info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-01-08

Дугаар 1

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай 

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга А.Намуу нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2023/0134 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... -шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан иргэн Л.О-н гаргасан өргөдлийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2023/0092 дугаар захирамжаар Сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явууллаа.

1.Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн СХТ/2023/0141 дүгээр тогтоолд дурдасан “...1. ...илтгэгч гишүүний нотлох баримт гаргуулах захирамж биелэгдээгүй буюу 2022 оны 09 дүгээр сарын 29, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг ирээгүй...” гэж дүгнэжээ.

  Илтгэгч гишүүн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 583 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай захирамжаар[1]  “ ... Л.О-н нэхэмжлэлтэй, хариуцагч ...-д холбогдох захиргааны хэргийн ... 2022 оны 09 дүгээр сарын 29, 2023 оны 01 дүгээр сарын 04, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тус тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдийг, тус шүүх хуралдаануудын тэмдэглэлүүдийг ...” ... шүүхийн Тамгын газраас гаргуулан авахаар шийдвэрлэснийг ... шүүхийн тамгын газар /...@shuukh.mn/ гэх цахим шуудангийн хаягаас, Шүүхийн сахилгын хорооны info@judiscom.mn цахим шууданд “... shuuhees bichleg hurguulew” гэх тайлбартай 1 холбоосыг илгээснийг[2] 2023 оны 09 дүгээр сарын 27 болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг шүүх хуралдааны тэмдэглэлтэй тулган үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн[3] бөгөөд уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг 4.17 GB багтаамжтай СИДИ-нд 2023.01.06, 2023-09-27 нэртэй MP4 файл үүсгэн хуулж хэрэгт хавсаргасан болно.

2.Өргөдлийн: “Хариуцагчийн өмгөөлөгч Х.О нь шүүхэд гаргасан хүсэлтийн нэгдүгээрт хэргийн материалд тэтгэвэр, тэтгэмжээс/мөнгөн дүн/ бусад бүх бичиг баримт нотлох баримтаар авагдсан байхад хувь хүний орон зай руу хэт халдсан хүсэлт өгөхөд шүүгч Б.Б нь түүнийг шийдвэрлэж нийгмийн даатгалын сангаас олгогддог тэтгэвэр тэтгэмжийн бодолт, тоо хэмжээ/мөнгөн дүн/-г бодуулж авсан нь хүний эрхэнд бүдүүлгээр халдсан” гэх үндэслэлийн тухайд:

  Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн СХТ/2023/0141 дүгээр тогтоолд “ 2. ... Засаг даргын захирамжаар ажлаас түр чөлөөлсөн, буцааж ажилд нь томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж захиргааны акт гаргахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны маргаанд дээрх нотлох баримт шаардлагатай байсан эсэх талаар өргөдөлд дурдсан байтал энэ талаар дүгнэлт өгөөгүй байна...” гэж дүгнэжээ.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасанчлан Захиргааны хэргийн шүүх Засаг даргын захирамжтай холбогдуулан гаргасан хэргийг шийдвэрлэх явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0149 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн нь шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарна   

  3.Өргөдлийн “Энэ хугацаанд шүүхийн ажиллагаа явагдаж байсан гэж үзэж болох боловч энэ өдрийн ... дээр Ерөнхий шүүгч Б.Б-с татгалзсан боловч нотлох баримтгүй тул хүлээн авах боломжгүй гэж шүүх хурлыг үргэлжлүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:

  Мөн Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн СХТ/2023/0141 дүгээр тогтоолд “3. ...шүүх хуралдааны явц дахь шүүгчийн үйлдэлтэй холбогдуулж гаргасан татгалзалд “нотлох баримт хавсаргах” үндэслэл байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай...” гэж дүгнэжээ.

  Сахилгын хэрэгт 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн шүүгч Б.Б-с татгалзан гаргах хүсэлт авагдсан.

  Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан бөгөөд уг тогтоолд;

  -“хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно.

  -“хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүгч дараах үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч мэдсэн бөгөөд энэ талаар баримт байхыг эсхүл эдгээрийг шүүгч өөрөө тодорхойлсныг ойлгоно. Шүүгч, шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй гэж,  мөн тогтоолын 6-д;

  -“татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч гаргах” гэдгийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах 16 үндэслэлээ тодорхойлж, бичгээр гаргасан хүсэлтийг, уг үндэслэлийн талаарх баримтын хамт гаргаж өгөхийг ойлгоно. Хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй асуудлаар эсхүл үндэслэл дурдаагүй, үндэслэлдээ хамаарах баримт гаргаагүй, түүнчлэн бичгээр гаргаагүй хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлт гэж үзэхгүй, уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд, татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэжээ.

  ... анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны 0055 дугаар тэмдэглэлд тусгагдсанаар шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг хэлэлцэхэд Даргалагчаас: “...2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын 84 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байна. Хэрвээ татгалзах хүсэлт өгч байгаа бол холбогдох баримтыг хавсаргаж өгөх ёстой гэж уг тогтоолд заасан байдаг. Тэгэхээр холбогдох баримтыг хавсаргаж ирүүлсэн тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авч шийддэг. Нэхэмжлэгч тал холбогдох баримтыг хавсаргаж өгөөгүй байгаа учир хүсэлт гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлье”  гэж тусгагдсан байх ба ... хэрэгт хийсэн үзлэгээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг нэхэмжлэгчээс гаргахдаа холбогдох баримтыг хавсаргаагүй байх тул шүүгчийг дээрх үндэслэлээр буруутгах боломжгүй байна.

  Хэдийгээр 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч татгалзан гаргах хүсэлтдээ “...2022 оны 9 дүгээр сарын 29, 2023 оны 01 дүгээр сарын 04, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хурал дээр ...нэг талыг баримталсан өнөөдрийг хүрлээ”[4] гэж дурдсан байх боловч шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан хүсэлтийг хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд аливаа шийдвэр гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлсэн шүүгчийн үйл ажиллагаа нь шүүгчийг татгалзан гаргах холбогдох баримт гэж үзэхгүй бөгөөд шүүгч Б.Б нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахдаа холбогдох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзал гаргаагүйд тооцсон нь хуульд нийцнэ.

  Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 36 дугаар тогтоолын 6-д татгалзан гаргах хүсэлт гэж үзэхгүй тохиолдолд уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй талаар тайлбарлажээ.

  4. Өргөдлийн “...2022-05-20-нд нэхэмжлэл гаргасан. Гэтэл бараг 5 сарын дараа буюу 2022-10-04-нд ... анхан шатны шүүх хурал болж нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон... “...Шүүх хурал бүтэн жил гаруй хугацааны дараа 2023-05-30-ны өдөр болсон....” гэх үндэслэлүүдийн тухайд:

  Иргэн Л.О нь Б.Б-д холбогдуулан ... албан тушаалд эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, амралтын мөнгийг бүрэн тооцож гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ... анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар арын 24-ний өдөр гаргаж, ... анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШЗ2022/0100 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

  ... Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Тус сумын Засаг даргыг төлөөлж Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэгт хариу тайлбарыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр  өгчээ.

  Захиргааны хэргийн нэхэмжлэгч Л.О 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хүсэлт өгч, тухайн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хариу тайлбар өгчээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 119/ЗТ2022/0026 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгажээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 119/ЗТ2022/0037 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор сунгажээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 119/ШЗ2022/0230 дугаар захирамжаар Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдуулахаар тогтоож, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 119/ШЗ2022/0232 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийхээр товлон зарлажээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 119/ЕШ2022/0036 дугаар захирамжаар Шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Б-г томилсон шийдвэрийг албажуулжээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 119/ШЗ2022/0244 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж, нэхэмжлэгч тус шийдвэрт гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэлэлцэн 221/ШТ2022/0897 дугаар тогтоолоор ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 119/ШЗ2022/0244 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2937 дугаар албан бичгээр хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлж, ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 119/ШЗ20223/0012 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай” хүсэлтийг хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 119/ШЗ2023/0014 дүгээр захирамжаар тус захиргааны хэрэгт ... нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг шинжээчээр томилжээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар ... нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст 17 дугаар албан бичиг хүргүүлжээ.

  Нэхэмжлэгч Л.О 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дээрх 14 дүгээр захирамжид гомдол гаргаж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-н 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гомдолд тайлбар гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШТ2023/0127 дугаар тогтоолоор шүүгчийн 14 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлээд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/410 дугаар албан бичгээр буцаан хүргүүлжээ.

  ... нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны 245 дугаар албан бичгээр ... нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг ирүүлж, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 119/ШЗ2023/0074 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 119/ШЗ2023/0075 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг товлон зарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2 хүсэлт, нэхэмжлэгч Л.О 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт гаргасныг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 119/ШЗ2023/0079 дүгээр шүүгчийн захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, ... Захиргааны хэргийн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 110 дугаар албан бичгээр шинжээчид хүргүүлжээ.

Нийгмийн даатгалын газрын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 01/832 дугаар албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг шүүхэд хүргүүлж, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШЗ2023/0125 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 119/ШЗ2023/0126 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр товлон зарлажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын 2023 оны 05 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд гаргасан хүсэлт, хариу тайлбар зэргийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 119/ШЗ2023/0133 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 133-135 дугаар албан бичгүүдийг ... бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмнэлэг хяналтын комисс, ... нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс ... нийгмийн даатгалын хэлтэст тус тус нотлох баримт гаргуулахаар хүргүүлж,... нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 434 дүгээр албан бичиг, ... бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 05 дугаар сарын  16-ны өдрийн 376 дугаар албан бичиг, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 119/ШЗ2023/0149 дүгээр захирамжаар хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулжээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2023/0014 дүгээр шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 221/МА2023/0480 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

   Дээрх сахилгын хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзвэл Л.О-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа захиргааны хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлэх гэх мэт ажиллагаанууд хийгдэж цаг хугацааны хувьд үргэлжлэн явагдсан байх бөгөөд шүүгч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан гэх баримт тогтоогдохгүй байна.

   5. Өргөдлийн “...Шүүгч Б.Б-с татгалзсан хүсэлтийн хоёрдугаарт бичсэн зүйл нь хариуцагчийн төлөөлөгч Д.Э, шүүгч Б.Б нар утсаар хоорондоо яриагүй бол уулзаж ярилцсан байх магадлалтай” гэх үндэслэлийн тухайд:

     Өргөдөлд дурдагдсан үндэслэлийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус Захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-с авсан гэрчийн мэдүүлэгт[5] “Б шүүгчийг таних уу” гэх гишүүний асуултад “Б шүүгчтэй маргаанаа шийдүүлэхээр анх удаа уулзсан, Б шүүгчтэй найз нөхдийн болон төрөл садангийн нутаг усны ямар нэг хамаарал надад байхгүй” гэх хариулт,  “...та Б шүүгчтэй өөрийн болон бусдын гар утаснаас холбогдон ярилцаж байсан уу” гэх гишүүний асуултад гэрч хариулахдаа “тийм зүйл байхгүй. Миний утасны биллийг шалгаж үзэж болно. Би зөвшөөрөл өгье” гэсэн хариулт өгсөн байх бөгөөд илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад гишүүний 2023 оны 10 дугаар сарын 03-н өдрийн ГЗБ/2023/0609 дүгээр захирамжаар “М К” ХХК-аас Д.Э-н ... дугаарын утаснаас шүүгч Б.Б-н ... дугаарын утсанд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд холбогдсон эсэх талаарх лавлагааг гарган ирүүлэх захирамж гарган хүргүүлсэн боловч “М К” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4/7779 дугаар албан бичгээр “техникийн саатлын улмаас 2023.07.01-нээс өмнөх буюу сүүлийн 3 сараас өмнөх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг шалгах боломжгүй...” гэх хариуг ирүүлсэн.

  Түүнчлэн өргөдөлд дурдагдсан ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт тус тус хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн өргөдөлд дурдагдсан үндэслэл таамаг өөр ямар нэг баримтаар тогтоогдохгүй байна.

  Шүүхийн сахилгын хорооны гишүүнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явуулахад өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.  Иймд, ...  анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2023/0092 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгаад, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГС/2023/0134 “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасан байна.

Тус саналыг хуралдаанаар хэлэлцэж үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасанчлан Захиргааны хэргийн шүүх Засаг даргын захирамжтай холбогдуулан гаргасан хэргийг шийдвэрлэх явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0149 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн нь шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

  Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан бөгөөд уг тогтоолд “татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч гаргах” гэдгийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах 16 үндэслэлээ тодорхойлж, бичгээр гаргасан хүсэлтийг, уг үндэслэлийн талаарх баримтын хамт гаргаж өгөхийг ойлгоно. Хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй асуудлаар эсхүл үндэслэл дурдаагүй, үндэслэлдээ хамаарах баримт гаргаагүй, түүнчлэн бичгээр гаргаагүй хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлт гэж үзэхгүй, уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд, татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэжээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны 0055 дугаар тэмдэглэлд тусгагдсанаар шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг хэлэлцэхэд Даргалагчаас: “...2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын 84 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан байна. Хэрвээ татгалзах хүсэлт өгч байгаа бол холбогдох баримтыг хавсаргаж өгөх ёстой гэж уг тогтоолд заасан байдаг. Тэгэхээр холбогдох баримтыг хавсаргаж ирүүлсэн тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авч шийддэг. Нэхэмжлэгч тал холбогдох баримтыг хавсаргаж өгөөгүй байгаа учир хүсэлт гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлье”  гэж тусгагдсан байх ба Захиргааны хэрэгт хийсэн үзлэгээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг нэхэмжлэгчээс гаргахдаа холбогдох баримтыг хавсаргаагүй байх тул шүүгчийг дээрх үндэслэлээр буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

  ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 119/ШШ2023/0014 дүгээр шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 221/МА2023/0480 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх бөгөөд сахилгын хэрэгт авагдсан үйл баримтуудаас үзвэл Л.О-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа захиргааны хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлэх гэх мэт ажиллагаанууд хийгдэж цаг хугацааны хувьд үргэлжлэн явагдсан байх бөгөөд шүүгч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан гэх баримт тогтоогдохгүй байна гэсэн нь баримтаар нотлогдож байх тул саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

 Дээрх үйл баримтаас дүгнэн үзэхэд холбогдох шүүгч болох ... анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

   ТОГТООХ НЬ:

1. ... анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                ДАРГАЛАГЧ                          Б.СУГАР

                             ГИШҮҮН                             Д.АРИУНТУЯА

                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН