info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-12-28

Дугаар 144

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,

сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуу, холбогдох шүүгч Н.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ГНД/2023/0031 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ: “...1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан зөрчилд иргэн Б.Б-т холбогдуулсан ... дугаартай хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан ... анхан шатны шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийгджээ. Шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтлөв. Өргөдөлд “ ... 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүгч Н.М нь хохирогчийн өмгөөлөгч мэт аашилж байсан ... шүүх хурлын явцад илтэд хохирогчийн байр суурийг хамгаалан оролцсон ... ” гэсэн байна. Нийт 53 минут 41 секундын хугацаанд үргэлжилсэн шүүх хуралдааны 00000001048000300(1).mp4 нэртэй дуу-дүрсний бичлэгийн 0:19:59-0:20:54 дахь хэсэг даргалагчаас: ... Тэгэхээр яагаад танд дугаар авч зөрчлийн хэрэг нээсэн бэ гэхээр 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр С-ын зөвшөөрөлгүйгээр цоожийг солиод ... вилла гэх хотхон руу орох, гарах эрхийг хязгаарласан. Энэ нь өөрөө гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр байгаа байхгүй юу, 0:25:26-0:25:46 дахь хэсэгт даргалагчаас: Иргэний хэрэг шийдээгүй. Энэ хүн сөрөг нэхэмжлэл гаргаад би хамтран эзэмшигч шүү дээ. Би 10 хэдэн жил амьдарсан. Бүртгэл нь энэ хүүхэн дээр байдаг боловч би хамтран өмчлөгч нь гээд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй, 0:25:48-0:26:08 дахь хэсэгт даргалагчаас: Бүх өмчөө 4 хуваана. Миний ойлгосноор ам бүл 4 юм байна. 4 хуваасныхаа 1 хувийг авах эрхтэй. Энэ хүнд сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь байж л байгаа ш дээ. Гаргаагүй байгаа. Та үүнийг өөрөө шийдээд ... виллад очих эрхгүй гэж яриад байх юм, 0:29:16-0:30:46 дахь хэсэгт даргалагчаас: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар энгийн хэллэгээр бол урьдчилсан хамгаалах арга байхгүй юу. Энэ утгаараа захирамж гарсан байна. Баянзүрх дүүрэгт чиний амьдардаг байранд орох гарахыг нь хааснаас тэр захирамж дээр ... хотхонд орж, гарч болохгүй гэсэн заалт бий юу? Тэр захирамжийг энэ хүнд дахиад гардуулдаг. Ийм хориглолт авлаа гээд шүүхээс мэдэгдэнэ. Эс зөвшөөрвөл 170-д зааснаар 10 хоногийн дотор гомдол гаргана. Тэгэхээр энэ хүн захирамжийг хараад олон хориглолтууд байдаг. Тэр талаараа та мэдсэн үү, 0:44:54-0:46:00 дахь хэсэгт даргалагчаас: Тийм зүйл ярихгүй ээ. Та 2-ын гэрлэлт өнөөдрийн байдлаар цуцлагдаагүй байгаа. Энд та 2 эхнэр, нөхөр 2 хэвээрээ байж байгаа. Гэрлэлт цуцлах асуудлыг Баянзүрх дээр Ц шүүгч шийднэ. Та Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст юу гэж гомдол гаргаж байна гэхээр ... хотхонд байгаа гэрт нь орж болохгүй, хүүхдүүдтэй уулзуулахгүй, хөрөнгүүд битүүмжилсэн. Энэ дотор ... хотхон байхгүй. Би орох оронгүй, очих хаяггүй, ах дүү найз нөхдийнхөөрөө байж байсан. Тэндээ очиход 04 сарын 01-нд хаалгыг нь солиод, цоожийг нь сольсон. Тэгээд орох аргагүй болоод одоо үүнийг хууль ёсны дагуу шийдэж өгөөч. Би ядаж энэ ... вилладаа ормоор байна гэх тухай яригдана. Бусдаар танай авгай муухай байна уу, өөр хүнтэй гэр бүлийн харьцаа тогтоосон тухай яригдахгүй. Таны цагдаагийн 2 дугаар хэлтэст бичсэн өргөдөл үнэн юм уу гэх зэргээр хэлжээ. Зөрчилд холбогдогч өргөдөлдөө “ ... прокурорын гаргасан үндэслэл бүхий тайлбарт огт өгөөгүй шийтгэвэртээ ч бичээгүй, харин ч байн байн улсын яллагчаа та одоо ч гэсэн Б-ийг гэм буруугүй, зөрчил үйлдээгүй гэж үзсэн хэвээрээ байна уу байр сууриа өөрчлөхгүй юу гэх утгатай асуултуудыг удаа дараа асуусан ... ” гэжээ. Шүүх хуралдааны бичлэгийн 0:48:55-0:49:05 дахь хэсэгт даргалагчаас: Эхний саналаа дэмжиж байна уу прокуророо гэхэд 0:49:06-0:49:22 дахь хэсэгт прокурор: Анхны саналаа дэмжинэ гэхэд даргалагчаас: Шүүхийн шийдвэр танилцуулах гэж байна. Та хэрэгсэхгүй болгох саналаа дэмжиж байна уу гэхэд прокурор: Дэмжинэ гэж бичигджээ. Түүнчлэн 0:51:38-0:51:57 дахь хэсэгт даргалагчаас: Таны байр суурь бол энэ хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байна аа. Өөрийнхөө оршин суух байр байшин, өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна гэж та хэлэх гэж байна уу гэхэд 0:51:57-0:52:27 дахь хэсэгт Цагдаагийн дэслэгч Б: Үгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүний дундын хөрөнгийг захиран зарцуулах эрх адил тэгш байна гэж заасныг үндэслэн зөрчил үйлдэгдсэн байна гэж үзэж байна гэв. 0:52:28-0:52:33 дахь хэсэгт даргалагчаас: Тийм учраас та шүүхэд ирүүлсэн саналаа дэмжиж байгаа юм байна тийм үү гэхэд 0:52:34-0:52:35 дахь хэсэгт Цагдаагийн дэслэгч Б: Хариулт өгөөгүй байна. Өргөдөлд “ ... Намайг үг хэлж тайлбар гаргах гэхээр удаа дараа тасалж байсан ...” гэжээ. 0:17:43-0:18:55 дахь хэсэгт даргалагчаас: ... 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөртөө мэдэгдэлгүйгээр ... вилла гэх хотхоны цоожны голыг сольсон гэх асуудлаар таныг буруутгаад байгаа. Танд тийм буруу байна уу, зөвшөөрөлгүйгээр цоожоо сольсон нь үнэн үү гэхэд 0:18:58-0:19:33 дахь хэсэгт зөрчилд холбогдогч: Сольсон гэхээс илүү бид 3-ын амьдардаг байрыг энэ хүн дарамтлаад ална, шулна гээд дарамтлаад 11 сарын 18-ны өдөр орсон. Тэрнээс хойш биш 4 сарын 01-ний өдөр хүртэл би тэр гэрт байгаа хувцас хунарыг авч чадахгүй байгаа гээд тайлбараа хэлж байхад Даргалагчаас 0:19:25-0:19:29 дахь хэсэгт яриаг нь таслан “чи зөрүүдлээд энэ хүн чамайг цагдаад өгчихөж байна. чи цагдаад өгч болно” гэхэд” би цагдаад өгсөн” гэхэд яриаг таслан 0:19:33-0:19:35 дахь хэсэгт даргалагчаас: Эрүүгийн хэрэг юм уу, зөрчлийн хэрэг юм уу гэхэд 0:19:39-0:19:58 дахь хэсэгт зөрчилд холбогдогч: Би гомдол гаргасан. Миний мэдүүлгийг хохирогчоор мэдүүлэг гэж авсан боловч тухайн үед тог тасарсан. Тэгээд хэвлээ ч үгүй, гаргаж үзүүлээ ч үгүй гээд тайлбар хэлж байхад даргалагч яриаг нь таслав. 0:20:55-0:21:14 дахь хэсэгт зөрчилд холбогдогч: Бид 3 тэндээ амьдардаг гэхэд даргалагч яриаг нь таслав. Энэ хүн харин цоожны гол солиод цоожлоод явсан байсан тул. Энэ хүнд угаасаа түлхүүр байдаггүй. Тэр гэрт өөрөө ороод цоожийг нь солиод явсан хүн энэ хүн өөрөө гэв. 0:21:15-0:21:20 дахь хэсэгт даргалагчаас: Цоож солиод явсныг энэ гэрч, манаач хараагүй юм биш үү гэхэд 0:21:24-0:21:31 дахь хэсэгт зөрчилд холбогдогч: Нэгэнт цоожтой бол тэрийг онгойлгож орно биз дээ. Онгойлгож орсон гэхдээ ... гэхэд даргалагчаас яриаг нь таслав. Бичлэгийн 0:22:07-0:22:20 дахь хэсэгт зөрчилд холбогдогч: Хаалганы гол сольчихсон байна. Манай гэрийн хаалганы голыг сольчихсон байна. Хүүхдүүд маань амраад ирчихсэн байна. Гэр лүүгээ ормоор байна гэсэн гэхэд яриаг таслан, 0:22:21-0:23:08 дахь хэсэгт даргалагчаас: Яах вэ, яах вэ. Та мэдүүлэг өгөхгүй байх ч эрхтэй. Мэргэжлийн өмгөөлөгч чинь танд хэлсэн байх. Мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Прокурор, өмгөөлөгч, хохирогч нар өөрсдөө нотол гээд мэдүүлэг өгөхгүй байх бүрэн эрхтэй. Тийм учраас би хариултаа авч чадсангүй. Заавал би буруутай, буруугүй гэж хэлэх албагүй байхгүй юу. Энэ хүртэл би уншчихсан. Тийм учраас би асууж байна гэв. /Зөрчилд холбогдогч тайлбар хэлэх гэсэн боловч даргалагч давхардан ярьсан тул яриаг буулгах боломжгүй байна. 0:25:09-0:25:25 дахь хэсэгт өмгөөлөгч А.Э: Тайлбар хэлж байхад даргалагчаас яриаг нь таслав. 0:25:46-0:25:47 дахь хэсэгт өмгөөлөгч А.Э-г тайлбар хэлэх гэтэл даргалагчаас яриаг нь таслаж өөрөө тайлбар хэлж байгаа нь бичигджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Энэхүү заалтын агуулга шүүгч нь хараат бусаар, хөндлөнгийн байж хэргийг шийдвэрлэх зарчимтай холбоотой. Шүүхийн хараат бус байдлын зарчмын үндэс бол хэргийг хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэхэд оршдог бол хөндлөнгийн байх гэдэг нь хэргийн оролцогч нарын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шийдвэрлэхийг хэлнэ. Тиймээс шүүгчийн хараат бус, хөндлөнгийн байж чадаагүй аливаа үйлдэл, биеэ авч явж байгаа байдал хэргийн оролцогчдод түүнийг хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрүүлэхүйц байдлыг бий болгох төдийгүй шүүх, шүүгчийн нэр хүндийг бууруулж, сэжиг, хардлага төрүүлж болзошгүй нөхцөл байдал үүсгэдэг. Энэхүү чанд сахих нөхцөл байдлыг хангаагүй, түүнийг зөрчвөл хууль ёсны бус харин зүй бус үйлдэл гаргах, зүй бусаар авирлах гэсэн ойлголтыг төрүүлдэг.  Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулиар, шүүгчид хориглосон зохицуулалт болох 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах ...” гэж заажээ. Шүүх хуралдаан даргалагч шүүгч нь зөрчилд холбогдогч болон түүний өмгөөлөгчийн хэргийн үйл баримтын талаарх тайлбар, үндэслэлийг сонсож, мэтгэлцэх зарчмыг тэгш хангаагүйн дээр өөр шүүхэд хянагдаж байгаа хэргийн нэг талд “зөвлөсөн” мэт тайлбар хэлэх, тус зөрчлийн хэргийг зөвлөлдөж шийдээгүй байхдаа “гэр бүлийн хүчирхийлэл” гэсэн дүгнэлтээ илэрхийлэх, прокурор болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх санал, дүгнэлтийн талаар дахин дахин асуусан нь зайлшгүй гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдсэн гэж хэлүүлэхийг хүссэн мэт, асуухдаа хөтөлж асуусан эдгээр үйлдэл нь шүүх хуралдаанд хэргийн оролцогчтой зохисгүй зүй бус харьцсан үйлдэл гаргажээ. Иймд холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар, шүүгчид хориглосон зохицуулалт болох 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах ...” зөрчил гаргасан гэж үзэж байна.                     2. Өмгөөлөгч А.Э шийтгэврийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 202 дугаартай магадлалаар “ ... Г.С, Б.Б нар нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, маргаанаас үүдэлтэйгээр ... тоот амины орон сууцаа эзэмшиж, ашиглахдаа дээрх маргааны улмаас хэн аль нь хаалганы түлхүүрийг сольж, дундын эд хөрөнгийг ашиглах бие биенийхээ эрхэд саад учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байна ... ” гэж дүгнэж,  шийтгэврийг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ... анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийтгэврийг давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан, шийдвэрлэсэн нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнд шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч өөрийн дотоод итгэл, хуулийн мэдлэгтээ үндэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг  хянах нь давах шатны шүүхийн эрх хэмжээ бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хянаад, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй бол Зөрчилд холбогдогчийн хэргийг хэрэгсэхгүй болгож зөвтгөсөн гэж үзнэ.                                            

3. Өргөдөлд “ ... Шийтгэвэртээ прокурорыг надад баривчлах шийтгэл оногдуулах санал гаргасан мэтээр, намайг үйлдэлдээ маргаагүй мэтээр бичсэн байсан ... ” гэжээ. Сахилгын хэрэгт авагдсан ... анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаарт шийтгэврийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт зөрчилд холбогдогчийн үйлдсэн зөрчил, зөрчил үйлдсэн болохыг нотолсон хавтаст хэрэгт авагдсан баримтуудын талаар дүгнэхдээ “зөрчилд холбогдогчийг зөрчлийн үйлдлийн талаар маргаагүй ... прокуророос зөрчилд холбогдогч Б.Б-т 10 цагийн сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулах дүгнэлт гаргав ... ” гэж байна. Гэтэл бичлэгийн 0:31:10-0:34:27 дахь хэсэгт прокурор: Холбогдогч Б нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ... тоотод байрлах амины орон сууцны цооожны голыг сольж, иргэн Г.С-ын дундын өмчлөлийн зүйлийг захиран зарцуулах эрхэд халдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна гэж үзэж байна. С, Б нарын гэр бүлийн салалтын асуудал бол шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. ... Дундын өмч байгаа хэдий ч үүнийгээ цоожны гол солиод С-ын хувьд энэ гэртээ орж, гарах эрх нь зөрчигдөөд байгаа, өмчид халдаад байгаа мэт боловч энэ нь нөгөөтэйгүүр Б-ийн хувьд ... виллагийн 6 тоотод ойртвол би чамайг цагдаад хэлнэ ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар дарамталсан, сүрдүүлсэн үйлдэл үзүүлээгүй байгаа учраас үүнийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхгүй. Энэ нь гэр бүлийн дундын эд хөрөнгө эзэмших, захиран зарцуулах эрхээс үүссэн эд хөрөнгийн маргаан байгаа тул Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна ... “ гэжээ. Зөрчилд холбогдогч шүүхийн шийтгэврийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад, 08 дугаар сарын 02-ны өдөр давж заалдах гомдол гаргасан, тус гомдолдоо өргөдөлд дурдсан дээрх үндэслэлийн талаар 3 дахь хэсгийн 3.2-т бичсэн, хэргийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ... давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Холбогдох шүүгч нь Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа үүнийг “ ... техникийн алдаа ... ” гэж тайлбарлажээ. Зөрчлийн хэргийн тоо олон, ажлын өдрийн тодорхой өдрүүдэд зөрчлийн хэргийг шийдвэрлэдэг, нэг өдөр олон хурал дараалан хийдэг, шийдвэрийг хуульд зааснаар 5 хоногийн дотор бичдэг зэрэг хүндрэл бэрхшээл байгаа нь гэрчүүдийн тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх нь шүүн таслах ажиллагааг 6 танхим, зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг 1 танхимд явуулж байна ... зөрчил, таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хуралдааныг   ... анхан шатны шүүх Мягмар, Пүрэв, Баасан гаригт ... явуулж байна ... шүүхүүд өдөрт дунджаар 20-60 зөрчлийн хэргийг шийдвэрлэдэг ... хэргийг ирүүлсэн он цагийн дарааллаар шүүх хуралдааныг явуулдаг тул зөрчлийн хэргийн шүүх хуралдааны зар гардаггүй болно ... ” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.  Харин хуулийн зохицуулалтын хувьд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн ... 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг ... -т заасан зөрчлийг шалгахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ зүйлд заасан тусгай журмыг баримтлан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна” гэж, 9.2 дугаар зүйлийн 9-д “Шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноор хүчинтэй болно”, 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”, 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж тус тус заажээ. Прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авах эсэх, хүлээн аваагүй бол яагаад хүлээн аваагүй талаарх үндэслэлээ шийтгэвэртээ тусгаагүй ба эсрэгээрээ прокурорын хэлээгүй дүгнэлтийг хэлсэн мэтээр шийтгэвэртээ оруулсан нь тогтоогдож байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “ хуулийн илт тодорхой хуулийн заалтыг ... зөрчсөн үйлдэл ... ” гаргасан гэж үзэхээр байна. Гагцхүү уг зөрчил ноцтой байж тус хуулийн зохицуулалтын шаардлага хангагдана. Гэтэл нотлох баримтын нэгд тооцогддог шүүх хуралдааны тэмдэглэлд прокурорын дүгнэлт агуулгаараа тусгагдсан, давж заалдах шатын шүүх хуралд прокурор биечлэн оролцож дүгнэлтээ хэлсэн, өргөдөл гаргагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд энэ тухай тусгагдан хэлэлцэгдсэн байх тул уг зөрчлийг ноцтой гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.                                                                     

4. Өргөдөлд “ ... зөрчил үйлдсэн гэсэн дүгнэлтээ танилцуулсны дараагаар өмгөөлөгч болон прокурорын зүгээс ядаж энэ хүн чинь бага насны хоёр хүүхэдтэй, Б-ийг баривчлахаар хүүхдүүд нь яах вэ? хуулиар бага насны хүүхэдтэй хүнд баривчлах шийтгэл оноож болохгүй шүү дээ гэхэд тэр хамаагүй энэ хүнийг баривчилна, бүр яг одоо шийдвэр биелүүл баривчлах байр руу ач гэж над руу зүй бусаар авирласанд маш ихээр гомдолтой байна ... “ гэжээ. Тус шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт ийм агуулгатай зүйл тусгагдаагүй. Өмгөөлөгч А.Э гэрчийн тайлбартаа: “ ... Шийтгэл танилцуулах явцад, бага насны хүүхэдтэй шүү дээ гэхэд “тэр хамаагүй, яг одоо шийдвэр гүйцэтгэ” гэж цагдаад хандаж хэлсэн, аав нь байгаа биз дээ” гэх байдлаар хандсан ... Яг одоо баривчил гэж хэлэхэд нь сандраад хүүхэдтэй гэдгийг прокурор болон өмгөөлөгчийн зүгээс хэлж байсан ... ” гэжээ. Прокурор Н.Н гэрчээр өгсөн тайлбартаа: “ ... Шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулаад, шүүгч алхаа цохисны дараа хүүхдийн эрх ашиг хөндөгдөнө гэсэн агуулгаар хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх Баянзүрх дүүргийн захирамж гарсан байгаа тул 2 хүүхэд байгаа гэж хэлсэн ... ” гээд шүүгч ямар нэг тайлбар хэлсэн үү гэхэд “ .... Нарийн санахгүй байна. Өөрийн зүгээс хэлсэн үгээ санаж байна ... “ гэжээ. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Е “... Шийдвэр танилцуулсны дараа өмгөөлөгч тэгж хэлсэн ...  Хуралдаан дууссан байсан тул өмгөөлөгчийн хэлсэн зүйлийг хүлээн авах боломжгүй. Шүүгчийн зүгээс юу гэж хэлснийг сайн санахгүй байна ... ” гэв. Холбогдох шүүгч иргэн Г.С-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан, тухайн гэрч “ ... Өмгөөлөгч нь бил үү прокурор бил үү аль нь хэлснийг санахгүй байна. Ямар ч байсан тийм зүйл хэлэхэд шүүгч надад хандаад “та хүүхдүүдээ хараад байж чадна биз дээ” гэхээр нь би “боломжтой” гэсэн. Баянзүрх дүүргийн шүүхээс 2 хүүхэдтэйгээ уулзаж болно гэж хэлсэн боловч одоо ч утсаар яриулахгүй байгаа ... ” гэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9-д зааснаар  шийтгэврийн тогтоох хэсгийн агуулгыг уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох ба тус хуулийн 9.2 дугаар зүйлийн 8-д “Шүүгч дараах үндэслэлийн аль нэг байвал зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болно” гээд 8.2-т нь “гэр бүлд нь болон суралцах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үүссэн асуудалд тухайн хүн биечлэн оролцох, эсхүл эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол” гэж заасны дагуу шийтгэврийн хэрэгжилтийг хойшлуулах талаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргаагүй байх ба “бага насны хүүхэдтэй”, “2 хүүхэдтэй” гэх зэргээр хэлснийг хүсэлт гэж үзэж, дээрх зохицуулалтад хамаатуулж үзэх үндэслэлгүй байна.  Харин зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болж хэрэгждэг бөгөөд шийтгэврийг биелүүлэх ажиллагаатай холбогдуулан “тэр хамаагүй энэ хүнийг баривчилна, бүр яг одоо шийдвэр биелүүл баривчлах байр руу ач” гэх зэргээр хэлсэн нь мөн л зүй бус авирлах зөрчилд хамаарна.                                                           

5. Өргөдөлд “ ... хэргийн материалаас Г.С-т намайг баривчлах байранд хүлээлгэн өгсөн тухай баримтыг түүнд хууль зөрчин өгснөөс харагдана. Г.С зөрчлийн хэрэгт өмгөөлөгчгүй оролцсон ба миний ойлгосноор тэрээр зөвхөн хэргийн материалтай танилцах эрхтэй болохоос хуулбарлан авах эрхгүй ... “ гэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.8-д хохирогчийг “зөрчлийн хэрэгтэй танилцах” эрхтэй гэж заасан байна. Харин хэргийн материал хуулбарлан авах талаар тухайлан зохицуулаагүй байна. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3 дугаар зүйлийн 3.2.1-т “Тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид “Шүүгчдийн зөвлөгөөн” гэх/-өөр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг тухайлан нэр зааж хуваарилахаар шийдвэрлэсэн бол шүүгчийн туслах, эсхүл ажилтан, хэрэв Шүүгчдийн зөвлөгөөнөөр зөрчлийн хэргийг тойргийн журмаар, сугалаагаар урьдчилан мэдэх боломжгүй санамсаргүй тохиолдлоор хуваарилахаар шийдвэрлэсэн бол ажилтан зөрчлийн хэргийг Бүртгэл №17-д бүртгэж, баталгаажуулах тэмдгийн дардас дарж хүлээн авна. 3 дугаар зүйлийн 3.9.8-д “Шүүх хуралдаан товлогдмогц шүүгчийн туслах ... хэргийн материалыг танилцуулна” гэж шүүгчийн туслахын үүрэг, ажиллагааг зохицуулжээ. Гэрч Г.С энэ талаар “ ... 2023 оны 07 дугаар сарын 18-ны орой шүүх рүү буцаж ирээд, Б.Б-ийг баривчлах ажиллагаа хийгдсэн эсэх талаар асуух гээд ирсэн. Тэгтэл шүүх тараад ажилчид байхгүй байсан. Үүдэнд сууж байсан жижүүр нэг залууг зааж өгөөд тэр хүнтэй уулзахад, “Б-ийг цагдаад өгөөд явуулсан” гэж байсан. Туслах нь гээд залуу ирээд аваад явсан, шийтгэвэр нь бичгээр гарах болоогүй гэсэн ... Ш.С очиж авсан байх. Би өмгөөлөгчийг гуйгаад явуулсан. Би шүүх рүү баримт авах гэж очоогүй. Орой нь шүүхэд очиж баривчлагдсан эсэхийг тодруулсан. Надад тэр баримтыг өгөхгүй л дээ. Тэр өдрөө бичиг нь гарахгүй гэсэн. Туслах гээд нэг залуу байсан. Цагдаа аваад явсан гэж тайлбарласан ... Би өмгөөлөгчид ийм шийдвэр гарлаа гээд хэлтэл энэ далимаар хүүхдүүдээ авах боломжтой боллоо гэсэн. Би хүүхдүүдээ сахиад орцны үүдэнд хонодог. С эгч шүүх рүү явсан. С хүсэлтээ бичсэн гээд хэлхээр нь Хан-Уул дүүргийн шүүх дээр 2 талаасаа уулзаад гарын үсгээ зурсан ... ” гэж тайлбар өгсөн. Тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Г.С “ ... Хуулбарлаж өгсөн, хэнд өгснөө санахгүй байна. Өмгөөлөгч нь ч нь юм уу эсвэл хохирогч өөрөө авсан эсэхийг би санахгүй байна. Учир нь хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан, тэгээд хүүхэдтэйгээ уулзахад хэрэгтэй гэж хэлснийг би санаж байна ... ” гэж тайлбарласан. Үүнээс дүгнэвэл, зөрчлийн хэргийн хохирогчийг хэргийн материалтай танилцуулсан, хуулбарлуулсан гэж шүүгчийг буруутгах үндэслэлгүй, энэ нь шүүгчийн туслахын ажил үүрэгт хамаарах үйлдэл болох нь тогтоогдож байна. Шүүхийн сахилгын хороо шүүгчийн туслах болох шүүхийн захиргааны байгууллагын ажилтны үйлдэл, ёс зүйг шалгах үүрэг хүлээгээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах ...” зөрчил гаргасан байх тул нотлох дүгнэлт гаргаж, өргөдлийн бусад хэсэгт сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Н.М тайлбартаа: “... Б.Б-т ... дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад зааснаар албадлагын арга хэмжээ авхуулахаар эрх бүхий албан тушаалтны саналтайгаар ирүүлсэн хэргийг шүүгч би 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 18-ны өдөр хуралдаанаар хэлэлцэн дээрх хуулийн зүйл заалтаар 10 цагийн албадан сургалтад хамруулж 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно. Зөрчилд холбогдогч Б.Б-ийг ...нөхөр Г.С-тай 2012 онд гэрлэлтээ батлуулж одоог хүртэл тэдний гэрлэлтийн баталгаа хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд энэ хугацаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээнд тусгасан ... тоот амины орон сууцыг эхнэр болох Б.Б-ийн нэр дээр худалдан авсан байна. Б.Б, Г.С нар нь хоорондын таарамжгүй харилцаанаас улбаалж гэрлэлт цуцлуулах талаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гэрлэлт цуцлуулах талаар иргэний хэрэг үүсгүүлж, одоогоор цуцлагдаагүй байна. Гэрлэлт цуцлах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б нэхэмжлэгчийн хувиар хүсэлт гаргаж улмаар шүүхээс нэр бүхий эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх болон эхнэр хүүхдүүдээс тусдаа амьдрахыг хариуцагч Г.С-т даалгасан шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамж гарчээ. ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ц-оос Г.С-ын эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тавьсан эд хөрөнгө дотор ... тоот амины сууц багтаагүй байна. Гэтэл хязгаарлалтад багтаагүй тухайн сууцны цоожийг Б.Б нь нөхрөө тухайн байшинд оруулахгүй байх зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуудлагын цоож засварчин дуудан ирүүлж, цоожийг сольсноос болж нөхөр болох Г.С ... тоотын сууцаа эзэмшиж, ашиглах боломжгүй болсон буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан болох нь зөрчлийн хэрэг бүртгэлтэд авагдсан хохирогч Г.С-ын мэдүүлэг, Цагдаагийн 2-р хэлтэст хандаж гаргасан гомдол, гэрч Д.А-ийн мэдүүлэг х/х 11-р хуудас дахь, мөн гэрч Ц.Ж, Б.Г нарын мэдүүлэг х/х АСАП сангийн лавлагаа, цагдаагийн албан хаагчийн тэмдэглэл, цагдаагийн байгууллагад ирсэн өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнээд Б.Бийн хувийн байдал, зөрчлийн шинжийг харгалзан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад зааснаар албадлагын арга хэмжээ авч, 7 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. Миний гаргасан шийтгэврийг Б.Б-ийн өмгөөлөгч А.Э-ээс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 202 тоот магадлалаар Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Миний гаргасан шийтгэврийг Давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь сахилгын зөрчил биш бөгөөд шүүгч шийдвэр гаргахдаа тогтоогдож байгаа нөхцөл байдал, талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дотоод итгэлээрээ гаргасан шийдвэр гэж үзэж байна. Б.Б-т холбогдох хэргийг хэлэлцэхдээ түүний өмгөөлөгч, хохирогч Г.С нарыг биечлэн оролцуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу хооронд нь мэтгэлцүүлж шүүх хурлаа явуулсан болно. Тэрээр гомдолдоо... шүүгч намайг хохирогчийн өмгөөлөгч мэт аашилж байсан... гэж бичсэн байх ба шүүгч миний бие энэ 2 гэрлэгчдийг хэнийг нь ч танихгүй, нөхрийнх нь өмгөөлөгч мэт ямар ч үйлдэл гаргаагүй болно. Мөн Б.Б-ийг ... үг хэлж, тайлбар гэхэд нь удаа дараа тасалж байсан ... гэсэн ба шүүх хуралдааны бичлэг үзэхэд ийм зүйл болоогүй нь батлагдана. Прокуророос ...баривчлах шийтгэл... оногдуулах санал гаргасан мэт мөн ...зөрчилдөө маргаагүй мэтээр... бичсэн нь харин техникийн алдаа болжээ. Ингээд шүүгч би Б.Б-т холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг хуульд заасны дагуу явуулсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Б-ээс ... анхан шатны шүүхийн шүүгч Н.М-т холбогдуулан “...шүүх хуралдаанд тайлбар хэлж байхад удаа дараа тасалсан, ...шийтгэвэрт прокурор, зөрчил гаргагчийн тайлбарыг зөрүүтэй бичсэн, ...зөрчлийн хэргийн материалтай танилцах эрхтэй болохоос хуулбарлан авах эрхгүй гэж ойлгосон, ...энэ хүнийг баривчилна, бүр яг одоо шийдвэр биелүүл баривчлах байр руу ач гэж зүй бус авирласан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, ... анхан шатны шүүхийн шүүгч Н.М 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг даргалж, ... дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн Б.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасан зөрчилд холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн зөрчлийн 2310000.... дугаартай хэргийг хянан хэлэлцэж, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад зааснаар Б.Б-ийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Дээрх шийтгэвэрт зөрчилд холбогдогч Б.Б-ийн өмгөөлөгч А.Э давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 202 дугаар магадлалаар шийтгэврийг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч гишүүн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ... анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар шийтгэврийг давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан, шийдвэрлэсэн нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнд шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, буруутгах үндэслэлгүй гэж, ...прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авах эсэх, хүлээн аваагүй бол яагаад хүлээн аваагүй талаарх үндэслэлээ шийтгэвэртээ тусгаагүй ба эсрэгээрээ прокурорын хэлээгүй дүгнэлтийг хэлсэн мэтээр шийтгэвэртээ оруулсан нь тогтоогдож байх боловч нотлох баримтын нэгд тооцогддог шүүх хуралдааны тэмдэглэлд прокурорын дүгнэлт агуулгаараа тусгагдсан, давж заалдах шатын шүүх хуралд прокурор биечлэн оролцож дүгнэлтээ хэлсэн, өргөдөл гаргагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд энэ тухай тусгагдан хэлэлцэгдсэн байх тул уг зөрчлийг ноцтой гэж үзэх үндэслэлгүй гэж, ...зөрчлийн хэргийн хохирогчийг хэргийн материалтай танилцуулсан, хуулбарлуулсан гэж шүүгчийг буруутгах үндэслэлгүй, энэ нь шүүгчийн туслахын ажил үүрэгт хамаарах үйлдэл болох нь тогтоогдож байна.” гэж тус тус дүгнэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн буюу үндэслэл бүхий болсон байна.

Харин шүүгч Н.М-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар, шүүгчид хориглосон зохицуулалт болох 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан  хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах  сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлт үйлдсэнийг доорх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгч шүүх хуралдаанд оролцогчдын тайлбарыг удаа дараа тасалсан, улсын яллагчид  хэрэгсэхгүй болгох саналаа дэмжиж байна уу гэх асуултыг хэд хэдэн удаа асуусан, зөрчилд холбогдогч болон хохирогч нарын гэрлэлт цуцлуулах маргаантай холбогдуулан асуулт асуусан нь тогтоогдож байх боловч шүүгч хэргийн оролцогчтой зүй бус харьцсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт ач холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж, 35.8 дугаар зүйлийн 12-т “...шүүгч нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.” гэж заасан бөгөөд шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд шүүх хуралдааны оролцогч нараас асуулт асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан байна.

Гэвч шүүгч нэг зүйлийг олон удаа давтан асуусан, өөр хэргийн үйл баримтыг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхдээ тодруулсан нь бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж, аль нэг талд давуу байдал бий болгосон гэх ойлголтыг төрүүлжээ. Иймд шүүгч Н.М нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа анхаарах нь зүйтэй.

            Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.

            Мөн өргөдөлд “ ... шүүгч энэ хүнийг баривчилна, бүр яг одоо шийдвэр биелүүл баривчлах байр руу ач гэж над руу зүй бусаар авирласан” гэх үндэслэлийг дурдсан байх бөгөөд  шалгах ажиллагааны явцад гэрч А.Э “...шийтгэл танилцуулах явцад, бага насны хүүхэдтэй шүү дээ гэхэд “тэр хамаагүй, яг одоо шийдвэр гүйцэтгэ” гэж цагдаад хандаж хэлсэн, аав нь байгаа биз дээ” гэх байдлаар хандсан ... Яг одоо баривчил гэж хэлэхэд нь сандраад хүүхэдтэй гэдгийг прокурор болон өмгөөлөгчийн зүгээс хэлж байсан ... ” гэж мэдүүлжээ.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9-д “Шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноор хүчинтэй болно.” гэж заасан ба шүүгч шийтгэврийн агуулгыг танилцуулсны дараа шийдвэр гүйцэтгэхийг цагдаагийн албан хаагчид даалгасан нь зүй бус авирласан гэж үзэх үндэслэл болохгүй.

            Тодруулбал, зөрчилд холбогдогчид 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсантай холбогдуулан шүүгчээс дэг сахиулагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны А/116/65 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журмын 3.18-д “Хамгаалалтын офицер, цагдаа нь шүүх хуралдааны дараа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч, ялтан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэгчид энэ журамд заасны дагуу хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу шийдвэрийг биелүүлэхийг даалгасан байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгч Н.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах ...” зөрчил гаргасан гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нөгөө талаар, өргөдөл гаргагч нь хүчингүй болсон шийтгэвэртэй холбоотой өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа бол хуульд заасан журмын дагуу шаардлага гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү магадлал саад болохгүй

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ГНД/2023/0031  дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ... анхан шатны шүүхийн шүүгч Н.М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                                    ДАРГАЛАГЧ                                  С.ЭНХТӨР

                                   ГИШҮҮД                                            Х.ХАШБААТАР

                                                                                                Д.МЯГМАРЦЭРЭН