info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-12-07

Дугаар 133

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.М, С.Э нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Н, сахилгын хэргийн оролцогч Ц.О, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Номин нарыг оролцуулан хийж, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2023/0117 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар 16-ны өдрийн 183/ШШ2023/01631 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч П.С-н хариуцагч Х.Г, М.М нарт холбогдуулан гаргасан “2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ... дүүргийн ... дүгээр хороо, -н ... дүгээр гудамжны ... тоотод байрлалтай ... нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Ц.О-т холбогдуулан хариуцагч
Х.Г гомдол гаргаж, үндэслэлээ “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 "шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих" гэж заасан зөрчил гаргасан" гэж тодорхойлжээ.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/01631 дүгээр шийдвэрийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 119 дүгээр зүйлийн 119.3-т "Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна" гэж заасан хугацаанаас 80 хоногийн дараа бичгээр үйлдэж, албажуулан Иргэн-2014 бүртгэлийн системд байршуулсан, нэхэмжлэгч тал шийдвэрийг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч 08 дугаар сарын 25-ны өдөр тус тус гардаж авсан үйл баримт тогтоогдсон.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д "шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих" гэж заасан нь хуульд заасан шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэж албажуулах хугацаа хэтрүүлсэн хоногийн хэмжээг тодорхойлсноос гадна ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдач нөхцөл шаарджээ.

Шүүгч хүн шүүн таслах чиг үүргээ нарийн баримталж шүүн таслах ажиллагааг үр бүтээлтэй, шударгаар явуулж, шүүхийн шийдвэрийг аль болох шуурхай гаргахыг эрмэлзэх үүрэгтэй бөгөөд хайнга хариуцлагагүй байдлын улмаас хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн нь тооцогдох учиртай.

Харин шүүгч Ц.О ийнхүү хуульд заасан хугацааг 80 хоногоор хэтрүүлсэн үйлдэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул сахилгын зөрчил гаргасанд тооцох боломжгүй гэж илтгэгч гишүүн үзлээ. Тодруулбал,

Нэр бүхий шүүгч нь 2022 оны 07 дугаар сард явганаас унаж баруун хөлийн шагайгаа гэмтээсний улмаас шагайн дээд хэсгийн ясны үхжилт явагдаж тасралтгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон нь түүний Амбулаториор эмчлүүлэгсдийн картад тэмдэглэгдсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, шүүгчид 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 45 хоногийн чөлөө олгосон ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/3T2022/01997 дугаар тогтоол, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмчийн 2022 оны 12 дугаар сарын 07, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлүүд /90 хоногийн хугацаанд биеийн тамирын болон биеийн хүчний ачааллаас чөлөөлж сэргээн засах эмчилгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсэн/, шүүгчид 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл чөлөө олгосон тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/3T2022/00153 дугаар тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 07, 07 дугаар сарын 20, 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд /шагайн үеэр хатгаж эвгүй гишгэнэ, шагай орчим эмзэглэлтэй өвдөж хөдөлгөөн хязгаарлагдана/, "Э" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр албан бичигт "...тус эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын их эмч Ч.Н 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үйлчлүүлэгч Ц.О-т тогтмол физик болон уламжлалын эмчилгээ хийж байна" гэж дурдсан зэргээр тогтоогдсон.

Түүнчлэн, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 967 дугаар албан бичгээс үзэхэд тус шүүх нь 18 шүүгчийн орон тоотойгоос 9 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байгаагийн дээр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Д-н гаргасан ачааллын судалгаагаар шүүгч Ц.О 2023 оны 04 дүгээр сард 161 нэхэмжлэл хүлээн авч, 70 шүүх хуралдаан товлон зарлаж 50 хэргийг хянан шийдвэрлэн 50 шийдвэр, 05 дугаар сард 95 нэхэмжлэл хүлээн авч, 94 шүүх хуралдаан товлон зарлаж, 68 хэргийг хянан шийдвэрлэн 45 шийдвэр, 06 дугаар сард 84 нэхэмжлэл хүлээн авч, 84 шүүх хуралдаан товлон зарлаж, 68 хэргийг хянан шийдвэрлэн 42 шийдвэр, 07 дугаар сард 57 нэхэмжлэл хүлээн авч, 40 шүүх хуралдаан товлон зарлаж, 47 хэргийг хянан шийдвэрлэн 32 шийдвэр, 08 дугаар сард 114 нэхэмжлэл хүлээн авч, 53 шүүх хуралдаан товлон зарлаж, 85 хэргийг хянан шийдвэрлэн 45 шийдвэр, 09 дүгээр сард 18 нэхэмжлэл, 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 45 нэхэмжлэл хүлээн авч, 73 шүүх хуралдаан товлон зарлаж, 64 хэргийг хянан шийдвэрлэн 44 шийдвэр тус тус гаргасан нь нотлогдож байна.

Дээрхээс үзэхэд шүүгч Ц.О-н шүүхийн шийдвэрийг бичгээр үйлдэж албажуулах хуулийн хугацаа хэтрүүлсэн нь түүний эрүүл мэндийн байдал, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн батлагдсан орон тооноос 9 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байгаа ажлын ачааллын нөхцөл байдал зэрэгтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг хариуцлагатай, ур чадвартай, хичээл зүтгэлтэй ажиллах ёс зүйн зарчмаа зөрчсөн, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хайнга хандаж шийдвэрээ хугацаанд нь гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй билээ.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Ц.О Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Шүүгч миний бие П.С-н нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Г, М.М нарт холбогдох 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ... дүүргийн ... дүгээр хороо, -н ... гудамжны ... тоотод байрлалтай ... нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаж, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Х.Г-н шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд
гаргаагүй гэх тайлбарт:

Шүүгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвтэрт орж 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл өвчтэй, ажлаасаа чөлөө авч эмчилгээ хийлгэсэн боловч бүрэн эдгээгүй. Ийнхүү 2023 оны 05 дугаар сарын 03-2023 оны 05 дугаар сарын 08-ны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Х" эмнэлэгт дахин онош тогтоолгохоор явж үзүүлсэн. Оношийн хувьд мэс заслын эмчилгээ зайлшгүй шаардлагатай болохыг дахин тогтоосон. Уг мэс заслын эмчилгээний эрсдэл нь хөл доголох эрсдэл өндөртэй болохыг эмч мэдэгдсэн. Одоогоор залуу байгаа учир физик эмчилгээ тасралтгүй 2-3 жил хийлгээд эрүүл мэндийн нөхцөл байдлыг ажиглах боломжтой болохыг тодорхойлсон тул миний бие мэс засалд орохгүйгээр эмийн болон физик эмчилгээ хийлгэж, ажлаа бүрэн гүйцэтгэж байгаа болно.

Физик эмчилгээг 2023 оны 05 дугаар сарын 10-аас 2023 оны 08 дугаар сарын 10-ыг хүртэл тасралтгүй гурван сар хийлгэж, нэг сар завсарлаад дахин физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байна.

Мөн тус шүүх батлагдсан орон тооноос 10 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байгаагаас ажлын ачаалал хэт өндөр байгаа нөхцөл байдал мөн нөлөөлж байна.

Өргөдөл гаргагчийн хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргах ёстой гэх тайлбарт шүүгч миний бие маргахгүй бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгаан, орон тоо хэт их дутуу ажиллаж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан шүүхийн шийдвэрийг хугацаанд нь гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг уламжилж байна.

Хариуцагч Х.Г-н давж заалдах гомдол гаргах эрхийг шүүгчийн хувьд хөндөөгүй бөгөөд түүний хуулиар олгосон уг эрхийг хэрэгжүүлж ажил үүргээ гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хариуцагч Х.Г-н давж заалдах гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байна. Иймээс давж заалдах гомдол гаргах хариуцагчийн эрхийг шүүх зөрчөөгүй болно. /хэрэг хянагдаж, анхан шатны шүүхэд ирлээгүй тул холбогдох баримтыг хүргүүлж чадаагүй болно/

Шүүгч миний хувьд 2023 оны 08 дугаар сарын 21-нд ээлжийн амралтаа авч, шүүгчдийн нийт чуулгандаа оролцон, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орсон. Ажилд орсноос хойш ажлын таван өдрөөр өнөөдрийг хүртэл тасралтгүй шүүх хуралдаан явуулж байгаа тул зохих баримтыг цуглуулах цаг хугацааны боломжгүй байгааг илэрхийлж байна.

Иймд дээрх хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Иргэн Х.Г-ээс ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг зөрчсөн гэх өргөдлийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ГЗҮ/2023/0087 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О нь П.С-н нэхэмжлэлтэй, Х.Г, М.М нарт холбогдох “2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ... дүүргийн ... дүгээр хороо, -н ... гудамжны ... тоотод байрлалтай ... нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 448 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд, 183/ШШ2023/01631 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 68-73 дахь тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3-т “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан.

Дээрх шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор бичгээр үйлдэж албажуулах ёстой атал 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу 80 хоногоор хэтрүүлэн албажуулсан болох нь илтгэгч гишүүний сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэг, шийдвэрийг гардуулсан баримтаар тус тус тогтоогдсон байх боловч .... Иргэний хэргийн анхан шатны шүүх нь шүүгчийн 18 орон тоотойгоос 9 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байгаагийн улмаас ажлын ачаалал ихтэй байгаа[1] болон шүүгч Ц.О нь баруун хөлийн шагайн дээд хэсгийн ясны үхжилтийн улмаас тасралтгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон зэргээс шалтгаалан шийдвэрээ хугацаа алдаж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан зөрчлийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэх шинжийг агуулаагүй байна.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 дэх хэсэгт зааснаас үзэхэд байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, эрүүл мэндийн шалтгааныг ямар ч тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахаар заасан бөгөөд гагцхүү баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг.

Шүүгч Ц.О нь шийдвэр албажуулах хугацааг хэтрүүлсэн нь түүний эрүүл мэнд, ажлын ачаалалтай холбоотой болох нь эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн үзлэгийн тэмдэглэлүүд, эмчилгээ хийлгэж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, ачааллын судалгаа зэргээр тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна.

Иймд энэ талаар илтгэгч гишүүний “шүүгч Ц.О нь хариуцлагатай, ур чадвартай, хичээл зүтгэлтэй ажиллах ёс зүйн зарчмаа зөрчсөн, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хайнга хандаж шийдвэрээ хугацаанд нь гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй” гэж үзээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2023/0117  дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

ДАРГАЛАГЧ                            Х.ХАШБААТАР

                   ГИШҮҮН                                 Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                С.ЭНХТӨР

 

 

[1] ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.10.18-ны өдрийн 967 дугаар албан бичиг /с.х-ийн 25 дахь тал/ болон шүүгч Ц.О-н ачааллын судалгаа /с.х-ийн 37 дахь тал/