МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-02-07
Дугаар 12
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяаг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2024/0009 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Иргэн Э.Т-аас ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Я-д холбогдуулан гаргасан өргөдлийг гишүүний 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ГЗТ/2023/0174 дугаартай захирамжаар Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг өргөдөл гаргагч эс зөвшөөрч гомдол гаргасан. Тус гомдлыг гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцэж 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СХТ/2024/0001 дугаартай тогтоолоор “... Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт хийх эрхгүй. Өөрөөр хэлбэл, өргөдөлд дурдсан сиди бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, энэ талаарх дүгнэлтээ шүүгч шийдвэрт тодорхой тусгасан байх ба энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасанд хамаарахгүй, энэ талаарх дүгнэлт үндэслэл бүхий байна. Түүнчлэн зохигчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хуульд тодорхой заагаагүй бөгөөд шүүгч нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй талаарх илтгэгч гишүүний дүгнэлтийг буруутгах боломжгүй. Харин өргөдөлд дурдсан зарим асуудлыг тодруулбал “...намайг илт ялгаварлан гадуурхсан, ...миний яриаг тасалж, яриулахгүй байсан, ...би өөр шүүгч шүү гэж дарамталж зүй бус харьцсан...” гэх гомдлыг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн илтгэгч гишүүний 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ГЗТ/2023/0174 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэжээ. Иймд шалгах ажиллагааг явуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлыг тогтооход чиглүүлэв. Өргөдөл гаргагч Э.Т “... нэхэмжлэгч намайг ярих гэхээр л яриулахгүй яриаг тасалж, ялгаварлан гадуурхаж байсан, ...би өөр шүүгч шүү гэж загнаж, дарамтлан зүй бус авирлаж байсан зэрэг нь илт хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй” гэжээ. Э.Т-ийн нэхэмжлэлтэй Ц.О-т холбогдох “бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүгч Д.Я хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/04712 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Өргөдөлд дурдагдсан 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаануудын дуу-дүрсний бичлэгээс үзвэл шүүгч Д.Я тус шүүх хуралдаануудыг даргалан явуулсан байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Д.Я “...41:54-43:03 Хэрэг маргааны талаар бид хэлэлцээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар энд ярихгүй. Хүрээ хязгаараа ойлго. Хаа хамаагүй гудмаар явж байгаа маргааныг шийдвэрлэдэггүй. Татсан хариуцагчтай холбоотой тухайн шаардлагатай хамааралтай асуудлыг шийднэ. Өөр асуудлыг хольж хутгаж ойлгохгүй. Шүүхийн эрх хэмжээнд хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Таны гаргасан дөрвөн хүсэлт түүнийг шийдвэрлэнэ. Нэмэлт тайлбараа хэлнэ үү” гэж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Д.Я “38:47-39:21...Зогсоорой. Таны өнөөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, газрын хууль ёсны өмчлөх эрхийг сэргээлгэх, уг газрыг албадан чөлөөлүүлэх гэсэн шаардлага байгаа энэ шаардлагын хүрээнд л ярина. Тэр сөрөг нэхэмжлэл гэж яригдаад байгаа зүйл энд байхгүй учраас тэр талаар ярихгүй. Шүүх таны гаргасан шаардлагын хүрээнд энэ хэрэг маргааныг шийдвэрлэнэ. ...43:23-43:58 Таны нэхэмжлэлийн шаардлага нь өмнө шийдвэрлэсэн шийдвэр лүү ороод халиад яваад байна. Та өөрөө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн хүсэлт шаардлага гаргасан. Энэ хүрээнд явмаар байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд нь та дүгнэлт хийхгүй шүү дээ. Танд ч надад ч тийм эрх хэмжээ байхгүй. Тэгэхээр өнөөдрийн гаргаад байгаа шаардлага чинь яагаад, ямар үндэслэлээр бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа юм гэдэг хүрээнд явмаар байна. ... 01:01:19-01:02:44 Даргалагч: Алх цохиж дэг сахиарай нэхэмжлэгчээ та дураараа ярьдаг газар биш. Шүүхийн танхимд байна. Тодорхой дэгд, журамд захирагдана. Хуульд захирагдаж амьдарна. Энд хэн чанга, илүү ярьснаараа ялан дийлнэ гэх ойлголт байхгүй. Би сая дараалал тогтоосон. Танд нэмэлт тайлбар байсан бол тухайн үедээ хэлээд хариуцагч талтай зөвшилцөөд явах ёстой. Танд би давуу байдлыг дангаар нь олгохгүй. Иргэний хэргийн шүүх хуралдаан эрх тэгш байдлын зарчимд явагдана. Та бүхэн адил тэгш оролцоно. Тэгэхээр өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр лүү орохгүй. Дүгнэлт хийх эрх танд ч надад ч байхгүй гэж сая хэлсэн. Одоо та өнөөдрийн гаргаад байгаа газрын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гээд байгаа үндэслэлийн хүрээнд тайлбараа ярьж, асуултаа асууна. Тэгэхээр тэр хүрээнд л асуулт асууна. Та бүхний харилцаа хандлага зүй зохистой, зохисгүй байна уу бид нар өнөөдөр хэлэлцэхгүй. Ойлгосон уу, танд шүүх хуралдааны дэгийг санууллаа шүү. Хоёр дахь удаагаа ийм тохиолдол гаргавал бид тохиролцсоны дагуу та танхимаас гарна. Байлцуулахгүйгээр маргааныг шийдвэрлэх үндэслэл болно. Асуултаа асууя. ...01:05:21-01:05:55 Даргалагч: Нэхэмжлэгчээ таны өмнөх шүүх хурлын талаар өнөөдөр бид хэлэлцэхгүй. Хуулиараа хориотой. /нэхэмжлэгч давхардуулан ярьж байв/ Ялгаад нэг ойлгоод байгаач. Т өнөөдөр таны яриад байгаа зүйл бол Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасныг, өмнөх тэр тогтоосон гээд байгаа зүйл чинь Иргэний хуулийн 56 дугаар зүйл. Хоёр өөр зохицуулалт буюу хоёр өөр үндэслэл. Өмнө нь шүүх шийдээд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын талаар одоо та бид энд яригдахгүй. Одоо та Иргэний хуулийн 280 дугаар зүйл гэж байгаа үндэслэлийн талаараа л хариуцагчаас асуултаа асуу” гэж хэлж байгаа нь бичигджээ. Хуралдааны үйл явцаас үзвэл шүүгч нэхэмжлэгч талыг яриулахгүй ялгаварлан гадуурхсан, дарамталж загнасан, зүй бус авирласан, хуулийг илт ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй”, 90.4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгч шүүх хуралдааны дэгийг сахиулж зохигчдыг чиглүүлэн хуралдааныг удирдан явуулсан гэж үзэхээр байна. Мөн шүүгч хуралдаан эхлэхэд хуралдааны дэгийг зохигч нарт танилцуулж, дэг зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх талаар сануулсан байх бөгөөд хуралдаанд нэхэмжлэгч хуралдааны дарааллыг сахихгүй байсан учир түүний яриаг түр зогсоон хуралдааны дарааллын дагуу тайлбар, асуултаа гаргахыг сануулжээ. Иймд шүүгч Д.Я-ыг өргөдөлд дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.31-т “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Д.Я тайлбартаа: “... Шүүгч Д.Я ирүүлсэн тайлбартаа: “... ...анхан шатны шүүхийн шүүгч Д.Я би Монгол Улсын шүүхийн сахилгын хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн Э.Т-н гаргасан гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай Шүүхийн сахилгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СХТ/2024/0001 дугаар тогтоолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Э.Т-ийн нэхэмжлэлтэй, Ц.О-т холбогдох, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Улаанбаатар хот, ... тоот хаягт байрлах 330м.кв газрын хууль ёсны өмчлөх эрхийг сэргээж, нэхэмжлэгчид өмчлөлийн газрыг буцаан олгуулах, хариуцагч этгээдийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Э.Т-ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШШ2022/1491 дугаар шийдвэр бүхий хавтаст хэргийг татан авч судлуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн .../Ш32022/23081 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч уг захирамжтай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр танилцсан байна. “...хүсэлтүүдийг шүүгч өөрөө шийдвэрлэх байтал шүүх хуралдаанаараа хариуцагч этгээдийн өмгөөлөгчөөс асууж байгаад хүсэлтээс 3-ыг нь хангахгүйгээр шийдвэрлэсэн...” гэх гомдлын тухайд: Т-ийн нэхэмжлэлтэй, Ц.О-т холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн .../Ш32022/22519 дугаар захирамж 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гарч, хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад товлосон. Харин, нэхэмжлэгч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр сиди бичлэгт үзлэг хийлгэх, хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд ... тоот хаягт байрлах, ... нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-... дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарлахыг хариуцагч О-т даалгах ... тоот хаягт байрлах, ... нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-... дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагааг ... дүүргийн Улсын бүртгэлийн газраас гаргуулах тухай хүсэлтийг, мөн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ... тоот хаягт байрлах, ... нэгж талбарын дугаартай 330 м.кв талбайтай газрын үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлэх журамтай байна. Тиймээс хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ бусад оролцогчийн саналыг сонссоноор шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх байна. Түүнчлэн, нэхэмжлэгч Э.Т-ийн 2022 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гаргасан хүсэлтийг шүүх 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна. Э.Т-ийн гаргасан сиди бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж уг хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр шүүх 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 15 цаг 30 минутад үзлэг хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж зохицуулснаар хөндлөнгийн хоёр гэрчийг оролцуулж тэмдэглэл үйлдсэн болно. “...нэхэмжлэгчийн намайг илт ялгаварлан гадуурхсан, миний яриаг тасалж яриулахгүй байсан, би өөр шүүгч шүү гэж дарамталж зүй бус харьцсан дарамталсан, ярих үед яриаг гүйцэд сонсолгүй тасалж бүрэн гүйцэд яриулахгүй байсан гэх гомдлын тухайд, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа, хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна гэж заасны дагуу шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нарт шүүх хуралдааны дэг сахихыг удаа дараа, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд тайлбар гаргаж мэтгэлцэхийг нэхэмжлэгчид тайлбарлаж сануулсан. “...хариуцагч этгээд Ц.О, түүний өмгөөлөгч Б.Т нарын зориуд үгсэн шүүхэд худал ярьж байгааг сонсож, нотлох баримтгүй байхад нягталж үзэлгүйгээр тэдний үгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэх гомдлын тухайд: Шүүх хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан судалж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн маргааныг шийдвэрлэх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Дурдсан үндэслэлүүдээр шүүгч Д.Я миний бие уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гомдолд дурдсанчлан хууль зөрчиж, нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхсан ёс зүйгүй үйлдэл гаргаагүй гэж үзэж байна. Иймд шүүгч Д.Я надад үүсгэсэн сахилгын хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагчаас “...нэхэмжлэгчийг яриулаагүй, яриаг тасалж, ялгаварлан гадуурхсан, ... би өөр шүүгч шүү гэж загнаж, дарамтлан зүй бус авирласан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, Э.Т-аас Ц.О-т холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.Я хүлээн авч, ...анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн .../ШЗ2022/20670 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс сиди бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг .../ШЗ2022/24405 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбарыг хариуцагч талд танилцуулах, тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулжээ. Харин уг захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах, газрын үнэлгээ тогтоолгох, газрын захиран зарцуулах эрхийг хязгаарлуулах хүсэлтийг хангаагүй байна.
Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар тус хэргийг хянан хэлэлцэж, .../ШШ2022/04712 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх 2022 оны 10 дугаар сарын 20 болон 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шалгах ажиллагааны явцад тус бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгч Д.Я нь шүүх хуралдааныг даргалахдаа нэхэмжлэгч талыг яриулахгүй ялгаварлан гадуурхсан, загнасан, зүй бус авирласан гэх байдал гаргаагүй байх ба энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 0:41:54-0:43:03 минутад, Даргалагчаас: Хэрэг маргааны талаар бид хэлэлцээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын талаар энд ярихгүй. Хүрээ хязгаараа ойлго. Хаа хамаагүй гудмаар явж байгаа маргааныг шийдвэрлэдэггүй. Татсан хариуцагчтай холбоотой тухайн шаардлагатай хамааралтай асуудлыг шийднэ. Өөр асуудлыг хольж хутгаж ойлгохгүй. Шүүхийн эрх хэмжээнд хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Таны гаргасан дөрвөн хүсэлт түүнийг шийдвэрлэнэ. Нэмэлт тайлбараа хэлнэ үү гэж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 0:38:47-0:39:21 минутад, Даргалагчаас: Зогсоорой. Таны өнөөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, газрын хууль ёсны өмчлөх эрхийг сэргээлгэх, уг газрыг албадан чөлөөлүүлэх гэсэн шаардлага байгаа энэ шаардлагын хүрээнд л ярина. Тэр сөрөг нэхэмжлэл гэж яригдаад байгаа зүйл энд байхгүй учраас тэр талаар ярихгүй. Шүүх таны гаргасан шаардлагын хүрээнд энэ хэрэг маргааныг шийдвэрлэнэ гэж, 0:43:23-0:43:58 минутад, Даргалагчаас: Таны нэхэмжлэлийн шаардлага нь өмнө шийдвэрлэсэн шийдвэр лүү ороод халиад яваад байна. Та өөрөө бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн хүсэлт шаардлага гаргасан. Энэ хүрээнд явмаар байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд нь та дүгнэлт хийхгүй шүү дээ. Танд ч надад ч тийм эрх хэмжээ байхгүй. Тэгэхээр өнөөдрийн гаргаад байгаа шаардлага чинь яагаад, ямар үндэслэлээр бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа юм гэдэг хүрээнд явмаар байна гэж, 01:01:19-01:02:44 минутад, Даргалагчаас: Алх цохиж дэг сахиарай нэхэмжлэгчээ та дураараа ярьдаг газар биш. Шүүхийн танхимд байна. Тодорхой дэгд, журамд захирагдана. Хуульд захирагдаж амьдарна. Энд хэн чанга, илүү ярьснаараа ялан дийлнэ гэх ойлголт байхгүй. Би сая дараалал тогтоосон. Танд нэмэлт тайлбар байсан бол тухайн үедээ хэлээд хариуцагч талтай зөвшилцөөд явах ёстой. Танд би давуу байдлыг дангаар нь олгохгүй. Иргэний хэргийн шүүх хуралдаан эрх тэгш байдлын зарчимд явагдана. Та бүхэн адил тэгш оролцоно. Тэгэхээр өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр лүү орохгүй. Дүгнэлт хийх эрх танд ч надад ч байхгүй гэж сая хэлсэн. Одоо та өнөөдрийн гаргаад байгаа газрын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох гээд байгаа үндэслэлийн хүрээнд тайлбараа ярьж, асуултаа асууна. Тэгэхээр тэр хүрээнд л асуулт асууна. Та бүхний харилцаа хандлага зүй зохистой, зохисгүй байна уу бид нар өнөөдөр хэлэлцэхгүй. Ойлгосон уу, танд шүүх хуралдааны дэгийг санууллаа шүү. Хоёр дахь удаагаа ийм тохиолдол гаргавал бид тохиролцсоны дагуу та танхимаас гарна. Байлцуулахгүйгээр маргааныг шийдвэрлэх үндэслэл болно. Асуултаа асууя гэж, 01:05:21-01:05:55 минутад, Даргалагчаас: Нэхэмжлэгчээ таны өмнөх шүүх хурлын талаар өнөөдөр бид хэлэлцэхгүй. Хуулиараа хориотой. /нэхэмжлэгч давхардуулан ярьж байв/ Ялгаад нэг ойлгоод байгаач. Т өнөөдөр таны яриад байгаа зүйл бол Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасныг, өмнөх тэр тогтоосон гээд байгаа зүйл чинь Иргэний хуулийн 56 дугаар зүйл. Хоёр өөр зохицуулалт буюу хоёр өөр үндэслэл. Өмнө нь шүүх шийдээд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын талаар одоо та бид энд яригдахгүй. Одоо та Иргэний хуулийн 280 дугаар зүйл гэж байгаа үндэслэлийн талаараа л хариуцагчаас асуултаа асуу” гэж хэлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй”, 90.4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Э.Т нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэг, журмыг сахих үүргээ хэрэгжүүлээгүй гэх байдал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсэнд бичигджээ.
Харин шүүгч Д.Я нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангаж, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авч, шүүх хуралдааныг удирдан явуулсан байна. Шүүгч шүүх хуралдааны явцад бусдыг айлган сүрдүүлсэн, ялгаварлан гадуурхсан зан төрх, үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болон зүй бус үг хэллэг хэрэглэсэн гэх байдал тогтоогдсонгүй.
Иймд өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2024/0009 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Э.Т-ийн өргөдлөөр ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Я-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Х.ХАШБААТАР