МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-23
Дугаар 83
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар ... шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгч Д.А- тайлбартаа “...Яллагдагч В.Ө, Э.Э, Г.Д нарт холбогдох эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд ирж, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс шүүгч надад хуваарилагдсан. Шүүх хэргийн материалтай танилцаж, хуулийн хугацаанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хийж, уг хэргийг ... дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Уг хуралдааны явцад шүүгч Д.А- би яллагдагч В.Ө-ыг загнаагүй, заналхийлээгүй, урьд нь В.Ө надад хандаж гомдол гаргасан гэдэг байдлаар огт хандаагүй бөгөөд хуульд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг даргалж, хурлаа дуусгаж, тухайн хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. В.Ө урьд нь өөр хэрэгт хохирогчоор оролцохдоо Шүүхийн Сахилгын хороонд шүүгч надад хандаж гомдол гаргасантай холбоотойгоор хохирогчоор оролцож байсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгч надаас татгалзаж байсан, тухайн Сахилгын хороонд гаргасан гомдол яллагдагч В.Өд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болох үеэр шийдвэрлэгдээгүй байсан учир тухайн нөхцөл байдлыг би танилцуулаад яллагдагч В.Ө шүүгч надаас татгалзах эсэхийг асуухад В.Ө шүүгч надаас татгалзахгүй гээд хурал цаашаа үргэлжилсэн үйл явдал хурлын үеэр болсон. Хуульд заасны дагуу шүүгч болон бусад оролцогч нараас татгалзал байгаа эсэхийг шүүгч би хуралдаан даргалагчийн хувиар хэргийн бүх оролцогчоос асуухдаа хэн нэгнийг, тэр дундаа В.Өыг загнаагүй, заналхийлээгүй. Иймд танай хороонд гаргасан В.Өын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүний саналд: “...Өргөдөл, мэдээллийн агуулгаас үзвэл ... шүүхийн шүүгч Д.А- нь яллагдагч В.Ө, Э.Э, Г.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хийхдээ яллагдагч В.Ө-ыг загнаж, заналхийлсэн гэх үндэслэлээр гомдол гаргажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын бичлэгээс үзэхэд дуу, дүрс бичлэгийн 0:03:22 минутад яллагдагч В.Ө-аас 2020 онд Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолтой нь холбогдуулан шүүгчийг татгалзах татгалзал байгаа эсэхийг асуухад тэрээр татгалзаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж байх ба ба шүүгч Д.А- яллагдагч В.Ө уруу дайрч, загнаж зандарч байгаа зураглал харагдаагүй, харин дуу, дүрс бичлэгийн 0:48:40 минутад яллагдагч нарын өмгөөлөгчтэй, 0:52:40 минутад яллагдагч В.Ө-тай чанга дугаар зандрангуй байдалтай харьцаж байгаа байдал харагдаж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэснийг энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг ойлгохоор байх ба Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласантай харьцуулбал шүүгч чанга дугаар зандрангуй байдалтай харьцсаныг “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Иймд шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн В.Ө нь Шүүхийн ёс зүйн хороонд 2021.09.16-ны өдөр ... шүүхийн шүүгч Д.А-т холбогдуулан өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...Миний бие 2021 оны 06 дугаар сарын 22-ны ... шүүх хуралд оролцох үед хурлыг шүүгч Д.А- нь даргалж байгаа боловч хурал эхлэнгүүт надруу дайрч, зууж байгаа хурлын дуу болон дүрс бичлэгийг татаад авахад тодорхой харагдана. 2020 оны 10 дугаар сарын 21-нд тус дүүргийн шүүхээр хүчингийн хэрэгт хохирогчоор оролцоход над уруу мөн дайрч, мөн хурлын товоо зарлачихаад шүүгч Д.А- нь ирээгүй бид бүгдийг 2 цаг гаруй хүлээлгэсэн. Одоо ирж байна замын түгжрэл гээд ирээгүй энэ талаар нь би гомдол гаргасан одоо шалгагдаж байгаа. Энэ болохоор намайг загнаад занал хийгээд байгаад гомдолтой байна. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ... шүүх хурлын бичлэгийг шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.
Хуульч өмгөөлөгч Л.Б Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 02 сарын 21-ний өдөр ирүүлсэн тайлбарт “...2021.06.22-ны өдрийн шүүх хуралд оролцох үед шүүгч Д.А- нь “-Чи намайг 2020 онд сахилгын хороонд өгсөн. Тэр чинь одоо болтол шийдэгдэж дуусаагүй байгаа. Тэгсэн одоо өөрийгөө хар” гэсэн утгатай зүйл ярьж загнаж, зандарч байсан...” гэжээ.
Сахилгын хэрэгт яллагдагч В.Ө, Э.Э, Г.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг баримтаар авагдсан байна. Бичлэгийн 0:03:22 минутад яллагдагч В.Ө-аас 2020 онд Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолтой нь холбогдуулан шүүгчийг татгалзах татгалзал байгаа эсэхийг асууж байх ба өмгөөлөгч Л.Б-ы тайлбарт дурдагдсан “...тэгсэн одоо өөрийгөө хар” гэсэн утгатай зүйл шүүгчээс хэлэгдээгүй байна. Шүүгч Д.А- яллагдагч В.Ө уруу шууд дайрч, загнаж зандарсан байдлаар харьцсан байдал дуу, дүрсний бичлэгт байсангүй, харин яллагдагчийн талаас шүүгчийг татгалзаагүй тул шүүх хуралдаан үргэлжлэн явагдсан байна.
Дуу, дүрс бичлэгийн 0:48:40 минутад яллагдагч нарын өмгөөлөгчтэй, 0:52:40 минутад яллагдагч В.Ө-тай чанга дугаар харьцаж байгаа байдал харагдаж байна. Энэхүү дуугаа өндөрсгөн харьцаж байгаа байдал нь цар тахлын үеийн шаардлага, онцлогоос хамаарч амны хаалттайгаар харилцах үед харилцан яриа сонсогдохгүй, дахин давтан чанга ярих зэрэг байдал ажиглагдаж байх ба шүүгч шүүх хуралдааны дэг сахиулан ажилласныг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэж үзэж шүүгч Д.А-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.... шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ