МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-02-14
Дугаар 14
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Номин нарыг оролцуулан хийж, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, шүүгч Б.Т, Ц.А, Г.Э нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГС/2024/0010 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Шүүхийн сахилгын хорооны 2023 он 12 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай” СХТ/2023/0156 дугаар тогтоолд нийт 4 үндэслэлийг шалгаж тодруулах нь зүйтэй гэж үзэж илтгэгч гишүүнд хэргийг буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэл нэг бүрийг тодруулах ажиллагаа хийж доорх саналыг гаргаж байна. Үүнд:
- Нэхэмжлэгч нар нь эвлэрлийн гэрээг зөвхөн Д.С-тай хийсэн нь хүчин
төгөлдөр гэрээ мөн эсэх, Д.С нь хариуцагч Д.Д, “Ү” ХХК-аас олгосон эрхийн дагуу нэхэмжлэгч нартай эвлэрсэн эсэх тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х “Ү” ХХК-ны хувьцаа эзэмшигч, тус зээлд баталгааны бичиг үйлдэж өгсөн Д.С-г хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтдээ “... Хэрэг үүссэнээс хойш өнөөг хүртэл хариуцагч нар нь нэхэмжлэлийг гардан авахаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх хугацааг баримтлахгүйгээр шүүхийг болон биднийг үл ойшоож байгаад бидний зүгээс үнэхээр гомдолтой байна. Д.Д нь зээлийн мөнгө хөрөнгөөр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн байх магадлалтай бөгөөд цаашид бид тус асуудлыг холбогдох төрийн эрх бүхий байгууллагад хандан шалгуулж үнэн зөвийг олж ажиллах болно. Нөгөө талаас тус банкны хувьцаа эзэмшигч Д.С нь зээлийн мөнгөн хөрөнгийг банкны үйл ажиллагаанд зарцуулсан болохыг илэрхийлж цаашид банкны үйл ажиллагаагаа төлж барагдуулахаа удаа дараа бидэнд банкны өмнөөс болон Д.Д-ийн өмнөөс илэрхийлж, түүнийгээ баталгаажуулж бичгээр баталгаа гаргаж өгч байсан байдаг. Тус нотлох баримтыг хавсаргалаа. Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл хэн зээлийн мөнгөн хөрөнгийг зарцуулж хэн эргүүлж өгөх нь тодорхойгүй худал тайлбар шалтаг гаргаж хугацаа авдаг бөгөөд олон удаа амлалт баталгаа гаргаж өгсөн байдаг боловч үр дун гараагүй, одоо шүүхийн шатанд санаатайгаар шүүхийн үйл ажиллагааг удаашруулж байна гэж бид үзэж байна. Иймд нэхэмжлэгч Н.М, Ц.О бидний зүгээс “Ү” ХХК-ны хувьцаа эзэмшигч, тус зээлд баталгааны бичиг үйлдэж өгсөн Хүчтэн овогтой Д-ийн С-г тус иргэний хэрэг маргаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтэй байна. Дахин дурдахад нэхэмжлэгч нарын зүгээс Д.Д-ийн дансаар шилжүүлсэн 4,800,000 америк долларын зээлийн эргэн төлөлтийг Д.Д болон “Ү” ХХК-аас төлөөгүй тохиолдолд “Ү”-ны хувьцаа эзэмшигч болох Д.С нь төлж барагдуулах баталгааг бидэнд албан бичгээр өгсөн байдаг. Нэхэмжлэгч нарын хувьд зээлийн эргэн төлөлт тохирсон хугацаанд хийгдэхгүй учир зээлийн мөнгөн хөрөнгийг эргүүлэн нэхэхэд “Ү” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Д.С-с зээл төлөх тухай яриа, албан бичгийг бидэнд ирүүлж, итгэл төрүүлж байсан тул өнөөдрийг хүртэл зээл төлөх хугацааг сунгаж, хариуцагч нарт хугацаа олгож байсан билээ. Гэтэл эцэс сүүлдээ зээлийг эргэн төлөх хугацаа болоогүй байсан, хугацаа болоогүй байхад зээлийг эргүүлэн шаардсан мэтээр өөрсдийгөө зөвтгөсөн агуулгатай хандлага, тайлбарыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд илэрхийлж эхэлж байна. Иймээс болж өнгөрсөн үйл явдлыг шүүхэд үнэн зөвөөр гаргаж өгөх, хариуцах этгээдүүдийг шүүхэд дуудан ирүүлэх, холбогдох тайлбарыг гаргуулах, оролцуулах нь хэрэг маргааныг мэтгэлцээний зарчмаар үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой, зайлшгүй шаардлагатай байна гэж бид үзэж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч Д.С-г хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
Тус хүсэлтийг шүүх хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Т 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” 181/ШЗ2021/05721 дүгээр захирамжаар Д.С-г хамтран хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн тодорхойлсон, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа этгээд иргэний хэргийн хариуцагч болох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч захирамжаар татан оролцуулж болохоор хуульд зохицуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй”,
27 дугаар зүйлийн 27.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно”,
27.2-т “Хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно”,
27.3-т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчлан зааж өгч зохицуулсан байна.
Тус маргаан нь Н.М, Ц.О нарын нэхэмжлэлтэй Д.С, Д.Д болон “Ү” ХХК-д холбогдох иргэний хэрэг байх бөгөөд Д.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэл зоригоор буюу нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжаар уг хэрэгт хариуцагчаар тодорхойлогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан орсон болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
Харин дурдагдаж буй уг 181/ШЗ2021/02123 дугаар иргэний хэрэгт авагдсан баримтад үзлэг хийхэд дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нар аль нэгийгээ төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн талаарх, мөн хариуцагч Д.С-т нэхэмжлэгчтэй эвлэрэх бүрэн эрх бусад хариуцагч нараас олгосон итгэмжлэл, эрх олгосон баримт иргэний хэрэгт авагдаагүй байна.
Иргэн Д.С-н үйлдсэн гэх “Зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичиг”-т “...2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Ү-д Н.М-ийн олгосон 4.800.000 ам.долларын зээлийг Иргэний хуулийн 453.1 заалтын дагуу төлж барагдуулах нь үнэн болохыг үүгээр баталгаажуулж байна. Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулахгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу учирсан гэм хорыг хариуцах болохоо баталгаажуулж 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 2,800,000 ам.долларыг хүүгийн хамт төлж барагдуулах болно...” гэж зээлийн эргэн төлөх дүн, хуваарийг хүснэгтээр илэрхийлсэн баримт тухайн иргэний хэрэгт авагдсан байна.
Хариуцагч Д.С нь нэхэмжлэгч талын хүсэл зоригоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцсон байх ба “... Үндсэн зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулахгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу учирсан гэм хорыг хариуцах болохоо баталгаажуулж...” гэсэн энэхүү баримт нь хэрэгт авагджээ.
Иргэн Д.С тус хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулсан эрхийн акт буюу шүүгчийн захирамж гарсан, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд хэргийн зохигч болохын хувьд түүнд нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх хуулиар олгогдсон байна.
Нэхэмжлэгч хуульд заасан эрхээ эдэлж хариуцагч болох Д.С-тай байгуулсан эвлэрлийн гэрээгээ батлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан, улмаар хүсэлтээ дэмжиж тайлбар, хүсэлтүүдээ удаа дараа бичгээр гаргаж ирүүлсэн, тэдгээрийг шүүх хүлээн авч, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Харин холбогдох шүүгч Б.Т нь зохигч талууд болох нэхэмжлэгч Н.М, Ц.О, хариуцагч Д.С нараас хүсэл зориг, эвлэрэн хэлэлцсэн үйл баримтаа баталгаажуулан бичгээр үйлдэж ирүүлсэн эвлэрлийн гэрээг үндэслэн эвлэрлийг баталсан эрхийн акт гаргасан байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно: 63.1.1.мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр;” гэж зааснаар нэхэмжлэгч нараас “Зээлийн гэрээний үүрэгт 3,530,441 америк доллар гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хүүнд 185,125 америк долларыг нэмж тооцон эвлэрлийн гэрээг 3,715,566 америк долларыг төлүүлэхээр байгуулсныг баталсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн эсэхийг тодруулах гэсэн үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Н.М, Ц.О нараас ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2021/02123 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтдаа 3,530,441 ам доллар буюу 10,060,768,326 төгрөг гэж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхой дурдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т “Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно: 63.1.1.мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр;” гэж заасан байх бөгөөд хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад тусгасан үнийн дүнгээр иргэний хэрэг үүссэн, уг иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь баримтаар нотлогдож байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.”,
74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана.”,
74.3.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус хуульчлан заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд тухайлбал 74.6 дахь заалтад зохигч талууд зөвхөн нэхэмжлэлийн шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас өөр байдлаар эвлэрлийн гэрээ байгуулах ёсгүй болохыг хуульчилсан байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч Д.С-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг батлуулах тухай хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, тухайн эвлэрлийн гэрээг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус шүүхэд ирүүлсэн байна.
Н.М, Ц.О нарын нэхэмжлэлтэй “Ү” ХХК, Д.Д, Д.С нарт холбогдох тус иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь 3,530,441 ам доллар буюу 10,060,768,326 төгрөг байсан атал холбогдох шүүгч Б.Т нь зохигчдын эвлэрлийг баталсан захирамж гарган тус хэргийн зохигчдын эвлэрлийг батлахдаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ хүрээнд биш, харин нэхэмжлэгчийн тодорхойлсон буюу иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлагаар биш харин 3,715,566 ам доллар гэж эвлэрлийг баталсан гэж үзэхээр байх хэдий боловч зохигч талуудаас ирүүлсэн баримт, эвлэрэн хэлэлцсэн байдлыг харгалзан үзэж уг шийдвэрийг гаргажээ гэж ойлгогдохоор байна.
Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон иргэний хэрэг үүсгэсэн захирамжид дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд биш харин зохигч талууд буюу Н.М, Ц.О, хариуцагч Д.С нарын бичгээр үйлдэж ирүүлсэн эвлэрлийн гэрээнд дурдсан хэмжээ болох 3,715,566 ам долларын хэмжээг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулсныг сахилгын зөрчил гэж үзэхгүй.
3. Шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШТ2022/00513 дугаар тогтоолоор эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар шийдвэрлээгүй байхад шүүгч Б.Т нь уг тогтоолыг үндэслэл болгон өөрийн захирамжаа хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр заасан нь хуульд нийцсэн эсэх, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд тооцох эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэх үндэслэлийн тухайд:
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШТ2022/00513 дугаар тогтоолоор “...Шүүх талуудын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атал, талуудын эвлэрсэн үнийн дүнд өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т нийцээгүй байна. Иймд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/15236 дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг хүчингүй болгож, хариуцагч Д.С-ын гомдлыг хангах үндэслэлтэй байна..., “... 181/ШЗ2022/15236 дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг хянах үндэслэлтэй, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №02105 захирамжийг хянах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.” гэж шийдвэрлэсэн байна.
Тус тогтоолоор эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгоогүй байх бөгөөд харин 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/15236 дугаар “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Д.С-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 181/ШЗ2021/02105 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хүлээн авч, холбогдох шүүгч Б.Т нь “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2023/01296 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Уг захирамждаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан заалтыг баримталсан байна.
Уг захирамжийг гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, үйл баримт биш харин агуулгаар хуульд нийцсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зөрчлийг залруулсан гэж ойлгогдохоор байгаа болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.
Учир нь хариуцагч эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж нь хуульд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, эвлэрэл байгуулсан этгээд нь хариуцагч биш болох талаар тайлбар, хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтээ шүүхэд удаа дараа ирүүлж байсан, мөн нэхэмжлэгч энэхүү захирамжийг гарсны дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу шүүхээс ажиллагаа хийсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байгаа болно.
Дээрх эвлэрлийг баталсан захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохих журмын дагуу үргэлжилж байгаа үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү өмнөх хууль зүйн үндэслэл муутай захирамжаа хүчингүй болгосноор нэхэмжлэгч, хариуцагч хэн алины хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Тухайлбал нэхэмжлэгч хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр буюу хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах шүүхэд хандсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал хууль зүйн хувьд алдаатай байж болох захирамжаа холбогдох шүүгч хүчингүй болгосон нь хариуцагчийн хүсэлтийг хангахаас гадна нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн дагуу бүрэн дүүрэн хангагдаж хамгаалагдах, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх, цаашид маргаан хуулийн дагуу хянагдаж шийдвэрлэгдэх зэрэг ач холбогдолтой үйлдэл болсон байх тул агуулгаараа зохигчдын хэн алиных нь эрхийг шүүхийн шатанд баталгаатай хангах, хамгаалахад чиглэсэн үйлдэл байх тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй.
4. “өргөдөл гаргагч нь “...шүүгч хариуцагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдол, хүсэлтийг нэгэнт шийдвэрлэж, шийдвэрээ гаргасан тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт гомдлыг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм. Энд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэж, гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэж өргөдлийн нэг үндэслэлээ тодорхойлсон байхад илтгэгч гишүүн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан” гэх 4 дэх үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж хуульчлан заасан байна.
Сахилгын хэргийн маргааны гол үйл баримт нь эвлэрлийг баталсан захирамжийг шүүгч хүчингүй болгосонтой холбоотой тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэг нь уг маргаантай хамааралгүй буюу шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэсэн заалттай хамааралгүй байна.
Учир нь хэргийн зохигч тал болох хамтран хариуцагч Д.С нь шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгуулахыг хүссэн, шүүгч хүсэлтийг хүлээн авсантай холбоотой үйл баримт тогтоогдож байгаа болно.
Шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” 181/ШЗ2023/01296 дугаар захирамжийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно гэж заасан зохицуулалтыг баримталсан нь шүүгчид бүрэн эрх олгосон хуулийн заалт байх тул зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу гаргасан шүүгчийн захирамжийг хууль зөрчиж үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Мөн шүүгчийн захирамжийг Шүүхийн сахилгын хороо хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан, гомдлыг хуулийн дагуу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэж байсан байх тул Шүүхийн сахилгын хороо шүүхийн бүрэн эрхэд халдаж, зөв эсхүл буруу шийдвэрлэсэн, хянасан гэх эрх хэмжээгүй, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй байна.
Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зохигчоос гаргасан шүүгчийн захирамжуудыг эс зөвшөөрсөн гомдлыг хянан шийдвэрлэж тогтоол гаргасан үйл баримтыг хууль зөрчсөн гэж үзэхгүй, хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд холбогдох хуульд заасны дагуу гомдлыг шийдвэрлэн тогтоол гаргасныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иймд ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, Г.Э, Ц.А, Б.Т нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Т Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
“Н.М, Ц.О нар нь анх хариуцагч “Ү” ХХК, Д.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,530,441 ам.доллар буюу 10,060,768,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/Ш32021/02123 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүхээс хариуцагч нарыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон хариуцагч “Ү” ХХК, Д.Д нарын оршин байрладаг ба оршин суудаг гэх хаягаар 2021 оны 02 дугаар сарын 18, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд жижүүр н.Ж, жижүүр н.Б, жижүүр н.Х нар тус тус гардан авсан боловч хариуцагч нар шүүхэд хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32021/02951 дугаар "Хариуцагчийг албадан ирүүлэх тухай" захирамжаар ... дүүрэг, ...-р хороо, ... гудамж, ...-р байр 5 тоотод оршин суух, Хүчтэн овогт Д-ийн Д /РД:.../, ... дүүрэг, ...-р хороо, ...-р хороолол, ... гудамж ... тоотод оршин байрлах, “Ү” ХХК /РД:.../-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нарыг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дотор шүүхэд албадан ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газарт даалгасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.М, Ц.О нарын зүгээс “Ү” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, тус зээлд баталгааны бичиг үйлдэж өгсөн Д.С-ыг тус иргэний хэрэг маргаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/Ш32021/05721 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар хангаж, тус иргэний хэрэгт хамтран хариуцагчаар Д.С-ыг татан оролцуулж, хуульд заасан ажиллагааг хийсэн байна.
Мөн нэхэмжлэгч Н.М-ийн өмгөөлөгч хариуцагч “Ү” ХХК-ийн хуулийн этгээдийн хураангуй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 181/Ш32021/09025 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар хангаж, холбогдох баримтыг гаргуулах ажиллагааг хийгээд, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32021/09338 дугаар Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар тухайн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр товлон зарласан байна.
2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэгч Н.М-д хариуцагч Д.Д-с гар утсанд ирүүлж байсан мессежүүд болон “Ү” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.О-ын и-мэйлээс нэхэмжлэгч Н.М-д ирүүлсэн цахим шууданд бүхэлд нь болон түүнд агуулагдсан Зээлийн гэрээний файлд үзлэг хийлгэх, 3 хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж шүүхэд гаргаж өгөх тайлбар хүсэлтийг, хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л нь нэхэмжлэгч Н.М, Ц.О нар зээлийн гэрээний үүрэгт 10,060,768,326 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас ямар хувь хэмжээгээр хариуцагч "Ү" ХХК-иас гаргуулахыг нэхэмжлэлээр шаардаж байгааг нэхэмжлэгчээс тодруулах болон нэхэмжлэгчийн ирүүлсэн "Зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичиг", "Зээлийн хуваарийн тухай" баримтуудад зурагдсан гарын үсэг нь тус компанийн ажилтан Б.Т-ын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилуулах хүсэлтийг тус тус гаргасныг нь хүлээн аваад, 181/Ш32021/09516 дугаар Хүсэлт хэлэлцэж, шинжээч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Дээрх шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргасныг тус шүүх 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 181/ШТ2021/00281 дүгээр Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/Ш32021/09516 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.М-ийн өмгөөлөгч Г.Н-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.
Дээрх гомдлыг гаргасан хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой Эвлэрлийн гэрээ-г зохигч талууд байгуулснаа тус шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болон 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус нэхэмжлэгч Н.М, Ц.О нар нь ...хариуцагч Д.С-тай байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ.
2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/Ш32021/12153 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, тухайн үед миний туслахаар ажиллаж байсан Д.Т-т хариуцагч Д.С-ыг шүүхэд дуудан ирүүлж, нэхэмжлэгч талтай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан эсэхийг нь тодруулах ажиллагааг хийх талаар хуульд заасан шаардлага тавьсан, шүүгчийн туслах нь хариуцагч Д.С-ыг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, өмгөөлөгч Ж.Ч нарыг дуудахад, шүүхэд хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дууссан зэргээс шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар нэхэмжлэгч Н.М, Ц.О нар хариуцагч Д.Д, “Ү” ХХК, Д.С нарт холбогдуулан 3,530,441 америк доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нар хариуцагч Д.Д, “Ү” ХХК нараас татгалзаж, хариуцагч Д.С-тай зээлийн үлдэгдэл 3,292,742 америк доллар, зээл ашигласны хүү 422,824 америк доллар, нийт 3,715,566 америк долларыг төлүүлэхээр тохиролцож, уг долларыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр $1,000,000 америк доллар, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр $543,113.2 америк доллар, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр $543,113.2 америк доллар, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр $543,113.2 америк доллар, 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр $543,113.2 америк доллар, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр $543,113.2 америк доллараар тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдолд бичсэнчлэн "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч Д.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хүсэлт гаргасныг тухай бүрд нь хянан шийдвэрлэсэн.
Хариуцагч Д.С 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, өмгөөлөгч Ж.Ч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хянуулж хүчингүй болгуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
Дээрх хүсэлтийг нь Шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/Ш32021/13729 дүгээр Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Ч нарын гаргасан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хянуулж, хүчингүй болгуулах тухай хүсэлтийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.
2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/Ш32022/00119 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л-ын хүсэлтийг хангахгүй орхижээ.
Хариуцагч Д.С-ын өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А нар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус Ерөнхий шүүгч Д.У-т ...шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг хянан үзэж, хүчингүй болгуулах гомдлыг гаргажээ.
Тус шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.У нь эрүүл мэндийн шалтгааны улмаас түр эзгүй байх хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс Ерөнхий шүүгчийг орлон ажиллах шүүгчээр шүүгч Н.О-г Ерөнхий шүүгчийн 2022.02.17-ны өдрийн 181/ЕШ2022/00251 дугаар захирамжаар томилсны дагуу шүүгч Н.О нь 2022.02.23-ны өдрийн 553 тоот албан бичгээр өмгөөлөгч Ж.Ч-д, 554 тоот албан бичгээр хариуцагч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.А-д тус тус хариу хүргүүлсэн байна.
Хариуцагч Д.С-ын өмгөөлөгч Ж.Ч 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хүсэлт гаргасныг нь тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШТ2022/00055 дугаар тогтоолоор ... хүсэлтийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Д.С-ын өмгөөлөгч Ж.Ч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг нь шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/Ш32022/04878 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181/Ш32022/04878 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн 2 дахь заалтаар гомдол гаргах эрхтэйг заасан үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хариуцагч Д.С-ын өмгөөлөгч Ж.Ч тухайн шүүхэд гаргажээ.
Дээрх гомдлыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд Хариуцагч Д.С-ын өмгөөлөгч Ж.Ч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/Ш32022/04878 дугаар "Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлоосоо татгалзах хүсэлтийг хүлээн авч, гомдол гаргаагүйд тооцож, шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Д.С 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ. Уг гомдлыг нь хянаад шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/Ш32022/15236 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжаар Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийн 1 дэх заалтын "...зээл ашигласны хүү 422,824 америк доллар, нийт 3,715,566 америк долларыг..." гэснийг "...зээл ашигласны хүү 237,699 америк доллар, нийт 3,530,441 америк долларыг..." гэж өөрчилсөн байна. Ийнхүү өөрчлөхдөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгосон тул тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэйгээр шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/Ш32022/15236 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжид хариуцагч Д.С гомдол гаргасныг нь Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШТ2022/00513 дугаар тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосон байна.
Хариуцагч Д.С 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.
Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/Г32023/01296 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар Хариуцагч Д.С-ын гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар "Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгож, тус иргэний хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг шүүгчийн туслахад даалгасан байна.
Дээрх шүүгчийн захирамжид нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргасныг тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 00091 дүгээр тогтоолоор Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/Г32023/01296 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, О.Б, өмгөөлөгч Г.Н, Б.Б нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.М, С.О нар нь шүүхэд анх 3,530,441 ам.доллар буюу 10,060,768,326 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байсан бол нэхэмжлэгч Н.М, С.О, хариуцагч Д.С нар 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ "зээлийн үлдэгдэл 3,292,742 америк доллар, зээл ашигласны хүү 422,824 америк доллар, нийт 3,715,566 америк долларыг төлүүлэхээр тохиролцож" гэж зааж тохиролцсон байдал нь нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгээгүй атлаа 185,125 америк долларыг нэмэгдүүлэн эвлэрлийн гэрээг байгуулсантай холбоотойгоор хариуцагч тал маргасан гэж шүүгчийн зүгээс үзэх үндэслэлийг бий болгосон тул Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хуульд зааснаар шүүгч өөрөө хүчингүй болгож, уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.
Гомдолд бичсэнчлэн шүүгчийн захирамжуудад хариуцагч Д.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хүсэлт, гомдол гаргасныг тухай бүрд нь хянан шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт мөн хуулийн 124.1 дэх хэсэгт зааснаар гарсан захирамж, тогтоолд гомдол гаргахаар зохицуулсан. Миний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул гомдол гаргах эрхтэй гэж үзсэн.
Иймээс шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг нээж өгсөн гэх үндэслэлээр хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.О-аас энэ хэргийн талаар чиглэл өгөөгүй, хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцоогүй болно.
Шүүгч Б.Т миний хувьд энэ хэрэг маргаанд ёс зүйн аливаа сөрөг хандлагаар хандаагүй болохыг мэдэгдэж байна.
Иймд, дээрх үндэслэлээр иргэн Н.М-ийн Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Т нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Холбогдох шүүгч Н.О Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
“1. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ЗТ2022/01953 дугаар тогтоолоор баталсан "Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журам"-ын 4.1-д заасны дагуу шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчид хуваарилдаг тул гомдол хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даргалж, томилогдсон шүүх бүрэлдэхүүний хамтаар шийдвэрлэдэг.
2. Гомдолд бичсэнчлэн шүүгчийн захирамжуудад хариуцагч Д.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргасныг тухай бүрд нь гомдол хянан хэлэлцэх шүүх хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт мөн хуулийн тодорхой заалтуудад заасан захирамж, тогтоолд гомдол гаргахаар зохицуулсан бөгөөд гомдол гаргах эрхийн талаар практикт хууль хэрэглээний хувьд хоёр өөр хэрэглээ тогтсон байдаг. Тодруулбал: Нэгдүгээрт, хуульд гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулсан агуулга бүхий хүсэлтийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ч, эсхүл хангахгүй орхиж шийдвэрлэсэн ч гомдол гаргах эрхтэй байхаар заах байдлаар, Хоёрдугаарт, процессын хуулийг заалтын зорилгынх нь дагуу хэрэглэдэг тул хүсэлтийг хангасан тохиолдолд тухайн заалтыг барьж, үр дагаварт нь гомдол гаргах эрхийг хангах, харин хангаагүй тохиолдолд тухайн заалтыг барихгүйгээс гадна заалтын үр дагавар үүсгээгүй тул гомдол гаргах эрхгүй гэх байдлаар тус тус хэрэглэж байна. Тухайн шүүхийн хувьд, дээрх хууль хэрэглээний аль аль нь байгаа боловч ихэнх шүүгч нар нь хууль хэрэглээний "хоёрдугаарт"-ыг баримталдаг.
4. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байхаар заасан, хэргийн оролцогч нараас захирамжид гомдол гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар гомдол хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэдэг. Иймээс шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг нээж өгсөн гэх үндэслэлээр Ерөнхий шүүгчийг шүүгчид чиглэл өгсөн, шүүгчийг хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Мөн Ерөнхий шүүгч Н.О миний зүгээс бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцоогүй бөгөөд ёс зүйн аливаа сөрөг хандлагаар хандаагүй гэдгийг энэхүү тайлбараар мэдэгдэж байна” гэжээ.
Холбогдох шүүгч Ц.А, Г.Э нар Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
“Гомдолд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэснийг зөрчсөн, мөн "гомдол гаргах эрхгүй захирамжийн тогтоох хэсэгтээ хариуцагч нар гомдол гаргах эрхтэй болгон хууль зөрчсөн захирамж гаргасныг... мэдэж байсан боловч зөвтгөх арга хэмжээ аваагүй", "хариуцагч талд давуу байдал үүсгэснийг хянах, зөвтгөх үүргээ хэрэгжүүлээгүй, алдааг хэвээр үлдээсэн" гэжээ.
Гомдол гаргагч Н.М нь шүүгч Г.Э, Ц.А нарыг ямар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзсэн талаар гомдолдоо дурдаагүй, тодорхой бус байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах эрх хэмжээ зөвхөн тухайн захирамж, тогтоолын үндэслэлээр хязгаарлагддаг.
Тус шүүхийн шүүгч нар хэргийн оролцогч нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд тойргоор оролцдог. Шүүгч Б.Т-ийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/Ш32023/01296 дугаар "Хүсэлт хянан шийдвэрлэх тухай" захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгч Г.Э, Ц.А нар хуваарийн дагуу оролцсон.
2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.О даргалж, шүүгч Ц.А, Г.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээд, тус шүүхийн 181/ШТ2023/00091 дүгээр "Гомдол хянан шийдвэрлэх тухай" тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/Ш32023/01296 дугаар "Хүсэлт хянан шийдвэрлэх тухай" захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгчийн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэх үүднээс гаргасан бусад захирамж, тухайн хэргийн өмнөх захирамжууд үндэслэлтэй эсэх талаар шүүх бүрэлдэхүүн үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүйгээс гадна Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглосон тул хянах эрхгүй.
Шүүгч бид Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т заасан хэрэг, маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох бүрэн эрхээ хэрэгжүүлэн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанд оролцсон тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.М-аас ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, шүүгч Ц.А, Б.Т, Г.Э нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэх өргөдлийг Сахилгын хорооны гишүүн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ГЗТ/2023/0108 дугаар захирамжид өргөдөл гаргагчаас гомдол ирүүлжээ.
Гомдлыг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, СХТ/2023/0122 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэсний дагуу илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Тус саналыг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн СХТ/2023/0156 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсний дагуу нэмэлт ажиллагааг хийж, дахин 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байна.
Нэг. Шүүгч Б.Т-йн тухайд;
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Н.М, Ц.О нараас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Д, “Ү” ХХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 3,530,441 америк доллар гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Б.Т хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2021/02123 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь Д.С-тай 3,715,566 америк долларыг хуваарийн дагуу төлөхөөр 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж өгөхийг хүсэж хүсэлт гаргахад шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02105 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Д.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэлд шууд нэрлэн тодорхойлсон хариуцагч биш боловч уг хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүнийг хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2021/05721 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн тул түүнтэй байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.
Энэ талаар илтгэгч гишүүний “...зохигч талууд болох нэхэмжлэгч Н.М, Ц.О, хариуцагч Д.С нараас хүсэл зориг, эвлэрэн хэлэлцсэн үйл баримтаа баталгаажуулан бичгээр үйлдэж ирүүлсэн эвлэрлийн гэрээг үндэслэн эвлэрлийг баталсан эрхийн акт гаргасан байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Хэрэг үүссэнээс хойш өнөөг хүртэл хариуцагч нар нь нэхэмжлэлийг гардан авахаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх хугацааг баримтлахгүй байгаа, ... банкны хувьцаа эзэмшигч Д.С нь зээлийн мөнгөн хөрөнгийг банкны үйл ажиллагаанд зарцуулсан болохыг илэрхийлж цаашид банкны үйл ажиллагаагаа төлж барагдуулахаа удаа дараа бидэнд банкны өмнөөс болон Д.Д-ийн өмнөөс илэрхийлж, түүнийгээ баталгаажуулж бичгээр баталгаа гаргаж өгч байсан байдаг...” гэж дурдаад холбогдох зээлийн эргэн төлөлтийн баталгааны бичгийг хавсаргасан, мөн Д.С нь шүүгчийн захирамжаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдан орсон болох нь тогтоогдож байх тул түүнтэй байгуулсан эвлэрлийн гэрээг баталсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч талаас хариуцагч Д.С-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд 3,715,566 америк долларыг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байх боловч хариуцагчаас “Д.С хариуцагч биш, нэхэмжлэлийн үнийн дүнгээс давсан дүнгээр эвлэрлийн гэрээг баталсан, гэрээг батлахдаа журам зөрчсөн, нэхэмжлэлээс давсан дүнгээс улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүй” гэх үндэслэлээр гомдол гаргасныг шүүгч Б.Т 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/15236 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ 181/ШШ2021/02105 дугаар захирамжийн 1 дэх заалтаас 185,125 америк долларыг хасаж өөрчлөлт оруулснаар 3,530,441 америк долларыг хариуцагч төлөхөөр болсон байна.
Харин хариуцагчаас “шүүгчийн 181/ШШ2021/02105 дугаар болон 181/ШЗ2022/15236 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.О даргалж, шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШТ2022/00513 дугаар тогтоолоор 181/ШЗ2022/15236 дугаар захирамжийг хүчингүй болгож, харин 181/ШШ2021/02105 дугаар захирамжийн үндэслэлийг хянах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
Үүний дараа хариуцагчаас дахин 181/ШШ2021/02105 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасныг шүүгч Б.Т-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШЗ2023/01296 дугаар захирамжаар гомдлыг хангаж, 181/ШШ2021/02105 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр заажээ.
Дээрхээс үзэхэд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШТ2022/00513 дугаар тогтоолоор эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлээгүй байхад шүүгч Б.Т нь тус захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр заасан бөгөөд энэ талаар илтгэгч гишүүн хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа “...хууль зүйн хувьд алдаатай байж болох захирамжаа холбогдох шүүгч хүчингүй болгосон нь хариуцагчийн хүсэлтийг хангахаас гадна нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн дагуу бүрэн дүүрэн хангагдаж хамгаалагдах, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх, цаашид маргаан хуулийн дагуу хянагдаж шийдвэрлэгдэх зэрэг ач холбогдолтой үйлдэл болсон байх тул агуулгаараа зохигчдын хэн алиных нь эрхийг шүүхийн шатанд баталгаатай хангах, хамгаалахад чиглэсэн үйлдэл байх тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй...” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.
Учир нь хуульд зааснаар эвлэрлийн гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд тус гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх шаардлагыг хангасан тохиолдолд шүүгч баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.
Харин хариуцагчаас эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж нь хуульд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, эвлэрэл байгуулсан этгээд нь хариуцагч биш болох талаарх тайлбар, хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтээ шүүхэд удаа дараа ирүүлж байсан, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч шүүхээс ажиллагаа хийсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байгаа зэргээс үзэхэд хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шүүгч өөрийн дотоод итгэлээр хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн үнэлж шийдвэрлэх нь түүнд хуулиар олгосон бүрэн эрх тул өөрийн хууль зүйн үндэслэл муутай захирамжаа хүчингүй болгосон нь нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэхээр байна.
Хоёр. Ерөнхий шүүгч Н.О, шүүгч Ц.А, Г.Э нарын тухайд;
Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...хариуцагч нь өөрийн хүссэн захирамжийг гаргуулахын тулд шүүгчид дахин дахин гомдол өгдөг, шүүгч нь тухайн гомдол бүрийг хүлээн авч өөрийн гаргасан захирамжийг өөрчилдөг, энэхүү захирамж бүр дээр гаргасан гомдлыг шүүх хүлээн авч тогтоол гаргадаг энэ процесс нь бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэж дурджээ.
Шүүгч Б.Т-ийн хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр заасан 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/Г32023/01296 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, шүүгч Ц.А, Г.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШТ2023/00091 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана: ... 171.1.1.тогтоол, захирамж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ЗТ2022/01953 дугаар тогтоолоор баталсан "Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журам"-ын 4.1-д зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч Н.О, шүүгч Ц.А, Г.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэснийг сахилгын зөрчилд тооцохгүй.
Тодруулбал, хуульд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргасныг томилогдсон бүрэлдэхүүн шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл байхгүй бол татгалзах эрхгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хянаад хэвээр үлдээн шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй юм.
Мөн өргөдөл гаргагч нар нь өргөдөлдөө “...шүүгч хариуцагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдол, хүсэлтийг нэгэнт шийдвэрлэж, шийдвэрээ гаргасан тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт гомдлыг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм. Энд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэж, гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэж дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т "Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэхээр ажиллагааны талаар маргах эрхгүй" гэж заасан бөгөөд уг заалт нь шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэхэд хамаарахгүй.
Учир нь дээрх заалт нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй талаарх хуулийн зохицуулалт бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргахад баримтлахгүй тул хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.
Иймд илтгэгч гишүүний “хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд томилогдож, эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг холбогдох хуулийг баримтлан шүүх бүрэлдэхүүнээр болон дангаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.23-д заасныг зөрчөөгүй” гэж үзээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГС/2024/0010 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.О, шүүгч Б.Т, Ц.А, Г.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН С.ЭНХТӨР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН