МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-11-27
Дугаар 142
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн, нарийн бичгийн дарга А.Намуу нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч З.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/0130 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:
“... Өргөдөл гаргагч Б.У-с “... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж нь хууль зөрчсөн” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн СХТ/2023/0131 дүгээр тогтоолд “...буруу дүгнэлт хийсэн талаар тус шүүхийн тогтоолд дүгнэсэн байна. Иймд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа сахилгын зөрчил гаргасан эсэхийг зайлшгүй шалган тодруулах шаардлагатай” гэжээ. Харин шүүгчийн захирамжийг хянасан дээрх тогтоолд шүүхийн харьяалал зөрчсөн талаарх дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн тул хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор дүгнэсэн асуудлыг Шүүхийн сахилгын хороо дахин дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.4.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтыг ирж аваагүй, нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, нэхэмжлэлд дурдсан утасны дугаараар түүнтэй холбогдох, мэдэгдэх боломжгүй бол шүүгчийн туслах энэ тухай тэмдэглэл үйлдэж, бүртгэлд бүртгэн, архив, бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.” гэж заасан ба ... шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 959 дугаар албан бичгээр “...шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлд хавсаргасан баримтыг нэхэмжлэгчид буцаан олгосон тул тус шүүхэд байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ. Иймд нэхэмжлэлд хавсаргасан баримтыг тухайн шүүхээс гаргуулах боломжгүй байсан болохыг дурдав.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан дээрх шүүгчийн захирамжид “...Нэхэмжлэгч Ю.Д-с төлөөлөгч Б.У-т 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4 сарын хугацаатайгаар итгэмжлэл олгосон байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ АНУ-д оршин сууж байгаагаа дурдсан байх тул дээрх итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, мөн хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах эрхийг тус итгэмжлэлээр олгоогүй байна.” гэж, уг захирамжийг хянасан шүүхийн тогтоолд “...итгэмжлэлийн хувьд Чикаго ерөнхий консулын газар нотариатчийн үүрэг гүйцэтгэж итгэмжлэлд бичигдэж, тэмдэг дарагдсан байгаа ба Нийслэлийн тойргийн нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн байна. Иймээс итгэмжлэл нь хуульд заасан ямар шаардлагыг хангаагүй талаар захирамжид тусгаагүй, гэрлэлт цуцлах иргэний хэрэгт итгэмжлэл олгосон тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаарх эрхийг итгэмжлэлд тусгаагүй гэсэн нь үндэслэл муутай болжээ” гэж дүгнэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжид “...гадаадад эсхүл өөр орон нутагт удаан хугацаагаар оршин сууж байгаа, хүнд өвчний улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй гэх мэт шалтгаан байж болно. Гэхдээ энэ байдал нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. Гадаадад оршин сууж байгаа нэхэмжлэгчийн хувьд бичгээр гаргасан дээрх хүсэлт нь тухайн улсын нотариатын байгууллага, эсхүл тухайн улсад байгаа өөрийн улсын консулын байгууллагаар баталгаажсан байна. Түүнээс гадна нэхэмжлэгчээс төлөөлөгчид өгсөн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэжээ. Гэтэл шүүгч З.Б нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ АНУ-д оршин сууж байгаагаа дурдсан байх тул дээрх итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай ба хилийн чандад оршин суугаа иргэн итгэмжлэлийн үндсэн дээр бусдаар төлөөлүүлж нэхэмжлэл гаргах, хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг хязгаарлаж болохгүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “... насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно.” гэж заасан. Иймд хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах эрхийг итгэмжлэлээр олгоогүй гэж үзсэн нь учир дутагдалтай боловч дээрх зохицуулалт нь үүрэг болгосон заалт биш тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Нөгөө талаас гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрлэгчид итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах эрхийг хуулиар хязгаарлаагүй боловч хуульд бүлэг болгон тусгай хэм хэмжээгээр зохицуулсан явдал нь хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, аливаа нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бат бэх, эрх зүйн байдлыг нь тодорхой, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа хүүхдийн эрх ашгийн хамгаалалт найдвартай байх зорилготой болно. Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь иргэний эрх зүйн харилцаанаас ялгаатай, уг харилцаа нь эд хөрөнгийн шинжээр тодорхойлогддоггүй, тухайн харилцааны талуудад эд хөрөнгийн ашиг сонирхол байдаг хэдий ч тэр нь зөвхөн гэр бүлийн гишүүн гэсэн байдалтай салшгүй холбоотой байдаг. Түүнчлэн гэр бүлийн эрх зүйн харилцааны оролцогч болох хүүхэд тухайн харилцааны субъект, мөн объект болдог онцлогтой билээ. Гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд гэрлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байсан ч гэрлэгчид шүүх хуралдаанд өөрсдөө хүрэлцэн ирэх үүрэгтэй нь тухайн хэргийн онцлогтой, өөрөөр хэлбэл, гэрлэгчдийн хувийн амьдрал, үр хүүхдийн эрх ашиг, цаашид хэрхэн амьдрах нь зөвхөн хувь хүний хэнд ч шилжүүлэх боломжгүй эрх, хүсэл зоригтой холбоотойгоос гадна гэрлэгчид эчнээгээр гэрлэх боломжгүй байдгийн адил цуцлах асуудалд ч мөн биеэр оролцох шаардлагаас урган гарчээ. [1]
Шүүгч З.Б нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл муутай байх боловч энэ нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй. Мөн уг шүүгчийн захирамжийг шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т заасны дагуу хянаж, хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “...аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх эсэх нь шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх хэмжээний асуудал юм. Уг эрх хэмжээгээ шүүгч хэтрүүлэн хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.
Мөн иргэн Б.У нь дээрх нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасныг тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/19152 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүгч Б.У-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж, уг өргөдлийн дагуу сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2023/0119 дүгээр магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул шүүгч З.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/0130 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасан байна.
Бүрэлдэхүүн саналыг хуралдаанаар хэлэлцэж үндэслэл бүхий байна гэж үзэж, саналыг хүлээн авч тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Холбогдох шүүгч З.Б нь нэхэмжлэгч нэхэмжлэлдээ АНУ-д оршин сууж байгаагаа дурдсан байх тул дээрх итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай ба хилийн чандад оршин суугаа иргэн итгэмжлэлийн үндсэн дээр бусдаар төлөөлүүлж нэхэмжлэл гаргах, хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг хязгаарлаж болохгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т “... насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжид үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно.” гэж заасан. Иймд хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах эрхийг итгэмжлэлээр олгоогүй гэж үзсэн нь учир дутагдалтай боловч дээрх зохицуулалт нь үүрэг болгосон заалт биш тул хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ба уг шүүгчийн захирамжийг шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-т заасны дагуу хянаж, хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Иргэн Б.У нь нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/19152 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүгч Б.У-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж, уг өргөдлийн дагуу сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн СХМ/2023/0119 дүгээр магадлалаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж илтгэгч гишүүн санал бичсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үйл баримтаас дүгнэн үзэхэд холбогдох шүүгч болох ... шүүгч З.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч З.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН