info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-12-07

Дугаар 143

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга А.Намуу нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч Б.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Ж.Ж өргөдөлдөө: “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3.2-т зааснаар зүйлчлэгдэн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ... шатны шүүхийн шүүгч Б.Д-ийн даргалан шүүн тасалснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн. Шүүхийн тогтоолыг 2023 оны 08 дугаар сарын 22-нд гардан авч давж заалдах гомдлоо 2023 оны 09 дүгээр сарын 01-нд гарган явуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хэрэг Нийслэлийн шүүхэд шилжээгүй  байна. Мөн өмгөөлөгч О.Б давж заалдах шатны гомдлоо 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан боловч 2 сарын хугацаанд надад гомдлыг огт танилцуулаагүй. Би цагдан хоригдоод 5 сар болж байна. Шүүхээс ял шийтгэл  сонсоод 2 сар 17 хонож байна. Энэ хугацаанд миний эрүүл мэнд муудсаар байна. Уушгины хортой хавдрын хагалгаанд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээнд ороогүй. Шулуун гэдсээр цус алдаад хорь орчим хонолоо. ...дүгээр нэгдсэн эмнэлэг 2-р шатлалынх учраас үзлэг хязгаарлагдмал байна. Гэм буруугийн хурлаас өмнө хэргийн материалтай танилцах миний хүсэлтийг хангаагүй. Хэргийг Нийслэл рүү шилжүүлэхэд Х.И шүүгчийн гарын үсэгтэй холбоотой учир битүүлэг материал дутсан гэх. Чухам яагаад одоо материал дутуу байгааг ойлгохгүй байна. Иймд шүүгчийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэн миний эрх зүйн байдлыг хязгаарласан зөрчлийг арилган, арга хэмжээ авч өгнө үү ... ” гэжээ.

Шүүгч Б.Д тайлбартаа: “ ... ...шатны шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргийн прокурорын газраас 19......64 дугаартай Ж.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх ба 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд шүүгч Х.И, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд шүүгч Б.М хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Шүүгч Б.М чөлөө авсантай холбоотойгоор уг хэрэг дахин хуваарилалтад орж, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.

... шатны шүүхийн шүүгч Б.М-ийн 2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 1.. дугаартай захирамжаар Ж.Ж-г шүүхээс оргон зайлсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан ба түүнийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр олж, тухайн шүүгчийн захирамжид заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байсан. Түдгэлзүүлэх үндэслэл арилсан гэж үзэж 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1..6 дугаар захирамж гаргаж хэргийг сэргээж, шүүх хуралдааны товыг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад тогтоосон. Ж.Ж-ийн өмгөөлөгч О.Б хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр товлоход иргэний нэхэмжлэгч, хохирогч ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Ж-ийн биеийн байдлыг харгалзан үзэж хуралдааныг хойшлуулсан, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр товлоход хохирогчийн өмгөөлөгч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулсан.

Ж.Ж-д холбогдох хэргийг хүлээн авснаас хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, хуралдаан товлосон өдөрт болж буй хуралдаанд гаргасан оролцогч нарын хүсэлтийг хэлэлцэж, тэдгээрийн эрхийг хангаж ажиллаж байсан. Ж.Ж-аас биеийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаас өөр санал хүсэлт илэрхийлж байгаагүй ба шүүх эрүүл мэндийнх нь байдалд тухай бүрд анхаарч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, түүний эрүүл мэндтэй холбоотой Цагдан хорих ...дүгээр ангид албан тоот явуулж, холбогдох нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг холбогдох газарт нь даалгах гэх зэргээр түүний эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхэд анхаарч байсан.

Шүүх 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүх хуралдааныг явуулсан болон түүнээс өмнөх цаг хугацаанд Ж.Ж-аас хэргийн материалтай танилцах талаар хүсэлт гаргаагүй байх ба түүний хэргийн материалтай танилцах талаар бичгээр 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт нь Цагдан хорих ... дүгээр ангиас шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, шүүгчийн туслахад 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн болох нь шүүхэд ирсэн бичгийн бүртгэлд тодорхой тусгагдсан. Энэ нь шүүгч миний бие Ж.Ж-ийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны өмнө хэргийн материалтай танилцах тухай түүний хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаан болохоос өмнө мэдээгүй буюу мэдэх бололцоогүй байсан гэж үзэхээр байна.

Хэдийгээр Ж.Ж-аас “хэргийн материалтай танилцах” талаар гаргасан хүсэлт тус шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ирсэн байх боловч нэгэнт хүсэлт гаргасан тул түүнийг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Цагдан хорих ...дүгээр ангиас дуудан ирүүлж, хэргийн материал танилцуулах арга хэмжээг шүүгчийн туслахаас авч ажилласан болно.

Шүүх 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 7.. дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасан 15 хоногт хуулийн хугацаанд Ж.Ж-д Цагдан хорих ...дүгээр ангиар дамжуулан гардуулан өгсөн.

Шийтгэх тогтоолыг шүүгчийн туслахаас оролцогч нарт гардуулж өгөхөөр тус бүртэй холбогдох бүхий л арга хэмжээг авч ажилласан боловч зарим оролцогчдын харилцах гар утас нь холбогдох боломжгүй, зарим нь холбогдон ирж авна гэх боловч ирдэггүй зэрэг шалтгааны улмаас шийтгэх тогтоол хугацаандаа гардуулах ажиллагаанд хүндрэл үүссэн талаар шүүгчийн туслах дурдсан, хуульд заасны дагуу шийтгэх тогтоолыг гардаж аваагүй оролцогч нарт шуудангаар хүргүүлэх арга хэмжээ авч, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гардуулж дууссан.

Шийтгэх тогтоолд Ж.Ж болон түүний өмгөөлөгч О.Б нараас 9 дүгээр сарын 05-ны өдөр тус тус давж заалдах журмаар гомдлууд гаргасан. Давж заалдах гомдлуудыг прокурор, оролцогч нарт хүргүүлж, тэдгээрээс 7 хоногийн дотор хариу тайлбарыг авч, тийнхүү гаргасан хариу тайлбарыг гомдол гаргасан оролцогч нарт мэдэгдэх зэрэг ажиллагаа нь тодорхой хугацаагаар явуулж, хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэхэд бэлэн болсон.

2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэрэгт авагдсан эрхийн акт, шийдвэрүүд, баримтуудын бүрдлийг нэг бүрчлэн хянахад шүүгч Х.И-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоох тухай” захирамж гарын үсэг зурагдаагүй буюу албажаагүй байсан тул шүүгчийн туслах В.Б-т тухайн асуудлыг тодруулж, албажуулах талаар арга хэмжээг даруй авч хэргийг хурдан ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх талаар даалгасан. Шүүгчийн туслах В.Б 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэрэгт албажаагүй шүүгч Х.И-ийн дээрх захирамжийг даруй тодруулж явуулах талаар даалгавар өгч, албажуулаад явуулсан гэж надад ойлгуулсан боловч 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр туслах В.Б “...шүүгч Х.И хөдөө орон нутагт явж байна гэж туслах нь хэлсэн гэсэн тайлбар...” хэлсэн байх ба миний бие шүүгч Х.И-тэй яаралтай холбогдон тухайн асуудлыг тодруулж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийг ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-д “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна” гэж заасан тул Ж.Ж-ийн өмгөөлөгч түүнд давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байх тул шүүх түүнд дахин танилцуулаагүй нь хууль зөрчөөгүй, түүний эрхийг хязгаарлаагүй болно. Ж.Ж-д холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан ба түүний эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, харин ч аль болох хүнлэг сэтгэлээр хандаж эрүүл мэндэд нь анхаарч нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, эмчилгээг тасралтгүй, зохих хэмжээнд хийхийг холбогдох байгууллагад даалгаж, эргэлт уулзалтын зөвшөөрлийг 7 хоног тутам тогтмол олгож, хэргийн материалыг танилцах боломж олгож, өөрөөсөө шалтгаалах шийдвэрүүдээ цаг тухай бүрд нь гаргаж, туслахдаа тухай бүрд нь шаардлага тавьж зохих хэмжээнд ажилласан.

Иймд Ж.Ж-ийн гомдолд дурдсан асуудлууд үндэслэлгүй, миний зүгээс түүний эрхийг хязгаарлаагүй тул надад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэснийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...дүүргийн прокурорын газраас яллагдагч Ж.Ж-д яллах дүгнэлт үйлдэн, холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4.. дүгээр захирамжаар уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Х.И-ийг томилсныг албажуулжээ.

Шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2..8 дугаар захирамжаар шүүгдэгч Ж.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт шилжүүлсэнд улсын яллагч эсэргүүцэл бичсэн, ...давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 5.. дүгээр магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан. 

Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2..7 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагт хийхээр товлосон. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгдэгч Ж.Ж-ийн хүсэлтээр, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгдэгч Ж.Ж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул албадан ирүүлэхээр, 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгчдэгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас тус тус хойшлуулж шийдвэрлэсэн.

2023 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.М даргалж шүүгдэгч Ж.Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түүнийг эрэн сурвалжилж олж ирүүлэх хүртэл түдгэлзүүлж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Шүүгч Б.М-д чөлөө олгосон, уг эрүүгийн хэрэг шүүгч Б.Д-д хуваарилагдсан, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1..6 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлож, хэргийн оролцогч нарт мэдэгдсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарын хүсэлт болон шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан шүүх хуралдаан удаа дараа хойшлогджээ.

2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 7.. дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Ж-г гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсаныг танилцуулсан байна.  

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж, 4-д “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ” гэж, 11.9 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна” гэж тус тус заасан.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан талаар дурдсанаас үзвэл шүүгч шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацаанд үйлдэж, гардуулсан байна.  

Ж.Ж 2023 оны 9 дүгээр сарын 01, түүний өмгөөлөгч О.Б 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах гомдол гаргасан, шүүх  хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1-т “давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ, 3-т “прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно”, 5.-т “хариу тайлбар гаргасан тухай шүүх давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргагчид дараагийн ажлын өдөрт багтаан мэдэгдэнэ” гэж заасан ба шүүх энэ хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-т зохицуулсан.

Холбогдох шүүгч 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сарын 13, шүүгчийн туслах В.Б 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан нь тогтоогдож байгаа ба энэ хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ. Тодруулбал, тэрээр “ ... тодорхой хариуцаж авсан хүн байгаагүй. Намайг хэн орлох нь тодорхойгүй байсан. Би 9 дүгээр сарын 11-ний өдрөөс ... ажилдаа ороод 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл гардуулах ажиллагааг үргэлжлүүлэн хийсэн,  ...хэргийн оролцогч нарт тогтоол гарсан талаар утсаар залгаж мэдэгдсэн ... шүүхийн тогтоол болон Ж.Ж нарын давж заалдах гомдлыг оролцогч нарт танилцуулсан ба удаа дараа утсаар мэдэгдээд ирж авахгүй байсан тул хохирогч өмгөөлөгч нарт ... шуудангаар хүргүүлсэн ... Шууданд хийхдээ энэ хүмүүсийн нэр бүрээр хийгээгүй. Хаягтаа хамт байдаг болон хамт ажилладаг хамт авъя гээд нэг хаягаар шуудангаар хийсэн ... ” гэсэн тайлбар гаргажээ.

Тухайн эрүүгийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 8 хохирогч бусад 6 нь иргэний нэхэмжлэгч болон хариуцагч нарт  2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шийтгэх тогтоолыг шуудангаар хүргүүлжээ.

Шүүгч “хэргийг эмхэтгэхэд ... 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэрэгт авагдсан эрхийн акт, шийдвэрүүд, баримтуудын бүрдлийг нэг бүрчлэн хянахад шүүгч Х.И-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоох тухай” захирамж гарын үсэг зурагдаагүй буюу албажаагүй байсан тул шүүгчийн туслах В.Б-т тухайн асуудлыг тодруулж, албажуулах талаар арга хэмжээг даруй авч хэргийг хурдан ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх талаар даалгасан ... 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр туслах В.Б “ ... шүүгч Х.И хөдөө орон нутагт явж байна гэж туслах нь хэлсэн гэх тайлбар ... ” хэлсэн байх ба миний бие шүүгч Х.И-тэй яаралтай холбогдон тухайн асуудлыг тодруулж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийг ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болно ...” гэсэн,

Шүүгчийн туслах Б.Б “ ... Оролцогч нарын гомдол гаргах хугацаа 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул хэргийг ...давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэхээр үдэж янзлан 2023 оны 10 дугаар сарын 16 болон 18-ны өдөр шүүгчээр хэргээ хянуулсан. Шүүгч хэргийг хянаж шалгасан ба шүүгч Х.И-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №2..7 дугаартай захирамж албажаагүй, гарын үсэггүй байсан тул шүүгчээр гарын үсэг зуруулан хэрэгт хийх чиглэл өгсөн. Үүний дагуу өмнө Х.И шүүгчийн туслахаар ажиллаж байсан Т.Ө-д шүүгчтэй холбогдон захирамж дээр гарын үсэг зуруулах шаардлагатай байгааг мэдэгдсэн. Т.Ө нь Х.И шүүгчтэй 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр холбогдоход “Хөвсгөл аймагт байна долоо хоногийн сүүлээр ирнэ” гэж хэлсэн байсан. Үүнээс хойш Х.И шүүгчтэй Т.Ө холбогдоход “Тэрэлжид байна” гэх зэргээр гарын үсэг зуруулах боломж гарахгүй байсан тул 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Д шүүгч өөрөө Х.И шүүгчтэй холбогдсон. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Х.И шүүгчээр тус захирамж дээр гарын үсэг зуруулан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэргийг ... давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн Х.И шүүгчээр гарын үсэг зуруулж захирамж албажуулж чадахгүй байгаа тул хэргийг ...давж заалдах шатны шүүх рүү явуулж чадахгүй байгаа талаар Тамгын газрын даргад мэдэгдсэн болно ... ” гэсэн,

Шүүхийн Тамгын газрын дарга Б.Б “ ... шүүгч Б.Д-ийн шийдсэн Ж.Ж-д холбогдох хэрэг давж заалдах шатны шүүхэд хүргэгдээгүй байсныг шүүгчийн туслах Б-аас тодруулахад Х.И шүүгчээс хэрэг Б.М шүүгч рүү, Б.М шүүгчээс Б.Д шүүгч рүү шилжиж ирсэн бөгөөд Х.И шүүгчийн гарын үсэг дутуу зурагдсанаас хүргүүлж чадахгүй байгаа талаар амаар тайлбар өгсөн. Үүнийг дагуу яаралтай арга хэмжээ авч Х.И шүүгчээр гарын үсгийг зуруулж хэргийг маргааш нь хүргүүлсэн. Миний хувьд ажлаа хүлээн авч ажлуудтайгаа танилцаад хэргийн хөдөлгөөний мэдээлэл судалгааг хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга нараар гаргуулан авч танилцахад буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдөр мэдээд үүрэг даалгавар өгсөн болно. Үүрэг даалгаврыг биелүүлж хэлтсийн дарга нар судлаад надад мэдэгдсэний дагуу шүүгчийн туслахаас тодруулсан ... “ гэсэн тайлбар гаргажээ.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа шүүгч, шүүгчийн туслах ээлжийн амралтаа авсан, шүүхийн зарим актад хэргийг өмнө нь хянан шийдвэрлэж байсан  шүүгчийн гарын үсэг зурагдаагүй байсан тул уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх шаардлага бий болсон нь давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх хугацаанд нөлөөлсөн  боловч энэ тохиолдолд холбогдогч шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

2. Шүүгдэгч өмгөөлөгчөө анхан шатны шүүх хуралдааны дараа өөрчлөн, өмгөөлөгч О.Б-тай хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, тухайн өмгөөлөгчийн ...давж заалдах шатны шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр давж заалдах гомдол гаргасныг ...хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-т “Өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна” гэж зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б давж заалдах гомдлоо шүүгдэгч Ж.Ж-д танилцуулан, гарын үсэг зуруулсан байх тул өмгөөлөгчийн гомдлыг танилцаагүй гэх өргөдөл үндэслэлгүй болно.

3. Шалгах ажиллагааны явцад шүүгч Б.Д “ ... 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүх хуралдааныг явуулсан болон түүнээс өмнөх цаг хугацаанд Ж.Ж-аас хэргийн материалтай танилцах талаар хүсэлт гаргаагүй, харин 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлт нь Цагдан хорих ...дүгээр ангиас шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, шүүгчийн туслахад 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн болох нь шүүхэд ирсэн бичгийн бүртгэлд тусгагдсан.... “, шүүгчийн туслах В.Б “ ... Ж.Ж нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хавтаст хэргийн материал танилцуулах Цагдан хорих ...дүгээр хорих ангид бичиж өгсөн байх ба уг хүсэлт нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр буюу гэм буруугийн шүүх хуралдаан орж дууссаны дараа ирсэн. ...2023 оны 06 дугаар сарын 06, 2023 оны 06 дугаар сарын 23, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд шүүх хуралдаан хойшилсны дараа шүүгдэгч Ж.Ж-д хавтаст хэргийн материал танилцуулах боломжоор хангах арга хэмжээ авч ажиллаж байсан ...” гэсэн тайлбар гаргажээ. Шүүгдэгчийн “...хэргийн материалтай танилцах” хүсэлт гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас өмнө тухайн шүүхэд ирээгүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт гаргаагүй байх тул хэргийн оролцогчийн эрхийг хассан гэх гомдол үндэслэлгүй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүхийн шүүгч Б.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

            ГИШҮҮН                                  Х.ХАШБААТАР

                                                                                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН