info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-29

Дугаар 25

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.Д-ыг цахимаар оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ...7 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй Б.Д нь ...шүүхийн шүүгч Д.А-т холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн С.Энхтөр хүлээн авч хянаад, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЗҮ/2023/...2 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2024/...1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөл гаргагч Б.Д-оос шүүгч Д.А-т холбогдуулан “...шүүх хуралдааны явцад зөөврийн компьютер дээр өөр хэргийн материал тавьчихсан шивж байсан, хавтаст хэргийн материалыг үзэж шалгаж, шинэчлэн судлаагүй” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.  

   Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, ...шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Д даргалж, шүүгч Д.А, И.Г нарын бүрэлдэхүүнтэй, ...Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2....8 дугаартай хэргийг хянан хэлэлцэж, Б.Д-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

   Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг үзэж, тэмдэглэл үйлдэхэд шүүгч Д.А нь шүүх хуралдаанд хэлэлцээгүй хэргийн материал авч орсон гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Тодруулбал, шүүх хуралдааны бичлэгт бүрэлдэхүүний өмнө 4 хавтас бүхий хэрэг байсан болох нь бичигдсэн байх бөгөөд Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэг 4 хавтастай байсан болох нь ...шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ...1 дүгээр албан бичиг, тус шүүхийн тамгын газрын баримт хүлээн авсан актаар тус тус тогтоогдож байна. Шүүгч Д.А нь шүүх хуралдаанд өөр хэргийн материал авч орсон гэх үйл баримт бичлэгт бичигдээгүй байна. Дээрх хэргийн 4 хавтаснаас өөр хавтас буюу хэрэг бүрэлдэхүүний ширээн дээр байсангүй. Уг 4 хавтас хэргээс өөр хэргийг шүүгч уншиж, танилцаж байгаа талаарх дуу дүрс бичигдээгүй байна.

Харин шүүгч Д.А нь шүүх хуралдааны явцад хар өнгийн зөөврийн компьютер гарган ирж, урдаа нээн тавьсан болох нь бичлэгт бичигджээ.

Энэ талаар холбогдох шүүгч тайлбартаа “...шүүгч нарын албан хэрэгцээнд тус шүүхийн Тамгын газраас тарааж өгсөн зөөврийн компьютерыг шүүх хуралдаанд яригдаж байгаа, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тэмдэглэж авах шаардлагатай гэсэн мэдүүлэг, тайлбар, санал, хүсэлт, тоо тооцооны шинжтэй үйл баримтуудыг тэмдэглэл болгож бичдэг, улмаар шүүхээс гарах шийдвэрт ашигладаг” гэж тайлбарласан байна. ...шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 141 дүгээр албан бичигт “...шүүгч Д.А-ийн ашиглаж байгаа хар өнгийн DELL загварын зөөврийн компьютерыг шүүхийн тамгын газраас албан хэрэгцээний зориулалтаар олгосон” гэжээ.

Шүүх хуралдааны дүрсний бичлэгээс үзвэл, шүүгч Д.А нь дээрх зөөврийн компьютер дээр өөр хэргийн материал шивсэн гэх үйлдэл гаргаагүй байна. Харин тэрээр “presentation-1.mp4” нэртэй бичлэгийн 0:03:15-0:09:54, 0:10:00-0:10:01, “presentation-2.mp4” нэртэй бичлэгийн 0:04:52-0:05:12, 0:05:40-0:06:04 минутад тус эрүүгийн хэргийн 4 хавтас хэргээс 1 хэргийг авч уншиж, тэмдэглэл үйлдэн, буцаан тавьж буй нь бичигдсэн байна. Шүүгч шийдвэрлэж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатайгаа холбогдуулан техник тоног төхөөрөмж хэрэглэхийг хуулиар хориглоогүй. Тухайн компьютерыг өөр зориулалтаар хэрэглэсэн гэх байдал тогтоогдсонгүй. 

Ийнхүү шүүгч Д.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд оролцжээ. Шүүх хуралдааны явцад шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх өргөдөлд дурдсан үйл баримтыг гаргасан болох нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.

Шүүгч Д.А тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэг ...Прокурорын газраас тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирж, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс шүүгч би шүүх бүрэлдэхүүнд орохоор болж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1...4 дүгээр захирамжаар албажуулсан. Улмаар ...шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Д-д холбогдох хэргийн шүүх хуралдааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, нээлттэйгээр хянан хэлэлцэж ...5 дугаартай шийтгэх тогтоолыг гаргасан байна. Уг шүүх хуралдаанд шүүгч миний бие бүрэлдэхүүнд оролцож, тухайн хэргийг шийдвэрлэжээ. ...шүүхийн шүүгч нарын албан хэрэгцээнд тус шүүхийн Тамгын газраас шүүгч нарт тарааж өгсөн зөөврийн компьютерыг шүүгч би албан хэрэгцээндээ шүүх хуралдаанд авч орох, хурлаас бусад цагт өрөөндөө тогтоол, шийдвэр бичих, тэмдэглэл засах байдлаар байнга хэрэглэдэг. Тухайн зөөврийн компьютерыг дангаар болон бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх шүүх хуралд байнга авч ордог бөгөөд ингэхдээ тухайн шүүх хуралдаанд яригдаж байгаа, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, тэмдэглэж авах шаардлагатай гэсэн мэдүүлэг, тайлбар, санал, хүсэлт, тоо тооцооны шинжтэй үйл баримтуудыг тэмдэглэл болгож бичдэг, улмаар шүүхээс гарах шийдвэрт ашигладаг. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болсон шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд мөн л албан хэрэгцээнд хэрэглэх зөөврийн компьютерыг авч орсон, улмаар хэрэгтэй гэсэн тэмдэглэлийг хөтөлсөн, өөрөөр би тухайн шүүх хуралдаанд өөр хүнд холбогдох ямар нэгэн хавтаст хэрэг авч ороогүй, хурлын үеэр өөр хүнд холбогдох хэргийн талаар болон өөрөөр шийдвэр, захирамж бичих байдлаар ашиглаагүй болно. Шүүгч миний бие зөвхөн хуульд захирагдан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг бөгөөд Б.Д-ын гомдолд дурдсанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ өөр хүнд холбогдох хэргийн материалаас талаар зөөврийн компьютерт бичээгүй бөгөөд хууль бус шийдвэр гарган шүүгчийн нэр хүндийг унагасан, хуульд харш үйлдэл гаргаагүй болно. Иймд Б.Д-ын гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч, Б.Д нь “...шүүгч Д.А нь шүүх хуралдааны явцад эрүүгийн хэргийн хавтаст хэргийн материалыг үзэж, шалгаж, шинэчлэн судлаагүй, нотебүүк оруулж ирж, өөр хүний хавтаст хэргийн материалыг шалгаж, шивж байсан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар шүүгдэгч миний ганцхан надад холбогдолтой хэргийг хянах ёстой байтал ёс зүйгүй алдаа гаргасан” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.

Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэрэгт холбогдуулан ...Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2...8 дугаар хэргийг ...шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 2022/ШЦТ/..5 дугаар шийтгэх тогтоолоор Б.Д-ыг гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ял шийтгэжээ. /с.х-ийн 10-24 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтаст хэрэг нь 252 хуудас, 2 дугаар хавтаст хэрэг нь 252 хуудас, 3 дугаар хавтаст хэрэгт нь 252 хуудас, 4 дүгээр хавтаст хэрэг нь 157 хуудас бүхий нийт 4 хавтас, 913 хуудас, 5 ширхэг сидитэй болох нь ...шүүхийн Тамгын газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай “Баримт хүлээн авсан акт” болон тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тус тус нотлогдож байна. /с.х-ийн 32-33 тал/

Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдагдсан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг илтгэгч гишүүний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ГЗБ/2023/...6 дугаар захирамжаар ...шүүхийн Тамгын газраас авч, үзлэг хийж бэхжүүлж, сахилгын хэрэгт хавсаргажээ. /с.х-ийн 6-7, 36-37 тал/

Тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгтэй танилцахад шүүх хуралдааныг шүүгч Д.Д даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.А, И.Г нар оролцсон байх бөгөөд бичлэгийг үзэхэд шүүх бүрэлдэхүүний шүүгч нар шүүх хуралдааны танхимд орж ирэн, даргалагч шүүгч Д.Д шүүх хуралдааныг нээж байгаагаар эхэлж байна. Мөн шүүх бүрэлдэхүүний ширээн дээр буюу даргалагч шүүгчийн өмнө 4 хавтаст хэрэг давхарлуулан тавьсан болох нь харагдаж байна.

Илтгэгч гишүүн саналдаа “...шүүгч Д.А нь дээрх зөөврийн компьютер дээр өөр хэргийн материал шивсэн гэх үйлдэл гаргаагүй, харин “presentation-1.mp4” нэртэй бичлэгийн 0:03:15-0:09:54, 0:10:00-0:10:01 минут, “presentation-2.mp4” нэртэй бичлэгийн 0:04:52-0:05:12, 0:05:40-0:06:04 минутад тус эрүүгийн хэргийн 4 хавтас хэргээс 1 хэргийг авч уншиж, тэмдэглэл үйлдэн, буцаан тавьж буй нь бичигдсэн байна...” гэж бичсэн нь тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр нотлогдож байна.

Тодруулбал, “presentation-1.mp4” нэртэй бичлэгийн 03 минут 15 секундээс бүрэлдэхүүний ширээ нь дээр байх Б.Д-д холбогдох 4 хавтаст хэргээс 1 хавтаст хэргийг авч тэмдэглэл хийгээд буцаан тавьж, “presentation-2.mp4” нэртэй бичлэгийн 04 минут 52 секундээс нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараа шүүгч Д.А даргалагч шүүгчийн өмнө байх 4 хавтаст хэргийн дээрээсээ 2 дахь хавтаст хэргийг авч уншин буцаан тавиад тэмдэглэл хийж, бичлэгийн 05 минут 40 секундээс дахин хавтаст хэргийг уншиж, тэмдэглэл хийж байна.

Түүнчлэн тухайн өдрийн шүүх хуралдааны “presentation-1.mp4” нэртэй 10 минут 00 секундээс шүүгч Д.А нь цүнхнээсээ нотебүүк гарган ирж нээж байх бөгөөд уг нотебүүк нь тус шүүхийн Тамгын газраас албан хэрэгцээнд өгсөн болох нь ...шүүхийн Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 141 дүгээр албан бичиг болон тус шүүхийн Тамгын газрын эд хөрөнгийн тооллогын  баримтаар тогтоогдож байна. /с.х-ийн 38-39 тал/

Иймд илтгэгч гишүүн саналдаа “...шүүгч Д.А нь шүүх хуралдаанд хэлэлцээгүй хэргийн материал авч орсон гэх үйл баримт тогтоогдсонгүй... Шүүгч шийдвэрлэж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатайгаа холбогдуулан техник тоног төхөөрөмж хэрэглэхийг хуулиар хориглоогүй. Тухайн компьютерыг өөр зориулалтаар хэрэглэсэн гэх байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. /с.х-ийн 41-44 тал/

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Д.А Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйлдэл гаргаагүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2024/...1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                     Д.АРИУНТУЯА

                                                    О.НОМУУЛИН