МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-12-19
Дугаар 136
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, өргөдөл гаргагч Д.Б, Б.Б, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Номин нарыг оролцуулан хийж, .... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Г-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2023/0123 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Иргэн Д.Б, Б.Б нар “... Ерөнхий шүүгч Ж.Г нь “Х” ХХК-тай холбоотой захиргааны зарим хэрэг дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарч, зарим захиргааны хэрэг дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарахгүй байгаа; компанийн өмчлөлд байсан 625 м.кв газрыг Л.Г ганцаар дур мэдэн зарж мөнгө завшсан үйлдлийг хянахдаа сурах бичгээс хуулан үл ойлгогдох тайлбараар түүний хууль бус үйлдлийг хаацайлсан; шүүх хуралдаанаар Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Н.А-г хөтлөн асууж, хэргийн ач холбогдол бүхий мэдээллийг шинжлэх, үнэлэхээс татгалзсан атлаа, хууль бус тайлбар өгөгч улсын бүртгэгч Н.А-н мэдүүлэгт ач холбогдол өгч ажилласан, түүнийг хөтлөн асуусан; Л.Г-н нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад хүлээн авч, дахин захиргааны хэрэг үүсгэсэн нь ашиг сонирхлын зөрчил мөн. Шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан” гэх агуулгаар өргөдөл гаргасан.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагч Д.Б-с гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр “Ерөнхий шүүгч Ж.Г-г татгалзан гарах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан удаа дараа зөрчил гаргасан, 50.1.28-д заасан татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж гараагүй зөрчил гаргасан” хэмээн өргөдлийн үндэслэлээ тодруулсан болно. /2 дугаар с.х-ийн 83-88 тал/
1. Шүүгч татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэх тухайд:
Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд захиргааны 6, иргэний 1 хэрэгт үзлэг хийж, уг хэргүүдээс хуулбарлан авсан баримтуудаас үзэхэд:
- Шалгах ажиллагааны явцад Д.Б-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн шийдвэр, тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр урьд олгогдсон хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон зэрэг ... Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн шийдвэрүүдийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Ж.Г нь “Х” ХХК-ийн ногдол хувь эзэмшигчдийн бүртгэл гэсэн баримт дотор, хэргийн 1 дүгээр хавтасны 244 дүгээр хуудасны арын 3264 дугаарт Г. Г РЭ... гэж бичигдсэнийг олж харсан. Би ээжийгээ ... Гурил, тэжээлийн үйлдвэрт 20 жил ажиллаад 4 хүүхэдтэй гэсэн нөхцөлөөр 1991 онд өндөр насны тэтгэвэртээ гарсныг мэднэ. Харин би ээжийгээ тус компанийн хувьцаа эзэмшигч гэдгийг мэдээгүй байсан. Иймд ... захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай” хүсэлтээ тухайн үед тус шүүхийн Ерөнхий шүүгч байсан Б.Э-д гаргасан байна.
Тухайн хүсэлтийг Ерөнхий шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар захирамжаар “...шүүгчийн татгалзан гарах тухай хүсэлтээс үзэхэд шүүгч Ж.Г-н ээж Г.Г нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь нотлогдож байх тул шүүгчийн хүсэлтийг хангаж, шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан хуваарийн дагуу уг захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Б.Э-д хуваарилах үндэслэлтэй байна” гэж дүгнээд хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /1 дүгээр с.х-ийн 100-104 тал/
- “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох тус аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 6 дахь мөрт заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 1214 м.кв газрыг бусдад буюу иргэн РЭ... регистрийн дугаартай Э.Б-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүх хуралдаанд “шүүгч Ж.Г-г татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасан байна.
Түүний хүсэлтийг Ерөнхий шүүгч Б.Э-ны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар захирамжаар “шүүгч Ж.Г нь “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3, 94.1.5-д заасан үндэслэл нотлогдохгүй байна. Шүүгч Ж.Г-н тайлбар болон хуульд заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзжээ. /1 дүгээр с.х-ийн 118-120 тал/
- Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлагатай захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Б.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н өмгөөлөгч С.Б “шүүгч Ж.Г-г татгалзан гаргах тухай” хүсэлт гаргажээ.
Тухайн хүсэлтийг шийдвэрлүүлэхээр ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ба тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 119/ЗТ2023/0049 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан байна. /1 дүгээр с.х-ийн 201-206 тал/
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Ж.Г “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад улсын бүртгэгч Н.А 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Х” ХХК-ийн улсын бүртгэлд 11 ширхэг бүртгэл хийсний дотор тус компанийн 48.998.717 /ойролцоогоор 49 хувь/ хувийн хувьцааг бүртгэсэн бүртгэл багтаж байна. Компанийн нэр дээр бүртгэгдсэн 48.998.717 хувийн хувьцаа нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшил хэмээн маргадаг. Энэхүү жижиг хувьцаа эзэмшигчдийн дотор миний ээж Г.Г бүртгэлтэй байдаг...Иймд ...хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзаж буй татгалзлыг маань шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шийдвэрлүүлэхээр .... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 158/ЗТ2023/0040 дүгээр тогтоолоор Ерөнхий шүүгч Ж.Г-н хүсэлтийг хангаснаар тухайн хэрэг нь шүүгч Ч.М-т шилжсэн байна. /1 дүгээр с.х-ийн 207-212 тал/
- М.М болон нэр бүхий 17 хүний нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох тус хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлт нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож, “Х” ХХК-д миний болон миний төлөөлж байгаа хувьцаа эзэмшигчдийн хувьцааг бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч Ж.Г нь “татгалзан гарах тухай” хүсэлтээ гаргасныг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор шүүгчийн хүсэлтийг хүлээн авчээ. /1 дүгээр с.х-ийн 222-225, 227-228 тал/
Дээрхээс үзэхэд “Х” ХХК-тай холбоотой захиргааны 6 хэргээс 4 хэрэгт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “нэхэмжлэгч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй”, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж зааснаар хэргийн оролцогчоос “шүүгчийн татгалзан гаргах тухай” хүсэлт 2, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй” гэж зааснаар шүүгч өөрөө “татгалзан гарах тухай” хүсэлт 3 удаа гаргаж байсан байна.
Тухайн хүсэлтүүдийг мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “...хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, ...татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж зааснаар Д.Б-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Э-ны 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар захирамжаар шүүгч Ж.Г-н “татгалзан гарах тухай” хүсэлтийг хангаж, харин “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Ерөнхий шүүгч Б.Э-ны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-н “татгалзан гаргах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх эрх нь тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчид байх бөгөөд Ерөнхий шүүгч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь түүнд хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм.
Харин тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний мөн өдрийн 41 дүгээр тогтоолоор Ерөнхий шүүгчээр шүүгч Ж.Г-г сонгожээ. /1 дүгээр с.х-ийн 240-241 тал/
Шүүгч Ж.Г-г Ерөнхий шүүгчээр ажилласнаас хойш Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Б.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н өмгөөлөгч С.Б-ны гаргасан “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ба тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 119/ЗТ2023/0049 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан бол харин дараа нь Ерөнхий шүүгч Ж.Г “татгалзан гарах тухай” хүсэлт гаргасныг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 158/ЗТ2023/0040 дүгээр тогтоолоор хангаж байжээ.
Мөн М.М болон нэр бүхий 17 хүний нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт Ерөнхий шүүгч Ж.Г-н “татгалзан гарах тухай” хүсэлтийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор хүлээн авсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, ... бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2.9-ийн а-д “Хэргийг Ерөнхий шүүгч дангаар хянан шийдвэрлэх явцад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл Ерөнхий шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан аль аль тохиолдолд, тухайн Ерөнхий шүүгчийг байлцуулахгүйгээр Шүүгчдийн зөвлөгөөн уг хүсэлтийг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ”,
мөн “хуулийн 85.6-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд татгалзан гаргах хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т "Шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно" гэж заасан журмаар уг Шүүгчдийн зөвлөгөөн хүсэлтийг шийдвэрлэхээр хуулийн заалтын агуулгыг тодорхойлов” гэжээ.
Иймд “шүүгчийг татгалзан гаргах тухай”, “шүүгч өөрөө татгалзан гарах тухай” хүсэлтүүдийг адил шатны буюу ... Захиргааны хэргийн анхан шатны шүүх, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдээр шийдвэрлүүлсэн нь хууль тогтоомжид нийцсэн байх тул уг үйлдлээр Ерөнхий шүүгч Ж.Г-г буруутгах боломжгүй.
Харин өргөдөлд дурдагдсан 6 захиргааны хэргээс 2 хэрэгт нь шүүгч Ж.Г-г татгалзан гаргах тухай болон шүүгч өөрөө татгалзан гаргах тухай хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал,
- ”Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох ... Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дахь мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625,2 м2 газрыг “Х” ТӨХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагатай захиргааны хэргийг шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2022/0673 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хэргийн оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргаагүй болох нь тус шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/689 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. /1 дүгээр с.х-ийн 126-150, 2 дугаар с.х-ийн 45 тал/
Тухайн хэргийг шийдвэрлэсэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Б “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт /тус өдрийн шүүх хуралдааны 12 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 3 дахь догол мөрөөс эхлэн/ гаргасан байна. Хүсэлттэй холбогдуулан шүүгч Ж.Г “...энэ хэрэгт хувьцаа эзэмшигчтэй холбоотой маргааш газрын маргаан юм. Энэ хэрэгт бол жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар маргаан үүсээгүй. Мөн хэргийн баримтад энэ талаар байхгүй. Шүүгч бол хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэж тангараг өргөсөн, өргөсөн тангаргийн хүрээнд энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа учраас татгалзан гарах хүсэлт гаргаагүй. Та надаас татгалзаж байгааг хүндэтгэж хүлээж авна. Таныг хүсэлтийг хуулийн дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэх тайлбар хэлсэн нь шүүх хуралдааны тухайн өдрийн 12 дугаартай тэмдэглэлийн 3 дугаар талын 15 дугаар мөрөөс эхлэн тэмдэглэгдсэн байна. Харин шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр талын 1 дэх догол мөрт даргалагч “тэгэхээр та шүүгчийг татгалзан гаргах хүсэлтээ дэмжиж байна уу?” гэхэд Д.Б “Би эргэлзэж эхэлж байна. ...Би татгалзлаа буцааж авлаа, та өөрөө шийд” гэж хэлсэн нь тэмдэглэгджээ. /1 дүгээр с.х-ийн 132-141 тал/
- Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн .... дугаартай тэмдгийг хүчингүйд тооцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцсон захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлагатай захиргааны хэргийг шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126/ШЗ2023/0057 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Шүүгчийн захирамжид хэргийн оролцогчдоос гомдол гаргаагүй тул захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон нь тус шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/689 дүгээр албан бичгээр тогтоогдож байна. /1 дүгээр с.х-ийн 155-177, 2 дугаар с.х-ийн 45 тал/
Уг захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 253 дугаар захирамжаар гуравдагч этгээдээр “Х” ХХК-ийн татсан байх ба “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед М.Б гэгч хүн байсан болох нь түүний “...миний бие Х ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Түүнээс хойш 3 жил гаруй гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор компанийн захирлын үүрэгт ажлыг хувьцаа эзэмшигч Л.Г-д албан ёсоор шилжүүлсэн... миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна. /1 дүгээр с.х-ийн 167 тал/
Шалгах ажиллагааны явцад шүүгч Ж.Г-н нэмэлт тайлбартаа хавсралтаар өгсөн баримтуудаас үзэхэд “Х” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд “2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр компанийн захирлаар М.Б-г бүртгэснээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирлаар Д.Б-г бүртгэжээ. /2 дугаар с.х-ийн 25 тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй” гээд 84.1.5-д “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” гэж заасан.
Гэтэл дээрх 2 захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь “Х” ХХК-тай холбоотой боловч шүүгчийн ээж бүртгэлтэй компанийн 49 хувийн хувьцаатай холбоогүй байх тул шүүгчийг татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь учир дутагдалтай.
Иймд шүүгч нь маргаан бүхий захиргааны хэргүүдэд өөрөө татгалзан гарах хүсэлтээ гаргасан эсхүл хэргийн оролцогчдоос гаргасан татгалзан гарах хүсэлтийг тухай бүр шийдвэрлүүлсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.28-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн өргөдөл гаргагч нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өргөдөлдөө "...шүүгч Ж.Г-с татгалзах хүсэлт удаа дараа гаргахад өөрөө ганцаар хуралдан хүсэлтээс татгалздаг...” гэжээ. /1 дүгээр с.х-ийн 8-9 тал/
Шалгах ажиллагааны явцад дээрх захиргааны хэргүүдэд хийсэн үзлэгээр шүүгч Ж.Г-с татгалзахад хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн тохиолдол байгаагүй болно.
Мөн өргөдөл гаргагч Д.Б-с гэрчийн мэдүүлэг авахдаа “шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргахад шүүгч Ж.Г өөрөө шийдвэрлэж байсан тохиолдол байгаа юу” гэж асуухад “Би сайн санахгүй байна” гэж хариулсныг дурдах нь зүйтэй. /2 дугаар с.х-ийн 83-88 тал/
2. Л.Г-н хууль бус үйлдлийг хаацайлсан гэх тухайд:
2.1. Д.Б, Б.Б нар өргөдөлдөө “...Д.Б-н нэхэмжлэлтэй, “Х” ХХК-ийн хувийн хэрэгт хуурамч бичиг баримт шургуулсан байж болзошгүй, улсын бүртгэлийн газрын хувийн хэргийн нөхцөл байдлыг үндсэн баримттай тулган шалгаж, илт хууль бус болохыг шалгаж өгнө үү гэсэн хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр захирамж гарган татгалзсан” гэжээ. /1 дүгээр с.х-ийн 1-2 тал/
Ерөнхий шүүгч Ж.Г-н 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр захирамжаас үзэхэд “Х” ХХК-ийн ТУЗ-ийн хурлын дарга бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Б-н ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулсан “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Г нь хууль зөрчин хувьцаа эзэмшигчдийн өмчид халдан, компанийн дүрмийг 1 хүнтэй, 1 үүсгэн байгуулагчтай мэтээр мэдээллийн санг өөрчилснөөс гадна хэзээ, хэдэн онд компанийн хувийн хэрэгт 107 дугаар хуудас болгон шургуулсан нь тодорхой бус, компанийн хувьцааны тархалт мэтээр тайлбарлаж байгаа хүснэгтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /2 дугаар с.х-ийн 20-22 тал/
Шүүгч тухайн захирамждаа “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт нэхэмжлэгчийг заасан ба нэхэмжлэгч нь хүн, эсвэл хуулийн этгээдийн аль нь болох нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ТУЗ-ийн хурлын дарга бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Б гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь хуулийн этгээд буюу “Х “ ХХК юм уу, эсвэл хүн буюу Д.Б юм уу гэдэг нь тодорхойгүй байна... Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “...захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан байтал иргэн Л.Г-г хариуцагч хэмээн тодорхойлжээ... иргэн Л.Г-г захиргааны байгууллага, албан тушаалтан хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Хамтран хариуцагчаар ... Улсын бүртгэлийн газрыг татжээ. Гэвч Улсын бүртгэлийн байгууллагын ямар хууль бус үйл ажиллагаа, ямар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй...” гэж дүгнэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” гээд 8 үндэслэл заасан.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэх нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд уг захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах эрх Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.
Түүнчлэн мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн ...54.2... дахь хэсэгт заасан ...шүүгчийн захирамж, ...бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.
Шүүгчийн дээрх захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж заасныг удирдлага болгосон байх тул мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрх нь нэхэмжлэгч Д.Б-д нээлттэй байсан байна.
2.2. Мөн өргөдөлдөө “...мөн компанийн дүрмийг хууль бусаар өөрчилж 1 эзэнтэй, 1 үүсгэн байгуулагчтай болгон өөрчилж, үүнийгээ ашиглан 1214 м.кв газрыг Л.Г иргэн н.Б-д зарсан асуудлыг цуцалж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн” гэжээ. /1 дүгээр с.х-ийн 1-2 тал/
Шүүгч Ж.Г нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар захирамжаар ... Засаг даргад холбогдох тус аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 6 дахь мөрт заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 1214 м.кв газрыг бусдад буюу иргэн РЭ... регистрийн дугаартай Э.Б-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагатай “Х” ХХК-ийн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ. /1 дүгээр с.х-ийн 106-109, 124-125 тал/
Тухайн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талын 7 дахь догол мөрт “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...нэхэмжлэгч нь өмнөх шүүх хуралдааны дундуур шүүх хуралдааныг орхин гарсан, өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна” гэж тэмдэглэгдсэн, мөн шүүгчийн 132 дугаар захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Д.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэхэд 2 дахь удаагаа ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна” гэж дүгнэснээс үзэхэд Д.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй болох нь тодорхой байна. /1 дүгээр с.х-ийн 122-125 тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно”, мөн зүйлийн 91.5 дахь хэсэгт “энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан боловч шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг буцаасан байна.
2.3. Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байсан 625 м2 газрыг Л.Г ганцаар дур мэдэн зарж мөнгийг завшсан үйлдлийг хянахдаа захиргааны процессын эрх зүйч Банзрагч гэдэг хүний сурах бичгээс хуулсан 55 зүйл үл ойлгогдох орооцолдсон тайлбараар хэрэгсэхгүй болгож, Л.Г-н хууль бус үйлдлийг хаацайлсан...” гэжээ.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох тус аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дэх мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625 м.кв газрыг “Х” ТӨХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагатай захиргааны хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Тухайн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт буюу шийдвэрийн 9 дүгээр талд “Илт хууль бус захиргааны акт гэдэг нь эрх зүйт төрийн зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргааны түүнийг хэрэгжүүлэх ёсгүй байдаг. Үүнийг хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан. Нэхэмжлэлийн зүйл нь илт үгүйсгэгдэх буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-47.1.7-д заасан эрх зүйн алдааг агуулсан илт хууль бус захиргааны акт байх ёстой” гээд Г.Банзрагчийн “Захиргааны процессын эрх зүй” 2019 оны номын 204 дэх талыг,
10 дугаар талд “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаанууд хамаарна” гэж Г.Б-н “Захиргааны процессын эрх зүй” 2019 оны номын 206 дахь талыг,
мөн “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ...4.2.1.хуульд үндэслэх гэж заасан бөгөөд хуульд үндэслэх зарчим гэдэгт захиргааны тодорхой үйл ажиллагаанд шаардагдах эрх мэдлийг эрх зүйн хэм хэмжээнд тусгаж өгсөн байхыг ойлгоно” гэж П.О-н “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” 2016 оны номын 83 дахь талыг тус тус эшлэл болгожээ. /1 дүгээр с.х-ийн 142-148 тал/
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 3.8-д “шийдвэрт эрх зүйн онолын ойлголт болон бусад хууль зүйл баримт бичгийн бичвэр, томьёоллыг бүхэлд нь, эсхүл давхардуулан тусгахгүй үүнээс эш татах нь зохимжтой гэж үзсэн бол эшлэлийг хийж, албан эх сурвалжийг заана. Шүүхийн шийдвэрт эшлэлийг дараах байдлаар хийнэ. Үүнд” гээд “г-д хууль зүйн шинжлэх ухааны тайлбар, бусад онолын бүтээлийг эшлэхэд: зохиогчийн нэр (эрхлэн гаргагч), номын нэр (italic-аар), хэвлэлтийн дугаар, хуудасны дугаар, хэвлэсэн он (хэвлэгдсэн оныг хаалтад бичнэ)-ыг заана” гэж заасан. /2 дугаар талын 77-82 тал/
Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоос үзвэл шүүгчийг шүүхийн шийдвэрт хууль зүйн шинжлэх ухааны онолын бүтээлүүдээс эшлэл татан бичсэн үйлдлээр буруутгах боломжгүй юм.
Харин Шүүхийн сахилгын хороонд шүүхээс гарах эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг хянах эрхийг олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Тухайн шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 221/МА2022/0673 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэжээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн зөрчил гаргаж, Л.Г-д давуу байдал бий болгосон, түүний хууль бус үйлдлийг хаацайлсан үйлдэл гаргаагүй байна гэж үзсэн болно.
3. Шүүх хуралдаанаар хэргийн ач холбогдол бүхий мэдээллийг шинжлэх, үнэлэхээс татгалзсан атлаа, Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Н.А-г хөтлөн асууж, түүний хууль бус тайлбар, мэдүүлэгт ач холбогдол өгсөн гэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага бүхий захиргааны 126/2023/0035/З дугаартай индекстэй хэргийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 1 дэх сиди дэх “2023-07-28 16-38-52”, “2023-07-28 17-40-22” гэх, 2 дахь сиди дэх “2023-07-28 18-44-09” гэх нэрүүдтэй нийт 2 сидинд хуулагдсан 3 цаг 8 минут 54 секундийн дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн. /2 дугаар с.х-ийн 36-40 тал/
Үзлэгээр 1 дэх сидинд хуулагдсан “2023-07-28 17-40-22” гэх нэртэй бичлэгийн 02 минут 47 секундээс 07 минут 13 секунд хүртэл даргалагч шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “цагдаагийн байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байсан тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т зааснаар цагдаа дээр тамга, тэмдгийн асуудал байгаа учраас “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын бүртгэлийг бүртгэхээс татгалзсан ба тамгатай холбоотой хэрэг шийдэгдээгүй байхад 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгэл хийсэн” талаар тодруулан асууж байна.
Бичлэгийн 04 минут 01 секундээс даргалагч шүүгч асуухдаа “таны тайлбар дундаас чинь би ойлгох гэж асуугаад байгаа юм шүү...” гэж байгаад дахин тодруулж асууж байгаа нь тус өдрийн 126/ТМ2023/0068 дугаартай тэмдэглэлийн 14 дүгээр талын 9 дэх догол мөрөөс 15 дугаар талын 11 дэх догол мөр дуустал, 16 дугаар талын 7 дахь догол мөрөөс 18 дугаар талын 4 дэх мөр хүртэл агуулгаараа тэмдэглэгдсэн байна. /1 дүгээр с.х-ийн 183-195 тал/
Шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагч Д.Б-с гэрчийн мэдүүлэг авахад “тухайн өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон” гэж мэдүүлсэн. /2 дугаар с.х-ийн 83-88 тал/
Харин дээрх “2023-07-28 17-40-22” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгийн 00 минут 42 секундээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, түүний өмгөөлөгч Г.Х, Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар ирсэн байна” гэж, мөн “2023-07-28 17-40-22” гэх нэртэй бичлэгийн 07 минут 18 секундээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “хүсэлт гаргаж байна...” гээд юм ярих боловч шуугиантайгаар түүний яриа ойлгогдохгүй байна. Даргалагч “шинээр нотлох баримт цуглуулах юм уу, тээ” гэхэд Б.Б “...үндэслэлээ тайлбарлуулах гэж байгаа байхгүй юу” гэв. Даргалагч “ямар гэрч” гэхэд Б.Б “Б гуайг, Б захирлыг” гэхэд даргалагч шүүх хуралдааны дэгийг тайлбарлаж байгаа нь бичигджээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд өргөдөл гаргагч Д.Б нь тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр бус харин ажиглагчаар оролцсон болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдааны “2023-07-28 17-40-22” гэх нэртэй дуу-дүрсний бичлэгийн 10 цаг 19 секундээс ажиглагчаар оролцож байгаа Д.Б юм хэлэхэд шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаа “та битгий юм яриад байгаарай, дуугүй байгаарай” гэв. Д.Б нь толгой сэгсэрсээр байсан ба бичлэгийн 11 минут 29 секундээс даргалагч яриагаа үргэлжлүүлж байх үед Д.Б нь “хөөгдөөд гаръя аа, өөрийнхөө хүсэлтээр” гэж хэлээд босов. Үргэлжлүүлэн “тамганы асуудал эрүүгийн хэрэг дээр байхгүй, бүх юм прокуророос танд бичиг өгсөн. Долоон зүйл байгаа тэрийг уншчихаач гэж гуйж байна. Яагаад гэвэл” гэх үед даргалагч “би хариуцагчийн төлөөлөгчөөс асуултаа асууж байгаа юм. Энэ хүний тайлбар бол” гэх үед Д.Б нь “шал өөр асуудлаар эрүүгийн хэрэг явж байгаа, тамга тэр дотор байхгүй. Тамга тусдаа” гэх үед даргалагч алх цохиж “шүүх хуралдааны танхимаас гаръя” гэв. Д.Б нь “хөөгдөөд гарч байна. Наад дотор чинь материал байгаа, прокурорын тогтоол” гэх үед цагдаа Д.Б-г шүүх хуралдааны танхимаас гаргахаар оролдож байна. Д.Б нь “тамганы асуудал байхгүй” гэсээр танхимаас гарав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ”, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна” гэж зааснаар шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 126/ШЗ2023/0261 дүгээр захирамжаар гуравдагч этгээдээр оролцох болсон Б.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Б /өргөдөл гаргагч/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байжээ. /1 дүгээр с.х-ийн 181-182 тал/
Уг үйл баримтаас үзэхэд даргалагч шүүгч алх хэрэглэн Д.Б-г шүүх хуралдааны танхимаас гаргаж байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна”, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж тус тус заасан.
Даргалагч шүүгчийн шүүх хуралдааны аль ч шатанд нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохоор хэргийн оролцогчдоос тодруулга асуулт асууж, хариулт авсныг хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд шүүгчийг дээрх үйлдлээр буруутгаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.
4. Л.Г-н нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн байхад уг асуудлаар Л.Г Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн гэх тухайд:
Л.Г-н нь “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШЗ2022/02689 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2022/00935 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /1 дүгээр с.х-ийн 151-154 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэж заасан.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг 5 нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгохоор хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.5-д заасан 5 нийтийн эрх зүйн этгээдийн үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлоос бусад гомдолд иргэний хэрэг үүсгэхээр тусгасан байна.
Өөрөөр хэлбэл Л.Г-н ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх маргаан юм.
Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргахад шүүгч Ж.Г-н 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 126/ШЗ2023/0053 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага нь захиргааны байгууллага” байхаар хуульчилснаас үзэхэд ... Улсын бүртгэлийн хэлтэс нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг орон нутгийн байгууллага юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн компанид холбогдуулан гаргасан хөдөлмөрийн маргааныг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэснийг ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан захиргааны хэргийн өөр нэхэмжлэлийн шаардлагатай адилтгах боломжгүй.
Иймд шүүгчийн захиргааны хэрэг үүсгэсэн үйлдлийг нэг талд давуу байдал бий болгосон, ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй буюу Ерөнхий шүүгч Ж.Г-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.28-д заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Ж.Г Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“Нэг. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болсон шүүх хуралдаанд шүүгч Ж.Г нь иргэн Л.Г нь хууль зөрчин “Х” ХХК-ийг нэг эзэн, нэг хувьцаа эзэмшигчтэй болгосон хэргийг нотолсон шүүх хуралдаанд шүүгчээр оролцохоос өөрөө татгалзаж миний төрсөн ээж “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан гэж мэдэгдэж ашиг сонирхлын зөрчилтэйгөө нотолсон. Мөн 2023 оны 7 дугаар сард иргэн М.М нарын “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээ тогтоолгох шүүх хуралдаанд дээрх үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэйгөө нотолж татгалзсан атлаа иргэн Л.Г-н нэхэмжлэлтэй 2009 оны өөрчлөлтийг улсын бүртгэлд нөхөн бүртгүүлэх тухай гомдолд хэрэг үүсгэсэн” гэжээ.
Д.Б-с 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх “Х” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн шийдвэр, Тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр урьд олгогдсон хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, Тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон зэрэг ... Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн шийдвэрүүдийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлд шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 44 дүгээр захирамжаар дээрх нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн ба уг захирамжийг шүүгч Ж.Г би гаргасан.
2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд завсарлаж, зөвлөлдөх тасалгаанд хэргийн материалыг нэг бүрчлэн танилцах явцад хэргийн 1 дүгээр хавтасны 244 дүгээр хуудасны арын 3264 дугаарт Г.Г РЭ... гэж бичигдсэнийг олж харсан. Би ээжийгээ ... Гурил, тэжээлийн үйлдвэрт ажиллаж байгаад улсад 20 жил ажилласан, 4 хүүхэдтэй гэсэн нөхцөлөөр 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарсныг мэднэ. Харин тухайн компанийн хувьцаа эзэмшигч гэдгийг мэддэггүй байсан. Ээж маань ч энэ талаар надад хэлж байгаагүй. 1994 онд ... Гурил, тэжээлийн үйлдвэрийг хувьчлах үед Ж.Г миний бие 12 настай хүүхэд байсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дотор “2004 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шинэчлэн баталсан гэх “Х” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн шийдвэрийн талаар маргаж байсан бөгөөд компанийг нэг хувьцаа эзэмшигчтэй болгон бүртгэсний дотор тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчид буюу ойролцоогоор 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн хувьцаа багтаж байгаа тул миний бие тус хэргийг хянан шийдвэрлэх нь зохисгүй гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтээ өөрөө гаргасан.
Энэхүү татгалзлыг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 126/ШЗ2023/0089 дүгээр захирамжаар М.М нарын нэр бүхий 17 хүний “... Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаартай дүгнэлт нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бидний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож, “Х” ХХК-нд миний болон миний төлөөлж байгаа хувьцаа эзэмшигчдийн хувьцааг бүртгэхийг даалгах тухай гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг шүүгч Ч.М гаргажээ.
Тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Ч.М ээлжийн амралтаа авч 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амарсан.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын 3.2-т зааснаар шүүгч Ч.М-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан захиргааны хэрэг, нэхэмжлэлийг ерөнхий шүүгч Ж.Г-т шилжүүлсэн.
Шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 126/ШЗ2023/0271 дүгээр захирамжаар М.М нарын 17 хүний нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байсан. Энэхүү шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож чадахгүй болох нь шүүх хуралдаанаас өмнө тодорхой болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт зааснаар хуралдааныг хойшлуулж 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр товлосон.
Товлогдсон шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Г миний бие даргалж, өөрийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтээ гаргасан.
Учир нь М.М нарын нэр бүхий 17 хүний нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэг байсан. Энэ нь тус компанийн жижиг хувьцаа эзэмшигчид буюу ойролцоогоор 49 хувийн хувьцаа эзэмшигчидтэй холбогдох маргаан юм. Маргааны зүйл нь 49 хувийн хувьцааг компанийн нэр дээр бүртгэхийг даалгасан 7480 дугаартай дүгнэлт бөгөөд 49 хувийн хувьцаа эзэмшигч буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг нь миний ээж байсан тул миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтээ гаргасан.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан миний дээрх татгалзлыг хангаж шийдвэрлэсэн.
Харин “Л.Г-н нэхэмжлэлтэй 2009 оны өөрчлөлтийг улсын бүртгэлд нөхөн бүртгүүлэх тухай гомдолд хэрэг үүсгэсэн” тухайд:
Л.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 126/ШЗ2023/0053 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг ерөнхий шүүгч Ж.Г би гаргасан.
Нэхэмжлэгч Л.Г нь “Х” ХХК-ийн ойролцоогоор 49 хувийн хувьцаа эзэмшигчид буюу дотор нь миний ээж багтаж байгаа жижиг хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй холбогдуулан маргаагүй, нэхэмжлэлийн зүйлийн агуулга нь тус компанийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэхийг даалгах тухай байсан.
Нэхэмжлэгчийн маргаж буй асуудалд ерөнхий шүүгч миний ээжийн хувьцаа дотор нь багтдаг 49 хувийн хувьцаа эзэмшлийн асуудал хамаарахгүй байсан тул энэ хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах үндэслэл болохгүй юм.
Миний бие нэхэмжлэгч Л.Г-г нэг удаа гэрчээр асууж байсныг эс тооцвол түүнийг огт танихгүй бөгөөд энэ хүний талд үйлчлэх, түүнтэй ашиг сонирхол нэгтэй байх ямар ч үндэслэлгүй юм.
Шүүгчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах үүрэгтэй бөгөөд маргааны зүйлд хамааралгүй ямар нэгэн шалтаг олж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, хэргийг шийдвэрлэхээс үндэслэлгүй татгалзах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл болно.
Иймд миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаас татгалзаагүй бөгөөд захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гаргасан бөгөөд энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.
Харин тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С гаргасан тайлбартаа “Х” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
... Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А\ “Х” ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нийт 11 ширхэг бүртгэл хийсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн тул 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 126/ШЗ2023/0348 дугаар шүүгчийн захирамжаар нэмэлт нотлох баримт цуглуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Ж.Г миний бие 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авах болсон тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 126/ЗТ2023/0053 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Ч.М-т шилжүүлсэн ба 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралтаа дуусган ажилдаа орсон.
Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан Б.Т-н өмгөөлөгч С.Б “Ерөнхий шүүгч Ж.Г-с татгалзах тухай” хүсэлтийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 119/ЗТ2023/0049 дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг тогтоолыг тус шүүх 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авчээ.
Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр товлогдсон байсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрчлөн томилсон тул тэдэнд эрх, үүрэг, хэргийн материал танилцуулах, мэтгэлцэх боломжоор хангах гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байсан.
Шүүгч Ч.М 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2/171 тоот албан бичгээр нэхэмжлэгч Л.Г-д хандан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахыг мэдэгдсэн. Энэ нь ... Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.А “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нийт 11 ширхэг бүртгэл хийсэн байгаагаас чухам аль бүртгэлтэй маргаж буй, тэдгээрийн үндэслэл, шаардлагыг тодруулах зорилготой байсан.
Гэтэл нэхэмжлэгч Л.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах тухай” бичигтээ “...Нэхэмжлэгч Л.Г нь захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ... Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн ... Иймд ... Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хийсэн компанийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан гэж үзэж байна...” гэжээ.
Ж.Г миний бие 2023 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Монгол Улсын нийт шүүгчдийн чуулганд оролцож, 10 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн танхимын сургалтад хамрагдаж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн М компанийн нислэгээр Улаанбаатараас М-д ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа орсон.
Нэхэмжлэгч Л.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа ... Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй бүхэлд нь маргаж байгаа /үүний дотор тус компанийн ойролцоогоор 49 хувийн буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн бүртгэл багтана. Жижиг хувьцаа эзэмшигчдийн дотор миний ээж Г.Г байгаа/ тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөрөө татгалзан гарах хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргаж, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 158/ЗТ2023/0040 дугаар тогтоолоор Ж.Г миний татгалзлыг хангаж шийдвэрлэсэн байна. Иймд шүүгчийн хувьд ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байна.
ХОЁР. “Өмнө нь 2022 оны 10 дугаар сард ... иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсээр атал захиргааны хэргийн шүүх дахин хэрэг нээсэн нь 1 талд үйлчлэх ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ нотолж, явцдаа асуудлыг Л.Г-н талд шийдсээр ирсэн байдаг” гэжээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хувийн эрх зүйн харилцааны хүрээнд эрх тэгш талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэдэг онцлогтой.
Харин захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой.
Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэдэг маргаан нь нийтийн эрх зүйн хүрээнд нэг талд нь захиргааны байгууллага, албан тушаалтан нөгөө талд нь иргэн хуулийн этгээд буюу эрх тэгш бус субьектуудын хооронд өрнөдөг.
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2022/00935 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ нь хувийн эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн хөдөлмөрийн маргаан байсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.
Харин Л.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ нь дээрх хувийн эрх зүйн маргаантай хамааралгүй, захиргааны эрх зүйн маргаан юм.
Энэхүү маргааны хариуцагчаар захиргааны байгууллага болох Улсын бүртгэлийн хэлтэс оролцож байгаа бөгөөд захиргааны байгууллагын татгалзалтай холбоотой нэхэмжлэгч маргаж буй. Үүгээрээ хувийн эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн хувийн эрх зүйн хувийн этгээд болох “Х” ХХК-д холбогдох хөдөлмөрийн эрх зүйн маргаанаас ялгаатай юм.
Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох уг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.
Иймд гомдол гаргагч Д.Б-н “2022 оны 10 дугаар сард ... иргэний хандахад тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамж гарч нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсээр атал захиргааны хэргийн шүүх дахин хэрэг нээсэн нь 1 талд үйлчлэх ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ нотолж байна” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
ГУРАВ. “...асуудлыг Л.Г-н талд шийдсээр ирсэн байдаг. Тухайлбал иргэн Д.Б-н нэхэмжлэлтэй “Х” ХХК-ийн хувийн хэрэгт хуурамч бичиг баримт шургуулсан байж болзошгүй, улсын бүртгэлийн газрын хувийн хэргийн нөхцөл байдлыг үндсэн баримттай тулган шалгаж, илт хууль бус болохыг шалгаж өгнө үү гэсэн хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 01-ний 39 тоот захирамж гарган татгалзсан” гэжээ.
1. “Х” ХХК-ийн ТУЗ-ын хурлын дарга бөгөөд ГЗ-ын үүрэг гүйцэтгэгч Д.Б 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хариуцагч Л.Г, хаяг ... дугаар хороо, Гурилын үйлдвэрийн ажилчдын байр. Хамтран хариуцагч ... Улсын бүртгэлийн газар.
Нэхэмжлэлийн шаардлага: ... “Х” ХХК-ийн ГЗ-аар ажиллаж байсан Л овогтой Г нь хууль зөрчин хувьцаа эзэмшигчдийн өмчид халдан, Компанийн дүрмийг 1 хүнтэй, 1 үүсгэн байгуулагчтай мэтээр мэдээллийн санг өөрчилснөөс гадна хэзээ, хэдэн онд компанийн хувийн хэрэгт 107 дугаар хуудас болгон шургуулсан нь тодорхой бус Компанийн хувьцааны тархалт мэтээр тайлбарлаж байгаа хүснэгтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн үндэслэл: Хувьцааны тархалт, хувь эзэмшигчийн талаарх зохиомол дүрэм, 1 эзэнтэй гэсэн ташаа ойлголтыг залруулж, 1 үүсгэн байгуулагч, 1 эзэнтэй болгон бүртгэлийн байгууллагад шургуулсан “Х” ХХК-ийн дүрэм гэгчийг .... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний 20 тоот шийдвэрээр илт хууль бус гэдгийг тогтоосноор, Компанийн 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан хуралдааны тогтоолууд, дүрэм хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба компани ТУЗ-тэй, 4 үүсгэн байгуулагчийн хамтарсан өмч гэдэг нь баталгаажсан.
2. Дээрх шүүхийн шийдвэр холбогдох нотлох баримт ... Улсын бүртгэлийн газар, хяналтын улсын байцаагч Б.М-н 2021 оны 11 дүгээр сарын 30-ны 6827 тоот дүгнэлтээр уг компанийн 4 үүсгэн байгуулагч нь иргэн Д.Б, Л.Г, Д.Н, Х.Д нар хувьцааны дийлэнхийг эзэмшигч, удирдлагын багийн бүрэлдэхүүн байгааг нотолж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зохих нэмэлт залруулга хийж бүртгэлийг мэдээллийн санд оруулсан байгаа.
3. ”Х” ХХК-ийг хувьчилсан 1998 онд 1600 орчим иргэний хувьцаа бүртгэлтэй байсан хэдий ч 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үед хурлын тэмдэглэлд нотолсноор сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгүүлээгүй 681 хүний 55.161 ш хувьцаа компанийн дундын санд бүртгэгдэж, мөн 800 гаруй иргэний 65.000 гаруй хувьцааг Компанийн тухай хуулийн 33.7 дугаар заалт, Компанийн дүрмийн 3.5, 3.9 дүгээр заалтуудын дагуу санхүүгээр дамжуулан няравт төвлөрүүлсэн байдаг. Гэтэл компьютерээр шивж хийсэн нэг хуудас цаасны мэдээллээр дээрх бүх хувьцаа алга болж, бусад иргэдийн хувьцааны тоог зөрүүлсэн нь илт бөгөөд хуурамчаар үйлдсэн байдаг.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-д заасан харьяаллаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд уг хуулийн 14.5-д зааснаар 14.1-14.4-д заасан хугацааг үл хамаарах заалтын дагуу нэхэмжлэл гаргаж байна.
5. Дээрх хуулийн 20-д заасан нэхэмжлэгч нь “Х” ХХК-ийн ТУЗ-ын хурлын дарга бөгөөд ГЗ-ын үүрэг гүйцэтгэгч Д.Б, 21-д заасан хариуцагч нь компанийн ГЗ-аар ажиллаж байсан Л.Г, 24-д заасан хамтран хариуцагч нь ... Улсын бүртгэлийн газар болно.
6. Компанийн дүрмийн 4.2-ийн А, 6.9-ийн Г, 8.3, 8.4-ийн Д-г тус тус зөрчсөн, компанийн тухай хуулийн 76.1.13, 90.1 заалтуудыг зөрчигдсөн” гэсэн нэхэмжлэл ирүүлжээ.
Шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр захирамжаар тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд дараах үндэслэлийг дурджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь хүн, эсвэл хуулийн этгээдийн аль болох нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь “Х” ХХК-ийн ТУЗ-ын хурлын дарга бөгөөд ГЗ-ийн үүрэг гүйцэтгэгч Д.Б” гэснээс үзэхэд нэхэмжлэгч нь хуулийн этгээд буюу “Х” ХХК юм уу, эсвэл хүн буюу Д.Б юм уу гэдэг тодорхойгүй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан байтал иргэн Л.Г-г хариуцагч хэмээн тодорхойлжээ.
Захиргааны хэргийн шүүх буюу захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
Харин иргэн Л.Г-г захиргааны байгууллага, албан тушаалтан хэмээн үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Хамтран хариуцагчаар ... Улсын бүртгэлийн газрыг татжээ. Гэвч Улсын бүртгэлийн байгууллагын ямар хууль бус үйл ажиллагаа, ямар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: ...52.2.4.нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл...” гэж, 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна: 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж заасан.
Тодруулбал “...хэзээ, хэдэн онд компанийн хувийн хэрэгт 107 дугаар хуудас болгон шургуулсан нь тодорхой бус Компанийн хувьцааны тархалт мэтээр тайлбарлаж байгаа хүснэгтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэх шаардлага гаргаснаас үзэхэд Улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, хууль бус бүртгэлийн талаар маргаагүй байна.
Харин “Х” ХХК-ийг хувьчилсан 1998 онд 1.600 орчим иргэний хувьцаа бүртгэлтэй байсан хэдий ч 1999 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үед хурлын тэмдэглэлд нотолсноор сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгүүлээгүй 681 хүний 55.161 ш хувьцаа компанийн дундын санд бүртгэгдэж, мөн 800 гаруй иргэний 65.000 гаруй хувьцааг Компанийн тухай хуулийн 33.7 дугаар заалт, Компанийн дүрмийн 3.5, 3.9 дүгээр заалтуудын дагуу санхүүгээр дамжуулан няравт төвлөрүүлсэн байдаг. Гэтэл компьютерээр шивж хийсэн нэг хуудас цаасны мэдээллээр дээрх бүх хувьцаа алга болж бусад иргэдийн хувьцааны тоог зөрүүлсэн нь илт бөгөөд хуурамчаар үйлдсэн байдаг” гээд “Х” ХХК-ийн ногдол хувь эзэмшигчдийн нэгдсэн жагсаалт гэх баримтыг хавсарган өгчээ.
Ийнхүү маргахдаа “Компанийн дүрмийн 4.2-ийн А, 6.9-ийн Г, 8.3, 8.4-ийн Д-г тус тус зөрчсөн, Компанийн тухай хуулийн 76.1.13, 90.1 заалтуудыг зөрчигдсөн” гэснээс үзэхэд Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, харин иргэний эрх зүйн маргаан байна гэж шүүх үзлээ.
Тодруулбал дээрх маргаан нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт холбогдох иргэний эрх зүйн маргаан байна гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Энэхүү ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр захирамжид бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсан боловч нэхэмжлэгч гомдол гаргаагүй, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ.
Иймд “...асуудлыг Л.Г-н талд шийдсээр ирсэн байдаг. Тухайлбал иргэн Д.Б-н нэхэмжлэлтэй “Х” ХХК-ийн хувийн хэрэгт хуурамч бичиг баримт шургуулсан байж болзошгүй, улсын бүртгэлийн газрын хувийн хэргийн нөхцөл байдлыг үндсэн баримттай тулган шалгаж, илт хууль бус болохыг шалгаж өгнө үү гэсэн хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр захирамж гарган татгалзсан” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
ДӨРӨВ. Мөн “компанийн дүрмийг хууль бусаар өөрчилж 1 эзэнтэй, 1 үүсгэн байгуулагчтай болгон өөрчилж, үүнийгээ ашиглан 1214 м2 газрыг Л.Г иргэн Батсайханд зарсан асуудлыг цуцалж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдсэн” гэжээ.
“Х” ХХК-аас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ... Засаг даргад холбогдуулан ... Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/436 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 6 дахь мөрд заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 1214 м2 газрыг бусдад буюу иргэн РЭ... регистрийн дугаартай Э.Б-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хуул бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасны хүлээн авч 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШЗ2022/0043 захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 126/ШЗ2022/0104 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон боловч нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 126/ШЗ2022/0119 дүгээр захирамжаар хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад товложээ.
Товлогдсон дээрх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь “үүнээс өмнөх хуралдаанаас харахад асуудал дэндүү ойлгомжтой боллоо. Бүх нөхцөл байдлыг бүх мэдрэхүйгээрээ мэдэрсэн учраас таны хувьд ээжийнхээ оролцоотой компанитай холбоотой хэргийг шийдвэрлэх хурлаас 2021 оны 6 дугаар сард татгалзсан шиг байдлаар татгалзах байх гэж найдаж байна. Миний зүгээс танаас татгалзаж байна. Энэ хэргийг танаар шийдвэрлүүлэх бололцоо байхгүй. Бид нарын дундын өмчлөлд байх өмчийг хуваагаад өгчих шийдвэрийг албажуулах шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт өөрийнхөө зүгээс хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгч авах хүсэлттэй байна. Илт хууль бус гэх зэрэг таны олон үндэслэлийг хүндэтгэж байгаа учраас дахин хууль судлах хэрэгцээ байна. Иймд танаар энэ шүүх хуралдааныг шийдвэрлүүлэхээс татгалзаж байна” гэсэн.
Ийнхүү татгалзсан татгалзлыг шүүх хүлээн авч хуралдаанаа завсарлуулж, Д.Б-н шүүгч Ж.Г-г татгалзсан татгалзлыг Ерөнхий шүүгч Б.Э-ны 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 126/ЕШ2022/0020 дугаар захирамжаар хангахаас татгалзсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шүүх хуралдааны танхимд орж ирэхэд нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдааныг орхин явсан байсан.
Нэхэмжлэгч Д.Б хуралдааныг орхин явсан байсан тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 126/ШЗ2022/0128 дугаар захирамжаар хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан. Хойшлогдсон хуралдааны товыг түүнд утсаар мэдэгдсэн.
Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б хүрэлцэн ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэлийг буцаасан нь хэргийг эцэслэн шийдвэрлэж, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээс ялгаатай эрх зүйн үр дагавартай. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй боловч энэ эрхээ эдлээгүй байна.
Иймд гомдол гаргагч Д.Б-н “Мөн компанийн дүрмийг хууль бусаар өөрчилж 1 эзэнтэй, 1 үүсгэн байгуулагчтай болгон өөрчилж, үүнийгээ ашиглан 1214 м2 газрыг Л.Г иргэн Б-д зарсан асуудлыг цуцалж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдсэн” гэсэн нь үндэслэлгүй болно.
ТАВ. ”2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 тоот шийдвэрээр 625 м2 газрыг Л.Г ганцаар дур мэдэн зарж мөнгийг завшсан үйлдлийг хянахдаа захиргааны процессын эрх зүйч Б гэдэг хүний сурах бичгээс хуулсан 55 зүйл үл ойлгогдох орооцолдсон тайлбараар хэрэгсэхгүй болгож Л.Г-н хууль бус үйлдлийг хаацайлсан” гэжээ.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 126/ШШ2022/0012 шийдвэрт Г.Б-н Захиргааны процессын эрх зүй УБ 2019, П.О-н Захиргааны эрх зүйн ерөнхий анги УБ 2016 номуудаас иш татан хуулийг тайлбарлан хэрэглэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 3.8-ийн “г”-д “хууль зүйн шинжлэх ухааны тайлбар, бусад онолын бүтээлийг эшлэхэд: зохиогчийн нэр (эрхлэн гаргагч), номын нэр (italic-аар), хэвлэлтийн дугаар, хуудасны дугаар, хэвлэсэн он (хэвлэгдсэн оныг хаалтад бичнэ)-ыг заана” гэжээ.
Миний бие хуулийг тайлбарлан хэрэглэхдээ хууль зүйн шинжлэх ухааны онолыг бүтээлийг 4 удаа эш татан бичсэн. Ийнхүү Улсын дээд шүүхээс баталсан шүүхийн шийдвэр бичих журамд зааснаар зохиогчийн нэр, номын нэр, хуудасны дугаарыг эшлэл зүүлт болгон оруулсан нь зохиогчийн эрхийг хүндэтгэсэн хэрэг юм. Түүнчлэн шүүхийн шийдвэр хууль зүйн шинжлэх ухааны онол, зарчмын хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагатай байдаг ба эдгээр нь хууль зүйн эрдэмтдийн бүтээлд тусгалаа олсон байдгийг гомдол гаргагчид үүгээр тайлбарлая.
Уг 126/ШШ2022/0012 шийдвэрт нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2022/0673 дугаар магадлалаар “Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... холбогдуулан гаргасан ...” гэсний дараа “...холбогдуулан...” гэснийг хассан өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна. Иймд гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.
ЗУРГАА. ”2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Л.Г-н нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааны 25 хуудас хурлын тэмдэглэлээс харахад Л.Г-н хууль бус үйлдлийг хаацайлах зорилгоор хөтлөн асууж хэргийн нотолгоонд ач холбогдол бүхий мэдээллийг шинжлэх, үнэлэхээс татгалзсан атлаа илт хууль бус тайлбар өгөгч улсын бүртгэгч Н.А-н мэдүүлэгт ач холбогдол өгч ажиллалаа” гэжээ.
Тухайн өдрийн шүүх хуралдаанд ерөнхий шүүгч Ж.Г миний бие хэргийн оролцогчдоос асуулт асууж, хариулт авсан.
Хэргийн оролцогчдоос асуусан асуулт нь шүүгчийн хувьд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн үйл баримтын хүрээнд байсан бөгөөд улсын бүртгэгч н.А-н тайлбарт зүй бусаар илүүтэй ач холбогдол өгсөн зүйл байхгүй. Учир нь шүүгч нотлох баримтыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг хэрхэн үнэлж байгаа талаар шүүхийн шийдвэрт тусгадаг. Гэтэл энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шийдвэр гараагүй байна.
Иймд гомдол гаргагч Д.Б-н дээрх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гомдол гаргагч Д.Б нь Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ... индекс бүхий хэрэгт гэрчээр оролцсон болно.
ДОЛОО. ”Иймд өөрийн ээж нь хувьцаа эзэмшигч байсан гэсэн хувийн өс гомдолдоо хөтлөгдөн маргааны 1 талд байгаа Л.Г-д үйлчилж байгаа нь удаа дараагийн баримтаар нотлогдож байгаа иргэн Л.Г-н нэхэмжлэлтэй хэргийг шүүгч Ж.Г нь шударгаар шийдэж чадна гэдэгт итгэхгүй байна. Шүүх ажиллагааг Ж.Г-р даргалуулж, шүүлгэхээс татгалзаж Шүүхийн тухай хуулийн 82.2.2-т заасан зөрчлийг үүсгэж байгаа гэж үзэж шүүгч Ж.Г-г шалгуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнд дараах зүйлийг хориглоно: 82.2.2.ашиг сонирхлын зөрчил үүсгэх, эсхүл өөрт хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох” гэжээ.
Гэсэн хэдий ч гомдол гаргагч Д.Б, Б.Б нар нь ерөнхий шүүгч Ж.Г надад холбогдуулан “ашиг сонирхлын зөрчил үүсгэх, эсхүл өөрт хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахад оролцох” сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байна гэж ойлгогдож байна.
Миний бие дээр дурдсан хэргүүд тус бүрд тайлбараа нэг бүрчлэн дурдсан тул дахин нурших шаардлагагүй буй за.
Ерөнхий шүүгч Ж.Г би ... индекс бүхий хэргийн нэхэмжлэгч Л.Г-г өөр нэг хэрэг дээр нэг удаа гэрчээр асууж мэдүүлэг авч байсан. Үүнээс өөрөөр тэр хүнийг танихгүй. Хувийн харилцаа байхгүй. Л.Г-тай болон “Х” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилгүй.
Харин миний ээж Г.Г “Х” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтын 3264 дугаарт бүртгэлтэй байсан тул “Х” ХХК-ийн ойролцоогоор 49 хувийн хувьцааны талаарх аливаа маргаанаас шүүгчийн хувиар өөрөө татгалзан гарч байсан.
“Х” ХХК-ийн 49 хувийн хувьцаатай холбоогүй бусад маргааны хувьд шүүгч өөрт хуваарилагдан ирсэн нэхэмжлэл, хэргээс бодит үндэслэлгүйгээр татгалзах ёсгүй учир татгалзахгүйгээр өргөсөн тангарагтаа үнэнчээр шийдвэрлэсээр ирсэн.
Хэргийн оролцогчдын шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийг хэрэг тус бүр дээр хангаж ажиллаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдоно.
Дээрх бүх хэргүүдэд миний ээж Г.Г хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч аль нь ч биш бөгөөд тэрээр “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн аливаа маргааныг сонирхдоггүй, гэртээ ач, зээгээ харан амар жимэр суудаг хүн юм. Миний ээж болон надад иргэн Д.Б, Б.Б нарын талаар хувийн өс хонзон байхгүй. Иргэн Л.Г-тай хувийн харилцаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй болно.
Гомдол гаргагч гомдолдоо “өөрийн ээж нь хувьцаа эзэмшигч байсан гэсэн хувийн өс гомдолдоо хөтлөгдөн маргааны 1 талд байгаа Л.Г-д үйлчилж байгаа нь удаа дараагийн баримтаар нотлогдож байгаа” гэх ба Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн ... дугаартай тэмдгийг хүчингүйд тооцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцсон захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126/ШЗ2023/0057 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн талаар дурдсангүй.
Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, захирамж хүчин төгөлдөр болсон. Энэ шүүгчийн захирамжийн талаар гомдол гаргагч Д.Б мэдэж байсан бөгөөд Л.Г-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа захиргааны хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг захирамжийг хавсарган өгч байсан ажээ. Энэ бүхний эцэст шүүгч хэргийн оролцогчдын хэн нэгний талд ордог бус гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэдэг гэдгийг гомдол гаргагч нар ойлгоосой хэмээн хүсэж байна.
Гомдол гаргагч Д.Б, Б.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нэмэлт тайлбарт дараах тайлбарыг өгч байна.
НЭГ. “шүүгч Ж.Г нь шүүгчийн Төрийн албаны тухай хууль, шударга байх, хууль дээдлэх зарчмуудыг алдагдуулан, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг хэтрүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эрүүгийн хуулийн 22.1-т заасан хандлага гаргаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заасан бусдад давуу байдал олгож ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэж гомдол гаргаж байна” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Шүүгч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй бол эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх журмын дагуу гомдол гаргах эрх нь Д.Б, Б.Б нарт нээлттэй болно. Шүүгчийн эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэнэ.
Харин миний бие өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэж ирсэн бөгөөд энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус тус нотлогдоно. Шүүгчийн гаргасан шийдвэр хэргийн оролцогчдын аль нэг талд эс таалагдаж байгаа гэдэг нь шүүгч эрүүгийн үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасан.
Миний бие Ерөнхий шүүгчийн хувьд албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгоогүй. Надад болон бусад ямар этгээдэд давуу байдал хэрхэн үүссэн гэж гомдол гаргагчид үзэж байгааг ойлгохгүй байх тул үүнд тайлбар хэлэх боломжгүй байна.
Гомдол гаргагч нарын зүгээс Л.Г-д давуу байдал үүсгэж түүний талд хэргийг шийдвэрлэсээр ирсэн гэж үзэж байх шиг байна. Д.Б, Л.Г, “Х” ХХК-тэй холбоотой тус шүүхэд шийдэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа дараах хэрэг байна. Үүнд:
1. ”Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох ... Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дахь мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625,2 м2 газрыг “Х” ТӨХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий ... индекстэй захиргааны хэрэг.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрт нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2022/0673 дугаар магадлалаар “Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...холбогдуулан гаргасан...” гэсний дараа “...холбогдуулан...” гэснийг хассан өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Улсын Дээд шүүхэд гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байна.
2. “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох ... Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/436 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 6 дахь мөрд заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 1214 м2 газрыг бусдад буюу иргэн РЭ... регистрийн дугаартай Э.Б-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэрэг.
Шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126/ШЗ2022/0132 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т зааснаар дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг буцаасан.
3. Д.Б-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн дүрмийг бүртгэсэн шийдвэр, тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр урьд олгосон хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон зэрэг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн шийдвэрүүдийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий ... индекстэй захиргааны хэрэг.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр болсон.
4. Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн ... дугаартай тэмдгийг хүчингүйд тооцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцсон захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага бүхий ... индекстэй захиргааны хэрэг.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 126/ШЗ2023/0057 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, захирамж хүчин төгөлдөр болсон.
5. М.М нарын 17 иргэний нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ... Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7480 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий ... индекстэй захиргааны хэрэг.
2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 126/ШЗ2023/0392 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 221/ШТ2023/0790 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.
6. Л.Г-н нэхэмжлэлтэй, .... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэг. Хэргийн индекс .... Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
Дээр дурдсан зургаан хэргийн 4 нь эцэслэн шийдэгдсэн байна. Эдгээрээс үзэхэд Л.Г-д хууль бусаар илтэд давуу байдал үүсгэсэн зүйл байхгүй, тухай бүр хуульд нийцүүлэн шийдвэрлэж байсан болохыг Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо тогтоох буй за.
Гомдол гаргагч Д.Б, Б.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “Нэмэлт тайлбар гаргах тухай” бичгийн 2, 3, 4 дэх догол мөрт бичигдсэн асуудлаар урьд нь тайлбарласан тул өмнөх тайлбараа дэмжиж байна.
Харин “шүүгч Ж.Г-с татгалзах хүсэлт удаа дараа гаргахад өөрөө ганцаар хуралдан хүсэлтээс татгалздаг” гэснийг гайхаж байна. Нэг догол мөрт бичигдсэн байгаагаас үзвэл 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаантай холбоотой ингэж бичжээ гэж ойлголоо.
Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Х ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны 110 дугаар танхимд нээлттэй хийсэн.
Шүүх хуралдааны дэгийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчидтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгах явцад гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал Б.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-н итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй байсан тул итгэмжлэлд заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг тодруулахаар шүүх хуралдааныг 16 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд шүүх хуралдааныг нээх, 90 дүгээр зүйлд шүүх хуралдааны ирц, оролцох эрхийг шалгах, 91 дүгээр зүйлд ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, 92 дугаар зүйлд орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах, 93 дугаар зүйлд гэрчийг гаргах, 94 дүгээр зүйлд шүүх бүрэлдэхүүнийг зарлах ба татгалзан гаргах эрхийг тайлбарлахаар тус тус хуульчилсан.
Хуулийн эдгээр заалтуудыг дэс дараагаар хэрэгжүүлж, шүүх хуралдааныг явуулдаг. Хуулийн 90 дүгээр зүйлийг шалгах явцад итгэмжлэлтэй холбоотой асуудал үүссэн тул хуралдааныг хойшлуулсан. Хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг тухайн өдрөө хийхээр хойшлуулсан. 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 30 минутад шүүх хуралдааныг нээлттэй хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдаан даргалагч болон нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулах шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар бүгд татгалзах зүйлгүй гэж хэлсэн.
Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаан бичлэгээр нотлогдоно. Мөн тус шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Б-г гэрчээр асууж өгнө үү.
Иймд “шүүгч Ж.Г-с татгалзах хүсэлт удаа дараа гаргахад өөрөө ганцаар хуралдан хүсэлтээс татгалздаг” гэсэн нь огт үндэслэлгүй зүйл байна.
Гомдол гаргагч Д., Б.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан “Нэмэлт тайлбар гаргах тухай” бичгийн 5, 6, 7, 8, 9 дэх догол мөрт бичигдсэн асуудлаар урьд нь тайлбарласан тул өмнөх тайлбараа дэмжиж байна” гэжээ.
Шүүгч Ж.Г нэмэлт тайлбартаа:
“Л.Г-н нэхэмжлэлийн захиргааны хэрэг нь одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.
2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчээс хариуцагчийн төлөөлөгч Н.А-с асуулт асуух болсон үндэслэл нь:
- Эндээс логикийн хувьд урган гарах хариуцагчийн төлөөлөгчөөс асуувал зохих асуулт нь:
Хэрэв “Эрүүгийн ... дугаартай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа” гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дүгээр зүйлд заасан нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаа бол яагаад Л.Г- бүртгэл хийлгэх хүсэлтийг хүлээж аваагүй атлаа Б.Т-н бүртгэл хийлгэх хүсэлтийг хүлээж авсан юм бэ асуулт юм. Энэ нь логикийн хувьд асуухаас өөр аргагүй зүй ёсны асуулт байсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэж, хариуцагчийн төлөөлөгчөөс асуусан асуулт нь хөтөлж асуусан асуулт болохгүй, харин үйл баримтыг тодруулах, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасныг хэрхэн ойлгож ойлгож хэрэглэснийг тодруулах зорилготой байсан болно.
Түүнчлэн ... Прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 832 тоот албан бичигт “... прокурорын газраас ... Улсын бүртгэлийн хэлтэст “Х” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болохгүй талаар мэдэгдэл хүргүүлж байгаагүй” гэсэн нотлох баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-н тайлбартай харьцуулан үнэлэх шаардлагатай байсны улмаас асуусан асуулт юм.
Шүүгч би бээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т заасныг хэрхэн ойлгож хуулийг хэрэглэх талаар болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөөгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрээр шийдэх асуудал юм.
Миний бие сахилгын хэргийн материалтай танилцсан бөгөөд гомдолд холбогдох ач холбогдол бүхий нэмэлт нотлох баримт гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн дараах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан өгч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Б, Б.Б нараас ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Г нь татгалзан гарах хуулийн заалтыг удаа дараа зөрчсөн, татгалзан гарах үүргээ биелүүлээгүй, Л.Г-н хууль бус үйлдлийг хаацайлсан, шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-г хөтлөн асууж, түүний мэдүүлэгт ач холбогдол өгч ажилласан, өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.28-д заасныг тус тус зөрчсөн гэх өргөдлийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ГЗҮ/2023/0108 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. Шүүгч татгалзан гарах хуулийн заалтыг удаа дараа зөрчсөн, татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэх тухайд;
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгч Ж.Г нь ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Х” ХХК-ийн дүрмийг бүртгэж, тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгосон, удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан, М.М нарын 17 иргэний хувьцааг бүртгэхтэй холбоотой болон аймгийн Засаг даргад холбогдох тус компанийн эзэмшил газрыг бусдад шилжүүлсэн захирамжуудтай холбоотой 6 захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 4 хэрэгт түүний ээж Г.Г нь “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх үндэслэлээр шүүгч өөрөө татгалзан гарах болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас шүүгчийг татгалзан гаргах хүсэлтүүдийг гаргаж байжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: ... 20.1.4.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах”, 22 дугаар зүйлийн 22.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ”, 84 дүгээр зүйлийн 84.1-т “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй: ... 84.1.5.ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон;”, 85 дугаар зүйлийн 85.4-т “...хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, ...татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж заасан.
Дээрх хуульд зааснаар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх эрх нь тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчид байх бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Э нь шүүгч Ж.Г-н татгалзан гарах хүсэлтийг 1 удаа хангаж, харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б-н шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж байжээ.
Харин тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Э нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор Ерөнхий шүүгчээр шүүгч Ж.Г-г сонгосонтой холбоотойгоор түүний татгалзан гарах хүсэлт болон хэргийн оролцогчийн татгалзан гаргах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-д “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ”, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 9-ийн а-д “Хэргийг Ерөнхий шүүгч дангаар хянан шийдвэрлэх явцад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл Ерөнхий шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан аль аль тохиолдолд, тухайн Ерөнхий шүүгчийг байлцуулахгүйгээр Шүүгчдийн зөвлөгөөн уг хүсэлтийг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ”, в-д “... тухайн шүүхийн нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэн шийдвэрлэнэ." гэж зааснаар ... болон ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлсэн байна.
Дээрхээс үзэхэд “шүүгчийг татгалзан гаргах тухай”, “шүүгч өөрөө татгалзан гарах тухай” хүсэлтийг шийдвэрлэх эрх нь тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчдийн зөвлөгөөн эсхүл адил шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд байх бөгөөд хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь тэдгээрт хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм.
Харин шүүгч Ж.Г нь 2 хэрэгт татгалзан гарах хүсэлт гаргаагүй бөгөөд тус хэргүүдийн нэхэмжлэлийн шаардлага нь түүний ээжийн эзэмшиж байгаа хувьцаатай холбоотой маргаан биш тул энэ талаар илтгэгч гишүүний “...дээрх 2 захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь “Х” ХХК-тай холбоотой боловч шүүгчийн ээж бүртгэлтэй компанийн 49 хувийн хувьцаатай холбоогүй байх тул шүүгчийг татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь учир дутагдалтай” гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Тодруулбал, ”Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох “... Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 тоот захирамжаар тус үйлдвэрийн эзэмшил газраас 625,2 м.кв газрыг “Х” ТӨХК-д шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагатай хэрэг болон Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ““Х” ХХК-ийн .... дугаартай тэмдгийг хүчингүйд тооцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцсон захиргааны акт гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргээс татгалзан гарах хүсэлтийг шүүгч Ж.Г нь гаргаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт шүүгч өөрөө татгалзан гарах үндэслэлүүдийг тодорхойлсон ба 84.2-т “Энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасан. Үүнийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолд “шүүгчийг татгалзаж үл болно” гэснийг хуульд зааснаас бусад үндэслэлээр, шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүгчийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно, “үл болно” гэснийг хуульд заагаагүй үндэслэлээр, шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргахыг хориглоно, хориглосон асуудлаар зөвшөөрсөн шийдвэр гаргах хууль зүйн ойлголт байхгүй тул хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлтийг хэлэлцэх үндэслэлгүй, энэ тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж тайлбарласан бөгөөд дээрх маргааны үйл баримт нь түүний ээжийн эзэмшиж байгаа хувьцаатай холбоогүй буюу шүүгчид ашиг сонирхлын зөрчил үүсэх үндэслэлд хамаарахгүй юм.
Харин өргөдөл гаргагч нар өргөдөлдөө "...шүүгч Ж.Г-с татгалзах хүсэлт удаа дараа гаргахад өөрөө ганцаар хуралдан хүсэлтээс татгалздаг...” гэж дурдсан[1] боловч илтгэгч гишүүний хийсэн шалгах ажиллагааны явцад энэ нь баримтаар тогтоогдоогүй болохыг дурдав.
Хоёр. Л.Г-д давуу байдал бий болгосон гэх тухайд;
Өргөдөл гаргагч нар нь шүүгч Ж.Г-г Л.Г-д давуу байдал бий болгосон гэж үзсэн өргөдлийн үндэслэлээ “Д.Б-н нэхэмжлэлтэй, “Х” ХХК-ийн хувийн хэрэгт хуурамч бичиг баримт шургуулсан байж болзошгүй, улсын бүртгэлийн газрын хувийн хэргийн нөхцөл байдлыг үндсэн баримттай тулган шалгаж, илт хууль бус болохыг шалгаж өгнө үү гэсэн хэрэгт 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр захирамж гарган татгалзсан, компанийн дүрмийг хууль бусаар өөрчилж 1 эзэнтэй, 1 үүсгэн байгуулагчтай болгон өөрчилж, үүнийгээ ашиглан 1214 м.кв газрыг Л.Г иргэн н.Б-д зарсан асуудлыг цуцалж өгнө үү гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байсан 625 м.кв газрыг Л.Г ганцаар дур мэдэн зарж мөнгийг завшсан үйлдлийг хянахдаа захиргааны процессын эрх зүйч Б гэдэг хүний сурах бичгээс хуулсан 55 зүйл үл ойлгогдох орооцолдсон тайлбараар хэрэгсэхгүй болгосон, Л.Г-н нэхэмжлэлтэй, “Х” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэсэн байхад уг асуудлаар Л.Г Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, шүүх хуралдаанаар хэргийн ач холбогдол бүхий мэдээллийг шинжлэх, үнэлэхээс татгалзсан атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-г хөтлөн асууж, түүний хууль бус тайлбар, мэдүүлэгт ач холбогдол өгсөн” гэж тодорхойлжээ.
Илтгэгч гишүүнээс дээрх үндэслэлд шалгах ажиллагаа явуулаад шүүгч Ж.Г-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-д заасан зөрчлийг гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Тодруулбал,
2.1. Д.Б-с Л.Г, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ““Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Г нь хууль зөрчин хувьцаа эзэмшигчдийн өмчид халдан, компанийн дүрмийг 1 хүнтэй, 1 үүсгэн байгуулагчтай мэтээр мэдээллийн санг өөрчилснөөс гадна хэзээ, хэдэн онд компанийн хувийн хэрэгт 107 дугаар хуудас болгон шургуулсан нь тодорхой бус компанийн хувьцааны тархалт мэтээр тайлбарлаж байгаа хүснэгтийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр захирамжаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж хүлээн авахаас татгалзсан.
Мөн “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдуулан гаргасан “... Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 6 дахь мөрд заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 1214 м.кв газрыг бусдад буюу иргэн Э.Б-д үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлд шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 129/ШЗ2022/0043 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулахад 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд Д.Б-с шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч Ерөнхий шүүгч Б.Э хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар тус өдөр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх гэсэн боловч Д.Б нь хуралдааныг орхин явсан тул 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулахад дахин ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг, 91 дүгээр зүйлийн 91.3-т нэхэмжлэлийг буцаах үндэслэлийг тус тус заасан бөгөөд дээрх байдлаар шүүгч Ж.Г нь нэхэмжлэлийг буцааж, мөн хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “...Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасны дагуу Шүүхийн сахилгын хороонд шүүхийн эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг олгоогүй болно.
2.2. Харин “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох тус аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/491 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 4 дэх мөр болон 2 дугаар хавсралтын 3 дахь мөрд заасан тус үйлдвэрийн эзэмшлийн ... нэгж талбарын дугаартай эзэмшил газраас 625 м.кв газрыг “Х” ТӨХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 24 жилийн хугацаатай шилжүүлснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагатай захиргааны хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэртээ Г.Б болон П.О нарын захиргааны эрх зүйн номоос эшлэл авчээ.
Энэ нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 3.8-д “шийдвэрт эрх зүйн онолын ойлголт болон бусад хууль зүйл баримт бичгийн бичвэр, томьёоллыг бүхэлд нь, эсхүл давхардуулан тусгахгүй үүнээс эш татах нь зохимжтой гэж үзсэн бол эшлэлийг хийж, албан эх сурвалжийг заана” гэж заасантай нийцсэн байх тул энэ үндэслэлээр шүүгч Ж.Г-г буруутгах боломжгүй гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Харин дээрх хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэлийг Шүүхийн сахилгын хороо хянахгүй болохыг дахин дурдах нь зүйтэй.
2.3. Л.Г-с “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШЗ2022/02689 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 155/ШШ2022/00935 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ““Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан ... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргахад шүүгч Ж.Г-н 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 126/ШЗ2023/0053 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Хөдөлмөрийн эрх зүйн маргааны хувьд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, өөр ажилд шилжүүлсэнтэй холбоотой хэргийг Иргэний хэргийн шүүхээр, харин төрийн улс төрийн, захиргааны, тусгай албан хаагчидтай холбоотой хэргийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан[2] тул Л.Г-с компанид холбогдуулан гаргасан хөдөлмөрийн маргааныг иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэснийг Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй адилтган үзэх боломжгүй.
Учир нь иргэний болон захиргааны эрх зүйн зохицуулах зүйл, хэрэглэх хуулийн хэм хэмжээ, маргааны үйл баримт өөр тул Л.Г-н иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн асуудал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл болохгүй.
2.4. Л.Г-н нэхэмжлэлтэй, ... Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох ““Х” ХХК-ийн удирдлагын мэдээлэлд 2009 онд орсон өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан .... Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын 2009 оны өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхийг ... Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүгч Ж.Г даргалахдаа буюу асуулт, хариултын шатанд нэхэмжлэгчээс маргааны үйл баримттай холбоотой асуудлыг тодруулан асуужээ.
Энэ талаар илтгэгч гишүүний “Даргалагч шүүгчийн шүүх хуралдааны аль ч шатанд нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохоор хэргийн оролцогчдоос тодруулга асуулт асууж, хариулт авсныг хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэх бөгөөд шүүгчийг дээрх үйлдлээр буруутгаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэх санал үндэслэлтэй бөгөөд үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасан шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Тодруулбал, даргалагч хэргийн үйл баримттай холбоотой асуудлаар хэргийн оролцогчоос асуулт асуух, шүүх хуралдааны журмыг зөрчсөн этгээдэд шаардлага тавих, танхимаас гаргах нь шүүгчид хориглосон, хязгаарласан үйлдэл биш ба шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд хуралдаан даргалагч нь хэргийн оролцогчдын хэн алинаас нь асуулт асуусан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, мэдүүлэг зэрэгт ач холбогдол өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдоогүй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцогч нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хамааруулах бөгөөд Д.Б нь тус өдрийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон байх тул тэрээр аливаа хэлбэрээр шүүх хуралдаанд үг хэлэх эрхгүй юм.
Харин өргөдөл гаргагч нар нь өргөдөлдөө “шүүх хуралдаанаар хэргийн ач холбогдол бүхий мэдээллийг шинжлэх, үнэлэхээс татгалзсан” гэж дурдсан бөгөөд Д.Б нь даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлсэн нь тус хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн байх тул түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргасан нь зөрчилд хамаарахгүй.
Иймд илтгэгч гишүүний “шүүгч нь маргаан бүхий захиргааны хэргүүдэд өөрөө татгалзан гарах хүсэлтээ гаргасан эсхүл хэргийн оролцогчдоос гаргасан татгалзан гарах хүсэлтийг тухай бүр шийдвэрлүүлсэн, Л.Г-д давуу байдал бий болгосон, түүний хууль бус үйлдлийг хаацайлсан үйлдэл гаргаагүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.28-д заасныг зөрчөөгүй” гэж үзээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2023/0123 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Г-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ