info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-21

Дугаар 33

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч шүүгч Б.Б, ажиглагчаар Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.А нарыг оролцуулан, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ГС/2024/0025 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... ... газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.А-н ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-т холбогдуулан 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан өргөдлийг хүлээн авч, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ГЗҮ/2023/0063 дугаар захирамжаар шүүгч Б.Б-т сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явууллаа.

1.Эрүүгийн 201201041... дугаартай яллагдагч Д.Б нарт холбогдох, эрүүгийн ... дугаартай яллагдагч Г.Б нарт холбогдох хэргүүдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг авч үзвэл:

1.1. ... газрын хяналтын прокуророос Д.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.5 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.М, С.А, Д.Г, Б.У нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ЕШЗ/530 дугаар захирамжаар тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б-ыг томилон албажуулсан байна.

Холбогдох шүүгчид хэрэг хуваарилагдсан 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс прокурорт буцаах хүртэл буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хийгдсэн ажиллагаа, үүнд:

- 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1160 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тогтоосон,

- яллагдагч Б.Г “өмгөөлөгч авах тухай” хүсэлт гаргасныг хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1243 дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон,

- 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж 1352 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон,

- шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүх хуралдаан давхацсан“ гэх хүсэлтийг  хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан,

- шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Т.У “шүүх хурал хойшлуулах”, шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Б.Э “хэргийн материалтай танилцах”, улсын яллагч, өмгөөлөгч Г.Б, Г.О, Д.Б нараас “иргэний хариуцагч, хохирогч В.С-ыг шүүх хуралдаанд оролцуулах” тухай хүсэлтүүдийг тус тус хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- иргэдийн төлөөлөгч, хохирогч иргэний хариуцагч В.С нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, өмгөөлөгч Д.А “шүүх хурал давхацсан” гэх хүсэлтийг шийдвэрлэн, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- өмгөөлөгч Д.Б, Ж.Ц нар “шүүх хурал давхацсан” гэх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор хойшилсон,

- өмгөөлөгч Г.О “шүүх хурал давхацсан” гэх хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаар тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- өмгөөлөгч Г.Б, Г.О нар “шүүх хурал давхацсан” гэх хүсэлтийг хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- ковид-19 цар тахлын улмаас авсан арга хэмжээтэй холбоотой бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд биечлэн ирэх боломжгүй нөхцөл байдлын улмаас 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 122 дугаар тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжиж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хөл хорионд хязгаарлалт тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 105 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг хойшлуулсан,

-шүүгдэгч Б.Г “өмгөөлөгч Б.Б-аас татгалзсан” хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч авах эрхээр хангаж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- хохирогч Ц.О-ийн өмгөөлөгч Ж.Б “хэргийн материалтай танилцах” хүсэлтийг хангаж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,

- 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1537 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,

- Ковид-19 цар тахлын улмаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1068 дугаар захирамжаар шүүх хуралдааны товыг өөрчилсөн,

- өмгөөлөгч Г.Б, иргэний хариуцагч В.С-ны “өвчний улмаас шүүх хурал хойшлуулах” хүсэлтийг хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- улсын яллагч “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасныг хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- шүүгдэгч Д.Б “ковид-19 өвчин туссаны улмаас” 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- иргэний нэхэмжлэгч Ө.Ж-г шүүх хуралдаанд оролцуулахаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

- өмгөөлөгч Д.А “шүүх хуралдаан хойшлуулах” хүсэлт гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор шүүх хуралдаан хойшилсон,

-2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэж, Д.Б, Б.Г нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тусгаарлаж прокурорт буцаасан байна.

Прокуророос хэрэг шүүхэд шилжсэнээс хэргийг түдгэлзүүлэх хүртэл 10 сар 10 хоногийн хугацаанд, хэргийг сэргээснээс хэргийг хянан шийдвэрлэх хүртэл 8 сар 20 хоногийн хугацаанд тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Дээрх хэргийг нийтдээ 1 жил 7 сарын хугацаанд шүүх хянан шийдвэрлэсэн байх ба уг ажиллагааг дүгнэвэл: 

Хэргийг хүлээн авснаас хойш прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах хүртэлх 1 жил 7 сарын хугацаанд

-өмгөөлөгч нарт шүүх хурал давхацсан үндэслэлээр 7 удаа,

-шүүгдэгч Б.Г өмгөөлөгч авах үндэслэлээр 2 удаа,

-улсын яллагчийн хүсэлтээр 1 удаа,

-иргэдийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч хариуцагч нар шүүх хуралд ирээгүй үндэслэлээр 2 удаа,

-шүүгдэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр 1 удаа,

-хохирогч Ц.О-ийн өмгөөлөгч Ж.Б хэргийн материалтай танилцах үндэслэлээр 1 удаа,

-ковид-19 цар тахлаас шалтгаалан 4 удаа тус тус хойшлон, нийтдээ  хэргийн оролцогч нарын хүсэлт болон бусад шалтгааны улмаас товлосон шүүх хуралдаан 18 удаа хойшилжээ.

1.2 ... газрын хяналтын прокуророос Д.У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 301 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ЕШЗ/1195 дугаар захирамжаар тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.С-ийг томилон албажуулжээ.

Шүүгч С.С 2020 оны 12 дугаар сарын 2420 дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2479 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр товлож,  ковид-19 цар тахлаас шалтгаалан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг жич товлохоор тогтоосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар зарлигаар шүүгч С.С нь ...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албан тушаалд томилогдсон тул хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б-ыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ЕШЗ/143 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар томилон албажуулжээ.

Холбогдох шүүгчид хэрэг хуваарилагдсан өдрөөс прокурорт буцаах хүртэл буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хийгдсэн ажиллагаа, үүнд:

- 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 403 дугаар захирамжаар шүүх хуралдааны тов тогтоосон,

- шүүгдэгч Г.Б өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хангаж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 566 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,

- шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Д.Г нар ковид-19 цар тахлаас шалтгаалан тусгаарлалтад орсон үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 740 дугаар захирамжаар шүүх хуралдааны товыг жич товлохоор тогтоосон,

- ковид-19 цар тахлаас шалтгаалан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 846 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, товыг өөрчлөн тогтоосон,

- шүүгч И.Г-ын даргалж буй Т.Д нарт холбогдох хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилогдож, шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, товыг өөрчлөн тогтоосон,

- шүүгдэгч Д.У нь ковид-19 цар тахлаас шалтгаалан тусгаарлалтад орсон үндэслэлээр 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1277 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, товыг өөрчлөн тогтоосон,

- иргэний хариуцагч Г.Т, Г.Х нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй гэх үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1429 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан,

 - иргэний хариуцагч Г.Т, Г.Х нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй гэх үндэслэлээр 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1542 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан

- 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 1722 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокуророос хэрэг шүүхэд шилжиж ирснээс шүүгч Б.Б-т хуваарилагдах хүртэл 2 сар 15 хоног, шүүгчид хуваарилагдсанаас хэргийг хянан шийдвэрлэж прокурорт буцаах шийдвэр гаргах хүртэл нийт 8 сар 8 хоногийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Дээрх хэргийг нийтдээ 10 сар 23 хоногийн хугацаанд шүүх хянан шийдвэрлэсэн байх ба уг ажиллагааг дүгнэвэл: 

Хэргийг хүлээн авснаас хойш прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах хүртэлх 10 сар 23 хоногийн хугацаанд

-өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр 1 удаа,

-иргэний хариуцагч Г.Т, Г.Х шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр 2 удаа,

-шүүгч шүүх бүрэлдэхүүнд орсон үндэслэлээр 1 удаа,

-ковид-19 цар тахлаас шалтгаалан 4 удаа тус тус хойшлон, нийтдээ  хэргийн оролцогч нарын хүсэлт болон бусад шалтгааны улмаас товлосон шүүх хуралдаан 8 удаа хойшилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй”, 15.2 дугаар зүйлийн 1-д “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно”, 15.3 дугаар зүйлийн 1-д “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж тус тус заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулсан, түүнчлэн нийтийн хамарсан цар тахалтай холбоотой дэг журам, арга хэмжээ тогтоосонтой холбогдуулж шүүгчийн буруутгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэж үзэхгүй.

2. Өргөдлийн “шүүхээс буцсан эрүүгийн 2 хэргийг өөр дээрээ удаан хугацаагаар дарагдуулсан” гэх үндэслэлийн тухайд:

2.1. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолоор шүүгч Б.Б, Д.Д, Н.М нарын бүрэлдэхүүнтэй эрүүгийн 201201041945 дугаартай хэргийг хянан хэлэлцэж, хэргээс Д.Б, Б.Г нарт холбогдох хэсгийг тусгаарлан прокурорт шилжүүлж шийдвэрлэсний дараа тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/02 дугаар албан бичгээр Нийслэлийн прокурорын газарт тусгаарласан хэрэгт дугаар олгож өгөх хүсэлт гаргаж, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4/118 дугаар албан бичгээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М нарт холбогдох эрүүгийн 201201041945 дугаартай хэргээс шүүгдэгч Д.Б, Б.Г нарт холбогдох үйлдлийг тусгаарлан прокурорт буцааж шийдвэрлэсэн хэрэгт эрүүгийн ... дугаар олгосон талаар албан бичиг ирүүлжээ.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/1241 дугаар албан бичгээр хэргийг прокурорын газарт ирүүлээгүй байх тул хэргийн талаарх мэдээллийг ирүүлэх талаар албан бичиг тус шүүхэд хүргүүлсний дагуу тус шүүхээс хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн боловч тус хэрэгт мөрдөгчөөс хэргийг прокурорт шилжүүлэх санал, прокурорын яллах дүгнэлт болон бусад шаардлагатай нотлох баримт авагдаагүй, хэргийг хүлээн авах боломжгүй гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/2477 дугаар албан бичгээр хэргийг шүүхэд буцаан хүргүүлсэн байна.

Улмаар тус хэргийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/669 дүгээр албан бичгээр хүргүүлжээ.

Дээрх хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр прокурорт буцаах тухай шийдвэр гаргаснаас 11 сар 27 хоногийн дараа прокурорын газарт хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

2.2. Яллагдагч Г.Б, Г.Б, Д.У нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/1722 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэргийн нэгдсэн системд хийсэн үзлэгээр тус хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэрлэж, шийдвэр нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталгаажсан төлөвтэй харагдаж байна.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/423 дугаар албан бичгээр тус эрүүгийн ... дугаартай хэргийг прокурорт хүргүүлж, Нийслэлийн прокурорын газрын Эрүүгийн хэрэг материал хүлээлцсэн бүртгэлд бүртгэгдсэнээр эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан нь бүртгэлийн баримтаар тогтоогдож байна.

 Үүнээс үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гарснаас хойш 1 жил 6 сар 03 хоногийн дараа прокурорын газарт хүргүүлжээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан дээрх 2 хэргийг прокурорт хүргүүлээгүй үйл баримттай холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1/1033 дугаар албан бичгээр дээрх хэрэг бүртгэлийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 290 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болохыг мэдэгдсэн болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталсан. Тус аргачлалын 3.8.5-т “Прокурор хуульд заасан хугацаанд эсэргүүцэл бичээгүй тохиолдолд шүүгчийн туслах хэргийг эд мөрийн баримтын хамт бичиг хүргэгчид хүлээлгэн өгч, бичиг хүргэгч харьяалах прокурорын байгууллагад даруй хүлээлгэн өгч Бүртгэл№27-д хүлээн авсан хүний гарын үсгийг тайллын хамт зуруулна.”, 3.8.6-д “Прокурорт буцаасан хэргийн яллагдагчид цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол шүүгчийн туслах түүнийг дуудан ирүүлж, хэргийн хамт хүргүүлнэ.” гэж тус тус зааснаас үзэхэд хэргийг прокурорын газарт хүргүүлэх нь шүүгчийн туслахын ажил үүрэгт хамаарахаар байна.

Өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулах зорилгоор тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Н.З-аас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “Дүүргийн шүүгч нар ээлжийн амралт авсантай холбоотойгоор шүүгч шүүхэд ирсэн хэргүүдийг дангаар хянан шийдвэрлэж байсантай холбоотойгоор ажлын ачаалал нэмэгдэж дагаад миний ажил ихэссэн. Шүүхэд ирсэн албан бичгүүд бүгд надаар дамждаг байсан. Мөн хэргийн оролцогч нараас ирсэн гомдол хүсэлт, цагдан хорионы гомдол, хянан магадлан зэрэгт ажиллагаа хийдэг байсан зэргээр ачаалал маш их болсон. Мөн 2021 оны 7 дугаар сард Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж хэрэгжсэнтэй холбоотойгоор хорих байгууллага руу явж өршөөл хийдэг байсан, шүүхэд ирсэн өршөөлийн материалд холбогдох ажиллагааг хийдэг байсан тул хэргийг явуулахад миний цаг хугацаа хүрэлцээгүй, хэргээ явуулах гэсэн боловч шүүгдэгч Б-тай холбогдож чадахгүй байснаас явуулж чадахгүй байсан. Мөн У бас утас нь холбогдохоо больсон түүний эхнэр нь одоогоор байхгүй байгаа гээд мөн холбогдож чадахгүй байсан. Б.У, Г нарт холбогдох хэргийг 32 хавтаснаас тусгаарлахдаа нэлээд цаг хугацаа шаардсан. Ажлын бус цагаар тусгаарлаж байсан. Тусгаарлан явуулахад зарим нотлох баримт дутуу гээд буцааж байсан тул 4-5 удаа явуулах ажиллагаа хийсэн” гэх мэдүүлгийг өгсөн болно.

Мөн “...Г.Б нарт холбогдох хэргийг прокурорын газарт хүргүүлээгүй...” гэх үндэслэлээр шүүгчийн туслах Н.З-д ..., ..., ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй бөгөөд гэрч Н.З-ийн “шүүгч хяналт тавьж, байнга асууж хэргүүдээ явуулсан уу гэж анхаарч, асууж байсан. Явуул гэж намайг шаардаж байсан. Би тухайн үед асуудлаа хэлээд явж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгч Б.Б дээрх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд, хэргийг прокурорт хүргүүлэх ажиллагаа нь шүүгчийн туслахын ажил үүрэгт хамаарах асуудал байхаас гадна Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Б.Б сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдөр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр сонгогдож, энэ оны 03 дугаар сарын 01-ний өдөр дахин ерөнхий шүүгчээр сонгогдсон. Энэ асуудлын хувьд удаан яригдаж байгаа. Нийслэлийн прокурорын газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж байсан. Хэргийн ачаалал шүүхийн хувьд өндөр байгаа. Хүн амын тоо нэмэгдэж үүнийг дагаад иргэдийн эрх зүйн ухамсар нэмэгдэж нэг хэрэг дээр олон өмгөөлөгчтэй оролцож, хэргийг удаашруулж байгаатай холбоотойгоор нэг хэрэгт зарцуулах цаг ихсэх болсон. 2021 онд ковид гарч хэнийг ч ялгаагүй, шүүх дээр туссан хүн нь чөлөө авч байсан, манай туслах ч бас тусаад чөлөө авч байсан. Тухайн үед Авлигатай тэмцэх газар болон эрүүгийн цагдаагийн газраас шилжүүлсэн Д.Б нарт холбогдох, Г.Б нарт холбогдох 2 хэрэг байсан. Эхний хэргийн хувьд Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргээс шийдвэрлэх боломжтой үйлдлүүдийг нь шийдвэрлээд дахин шалгаж тогтоох ёстой үйлдлүүдийг буюу Б.Г, Д.Б нарт холбогдох хэсгийг тусгаарлаж шийдвэрлэсэн. Хэрэг 40-өөд хавтас байснаас 30-аад хавтсыг нь хуулбарлах ажил гарсан. Өмнө нь тусгаарлаад аваарай гээд прокурорт шилжүүлчихдэг байсан бол одоо тийм зүйл байхаа больсон. Хэргийг тусгаарлаж дуусаад прокурорын байгууллагаас хэргийн дугаар авах ажиллагаа хийгддэг. Энэ ажил удааширсан нь үнэн. Би хяналт тавих үүргээ биелүүлж 7 хоногт 1-2 удаа шаардлага тавьдаг байсан. Сүүлдээ манай туслах худлаа ярьж эхлээд надад 2 удаа баригдсан. Ингээд бөөн асуудал болж явуулах гэтэл хүмүүс нь олдохгүй байсан. Прокурорууд хүнтэй нь авна гэх шаардлагыг тавьдаг. Гэтэл хүн нь олдохгүй асуудалтай байсан. Манай туслах надад хэлэхдээ “та надад шахалт шаардлагыг тавьж байсан” гэж хэлдэг. Энэ талаар хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж байцаагч туслахаас асуухдаа “шүүгч нь хэрэг удаагаарай гэж хэлсэн зүйл байна уу” гэхэд “тийм зүйл байхгүй, надад шаардлага байнга тавьдаг байсан” гэж хэлсэн байсан.

Нөгөө Г.Б-н хэргийн хүн нь олдохгүй байсан. Д.У, Г.Б, Г.Б нарын хэргийн хүн нь ээлжилж алга болоод олдохгүй байсан. Захирамж гаргаад явуулъя гэхээр эрх зүйн акт эцсийн байдлаар гарсан учраас эрэн сурвалжлах буюу албадан ирүүлэх захирамж гаргах боломжгүй. Гэнэт гарч ирнэ, нэг нь ирэхээр нөгөө хүн нь алга болсоор байгаад цаг хугацаа алдсан юм. Тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байхад шүүхээс шалтгаалж хойшилсон тохиолдол байхгүй. Ковид-19 цар тахлын үед 3-4 удаа хойшилсон. Манай шүүх цөөхөн шүүгчтэй тул заримдаа бүрэлдэхүүн хүрэхгүйн улмаас 2 шүүгч хуралдааныг хойшлуулах тохиолдол байдаг. ...Миний удаасан 2 хэргийн 1 болох 3 холбогдогчтой хэргийг сая шийдвэрлээд дуусахад эсэргүүцэл бичээгүй байсан. Б.Г, Д.Б нарын хэргийн үйлдэл нь тусдаа явж байгаа юм байна. Гишүүдэд хандаж хэлэхэд шүүхийн боловсон хүчний асуудал  маш хүнд байгаа. Үүнийг та бүхэн ойлгоорой. Жоохон загнахад л “ажлаас гарлаа” гэдэг тул шаардлага тавихад тун хүнд байдаг. Одоо манай шүүхийн ажилчдаас 50 гаруй хувь нь прокурорын газар орж байна. Боловсон хүчний хүрэлцээ маш дутмаг байгаа. Манай туслах н.З мундаг ажилтан байсан ба өдөр, шөнөгүй ажилладаг байсан. Нөхцөл байдал ийм байгааг бүрэлдэхүүн анхаарч өгнө үү. Дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажиллана.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

... газрын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.А нь ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б-т холбогдуулан өргөдөл гаргаж, үндэслэлээ “...яллагдагч Б.Г нарт холбогдох эрүүгийн 201201041945 дугаартай хэрэгт 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1352 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж ...нийт 8 сар 8 хоногийн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, ...шүүхээс тусгаарласан гэх эрүүгийн ... дугаартай хэрэг  ...шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн хугацаанд прокурорт ирээгүй, яллагдагч Г.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж ...нийт 7 сар 12 хоногийн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон, шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жил, 5 сар, 9 хоногийн дараа Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн” гэж тодорхойлжээ.

Нэг. Шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 530 дугаар захирамжаар яллагдагч Б.Г нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн даргалагчаар шүүгч Б.Б-ыг томилсон, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1160 дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлон 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1352 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, Б.Г нарт холбогдох хэргийг тусгаарлаж прокурорт буцаасан байна.

Дээрх хэргийг шүүх хүлээн авснаас хойш прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах хүртэлх  хугацаанд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 08 дугаар  сарын 16-ны өдөр хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  түдгэлзүүлж, хэргийн оролцогч нарын хүсэлт болон бусад шалтгааны улмаас 18 удаа шүүх хуралдаан хойшилжээ. /өмгөөлөгч нарт шүүх хурал давхацсан үндэслэлээр 7 удаа, шүүгдэгч Б.Г өмгөөлөгч авах үндэслэлээр 2 удаа, улсын яллагчийн хүсэлтээр 1 удаа, иргэдийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч хариуцагч нар шүүх хуралд ирээгүй үндэслэлээр 2 удаа, шүүгдэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр 1 удаа, хохирогч Ц.О-ийн өмгөөлөгч Ж.Б хэргийн материалтай танилцах үндэслэлээр 1 удаа, ковид-19 цар тахлаас шалтгаалан 4 удаа/

Харин Г.Б, Г.Б, Д.У нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн тухайд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1195 дугаар захирамжаар шүүгч С.С-ийг даргалагч шүүгчээр томилсон, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2479 дүгээр захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 143 дугаар захирамжаар шүүгч Б.Б-ыг даргалагч шүүгчээр томилсон, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1722 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан ба энэхүү эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан нийт 8 удаа хойшилсон байна. /өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр 1 удаа, иргэний хариуцагч Г.Т, Г.Х шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр 2 удаа, шүүгч нь өөр шүүх бүрэлдэхүүнд орсон үндэслэлээр 1 удаа, ковид-19 цар тахалтай холбоотойгоор 4 удаа/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй”, 15.2 дугаар зүйлийн 1-д “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно”, 15.3 дугаар зүйлийн 1-д “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж  заасан бөгөөд шүүгдэгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг, өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг тус тус хангасан төдийгүй нийтэд илэрхий үйл баримт болох Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулж байсанд шүүгчийг буруутгахгүй, энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх болон шүүгчийн үйл ажиллагааны улмаас, хуулиар хүлээсэн үүргээ шүүгч зохих ёсоор хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас шүүх хуралдаан хойшлоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтээр хийгдсэн ажиллагаа байх тул шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Хоёр. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээгүй удаасан гэх үндэслэлийн тухайд:

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 345 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн 201201041.... дугаартай хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Д.Б, Б.Г нарт холбогдох хэсгийг тусгаарлан прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байх ба ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/669 дүгээр албан бичгээр тусгаарласан хэргийг хүргүүлжээ.

           Харин ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1722 дугаар захирамжаар шүүгдэгч Г.Б, Г.Б, Д.У нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэн, хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/423 дугаар албан бичгээр хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

          Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар шүүгч хуулиар нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч хариуцлага хүлээлгэх чиг үүрэг бүхий байгууллага.

         Иймд нэр бүхий шүүгч нь өөрийн хянан шийдвэрлэсэн шүүгдэгч Д.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 11 сар 27 хоногийн дараа, шүүгдэгч Г.Б нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 1 жил 6 сар 03 хоногийн дараа тус тус Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн үйл ажиллагаа хуулиар нэрлэн заасан зөрчилд хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгчийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг,  50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, хуульд захирагдах зарчмыг зөрчсөн ноцтой үйлдлийг, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж тус тус ойлгоно.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс дээрх 2 хэргийг прокурорт хүргүүлээгүй үйлдэлтэй холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 290 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил үгүйсгэгдэж байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зөрчигдсөн байх боловч эрүүгийн хэргүүдийг удаан хугацаанд Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээгүйд дан ганц шүүгчийн буруутай үйл ажиллагаа бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй шүүгчийн туслахын буруутай үйл ажиллагаа, тухайн шүүхийн хэт их ачаалал бүхий нөхцөл байдал, хүний нөөцийн дутмагшил, хэргийн оролцогчид шүүхийн дуудсанаар ирдэггүй зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлсөн болох нь тогтоогджээ.

Хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн зөрчилд холбогдогч шүүгчийн идэвхтэй үйлдлээр илэрч, үйлдэл болон гэм буруугийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байж зөрчилд тооцогдох учиртай. 

Энэ тохиолдолд нэр бүхий шүүгчийг зөрчилд шууд гэм буруутай, үйлдэл гэм буруугийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй бөгөөд  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ноцтой”, “удаа дараа” байх урьдач нөхцөл хангагдаагүй тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэвч илтгэгч гишүүний “...шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд нь хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн” гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлдэг төдийгүй хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдах нь тухайн шүүгчийн үүрэг гэж үзнэ.

Иймд дахин энэ төрлийн алдаа гаргахгүй байж, шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавин хэргийн хөдөлгөөнийг манлайлан удирдах үүрэгтэйг нэр бүхий шүүгчид анхааруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ГС/2024/0025 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

           ДАРГАЛАГЧ                                  О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                      Х.ХАШБААТАР              

                                                                             Д.ЭРДЭНЭЧУЛУУН