info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-12-27

Дугаар 139

Улаанбаатар хот

          Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

                           болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүгч Б.М, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл хариуцагч Н.Ц-д холбогдох автомашины үнэ 180.000.000 төгрөг гаргуулах тухай “К” ХХК-ийн нэхэмжлэлд  ...  шүүгч Д.М-ийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 000/ШЗ2020/12177 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгч Д.М-ийг татгалзсан татгалзлыг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000/ЕШ2021/02160 дугаар захирамжаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 000/ЕШ2022/00028 дугаар захирамжаар, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000/ЕШ2022/01203 захирамжаар тус тус  хангахгүй орхисон, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдийн 000/ЗТ2022/00543 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчийн тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай  хүсэлтийг хангахгүй орхисон, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 000/ЗТ2022/00907 дугаар тогтоолоор тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул ... ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 000/ЕШ2022/03367 дугаар захирамжаар хэргийг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргийг шилжүүлсэн захирамжид гомдол гаргах хугацааг ... шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШЗ2022/16439 дүгээр захирамжаар сэргээснээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан, улмаар гомдлыг хянасан ... 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШТ2022/00635 дугаар тогтоол бичгийн хэлбэрээр баталгаажиж гарахдаа “...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэснийг Б Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж”, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг болон тэмдэглэлээр Ч иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлэхээр өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно”, 20.1.3 “энэ хуулийн 93.2-т заасны дагуу тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан бол” гэж, 170 дугаар зүйлийн  170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.  

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Ц-д холбогдох иргэний хэргийг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ... ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 000/ЕШ2022/03367 дугаар захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  гомдол гаргасныг ... Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 8.2-т зааснаар шүүгч асан Д.М-д 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр /хх-173,174-р тал/ гараар хуваарилж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М, Д.Э нар сугалаагаар томилогдсон /хх-176-р тал/  болох нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэл, Иргэн-2014 нэгдсэн системд бүртгэгдсэн баримтын зурган үзүүлэлт, гомдлын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа үед ... гаргана”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”: 89.3.8 “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” гэж заасан ба тухайн тогтоолын төслийг ерөнхий шүүгчийн туслах Д.А боловсруулахдаа “Б Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэж хуралдаанд тайлбарласнаас өөрөөр бичсэн байхад шүүгч асан Д.М нь дээрх алдааг залруулалгүйгээр тогтоолыг бичгээр гаргаж бүрэлдэхүүнд оролцсон шүүгчдээр гарын үсэг зуруулсан нь гэрч Д.А-ийн  “...би ... дүүрэг рүү шилжүүлсэн тогтоолын төсөл бичсэн, ... хэрэв буруу бичсэн бол шүүгч төслөө хянахдаа засдаг, ...энэ хэргийн тогтоолын төслийг даргалагч шүүгч Д.М-д хянуулахаар өгсөн, Д.М шүүгч хянасан учир гаргаад 3 шүүгчээр гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлгээр тогтоогдсон.

Б иргэний хэргийн анхан шатны шүүх шилжүүлсэн хэргийг хүлээж аваад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 000/ШЗ2023/04645 дугаар захирамжаар хэргийн харьяалал тогтоолгохоор ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байх ба тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 000/ЗТ2023/00056 тогтоолоор Б иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоожээ.

... ... Тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 575 дугаар албан бичгээр тогтоолын алдааг залруулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгүүлэхээр Б иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдэгдсэн байх ба улмаар Б иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 000/ШЗ2023/15186 дугаар захирамжаар дахин хэргийн харьяалал тогтоолгохоор ...давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн ч тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 000/ЗТ2023/00230 тогтоолоор харьяалал тогтоолгох тухай маргааныг шийдвэрлэхээс татгалзсанаар “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Ц-д холбогдох иргэний хэргийг Б иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхээр болсон байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар гомдлыг хянан шийдвэрлэсэн тогтоолыг бичгээр үйлдэх нь тухайн гомдол хуваарилагдан, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй даргалагч шүүгчийн үүрэг бөгөөд бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нарын тухайд тогтоолыг хянах үүрэгтээ хайнга хандсан техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзнэ.

Хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил нь санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх ч тухайн зөрчилд холбогдогч шүүгчийн идэвхтэй үйлдлээр илэрч, үйлдэл болон гэм буруугийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байж зөрчилд тооцогдох учиртай. 

         Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчил шүүхийн тогтолцоонд нөлөөлөхүйц хэмжээний ноцтой байх, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд бүрэлдэхүүнд оролцсон нэр бүхий шүүгч нар шүүхийн тогтоолыг хянах үүрэгтээ хайнга хандсан үйлдлийг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” зөрчилд шууд гэм буруутай, үйлдэл гэм буруугийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна.

        Зөрчилд шууд гэм буруутай даргалагч шүүгч Д.М-ын тухайд шүүгчийн албан тушаалаас огцорсон нь нийтэд илэрхий үйл баримт болно.

        Түүнчлэн, дээрх техникийн шинжтэй алдааг өргөдөлд дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.7 “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”, 50.1.38 “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх” гэж заасан зөрчилд хамааруулах боломжгүй гэж илтгэгч гишүүн үзлээ.

         Мөн, Б Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Ц-д холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд ... 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/АБ2023/00401 дүгээр албан бичгээр хэргийг хүргүүлэхдээ тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШТ2022/00635 дугаар тогтоолыг бүрэн эхээр нь хэрэгт хийгээгүй, энэ талаар Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар албан бичгээр мэдэгдсэний дагуу ... 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 000/АБ2023/01763 дугаар албан бичгээр дахин 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШТ2022/00635 дугаар тогтоолыг хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон. 

Энэ талаар гэрч Д.А мэдүүлэгтээ  “...Энэ бол миний буруу. Би тухайн үед хэргээ үдэхдээ дутуу үдээд техникийн алдаа гаргасан байсан. Б шүүхээс тогтоол дутуу байна гэхээр нь би дахин нэг хувь гаргаад тогтоолоо явуулсан” гэж мэдүүлжээ.

Иймд ... 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШТ2022/00635 дугаар тогтоолыг тухайн огноо, дугаараар дахин нэг хувь гаргаж явуулсан үйл ажиллагааг өргөдөлд дурдсан “...тогтоолын дугаарыг 2023 онд дахин авч, бүрэлдэхүүний шүүгчдээр гарын үсэг дахин зуруулж хүргүүлсэн...” гэж буруутгах боломжгүй байх тул дээрх үндэслэлүүдээр ... шүүгч Б.М, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч Б.М, Д.Э нар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд “К” ХХК нь Н.Ц-д холбогдуулан автомашины үнэ 180 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан ба хариуцагчийн төлөөлөгч О.Д нь тус шүүхийн шүүгч Д.М болон нийт шүүгчдээс татгалзсан байдаг. Дээрх татгалзлыг шүүгчдийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөгөөнөөр хүлээн авч, тус шүүхийн Ерөнхий шүүгч 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3367 дугаар захирамжаар хэргийг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хариуцагчийн төлөөлөгч О.Д эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдлыг тус шүүх хүлээн авч, 2022 оны 12 сарын 01-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 000/ЕШ2022/03367 дугаар Хэрэг шилжүүлэх тухай Ерөнхий шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба хэргийг Ч Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүхийн 000/ШТ2022/00635 тогтоол гарахдаа алдаатай буюу Б Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж бичигдсэнээс тус хэрэг уг тогтоолын дагуу тус шүүхэд 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 000/АБ2023/00401 тоот албан бичгээр хүргэгдсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч О.Д нь энэ талаар ... ... Тамгын газарт 2023 оны 06 сарын 13-ны өдөр гомдол гаргаснаар Б Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийн ажиллагааг тодруулахад уг хэргийн харьяаллын талаар хэргийг хүлээн авсан шүүгч маргасан ба ...давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг Б Иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалал тогтоосныг мэдсэн. ...Тус шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 000/АБ2023/01763 тоотоор “Танай 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 1327 дугаар албан бичгийн дагуу “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Ц-д холбогдох 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 635 дугаар шүүхийн тогтоолыг хүргүүлэв.” гэсэн утгатай албан бичгийг Б Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Иймд хариуцагчийн төлөөлөгч О.Д-ын “...хоёрын хоёр удаа тогтоол гаргасан” гэж байгаа нь үндэслэлгүй юм. Бид дээрх шүүхийн тогтоолыг алдаатай гарсныг мэдсэн даруйдаа тус шүүхийн тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 575 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэх тухай” албан бичгийг хүргүүлэхэд харьяаллын асуудлаар дахин ...давж заалдах шатны шүүхэд хандсан гэж Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний дарга мэдэгдсэн бөгөөд уг иргэний хэргийг тухайн шүүх харьяалан шийдвэрлэх тухай ...давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол дахин гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон талаар мэдэгдсэн. ...Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн О.Д-аас ... Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Б.М, Д.М, Д.Э, ...давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Ц, Ц.А, Т.Б, Н.Б, М.Б, Д.Б, Г.Д, Д.Д, Э.З, Д.З, Ш.О, Э.Э нарт холбогдуулан өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ГЗҮ/2023/0090 дугаар захирамжаар шүүгч Б.М, Д.Э нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, бусад нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, шалгах ажиллагаа явуулжээ.

                 1. Өргөдөл гаргагчаас Б.М, Д.Э нарт холбогдуулан “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д миний бие 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хэрэг шилжүүлсэн захирамжид гомдол гаргах хугацааг сэргээлгэн, гомдол гаргасныг ... шүүх 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд Ч иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл энэ хэргийг Б иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн зөрчил үүсээд байна...” гэжээ.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ц-д холбогдох “автомашины үнэ 180.000.000 төгрөг гаргуулах” тухайн иргэний хэрэгт ... шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-аас тухайн шүүхийн бүх шүүгчдээс татгалзах хүсэлтийг гаргасан.

Дээрх хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 000/ЗТ2022/00907 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүсэлтийг хангаж, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 000/ЕШ2022/03367 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-аас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 000/ЕШ2022/03367 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүгч Д.М хүлээн авч, шүүгч Б.М, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШТ2022/00635 дугаар шүүхийн тогтоолоор хэрэг шилжүүлэх Ерөнхий шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан тухайн хэргийг Ч Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин тус 000/ШТ2022/00635 дугаар шүүхийн тогтоолд Б иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхээр зааж, тухайн шүүхэд хүргүүлсэн байна.

Гэтэл тус өдрийн гомдол шийдвэрлэх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгт тус хэргийг Ч Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Энэ талаар холбогдох шүүгч нар “...Хэрэг шилжүүлэх тухай Ерөнхий шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба хэргийг Ч Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Харин шүүхийн 000/ШТ2022/00635 тогтоол гарахдаа алдаатай буюу Б Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэж бичигдсэнээс тус хэрэг уг тогтоолын дагуу тус шүүхэд 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 000/АБ2023/00401 тоот албан бичгээр хүргэгдсэн байна” гэх тайлбарыг ирүүлж, шүүгчийн туслах Д.А “...би ... дүүрэг рүү шилжүүлсэн тогтоолын төсөл бичсэн. ..Нарийн бичгийн даргаасаа сонсоод л бичдэг, хэрэв буруу бичсэн бол шүүгч төлсөө хянахдаа засдаг. Тэмдэглэл 3 хоногтоо гардаггүй болохоор хурлын тэмдэглэл үзэж байгаад төслөө бичих боломжгүй байдаг. Даргалагч шүүгчид өгч хянуулдаг. Бүрэлдэхүүнд орсон шүүгч нарт гарын үсэг зуруулахаар өгдөг. Энэ хэргийн тогтоолын төслийг даргалагч шүүгч Д.М-д хянуулахаар өгсөн. Д.М шүүгч хянасан учир гаргаад 3 шүүгчээр гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт “Шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа үед, харин захирамжийг шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа үед гаргана”, 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана”, 171.1.2-т “тогтоол, захирамж, шийтгэвэрт өөрчлөлт оруулах” гэж заасны дагуу хэрэг шилжүүлэх ерөнхий шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд тогтоол гаргасан байх бөгөөд тус тогтоолыг гаргахдаа техникийн шинжтэй алдаа гаргаж хэргийг буруу шүүх рүү шилжүүлсэн байна. 

Тус хэргийг хүлээн авсан Б Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн иргэний хэргийн харьяалал тогтоолгохоор ...давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн байх бөгөөд ...давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 000/ЗТ2023/00056 дугаар зөвлөгөөний тогтоолоор тухайн иргэний хэргийн харьяаллыг Б Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр тогтоожээ.

... ... Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 575 дугаар албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэх тухай албан бичгийг хүргүүлсний дагуу Б Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийн харьяалал тогтоолгохоор ...давж заалдах шатны шүүхэд хэргийг дахин хүргүүлж, ...давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 000/ЗТ2023/00230 дугаар зөвлөгөөний тогтоолоор хэргийн харьяалал тогтоолгох тухай маргааныг шийдвэрлэхээс татгалзжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”,  29.5.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн харьяаллын талаар доод шатны шүүх хооронд гарсан маргааныг шийдвэрлэх” гэж заасны дагуу дээд шатны шүүх болох ...давж заалдах шатны шүүхээс “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Ц-д холбогдох иргэний хэргийн харьяаллыг Б Иргэний хэргийн анхан шатны шүүх гэж тогтоосон байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүхийн тогтоолыг алдаатай гаргаж буруу шүүх рүү шилжүүлсэн хэдий ч дээд шатны шүүхээс хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу тухайн хэргийн харьяаллыг тогтоосон байх тул шүүх бүрэлдэхүүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн илтгэгч гишүүн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчил шүүхийн тогтолцоонд нөлөөлөхүйц хэмжээний ноцтой байх, эсхүл олон удаагийн давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд бүрэлдэхүүнд оролцсон нэр бүхий шүүгч нар шүүхийн тогтоолыг хянах үүрэгтээ хайнга хандсан үйлдлийг “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” зөрчилд шууд гэм буруутай, үйлдэл гэм буруугийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзэхээргүй байна. Зөрчилд шууд гэм буруутай даргалагч шүүгч Д.М-ын тухайд шүүгчийн албан тушаалаас огцорсон нь нийтэд илэрхий үйл баримт болно” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

2. Өргөдөл гаргагч “...тогтоолын дугаарыг 2023 онд дахин авч, бүрэлдэхүүний шүүгчдээр гарын үсгийг дахин зуруулж Б иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг .... шүүгч Д.М, Б.М, Д.Э нар нь ...шүүх хуралдаан дээр уншиж сонсгосон тогтоолоос өөрөөр хоёрын хоёр удаа тогтоол гаргасан гэж үзэж байна. Энэ шүүгч зориуд бусдын нөлөөнд автсан, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй ийм шийдвэр гаргасан гэж үзэх хангалттай үндэслэл болж байна” гэжээ.

Б Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 845 дугаар албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1327 дугаар албан бичгээр ... шүүхээс  2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШТ2022/00635 дугаар тогтоолыг бүрэн эрхээр ирүүлэхийг шаардсаны дагуу ... шүүхээс тогтоолыг Б Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

            Гэрч Д.А “...Энэ бол миний буруу. Би тухайн үедээ хэргээ үдэхдээ дутуу үдээд техникийн алдаа гаргасан байсан. Б шүүхээс тогтоол дутуу байна гэхээр нь би дахин нэг хувь гаргаад тогтоолоо явуулсан. Тэр тогтоолоо л явуулсан” гэж мэдүүлгийг өгсөн.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Д.А-ийн мэдүүлэг зэргээс үзвэл тухайн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000/ШТ2022/00635 дугаар шүүхийн тогтоолыг хэрэгт дутуу хүргүүлж, араас нь нөхөн хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул дээрх шүүгчийн туслахын үйл ажиллагаатай холбоотойгоор шүүгч нарыг “..тогтоолын дугаарыг 2023 онд дахин авч, бүрэлдэхүүний шүүгчдээр гарын үсэг дахин зуруулж хүргүүлсэн..” гэх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. 

            Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүгч Б.М, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2023/0128 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүгч Б.М, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ                                               Д.АРИУНТУЯА

      ГИШҮҮН                                                Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                               С.ЭНХТӨР