info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-12-11

Дугаар 134

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номин нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2023/0120 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

   Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “... ... анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн иргэн Г.О /өргөдөл гаргагч/-ийн нэхэмжлэлтэй О.Б-д холбогдох иргэний хэргийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн  .../ШШ2023/0215 дугаартай шүүхийн шийдвэрийг зохигч талууд болох хэргийн оролцогчдод гардуулсан талаарх баримтаар хэргийн оролцогчид зохих журмын дагуу гардуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримт нь тус шүүхийн Бичиг хүргэгч, зарлан дуудагч Н.Б-гийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “... ... аймаг дахь Шүүхийн Тамгын газарт бичиг хүргэгч, зарлан дуудагч ажилтай Н.Б би тус шүүхийн шүүгчийн туслах Ц.А-ээс Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 215 тоот шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулахаар 2023 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авсан. Хэргийн оролцогчид болох нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Г нарт 2023 оны 06 сарын 28-ны өдөр Монгол шуудангаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э-т 2023 оны 06 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Г.О-д тус тус гардуулсан. Хариуцагч О.Б-д 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш шийдвэрээ гардаж авахыг удаа дараа /утсаар/ мэдэгдсэн боловч удахгүй очиж авна гэж байгаад 2023 оны 06 сарын 29-ний өдөр залгахад тэрээр Улаанбаатар хотод ажилтай явж байна, ойрын хугацаанд очиж амжихгүй тул өөрийн эгч ... сумын 7-р баг Элит хорооллын 5-505 тоотод оршин суух З.Б-д гардуулаад өгчих гэж хэлсний дагуу тухайн хаягаар нь очиж З.Б гэдэг хүнд О.Б-ийн шийдвэрийг гардуулж өгсөн. З.Б нь тухайн шийдвэрийг гардаж авахдаа О.Б гэж гарын үсэг зурсан байсан” гэсэн тайлбараар нотлогдож байна. Шүүхийн шийдвэрийг гардуулах үүргийг шүүгчид хуулиар хүлээлгээгүй, харин тухайн шүүхийн Тамгын газрын чиг үүрэгт хамаарах бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу тус шүүхийн Бичиг хүргэгч, зарлан дуудагч Н.Б нь албаны чиг үүргээ хэрэгжүүлж, дээрх шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч зохигч талуудад гардуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг танилцуулах, гардуулахтай холбоотой харилцааг нарийвчлан хуульчлан зохицуулсан байх бөгөөд мөн 119 дүгээр зүйлийн 119.5-д шүүхийн шийдвэрийг шүүх зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ гэж заасны дагуу хүргүүлсэн үйл баримт шалгах ажиллагаагаар тогтоогдсон болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохоор хуульчлан заажээ. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол давж заалдах болон хяналтын гомдол гаргах эрх нь хэргийн оролцогч болох зохигч талуудад Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор олгосон үндсэн бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд давж заалдах гомдол гаргах эсэх нь хэргийн оролцогчийн хэнээс ч үл хамаарч эдлэх хууль ёсны эрх тул хэргийн оролцогч зохигч талын энэ эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой төдийгүй хэн ч халдах ёсгүй эрхгүй юм. Холбогдох шүүгч Б.Б-ыг өөрт хамааралгүй, бусад шүүгчийн шийдвэрлэж байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцсон, өөрийн төрсөн дүүд ашигтай байдал үүсгэх, шүүхийн шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого хийсэн, эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, доод тушаалын ажилтнууддаа хууль бусаар нөлөөлсөн, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, цаашид ч энэ хүн яаж нөлөөлөх, ямар хууль бус үйлдэл гаргахыг тааж мэдэхгүй гэж өргөдөлдөө дурдсан байх бөгөөд бусад шүүгчийн шийдвэрлэж байгаа хэрэгт хөндлөнгөөс нөлөөлсөн, нөлөөлөх оролдлого хийсэн бол энэ нь зөрчлийн биш эрүүгийн гэмт хэрэг буюу албан тушаалын гэмт хэрэгт хамаарах тул хэрэв нөлөөлсөн гэж үзэж байгаа, нөлөөлсөн гэдгийг нотлох баримт сэлт байгаа бол харьяалан шийдвэрлэх хууль хяналтын байгууллагад нь хандаж өргөдөл гомдлоо гаргах нь зүйтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч тухайн хэргийг шийдвэрлэх явцад хөндлөнгийн аливаа этгээд нөлөөлсөн, нөлөөлөх оролдлого хийсэн бол Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргийг хуулийн дагуу хүлээдэг. Сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан  ... анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт”,  ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн “Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”-д нэр бүхий шүүгчид хэргийн оролцогч зохигч талуудаас нөлөөлөөгүй, нөлөөлөх оролдлого ирээгүй гэсэн баримт үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгч гэдэг нэр төр албан тушаалаа ашиглаж доод тушаалын ажилтнууддаа өөрт хамааралгүй хэргийг өөртөө уншуулах, танилцуулахыг үүрэг болгосон гэж мөн өргөдөлдөө дурдсан байх хэдий боловч шүүгчийн туслах Б.Э тус иргэний хэргийн оролцогч зохигч талууд л хэргийн материалтай танилцсан, өөр танилцсан хүн байхгүй гэсэн тайлбар ирүүлсэн бөгөөд хэрэг танилцуулсан тухай 2023 оны 3 дугаар сарын 24, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн баримтуудаар хэргийн оролцогчдод хэргийг танилцуулж байсан болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, өргөдөл гаргагч иргэн Г.О-аас  ... аймгийн Шүүхийн Тамгын газарт хандан шүүгчийн туслах нь шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийг хэрэгт хамааралгүй өөр хүнд танилцуулсан, бичиг хүргэгч болон шүүгчийн туслах нар нь шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг хариуцагч биш өөр хүнд гардуулсан гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.  Тус шүүхийн Тамгын газрын Ёс зүйн зөвлөл тухайн гомдлыг шалгаж холбогдох ажиллагааг явуулсан байх бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Ёс зүйн зөвлөлийн хуралдааны 1 дүгнэлтээр нэр бүхий албан хаагчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6, 11 дугаар зүйлийн 77.6, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 7.2.2-т тус тус заасанд нийцүүлж албан үүргээ гүйцэтгэсэн бөгөөд ёс зүйн зөрчил гаргаагүй байна гэж дүгнэсэн байна. Иймд  ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Б.Б тайлбартаа: Тус сахилгын хороонд манай бэр болох Г.О- гийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Гомдол гаргагч Г.О нь миний төрсөн дүү О.Б-ийн эхнэр юм. Баярхүү нь ээжээрээ, харин би ааваараа овоглодог төрсөн ах дүүгийн холбоотой. Г.О нь миний дүү О.Б-ээс гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах нэхэмжлэл гаргаж,  ... аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэлэлцээд Г.О-ийн талд шийдвэр нь гарч О.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм билээ. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөр хүнд гардуулж өгсөн гэжээ. О.Б нь эхнэртэйгээ муудалцаад гэртээ амьдрахаа больсноос хойш манай гэрт бидэнтэй цуг амьдарч байна. Түүний одоо оршин суугаа хаяг нь манай гэрийн хаяг юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед О.Б нь гэртээ байгаагүй, Улаанбаатар хотод явж байсан тул манай бэр эгчид өгчих гэсний дагуу шүүхийн шийдвэрийг манай гэр бүл З.Б хүлээн авсан. Шүүхийн шийдвэрийг гардаж аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Г.О-ийн зүгээс О.Б-д дургүйцэж, чи юу гэж давж заалдаж байгаа юм бэ? давж заалдах гомдлоо татаж ав, ахаар чинь оролдоно гэх зэргээр мессеж бичиж утсаар дарамтлах болсон. Шүүхийн шийдвэрийг оршин суугаа газрынхаа хаягаар хүлээн авсан, мөн миний дүү давж заалдах гомдол гаргасныг хэрэгт нөлөөлсөн гэж үзэх боломжгүй. О.Б нь хэнээс ч эрх зүйн туслалцаа авсан байж болно. Гэтэл намайг давж заалдах гомдлыг бичсэн мэтээр андуу ташаа зүйл гомдолдоо бичсэн байна. Манай дүү О.Б хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд оролцогчийн хувьд хэргийн материалтай танилцсан байдаг. Би хэргийн материалтай танилцаагүй. Надад хэрэгт хөндлөнгөөс оролцсон, шүүхийн захиргааны ажилтнуудад үүрэг даалгавар өгсөн, шүүхийн шийдвэрт хууль бусаар нөлөөлсөн зүйл байхгүи болно. Хэргийн оролцогчийн хувьд О.Б нь өөрт хуулиар олгогдсон давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлснийг надтай холбож, шүүхэд нөлөөлөхийг оролдсон гэсэн нь үндэслэлгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагчаас “...бусад шүүгчийн шийдвэрлэж байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцсон, давж заалдах гомдол дээр О.Б-г төлөөлөн гарын үсэг зурсан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл,  ... анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар Г.О-ийн нэхэмжлэлтэй О.Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж,  .../ШШ2023/0... дугаар  шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, Ч.Э, М.Ц нарт 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, хариуцагч О.Б-д мөн сарын 29-ний өдөр тус тус гардуулсан болох нь шүүхийн шийдвэр гардуулсан баримт №11-д бичигджээ. Мөн тус шүүхийн явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дээрх шийдвэрийг О.Б гэж бичиж хүлээн авсан талаар тэмдэглэгдсэн байна.

Энэ талаар тус шүүхийн бичиг хүргэгч, зарлан дуудагч Н.Б “...тус шүүхийн шүүгчийн туслах Ц.А-ээс Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 09-ний өдрийн ... тоот шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулахаар 2023 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авсан. Хариуцагч О.Б-д 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш шийдвэрээ гардаж авахыг удаа дараа /утсаар/ мэдэгдсэн боловч удахгүй очиж авна гэж байгаад 2023 оны 06 сарын 29-ний өдөр залгахад тэрээр Улаанбаатар хотод ажилтай явж байна, ойрын хугацаанд очиж амжихгүй тул өөрийн эгч ... сумын 7-р баг Элит хорооллын 5-505 тоотод оршин суух З.Б-д гардуулаад өгчих гэж хэлсний дагуу тухайн хаягаар нь очиж З.Б гэдэг хүнд О.Б-ийн шийдвэрийг гардуулж өгсөн. З.Б нь тухайн шийдвэрийг гардаж авахдаа О.Б гэж гарын үсэг зурсан байсан” гэх тайлбарыг, шүүгч Б.Б “...О.Б-тэй төрсөн ах дүүгийн холбоотой, одоо оршин суугаа хаяг нь манай гэрийн хаяг юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед О.Б гэртээ байгаагүй, шийдвэрийг манай гэр бүл З.Б хүлээн авсан” гэх тайлбарыг Шүүхийн сахилгын хороонд ирүүлжээ.

Дээрхээс үзвэл, шүүхийн шийдвэрийг хариуцагч О.Б-ийн хаягаар хүргүүлэхэд тэрээр хаягтаа байхгүй байсан тул шийдвэрийг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн болох шүүгч Б.Б-ын эхнэр З.Б-д гардуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ.” гэж, 119.6-д “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно.” гэж, 77.6-д “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.” гэж заасанд тус тус нийцсэн байна. Уг үндэслэлээр шүүгчийг өөрөө шийдвэрлээгүй бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгах боломжгүй.

Мөн тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24, 5 дугаар сарын 26-ны өдрүүдийн хэрэг танилцуулсан тухай баримт №6-д нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурсан байх бөгөөд энэ талаар шүүгчийн туслах Б.Э Шүүхийн сахилгын хороонд өгсөн тайлбартаа “...намайг ажиллах хугацаанд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 635 дугаартай баримтад гарын үсэг зурсан хүмүүсээс хариуцагч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, нэхэмжлэгч Г.О-ийн хамт ирж биечлэн танилцсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц онлайнаар танилцаж баримтыг майл хаягаар явуулж гарын үсэг зуруулсан. Тус хэргийн материалыг өөр танилцсан хүн байхгүй” гэжээ. Шүүгч Б.Б нь тухайн иргэний хэргийн материалтай танилцсан гэх үйл баримт сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэн Г.О-аас  ... аймаг дахь Шүүхийн Тамгын газарт хандан шүүгчийн туслах шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийг хэрэгт хамааралгүй өөр хүнд танилцуулсан, бичиг хүргэгч болон шүүгчийн туслах нар нь шүүхийн шийдвэрийг хариуцагч биш этгээдэд гардуулсан гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг тус шүүхийн Тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн  2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, нэр бүхий албан хаагчид нь ёс зүйн зөрчил гаргаагүй байна гэх 1 дүгээр дүгнэлтийг гаргасан болох нь сахилгын хэрэгт баримтаар авагджээ.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэх явцад хөндлөнгийн аливаа этгээд нөлөөлсөн, нөлөөлөх оролдлого хийсэн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдсан Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журмын дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр журамласан.

 ... анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн,  ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн  Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримтуудад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого ирээгүй талаар тэмдэглэж, баталгаажуулж гарын үсэг зурсан байна. Иймд шүүгч Б.Б нь тухайн иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч О.Б Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан эрхийн хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргасныг өргөдөл гаргагч нь өргөдөлдөө хуулбараар хавсарган ирүүлсэн байна. Уг гомдолд хариуцагч О.Б гарын үсэг зурсан байх бөгөөд шүүгч Б.Б түүнийг төлөөлж гарын үсэг зурсан, уг гомдлыг бичсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2023/0120 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Г.О-ийн өргөдлөөр  ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                    С.ЭНХТӨР

                                     ГИШҮҮД                           Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН