info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-02-15

Дугаар 16

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,

сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ...  дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.О-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГД/2024/0001 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд: “...Өргөдөл гаргагчаас “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн байхад Ерөнхий шүүгч Н.О нь давах гомдол гаргаагүй гэсэн лавлагааг тухайн шатны шүүх гаргаж өгсөөр байтал М шүүгчийн туслахыг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээж ав гэж тулгасан. Шүүгчтэй уулзахад шүүгч хүнд баймгүй ёс зүйгүй бүдүүлэг байдал гаргаж байсан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

1.Өргөдөл гаргагч “С и л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М болон түүний өмгөөлөгч нараас ... дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О-тай уулзах хүсэлт гаргасны дагуу шүүгчийн туслах Х.О-ийг байлцуулан дууны бичлэг хийн уулзсан байна. Тус уулзалтын дуу бичлэгт бичигдсэн “ЕШ Н.О-тай уулзсан тэмдэглэл.mp4” нэртэй бичлэгийн 0:00:14-0:00:43

Эрэгтэй хүн: Та тэмдэглэл үйлдчих. Миний хуульчийн байр суурийн хувьд юу вэ гэхээр та бол миний иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг их сургуульд зааж тайлбарласан, 13 жил  ажилласнаас эрс өөрөөр тайлбарлаж байна. Энд болохоор магадгүй бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж харж байгаа учраас яг одоо хуулийн үндэслэлийг тайлбарлаад өгчих гэхэд.

0:00:43-0:01:00 Шүүгч Н.О: 119 дүгээр заалт нь маш тодорхой журам тогтоосон заалт. 119.3 шүүх өөрөө шийдвэрээ гаргаж албажуулна.

0:01:19-0:01:30 Шүүгч Н.О: Та хүлээж бай миний яриаг эхлээд сонсчих. 119.3 бол 14 хоногийн дотор бичнэ гэж байгаа. Шүүгч 3 хоногийн дотор ч бичиж болно, 10 хоногийн дотор ч бичээд албажуулаад гаргаж болно. Үүнийг хориглоогүй.

0:01:46-0:02:13 Шүүгч Н.О: Та юу гээд дайраад байгаа юм бэ. Дараа нь 119.4 дээр 14 хоногийн шийдвэрээ бичих хугацааны дараа дахиад 14 хоногийн дотор хэргийн оролцогч нар өөрсдөө шүүхээс ирж шийдвэрээ гардаж авах үүрэгтэй. Энэ хугацаанд гардаж аваагүй бол шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосон өдрөөс хойш 28 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нар ирж гардаж авах ёстой байсан.

0:02:14-0:04:37 Шүүгч Н.О: Шүүгч шийдвэрээ бичих 14 хоног дээр нэмэх нь өөрсдөө шүүхээс ирж гардаж авах 14 хоног. Ингээд 28 дахь хоног дээр хэргийн оролцогч нар гардаж аваагүй бол дараа нь хууль юу гэж байгаа вэ гэхээр давж заалдах гомдол гаргах эрхийн хугацааг тоол гэж байгаа юм. Тэр нь 14 хоног. Ийм журам тогтоосон. Хэргийн оролцогч хуралд оролцоогүй бол хэргийн оролцогчид шүүх гардуулах ажиллагаа хийнэ. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газар хүргүүл гэж байгаа юм хуульд. Би процессын хуулийн 119.3, 119.4, 119.5-ийг ярилаа. Үүний ард юу гэдэг вэ гэхээр хэргийн оролцогч нар 14 хоногийн дотор шийдвэр бичигдэнэ. Би 14 хоногоос хойш 28 хоногийн дотор очиж авах ёстой юм чинь гэж ойлгоод энэ хугацаанд хэргийн оролцогч нар шүүхээс шийдвэр очиж авах боломжоо өөрсдөө хэрэгжүүлдэг юм. Нөгөө талаас хууль нь ийм тодорхой заасан учраас хүн ажил амьдралаа хуульд нийцүүлэн зохицуулдаг. Нэг хэргийн оролцогч нар хуулийн хугацааг тоолчхоод 14 хоногийн дотор гардаж авах ёстой юм чинь гээд энэ хугацааг алдахгүй гардаж авах үүргээ хэрэгжүүлэх ёстой. Энэ хугацаа өнгөрвөл давж заалдах гомдол гаргах хугацаа тоологдоно гэдгээ боддог гэсэн үг. 28 юм уу 29 дэх хоног дээр ирж гардаад авч болно. Үүнд гомдол гаргах хугацаа 1 хоног өнгөрсөн шүү гэдгийг тогтоосон хуулийн зохицуулалт. Энэ хэргийн тухай гэвэл шийдвэрийг бичээд шууд шуудандсан байсан.

04:45-0:06:24 Шүүгч Н.О: Би бол энэ хэргийн оролцогч нарыг мэдэхгүй байна. Г  надад юу гэж танилцуулсан гэхээр би шийдвэр 3 хоногийн дотор бичигдсэн гэсэн хугацааг буруу хэлж магадгүй. Тэгээд би шууд шуудандсан гэсэн. Тэгэхээр нь би хэргийн оролцогч нар чинь хуралдаа оролцсон юм уу гэхэд. Оролцсон гэхдээ би шууд шуудандсан гэсэн. Тэгэхээр нь би шууд шууданддаг чинь хуульд нийцээгүй байна. Хоёрдугаарт хуульд шууд шийдвэрээ гаргаад шуудандчихвал шуудандсан өдрөөс гомдол гаргах хугацааг тоолоорой гэсэн журам тогтоосон заалт байхгүй байна. Тийм учраас би сая тайлбарласан хуульд хүн ажил амьдралаа нийцүүлж зохицуулдаг учраас хүмүүсийн гомдол гаргах эрхийг ингэж хязгаарлахгүй. Шүүх шууд шуудандсанаараа хязгаарлах үндэслэл болохгүй юм. Тийм учраас давах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй юм байна гэж хэлээд гаргасан. Ийм л хариуг Г-д хэлж гаргасан. Үүнээс хойш та нар тамгын газарт ямар асуудал ярьсан талаар мэдээгүй. Би өчигдөр өдөржингөө хуралдаад таныг уулзъя гэхээр за маргааш уулзъя гэж хэлчхээд тантай би уулзаад сууж байна. Миний тайлбар ийм байна. Ямар нэгэн гомдол санал асуудал байгаа бол хүсэлт саналаа гаргаад шийдүүл. Та бүхний энэ гомдолтой холбоотой хүсэлт чинь шууд доор системээс цохогдох байдлаар хуваарилагдана. Хуваарилагдсан шүүгч нь хариугаа өгөх байх. Би юу гэдэг юм өнөөдөр энд шийдвэрлэх гээд сууж байгаа хүн нь биш. Би давах гомдлыг давах руу хүргүүл гэдэг чиглэл өгсөн хүн. Ерөнхий шүүгчийн хувьд.” гэж хэлсэн болох нь бичигджээ.

Тус уулзалтад Ерөнхий шүүгч Н.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд “Шийдвэрийг танилцуулах, гардуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрхэн ойлгож, хэрэглэж байгаа талаар тайлбарлаж шүүгч А.М-ын шийдвэрлэсэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүл гэж чиглэл өгсөн талаар Г.М болон түүний өмгөөлөгч нарт хэлсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэснийг энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг ойлгох байх ба Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласантай харьцуулбал өргөдөл гаргагч Г.М болон түүний өмгөөлөгч нарын Ерөнхий шүүгч Н.О-тай уулзсан уулзалтын дууны бичлэгт үзлэг хийхэд шүүгчийг “...ёс зүйгүй бүдүүлэг байдал гаргасан” нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгч зохисгүй үг хэллэг хэрэглээгүй байна.

Иймд Ерөнхий шүүгч Н.О нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Сахилгын хэрэгт цугласан баримтуудаас үзвэл “М” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “... дүүрэг,...-р хороо, Нэгдсэн үндэсний байгууллагын гудамж, ...-р барилга, 827,69 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, 8/2 тоот 144 м.кв талбайтай гражид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/25 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч А.М 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/07716 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж улмаар тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаар шүүхийн шийдвэрээр “...нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гардуулсан баримтаас үзэхэд дээрх шүүхийн 181/ШШ2023/02762  дугаар шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр үйлдэн албажуулсныг шүүгчийн туслах Г.Г хэргийн оролцогчдод шуудангаар хүргүүлсэн  байна.

Тус шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод шуудангаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа ...,  ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1219 дугаар албан бичгээр “...талууд нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байна.” гэх лавлагааг “С и л” ХХК-д гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

 Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж, гомдолд шүүхийн шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гардан авсан талаарх Монгол шуудангийн тодорхойлолт,

шуудангийн дугтуйг тус тус хавсаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.” гэж заасан бөгөөд шүүгчийн туслах Г.Г нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах эрхийн хугацаа хэтэрсэн гэж үзэж гомдлыг авахаас татгалзсан байна.

Энэ талаар гэрч Г.Г “...нэхэмжлэгч “М” ХХК нь давж заалдах гомдлоо шууданд хийсэн өдрөөсөө 14 хоног дууссаны дараа ирүүлснийг би бичилт хийхгүй хугацаа хэтрүүлсэн байна гэж хэлээд явуулсан. Үүний дараа би бичилт хийгээгүй явуулсан байхад мэдээлэл лавлагаа хүлээгээд авсан байсан. Шууданд хийгээд хуульд заасан 14 хоногоос хэтрээд 17 хоног орчим болсон байсан.” гэж мэдүүлжээ.

Шүүгчийн туслах Г.Г нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан байтал мэдээлэл лавлагааны мэргэжилтэн давж заалдах гомдлыг хүлээн авсан байна.

...  дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.М нь 2023 оны 10 сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан тул шүүгчийн туслах Г.Г нь дээрх үйл баримтыг Ерөнхий шүүгч Н.О-д  танилцуулахад “гомдлыг хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүл” гэсэн чиглэлийг шүүгчийн туслахад өгсөн байна.

Энэ талаар шүүгч Н.О-ийн “...давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой тул хэргийг давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэх нь зүйтэй гэж чиглүүлсэн” гэх тайлбар болон гэрч Г.Г “...Ерөнхий шүүгч гомдлыг хүлээж аваад хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүл гэж хэлсэн” гэж мэдүүлсэн болно.

... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ЗТ2022/01953 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-ийн 4.5-д “Давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, хойшлуулахтай холбоотой хүсэлтийг давж заалдах болон хяналтын гомдлын хамт хүлээн авч, энэ шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсэгт заасан нэрсийн дарааллын дагуу системээс тойргийн дарааллаар гараар хуваарилна. Хэрэв тойрогт тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн таарвал алгасаж дараагийн шүүгчид, дараагийн хүсэлтийг алгассан шүүгчид нөхөн хуваарилна.” гэж заасан байх бөгөөд энэ нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгч ээлжийн амралттай эсэхээс үл хамааран алгасаж хуваарилахаар тогтоосон байна.

Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх;

17.1.2.энэ хуулийн 19.1-д заасан Шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

17.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах;

17.1.4.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдолд шүүхийн Тамгын газраас хариу өгч байгаа ажиллагаанд хяналт тавих;

17.1.5.шүүгчид энэ хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгох;

17.1.6.танхимын тэргүүний ажлыг уялдуулах;

17.1.7.шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх;

17.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх” гэж хуульчилсан.

Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслан ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцохыг мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д зааснаар хориглосон.

 ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О нь шүүгч А.М-ын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсний дараах ажиллагаанд хяналт тавьж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хугацаа хэтэрсэн эсэхийг шийдвэрлэж, шүүгчийн туслах Г.Г-д “гомдлыг хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүл” гэж чиглэл өгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох...” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд, дээрх үндэслэлээр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О- д сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

Шүүгч Н.О сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4, 17.1.7-д заасны дагуу Ерөнхий шүүгч нь шүүгчдийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдолд шүүхийн Тамгын газраас хариу өгч байгаа ажиллагаанд хяналт тавих, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын чиг үүргийг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу батлагдсан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. 2023 оны 10 дугаар сарын эхээр шүүгчийн туслах Г.Г “шүүхийн тамгын газраас давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан гээд нэг талд нь хариу өгчихсөн байхад нөгөө тал нь Мэдээлэл лавлагаанд давж заалдах гомдлоо өгчихсөн байна” гээд энэ тухай амаар танилцуулсан. Танилцуулахдаа хэргийн оролцогчид шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд шүүгч шийдвэрийг 3 хоногт бичиж албажуулсан тул би мөн өдөр хэргийн оролцогч нарт шуудангаар хүргүүлсэн, шийдвэрийг шууданд хийсэн өдрөөс гомдол гаргах эрхийн хугацааг тоолсон гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон /шүүх хурал болсон/ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр гаргаж албажуулах, шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй байдаг. Энэ дагуу хэргийн оролцогчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардаж авна гэж тооцоолон ажил, амьдралаа зохицуулдаг. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.8-д шүүхийн шийдвэр 28 хоногт бичгээр гараагүй буюу шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4-т заасан /28 хоногийн/ хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхээс хэргийн оролцогч нарт шийдвэрийг шуудангаар хүргүүлж, шууданд хийсэн өдрөөс давж заалдах гомдол гаргах эрхийн хугацааг тоолохоор заасан. Үүнээс өөрөөр шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нарт шийдвэрийг шуудангаар хүргүүлэх талаар хуульд зохицуулаагүй.

Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч нарт шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш 3 хоногт шуудангаар хүргүүлж, шууданд хийсэн өдрөөс давж заалдах гомдол гаргах эрхийн хугацааг тоолох нь хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах эрхийн хугацааг хязгаарлахаас гадна хуульд нийцэхгүй юм. Миний хувьд шүүгчийн туслах Г.Г-д шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах эрхийн хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-д заасны дагуу тоолохыг тайлбарлаад, шүүгч А.М ээлжийн амралттай гадаад улсад байгаа, гомдол гаргах эрхийн хугацаа хэтэрсэн эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй, мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журам”-д энэ асуудлыг өөр шүүгч шийдвэрлэхээр заагаагүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой тул хэргийг давж заалдах шатны шүүх рүү хүргүүлэх нь зүйтэй гэж чиглүүлсэн.

Ийнхүү шүүгчийн туслахын ажил үүргийг хуульд заасны дагуу чиглүүлсэн байдал маань “...бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх...” үндэслэлд хамааралгүй юм. Гомдол гаргагч өмгөөлөгчийн хамт надтай уулзсан бөгөөд уулзалтын тэмдэглэл, ярианы бичлэг нь шүүгчийн туслах Х.О-т байгаа тул гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй болно. Ерөнхий шүүгч Н.О миний зүгээс бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцоогүй бөгөөд ёс зүйн аливаа сөрөг хандлагаар хандаагүй гэдгийг энэхүү тайлбараар мэдэгдэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “... дүүрэг ... -р хороо, Нэгдсэн үндэсний байгууллагын гудамж, ....-р барилга, 827,69 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө, 8/2 тоот 144 м.кв талбайтай гражид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10/25 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4324 дүгээр албан бичгээр хүргүүлсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2023/01992 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 Дээрх иргэний хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “С и л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гомдол гаргаж, үндэслэлээ “...Давж заалдах гомдол гаргаагүй гэсэн лавлагааг тухайн шатны шүүх гаргаж өгсөөр байтал тус шүүхийн ерөнхий шүүгч Н.О нь шүүгчийн туслахыг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн ав гэж тулгасан, Н.О шүүгчтэй уулзахад шүүгч хүнд баймгүй ёс зүйгүй бүдүүлэг байдал гаргасан” гэж тодорхойлжээ.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн өргөдөл гаргагч Г.М болон түүний өмгөөлөгч нь ерөнхий шүүгч Н.О-тай уулзсан уулзалтын дууны бичлэгт үзлэг хийгээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Харин ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.О-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэж заасныг зөрчсөн гэж нотлох дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-д “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5-д “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ”, 119.6-д “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно”, 119.7-д “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй”, 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэж заасан.

            Дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзвэл шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бичгээр албажуулж гаргах шүүгчийн үүргийг, уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан авах хэргийн оролцогчийн үүргийг тус тус хуульчилж өгсөн байх бөгөөд энэ хугацаанд шүүхийн шийдвэрийг хүлээн авсан бол тухайн гардаж авсан өдрийг, харин хуульд заасан үүргээ хэргийн оролцогч биелүүлээгүй тохиолдолд уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг шуудангаар болон шүүхийн ажилтнаар  хүргүүлж, ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохоор зохицуулжээ.

Түүнчлэн, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан “гардан авснаас хойш” гэдгийг “шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэр, магадлалыг хүлээн авсан бол тухайн өдрөөс, хүлээн аваагүй бол хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн өдрөөс”, ...Хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалыг баталгаат шуудангаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн тухай шуудангийн дардсанд тэмдэглэгдсэн өдрөөр, шүүхийн ажилтнаар илгээсэн бол заасан хаягт хүргэгдсэн талаарх баталгаажилт, тэмдэглэгээ хийсэн өдрөөр хүргүүлсэн хугацааг тогтооно” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02762 дугаар шийдвэр 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр албажиж, 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “М” ХХК-ийн хаягаар шуудангаар илгээснийг 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14:45 цагт н.Э  гэгчид гардуулсан, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдол гаргасан нь тогтоогдож байна.

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд буюу 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шийдвэр гардан авсан өдрөөр тооцож давж заалдах гомдол гаргах хугацааг тоолохоор тодорхой хуулийн зохицуулалт төдийгүй Улсын дээд шүүхийн тайлбар байх атал шүүгчийн туслах Г.Г нь хэргийн оролцогч шүүхэд өөрсдөө хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах хуулийн хугацаа өнгөрөөгүй байхад хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан ажиллагаа хийж шуудангаар хүргүүлэхдээ шууданд хийсэн өдрөөс давж заалдах гомдол гаргах хугацааг тооцон,  хугацаандаа гомдол гаргасан талаар бичилт хийхээс татгалзсан нь хууль зөрчжээ.

 Харин тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн уг гомдлыг хүлээн авч, шүүгчийн туслах Г.Г гомдлыг авахгүй гэсний улмаас 6 хоног өөр дээрээ байлгаж байгаад ерөнхий шүүгч Н.О-д мэдэгдсэн талаар Сахилгын хорооны хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тайлбарлаж байх бөгөөд ерөнхий шүүгч Н.О нь шүүгчийн туслах Г.Г-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлаж “Иргэдийн гомдол гаргах эрхийг зөрчиж болохгүй, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүл” гэж үйл ажиллагааг чиглүүлсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д “шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын талаар Шүүгчдийн зөвлөгөөнд мэдээлэл хийх” гэж заасантай нийцжээ.

 Тодруулбал, хэргийн хөдөлгөөн гэдэг нь шүүхэд нэхэмжлэл гарснаас хойш хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бүхий л үйл явцыг ойлгодог бөгөөд энэхүү хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага хяналтын талаар судалж мэдээлэл хийх чиг үүрэгтэй, мөн тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх эрхтэй Ерөнхий шүүгч нь хэргийн оролцогчийн давж заалдах гомдол гаргах эрхийг дур мэдэн хязгаарласан үйл ажиллагаа явуулж байгаа шүүгчийн туслахын үйл ажиллагааг зөвтгөж гомдлыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх чиглэл өгсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох...” гэж заасан зөрчилд хамаарахгүй билээ.

Илтгэгч гишүүн давж заалдах гомдол гаргах хугацааг хэрхэн тооцох талаар дүгнэлт хийгээгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан талаар дурдсан боловч давж заалдах шатны шүүх хугацаа хэтрүүлсэн гэж үзэлгүй гомдлыг хянаж магадлал гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.3-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж зааснаар хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй зэргийг анхаараагүй байх бөгөөд гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг холбогдох журамд заасан хуваарилалтыг зөрчиж ерөнхий шүүгч шийдвэрлэсэн мэтээр үйл баримтыг буруу дүгнэсэн нь  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байна.  

Иймд илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГД/2024/0001 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                        ДАРГАЛАГЧ                                        О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                              Ц.ДАВХАРБАЯР                                                                              

                                                                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН