info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-03-05

Дугаар 27

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн  Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч О.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Өргөдөл гаргагч Г.С нь “...шүүгч О.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн; шүүгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө уг маргаантай холбоотой хэрэг маргаанд оролцож байсан атлаа дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээр шүүгчийн ёс зүй, иргэдийн шүүхэд итгэх итгэл, үнэн зөвөөр шүүлгэх, мэдүүлэх эрхийн ноцтой зөрчсөн үйлдэл” гэж үзэн өргөдөл гаргажээ.

1. Нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх тухайд:

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний 1 хавтас, 198 хуудастай хэрэгт үзлэг хийж, “Э” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудыг хуулбарлан авсан. /с.х-ийн 11-14, 19-79 тал/

Тухайн баримтуудаас үзэхэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг” гэж зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байна. /с.х-ийн 19 тал/

Мөн нэхэмжлэлд:

  • Б.Д-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох 16.650.330 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5813 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж,
  • Б.Н-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 23.039.506 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9900 дүгээр “Зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж,
  • Б.Т-гийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7.044.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 233 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж,
  • Н.Э-ын нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох 16.452.299 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 16.452.299 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 282 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж,
  • М.Н-ын нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 25.702.017 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 25.702.017 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2087 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж,
  • “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 16.944.000 төгрөг, алданги 5.167.920 төгрөг нийт 22.111.920 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2.167.920 төгрөгөөс татгалзаж, үлдэх 19.944.000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ..., ... шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7943 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж,
  • “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох 49.210.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид хугацаа тохирч хариуцагч “Э” ХХК төлөхөөр тохиролцсоныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ..., ... шүүхийн шүүгчийн … оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8237 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, (захирамжийг бүдэг хуулбарласан, он харагдахгүй байна)
  • “Эр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9.163.540 төгрөг, алданги 5.123.346 төгрөг, нийт 14.286.886 төгрөг гаргуулах тухай иргэний  хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу 13.745.310 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 541.576 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ..., ... шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 000/ШШ2015/08955 дугаар шийдвэр,
  • ... хөрөнгө оруулалтын газрын  нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 72.473.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-ийн 38.617.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ... шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШШ2017/02213 дугаар шийдвэр,
  • “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох 4.522.129 төгрөг гаргуулах тухай маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШШ2018/18771  дүгээр “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамж,
  • Т.Э-н нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13.818.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 12.000.000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК нь төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ... шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 000/ШШ2018/02273 дугаар “Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж,
  • “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 227.560.500 төгрөг, алданги 113.780.250 төгрөг, нийт 341.340.750 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-ийн 000.335.163 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ... шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 000/ШШ2017/01675 дугаар шийдвэрүүдийг хавсаргажээ. /с.х-ийн 28-63 тал/

          Түүнчлэн өргөдөлд ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-125/20337 дугаар “...анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутад Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжны 3 хаягт байрлах ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг" мэдэгдэл хүргүүлсэн байна. /с.х-ийн 66 тал/

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах хэсэгт “энэ хуулийн 14.1-д зааснаас гадна ...тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдэд даалгах, ...тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө”, 14.3 дах хэсэгт “шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, 14.5 дах хэсэгт “...Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ” гэж тус тус зааснаар ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/09 дүгээр “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолыг “Э” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-125/20337 дугаар мэдэгдлийг 2023  оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус гардан авчээ. /с.х-ийн 66-67 тал/

          Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно” гэж зааснаар “Э” ХХК нь гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/45 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан байна. /с.х-ийн 68 тал/

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан нь Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03/3017 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /с.х-ийн 69 тал/

          Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад бүрдсэн баримтуудаас үзэхэд “Э” ХХК-ийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул шүүгч О.А-г нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.

2. Шүүгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө уг маргаантай холбоотой хэрэг маргаанд оролцож байсан атлаа иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэн тул шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2023/15256 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /с.х-ийн 82-83 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, ...энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх бөгөөд шүүгч иргэний хэрэг үүсгэсэн өдрөө “нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр уг хэрэг маргааны хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай” хүсэлт гаргасныг мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаан эхлэхээс өмнө буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл бий болсныг мэдсэн даруйдаа хүсэлтээ гаргасан гэж үзнэ. /с.х-ийн 84 тал/

... шүүхийн Ерөнхий шүүгч шүүгч О.А-гийн хүсэлтийг хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт “... хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, ... татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж зааснаар Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ЕШ2023/02632 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авчээ. /с.х-ийн 85-86 тал/

Улмаар иргэний хэргийн тус шүүхийн шүүгчийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ЗТ2022/00908 дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “... шүүгч, шүүхээс татгалзаж ирсэн хэргүүдийг тойргийн дарааллаар системээс гараар хуваарилна”, 3.4 дэх хэсэгт “энэ журмын 3.1-д заасны дагуу шүүгчээс татгалзсан хэргийг хуваарилахад тайлант он дууссан эсэх нь нөлөөлөхгүй бөгөөд ийнхүү хуваарилахдаа тойрог бүтэн дууссаны дараа шинээр эхлүүлэх зарчим баримтална” гэж зааснаар шүүгч татгалзан гарсан хэргийг тус шүүхийн шүүгч И.А, Ж.Б, Б, Ч.Д, Х.Д, Н.Н, Т.Э, Б.Ц, Ц.Н, О.Ц, О.А гэх нэрсийн дарааллаар хуваарилахаар тогтсон байна. /с.х-ийн 100-109, 120-123 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “...шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр ...шүүгч шийдвэрлэнэ” гэж зааснаар дээрх нэрсийн дарааллын дагуу шүүгч И.А 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөр хэрэг хүлээн авсан байсан тул шүүгч О.А-гийн “татгалзан гарах тухай” хүсэлтийг нэрсийн дарааллын дагуу шүүгч Ж.Б-д хуваарилжээ. /с.х-ийн 120-123 тал/

Гэвч шүүгч Ж.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Э” ХХК-ийн захирал Ч.Ц нь миний нөхөр Д.С-тэй садан төрлийн холбоотой буюу үеэл эгч дүү нар тул ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4, 91.1.2-т зааснаар татгалзан гарах тухай” хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 182/ЕШ2023/02807 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч, журмын дагуу нэрсийн дарааллаар тухайн иргэний хэрэг нь Ерөнхий шүүгч Б-д хуваарилагдсан байна. /с.х-ийн 87-89 тал/

Иймд шүүгч О.А нь шүүгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө “Э” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан боловч тухайн компанийн нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн нь сахилгын зөрчил биш болно.

          Дээрхийг нэгтгэн дүгнээд ... шүүхийн шүүгч О.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзсэн тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “...“Тус шүүхэд гаргасан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/09 дүгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуваарилагдан ирсэн.

Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Иймд иргэн Г.С-ын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн” гэх өргөдөл үндэслэлгүй байна.

Мөн миний бие нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан болохоо тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хэргийн оролцогчтой хувийн харилцаатай гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг ... шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч татгалзан гарах ойлголт хуульд байхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “ээнэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч ...энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Иймд иргэн Г.С-ын өргөдөл үндэслэлгүй байх тул шүүгч О.А надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.С-аас ... шүүхийн шүүгч О.А-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГЗҮ/2024/0014 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагчаас “... шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэчхээд өөрөө татгалзан гарсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх тэгш байх, шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсэн суурь зарчмыг зөрчсөн үйлдэл болсонд гомдолтой” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Э” ХХК-аас ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч О.А-д хуваарилагдаж, шүүгч 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШЗ2023/15256 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан.

  Нэхэмжлэгч “Э” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4 дэх хэсэгт “ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаатай холбоотой асуудлаар гомдлоо гаргаж шийдвэрлүүлэн, тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК нь хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгч хүлээн авч, тухайн нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн иргэний хэрэг үүсгэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

Мөн шүүгч О.А нь тухайн иргэний хэрэг үүсгэсэн өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  “..2020 оноос 2023 оны 06 дугаар сар хүртэл “Э” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах” хүсэлтийг өгчээ.

Тус хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ЕШ2023/02632 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хүлээн авч, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг өөр шүүгчид шилжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, 91.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй” гэж заасан.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч О.А нь иргэний хэрэг үүсгэсэн даруйдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгчийг  дээрх өргөдлийн үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч О.А -д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

        ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2024/0023 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч О.А -д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

   ДАРГАЛАГЧ                                     Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                            Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                            Г.ЦАГААНЦООЖ