МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-12-20
Дугаар 138
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуу, ажиглагчаар өргөдөл гаргагч, өмгөөлөгч Г.Т нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Өмгөөлөгч Г.Т нь ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-т холбогдуулан гаргасан өргөдлийг журмын дагуу илтгэгч гишүүн Д.Ариунтуяа хүлээн авч хянаад, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ГЗҮ/2023/...1 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2023/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөл гаргагчаас “...Энэхүү хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш даруй 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Н.Ба-аас С.Ч-д холбогдох “К” ХХК-ийн орон сууц байр борлуулснаас олсон ашгийн 606.064.112 төгрөгөөс тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрт оногдох 50 хувь буюу 303.032.056 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн .../ЗТ2022/...1 дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Н.Б-т хуваарилагдан дараах ажиллагаа явуулсан байна.
-...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн .../ШЗ2022/...7 дугаар захирамжаар хүсэлт шийдвэрлэж, ...дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1...6 дугаар албан бичиг ирүүлсэн.
-Шүүхээс 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зохигчид эрх, үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, хэргийн материал танилцуулсан.
-2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч А.Б-оос сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг гардуулж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс хариу тайлбараа гаргасан байна.
-Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2022/...20 дугаар захирамжаар иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 30 минутад шүүх хуралдааныг явуулахаар товлосон.
-2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар гаргаж, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШЗ2022/...72 дугаар захирамж хариуцагчийг сольж, хариуцагч С.Ч-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.
-...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр .../ЕШ2022/...7 дугаар захирамжаар хуралдаан даргалагчаар шүүгч Н.Б-ийг томилсон шийдвэрийг албажуулсан бөгөөд шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ..../ШЗ2022/...30 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Хариуцагч С.Ч-аас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариу тайлбар гаргасан.
-Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .../ШЗ2022/...80 дугаар захирамжаар зохигчдын хүсэлтийн дагуу шүүх хуралдааны тов өөрчилж шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутад явуулахаар тогтоож, шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дугаар захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг дахин өөрчилсөн байна. Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШЗ2023/...7 дугаар захирамжаар хуралдааныг товыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минутад товложээ.
-Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байх бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардуулсан.
-Шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрч А.Б-ийг асуусан.
-Шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .../ШЗ2023/...2 дугаар захирамжаар хүсэлт шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжид гомдол гаргасныг шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн .../ШТ2023/....27 дугаар тогтоолоор шүүгчийн .../ШЗ2023/...2 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
-...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 8...8 дугаар албан бичгийг Чингэлтэй дүүргийн төрийн сангийн хэлтэс рүү явуулсан.
-2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж, шүүгчийн .../ШЗ2023/..2 дугаар захирамжаар шүүх хуралдааны товыг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний болгож өөрчилсөн.
-2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлт, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2023/...9 дугаар захирамжаар шүүх хуралдаанаар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
-Нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулан хариуцагч 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариу тайлбараа ирүүлсэн.
-Шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжаар хүсэлт шийдвэрлэн, нотлох баримт гаргуулахаар болж шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан.
-Нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 10 дугар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн гомдолтой холбогдуулан тайлбар ирүүлсэн байна.
-Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2023/...3 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх зэргээр шүүгч Н.Б нь тус хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 01 жил 07 сарын хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасны дагуу шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй боловч сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгчээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжаар “шүүхээс шаардсан баримтыг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг нэхэмжлэгч талд даалгаж” шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч холбогдох баримтыг ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг шүүгч хянан үзээд шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2023/...3 дугаар захирамжаар “нэхэмжлэгч тал тухайн баримтыг хэрэгт хамааралгүй, шүүхэд гарган өгөх боломжгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэн шүүхэд гарган өгөхөөс татгалзаж байгаа бол нэхэмжлэгч талд байхгүй баримтыг шүүх гаргуулан авах боломжгүй” гэж үзэн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.
Дээрхээс үзвэл шүүгч 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дараагаар тус захирамжийг хүчингүй болгох хүртэл 129 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэж үзэхээр байна.
Шүүгчийн туслах Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Нэхэмжлэгч тал нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх дээр удаа дараа ирж уулзсан. Тухайн үед уулзахдаа уулзалтын тэмдэглэл хийдэг. Тухайн тэмдэглэлүүдээ багцлаад орхисон. Хэрэгт хийгээгүй байсан. ...Би 8 сараас ажлаа авсан. 8 сараас хойш нэхэмжлэгч хүсэлт өгсөн. 4-5 удаа ирж уулзаж байсан. Би баримт байхгүй учраас хурал товлож чадахгүй байгаа гэж хэлж байсан. Хэргийн ачаалал их өндөр байдаг. Нэг, хоёр удаа хэргийн оролцогчоос шаардаад залгадаг. Олон дахин залгаж шаардаж чадахгүй амжихгүй асуудал гардаг” гэжээ.
Холбогдох шүүгч Н.Б “...Би 8 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ороод хурлуудаа товлоод эхэлсэн. Тэгээд нэхэмжлэгч баримт гаргаж өгөхгүй байсан учраас туслахаараа яриулсан. Баримт өгөх болоогүй юу гээд асуух нь шүүгчийн туслахын ажиллагаа байх ёстой. ...Ер нь ээлжийн амралттай гэдэг тушаал гарсан боловч би ээлжийн амралттай хугацаанд цалингүй ажилласан. Дунд нь туслахууд их солигдсон. Хэрэг ихтэй. Хурал зарласан хэргээ бэлдээрэй, гэрчийн ажиллагаагаа бэлд гээд туслахдаа зааварчилгаа өгч ажилладаг. Нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж өгөх ёстой байсан” гэх тайлбарыг өгчээ.
Мөн шүүгч Н.Б нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралт эдэлж, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зэргийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг шүүхээс заасан хугацаанд гаргаж өгнө. Хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэнэ”, 46.2 дахь хэсэгт “энэ хуулийн 46.1-д заасан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтан, иргэнд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ”, 46.3 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотойгоос бусад нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр холбогдох иргэн, хуулийн этгээд түүний албан тушаалтан гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Дээрх хуульд зааснаас үзвэл шүүгч Н.Б нь нотлох баримт гаргуулах захирамж гарсны дараагаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж өгөхийг шаардах зэрэг хуульд заасан ажиллагаа явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “удаа дараа” болон “ноцтой” зөрчилд хамаарахгүй байна.
Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй боловч шүүгч Н.Б нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг баримталж ажиллавал зохино.
Мөн шүүгч 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг 1, 2 сарын хугацаагаар хойшлуулсан шүүгчийн захирамжууд хэрэгт авагдсан байна.
Дээрх нөхцөл байдлыг тодруулахад тухайн шүүхийн шүүх хуралдааны танхимын хүрэлцээ, хэргийн ачаалал зэргээс хамааран хуралдааныг удаан хугацаагаар хойшлуулан зарладаг учир дээрх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй юм.
Түүнчлэн өргөдөл гаргагчаас “...хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн баримт нь нэгэнт хэрэгт авагдсан төдийгүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, уг шийдвэрт маргаж буй асуудлыг маш тодорхой дүгнэсэн байтал шүүгч Н.Б нь хэт нэг талыг барьж, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлуулахаар хууль зүйн үндэслэлгүй, илтэд хууль бус захирамжийг “гомдол гаргах эрхгүйгээр” гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хариуцагчийн талд үйлчилж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаад гомдолтой” гэжээ.
Шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжаар “...хариуцагчийн өмгөөлөгч Н.М нь нэхэмжлэгчээс “К” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоолын 2 дугаар хавсралт буюу “Ашигт байр хуваарилсан хүснэгт”-ийг нэхэмжлэгч Н.Б-ийн 60 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад 1.991.601.744,45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаарх санхүүгийн анхан шатны баримтыг гаргуулах тухай хүсэлтийг гаргаж ...хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд гаргасан, хэрэгт хамааралтай” гэж дүгнэн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Мөн шүүгчийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасныг буруутгах боломжгүй. Тодруулбал, шүүгч тус захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримталсан нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан гомдол гаргах эрхтэй заалтад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т зааснаар шүүгч Н.Б-ийг энэхүү хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрсөн, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Иймд ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-ээс татгалзаж байх тул холбогдох арга хэмжээ авч зохих хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэх тул холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн үзвэл шүүгч Н.Б холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Н.Б тайлбартаа: “...Нэхэмжлэгч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Т, Ё.Э нарын Шүүхийн Сахилгын хороонд ирүүлсэн гомдлыг хүлээн авч, танилцаад дараах тайлбар гаргаж байна.
Өмгөөлөгч гомдолдоо “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/...99 дүгээр захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ын нэхэмжлэгчээс “К” ХХК- ийн удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоолын 2 дугаар хавсралт буюу ашигт байр хуваарилах хүснэгтийг, нэхэмжлэгч Н.Б-ийн 60 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахад 1.991.601.744,45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаарх санхүүгийн анхан шатны баримтыг гаргуулах тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:
1.Энэхүү хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш даруй 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлохын тулд хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байгаа болно.
2.Анх 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч А.Б, Ч.М нар хариуцагч Н.Ба, С.Ч нарт холбогдуулан “К" ХХК- ийн удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн .../Ш32018/...1 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Н.Ба “К" ХХК-ийн удирдах зөвлөл хуралдаагүй, 01 тоот тогтоол гаргаагүй болохыг тогтоолгох, мөн “К” ХХК-ийн орон сууц борлуулан олсон ашгийн 606.064.112 төгрөгийн 50 хувь болох 303.032.056 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн .../ШШ2020/....9 дүгээр шийдвэрээр үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.
Энэхүү шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "...Хариуцагч Н.Ба нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан, харин хариуцагч “К” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй, ...2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “К” ХХК удирдах зөвлөлийн хурлын 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоол үйлдэж, “Ш” ХХК-ийг төлөөлж Н.Ба, “К” ХХК-ийг төлөөлж С.Ч нар гарын үсэг зурж, 2 байгууллагын тамгаар баталгаажуулсан /1-р хх 15-16 тал/,
...“К” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоолд бүгд 2.291.601.744 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ гэж дурдсан..., ...”Ш” ХХК нийт 1.991.601.744 төгрөгийн хөрөнгө оруулалт, “К” ХХК 300.000.000 төгрөг /газар, дагалдах баримт бичиг/ тус тус хөрөнгө оруулалт хийсэн болох нь талуудын тайлбар, “Ш” ХХК, “К” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, “К” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоолоор тогтоогдож байна. /2-р хх 52-53 тал/, ...“Ш" ХХК, “К" ХХК нарын хооронд үйлдэгдсэн 01 тоот тогтоол нь ...энэ 2 компанийн хоорондох “Ш” ХХК, “К” ХХК нарын хооронд гэрээ нэртэй хэлцлийг үндэслэн дүгнэсэн баримт гэж үзэхээр байна.
...“К” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоол батлахад Н.Ба нь “К” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар оролцож, өөрт оногдох ашгийг хувааж аваагүй ба “Ш” ХХК-ийг төлөөлж “Ш" ХХК-д ноогдох ашгийг хуваарилан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд энэхүү хэрэгт нэхэмжлэгч нотлох баримтаар хавсаргаж өгсөн байдаг.
Шүүгч Н.Б нь дээрх “захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон нь буруу. Дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэжээ.
Гэтэл хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн баримт нь нэгэнт хэрэгт авагдсан төдийгүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, уг шийдвэрт маргаж буй асуудлыг маш тодорхой дүгнэсэн байтал шүүгч хэт нэг талыг барьж, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлуулахаар хууль зүйн үндэслэлгүй, илтэд хууль бус захирамжийг “гомдол гаргах эрхгүйгээр" гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хариуцагчийн талд үйлчилж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаад гомдолтой.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгч Н.Б-ийг энэхүү хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрсөн, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Иймд ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-ээс татгалзаж байх тул холбогдох арга хэмжээг авч, зохих хариуцлага тооцож өгнө үү.
Гомдолд шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/...99 дүгээр захирамж, мөн шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн .../ШШ2020/....9 дүгээр шийдвэрийн хуулбар /11хуудас/-ыг хавсаргав” гэжээ.
Дээрх иргэний хэргийг шүүгч би тус шүүхэд сэлгэн ажиллахаар ирэх үед буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр /нийт 127 хэрэг/ хүлээн авч, танилцахад 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн нотлох баримт бүрдүүлэх, хамтран хариуцагч татах захирамжууд гарсан, ажиллагаа удаашралтай, шүүх хуралдаан зарлагдаагүй байсан.
Ингээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн .../Ш32021/...2 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтийг хангаж, ...дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн .../Ш32021/...2 дугаар захирамжид заасан ....байрны 60 айлын орон сууцнаас 22, 24, 25, 28, 40, 51, 53, 54 тоот орон сууц /худалдаж авсан иргэд болон “К” ХХК-аас ...дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, иргэдтэй хийсэн орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ/-ны мэдээлэл, баримтуудыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг товлож, зохигчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан.
Улмаар хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчээс “К” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоолын 2 дугаар хавсралт буюу “Ашигт байр хуваарилсан хүснэгт”-ийг, нэхэмжлэгч Н.Б-ийн 60 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад 1.991.601.744,45 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаарх санхүүгийн анхан шатны баримтыг гаргуулах тухай хүсэлтийг тус тус шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/...99 дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд гаргасан, хэрэгт хамааралтай байна гэж үзсэн. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилдэг. Тодруулбал талууд өөрсдийн олох боломжгүй баримтыг шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар бүрдүүлэх эрхтэй байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй. Иймээс хэргийн оролцогчоос гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харгалзан үзэж, шийдвэрлэдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзсэн.
Өмнө нь нэхэмжлэгч А.Б, Ч.М нар нь хариуцагч Н.Ба, С.Ч нарт холбогдуулан “К" ХХК-ийн удирдах зөвлөлийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот “Хөрөнгө хуваарилах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-ийн “К" ХХК-ийн удирдах зөвлөл хуралдаагүй, 01 тоот тогтоол гаргаагүй болохыг тогтоолгох, мөн “К” ХХК-ийн орон сууц борлуулан олсон ашгийн 606.064.112 төгрөгийн 50 хувь болох 303.032.056 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн .../ШШ2020/....9 дүгээр шийдвэрээр үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Дээрх шийдвэрээр тогтоосон гэх үйл баримтын талаар шүүх хэргийг шийдвэрлэх үедээ дүгнэлт өгөх боломжтой бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа үед ирээдүйд гарах шийдвэрийн талаар хэргийг шийдвэрлэх шүүгчийн хувьд урьдчилан дүгнэлт өгөх, нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх эсэх талаар тайлбар өгөх боломжгүй байна. Шүүх зохигчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан болохоос хэргийг удаашруулах зорилго агуулаагүй, агуулах ч боломжгүй юм.
Дээрх хэрэгт хийсэн ажиллагааг дурдвал:
-Шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн .../Ш32022/...87 дугаар “Хүсэлтийг шийдвэрлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн .../Ш32021/...2 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтийг хангаж,
-... дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн .../Ш32021/...2 дугаар захирамжид заасан ....байрны 60 айлын орон сууцнаас 22, 24, 25, 28, 40, 51, 53, 54 тоот орон сууц /худалдаж авсан иргэд болон “К” ХХК-иас ...дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, иргэдтэй хийсэн орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ/-ны мэдээлэл, баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн.
-Хариуцагч А.Б 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Н.Ба-д холбогдуулан “К” ХХК-ийн орон сууц барьж борлуулан олсон ашгийн компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрт ногдох ашиг 38.991.426 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Эд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гардуулж, тэрээр хариу тайлбараа 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
-Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн .../Ш32022/14120 дугаартай “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 11.30 цагт хийхээр товлосон.
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, хариуцагчийг солих хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .../Ш32022/...72 дугаар “Хариуцагчийг солих тухай” захирамжаар хангаж, хариуцагч С.Ч-д 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг гардуулж,
-Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн .../Ш32022/...70 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар хариуцагч М.Ч-ын хариу тайлбар өгөх, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан.
-Мөн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн .../Ш32022/...12 дугаар захирамжаар хариуцагч А.Б-Ёийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
-Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .../Ш32022/...80 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарын хэргийн материалтай танилцах, гэрч нарыг асуулгах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагт хийхээр хойшлуулсан.
-Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/0....9 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагт хийхээр хойшлуулан, шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .../Ш32023/0...7 дугаар захирамжаар шүүгчийн өмнө зарласан шүүх хуралдаан цагтаа дуусаагүйгээс /20 цагт/ шүүх хуралдааныг товлосон цагтаа хийх боломжгүй үндэслэлээр 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 13.30 цагт хийхээр хойшлуулсан, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч, уг шаардлагатайгаа холбогдуулан гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, түүний өмгөөлөгч Г.Т нарын нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн .../Ш32023/...82 дугаар захирамжаар шийдвэрлэж, А.Б-ийг гэрчээр асуух ажиллагааг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хийж, хариуцагч талд нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг гардуулж тайлбар өгөх боломжоор хангах үндэслэлээр шүүх хуралдааныг шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн .../Ш32023/...22 дугаар захирамжаар 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 13.30 цагт хийхээр товлосон.
-Шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн .../Ш32023/...59 дүгээр захирамжаар зохигчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 9 цагт хийхээр хойшлуулсан.
-Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авч, хариуцагч талд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан, хариуцагч хариу тайлбараа 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн. Хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “нотлох баримт бүрдүүлэх тухай” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан болно.
Түүнчлэн дээрх хүчин төгөлдөр болсон шийдвэрт маргаж буй асуудлыг маш тодорхой дүгнэсэн байтал шүүгч хэт нэг талыг барьж, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлуулахаар хууль зүйн үндэслэлгүй, илтэд хууль бус захирамжийг ‘Гомдол гаргах эрхгүйгээр" гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хариуцагчийн талд үйлчилж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаад гомдолтой гэсэн гомдлын тухайд:
Тухайн шүүгчийн захирамжийг гаргах үндэслэл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан заалт нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д хамаардаггүй, өөрөөр хэлбэл тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах боломжгүй зохицуулалттай. Үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар мөн мэдэх учиртай.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгч Н.Б-ийг энэхүү хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрсөн, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүслээ гэх үндэслэлийн тухайд зохигч нь тухайн нөхцөл байдал үүссэн гэж үзвэл шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх боломжтойг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тодорхой мэдэх ёстой.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй юм.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд 2023 оны 10 дугаар сард гаргасан дээрх Шүүхийн сахилгын хороонд гаргасантай ижил агуулгатай хүсэлтийг шүүх талуудад танилцуулсны эцэст шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .../Ш32023/...23 дугаар захирамжаар “нэхэмжлэгч тал тухайн баримтыг хэрэгт хамааралгүй, шүүхэд гарган өгөх боломжгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэн шүүхэд гарган өгөхөөс татгалзаж байгаа бол нэхэмжлэгч талд байхгүй баримтыг шүүх гаргуулан авах боломжгүй” гэж үзэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг үндэслэн шийдвэрлэсэн болно. Иймд шүүгч надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.
Шүүгч Н.Б нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Т, Ё.Э нарын Шүүхийн Сахилгын хороонд ирүүлсэн гомдлыг хүлээн авч, танилцаад дараах тайлбар гаргаж байна.
1. Нэхэмжлэгч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Т, Ё.Э нарын гаргасан гомдлын үндэслэл нь “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай” байна.
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/...99 дүгээр захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгч Н.Б-ийг энэхүү хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрсөн, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн” гэжээ.
2. Хэргийн талаар:
Шүүгч Н.Б би ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллахаар ирж, улмаар 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан нийт 127 хэрэг хүлээн авч, танилцахад уг хэрэг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч оролцуулах тухай захирамжууд гарсан, ажиллагаа удаашралтай, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг товлон зарлаагүй байсан.
3. Нэхэмжлэгч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Т, Ё.Э нарын гаргасан гомдол үндэслэлгүй байгаа талаар миний гаргах тайлбар:
-Гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа талаар, шүүгчийн хувьд би хэрэг маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхийг анхаарч хүч бололцоогоо дайчлан амралтын өдөр болон ажлын цагаа сунган ажиллаж байгаа боловч зарим тодорхой шалтгааны улмаас тухайн шүүхийн хувьд хэргийн хугацаа хэтрэх байдал үргэлжилсээр байгаа бөгөөд энэ байдлыг арилгах, шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, чанартай хүргэхэд батлагдсан орон тоогоор шүүгч ажиллахгүй байгаа, УИХ-аас батлагдсан орон тооноос цөөн шүүгч тус шүүхэд ажилладаг, тус шүүхийн шийдвэрлэж байгаа хэргийн дийлэнх нь бусад шүүхтэй харьцуулахад харьцангуй ажиллагаа ихтэй, ээдрээ төвөгтэй маргаантай хэргүүд байгаагаас шүүгчдийн ачаалал нэмэгдэх, хэргийн хугацаа хэтрэлтэд нөлөөлж байгаа, чөлөө авсан, шилжсэн, өөр ажилд томилогдсон шүүгчдийн үлдэгдэл хэргүүд бусад шүүгч нарт дахин хуваарилалтад орсноос шүүгчдийн гар дээрх хэрэг нэмэгдэж хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа алдагдах зөрчил нэмэгдэхэд нөлөөлж байна. Одоо шүүгч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэргийн тоо 219 байна. Өмнө гаргасан тайлбарт тухайн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодорхой бичсэн болно.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн талаар, хариуцагч талын хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай гэх үндэслэлээр гаргасан хүсэлтийг хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хуульд заасны дагуу, мөн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэсэн байдал нь сахилгын зөрчил гаргасан үйлдэл болохгүй юм.
Хуулийн дээрх заалт нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн шатны шүүхэд гомдол гаргаж хянуулах хуулийн зохицуулалтад хамаардаггүй, Хариуцагчийн хүсэлтэд дурдсан нотлох баримт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж хэн ч урьдчилан дүгнэх боломжгүй, уг нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх, хэрэгт хамааралтай эсэхийг шүүгч шүүх хуралдааны явцад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх эсэх асуудал бөгөөд энэ талаар хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт маш тодорхой заасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна.
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийг энэхүү хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрсөн, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар үзэж байгаа бол хуульд зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хандан шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтээ гарган, шийдвэрлүүлэх боломжтой.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Б-ийн өмгөөлөгч Г.Т, Ё.Э нарын Шүүхийн Сахилгын хороонд ирүүлсэн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч, өмгөөлөгч Г.Т нь “Н.Б-ийн нэхэмжлэлтэй, С.Ч-д холбогдох иргэний хэргийг үүсгэснээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байна; шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон нь буруу буюу хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн баримт нь хэрэгт авагдсан төдийгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байтал шүүгч хэт нэг талыг барьж, нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлуулахаар илт хууль бус захирамж гаргахдаа гомдол гаргах эрхгүйгээр гаргасан; шүүгч Н.Б нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрсөн, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Иймд шүүгч Н.Б-ээс татгалзаж байх тул холбогдох арга хэмжээ авч зохих хариуцлага тооцож өгнө үү” гэх утга агуулга бүхий өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-2 тал/
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаруй болж байгаа гэх тухайд:
Илтгэгч гишүүн нь өмгөөлөгч Г.Т-ийн өргөдлийг хүлээн авч хянаад сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулахдаа Н.Б-ийн нэхэмжлэлтэй, С.Ч-д холбогдох иргэний хэрэгт үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хуулбарлан сахилгын хэрэгт хавсаргасан байх ба сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа шүүгч Н.Б-ийн уг иргэний хэрэгт явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу энэ явцад гарсан эрхийн актуудыг нэг бүрчлэн дурджээ. /с.х-ийн 21-84, 209-223 тал/
Дээрх иргэний хэрэгт хийсэн үзлэг, сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Н.Б-ийн нэхэмжлэлтэй, С.Ч-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
Нэхэмжлэгч талаас:
1. 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э “шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн .../ШЗ2021/....2 дугаар захирамжаар нотлох баримтууд дутуу ирснийг гүйцээж ирүүлэх” болон
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т “итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э-ны хүсэлтийг хангаж, шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх тухай” /с.х-ийн 98-99 тал/,
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “хариуцагчийг солих тухай” /с.х-ийн 39 тал/,
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “гэрч асуулгах болон
хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай” /с.х-ийн 48-49 тал/
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “ар гэрийн гачигдал гарсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай”,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч “эрүүл мэндийн шалтгаантай шүүх хуралдааныг хойшлуулах тухай” /с.х-ийн 108 тал/
5. Нэхэмжлэгч тал 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх /с.х-ийн 53-55 тал/,
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай”,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч “нотлох баримт гаргуулах тухай” /с.х-ийн 59-61 тал/,
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулах тухай” /с.х-ийн 71-72 тал/,
8. Нэхэмжлэгч тал 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх /с.х-ийн 73-74 тал/,
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай” /с.х-ийн 79-80 тал/,
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “шүүх хуралдааныг товлон зарлуулах тухай” /с.х-ийн 84 тал/ хүсэлтүүд.
Хариуцагч талаас:
1. Хариуцагч С.Ч 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “хуульд заасан хугацаанд хариу тайлбараа өгөх ба өмгөөлөгчтэй оролцох тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” /с.х-ийн 44 тал/,
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “хэргийн материалтай танилцах тухай” /с.х-ийн 48 тал/,
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” /с.х-ийн 62-64 тал/,
4. Хариуцагч 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “өмгөөлөгч авах хүсэлттэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай болон
нотлох баримт гаргуулах тухай” /с.х-ийн 67-72 тал/,
5. Хариуцагчийн өмгөөлөгч Н.М 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай” /с.х-ийн 78-79 тал/ хүсэлтүүд гаргаж, шүүгч уг хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлэж байсан байна.
Харин шүүхээс шалтгаалаан шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШЗ2023/...7 дугаар захирамжаар мөн өдөр товлогдсон байсан С.З-ын нэхэмжлэлтэй, “М” УТҮГ-т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 20 цаг 17 минут хүртэл үргэлжилсэн тул Н.Б-ийн нэхэмжлэлтэй, С.Ч-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны товыг өөрчилсөн байна. /с.х-ийн 51-52 тал/
Дээрхээс үзэхэд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын 14 хүсэлт, хариуцагч талын 6 хүсэлт гаргасныг хэлэлцэж байсан бол шүүхээс шалтгаалан 1 удаа шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.
Хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүдийг шүүгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд өөрийн дотоод итгэлээр тухай бүр шийдвэрлэж байснаас гадна 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл өвчтэй байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /с.х-ийн 148-149, 201-202, тал/
Дээрхээс дүгнэхэд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зориуд санаатайгаар удаашруулсан гэж үзэхээргүй байна.
Мөн сахилгын хэрэгт авагдсан баримтууд болон илтгэгч гишүүний саналд тусгагдсанаар шүүгч Н.Б нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжаар нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор нотлох баримт гаргуулахаар захирамжилж, шүүх хуралдааныг хойшлуулснаас хойш тухайн захирамжийг хүчингүй болгосон шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн .../ШЗ2023/...3 дугаар захирамж гарах хүртэл 129 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар шүүхээс шаардсан нотлох баримтыг иргэн, хуулийн этгээд шүүхээс заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэнэ. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй бол шүүх гэм буруутай албан тушаалтан, иргэнд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
Өөрөөр хэлбэл шүүгч Н.Б нь шүүхээс шаардсан нотлох баримтуудыг гаргуулахаар буюу шүүгчийн захирамжийг биелэлтийг хангуулахаар шаардлагатай ажиллагааг явуулах байсан ч холбогдох ажиллагааг явуулаагүй байна.
Гэхдээ шүүгч Н.Б-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэх зөрчилд хамаарахгүй гэж бүрэлдэхүүн үзлээ.
2. Илт хууль бус, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжаар хэт нэг талыг барьсан, хүчин төгөлдөр шийдвэртэй нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлуулахаар гаргахдаа гомдол гаргах эрхгүйгээр гаргасан гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Н.М-ын “шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.
Шүүгчийн .../ШЗ2023/...99 дүгээр захирамжийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...баримтуудыг тус тус нэхэмжлэгчээс гаргуулах нь нэхэмжилж байгаа үнийн дүнгийн зөрүүтэй байдлыг тодруулах, талуудыг мэтгэлцэх боломжоор хангахад ач холбогдолтой баримт гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтэй байна. …баримт нь нэхэмжлэгч талд байгаа, хайрцагтай баримтуудыг хариуцагч нэхэмжлэгчид үлдээсэн гэж тайлбарладаг болно” гэж тайлбар,
мөн өдрийн .../ТМ2023/...1 дугаартай тэмдэглэлд “хариуцагчийн өмгөөлөгч: …орон сууцыг ямар үндэслэлээр хэдэн төгрөгөөр тооцож хуваарилсан талаар талууд тооцож тогтоосон баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах, …зээлийн хүү гэх 200.000.000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа бол ямар үндэслэлээр зээлийн гэрээ байгуулсан эсэх, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа талаар баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах, …маргаан бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч Н.Ба хийсэн маргаж байгаа боловч хөрөнгө оруулалтын хувьд талууд маргаж байгаа тул санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргуулах…” гэх хүсэлт,
“нэхэмжлэгчийн өмгөөлөгч: …тухайн орон сууцыг барихын тулд “Ч” ХХК хөрөнгө оруулагчийнхаа хувьд банкнаас зээл авсан, зээлийн хүүд мөнгө төлсөн. Гэхдээ энэ мөнгийг 2 тал зарлагадаа оруулахгүй, манайх даана гэж Н.Ба болон “Ч” ХХК-ийг төлөөлөн гэрээ хийсэн С.Ч-тай ярилцсан. Харин ашгаа тэнцүү хуваая гэсэн утгатай гэрээ хэлцэл хийсэн тул шаардлагагүй, …хөрөнгө оруулалт хийсэн талаар санхүүгийн баримт авах гэж байгаа нь өнөөдрийн маргаж байгаа маргаанд хамаарахгүй асуудал, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан асуудал, …С.Ч 01 тогтоолыг хүчингүй болгох гэж ...дүүргийн шүүхэд маргаж шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр тогтоолтой. Хариуцагчийг аль хэдийн тодруулаад тайлбар гаргаж өгсөн шүү дээ. Иймд хүсэлтүүдийг хангахгүй орхиж өгнө үү” гэх зэрэг тайлбар тус тус гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно”, 34.2 дахь хэсэгт “өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчийн эрх, ашиг сонирхлын үүднээс мөн зүйлийн 34.3.10-т “шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах” гэж заасан эрхийнхээ хүрээнд хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд дээрх хүсэлтийг гаргасан байна.
Хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хэлэлцэн хэрхэн шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм.
Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн өдрийн шүүх хуралдаанд дээрх гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтэд хамаарах бөгөөд энэ нь мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхгүй тул шүүгчийг “гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан” гэж буруутгахгүй.
Иймд шүүгч хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хариуцагч талаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь өргөдөлд дурдсан “хэт нэг талыг барьж шийдвэр, хүчин төгөлдөр шийдвэртэй нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлуулахаар захирамж гаргасан” гэж үзэхгүй болно.
3. Шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ төрсөн, ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж үзэн шүүгчээс татгалзаж байх тул холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцож өгнө үү гэх тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийг хэдийгээр хэргийн оролцогчдоос татгалзах эрхтэй боловч уг татгалзлыг шийдвэрлэх эрхийг Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгоогүй болно.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, ...татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж зааснаар ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч уг хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй.
Иймд илтгэгч гишүүний “шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэх тул холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүсэлтээ гаргах шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэх дүгнэлт хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж тус тус заасныг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Н.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2023/...5 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР