МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-12-27
Дугаар 141
Улаанбаатар хот
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0132 дугаар саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Өргөдөл гаргагч, иргэн Б.Х нь “...Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох нэхэмжлэл шүүгч Д.Э-т хуваарилагдсан ба хачирхалтай нь Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох нэхэмжлэл мөн л шүүгч Д.Э-т хуваарилагдсан; шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2 сар буюу 67 хоногийн хугацаанд шийдвэрлэлгүй байсаар би хүсэлтээсээ татгалзах нөхцөл байдлыг шүүгч бий болгосон; шүүгчийн захирамжийг хүргүүлэхдээ үнийн дүнг зөрүүтэй байдлаар бичсэн; хоёр хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасныг мэдсэн, анзаарсан даруйдаа Б.Х-н нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хариуцагчийг албадан ирүүлэх, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, тухайн захирамжаа хүргүүлэх зэрэг ажиллагааг хийж хугацаа авч хариуцагч талд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон; хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлтийг шүүх хуралдаан дээр дахин гаргахад жич шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн нэг хүсэлтийг хэлэлцэх гэж 2 удаа завсарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргасан. /с.х-ийн 1-5 тал/ 1. Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох нэхэмжлэл шүүгч Д.Э-т хуваарилагдсан ба хачирхалтай нь Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох нэхэмжлэл мөн л шүүгч Д.Э-т хуваарилагдсан гэх тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, мөн зүйлийн 19.3 дахь хэсэгт “энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана” гэж,
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .../ЗТ2023/00046 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.1-д “шүүхэд шинээр ирж буй нэхэмжлэлийг шүүгчид системээс, тойрог дотор санамсаргүй байдлаар хуваарилна” гэж тус тус заажээ.
2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2 сар буюу 67 хоногийн хугацаанд шийдвэрлэлгүй байсаар би хүсэлтээсээ татгалзах нөхцөл байдлыг шүүгч бий болгосон гэх тухайд:
Шалгах ажиллагааны хүрээнд Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч “хэргүүдийг нэгтгэх тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .../ШЗ2023/17500 дугаар захирамжаар хангаж, дээрх иргэний хэрэгт Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох хэргийг нэгтгэжээ.
Тухайн иргэний хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч Б.Х нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан арга хэмжээ буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлтийг мөн хамтатган гаргажээ. /с.х-ийн 9 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, мөн зүйлийн 69.5 дахь хэсэгт “шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй”, 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж тус тус заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч хүсэлтдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс учирсан хохирлыг барагдуулахаа” мэдэгдсэн боловч шүүгч уг хүсэлтийг хангасан тохиолдолд хариуцагчийн эрх ашиг, сонирхол хөндөгдөх нь хуулийн дээрх зохицуулалтаар илэрхийлэгдэж байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...69.1,... дүгээр зүйлд заасан ...шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар тухайн захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй юм.
Гэтэл хариуцагч Ч.Э нь шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2023/12176 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй тул шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .../ШЗ2023/13443 дугаар захирамжаар түүнийг албадаж, 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. /с.х-ийн 10-13 тал/
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгч хэдийгээр хүсэлтийг шийдвэрлэлгүй 66 хоног болсон боловч нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан тохиолдолд хариуцагчид захирамжийг гардуулах, тухайн захирамжид гомдол гаргах боломжгүй байсан болно.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж гарсан тохиолдолд хариуцагчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх тул нэхэмжлэгч, хариуцагч талуудад гомдол гаргах эрхийг нь олгох, тэгш эрхийг хангасан гэж үзэхээр байна.
Гэхдээ шүүгч Д.Э нь хэргийн оролцогч нараас гаргаж буй хүсэлтүүдийг түргэн, шуурхай шийдвэрлэхэд цаашид анхаарч ажиллавал зохино.
3. Шүүгчийн захирамжийг хүргүүлэхдээ үнийн дүнг зөрүүтэй байдлаар бичсэн гэх тухайд:
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Х “өмнөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан арга хэмжээ авхуулах тухай хүсэлтээсээ татгалзаж, мөн зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авхуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2023/15180 дугаар захирамжаар хангаж, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээ авчээ. /с.х-ийн 14-15 тал/
Уг захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэхдээ тухайн үед тус шүүхийн Ерөнхий шүүгчийг орлож байсан шүүгч Б.М-н 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн .../АБ2023/04761 дүгээр албан бичигт “...нэхэмжлэлийн үнийн дүнгийн 8.787.203.000 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхээр...” гэж зөрүүтэй үнийн дүнгийн бичилттэйгээр хүргүүлсэн байна.
Дараа нь шүүгч Б.М-н 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн .../АБ2023/04864 дүгээр албан бичгээр техникийн шинжтэй алдаагаа "...Тус тоотод үнийн дүн зөрүүтэй бичигдсэн байх тул шүүгчийн захирамжид дурдсан үнийн дүнгийн хэмжээнд ажиллагаа хийж гүйцэтгэнэ үү” гэж залруулан холбогдох газарт нь хүргүүлжээ. /с.х-ийн 17-18 тал/
Иймд шүүгч Д.Э уг албан бичгийг явуулаагүй байх тул түүнийг буруутгахгүй.
4. Хоёр хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасныг мэдсэн, анзаарсан даруйдаа Б.Х-н нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хариуцагчийг албадан ирүүлэх, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, тухайн захирамжаа хүргүүлэх зэрэг ажиллагааг хийж хугацаа авч хариуцагч талд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон гэх тухайд:
Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох болон Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох иргэний хэргүүдийг нэгтгэх тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/15469 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан байна. /с.х-ийн 19-20 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт “нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалт нь “хэргийг нэгтгэн шийдвэрлэж болно” гэх сонгох санкцитай заалт бөгөөд хэргийг нэгтгэж шийдвэрлэх эсэх нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Түүнчлэн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/15470 дугаар захирамжаар Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /с.х-ийн 21 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар шүүгч өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг хэрхэн үнэлэх, хэргийг хэрхэн шийдвэрлэх нь хуулиар олгогдсон бүрэн эрх болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж тус тус заасныг дурдах нь зүйтэй.
Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Э- г шүүхийн мэдэгдэх хуудас, утсаар дуудсан боловч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 77 дугаар 77.9 дэх хэсэгт “мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .../ШЗ2023/13443 дугаар захирамжаар,
мөн нэхэмжлэгчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай” хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 69 дүгээр 69.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх тул шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2023/15180 дугаар захирамжаар тус тус хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэснийг хариуцагч талд ашигтай нөхцөл байдал бий болгосон гэж үзэхгүй.
5. Хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлтийг шүүх хуралдаан дээр дахин гаргахад жич шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн нэг хүсэлтийг хэлэлцэх гэж 2 удаа завсарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хэрэг нэгтгэх тухай” хүсэлт гаргахад шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/15469 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан. /с.х-ийн 19-20 тал/
Улмаар 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хэргүүдийг нэгтгүүлэх тухай” хүсэлтээ дахин гаргасныг хэлэлцээд шүүгч “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, шүүгчийн захирамжийг хянасан шүүхийн тогтоол албажиж хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд тухайн хүсэлтэд тайлбар ирүүлсний дараа жич шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд тайлбар ирүүлэх хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөр тогтоож байна...” гээд шүүх хуралдааныг хойшлуулсан нь мөн өдрийн .../ТМ2023/04583 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /с.х-ийн 29-31 тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “...хэргийг нэгтгэхэд татгалзах зүйлгүй” гэх тайлбар өгсөн тул шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .../ШЗ2023/17500 дугаар захирамжаар өмнөх шүүгчийн .../ШЗ2023/15469 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэрэгт Ч.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох иргэний хэргийг нэгтгэжээ. /с.х-ийн 60, 35 тал/
Шүүгчийн дээрх .../ШЗ2023/17500 дугаар захирамжийн үндэслэх нь хэсгээс үзэхэд тухайн хоёр хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоон шуурхай, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээс гадна нэхэмжлэгч уг хүсэлтээ 2 удаа гаргасан, хариуцагч тал татгалзаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өөрийн захирамждаа өөрчлөлт оруулсныг өргөдөлд дурдагдсан “илт үндэслэл муутай захирамж гаргаснаар өөрөө хүлээн зөвшөөрсөн” гэж үзэхгүй.
Мөн шүүх хуралдааны .../ТМ2023/04583 дугаар тэмдэглэлд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Ч.Э-ийн 2 өрөө байрыг битүүмжлэх гэсэн хүсэлтийг яаж шийдвэрлэсэн бэ?” гэхэд даргалагч “нэг хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Иймд шүүх хуралдааны тэмдэглэлдээ дурдаад, хуралдааныг дахин нээгээд хэлэлцүүлэхэд татгалзах зүйл байна уу?” гэхэд зохигчид “татгалзах зүйлгүй” гэснээр хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 29-31 тал/
Шүүх хуралдааны дээрх тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хэргүүдийг нэгтгэх”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, үзлэг хийлгэх”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нотлох баримттай танилцах” тухай хүсэлтүүдийг тус тус гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц ...шүүгч даруй шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 105.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус заасан.
Хуулийн уг 2 зохицуулалт нь хоорондоо уялдаа холбоотой зохицуулалт бөгөөд шүүх хуралдаанаар хүсэлтүүдийг хэлэлцэхдээ нэг удаа завсарлах ёстой гэх нарийвчилсан хуулийн заалт байхгүй болно.
Хэдийгээр хэргийн оролцогчдын шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтүүдийг шүүх шийдвэрлэхдээ 2 удаа завсарласан байх боловч энэ нь зөрчил биш юм.
Шүүгч Д.Э нь хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг тухай бүрд нь шийдвэрлэж байсан байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
Шүүгч Д.Э Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие тус шүүхийн хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмын дагуу Иргэн-2014 нэгдсэн программаас тойрог дотор санамсаргүй байдлаар хуваарилагдсан нэхэмжлэгч Ч.Э -аас хариуцагч Б.Х-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн .../ШЗ2023/12005 дугаар захирамжаар, харин Б.Х-н нэхэмжлэлтэй Ч.Э-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 66.317.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр .../ШЗ2023/12176 дугаар захирамжаар тус тус иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар хариуцагч Ч.Э -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай Хан-Уул дүүрэг, ...тоот хаягт байршилтай, 51,79 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг хавсаргасан байсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.5-д заасан арга хэмжээг шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахдаа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд захирагддаг.
Гэтэл нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 66.317.250 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, түүнчлэн нэхэмжлэлдээ “...зээлийн тооцоогоо 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болгох талаар дурдсан бөгөөд хэрэв тооцоогоо дуусгаагүй тохиолдолд өөрийн өмчлөлийн ... дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-... дугаартай Хан-Уул дүүрэг, ...тоот хаягт байршилтай 51,79 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалбар үүсгэж, гэрээгээ шинэчлэхээр баталгаа гаргаж өгсөн хэдий ч өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна...” гэж дурдсан байсан тул зээлийн гэрээний үүргээ шаардаж байгаа атлаа үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт гаргаж байгаа үндэслэл тодорхойгүй гэж үзээд нэхэмжлэгчээс уг хүсэлтийг тодруулах ажиллагааг хийхийг шүүгчийн туслахад даалгасан.
Үүний дараа нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчийн банкны дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох хүсэлт гаргасныг хангасан шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.
Шүүх Б.Х , Ч.Э нарын нэхэмжлэлийг хүлээн авах үед тэдгээрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас маргааны зүйл, үндэслэл нэг гэдгийг мэдэх боломжгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг нэгтгэх хүсэлт гаргасны дараа мэдэж, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/15470 дугаар шүүгчийн захирамжаар цаг хугацааны дарааллын хувьд 1 хоногийн сүүлд иргэний хэрэг үүсгэсэн Б.Х-н Ч.Э-д холбогдох иргэний хэргийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ингэхдээ шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь талуудын маргаанаа хурдан шуурхай шийдвэрлүүлэхэд ач холбогдолтой гэж үзсэн бөгөөд иргэний хэргийг сөрөг нэхэмжлэл гаргах замаар маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой юм.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч дээр дурдсан шүүгчийн захирамжид гомдол г аргаж, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн .../ШТ2023/00517 дугаар тогтоолоор гомдлыг хангаж, “...хэргийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн үндэслэлд хамаарна” гэж үзээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.
Хэргийг нэгтгэх хүсэлтийг удаа дараа хангахгүй орхисон гэх гомдлын тухайд мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт “Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно” гэж заасан байдаг.
Хуульд заасан хэрэг нэгтгэх гэдэгт нэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийн нэхэмжлэгч хариуцагч өөр хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож байгаа ба тэдгээрийн асуудлыг хамтатган шийдвэрлэх нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, хэргийг шуурхай үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой тохиолдлыг ойлгох бөгөөд нэг иргэний хэргийн нэхэмжлэгч, нөгөө иргэний хэргийн хариуцагч болж байгаа тохиолдол хамаарахгүй тул хүсэлтийг хангаагүй.
Гэсэн хэдий ч нэхэмжлэгч уг хүсэлтийг удаа дараа гаргаж, хариуцагч Ч.Э хэргийг нэгтгэхэд татгалзахгүй гэх тайлбар гаргаснаар хэргийг нэгтгэсэн болно.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарласан байх тул Б.Х-н өргөдлөөр үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Б.Х-н ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдийн ГЗҮ/2023/0120 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Илтгэгч гишүүн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/0132 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иргэн Ч.Э нь Б.Х-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байна. Дээрх нэхэмжлэлд шүүгч Д.Э 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн .../ШЗ2023/12005 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Харин иргэн Б.Х нь Ч.Э-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 44.211.500 төгрөг, алдангид 22.105.750 төгрөг, нийт 66.317.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байх ба шүүгч Д.Э 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2023/12176 дугаар захирамжаар мөн иргэний хэрэг үүсгэсэн байна.
Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Х-аас тус “хэргүүдийг нэгтгүүлэх тухай” хүсэлт гаргасныг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/15469 дүгээр шүүгчийн захирамжаар хангахаас татгалзжээ.
Үүний дараа нэхэмжлэгч Б.Х нь “хэргүүдийг нэгтгүүлэх тухай” тухай хүсэлтээ дахин гаргасныг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .../ШЗ2023/17500 дугаар захирамжаар хангаж, дээрх Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэрэгт Ч.Э гийн нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох хэргийг нэгтгэсэн байна.
Нэг. Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан: “...Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох нэхэмжлэл шүүгч Д.Э-т хуваарилагдсан ба хачирхалтай нь Ч.Э гийн нэхэмжлэлтэй, Б.Х-д холбогдох нэхэмжлэл мөн л шүүгч Д.Э хуваарилагдсан.” гэх агуулга бүхий үндэслэлийн тухайд:
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .../2023/00046 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1.1-д “шүүхэд шинээр ирж буй нэхэмжлэлийг шүүгчид системээс, тойрог дотор санамсаргүй байдлаар хуваарилна” гэж заажээ.[1]
Илтгэгч гишүүний “Иргэн-2024” нэгдсэн системд хийсэн үзлэгээр Б.Х-д холбогдох Ч.Э -ийн нэхэмжлэл 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, Ч.Э-д холбогдох Б.Х-н нэхэмжлэл 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус системээс тойрог дотор санамсаргүй байдлаар шүүгч Д.Э-т хуваарилагдсан нь тогтоогдож байна.
Иймд шүүгч Д.Э-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Хоёр. Өргөдлийн “...Шүүхээс шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2 сарын хугацаанд шийдвэрлээгүй байсаар би хүсэлтээсээ татгалзах нөхцөл байдлыг шүүгч бий болгосон...” гэх үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа буюу 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
Дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч хүсэлтээсээ 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр татгалзжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталсан. Тус аргачлалын 4.2.2-т “Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж зааснаас үзвэл шүүгч хүсэлтийг хүлээн авсан бол 7 хоногийн дотор шийдвэрлэхээр зохицуулсан. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлтийг хэд хоногийн дотор шийдвэрлэх талаар нарийн зохицуулалт байхгүй.
Мөн нэхэмжлэгч Б.Х-аас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дахин шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр .../ШЗ2023/15180 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч өөрийн гаргасан хүсэлтээсээ татгалзсан байх тул шүүгчийг дээрх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Гурав. Өргөдлийн “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 15180 дугаартай захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дахин 2023 оны 09 сарын 15-ны өдөр хүргүүлэхдээ үнийн дүнг зөрүүтэй байдлаар бичсэн байсан бөгөөд тухайн алдаатай бичигдсэн байгаа талаар нөхцөл байдлыг нь шүүгчийн туслахад нь хэлж байж алдааг засуулан улмаар 2023 оны 09 сарын 20-ны өдөр дахин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн...” гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох” тухай хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2023/15180 дугаар захирамжаар хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 66 317 250 төгрөгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээ авчээ.
Улмаар дээрх шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн .../АБ2023/04761 дүгээр албан бичгээр хүргүүлэхдээ “....хариуцагч Ч.Э -ийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 8 787 203 000 төгрөг” гэж нэхэмжлэлийн үнийн дүнгээс зөрүүтэй бичсэн байна.
Шүүхээс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн .../АБ2023/04864 дугаартай албан бичгээр үнийн дүнг залруулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүгчийн захирамжийг хүргүүлсэн байх тул шүүгч Д.Э-г Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байна.
Дөрөв. Өргөдлийн “...Хоёр хэргийг нэгтгүүлэх хүсэлт гаргасныг мэдсэн, анзаарсан даруйдаа Б.Х-н нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хариуцагчийг албадан ирүүлэх, шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, тухайн захирамжаа хүргүүлэх зэрэг ажиллагааг хийж хугацаа авч хариуцагч талд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон....” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2023/15470 дугаар захирамжаар Б.Х-н нэхэмжлэлтэй, Ч.Э-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-с гомдол гаргасныг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн .../ШТ2023/00517 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг хүчингүй болгосон байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Х нь хоёр хэргийг нэгтгүүлэх тухай хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан бөгөөд түүнээс өмнө буюу шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн .../ШЗ2023/13443 дугаар “хариуцагч Ч.Э-г албан ирүүлэх тухай” захирамж гарсан байна.
Мөн нэхэмжлэгч хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох тухай хүсэлт гаргасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2023/15180 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар шүүгч өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг хэрхэн үнэлэх, хэргийг хэрхэн шийдвэрлэх нь хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэснийг хариуцагч талд ашигтай нөхцөл байдал бий болгосон гэж үзэхгүй юм.
Тав. Өргөдлийн “...хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлтийг шүүх хуралдаан дээр дахин гаргахад жич шийдвэрлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн нэг хүсэлтийг хэлэлцэх гэж 2 удаа завсарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн....” гэх үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц ...шүүгч даруй шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 105.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус заажээ.
2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн .../ТМ2023/04583 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хэргүүдийг нэгтгэх”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “....нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, үзлэг хийлгэх”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “....нотлох баримттай танилцах” тухай хүсэлтүүдийг тус тус гаргажээ.[2]
Шүүх хуралдаанаар дээрх хүсэлтүүдийг хянан хэлэлцээд шүүгч “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй, шүүгчийн захирамжийг хянасан шүүхийн тогтоол албажиж хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд тухайн хүсэлтэд тайлбар ирүүлсний дараа жич шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд тайлбар ирүүлэх хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөр тогтоож байна...” гээд шүүх хуралдааныг хойшлуулж шүүх хуралдааныг дуусгасан байна.
Гэтэл шүүгч нэхэмжлэгчийн гаргасан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан тул дахин шүүх хуралдааныг нээж уг хүсэлтийг хэлэлцүүлэхэд оролцогч нарт татгалзах зүйл байгаа эсэхийг асууж шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцсэн болох нь тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Д.Э нь нэг хүсэлтийг хэлэлцэхээр 2 удаа завсарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхээр хуралдааныг удирдан явуулсныг хууль зөрчсөн гэж үзэх буруутгах боломжгүй байна.
Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0132 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0132 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР