МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-04-30
Дугаар 30
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, холбогдох шүүгч Т.Э нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч Н.С-ыг байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Н.С нь ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2024/...0 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ГС/2024/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.П-ийн Н.С-аас 3.500.000 төгрөг шаардсан нэхэмжлэл ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д хуваарилагдсан, Ерөнхий шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан, шүүгч нэхэмжлэлд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ...3 дугаар захирамжаар иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон ба шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ...2 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигджээ.
- Нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан ажиллагааг явуулна.
Өөрөөр хэлбэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах зэрэг болно.
Шүүгч хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардуулан, хариу тайлбар гаргах хугацааг тогтоож, улмаар эрх үүргийг тайлбарлан өгчээ.
Хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарласан баримтаас үзвэл шүүгч хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4, 7.2, 76.2, 77.8, 86.2, 100.3, 119.4-119.6-д заасныг танилцуулсан, уг баримтад хариуцагч Н.С гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хуралдаан даргалагч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгөхөд хэргийн оролцогч нар “ойлголоо” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Үүнээс үзвэл, нэхэмжлэл гардуулах, мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн эдлэх эрх, үүргийг удаа дараа тайлбарлан өгсөн байх тул өргөдөлд дурдсан “...хууль сануулаагүй...” гэх гомдол үндэслэлгүй.
2. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан. Харин зохигч талууд шүүх хуралдааны явцад эвлэрсэн тохиолдолд шүүх хэргийг хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэх учиртай.
Зохигчид эвлэрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх ба тухайн тохиолдолд эвлэрэл нь гэрээний хэлбэртэй байх ба талууд хамтарч гарын үсгээ зурсан байх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар
Тухайн иргэний хэргийн зохигч талууд шүүх хуралдаан хүртэл эвлэрэн хэлэлцээгүй, харин 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан нь Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байгаа ба гэрээнд Н.С гарын үсэг зурсан, энэ нь хуулийн дээрх шаардлагад нийцжээ.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнээс үзвэл, нэхэмжлэгч нь 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа газар чөлөөлүүлэх болон өөрчилж, ...тоотод байрлах 600 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны зориулалттай газрыг 300 м.кв талбайгаар 2 тэнцүү хувааж, хариуцагч нь газрыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний дотор чөлөөлж өгөх, нэхэмжлэгч нь 300 м.кв газрыг Н.С-ын охин Б.Ц-д шилжүүлж өгөхөөр тохирч эвлэрчээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ тохиолдолд шүүгчийг “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй.
3. Тус хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт:
Даргалагчаас: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна уу, ихэсгэх, багасгах, өөрчлөх, хариуцагч талтай харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэх санал, хүсэлт байна уу гэхэд /Бичлэгийн 16:39:37-16:39:59/
Нэхэмжлэгч: Дэмжиж байна, эвлэрэхэд бэлэн байна гэв. /Бичлэгийн 16:40:00-16:40:05/
Даргалагчаас: Эвлэрэл нь ямар нөхцөлтэй вэ гэхэд /Бичлэгийн 16:40:05-16:40:06/
Нэхэмжлэгч: Тэр газар дээр байгаа хогоо аваад явчихвал эвлэрэх боломжтой. Н.С намайг шүүх дээр уулзъя гэсэн. /Бичлэгийн 16:40:07-16:40:25/
Даргалагч: Эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэж байна уу гэхэд /Бичлэгийн 16:40:45-16:40:47/
Нэхэмжлэгч: Татгалзах зүйлгүй гэв. /Бичлэгийн 16:40:48/
Даргалагчаас: Газраа чөлөөлөөд өгвөл мөнгө төгрөгийн асуудал байхгүй гэж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 16:40:49-16:40:54/
Нэхэмжлэгч: Тийм, би одоо түрээсийн байранд амьдарч байгаа. Сарын 500,000 төгрөг төлдөг. 7-8 жил амьдарсан. Хэрэв энэ хүмүүс нүүсэн бол би 4 сард гэрээ бариад буух байсан. Маргалдах зүйл байхгүй гэв. /Бичлэгийн 16:40:55-16:41:13/
Даргалагчаас: Та нар хэргийн материалд авагдсан баримттай танилцсан байх. Хуулийн дагуу Б.П газар эзэмшихээр болсон юм шиг байна тийм үү гэхэд /Бичлэгийн 16:41:14-16:41:30/
Нэхэмжлэгч: Авсан гэв. /Бичлэгийн 16:41:31/
Хариуцагч: Үгүй ээ энд ашиг сонирхлын зөрчил орсон юм шиг байна гэхэд /Бичлэгийн 16:41:31-16:41:35/
Даргалагчаас: Байж байгаарай тэгэхээр нэхэмжлэгч хэрвээ би энэ газрыг түрээслэх байсан бол би ийм хэмжээний мөнгөөр түрээслэх байсан гэх агуулгаар танаас 3.500.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг авахгүй энэ газар дээр байгаа хог байгаа юм уу өөр юу байгаа таны хамааралтай өөр зүйл байгаа бол тэдгээрийг аваад газрыг чөлөөлж өгвөл асуудлаа дуусгавар болгоё. Дахин маргахгүйгээр дуусгавар болгоё гэсэн. Үүнтэй холбогдуулан танд тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 16:41:36-16:42:32/
Хариуцагч: 2017 оноос хойш энэ газарт ажилласан. Тэр жижиг газарт 100 гаруй машин шороо асгасан. Даланг нь нэмж өндөрлөсөн. Намагтай газар байсан учраас хүн авдаггүй байсан. Дээр үед орон даяар Газрын албанаас тусламжаар үнэ төлбөргүй газрын зураг гаргаж өгсөн. Дээр болон доор байгаа газар ээжийн нэр дээр авагдсан гэхэд /Бичлэгийн 16:42:33-16:43:30/
Даргалагчаас: Таны нэр дээр газар байгаа юу гэхэд /Бичлэгийн 16:43:31-16:43:33/
Хариуцагч: Миний нэр дээр байхгүй. Ээжийн нэр дээр байгаа би Газрын албаны байцаагчид өргөдөл бичихдээ бүгдийг нь бичсэн гэв. /Бичлэгийн 16:43:34-16:43:51/
Даргалагчаас: Та Газрын албанд хэзээ хандаж, хэзээ танд Газрын албанаас хариу өгсөн бэ гэхэд /Бичлэгийн 16:43:52-16:43:56/
Хариуцагч: Газрын албан дээр тийм зураг байхгүй байна гэж амаараа хариу өгсөн бичгээр хариу өгөөгүй. Өргөдөл бичээд өгөхөөр өөрт чинь өгөхгүй гэсэн. /Бичлэгийн 16:43:57-16:44:20/
Даргалагчаас: 3.500.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байгаа юу зөвшөөрөхгүй байгаа юу. Газар дээр байгаа өөрийнхөө эд зүйлсийг аваад газрыг чөлөөлж өгөөд уг асуудлаа дуусгавар болгох юм уу яах вэ. Танд ямар нэгэн санал, хүсэлт байна уу гэхэд /Бичлэгийн16:44:35-16:44:52/
Хариуцагч: Би тэнд өчнөөн олон жил дүүтэйгээ хамт ажилласан. Ажиллаж байх хугацаанд энэ хүн дээр үеэс надтай тэмцэж байсан гэв. /Бичлэгийн 16:44:53-16:45:21/
Даргалагчаас: Танд эвлэрэн хэлэлцээд асуудлаа дуусгавар болгох боломж байна уу гэхэд /Бичлэгийн 16:45:22-16:45:25/
Хариуцагч: Байхгүй гэв. /Бичлэгийн 16:45:26/
Даргалагчаас: Хэргийг хэлэлцэх дарааллыг тогтоож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ярина уу гэхэд /Бичлэгийн 16:45:29-16:45:38/
Нэхэмжлэгч: Нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулав. /Бичлэгийн 16:45:39-16:48:08/
Даргалагчаас: Та 3.500.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг яаж тооцож гаргасан бэ. Үүнтэй холбоотой баримт байдаг уу гэхэд /Бичлэгийн 16:48:09-16:48:21/
Нэхэмжлэгч: Байхгүй, одоо миний түрээсэлж байгаа газрын түрээсийн зардал юм. Тэр айлаас баримтыг нь авч өгч болно гэв. /Бичлэгийн 16:48:22-16:48:34/
Даргалагчаас: Хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Нэхэмжлэлийн дагуу хариуцагч хариу тайлбараа өгнө. Гол зарчим нь иргэн, хүн нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн өөрийн гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ өөрөө нотлох ёстой. Шүүх үүнийг нотлохгүй. Шүүх хуралдаанаас өмнө нотлох үүрэгтэй. Тэгэхээр 3.500.000 төгрөг ямар учиртай мөнгө вэ. Түрээсийн мөнгө гэж хэлж байгаа бол яагаад түрээсийн мөнгө гэж нэхэмжилсэн бэ. Үндэслэл нь юу вэ. Яагаад 3.500.000 төгрөг гарч ирсэн болох нь ойлгомжтой байх ёстой. 3.500.000 төгрөг нэхэмжилж байгаа бол үүнтэй холбогдолтой баримтуудаа өгөх ёстой. Үндэслэлийн хувьд та би энэ газрыг эзэмших эрхтэй болсон гэж тайлбарласан гэхэд /Бичлэгийн 16:48:35-16:49:53/
Нэхэмжлэгч: Гол нь тэр гэв. /Бичлэгийн 16:49:53/
Даргалагчаас: Та газраа чөлөөлүүлье гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэхэд /Бичлэгийн 16:49:55-16:50:02/
Нэхэмжлэгч: Тийм гэв. /Бичлэгийн 16:50:03/
Даргалагчаас: 3.500.000 төгрөг гаргуулъя гэж байгаа бол уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь юу вэ. Юуг үндэслэж 3.500.000 төгрөгийн үнийн дүн гаргасан талаараа тодорхой ярина уу гэхэд /Бичлэгийн 16:50:04-16:50:23/
Нэхэмжлэгч: Газраа сарын 500.000 төгрөгөөр түрээсэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Цаашид чөлөөлөхгүй бол сар бүр 500.000 төгрөг нэмэгдээд явна гэдэг байдлаар нэхэмжлэлээ бичсэн гэв. /Бичлэгийн 16:50:24-16:50:44/
Даргалагчаас: 3.500.000 төгрөг гэхээр 7 сарын түрээсийн төлбөр юм уу гэхэд /Бичлэгийн 16:50:45-16:50:50/
Нэхэмжлэгч: Тийм гэв. /Бичлэгийн 16:50:51/
Даргалагчаас: Хэдэн оны хэдэн сараас эхэлж байгаа вэ гэхэд /Бичлэгийн 16:50:52-16:50:55/
Нэхэмжлэгч: 2022 оны 04 сараас 10 сар хүртэлх түрээсийн төлбөр гэв. /Бичлэгийн 16:50:56-16:51:14/
Даргалагчаас: Маргаан бүхий газар орчмын түрээсийн төлбөр 500,000 төгрөг байдаг юм уу. Та энэ 500.000 гэх тоог хэрхэн гаргасан бэ гэхэд /Бичлэгийн 16:51:18-16:51:31/
Нэхэмжлэгч: Хурдан нүүлгэхийн тулд би өөрийнхөө бодлоор л хэлсэн. Н.С нэг юм сонссон байна. Манай тэр хавийн газар ноднин 7 сард дахин төлөвлөлтөд орсон. Тэрийг сонсчхоод гүрийгээд байгаа байх. Гэхдээ энэ хүнд эзэмших эрх байхгүй. Тэгэхээр цаашдаа газраа чөлөөлж өгөхгүй бол сар бүр 500.000 төгрөгийг авна. Би тэр газарт дугуй засварын газар ч барих боломжтой. Хэдэн машин авч очоод шороо асгах гээд чадаагүй. Байшин барьсан бол өдийд орох оронтой болчихно эсхүл түрээслэх байсан гэв. /Бичлэгийн 16:51:32-16:53:10/
Даргалагчаас: Хариуцагч тал хариу тайлбараа хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 16:53:11-16:53:21/
Хариуцагч: Хариу тайлбараа хэлэв. /Бичлэгийн 16:53:22-17:02:23/
Даргалагчаас: Та өөрийгөө би энэ газрыг эзэмших ёстой. Би эзэмшиж байсан гэж тайлбарлалаа гэж ойлголоо зөв үү гэхэд /Бичлэгийн 17:02:24-17:02:31/
Хариуцагч: Тийм гэв. /Бичлэгийн 17:02:32/
Даргалагчаас: Та Газрын албанд хандаад газар эзэмших эрхээ баталгаажуулахгүй яасан бэ гэхэд /Бичлэгийн 17:02:33-17:02:38/
Хариуцагч: Тэр үед н.П бас тэр газрыг авах гэж байсан гэв. /Бичлэгийн 17:02:39-17:02:45/
Даргалагчаас: н.П гэж хэн бэ. Нэхэмжлэгч Б.П юм уу гэхэд /Бичлэгийн17:02:46-17:02:48/
Хариуцагч: Үгүй, газрын байцаагч н.П. Өөрийнхөө таньдаг эмэгтэйд манай газрыг булааж авч өгөх гэж байсан. Тэгэхээр нь би дуучин С.Ж-д өргөдөл бичихэд газрын байцаагч н.П хашаагаа татаад өөр газар өгсөн. Манай хүүхдүүд хөөцөлдөхөөр өгөхгүй байсан. Тэгэхээр нь би тухайн үед кадастрын зургаа битгий хааяа би энэ газраа авна гэж хэлсэн. Би дотроо нөгөө цагаан бичиг гараад ирэх болов уу гэж горьдоод хайсан. Дээд газар болон энэ газар манай ээжийн нэр дээр зэрэг гарсан. Саяхан би хүүдээ хойд талын хивсний хажуу талын шургуулгад хийгдсэн байж магадгүй гэж хэлсэн. Тэгсний дараа 5-6 жил тэр газарт тийм их ажил хийсэн. Тэнд би том талбайтай байхдаа 2 удаа худаг малтуулсан. Тухайн үед би туршлагагүйтэж доошоо биш хажуу тийшээ малтаад цөмөрсөн. Тэгээд би тэр хавьд загасны хүлэмж хийдэг юм бил үү гэж бодож байсан. Хүлэмж барьдаг юм бил үү гэж бодсон. Манай тэр хавь их загастай гэв. /Бичлэгийн 17:02:48-17:06:26/
Даргалагчаас: Хажуудаа голтой юм уу гэхэд /Бичлэгийн 17:06:26-17:06:28/
Хариуцагч: Голтой, хойноо булагтай манай наад талаар Шар хадны эмнэлгийн цэвэршүүлсэн ус гардаг гэв. /Бичлэгийн 17:06:29-17:06:38/
Нэхэмжлэгч: Хариуцагчтай давхцаж ярив. /Бичлэгийн 17:06:38-17:06:40/
Даргалагчаас: Хариуцагчид нэхэмжлэгчтэй давхцаж ярихгүй байхыг сануулж, хариуцагчийн тайлбар дууссан уу гэхэд /Бичлэгийн 17:06:40-17:06:46/
Нэхэмжлэгч: Тэгээд хүлэмж барьсан. Дараа жил нь шар шавар ихтэй байдаг учраас дугуйтай байшин барих гэж оролдсон. Гэтэл дугуйтай юм чинь уначихдаг юм байна. Тэгэхээр нь бид нар байшин барих материалаа оруулсан. Гэтэл энэ хүн хог гэж хэлсэн. Бид нарын боломж нь тэр юм чинь. Тэгснээ танай хогыг хогонд ачуулаад газрыг нь тэгшлүүлнэ гэсэн. Тэгэхээр нь би зүгээр та миний ах шиг хүн байна. Та тэгж ярьж болохгүй гэж хэлсэн. Тэгээд би шүүх дээр уулзъя, шүүхийн ажиллагаа ямар байдгийг мэдэхгүй ч гэсэн газрынхаа талаар хөөцөлдье, яаж хөөцөлддөг талаар мэдье гэж бодоод шүүх дээр уулзъя гэж хэлсэн гэв. /Бичлэгийн 17:06:47-17:08:33/
Даргалагчаас: Бүх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэх ойлголттой байх нь буруу юм. Аливаа зүйлийг болж өгвөл эвийн журмаар шийдвэрлэвэл та бүхний хэн алинд нь ашигтай. Шүүхэд ямар ажиллагаа явагддагийг хармаар байсан гэсэн нь үндэслэл муутай байна. Шүүхээс өмнө Газрын алба гэх байгууллага байдаг. Шүүх бол эцсийн арга хэмжээ болж өгвөл эвлэрээрэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг яагаад хоорондоо ярилцаад, эв зүйгээ ололцоод асуудлаа шийдвэрлэж болохгүй байна вэ. Бичиг баримтаа харъя, нөхцөл байдлаа тодорхойлъё, би энэ газарт ийм ийм зүйл хийсэн танд ямар санал байна. Надад ийм санал байна гээд хоорондоо ярилцах ёстой байсан. Магадгүй та хоёр аль эрт учраа олсон бол нэг нь газраа авсан ч байдаг юм уу нөгөөдөх нь газартайгаа холбоотой ямар нэгэн асуудлаа шийдвэрлүүлсэн ч юм уу иймэрхүү байдлаар асуудал шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байсан байна. Болохгүй бол шүүх дээр очъё гэх биш хоорондоо ярилцаад эв зүйгээ олсон бол та хоёрт илүү ашигтай байсан. Хэрвээ болохгүй бол шүүх шийдвэрлэнэ. Эцсийн арга хэмжээ бол шүүх шүүхэд ирсэн маргаан болгоныг цогц шийдвэрлэнэ гэж байхгүй. Хэн нэгнийг баярлуулсан хэн нэгнийг гомдоосон шийдвэр гардаг.
Магадгүй та хоёр шүүхэд ирээд эвлэрвэл сэтгэл ханамжийн баталгаа тухайн үедээ 100, 80, 90 хувьтай гарах магадлалтай үүнээс бусад тохиолдолд нэг бол нэхэмжлэгчийг баярлуулна эсхүл гомдооно үгүй бол хариуцагчийг баярлуулна эсхүл гомдоосон шийдвэр гардаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хангана эсхүл хангахгүй орхино үгүй бол зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоно. Шүүхийн шийдвэрийн агуулга хуулиараа ийм байдаг. Үгүй бол та бүхэн хоорондоо ярилцаад эвлэрэн хэлэлцээд хэн аль нь асуудлаа дуусгавар болгоё гэх байр суурийг илэрхийлэх бүрэн боломжтой. Тэгвэл та бүхний сэтгэл ханамжийн баталгаа арай өөр байх магадлалтай байдаг. Тэгэхээр шүүхдэлцье гээд орж ирж байгаа нь ер нь бол зохимжгүй шүү. Үүнээс хойш нэхэмжлэгч болон хариуцагчид ялгаагүй ойлгож авах хэрэгтэй. Би та бүхэнд нэг ёсондоо эрх зүйн талын тодорхой хэмжээний мэдлэг өгч байна. Хууль мэдэхгүй байх нь хуулийн ямар нэгэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй. Хүн өөрийнхөөрөө ярьж болно. Та бүхний яриаг хэдэн ч цаг сонсож болно гэхдээ тухайн асуудал нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа нотлох эрх үүргээ хэрэгжүүлэх ёстой. Энэ эрх үүргээ хэрэгжүүлэхгүй бол шүүх хуульд заасан журмын дагуу хэрэг маргааныг шийдвэрлэж асуудлыг дуусгавар болгоно. Аль болох эв зүйгээр шийдвэрлэвэл энэ нь цаашлаад хүмүүжлийн чанартай үр дагавартай манай аав ямар нэгэн асуудалд эв зүйгээр ханддаг нас харгалзахгүй хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэдэг шүү гээд энэ нь цаашлаад үр хүүхдэд чинь хүмүүжил болж үлддэг. Хэн нэгэн рүү дайрч, доромжилж, дээрэлхсэнээс асуудал шийдвэрлэгдэхгүй. Иймд хэн аль нь хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлдээ анхаарал болгоомжтой харьцах ёстой. Өмнөх шүүх хуралдаанд би та бүхэнд Газрын албанд хандаж учраа олооч ээ гэж хэлсэн. Газрын албанд та бүхэн хандсан уу хандаагүй юу гэхэд /Бичлэгийн 17:08:34-17:13:37/
Хариуцагч: Очсон гэв. /Бичлэгийн 17:13:38/
Даргалагчаас: Бичиг баримтаа өгсөн үү эсхүл өгөөгүй юу. Энэ газрыг эзэмших, өмчлөх талаар ямар арга хэмжээ авсан бэ. Хэрэв Газрын албанаас та бүхний өргөдлийг хүлээн авч ямар нэгэн үйлдэл гаргахгүй, хариу өгөхгүй, өгсөн хариу нь хуульд нийцэхгүй байвал энэ нь өөр шүүхийн харьяалах маргаан буюу Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан болно. Магадгүй та бүхэн олон жилийн өмнөөс уг газрыг ашиглаж, эзэмшсэн байж болно. Гэхдээ ашиглаж, эзэмшиж байгаа нь хуулийн дагуу байхыг шаарддаг. Зохих эрх бүхий байгууллагад хандсан уу, хандаад ямар хариу өгсөн уг өгсөн хариу нь та бүхэнд таалагдсан уу таалагдаагүй юу таалагдаагүй бол дараагийн шатны дээд байгууллагад хандах уу, дээд шатны байгууллагад хандах хуулийн зохицуулалт байхгүй бол захиргааны хэргийн эсхүл иргэний хэргийн шүүхэд хандана гэсэн дарааллаар явагддаг. Та хоёрын хувьд арай өөр дарааллаар явагдаж байгаа юм шиг харагдаж байна. Өөр зүйлс ярьцгаагаад байна гэхэд /Бичлэгийн 17:13:39-17:14:51/
Хариуцагч: Тэр газрыг байцаагч мэдэж байгаа. Тэр газрыг өөр хүнд өгөх гээд өгч чадаагүй. н.Ж-ийн бие төлөөлөгч ирсэн гэв. /Бичлэгийн 17:14:53-17:15:10/
Даргалагчаас: Маргаан бүхий энэ газрыг уу гэхэд /Бичлэгийн 17:15:10-17:15:17/
Хариуцагч: 2017 онд урд тал нь нэг эмэгтэй давхар хашаа барьсан. Тэгээд н.Ж-ийн бие төлөөлөгч ирж байцаагчтай уулзаад авч чадаагүй. Тэгээд би өөрөө хүнд асуудалд ороод хямарсны дараа 1-2 жилийн дараа гайгүй болсон. Тэр үед би газрыг авах гээд хүүхдүүдээ явуулсан. Манайд газар эзэмших цагаан бичиг нь байсан. Зурагт радиогоор тэр газрыг эзэмшиж байгаа хүнд нь өмчлөх эрхийг нь өгнө гэж хэлж байсан. Дээр үед Франц улсаас Монгол улсын газрын зурагтай бичиг байсан. Урьд нь би байцаагчид хүүхдүүдээ газар өмчлүүлэх хүсэлтэй байна гэхэд хүүхдүүдэд газар өмчлүүлэхгүй гэсэн. Дараа нь манай тэр газрыг ногоон бүс гэж үзээд газар өмчлүүлэхгүй харин эзэмшиж, ашиглаж болно гэж хэлсэн. 2001, 2002 онд газрын алба байгуулагдаж байсан. Намайг хүнд байхад газрыг авсан гэв. /Бичлэгийн 17:15:18-17:18:20/
Даргалагчаас: За ойлголоо. Таны хэлж байгаа тайлбар маш их давхцаж байна. Давхцуулахгүйгээр нэмж хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 17:18:21-17:18:35/
Хариуцагч: Тэр газарт манай дунд хүргэн амьдарч байхад хутгалуулж нас барсан. Манай том хүргэн бас цэрэгт хүний гарт орсон. Энэ хүнийг ийм асуудал хийдэг юм байна гэж бодсон гэв. /Бичлэгийн 17:18:38-17:19:05/
Даргалагчаас: Хардах эрх байгаа хэдий ч баримт нотолгоотой хардана уу гэв. /Бичлэгийн 17:19:07-17:19:17/
Нэхэмжлэгч: Тиймэрхүү зүйл байгаа. Тэр хавийнхан бүгд мэднэ гэв. /Бичлэгийн 17:19:18-17:19:22/
Даргалагчаас: Нэхэмжлэгч талд нэмж хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 17:19:31-17:19:32/
Нэхэмжлэгч: Эвлэрье бушуухан юмаа аваач ээ гэж гуйж байна. Миний шүүхэд нэхэмжлэл гаргасан 70.200 төгрөгийг өг. Эвлэрээд л дуусгавар болъё гэв. /Бичлэгийн 17:19:34-17:20:05/
Даргалагчаас: Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, нэхэмжлэгчид хариуцагчаас асуух асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 17:20:06-17:24:42/
Нэхэмжлэгч: Байхгүй гэв. /Бичлэгийн 17:24:43/
Даргалагчаас: Хариуцагч талд нэхэмжлэгчээс асуух асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 17:24:43-17:24:45/
Хариуцагч: Би том хөөцөлдөнө, хийсэн ажлынхаа зургийг авсан байгаа гэв. /Бичлэгийн 17:24:47-17:25:06/
Даргалагчаас: Танд асуух асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 17:25:07-17:25:10/
Хариуцагч: Хүмүүсийн амийг нэхнэ гэхэд /Бичлэгийн 17:25:13-17:25:19/
Даргалагчаас: Больё гэхэд нэхэмжлэгч ярихаа зогсоохгүй байсан тул даргалагч дэг сахиулах үүднээс алх цохиж, хэрэгт хамааралгүй зүйл ярих шаардлагагүй. Шүүх хуралдаан завсарлахаас өмнө урьд нь ярьсан зүйлтэйгээ давхцуулахгүйгээр нэхэмжлэгч талд нэмж хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 17:25:20-17:25:34/
Нэхэмжлэгч: Н.С тэр газрыг чөлөөлөөд өг. Би буруу зүйл хэлсэн байна уучлаарай. Эвлэрээд тэр газрыг маань чөлөөлөөд өг гэв. /Бичлэгийн 17:25:35-17:26:07/
Даргалагчаас: Шүүх хуралдаан завсарлахаас өмнө хариуцагч талд нэмж хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 17:26:08-17:26:11/
Хариуцагч: Би энэ зургийг аваад ирсэн. Хурал дээр өгөөрэй гэж хэлсэн. Би ширээн дээр гаргаж тавьсан гэв. /Бичлэгийн 17:26:12-17:26:19/
Даргалагчаас: Таны ширээн дээр гаргаж тавьсан баримтыг би нотлох баримтаар өг гэж хэлэх эрх байхгүй. Танаас нотлох баримт, санал хүсэлт байна уу гэж асуухад та байхгүй гэж хэлсэн. Нотлох баримт шинжлэн судалсны дараа баримт авах боломжгүй. Өөр тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 17:26:20-17:26:41/
Хариуцагч: Би тэр бичгийг чинь гаргаж хэлнэ гэв. /Бичлэгийн 17:26:43-17:26:58/
Нэхэмжлэгч: 600 м.кв газар байгаа. Тэр газрыг хуваагаад хэрэглэе. Газрын албан дээр очоод хуваагаад хэрэглэе. Миний нэр дээр гэрчилгээ гарсан байгаа гэв. /Бичлэгийн 17:26:59-17:28:45/
Даргалагчаас: Нэхэмжлэгчээс уг газрыг хэрхэн хуваах гэж байгаа талаар нь тодруулж асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 17:28:46-17:31:34/
Хариуцагч: Миний хувьд ашиг сонирхлын зөрчил орсон байх гэж бодоод байна гэв. /Бичлэгийн 17:31:35-17:31:40/
Даргалагчаас: Та газрын байцаагчийг хардаж байгаа бол тухайн асуудлыг тусдаа шийдвэрлүүлээрэй. Хэрэгт авагдсан баримтад газар эзэмших эрхийн гэрчилгээ Б.П-ийн нэр дээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн 600 м.кв талбайтай газрыг 2 хуваагаад эзэмшье гэсэн санал гаргаж байна. Нэхэмжлэгчийн хэлсэн саналын хүрээнд эвлэрэн хэлэлцэх боломж байна уу. Эвлэрэн хэлэлцэнэ гэдэг нь тодорхой хэмжээнд бие биедээ буулт хийхийг хэлдэг. Та бүхний эвлэрэл хуульд нийцэж байгаа эсэхийг би хянаад хуульд нийцэж байвал эвлэрлийг баталж шүүгчийн захирамж гарна. Тухайн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин чадалтай. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хэлсэн 300 м.кв газраа хуваая гэсэн амлалтдаа хүрэхгүй бол тухайн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, дараагийн шатанд албадлагын журмаар хуваах байдлаар шийдвэрлэж болно гэхэд /Бичлэгийн 17:31:41-17:34:00/
Хариуцагч болон нэхэмжлэгч тал: Маргаан бүхий газраа хэрхэн хуваах талаар харилцан ярилцав. /Бичлэгийн 17:39:43-17:44:17/
Даргалагчаас: Нэхэмжлэгчийн гаргасан саналын талаар тайлбарлаж, хариуцагчийг уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжтой юу гэхэд /Бичлэгийн 17:44:18-17:46:57/
Хариуцагч: Хариу хэлээгүй.
Даргалагчаас: Хариуцагч шийдвэрээ гаргасан уу. Эвлэрлийн гэрээ байгуулах боломжтой гэж үзвэл боломжтой гэдгээ илэрхийлээрэй заавал эвлэр гэж шахах шаардлага байхгүй. Нэхэмжлэгч талаас ийм санал гаргасан учраас танд тайлбарлаж хэлсэн. Хэрвээ нэхэмжлэгч талаас санал гаргаагүй бол шүүх хуралдаан завсарлаад, шийдвэр сонсгох хэмжээний хугацаа өнгөрлөө. Хэрвээ боломжтой бол эвлэрлийн гэрээ байгуулъя, боломжгүй гэж үзвэл хуралдааныг завсарлуулъя гэхэд /Бичлэгийн 17:47:42-17:48:59/
Ажиглагч: Хуваагаад авъя гэв. /Бичлэгийн 17:49:04-17:49:06/
Даргалагчаас: Эвлэрэх санал нь таны хүсэл зориг мөн үү гэхэд /Бичлэгийн 17:49:07-17:49:09/
Хариуцагч: Хүүхдүүд амьдарч байгаа гэв. /Бичлэгийн 17:49:15-17:49:30/
Даргалагчаас: Уг хэрэгт хариуцагчаар та оролцож байгаа учраас нэхэмжлэгчтэй ярилцаад 300 м.кв газрыг Н.С-ын охин тэрний нэр дээр шилжүүллээ гэж эвлэрлийн гэрээ байгуулж болох байх. Энэ нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулах боломжтой юу гэхэд /Бичлэгийн 17:49:31-17:50:53/
Хариуцагч: Боломжтой гэв. /Бичлэгийн 17:50:54/
Нэхэмжлэгч: Боломжтой гэв. /Бичлэгийн 17:50:55/
Даргалагчаас: Та 3.500.000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой эвлэрлийн асуудал яригдсан. Тэгэхээр та 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд, газар чөлөөлүүлэх шаардлагатай холбоотойгоор 600 м.кв газрыг 300, 300 м.кв-аар хуваан авч 300 м.кв газрыг Н.С-ын охин тэрний нэр дээр шилжүүллээ гэх байдлаар эвлэрлийн гэрээ бичигдэхээр байна гэхэд /Бичлэгийн 17:50:56-17:51:43/
Зохигчид: Ойлголоо гэв. /Бичлэгийн 17:51:44/
Эвлэрлийн гэрээг хариуцагч болон нэхэмжлэгч тал харилцан ярилцаж шүүх хуралдааны танхимд эвлэрлийн гэрээ байгуулав.
Даргалагчаас: Шүүгчийн захирамжийн агуулгыг танилцуулав.
Шүүгч Т.Э шүүх хуралдааныг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хэргийн оролцогч мэтгэлцэх, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангаж явуулсан байна. Шүүгч хэргийн оролцогчийг ялангуяа хариуцагчийг нэхэмжлэгчтэй эвлэрэхийг тулгасан, зандрангуй харьцсан гэх байдал тогтоогдоогүй болно.
4. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрдүүлэх зорилгоор шинжилгээ хийлгэх тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шийдвэрлэнэ.
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч шинжээч ажиллуулах санал гаргахад даргалагч шинжээчээр ямар асуудлыг тодруулах гэж байгааг асуухад хариуцагч “…энэ хүний үгийг үнэн зөв эсэхийг шинжиж, энэ газарт хийсэн хөдөлмөрийг үнэлүүлэх, энэ хүн урьд нь юу хийснийг тодруулах…” гэжээ.
Шүүгч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “хариуцагчийн маргаан бүхий газар дээр өөрийн хийсэн зүйлийн талаар болон нэхэмжлэгчийн өмнө хийсэн зүйлийн талаар тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна” гэж үзсэн, энэ тухайгаа захирамжид тодорхой дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар шинжээч томилох”-оор заасан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хүсэлт шинжээч томилох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн шүүгчийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Иймд өргөдлийн “…шинжээч томилуулан хэргийг шийдвэрлүүлэх боломжоор хангаагүй” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...хэргийн анхан шатны шүүхийн Т.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Т.Э тайлбартаа: “...Б.П-ийн Н.С-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .../Ш32022/2...5 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Н.С-т гардуулж, мөн өдрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг танилцуулж, тайлбарлан өгсөн байна.
Хариуцагч Н.С нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлсэн. Тус иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарч, шүүх хуралдааныг 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаж, мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч, ...Газар зохион байгуулалтын албанаас ...тоотод байрлах, нэгж талбарын 1...9 дугаар бүхий 600 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Э-2...9 дугаарт бүртгэгдсэн Б.П-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, уг газартай холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхисон байна.
...Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1...2 дугаартай албан бичгээр дээрх захирамжаар шаардсан баримтуудыг ирүүлсэн.
Шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр товлон зарлагдсан байсан тул энэ өдрөө шүүх хуралдааныг хийж, шүүгчийн .../ШШ2023/0...2 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан үндэслэл буюу зохигчийн шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ өдрийн шүүх хуралдаанд зохигчоос гадна, ажиглагчаар хариуцагч Н.С-ын охин Б.Ц суусан байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч Н.С нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан авсан, нэхэмжлэгч Б.П уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .../Ш32023/0...6 дугаартай захирамж гарч, .../ГХ2023/0...8 дугаартай гүйцэтгэх хуудас олгогджээ.
Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд шүүх хуралдаанд зохигчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой гаргасан хүсэл зоригийн дагуу эвлэрэхийн ач холбогдлын талаар тайлбарлаж, үүний үндсэн дээр зохигч харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийг баталсан, ийнхүү батлахдаа хэт нэг талыг барьсан болон талуудыг эвлэрэхийг тулгасан зүйл байхгүй юм. Шинжээч томилуулах эрхтэй талаар надад хууль сануулаагүй гэх тайлбарын хувьд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар түүний шинжээч томилуулах хүсэлтийг хангахгүй орхисон хэдий ч хүсэлтээ дахин тодруулан гаргах эрх нь нээлттэй байсан байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг зохигчид тайлбарласан болно. Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх болон талуудын тэгш эрхийн зарчмын үндсэн дээр явуулсан бөгөөд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг эдлүүлж, хэргийг шийдвэрлэсэн, хэргийн оролцогч нартай хүнлэг бус харьцаагүй, миний бие бусад хэргийн оролцогчтой ч хүнлэг бус харьцаж байсан тохиолдол байхгүй юм.
Иймд иргэн Н.С-ын гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Холбогдох шүүгч Т.Э сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн сахилгын хороонд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна.
Өргөдөлд дурдагдсан иргэний хэргийн тухайд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд 2 удаа шүүх хуралдаан болсон. Хариуцагч нь сонсгол муу гэдэг тул өөрийнх нь охиныг хажууд нь суулгаж байгаад эхний шүүх хуралдаан дээр хариуцагчид эрх, үүргийг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн. Охинд нь ч сайн тайлбарлаж өгөөд “ойлгосон уу” гэхэд ойлгосон гэж хэлцгээсэн.
Хоёр дахь удаагийн шүүх хуралдаан дээр эвлэрэн хэлэлцэх боломжтой юу гэхэд боломжгүй гэсэн тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхэлсэн. Хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд, эвлэрэх санал тавьдаг. Ингээд шүүгчийн өөрийн дотоод итгэлийнхээ дагуу нэхэмжлэгчийн гаргасан эвлэрэх саналыг хариуцагчид тайлбарлаж өгч, тодруулж асуулт асууж, хариулт авсан.
Шүүх хуралдаанд хариуцагч Н.С-ын охин ажиглагчаар хамт байсан бөгөөд хүү нь шүүх хуралдааны танхимын гадаа байсан. Эвлэрэх саналыг хүүгээсээ асууя гэсэн тул танхимаас гаргаж гэрийнхэнтэй нь яриулах, орж ирэхээр нь тодруулж асууж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар эвлэрлийн гэрээг нь бичгээр бичүүлж процессын дагуу явагдсан.
Шүүхийн зүгээс нэхэмжлэгч, хариуцагч нар нь байнга зэргэлдээ амьдрах хүмүүс зэрэг бүх нөхцөл байдлыг нь харгалзан үзэж шүүх хуралдаанд яриулан тодруулж, эвлэрлийн гэрээг байгуулах нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр шийдвэрлэсэн. Миний зүгээс хариуцагчийг загнасан, тулгасан зүйл байгаагүй.
Шинжээч томилуулах тухай хүсэлтийн тухайд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасныг хангахгүй орхисон. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан хэлэлцэнэ. Хариуцагчийн гаргасан хүсэлт нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байсан эсэх талаар өөрөө мэдэж байгаа байх. Дараагийн шүүх хуралдаанаар эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.
Ер нь би өөр бусад маргаанд ч аль болох хүний эрх ашиг сонирхлыг хохироохгүй юм сан, хэн нэгэн хүнийг гомдоохгүй юм сан гэх байр суурийг илэрхийлж, хэргийг шийдвэрлэхийг хичээдэг, хуульд нийцүүлж ажиллагаагаа явуулдаг. Өргөдөлд дурдагдсан иргэний хэргийн эвлэрлийн гэрээнд хугацаа байсан ба уг хугацаа дуусахад нэхэмжлэгч захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ гаргасны дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэн юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч, иргэн Н.С нь “шүүгч Т.Э надад хууль сануулалгүй эвлэрэхийг тулгаж, зандрангуй харьцаж энэ хэргийг эвлэрүүлж шийдвэрлэсэн. Тухайн үед би хуулийн мэдлэггүй, шүүгчийг сольж болох хүсэлт гаргах хэрэгтэй байсныг мэдээгүй надад ойлгуулж хэлж сануулаагүй. Мөн ямар нэгэн нотлох баримтгүй нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба тухайн газрын маргааныг шинжээч томилж шийдвэрлээгүй нь хэт нэг талыг барьсан, хийгдэх ёстой ажиллагааг хийгээгүй, надтай хүнлэг бусаар харьцсанд маш их гомдолтой байна. Иймд хэргийг дахин хянаж хэргийн үнэн зөвийг тогтоож, шүүгчийн буруутай үйлдэл тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ үү” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.
- Шүүгч Т.Э шүүх хуралдааны явцад хариуцагчтай хүнлэг бус, зандрангуй харьцаж, хууль сануулахгүйгээр, хүчээр эвлэрлийн гэрээг баталсан гэх тухайд:
- Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн ...хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн Б.П-ийн нэхэмжлэлтэй, Н.С-т холбогдох иргэний хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 37 минутад эхэлсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн “NVR_ch1_main_20230102163719_20230102180000.dav” нэртэй нийт 1 цаг 38 минут 43 секунд үргэлжилсэн бичлэгийг үзэхэд даргалагч шүүгч Т.Э нь хариуцагч Н.С-ыг зандарсан, ялгаварлан гадуурхаж харьцсан, зохисгүй харилцсан, зүй бус авирласан гэх үйл хөдлөл, үг хэллэг хэрэглээгүй байна.
Уг бичлэгийн 17 цаг 18 минут 21 секундэд даргалагч хариуцагчид хандан “таны хэлж байгаа тайлбар маш их давхцаж байна. Давхцуулахгүйгээр нэмж хэлэх тайлбар байна уу?” гэхэд хариуцагч “тэр газарт манай дунд хүргэн амьдарч байхад хутгалуулж нас барсан, том хүргэн бас цэрэгт хүний гарт орсон. Энэ хүнийг ийм асуудал хийдэг юм байна гэж бодсон” гэхэд 17 цаг 19 минут 07 секундэд даргалагч “хардах эрх байгаа хэдий ч баримт нотолгоотой хардана уу?” гэснийг хүнлэг бус, зандрангуй харилцсан гэж үзэхгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, …шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд илтгэгч гишүүний “...шүүгч Т.Э шүүх хуралдааныг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хэргийн оролцогч мэтгэлцэх, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангаж явуулсан байна. Шүүгч ...зандрангуй харьцсан гэх байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
- Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.П нь ...хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргахад шүүгч Т.Э-ын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ../ШЗ2022/2...5 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /с.х-ийн 13 тал/
Улмаар хариуцагч Н.С-т 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй болохыг, мөн 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэс болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг, мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шаардлагатай гэж үзсэн нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах боломжтой болохыг, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариу тайлбараа 14 хоногийн дотор шүүхэд ирүүлэх зэргийг тухайлан тайлбарлан өгч холбогдох баримтад гарын үсэг зуруулсан байна. /с.х-ийн 16 тал/
Илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .../ТМ2023/0....9 дүгээр тэмдэглэл, мөн тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд “NVR_ch1_main_20230102163719_20230102180000.dav” нэртэй бичлэгийн 16 цаг 38 минут 26 секундэд даргалагч “өмнөх шүүх хуралдаанд эрх, үүргийг тайлбарласан, дахин тайлбарлах шаардлагатай юу” гэхэд хариуцагч Н.С “шаардлагагүй” гэж хэлж байгаа нь бичигджээ. /с.х-ийн 33-42 тал/
Дээрхээс үзэхэд шүүх иргэний хэргийн хариуцагч буюу өргөдөл гаргагч Н.С-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн байх ба шүүгч Т.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгнө” гэж заасныг хэрэгжүүлсэн байх тул “хууль сануулаагүй” гэх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.
- Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэний хэргийн нэхэмжлэгч Б.П нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, газар чөлөөлүүлэх болгосон байх ба шүүгч Т.Э-ын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ../ШШ2023/00...2 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь ...тоот хаягт байрлах 600 м.кв талбайтай газраа 2 тэнцүү хувааж, хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор газрыг чөлөөлөх, нэхэмжлэгч нь тус газрын 300 м.кв талбайг хариуцагчийн дагавар охин Б.Ц-д шилжүүлэх, тус газрын жалгатай тал нь Б.П-нх, айл болон мод тарьсан тал нь Н.С-нх байхаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /с.х-ийн 28-29 тал/
Тухайн өдрийн шүүх хуралдааны .../ТМ2023/0....9 дүгээр тэмдэглэл, илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зэргээс үзэхэд “NVR_ch1_main_20230102163719_20230102180000.dav” нэртэй бичлэгийн 16 цаг 40 минут 00 секундэд нэхэмжлэгч Б.П “нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, эвлэрэхэд бэлэн” гэж, 16 цаг 45 минут 26 секундэд хариуцагч “байхгүй” гэснээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн байна.
Улмаар бичлэгийн 17 цаг 39 минут 43 секундээс 17 цаг 44 минут 17 секунд хүртэл нэхэмжлэгч Б.П, хариуцагч Н.С нар маргаан бүхий газраа хэрхэн хуваах талаар харилцан ярилцаж, 17 цаг 47 минут 42 секундээс даргалагч “нэхэмжлэгчийн гаргасан саналын талаар тайлбарлаж, хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжтой юу? Эвлэрлийн гэрээ байгуулах боломжтой гэж үзвэл боломжтой гэдгээ илэрхийлээрэй. Заавал эвлэр гэж шахах шаардлага байхгүй. Нэхэмжлэгч тал санал гаргасан учраас танд тайлбарлаж хэлсэн... Хэрвээ боломжтой бол эвлэрлийн гэрээ байгуулъя, боломжгүй гэвэл хуралдааныг завсарлуулъя” гэхэд ажиглагч буюу хариуцагч Н.С-ын охин “хуваагаад авъя” гэв. Даргалагч Эвлэрэх санал нь таны хүсэл зориг мөн үү? Уг хэрэгт хариуцагчаар та оролцож байгаа учраас нэхэмжлэгчтэй ярилцаад 300 м.кв газрыг Н.С-ын охины нэр дээр шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулж болох байх. Энэ нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулах боломжтой юу?” гэхэд нэхэмжлэгч Б.П, хариуцагч Н.С нар тус бүр “боломжтой” гэж хариулж байгаа нь, мөн даргалагч эвлэрлийн гэрээний талаар дахин тайлбарлахад нэхэмжлэгч, хариуцагч тус бүр “ойлголоо” гэж хэлсэн нь бичигдсэн байна. /с.х-ийн 33-42 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж заасны дагуу шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны “NVR_ch1_main_20230102163719_20230102180000.dav” нэртэй дуу-дүрсний бичлэгийн 16 цаг 39 минут 37 секундээс даргалагч нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас “эвлэрэх боломжтой эсэх”-ийг асууж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу бичлэгийн 17 цаг 50 минут 54 секундэд зохигчид тус бүр “эвлэрэх боломжтой” гэснээр талуудын эвлэрлийг шүүх баталгаажуулжээ.
Дээрх үйл баримтаар “шүүгч Т.Э-ыг эвлэрлийн гэрээг хүчээр байгуулсан” гэх өргөдөл үгүйсгэгдэж байна.
- Хариуцагчид шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж болох талаар ойлгуулж, хууль сануулаагүй гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4-т “хэргийн оролцогч энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах эрхтэй” гэж заасан.
Дээр дурдсанчлан шүүх иргэний хэргийн хариуцагч Н.С-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан ба шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Т.Э нь даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзал бий эсэхийг тодруулахад зохигчид “байхгүй” гэж хэлсэн нь тухайн өдрийн ../ТМ2022/...1 дүгээр тэмдэглэлийн 1 дүгээр талын 11 дэх догол мөрт тэмдэглэгдсэн байна. /с.х-ийн 18-20 тал/
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 16 цаг 37 минут 49 секундэд шүүгч Т.Э нь дахин шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзал бий эсэхийг асуухад нэхэмжлэгч Б.П, хариуцагч Н.С нар тус бүр “байхгүй” гэж хариулсан байна. Энэ тухай тухайн өдрийн шүүх хуралдааны .../ТМ2023/0....9 дүгээр тэмдэглэлийн 1 дүгээр талын 12 дахь догол мөрт бичигджээ. /с.х-ийн 24-27 тал/
Түүнчлэн шүүх хуралдааны явцад хариуцагч Н.С нь шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Иймд шүүгчийг тухайн үндэслэлээр буруутгахгүй.
- Нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шинжээч томилж шийдвэрлээгүй гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч Н.С “маргаан бүхий газарт өөрсдийн хийсэн хөдөлмөрийг шинжлүүлэх, мөн Б.П-ийн урьд нь хийж байсан зүйлсийг тодруулахаар шинжээч томилуулах тухай” хүсэлт гаргажээ. Тухайн хүсэлтийг хэлэлцээд шүүгчийн мөн өдрийн .../ШЗ2022/2...9 дүгээр захирамжаар хүсэлтийн агуулга ойлгомжгүй, хуульд заасан шинжээч томилуулах үндэслэлд хамаарахгүй гэж үзээд хангахаас татгалзсан байна. /с.х-ийн 18-21 тал/
Хариуцагч Н.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “хэргийн оролцогч ...шинжээч томилуулах ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй” гэж зааснаар дээрх хүсэлтийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар хэргийн оролцогчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангах эсэх нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх тул үүнд Шүүхийн сахилгын хороо үнэлэлт, дүгнэлт өгөхгүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Т.Э нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ГС/2024/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР