МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-01-24
Дугаар 6
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэн В.М өргөдөлдөө: “...С.Э нь нэхэмжлэлдээ миний хаягийг ... тоот гэж бичсэн. Би өмнө нь энэ хаягт бүртгэлтэй байсан боловч гадаадад суралцах болсон тул хэлний бэлтгэлд суралцах, хувийн нүдний шилний газраа ажиллуулах зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт оршин сууж байгаа. Ингээд уг иргэний хэргийг оршин суугаа газрын шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй. Шүүгч хэргийн оролцогч нартай утсаар ярьдаг бөгөөд танай ээж ер нь ямар учраас нэхэмжлэл гаргаад байгаа юм бэ? Би хүсэлтийг чинь хүлээж авахгүй гээд хууль зөрчсөн захирамж гаргасан. Би гадаад явах хугацаа тулчихсан, хотод сургалтад суух шаардлагатай, мөн гэр маань хотод байгаад байхад миний хэргийг шилжүүлэхгүй, хувийн сонирхлоор хандаж байгаад гомдолтой байна. Иймд ... шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-ын хууль бус, ёс зүйгүй үйлдлийг шалгаж өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Д.А тайлбартаа: “...С.Э нь В.М-д холбогдуулан 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нь хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1../ШЗ2023/0....2 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
Нэхэмжлэлд хариуцагчийн хаягийг “...тоот" гэж бичсэн, энэ хаягаар дуудахад тэрээр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авч, хариу тайлбар ирүүлсэн.
Шүүх нэхэмжлэгч С.Э-т хариу тайлбарыг танилцуулахаар дуудах ажиллагаа явуулахад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцаж, хамтран хариуцагчаар Ж.М-ыг татах хүсэлт гаргасан.
В.М нь иргэний хэргийг ...шатны шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргаж, хаягийн бүртгэлийн лавлагаа ирүүлсэн, гэвч хүсэлт хуульд нийцээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Учир нь нэхэмжлэлийг хүлээн авахад шүүхийн харьяаллыг шалгах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл тогтоогдохоос бусад тохиолдолд хэргийг шилжүүлэх боломжгүй. Нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд заасан ажиллагаа. Иймд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, С.Э нь В.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг ...тоот гэж тодорхойлжээ. Уг нэхэмжлэл Ерөнхий шүүгч Д.А-д хуваарилагдсан, шүүгч нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гардуулан өгч, эрх үүргийг тайлбарлан өгсөн байна.
Хариуцагч В.М тухайн иргэний хэргийг ... шатны шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0....1 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:
1. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл шүүгч иргэний хэрэг үүсгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасан ажиллагаа явуулах учиртай.
С.Э-ийн нэхэмжлэлийг шүүгч Д.А хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийг гардуулан өгч, эрх үүргийг тайлбарлан, хариу тайлбар гаргах хугацаа тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 66 дугаар зүйлд нийцжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хариуцагчийн “... хэргийг өөр шүүхэд шилжүүлэх” хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо шүүгч “...хэрэг шилжүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй” гэж үзжээ.
Хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай, нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан бол шүүгч хэргийг өөр шүүхэд шилжүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зохицуулсан.
Нэхэмжлэлийг гардуулах үед хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин сууж байсан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой шалтгааны улмаас оршин суугаа газраа өөрчилснийг шүүх нэхэмжлэл хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд хэргийг өөр шүүхэд шилжүүлэх хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй болно.
2. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “... шүүгч хэргийн оролцогчтой утсаар ярьсан” талаар дурдсан боловч шалгах ажиллагааны явцад энэ нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР