралдааныг хуульд заасан дэг, дарааллын дагуу явуулсан бөгөөд хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, ялгаварласан үг үйлдэл гаргаагүй, ялтан болон бусад оролцогчдыг дүгнэлт, тайлбараа хэлэх боломжоор тэгш хангаж, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Тухайн бичлэгээс үзэхэд оролцогч хэн алины тайлбар хэлэх эрхийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Өргөдөлд дурдагдаж буй шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд нийт 1 цаг 01 минут 09 секундийн хугацаанд үргэлжилсэн шүүх хуралдааны явцад прокурор дүгнэлт, эрх бүхий албан тушаалтан санал, ялтан тайлбар, хүсэлтээ хэлж байх үед холбогдох шүүгч Л.Одончимэг 13 удаа гар утас ашиглаж байсан бөгөөд үүнийг тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамаарал бүхий зорилгоор хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.
Иймд шүүх хуралдааны явцад шүүгчийн утсаар ярьсан үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэх шүүгчид хориглосон заалтад хамаарч байна.
Түүнчлэн холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.34-т заасан зөрчлүүдийг гаргасан гэж дүгнэж, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн СХМ/2023/0...7 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” магадлалаар “хаалттай сануулах” сахилгын шийтгэл хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд шүүгч Л.Одончимэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т заасан зөрчил гаргасан үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Л.Одончимэг тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг би Б.Б-д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 1/....4 дугаарын хувийн хэргийн материалыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан С овогт Б-ын Б-д Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ...3 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ...4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил б сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн 3 жил, 5 сар, 21 хоногийн хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтад, байнга оршин суух газар буюу ...тоот хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 3 жил, 10 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурван/ жил, 10 /арав/ хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн.
Б.Б гомдолдоо "...гар утсаараа удаа дараа оролдсон, энэ нь Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчид хориглосон үйлдэлд хамаарч байна..." гэжээ.
Шүүгч Л.Одончимэг миний бие Б.Б-д холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 1/....4 дугаарын хувийн хэргийн материалыг хянан хэлэлцэхдээ Б.Б-н шүүх хуралдаанд өгсөн "...2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...3 дугаар захирамжаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Уг захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөрчиж өршөөл үзүүлсэн гэж анхан шатны шүүхийн ...3 дугаар захирамжийг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан.
Анхан шатны шүүх уг асуудлыг 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээж аван, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаанаар прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргасан. Б.Б-д Өршөөлийн хууль хэрэглэх ёстой байсан.
Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарч, уг шийдвэр гарч байгаатай холбогдуулан 3 жил 10 хоногийг урьд эдэлж байсан хаалттай дэглэмд эдлүүлсүгэй гэсэн. Уг хурлуудад би онлайнаар оролцсон. Давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрүүд таны өмнө байгаа материалд авагдаагүй..." гэх мэдүүлгийн дагуу Монгол улсын шийдвэрийн цахим сан руу нэвтэрч тухайн шийдвэр цахим санд орсон эсэхийг шалгасан боловч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн материалыг хянан хэлэлцсэн шийдвэр уг сангаас харах боломжгүй байсан тул шүүхийн дотоод чатаар туслахаа дуудаж Б.Б-н мэдүүлж байгаа асуудлын талаар тодруул гэж хэлсэн. Энэ хугацаанд шүүгч миний бие мөн шийдвэрийг цахим сангаас хайж байсан.
Ингээд туслах Ж.Б Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтантай 70375162 дугаарын утсаар, мөн тус шүүхийн шүүгч Г.Г-ын туслах н.Б-той 9...7 дугаарын утсаар холбогдон лавласан.
Шүүх хуралдааны явцад шүүгч ямар нэгэн дүрэм, журам, хууль тогтоомж, бусад шүүхийн шийдвэрийг цахим сангаас хайхдаа утсаа ашиглахаас өөр нөхцөл боломжоор хангагдаагүй болно.
Иймд шүүгч Л.Одончимэг миний бие Б.Б-н гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Б.Б “шүүгч Л.Одончимэг нь шүүх хуралдаанд оролцогчдыг тэгш эрхтэй гээд тайлбар хэлэх эрхийг удаа дараа зөрчсөн буюу намайг үндэслэл бүхий ач холбогдолтой тайлбар хэлэх болгонд гүйцэт хэлүүлэхгүй удаа дараа тасалж байсан;
шүүх хуралдааны явцад удаа дараа гар утас хэрэглэж Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна. /с.х-ийн 2-3 тал/
- Тэгш эрхийг хангаагүй, тайлбар хэлэх эрхийг хязгаарласан гэх тухайд:
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 1/....4 дугаарын хувийн хэргийн материалтай, Б.Б-д оногдуулсан ял өөрчлөх саналыг хэлэлцсэн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийжээ. /с.х-ийн 26-28 тал/
Тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг үзэхэд шүүгч Л.Одончимэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг хэрэгжүүлсэн буюу Б.Б-н тэгш эрхийг хангаагүй, тайлбар хэлэх эрхийг нь хязгаарласан гэх үйл баримт байхгүй байсан болно.
Тодруулбал шүүх хуралдааны “mainfeed_dual_512(1)” нэртэй нийт 58 минут 50 секунд үргэлжилсэн дуу-дүрсний бичлэгийн 05 минут 42 секундээс 11 минут 06 секунд хүртэл шийдвэр гүйцэтгэгч саналаа, 11 минут 16 минутаас 23 минут 13 секунд хүртэл прокурор дүгнэлтээ, 23 минут 25 секундээс Б.Б тайлбараа хэлж эхэлж байна. Улмаар бичлэгийн 27 минут 23 секундэд даргалагч Б.Б-г ярьж байхад “за ойлголоо, магадлал нь хаана байгаа юм бэ” гэхэд шийдвэр гүйцэтгэгч хариулж байгаа нь, мөн бичлэгийн 28 минут 30 секундэд, 30 минут 25 секундэд, 30 минут 43 секундэд даргалагч шүүгч тодруулга асуулт асууж, 31 минут 21 секундээс “би асуултаар тодруулаад явчихъя...” гээд асуултуудаа үргэлжлүүлэн асууж, хариулт авч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заасан.
Шүүх хуралдааны явцад Б.Б-г тайлбар хэлж байхад шүүгч таслан асуулт асууж хариулт авч байгааг зөрчил гэж үзэхгүй, харин хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой асуудлыг асууж тодруулахад шүүх хуралдааныг чиглүүлсэн гэж үзнэ.
Иймд илтгэгч гишүүний “...шүүгч Л.Одончимэг нь шүүх хуралдааныг хуульд заасан дэг, журам, дарааллын дагуу явуулсан бөгөөд хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаж, ялгаварласан үг үйлдэл гаргаагүй, ялтан болон бусад оролцогчдыг дүгнэлт, тайлбараа хэлэх боломжоор тэгш хангаж, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайн бичлэгээс үзэхэд оролцогчдын тайлбар хэлэх эрхийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
- Шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч гар утас оролдсон гэх тухайд:
Илтгэгч гишүүн нь нотлох дүгнэлтдээ “шүүгч Л.Одончимэгийг шүүх хуралдааны явцад 13 удаа гар утас хэрэглэсэн” гэсэн байх боловч бүрэлдэхүүн тухайн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг үзэхэд шүүгч 2 удаа гар утсыг ширээн дээрээс авч буцаан тавьсан, 14 удаа ширээн дээр байх гар утсыг хэрэглэж байгаа нь бичигдсэн байна.
Эдгээрийг нэг бүрчлэн дурдвал:
- 07 минут 32 секундээс 07 минут 52 секунд хүртэл,
- 32 минут 45 секундээс 33 минут 34 секунд хүртэл тус тус гар утсыг гартаа авч,
- Харин 19 минут 21 секундээс 19 минут 36 секунд хүртэл,
- 20 минут 19 секундээс 20 минут 39 секунд хүртэл,
- 21 минут 14 секундээс 22 минут 01 секунд хүртэл,
- 26 минут 31 секундээс 27 минут 23 секунд хүртэл,
- 27 минут 42 секундээс 27 минут 47 секунд хүртэл,
- 28 минут 01 секундээс 28 минут 13 секунд хүртэл,
- 33 минут 45 секундээс 33 минут 51 секунд хүртэл,
- 37 минут 14 секундээс 37 минут 42 секунд хүртэл,
- 38 минут 30 секундээс 39 минут 02 секунд хүртэл,
- 39 минут 12 секундээс 39 минут 15 секунд хүртэл,
- 40 минут 49 секундээс 41 минут 10 секунд хүртэл,
- 41 минут 41 секундээс 42 минут 00 секунд хүртэл,
- 46 минут 35 секундээс 46 минут 54 секунд хүртэл,
- 56 минут 32 секундээс 56 минут 49 секунд хүртэл тус тус ширээн дээр байх гар утсыг хэрэглэж байгаа нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн байна.
Шүүгчийн дээрх хугацаануудад гар утас хэрэглэж байгаа үйлдэл нь зарим тохиолдолд текст бичиж буй мэт, зарим тохиолдолд мэдээлэл уншиж байгаа мэт байдалтай харагдаж байсан болно.
Мөн холбогдох шүүгч Л.Одончимэг нь “...Б.Б-н өгч байгаа мэдүүлгийн дагуу Монгол улсын шийдвэрийн цахим сан руу нэвтэрч тухайн шийдвэр цахим санд байршсан эсэхийг шалгасан боловч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн материалыг хянан хэлэлцсэн шийдвэрийг уг сангаас харах боломжгүй байсан тул шүүхийн дотоод чатаар туслахаа дуудаж Б.Б-н мэдүүлж байгаа асуудлын талаар тодруул гэж хэлсэн. Энэ хугацаанд шүүгч миний бие мөн шийдвэрийг цахим сангаас хайж байсан...” гэх тайлбарыг өгдөг.
Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг үзэхэд Б.Б-г тайлбар хэлэхээс өмнө, тодруулбал бичлэгийн 07 минут 32 секундээс 07 минут 52 секунд хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч саналаа хэлэх явцад утсаа ширээн дээрээс авч, 19 минут 21 секундээс 19 минут 36 секунд хүртэл, 20 минут 19 секундээс 20 минут 39 секунд хүртэл, 21 минут 14 секундээс 22 минут 01 секунд хүртэл прокурор дүгнэлтээ хэлж байх явцад ширээн дээр байх гар утсыг тус тус хэрэглэж байгаа нь бичигджээ.
Мөн шүүх хуралдааны “mainfeed_dual_512(1)” нэртэй дуу-дүрсний бичлэгийн 42 минут 48 секундэд даргалагч шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хандан “энэ хүний яриад байгааг тодруулсан юм байгаа юм уу? Б-ыг тодруулчих гээд хэлчих. Ороод ир гээд хэлчих” гэсний дараагаар хэргийн оролцогч нарт хандан “Дархан-Уул аймаг мэдэж байгаа ш дээ. Дархан-Уул аймгийн шүүхээс тодруулаадахъя, түр байж бай” гээд үргэлжлүүлэн “шүүгчийн захирамж нь 2021 оны 7 дугаар сарын 08-ны ...3 гээд н.Г шүүгчийн захирамж юм байна. Энийг давж заалдаад Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар энэ шүүгчийн захирамжийг хүчингүй болгосныг шүүлгүүлье” гэж хэлж байна.
Улмаар шүүгчийн туслах 43 минут 51 секундэд шүүх хуралдааны танхимд орж ирэхэд даргалагч дээрх захирамжийг үзүүлэн лавлах талаар хэлж, бичлэгийн 56 минут 17 секундэд шүүгчийн туслах шүүх хуралдааны танхимд буцан орж ирэн даргалагчид тайлбар хэлж байгаа нь бичигджээ. /с.х-ийн 24-25 тал/
Өөрөөр хэлбэл даргалагч шүүгчийн туслахыг дуудахаас өмнө 15 удаа, шүүгчийн туслахыг орж ирсний дараа 1 удаа нийт 16 удаа утас хэрэглэсэн нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Иймд өргөдөл гаргагчийн “...гар утасныхаа тооны машиныг миний эдэлсэн ялын тооцоог бодоход ашигласан байж болохыг үгүйсгэхгүй ч энэхүү үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нэгэнт хориглосон үйлдэлд хамаарч байх тул энэхүү өргөдлийг гаргав...” гэх өргөдөл, мөн илтгэгч гишүүний дүгнэлтдээ ”...шүүгч Л.Одончимэг ...гар утсыг тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамаарал бүхий зорилгоор хэрэглэсэн гэж үзэх боломжгүй” гэсэн нь үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Мөн шүүгчийг Монгол улсын шийдвэрийн цахим сан руу нэвтэрсэн гэж үзэх боломжгүй, харин ч өөр зорилгоор гар утсыг ашиглаж байсан болох нь бичлэгт илэрхий, ойлгомжтой байсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн өмнө нь өмгөөлөгч Д.О-ийн өргөдлөөр шүүгч Л.Одончимэгт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах явцад холбогдох шүүгч “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэсэн” нөхцөл байдал байсанд илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт зааснаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулжээ.
Илтгэгч гишүүн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ГНД/....2 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, СХМ/2023/0...7 дугаар магадлалаар “...яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах 2 удаагийн хэлэлцүүлгийн явцад буюу прокурор санал, яллагдагч, түүний өмгөөлөгч нар тайлбар, хүсэлтээ гаргаж байх үед гар утсаа удаа дараа хэрэглэж байгаа нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн тэмдэглэл, холбогдох шүүгчийн тайлбар зэргээр нотлогдож байна” гэж дүгнэн шүүгч Л.Одончимэгт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Гэтэл шүүгч Л.Одончимэг нь нэг төрлийн сахилгын зөрчлийг дахин гаргаж, шүүх хуралдаанд ач холбогдол өгөлгүй, анхаарал, хайхрамжгүй хандаж байгаа нь сахилгын хэрэгт авагдсан баримтууд, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байх бөгөөд уг үйлдэлдээ дүгнэлт хийж цаашид гар утсыг шүүх хуралдааны танхимд авч орох, хэрэглэхгүй байхыг хатуу сануулж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34, 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН